Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 158/ШШ2025/0002

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* овогт *******ын *******,   

            Хариуцагч: Булган аймгийн Засаг даргын тамгын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Т.Наранцацралт нарын хоорондын “улсын байцаагчийн 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлагатай гомдлыг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Түмэнбаяр, хариуцагч Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Т.Наранцацралт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч Э.******* нь Булган аймгийн Засаг даргын тамгын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Т.Наранцацралтад холбогдуулан “улсын байцаагчийн 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий гомдол гаргасан.
  2. Гомдлын шаардлагын үндэслэл: “
    1. Шийтгэлийн хуудасны 1 дэх заалтад албадлагын арга хэмжээ авахыг огт дурдаагүй,
    2. Албадлагийн арга хэмжээ аваагүй хирнээ шийтгэлийн хуудасны 2 дахь заалтаар албадлагын арга хэмжээ болох хохирол, нөхөн төлбөрийг тушаах банкны данс дурдсан нь ойлгомжгүй,  
    3. Уг шийтгэлийн хуудас нь утга, агуулгын илэрхий алдаатай” гэж тодорхойлсон. 
  3. Хариуцагч Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Т.Наранцацралт гомдлын шаардлагад холбогдуулан дараах тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Үүнд:”
    1. Иргэн ******* нь түгээмэл тархацтай ашигт малтмал олборлохдоо холбогдох этгээдээс зөвшөөрөл аваагүй,
    2. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад газрын хэвлийд учруулсан хохирол, нөхөн төлбөрийн талаар шинжээч томилж, үнэлгээ гаргуулсан,
    3. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагааг хийхдээ хуулийн дагуу оролцогчид эрх, үүргийг тайлбарлан өгч, шаардлагатай ажиллагааг хуульд заасны дагуу хийсэн тул гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

Шүүх хуралдаанд:

