Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2023/ДШМ/640

 

 

Э.Б, Р.Э, Х.С,

О.Цнарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Энэрэл,

хохирогч Х.О, түүний өмгөөлөгч Б.Балжидмаа,

шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ч.Нямцоож, Д.Буянзаяа,

шүүгдэгч Р.Эгийн өмгөөлөгч Ж.Нарантуяа,

шүүгдэгч Х.С, Р.Э, тэдгээрийн өмгөөлөгч Б.Отгончимэг,

шүүгдэгч О.Ц, түүний өмгөөлөгч Л.Сарангуа,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/264 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.С, Р.Э нарын өмгөөлөгч Б.Отгончимэг, шүүгдэгч О.Цын өмгөөлөгч Л.Сарангуа, шүүгдэгч Э.Бын өмгөөлөгч Ч.Нямцоож, шүүгдэгч Р.Эгийн өмгөөлөгч Ж.Нарантуяа, шүүгдэгч Э.Бын өмгөөлөгч Д.Буянзаяа, шүүгдэгч Э.Б, Р.Э, Х.С нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Э.Б, Р.Э, Х.С, О.Цнарт холбогдох 2105000980050 дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.  Э.Б, 

2.  Р.Э, 

3. Х.С, 

4. О.Ц 

Шүүгдэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн “УБ"-ийн ачиж буулгах тээвэр экспедицийн механикжсан ангийн дарга Э.Б, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженер Р.Э, нэгдүгээр цехийн агуулахын эрхлэгч Х.С, авто ачигчийн жолооч О.Цнарын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт орших “УБ”-ийн ачиж буулгах тээвэр экспедицийн механикжсан ангийн 2 дугаартай агуулахад хураасан ачаа, бараа нурж, хохирогч Х.Оюунтуяагийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Э.Б, Р.Э, Х.С, О.Цнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигин овогт Эрдэнэдаваагийн Э.Б, Боржигин овогт Равдангийн Р.Э, Бор хайрхан овогт Хайдавын Х.С, Боржигон овогт Очирбатын О.Цнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Б, Р.Э, Х.С, О.Цнарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Б, Р.Э, Х.С, О.Цнараас тус бүр 525.000 төгрөгийг гаргуулж, холбогдох шинжээч нарт олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Б, Р.Э, Х.С, О.Цнараас тус бүр 8.068.953 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Оюунтуяад олгож, хохирогч өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой гарсан болон цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Э.Б, Р.Э, Х.С, О.Цнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.   

