Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 62

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган,

            Улсын яллагч С.Алтай

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Батболд

            Шүүгдэгч Г.Т

           Шүүгдэгч М.Д нарыг оролцуулан,

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Т, М.Д нарт холбогдох 1721002170133 дугаартай хэргийг 2018 оны 01 сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Г.Т, ..............суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн , бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн ........... сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.

Шүүгдэгч М.Д, Дорнод аймгийн ............ суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн, бүрэн дунд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дорнод аймгийн ...........сумын 5 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 сарын 05-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж байсан, бие эрүүл.

Шүүгдэгч Г.Т нь М.Д-тай бүлэглэн 2017 оны 10 сарын 05-ны өдөр Дорнод аймгийн ........... сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “...............” гэх газар Ж.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.Д нь Г.Т-тай бүлэглэн 2017 оны 10 сарын 05-ны өдөр Дорнод аймгийн .......сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “......” гэх газар Ж.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Түмэнжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн миний мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй. Миний түлхсэн үйлдлээс болж хохирогчид хөнгөн гэмтэл учирсан байхыг үгүйсгэхгүй. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч М.Доржбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйл байхгүй гэв.

Шүүгдэгч Г.Түмэнжаргал мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 10 сарын 05-ны өдөр 12-13 цагийн орчим эхнэр Мөнгөнцэцэг, хамаатны дүү Болор-Эрдэнэ, Доржбаяр нартай сумын төвөөс “Малтуур” гэдэг газарт  байсан хадлан руугаа очсон. Хадлан дээр очиход бидний хадах газар дээр өөр хүмүүс хадаж байсан. Цэнхэр портертой бүдүүн махлаг, хар царайтай хоёр залуу өвс боогоод байж байхаар нь 4-үүлээ машинтай очоод Доржбаяр эхлээд “та нар боль” гээд тэдэнтэй маргаад эхлэхээр нь би хажуунаас нь “манай газрыг хадаад байна” гэхэд, тэр залуучууд “Лхагваатай уулз” гэж хэлсэн. Би, “тэр хүнийгээ дуудаад ир, уулзая” гэхэд, тэр залуучууд машинтайгаа хөдлөөд хажууд ирээд дахин дахин тойрч явснаа “та нарыг дайрч ална аа, Лхагваагаас айж үхэл царайлж байгаа биз дээ. Айгаагүй бол араас ир” гэж хэлсэн. Тэгээд Лхагваатай уулзахаар тэдний араас машинтай очсон. Доржбаяр түрүүлж буугаад тэдэн рүү очиход гурван хүн түүний тал талаас бариад ноцолдохоор нь би салгах санаатай Болор-Эрдэнэ, Мөнгөнцэцэг нартай очсон. Би Доржбаяртай зууралдсан бүдүүн залууг нь хажуу тийш татаж салгаж байтал манай эхнэр Мөнгөнцэцэг, Лхагва нар ирээд намайг хорьж тэднээс холдуулсан юм. Би тэр үед хэнийг ч цохиж зодоогүй. Нэг харахад бүдүүн залуугийн хамраас цус гарчихсан байсан. Гэнэт нэг хүн “Ална аа” гэхээр нь эргээд хартал хар царайтай нэг залуу төмөр лоом бариад зогсож байхаар нь лоомноос нь барьтал настайвтар хүн түүнийг салгаж холдуулсан. Өөр асуудал болоогүй. Хадлангийн талбайгаас болж маргаан эхэлсэн...” гэжээ. /хх 61/

Шүүгдэгч М.Доржбаяр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 12-13 цагийн орчим ах Түмэнжаргал, түүний эхнэр Мөнгөнцэцэг, найз Болор-Эрдэнэ нартай 4-үүлээ сумын төвөөс “Малтуур” гэдэг газарт байсан хадлан руугаа явсан. Бидний хадах ёстой Цогзол ахын газар дээр өөр хүмүүс хадаж байхаар нь очсон. Хохирогч Болдхуяг өөр нэг хүний хамт байсан. Би, “Та нар яагаад манай хадланг хадаж байгаа юм бэ” гээд маргасан. Бид нар түүнийг цохиж зодоогүй. Тэр хүмүүс “Лхагваатай уулз” гэж хэлсэн. Түмэнжаргал “Лхагвааг бид нар руу явуулж уулзуул” гэхэд, Болдхуяг салаавч өгөөд “чадахгүй ш дээ” гээд портертой хөдлөөд явахаар нь араас нь дагаж яваад Лхагваагийн хажууд очоод зогсохоор нь би Болдхуяг руу очиход “Ах яагаад хороор идээд байна” гэхэд миний нүүр рүү нэг удаа гараараа цохисон. Би түүнийг бариад авахад хамт байсан хоёр залуу намайг бас бариад толгой руу гараараа хэд хэд цохисон. Болор-Эрдэнэ, Түмэнжаргал нар цаанаас хүрч ирээд нөгөө хоёр залууг нь салгасан. Би Болдхуягийг заамдаад зогсож байхдаа цохиулсандаа шар хөдлөөд нүүр рүү гараараа хоёр удаа цохисон. Түүнийг цохиод салахад Болдхуягийн хамраас цус гарсан байсан. Өөр асуудал болоогүй. Нэг залуу төмөр лоом бариад дайраад цохих гээд байсан...” гэжээ. /хх 53/