  1. Хариуцагч тайлбартаа: “Иргэн *******ийн хувьд замын зориулалтаар ашиглах ёстой байсан. Энэ нь засгийн газрын 222 дугаар тогтоолд хамаарч байгаа. Зам нь ******* аймгийн нутаг дэвсгэр дээр явагдаж байгаа юм байна лээ. Тэр зам засварт ашиглахын тулд ******* сумын Засаг даргын тамгын газраас хайрганы зөвшөөрөл авах ёстой байсан. Манай дээр гомдол ирсэн. Тухайн сумын байгаль хамгаалагч *******аас гомдол гаргасан байгаа. Харьяаллын дагуу цагдаад мэдэгд гэж хэлсэн. Цагдаагаар шалгагдаад харьяаллын дагуу биш байна гээд манай байгууллагад ирсэн байгаа. Манай байгууллагаас шалгахад зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 заасан зөрчил болох нь тогтоогдсон. Энэ нь холбогдох гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа. Тухайн сумыг хохирогчоор томилж авсан байгаа. Тухайн сумын засаг дарга зөвшөөрөл өгсөн гэдэг асуудал байхгүй байгаа. Зөвшөөрөл гэдэг бол тухайн сумын засаг дарга иргэд, хуулийн этгээдтэй ******* гэрээ байгуулснаар хүчин төгөлдөр болно гэж үзэж байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан гэж байгаа. Учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулах гэж заасан байгаа. Тэгээд холбогдогчтой яриад хохирол нөхөн төлбөр тооцох юм байна гээд шинжээч томилсон. Хохирлын үнэлгээг холбогдогчид танилцуулсан байгаа. Эрх бүхий албан тушаалтны магадалгаа гаргасан. Энийг *******д цахимаар танилцуулсан байгаа. Шийтгэлийн хуудасны 1 дэх хэсэгт техникийн алдаа гаргасан байна. 2 дахь хэсэгт нь хэдэн төгрөгийн хохирол гарсан гэдгийг зааж өгсөн байгаа. Шийтгэлийн хуудастай ******* өөрөө танилцаад гарын үсэг зурсан байгаа. 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй шүү гэдэг байдлаар тайлбарласан байгаа. 30 хоног хэтэрсэн болохоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсан. ... Иргэн ******* нь газрын хэвлийд халдсан байгаа. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр батлагдаж байгаа. *******ийн авсан хайрга нь эвдрэлд орсон талбайгаас бусад газрын хохирол нөхөн төлбөр тооцсон байгаа. Тухай асуудал нь зөвхөн амаар зөвшөөрөл авсан юм шиг яриад байна. Тухайн иргэн нь тухайн аймгийн Засаг дарга, сумын Засаг дарга холбогдох журмын дагуу гэрээтэй байж авах ёстой. Гэтэл гомдол гаргаж байгаа иргэн нь 50 машин хайргаа аваад явчихсан байсан. Тэр үйлдэл дээр арга хэмжээ авсан. 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг төлнө гэж байгаа. Энэ нь түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр болохоос биш миний гаргасан дүгнэлт нь газрын хэвлий лүү халдсан дээр хохирол нөхөн төлбөрийн асуудал яригдаж байгаа. Хайрганы асуудлыг яриагүй байгаа. Тухай компани нь ашигласан үгүй нь тодорхойгүй байгаа” гэв.
  2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбар болон дүгнэлтдээ: “...Маргаан бүхий шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Хуралдааны явцад алдаатай зүйл гарсан гэдгийг захиргааны байгууллага зөвшөөрч байгаа учраас алдааг засах шаардлагатай.. ...Нэхэмжлэгч ******* дураараа хайрга олборлоод өөртөө ашиг олсон зүйл байхгүй байна. Төрийн захиргааны байгууллагаас асууж тодруулсан байдаг. Сум орон нутгаас авах ёстой юм байна гээд Амартүвшин гэдэг хүнд хүсэлт тавиад авсан байдаг. Энэ хайргыг юунд зарцуулсан бэ гэхээр төрийн төсвөөр хийгдэж байгаа зам засварт хийсэн байна. ...Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох гэсэн заалтын хувьд байнгын үйл ажиллагаанаас өөртөө ашиг олсныг ойлгох юм байна. Нэг удаагийн зөвшөөрлөөр хайрга авахыг зөрчил гэж үзэх үндэслэлгүй. Тийм учраас шийтгэлийн хуудас үндэслэлгүй байна. Шороо авсан талбай гэж байгаа. Энэ газар нь эрүүл газар байгаагүй. Цоо эрүүл газрыг ухсан зүйл байхгүй. Шийтгэлийн хуудас албадлагын арга хэмжээ аваагүй атлаа тэрийгээ төлүүлэхээр заачихсан. Тэр нь өнөөдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаад *******ийн бүх данс нь хаагдчихсан байгаа. Аваагүй арга хэмжээг гүйцэтгэх боломжгүй учраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой тодорхой маргаанууд үүсэх боломжтой нөхцөл байдал байна. Гомдлын шаардлага маань Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т заасны дагуу утга агуулгыг илэрхий алдаатай. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-т заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй байсан гэж үзэж байгаа. Хуульчийн хувьд захиргааны актыг илт хууль бусад тооцохоос гадна Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасны дагуу шийдвэрлэх боломж байна гэж харж байгаа” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэгч Э.******* нь Булган аймгийн Засаг даргын тамгын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Т.Наранцацралтад холбогдуулан “улсын байцаагчийн 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн гомдлын шаардлага гаргасан.
  2. Нэхэмжлэгч талаас гомдлын шаардлага үндэслэлээ “эрх бүхий албан тушаалтан нь зөрчил үйлдсэн гэж шийтгэл оногдуулахдаа холбогдогчид албадлагын арга хэмжээ аваагүй, энэ талаар шийтгэлийн хуудсанд дурдаагүй атлаа хохирол, нөхөн төлбөр төлөх дансыг шийтгэлийн хуудсанд тусгасан нь ойлгомжгүй байгаа нь уг шийдвэр нь утга агуулгын алдаатай гарсан,

Хуульд заасан тусгай зөвшөөрөл нь нэхэмжлэгчид хамааралгүй тул түүнд шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэл байгаагүй” гэж;

3. Хариуцагч талаас “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан ажиллагааг бүрэн хийж, холбогдогчид танилцуулсан ба холбогдогчийн зөрчил үйлдсэн үйлдэл нь шаардлагатай нотлох баримтаар тогтоогдсон, газрын хэвлийд учруулсан хохирол, нөхөн төлбөрийг хуулийн дагуу төлүүлэхээр шийдвэрлэсэн” гэж маргажээ.