            Шүүгдэгч Э.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2011 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ажилтан, албан хаагч нар болох 240 хүнтэй Хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажил олгогчийн хувиар Хөдөлмөр, аюулгүй байдлыг хангуулах талаар хуульд заасан эрх хэмжээндээ тааруулан ажил гүйцэтгүүлж ирсэн болно. Манай байгууллага нь Төмөр замын аюултай бүсэд хамаардаг бөгөөд тус бүсэд явуулах үйл ажиллагааг тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудтай байгуулсан хамтран ажиллах гэрээгээр зохицуулдаг. Тухайн гэрээнд гуравдагч этгээд буюу ачаа хүлээн авагч нарын аюулгүй ажиллагааг тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлэгч этгээд нь “Монложистикс ворлд вайд” ХХК 100% хариуцах талаар заасан байдаг. Учир нь, тус бүсэд өдөрт 200-300 хүн, 150-200 автомашин тогтмол нэвтэрч, үйлчилгээ авдаг. Иймд манай байгууллагатай гэрээ байгуулаагүй тээвэр зуучлалын компаниуд болон ачаа хүлээн авагч иргэдийн аюулгүй ажиллагааг хангах, хариуцаж ажиллах нөхцөл, боломж хязгаартай байдаг. Үүнийг мөн салбарын сайдын тушаалаар баталсан Төмөр замын аюултай бүсийн дэглэмд тодорхой заасан байгаа. Би 2001 онд Төмөр замын дээд сургуулийг “Төмөр замын техникч”, 2009-2012 онд ОХУ-ын Эрхүү хотын Зам, харилцааны их сургуулийг “Төмөр замын инженер” мэргэжлээр төгсөж, 2001 оноос Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замын нийгэмлэгт ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд ажил олгогчийн өмнө хүлээсэн үүргээ хэлбэрэлтгүй биелүүлж, үнэнч, шударгаар ажиллаж ирсэн. Осол болох үед ч хуулийн дагуу л ажиллаж, гэрээний үүргээ биелүүлж, ослыг судлан бүртгэж зохих арга хэмжээ авахыг “Монложистикс ворлд вайд" ХХК-д албан бичгээр мэдэгдэж, хохирогчийн албан ёсны ажил олгогч “Грасс эл би эм" ХХК-ийн удирдлагатай уулзаж, мөн болсон явдлын талаар дээд удирдлагадаа илтгэх хуудсаар хандаж, мэдэгдсэн, хуулийн байгууллагын дуудсан үед очиж, үнэн бодит мэдүүлэг өгч, шаардсан баримтуудыг тухай бүрд гарган өгч, тэдний үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж ирсэн. Гэтэл өөрийн ажилтан биш хүний өмнөөс ял сонсож, ялтан нэр зүүж, насан туршдаа хар толботой үлдэж, сэтгэл зүйн хувьд дарамттай болж байгаад маш их гомдолтой байна. Энэ хэрэгтэй танилцахад 3 удаа шинжээч нар дүгнэлт гаргасан байдаг. 1 дэх дүгнэлт гаргасан шинжээч н.Гантөмөр нь 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр болсон шүүх хуралд биечлэн оролцсон бөгөөд гаргасан дүгнэлтээ тайлбарлаж, хамгаалж чадаагүй учир шүүгч хэргийг прокурорт буцааж, дахин дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу 2 дахь дүгнэлтийг 3 шинжээч осол болсон газарт ирж үзэж, танилцаж, дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтээ мөрдөн байцаалтын явцад баталгаажуулсан нь хэрэгт байдаг. Гэтэл 3 дахь буюу 5 шинжээчийн дүгнэлтийг прокурор тодорхойгүй шалтгаанаар шинжээч томилж гаргуулсан. Энэ дүгнэлтийг гаргасан 5 шинжээч нь осол болсон газарт ирээгүй. Энэхүү дүгнэлтэд манай байгууллагын 60 жилийн түүхэнд хэвшүүлж, мөрдүүлж ирсэн Хөдөлмөр, аюулгүй байдлын заавар, дүрэм, журам, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээг огт байхгүй мэтээр бичсэн байдаг. Мөн прокурор уг илт үндэслэлгүй, байгаа зүйлийг байхгүй гэж дүгнэсэн, нэгэнт хэвшсэн жишгүүдийг үгүйсгэсэн дүгнэлтээр намайг яллаж, шүүхэд шилжүүлсэнд гомдолтой байна. Иймд шударга ёсны талд шийдвэр гаргаж, намайг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.Бын өмгөөлөгч Ч.Нямцоож давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Б ангийн даргын албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн үеэсээ эхлэн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль”-д заасан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх техник зохион байгуулалтын арга хэмжээ авах, хяналт тавих үүргээ биелүүлсэн, ажлын байрны зорилго, зорилт, үндсэн чиг үүргийг хэрэгжүүлсэн тухайд:

“Татварын ерөнхий хууль”-ийн 6 дугаар зүйлийн 6.1.3-т “ажлын өдөр гэж долоо хоногийн Бямба, Ням гараг болон нийтээр тэмдэглэх баярын өдрөөс бусад өдрийг” ойлгох талаар, 1999 оны “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт "Бямба, Ням гаригт нийтээр амарна.” гэжээ. Тухайн осол болсон 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нь Бямба гараг буюу ажлын бус амралтын өдөр байсан учир уг өдөр Э.Б нь гэртээ амарч байсан хэдий ч осол болсон талаар мэдсэн даруйдаа ажлын байран дээрээ ирж, өөрөөс хамаарах бүхий л арга хэмжээг авчээ.