Хохирогч Ж.Болдхуяг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 12 цагийн орчим би найз Чулуунбаттай хамт хөдөө хээр Лхагваагийнн хадсан өвсийг трактороор боож байтал цагаан машинтай гурван залуу нэг хүүхэн ирсэн. Би тэр хүмүүсийг танихгүй. Намхан нуруутай бор царайтай хулгар чихтэй нэг залуу нь “чи манай багшийн газрыг хадлаа” гээд Чулуунбатын араас гараараа нуруу орчим нь цохисон. Чулуунбат “надад хамаагүй Лхагваатай уулз” гээд зугатаасан. Би портер машины жолоон дээр сууж байхад хоёр залуу хүрч ирээд Чулуунбатыг цохидог залуу “та нар миний газрыг хаддаг хэн бэ” гээд миний зүүн шанаа руу нэг удаа, гэдэс рүү 2-3 удаа гараараа цохиод “хутгалчихмаар гэдэс байна, хутга аваад ир” гэхэд, нөгөө залуу гутлынхаа түрийг худлаа ухаж зогсоод байсан. Чулуунбат машинд орж ирэхээр нь би машинаа асаагаад Лхагваагийн байгаа газар руу зугатаасан. Тэр залуучууд машинтайгаа араас гүйцэж ирээд хажуугаар хашаад хөөгөөд байсан. Лхагваагийн өмнөөс очоод зогсоход нөгөө залуучууд зэрэгцэж ирээд зогссон. Хоёр залуу хүрч ирээд эхэлж намайг цохидог залуу нь машины цонхоор дахиж нүүр рүү цохихоор нь би машинаас бууж тэр залуугийн нүүр рүү нэг удаа гараараа цохисон. Тэгээд тэр залуутай заамдалцаад зогсож байхад хажуунаас бүдүүн махлаг залуу нүүр рүү нэг удаа цохиход нүд харанхуйлаад унасан. Тухайн үед хамар амнаас цус сад тавьж урсаад нүүрээ дарж байхад хэнийг нь мэдэхгүй 2-3 удаа нэг нь гар руу өшиглөсөн...Лхагва хүрч ирээд намайг цохиж унагасан бүдүүн залууг барьж авсан. Би босож ирээд Чулуунбатад “утсаараа бичлэг хий” гэхэд, тэр залуучууд хөдлөхөө больсон дахиж цохиж зодоогүй...Би хотод хувийн эмнэлэгт хамартаа хагалгаа хийлгэж 8 хоног хэвтэн эмчлүүлсэн. Эмчилгээ, хоол, унааны зардалд нийт 5.127.000 төгрөгийн зардал гарсан. Энэ зардлыг нэхэмжилнэ...эмчилгээ болон бусад зардлуудын талаар баримт байгаа юм...” гэжээ. /хх 8-11, 90/