4. Маргааны үйл баримтын талаар:

   4.1. Нэхэмжлэгч Э.******* нь “******* ******* ******* ” ХХКомпанийн төсөл хариуцсан менежерийн албан тушаал эрхэлдэг, Монгол улсын иргэн байна.  /хэргийн 172 дугаар тал/

    4.2. Нэхэмжлэгч нь Булган аймгийн ******* сум, 4 дүгээр багийн нутаг дэвсгэр болох “Залуугийн гол” гэх газраас 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох явцад ******* сумын байгаль хамгаалагч *******аас “тусгай зөвшөөрөлгүйгээр хайрга, дайрга ачиж байна” гэх гомдол, мэдээлэл ирснээр Булган аймгийн Цагдаагийн газар гомдол мэдээллийн 1100-0935 дугаартай Зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж,

4.3. 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр удирдах албан тушаалтны тогтоолоор зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу Булган аймгийн Засаг даргын тамгын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Т.Наранцацралтад шилжүүлсэн байна. /хэргийн ... дугаар тал/

4.4. Хариуцагч нь дээрх гомдол, мэдээллийг хүлээн авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж улмаар 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.12 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасны дагуу ******* дугаартай шийтгэлийн хуудас /хэргийн 6 дугаар тал/ -аар иргэн Э.*******ийг 200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 200,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, зөрчлийн улмаас үүссэн хохирол, нөхөн төлбөрт 28,023,636 /хорин найман сая хорин гурван мянга зургаан зуун гучин зургаан/ төгрөгийг гомдол гаргагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

   4.5. Нэхэмжлэгчээс дээрх Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд маргаан үүсгэжээ.  

5. Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 /төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага/-д заасан захиргааны байгууллагад харьяалагдаж, төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч этгээд бөгөөд шийдвэр гаргах ажиллагаанд Захиргааны ерөнхий хууль, Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан зарчим, шаардлагын дагуу үйл ажиллагаагаа явуулж, шийдвэр гаргах үүрэгтэй.

6. Нэхэмжлэгчийн хууль зөрчсөн гэж гомдол гаргасан хариуцагчийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан захиргааны актын шинжийг агуулсан гэж үзэж, уг шийтгэл оногдуулсан шийдвэр хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэлээ.

7. Нэхэмжлэгч талаас “эрх бүхий албан тушаалтан нь зөрчил үйлдсэн гэж шийтгэл оногдуулахдаа холбогдогчид албадлагын арга хэмжээ аваагүй, энэ талаар шийтгэлийн хуудсанд дурдаагүй атлаа хохирол, нөхөн төлбөр төлөх дансыг шийтгэлийн хуудсанд тусгасан нь ойлгомжгүй байгаа нь уг шийдвэр нь утга агуулгын алдаатай гарсан”, ““тусгай зөвшөөрөл” нь байнгын үйл ажиллагаа явуулдаг, ашиг олох зорилгоор олборлолт хийж буй этгээдээс шаардах бичиг баримт ба байнгын бус нэг удаагийн үйлдлээр төрд зам засварлах ажлыг хийж гүйцэтгэхэд ашиглах түгээмэл тархацтай ашигт малтмал олборлоход хамаарахгүй тул Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн гэж үзэхгүй” гэж маргажээ.

8. Шүүх дараах үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийвэрлэлээ.

9. Маргаан бүхий захиргааны акт нь “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан илт хууль бус захиргааны акт байна” гэх гомдлын шаардлагын тухайд:

9.1.  Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна”, 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:” гээд 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай” гэж тус тус заасан.

9.2. Маргаан бүхий хариуцагчийн “******* дугаартай шийтгэлийн хуудас”-ны “ШИЙДВЭРЛЭХ нь” хэсгийн 1 дэх заалтад “холбогдогч Э.*******ийн үйлдсэн тусгай зөвшөөрөлгүйгээр түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу 200 нэгжээр торгох шийтгэл оногдуулж, арга хэмжээ авсугай” гэж, 2 дахь заалтад “оногдуулсан шийтгэлийн 200000 төгрөгийг Төрийн сангийн ... тоот дансанд, хохирол ...нөхөн төлбөрийн 28,023,636 төгрөгийг Төрийн сангийн, байгаль хамгаалах сангийн /доогуур зурах/ ... тоот дансанд шийтгэлийн хуудсыг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор сайн дураар тушааж, биелүүлэхийг даалгасугай” гэжээ. /хэргийн 85 дугаар тал/

9.3. Зөрчлийн тухай хуулийн Ерөнхий ангийн Дөрөвдүгээр бүлэгт “Албадлагын арга хэмжээ” гэдэгт хамаарах ойлголтуудыг хуульчилж, 4.3 дугаар зүйл “Хохирол, нөхөн төлбөр гаргуулах”, 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, зөрчлийн улмаас учирсан хохирол барагдуулах, хор уршгийг арилгах арга хэмжээнд зарцуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ” гэж заасан.