 Тодруулбал, ослын талаар “Тээвэр зохион байгуулалтын албаны дарга’’-д “Илтгэх хуудас” бичиж хүргүүлсэн, осол болох үед ажиллаж байсан ажилчдаас тэр даруйд нь тайлбар авч, байгууллагын хяналтын камерын бичлэгийг үзэж “Акт” тогтоосон, хохирогчийн ажил олгогч болох “Грасс эл би эм" ХХК-ийн удирдлагуудтай холбогдсон, “Монложистикс ворлд вайд” ХХК-д албан бичгээр ослын талаар шаардлагатай арга хэмжээ авах талаар мэдэгдэж мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, арга хэмжээ авсан буюу “Төмөр замын аюултай бүсэд ажиллаж буй үйлчлүүлэгч нарт өгөх аюулгүй ажиллагааны санамж”, “Аюулгүй ажиллагааны технологийн карт”, “АБТЭМА дахь гаалийн хяналтын бүсэд халдвар хамгааллын дэглэм сахиулах түр журам”-ыг баталж, мөрдүүлсэн;

-Тухайн жилийн “Техник сургалтын төлөвлөгөө” -г баталж, батлагдсан хуваарийн дагуу ажилчдадаа сургалтад хамруулдаг;

-Осол болсон агуулахын гадна болон дотоод орчинд “...анхааруулах, хориглох, мэдээлэх...” утга бүхий “...тэмдэг, тэмдэглэгээ, санамж...”-уудыг тогтмол /осол болохоос өмнө байсан ба одоо ч байгаа/ байрлуулсан;

-Ажилчидтайгаа “Хөдөлмөрийн гэрээ”-г бичгээр байгуулж, холбогдох “Ажлын байрны тодорхойлолт”-ыг баталж, тэдгээрт хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах талаар ажилтны хүлээх үүргийг тодорхойлж, тусгаж, танилцуулсан;

-Ажилчдадаа тогтмол, өдөр тутам хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаарх зааварчилгааг өгч “Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа”-ны бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зуруулдаг. Дээрх байдлаар Э.Б нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замын даргын 2011 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн тушаалаар АБТЭМА-ийн даргаар томилогдсоноос хойш холбогдох дүрэм, журмыг баталж, хэрэгжүүлж, удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласан болох нь хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байхад түүнийг “...болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх техник зохион байгуулалтын арга хэмжээ авах, хяналт тавих үүргээ биелүүлээгүй, ...ажлын байрны зорилго, зорилт, үндсэн чиг үүргийг хэрэгжүүлээгүй байна. ..." гэж шууд буруутгаж буй нь хууль зүйн үндэслэлгүй юм. Түүнчлэн, Э.Б нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуульд заасан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх техник зохион байгуулалтын арга хэмжээ авах, хяналт тавих үүргээ биелүүлсэн, ажлын байрны зорилго, зорилт, үндсэн чиг үүргийг хэрэгжүүлсэн болох нь 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 8 дугаар “Шинжээчийн дүгнэлт”-ийн “...Зам, тээврийн хөгжлийн 1 сайдын тушаал 2020.09.15-ны өдрийн А/146 дугаартай журмын хавсралтын Аюултай бүсийн дэглэмийн 2.1 “аюултай бүсэд галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөн, ачилт, буулгалттай холбоотой ажил гүйцэтгэдэг дэвсгэр газрыг хамааруулна. ...”, 2.3 “...аюултай бүс нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хувьд энэ дэглэмд зааснаас бусад үйл ажиллагаа явуулах, нэвтрэх, объект байрлуулахыг хориглосон бүс болно. ... ” гэж заасны дагуу тус газар нь төмөр замын аюултай бүсэд хамаарна.