Гэрч Ж.Чулуунбат мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 12 цагийн орчим би найз Болдхуягийн хамт Лхагваагийн хадсан өвсийг трактороор боож байтал цагаан машинтай танихгүй гурван залуу, нэг хүүхэн ирсэн. Хулгар чихтэй намхан бор залуу “чи манай багшийн газрыг хадлаа” гээд тонгойгоод юм хийж байтал араас нуруу орчим хальт цохиод авсан. “Надад хамаагүй, хүний юм, Лхагваатай уулз” гэж хэлэхэд, буриад аялагаар олон юм яриад дайрахаар нь ухраад зугатаасан. Тэр үед Болдхуяг машин дотор сууж байснаа “хөгшөөн Лхагваатай уулз, хүний өвс боож байна” гэхэд, тэр залуу Болдхуяг руу очоод хэд хэд нүүр орчим нь цохисон...би тойроод машинд суухад Болдхуяг хөдлөх гэтэл хүүхэн, бүдүүн улаан залуу хоёр урд хааж зогсоод “өвсийг чинь хураана”...гэж харааж зүхээд байсан. Тэндээс зугатааж хөдлөөд Лхагваагийн байгаа газар руу явсан. Тэр залуучууд машинтай араас хөөж гүйцэж ирээд Лхагваагийн хажууд зогсоход зэрэгцээд хүрч ирсэн. Хоёр залуу нь хүрч ирснээ хулгар чихтэй залуу нь машины цонхоор Болдхуягийн нүүр рүү гараараа хэд хэд цохиход Болдхуяг машинаас бууж тэр залуугийн нүүр рүү нэг удаа гараараа цохиж заамдалцаад зогсож байхад бүдүүн махлаг залуу Болдхуягийн хажуунаас нүүр рүү нь нэг удаа хүчтэй цохиод унагаасан. Тухайн үед Болдхуягийн хамар амнаас цус гарсан байсан...тэр үед Болдхуяг намайг “бичлэг хийгээрэй” гэхээр нь би утас гаргаад бичлэг хийтэл тэр залуучууд хөдлөхөө больсон. Болдхуягийг цохиж унагаадаг бүдүүн улаан залууг Лхагва бариад холдсон байсан...” гэжээ. /хх 16-17, 91-92/

Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 сарын 10-ны өдрийн 12825 тоот дүгнэлтэд: “1.Ж.Болдхуягийн биед хамар ясны болон таславчийн хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, тархины доргилт, дээд үүдэн 1 шүдний хугарал, хоёр нүдний зовхи, зүүн хацар, шанааны цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. 3.Дээрхи гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Дээрхи гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ. /хх 44/

Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтанд: Гэрч Ө.Лхагвадорж /хх 18-19/,  Э.Болд /хх 31-32/, Д.Мөнгөнцэцэг /хх 26-27, 93-94/, Т.Болор-Эрдэнэ /хх 28-30, 95-96/, Н.Соёл-Эрдэнэ /хх 97-98/ нарын болон хохирогч Ж.Болдхуяг /хх 9-11, 12-13, 14-15, 89-90/, шүүгдэгч нарын /хх 20-25/ мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлгүүд, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, тухайн үйл явдлыг баримтжуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-7/, Анхны үзлэгийн тодорхойлолт /хх 36/, Яаралтай тусламжийн хуудас /хх 37/, Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас /хх 38/, Шүүхийн шинжилгээний албанд төлбөр төлсөн тухай баримт /хх 39/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 сарын 20-ны өдрийн 613 тоот дүгнэлт /хх 42/, Хохирлын нэхэмжлэл /хх 39,76/, Хохирогчийн хавтаст хэргийн маиериалтай танилцсан тухай тэмдэглэл /хх 78/ Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 67, 69/, Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх 66, 68/ зэрэг болон хуулийн  дагуу цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч Г.Түмэнжаргал, шүүгдэгч М.Доржбаяр нар нь бүлэглэн 2017 оны 10 сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 5 дугаар багийн нутаг “Малтуурт” гэх газар хохирогч Ж.Болдхуягтай “өөрийн хамаарал бүхий газарт хадлан хадлаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь “хамар ясны болон таславчийн хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, тархины доргилт, дээд үүдэн 1 шүдний хугарал, хоёр нүдний зовхи, зүүн хацар, шанааны цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг давхар нотолсон доорхи:

Мэдүүлгийн эх сурвалжаа зааж, тогтвортой мэдүүлсэн хохирогч Ж.Болдхуягийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 12 цагийн орчим...Би портер машины жолоон дээр сууж байхад хоёр залуу хүрч ирээд Чулуунбатыг цохидог залуу “та нар миний газрыг хаддаг хэн бэ” гээд миний зүүн шанаа руу нэг удаа, гэдэс рүү 2-3 удаа гараараа цохиод...Хоёр залуу хүрч ирээд эхэлж намайг цохидог залуу нь машины цонхоор дахиж нүүр рүү цохихоор нь би машинаас бууж тэр залуугийн нүүр рүү нэг удаа гараараа цохисон. Тэгээд тэр залуутай заамдалцаад зогсож байхад хажуунаас бүдүүн махлаг залуу нүүр рүү нэг удаа цохиход нүд харанхуйлаад унасан. Тухайн үед хамар амнаас цус сад тавьж урсаад нүүрээ дарж байхад хэнийг нь мэдэхгүй 2-3 удаа нэг нь гар руу өшиглөсөн...Лхагва хүрч ирээд намайг цохиж унагасан бүдүүн залууг барьж авсан. Би босож ирээд Чулуунбатад “утсаараа бичлэг хий” гэхэд тэр залуучууд хөдлөхөө больсон, дахиж цохиж зодоогүй...” /хх 3-15, 90/ гэх,