9.4. Хуулийн дээрх зохицуулалтаас харахад Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд тохирох шийтгэл /торгох, нийтэд тустай ажил хийлгэх, баривчлах, эрх хасах/ -ийг оногдуулахаас гадна хуулийн ерөнхий ангид заасан албадлагын арга хэмжээ /хохирол, нөхөн төлбөр гаргуулах/ -г авч болохоор хуульчилсан гэж ойлгоно.

9.5. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах шийдвэр нь шийтгэлийн хуудас хэлбэртэй байна” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана” гэж тус тус заасан ба шийтгэлийн хуудасны маягтыг Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 135 дугаартай “Журам, маягт батлах тухай” тогтоолын 2 дугаар хавсралтаар баталж, Зөрчлийн тухай хуульд заасан албадлагын арга хэмжээ авах тохиолдолд шийтгэлийн хуудасны “ШИЙДВЭРЛЭХ нь” хэсгийн 1 дэх заалтад тусгахаар заажээ.

9.6. Гэтэл маргаан бүхий захиргааны акт болох хариуцагчийн ******* дугаартай шийтгэлийн хуудасны “ШИЙДВЭРЛЭХ нь” хэсгийн 1 дэх заалтад албадлагын арга хэмжээ авсан талаар тусгаагүй нь хариуцагч эрх бүхий албан тушаалтнаас нэхэмжлэгчид албадлагын арга хэмжээ авсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

9.7. Хариуцагчаас “...иргэн Э.*******д албадлагын арга хэмжээ авсан ба шийтгэлийн хуудсанд энэ тухай орхигдуулж, техникийн алдаа гаргасан”,  “...шийтгэлийн хуудасны “ШИЙДВЭРЛЭХ нь” хэсгийн 2 дах заалтаар хохирол, нөхөн төлбөр төлөх дансыг тусгасан нь нэхэмжлэгчид албадлагын арга хэмжээ авсан гэж ойлгоно” гэх агуулгаар мэтгэлцэж байх боловч маргаан бүхий актын “ШИЙДВЭРЛЭХ нь” хэсгийн 1 дэх заалтад хохирол нөхөн төлбөр тооцох талаар шийдвэрлэсэн байдлыг дурдаагүй нь нэхэмжлэгчид эргэлзээтэй, ойлгомжгүй байдал үүсгэсэн нь уг маргаан бүхий захиргааны акт /шийтгэлийн хуудас/ хуульд заасан “ойлгомжтой, тодорхой байх” хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж, алдааг зөвтгөх үндэслэлгүй юм.

9.8. Дээрх тогтоогдсон үйл баримтаас маргаан бүхий захиргааны актыг Захиргааны ерөнхий хуульд заасан агуулга ойлгомжтой, тодорхой байх хуулийн шаардлагыг хангаагүй,  тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай захиргааны акт гэж дүгнэлээ.

10. Маргаан бүхий захиргааны акт нь “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны акт байна” гэх гомдлын шаардлагын тухайд:

10.1. Зөвшөөрлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлд “Зөвшөөрлийн ангилал”-ийг “1.1. тусгай зөвшөөрөл, 1.2. энгийн зөвшөөрөл” гэж хуульчилж, 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл учруулж болзошгүй үйл ажиллагаа, эсхүл тусгай болзол, шаардлагыг хангасны үндсэн дээр хэрэгжүүлэх мэргэжлийн үйл ажиллагаа, эсхүл ашиг олох зорилгоор болон үйлдвэрлэлийн зориулалтаар байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглуулахад тусгай зөвшөөрөл олгоно” гэж, 3 дахь хэсэгт “Нэг удаагийн шинжтэй үйл ажиллагаа, эсхүл тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх нэмэлт үйл ажиллагаа, эсхүл байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ахуйн хэрэгцээний зориулалтаар ашиглуулахад энгийн зөвшөөрөл олгоно” гэж заасан.