Хавтас хэрэгт авагдсан 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн сиди бичлэгт “...Х.Оюунтуяа нь 12 цаг 12 минут 31 секундэд нурж байгаа бараа руу гүйж очсон нь Хөдөлмөрийн, аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалт “ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх...”, 18 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалт “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх”-ыг мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, Үйлдвэрийн эрүүл ахуйн ачих буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага МNS-5079:2001 стандартын 4. Технологийн үйл ажиллагааны явцад тавигдах шаардлага 4.5 /Ачааг тээврийн хэрэгсэлд ачих, буулгах, өргөж тээвэрлэх төхөөрөмжөөр шилжүүлэх үед ачаа унаж болох бүсэд тээврийн хэрэгсэл явах, хүн ажиллахыг хориглоно./-ыг тус тус зөрчиж осолд өртсөн байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн хэрэгжилтийг хангуулж, удирдлага зохион байгуулалтаар Ачих буулгах тээвэр экспедицийн механикжсан ангийн дарга Э.Б нь хангаж ажилласан нь хэргийн 1, 2 дахь хавтаст авагдсан бөгөөд холбогдох материалуудаар тогтоогдож байна.

Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаал 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/146 дугаартай журмын хавсралтын Аюултай бүсийн дэглэмийн 6-д ачих буулгах зам, талбайд тавигдах шаардлагын 6.1.1 “ачаа илгээх болон ачаа хүлээн авагчийн мөрдөх ерөнхий журам, аюултай бүсэд зорчих замнал, гарцыг тодорхой харуулсан самбар, тэмдэг, тэмдэглэгээг үзэхүйц газар байршуулах”-д заасны дагуу №2 агуулахын гадна талд тэмдэг, тэмдэглэгээг байршуулсан байсныг мөрдөөгүй нь осолд өртсөн Х.Оюунтуяагийн буруутай үйлдэл байна.

2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн №ТҮ20/008 дугаартай Талбайн үйлчилгээ үзүүлэх АБТЭМАнги /үйлчлэгч/, “Монложистик ворлд вайт” ХХК /үйлчлүүлэгч/ байгууллагаар гэрээ байгуулсан байна, тухайн гэрээний 4 дүгээр зүйлд үйлчлүүлэгч байгууллагын үүргийн 4.9 дүгээр заалтад “Өргөх байгууламж ажиллаж байгаа талбайд жолооч нар нэвтрэхдээ зөвхөн хамгаалалтын малгай буюу каск өмссөн байх. Мөн ачаа эзэмшигч, ачигч нартаа талбайгаар сэлгүүцэхгүй байх талаар, талбай дахь аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгсөн байна” гэж заасны дагуу Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгсөн нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэрэнгийн 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн мэдүүлэгт авагдсан байна.

2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Ачаа тээвэрлэлтийн гэрээний “Тай суман” ХХК /тээвэрлэгч/ “Грасс эл би эм” ХХК /тээвэрлүүлэгч/ болж байна, тухайн гэрээний 4 дүгээр зүйл талуудын эрх үүргийн 4.3 дахь заалт Тээвэрлүүлэгчийн эрх үүргийн 4.3.3-т “Талбайн аюулгүй ажиллагааны зааварчилгаа, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг бүрэн хариуцна” гэж заасны дагуу тээвэрлүүлэгч тал болох X.Оюунтуяа нь үүргээ зөрчсөн байна.

Шинжээч Д.Ганчимэгийн “...АБТЭМА нь удирдлага болохгүй байгаа. Учир нь ...АБТЭМАнгитай “Монложистикс ворлд вайд” ХХК-тай “Тайсуман” ХХК, “Тайсуман” ХХК-тай “Грасс эл би эм” ХХК нь гэрээ байгуулсан нь хавтаст хэрэгт авагдсан эдгээр материалаас үзэхэд ...АБТЭМАнги нь ажил олгогч биш болох нь тогтоогдсон. “Грасс эл би эм” ХХК-ийн хувьд ажилтан Х.Оюунтуяад Хөдөлмөрийн эрүүл ахуй аюулгүй ажиллагааны зааварчилгаа, сургалтад хамруулах үүрэгтэй.