Болсон үйл баримт /факт/-ыг нүдээр үзсэн гэрч Ж.Чулуунбатын “...2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 12 цагийн орчим...Хулгар чихтэй намхан бор /М.Доржбаяр/ залуу нь намайг тонгойгоод юм хийж байтал “чи манай багшийн газрыг хадлаа” гээд араас нуруу орчим хальт цохиод авсан...тэр залуу Болдхуяг руу очоод нүүр орчим нь хэд хэд цохисон... мөн машины цонхоор Болдхуягийн нүүр рүү гараараа хэд хэд цохиход Болдхуяг машинаас бууж ирээд тэр залуугийн нүүр рүү нэг удаа гараараа цохиж заамдалцаад зогсож байхад бүдүүн махлаг /Г.Түмэнжаргал/ залуу  Болдхуягийн хажуунаас нүүр рүү нь нэг удаа хүчтэй цохиод унагаасан...Болдхуягийг цохиж унагадаг бүдүүн улаан залуу /Г.Түмэнжаргал/-г Лхагва бариад холдсон байсан...” /хх 16-17/ гэх,

Гэрч Э.Болдын “...Тэд нар Лхагваагийн машины урд зогсоод Чулуунбат, Болдхуяг мөн нөгөө машинаас буусан гурван залуу бүгдээрээ зэрэг шахуу буугаад хоорондоо зууралдаад авсан. Би 50-100 орчим метр зайтай трактортой явсан учраас тэднийг зууралдахаар нь нэг юм болж гэж бодоод гүйгээд очсон. Очиж явахдаа харахад Чулуунбат, Болдхуяг нар гурван залуутай зууралдаад байсан ба Болдхуягийг нэг залуу заамдаад ноцолдож байхад нь нэг бүдүүн залуу /Г.Түмэнжаргал/ гараараа цохиод унагаж байгаа харагдсан, хажууд нь очиход Болдхуяг зодуулсан байдалтай газарт хэвтчихсэн амнаас нь цус гараад “бичлэг хийгээрэй” гэж бахираад байсан...” /хх 31-32/ гэх,

Мөн шүүгдэгч Г.Түмэнжаргал /Монхоон/-ын үйлдлийг хориглож салгасан гэрч

Н.Соёл-Эрдэнийн ...Машинаас манай сумын Доржбаяр, Түмэнжаргал, Болор-Эрдэнэ гэдэг гурван залуу бууж Болдхуягийн машины хажууд очоод хоорондоо зодолдож ноцолдоод бужигнаад байсан. Лхагвадорж /Лхагва/ тэд нар руу очиж салгаж байсан ба би бас очиж тэднийг хорьсон. Намайг очиход Болдхуягийн хамраас цус гарсан байсан...Лхагвадоржтой Түмэнжаргалыг хүмүүсээс холдуулаад зогсож байхад түүний эхнэр нь бас хажууд байсан...” /хх 98 /гэх,

Гэрч Ө.Лхагвадорж /Лхагва/-ийн “...Монхоон /Г.Түмэнжаргал/, Доржоо /М.Доржбаяр/ гэж дууддаг хоёр залуу өөр танихгүй нэг залуутай 3-лаа бууж ирээд намайг машинаас бууж амжаагүй байхад Болдхуягийн машин дээр очоод зодолдоод бужигнахаар нь машинаасаа бууж очоод Монхоон /Г.Түмэнжаргал/-ыг татаж хорьсон...би тэднийг бие биенээ хэн нь яаж цохиж нүдэхийг нь сайн хараагүй...” /хх 18-19/ гэх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд,

Хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл үүссэн талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт /хх 44/, Гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн цаг хугацаанд гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, Тухайн үед болсон үйл баримтыг баримтжуулсан гэр зургийн үзүүлэлт /хх 6-7/, Анхны үзлэгийн тодорхойлолт /хх 36/, Яаралтай тусламжийн хуудас /хх 37/, Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас /хх 38/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Түмэнжаргал нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлж байх боловч “би хохирогчийг зодоогүй, би салгах гэж түүнийг түлхсэнээс гэмтэл авсан байж болох юм” гэж эргэлзээтэй байдлаар мэдүүлж байна. /Шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Гэтэл хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Түмэнжаргал нь хохирогч Ж.Болдхуягийг нэг удаа гараар хүчтэй цохиж газарт унагаасныг нүдээр харсан гэрч Ж.Чулуунбатын “...бүдүүн махлаг /Г.Түмэнжаргал/ залуу  Болдхуягийн хажуунаас нүүр рүү нь нэг удаа хүчтэй цохиход Болдхуяг газарт унаж, хамраас нь цус гарсан..”, /хх 16-17, 92/ гэх, гэрч Э.Болдын “...Болдхуягийг нэг залуу заамдаад ноцолдож байхад нь нэг бүдүүн залуу /Г.Түмэнжаргал/ гараараа цохиод унагаж байгаа харагдсан...” /хх 31-32/ гэх болон шүүгдэгч Г.Түмэнжаргалын идэвхтэй үйлдлийг хориглосон гэрч Ө.Лхагвадоржийн “...Монхоон /Г.Түмэнжаргал/, Доржоо /М.Доржбаяр/ гэж дууддаг хоёр залуу өөр танихгүй нэг залуутай 3-лаа бууж ирээд намайг машинаас бууж амжаагүй байхад Болдхуягийн машин дээр очоод зодолдоод бужигнахаар нь машинаасаа бууж очоод Монхоон /Г.Түмэнжаргал/-ыг татаж хорьсон...” /хх 18-19/ гэх, гэрч Н.Соёл-Эрдэнийн “...Намайг очиход Болдхуягийн хамраас цус гарсан байсан...Би Лхагвадоржтой Түмэнжаргалыг хүмүүсээс холдуулсан...” /хх 98/ гэх мэдүүлгүүдээр нотлогдож байна гэж үзлээ.  

Иймээс хохирогч Ж.Болдхуягийн эрүүл мэндэд учирсан “хамар ясны болон таславчийн хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, тархины доргилт, дээд үүдэн 1 шүдний хугарал, хоёр нүдний зовхи, зүүн хацар, шанааны цус хуралт, зөөлөн эдийн няцралт” бүхий хөнгөн хохирол нь түүний нүүрэн тус газарт гараар цохисон шүүгдэгч Г.Түмэнжаргал, шүүгдэгч М.Доржбаяр нарын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзэх үндэстэй байна.

Шүүгдэгч Г.Түмэнжаргал, М.Доржбаяр нарын үйлдсэн гэмт хэрэгт Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

Энэ талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Г.Түмэнжаргал, шүүгдэгч М.Доржбаяр нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хэрэгт шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч Ж.Болдхуяг нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 5127000 төгрөг нэхэмжилнэ...” гэжээ. /хх 76/

Шүүх, иргэний нэхэмжлэлийн үндэслэл, нотлогдсон байдлыг хавтаст хэргийн хэмжээнд шинжлэн судалж дүгнэвэл, хохирогч Ж.Болдхуягийн мөрдөн шалгах ажиллагаанд ирүүлсэн хохирлын нотлох баримтаас Шүүхийн шинжилгээний албанд шинжилгээ хийлгэсний төлбөрт 8000 төгрөг /хх 45/  төлсөн нь орлогын ордерын баримтаар нотлогдож байна. Харин хохирогч Ж.Болдхуяг нь  гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 5127000 төгрөг нэхэмжилсэн боловч дээрх 8000 төгрөгийн нотлох баримтаас бусад хохиролтой холбогдох баримтыг шүүхэд огт ирүүлээгүй байна.

Иймд хохирогч Ж.Болдхуягийн нэхэмжлэлээс шүүхийн шинжилгээний албанд шинжилгээ хийлгэхэд зарцуулсан 8000 төгрөгийг шүүгдэгч нараар хувь тэнцүүлэн гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй ба  нэхэмжлэлийн 5119000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг хохирогч Ж.Болдхуягт мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгч Г.Түмэнжаргалын ЖЛ89112211, шүүгдэгч М.Доржбаярын ЖЛ93052915 дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг тус тус тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т, М.Д нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Т, М.Д нарыг тус бүр 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т, М.Д нарт оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Т, М.Д нарт анхааруулсугай.

5. Эрүүгийн 1721002170133 дугаартай хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Г.Т, М.Д нараас 8000 /найман мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, Төв аймгийн Заамар сумын 1 дүгээр багийн “Сэрүүн” гэх газарт оршин суух, хохирогч Ж.Б-д олгож, хохирогч Ж.Б-н нэхэмжлэлээс 5119000 /таван сая нэг зуун арван есөн мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг хохирогчид мэдэгдэсүгэй.

7. Баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч Г.Т-ын ............. дугаартай, шүүгдэгч М.Д-ын ...............дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, түүний өмгөөлөгч, хохирогч тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.     

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Ү.ОДГЭРЭЛ