10.2. Хэрэгт авагдсан “Зөрчлийн хэрэг”-ийн материалд нэхэмжлэгчийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн гэж буруутгаж байгаа хүн,…ийг холбогдогч гэнэ” гэж заасны дагуу холбогдогчоор татаж, мэдүүлэг авсан байх ба уг мэдүүлэгт холбогдогч нь “хайргыг ******* аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багт хийх замын ажилд авсан юм” гэж мэдүүлсэн. /хэргийн 36 дугаар хуудасны ар тал/

10.3. Мөн зөрчлийн хэргийг хүлээн авсан эрх бүхий албан тушаалтан /хариуцагч/ холбогдогч /гомдол гаргагч/ -оос мэдүүлэг авахдаа “Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах журам”-ын дагуу зам барьж буй орон нутгаас “ашигт малтмалын зөвшөөрөл авсан эсэх”-ийг тодруулсан байна. /хэргийн 50 дугаар тал/

10.4. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогчийн өгсөн мэдүүлгүүдээс харахад гомдол гаргагч нь түгээмэл тархацтай ашигт малтмалд хамаарах хайргыг зам засах зориулалтаар авч ашигласан нь тогтоогдож байна.

10.5. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “Тусгай зөвшөөрөлгүй хүн, хуулийн этгээд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон, эсхүл борлуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж,

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д ““түгээмэл тархацтай ашигт малтмал” гэж зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайрганы зориулалттай барилгын чулууны хуримтлалыг”, 4.1.12-т “”түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал хайх, ашиглах эрх авсан хуулийн этгээдийг ойлгоно” гэж тус тус заасан.

10.6. Дээрх хуулийн заалтуудаас дүгнэхэд зөрчил үйлдсэн гэх иргэн Э.******* нь нэг удаагийн зам засварын ажилд хайргыг ашиглахдаа Зөвшөөрлийн хуульд заасны дагуу “энгийн зөвшөөрөл” авч, үйл ажиллагаа явуулах байжээ. Гэтэл нэхэмжлэгч нь хуульд заасан “зөвшөөрөл”-ийг холбогдох эрх бүхий албан тушаалтнаас авалгүй, түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашигласан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн байна.

10.7. Зөрчлийн тухай хуульд “энгийн зөвшөөрөл” авч үйл ажиллагаа явуулах этгээд уг зөвшөөрлийг зохих журмын дагуу аваагүй бол хариуцлага хүлээлгэж, шийтгэл оногдуулах талаар заагаагүй ба гомдол гаргагчийн “энгийн зөвшөөрөл” авалгүй хайрга авч ашигласан үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон” гэх зөрчлийн шинжийг агуулаагүй байх тул хариуцлага оногдуулах үндэслэл болохгүй.

10.8. Хариуцагч нь нэхэмжлэгчид шийтгэл оногдуулсан шийдвэр /шийтгэлийн хуудас/ гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй тул маргаан бүхий акт болох ******* дугаартай шийтгэлийн хуудас нь Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу илт хууль бус захиргааны акт юм.   

11. Хариуцагчаас “иргэн Э.******* нь зохих зөвшөөрөл авалгүйгээр газрын хэвлийг хөндөж хайрга авч ашиглан газрын хэвлийд хохирол учруулсан үйлдэл нь зөрчил мөн” гэж мэтгэлцэж байх боловч нэхэмжлэгчийн зохих зөвшөөрөлгүй хайрга авсан үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд заасан “зөрчил”-д хамаарах үндэслэл, нотлох баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч зөрчлийн шинж байдал, зөрчил үйлдсэн гэх үйл баримтыг нотлох баримтаар тогтоогоогүй байх тул түүний дээрх тайлбар үгүйсгэгдэж байна.

12. Нэхэмжлэгчийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-д заасан “захиргааны акт, … нь илт хууль бус болохыг тогтоох” шийдвэр гаргуулахаар ирүүлсэн нэхэмжлэл, гомдолд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй тул шүүх гомдлыг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Зөрчлийн тухай хуулийн Ерөнхий ангийн 4.3 дугаар зүйл, тусгай ангийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Булган аймгийн ЗДТГазрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоосугай.   
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гомдол гаргагчаас урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж, гомдол гаргагчид олгосугай.  
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.МӨНХЖАРГАЛ