Э.Бын хувьд АБТЭМА-ийн холбогдох дүрэм журмыг баталж хэрэгжүүлж ажиллаж байсан байна. Эдгээрийг үндэслэн агуулахын эрхлэгч Г.Х.С нь “Грасс эл би эм” ХХК-ийн ажилтан Х.Оюунтуяад холбогдох зохих ёсны шаардлагуудыг удаа дараа тавьсан байсан. Эрүүл ахуйн инженер Р.Э нь тухайн өдөр амарч байсан учраас байгууллагын дотоод журмаараа агуулахын эрхлэгч Х.С нь ажиллаад “Мон ложистик" ХХК-ийн төлөөлөгч Цэрэнд зааварчилгааг өгсөн байдаг. Цэрэнг зааварчилгаа авч байхад хохирогч Х.Оюунтуяа хамт байсан байдаг.

Шинжээч А.Рэнчинванжилын “...“Тайсуман” ХХК, “Грасс эл би эм” ХХК нарын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хийгдсэн Ачаа тээвэрлэлтийн гэрээний 4.3 дугаар заалт буюу “Тээвэрлүүлэгчийн эрх, үүргийн 4.3.3-д талбайн аюулгүй ажиллагааны зааварчилгаа, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг бүрэн хариуцна” гэж заасан байдаг. Тэгэхээр хохирогч Х.Оюунтуяа өөрөө хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг бүрэн хариуцна.

Мөн хавтаст хэрэгт авагдсан 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Тайсуман" ХХК, “Монложистик” ХХК-ийн хооронд байгуулсан Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний журам, ...АБТЭМАнги болон “Монложистик ворлд" ХХК, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ТҮ20-008 Талбайн үйлчилгээ үзүүлэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.9 дэх заалтад “өргөх байгууламж ажиллаж байгаа талбайд жолооч нар нэвтрэхдээ зөвхөн хамгаалалтын малгай, каск өмссөн байх, мөн ачаа эзэмшигч, ачигч нартаа талбайгаар сэлгүүцэхгүй байх” талаар талбай дахь аюулгүй ажиллагааны зааварчилгааг итгэмжлэгдсэн төлөөлөгч Цэрэн өгсөн байна. Ангийн дарга Э.Б нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйл, ...МNS 5079:2001 стандартаар тогтоосон журмыг ...хангасан байсан...” гэх мэдүүлэг болоод хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог.

2. Хохирогч болон түүнийг зуучлагч “Монложистикс ворлд вайд” ХХК-ийн ажилтан Н.Цэрэнд АБТЭМА-ийн ажилчид ачааг анх буулгасан, ачааг олгосон өдөр хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, агуулахад мөрдөх дүрэм, журмыг танилцуулсан, хохирогч цааш өөрийг нь дагаж очсон ажилчдадаа мөн өгч, танилцуулсан тухайд:

Хохирогчийн “...2020 оны 12 дугаар сарын 19-ний өглөө 09:30 цагт би хүмүүсээ аваад АБТЭМА-ийн гадаа талбай дээр ирсэн байсан бөгөөд ачаа зөөх машинуудаа тэмдэглүүлсэн. 10 цаг хүртэл гадаа машиндаа байсан ба 10:00 цагт агуулах онгойхгүй 10:40 цагт онгойсон. Талбайн нярав настай эгчтэй би уулзахад танай ачаанууд чинь аль хэсэгт байрлаж байгаа вэ гэж асуухаар нь нийтдээ 61 подоон ачаа байгаа гэж би талбай руу орж тэр эмэгтэйд танилцуулсан...”; гэрч Х.Сгийн “...Тэр өдөр “Монложистик” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Цэрэн гэх хүнтэй хамт Оюунтуяа гэх эмэгтэй 10 цаг 50 минутад агуулахын жижиг өрөөнд орж ирж бараа авах гэж ирсэн. Би “Монложистик” ХХК-ийн төлөөлөгч Цэрэнд аюулгүй ажиллагааны зааварчилгаа танилцуулж гарын үсэг зуруулсан. Оюунтуяа тухайн үед хажууд байж аюулгүй ажиллагааны зааварчилгаа сонссон. Би Оюунтуяад “та кар ажиллаж байгаа тохиолдолд агуулахад орж болохгүй. Шаардлагатай хэрэг гарвал надад хэлээд би карын үйлдлийг зогсоогоод надтай хамт орж болно” гэж хэлсэн. Тухайн үед Оюунтуяа яагаад дотогш орсныг би мэдэхгүй байна. Өөрөө дур мэдэж агуулахад орж бараанд даруулсан. ...Манай байгууллагатай “Монложистик” гэх компани гэрээ байгуулсан тул “Монложистик” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Цэрэнд аюулгүй ажиллагааны зааварчилгаа танилцуулан өөрийн болох жолооч ажилчид болон хамт явж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хариуцна гэж хэлж гарын үсэг зуруулсан. Харин Оюунтуяагаар гарын үсэг зуруулаагүй. Энэ үед Оюунтуяа цуг байсан...”, гэрч С.Ганзоригийн “...Манай агуулахад байгууллагын ажилчид, тээвэр зуучийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гаалийн байцаагч, мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагч, зуучлагчийн хөлсөлсөн болон ачааны эзэд ачаа бараатай танилцах үүднээс орох эрхтэй байдаг эдгээрээс бусад хүмүүс орох эрхгүй...”, гэрч Н.Цэрэнгийн “...Тэгээд хамт няравын өрөөнд орж бараагаа ачиж явах машин оруулах зөвшөөрөл авч ХАБ-ийн дүрэмтэй танилцаж гарын үсгээ зурж байсан. Энэ үед Төмөр замын агуулахын нярав Х.С аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч байсан. Манай агуулах руу ажилчдаас өөр хүн үйлчлүүлэгч нар огт орж болохгүй гэж заасан байдаг. Өчнөөн анхааруулах санамж бичиг наалттай байдаг юм. Манай компанид тухайн үед үйлчлүүлж байсан эмэгтэйг анх манай ажилд миний өрөөнд орж ирэхэд нь би тусгай журам дүрэм тайлбарлаж хэлж “агуулах руу огт орж болохгүй шүү” гэж хэлж ярьж танилцуулахад, тэр эгч өөрөө уншиж танилцан өөрийн гар утсан дээрээ дүрэм журам аюулгүй ажиллагааны зааварчилгааны зургийг утсаараа хүртэл авч байсан юм. Тухайн үед хамгаалах хувцас хэрэглэл өмсөж хэрэглэсэн байсан. Манай компани нь хамгаалах хувцас хэрэглэл, малгайгүй бол агуулах болон талбай руу оруулдаггүй юм...”, гэрч Л.Уранчимэгийн “...АБТЭМА-н ажилчид байсан бөгөөд дотогшоо оруулдаггүй юм байна лээ. Оюунтуяа эгч өөрөө бид нарт “дотогшоо орж болохгүй ээ” гэж хэлсэн бөгөөд “зөвхөн ачаа ачих хэсэг буюу тавцан дээр гарч болноо” гэж байсан...”, гэрч М.Цэрэндоржийн “...Ер нь хүмүүс оруулахгүй л байсан...” гэх мэдүүлгүүд болон бусад баримтуудаар хохирогчид АБТЭМА-ийн ажилчид ачааг анх агуулахад буулгасан, ачааг олгосон өдөр хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, агуулахад мөрдөх дүрэм, журмыг танилцуулсан, хохирогч цааш өөрийг нь дагаж очсон ажилчдадаа мөн өгч, танилцуулсан нөхцөл байдал тогтоогддог бөгөөд АБТЭМА-ийн ажилчдын өгсөн анхааруулга, зааварчилгааг хохирогч дагаж мөрдөөгүй, нэвтрэх эрхгүй “Төмөр замын аюултай бүс”-д дур мэдэн орж, осолд өртсөн харамсалтай үйл явдал болжээ.

1999 оны “Хөдөлмөрийн тухай хууль"-ийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “ажил олгогч" гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг; 3.1.2-т “ажилтан" гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг ойлгох талаар заасан ба хэрэгт авагдсан баримтуудаар АБТЭМАнги болон тус ангийн дарга Э.Б нь хохирогч Х.Оюунтуяагийн ажил олгогч биш учир “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль”-ийн 27 дугаар зүйлийн 27.1., 28 дугаар зүйлд заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар ажил олгогчийн үүрэг”-ийг хохирогчийн өмнө хүлээх хууль зүйн үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, энэ үүргийг буюу ажил олгогчийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг түүний ажил олгогч болох “Грасс эл би эм” ХХК хүлээж, хариуцах ёстой билээ. Гэтэл хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй “Грасс эл би эм” ХХК болон “Монложистикс ворлд вайд” ХХК, түүний холбогдох албан тушаалтнуудад бус Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБийн “Ачих буулгах тээвэр экспедицийн механикжсан анги"-ийн албан тушаалтнуудад хариуцлага тооцож, тэдгээрт ял оногдуулж байгааг өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна.

3. Э.Быг шууд буруутгах үндэслэл болсон 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр №05-20 дугаар “Шинжээчийн дүгнэлт”-ийг гаргасан, шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулж, тэдгээрээс тайлбар, мэдүүлэг авах боломжийг хязгаарласан талаар “...2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ...хураасан ачаа, бараа нурж хохирогч Х.Оюунтуяагийн эрүүл мэндэд ...хохирол учирсан...” үйл явдлын шалтгаан, нөхцөлийг тодруулахаар хэд хэдэн удаа мөрдөгч болон прокурорын зүгээс шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан байдаг. Тодруулбал, 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр №ХАБ-16/21 дугаар 20 буюу “...хавтаст хэрэгт нотлох баримтуудаар авагдсан материалтай танилцаж..." гаргасан, 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 8 дугаар 21 буюу “...осол гарсан объектод нэвтэрч, танилцаж...” гаргасан, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр №05-20 дугаар 22 буюу “...Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 434 тоот өрөөнд хийж гүйцэтгэсэн ...хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан...” гаргасан гэх “Шинжээчийн дүгнэлт”-үүд гарчээ.

Гэвч дээрх дүгнэлтүүд нь өөр хоорондоо илт зөрүүтэй, 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн №ХАБ-16/21 дугаар болон 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №05-20 дугаар дүгнэлтүүдийг гаргасан шинжээч нар “...осол болсон объекттой биеэр очиж танилцаагүй, хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан гаргасан...” байгаа нь шинжилгээг бүрэн, бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй хийж чадсан эсэхэд эргэлзээ үүсгэдэг. Уг дүгнэлтүүдэд ойлгомжгүй, тодорхойгүй зүйлс их байх тул өмгөөлөгч би шүүх хуралдаанд дүгнэлт гаргасан шинжээч нарыг оролцуулж, тэдгээрээс гаргасан дүгнэлтийнх нь талаар тайлбарлуулах, тодруулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж, 2023 оны 02 дугаар сарын 8-ны өдөр болсон шүүх хуралдааны үед “...2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр №05-20 дугаар “Шинжээчийн дүгнэлт"-ийг гаргасан шинжээчдийг шүүх хуралдаанд оролцуулах...” хүсэлттэй байгаагаа илэрхийлж, бичгээр хүсэлт гаргасан. Гэвч шүүх миний хүсэлтийг шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй байдлаар орхигдуулсан.

2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №05-20 дугаар “Шинжээчийн дүгнэлт”-ийг эргэлзээтэй, ойлгомжгүй, тодорхойгүй гэж үзэж буй зарим үндэслэл, шалтгааныг дор товч тайлбарлавал. Уг дүгнэлтэд “...Хариулт-3: ...АБТЭМАнги нь ачаа хүлээн авах, хадгалах, буулгах, хүлээлгэн өгөх, ачих үйл ажиллагааг зохицуулсан журамгүй, анхааруулах дохио санамж, тэмдэг тэмдэглэгээг зохих газруудад байршуулаагүй байсан байна... ” гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар осол болсон агуулахын гадна болон дотоод орчинд “...анхааруулах, хориглох, мэдээлэх...” утга бүхий “...тэмдэг, тэмдэглэгээ, санамж...”-уудыг байрлуулсан байгааг харж болохын зэрэгцээ “...Ачил, буулгалтын тавцан болон агуулах олголтын зам, тавцангаар зорчих, Агуулахаас автомашинд ачаа ачих үед анхаарах, аюулгүй ажиллагааг хангах болон бусад асуудлыг... тусгасан “Аюулгүй ажиллагааны технологийн картыг баталж, мөрдүүлсэн байдаг.

“...Хариулт-4 “4.3. ...жолооч О.Цт өдөр тутмын зааварчилгаа өгөөгүй /зааварчилгаа өгсөн, авсан гэх бүртгэл хөтлөгдөөгүй/ байна. Ажлын байран дах өдөр тутмын зааварчилгааг тухайн ажилтныг хариуцан ажилладаг, өдөр тутмын ажил үүргийг нь хуваарилдаг албан тушаалтан өдөр болгон өгч ажиллах үүрэгтэй...” гэжээ. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар АБТЭМА нь ажилчдадаа тогтмол, өдөр тутам хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаарх зааварчилгааг өгдөг, үүнийгээ баталгаажуулж, “Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгааны бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зуруулдаг болох нь тогтоогддог. Мөн осол болсон 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн өглөө Карын жолооч О.Цог-Очирт аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн байна.

“...Хариулт 5: Хохирогч Х.Оюунтуяагийн буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй болно...” гэжээ. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч болон түүнд үйлчилгээ үзүүлэгч “Монложистикс ворлд вайд” ХХК-ийн ажилтан Н.Цэрэнд АБТЭМА-ийн ажилчид ачааг анх буулгасан, ачааг олгосон өдөр хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, агуулахад мөрдөх дүрэм, журмыг танилцуулсан байдал тогтоогддог. Гэтэл шинжээч нар 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр №05-20 дугаар “Шинжээчийн дүгнэлт”-ийг гаргахдаа дээр дурдсан нотлох баримтууд болон үйл баримтыг хэрхэн үнэлсэн, хүсэлтэд дурдаж буй буюу хавтаст хэрэгт авагдсан баримтуудтай бүрэн танилцсан эсэх нь эргэлзээтэй байх тул шүүх хуралдаанд тэдгээрийг оролцуулж, гаргасан дүгнэлтийнх нь талаар тайлбарлуулах, эдгээр болон бусад асуудлыг тодруулах зайлшгүй шаардлагатай байсан учир энэ талаар хүсэлт гаргасан.

Түүнчлэн, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр болсон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед прокурор “...Сүүлийн дүгнэлт гаргасан таван шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулах боломжтой гэж үзэж байна.”, Хохирогчийн өмгөөлөгч “...Шинжээч нарыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах боломжтой учраас хэргийг шүүхэд шилжүүлж өгнө үү...” гэх байр суурийг илэрхийлж байсан нь уг хэлэлцүүлгийн тэмдэглэлд туссан байгаа болно. Бусад шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын хувьд ч шинжээчийн дүгнэлтэд эргэлзэж байгаагаа нэг бус удаа илэрхийлж, дахин болон нэмэлт шинжилгээ хийлгэх талаар хүсэлт өгч байсан байдаг.

Шинжээч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.З, 9.1 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсгүүдэд зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад оролцогчдын нэг ба өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргадаг, хариуцлага хүлээдэг, гаргасан дүгнэлттэй холбоотой асуудлаар шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирж мэдүүлэг өгөх үүрэгтэй этгээд билээ.

2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр №ХАБ-16/21 дугаар дүгнэлтийг гаргасан, шинжээч Г.Гантөмөрийг 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр болсон анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцуулах, 2022 оны 7 дугаар сарын өдөр 8 дугаар дүгнэлтийг гаргасан, шинжээч А.Рэнчинванжил, Г.Баясгалан, Д.Ганчимэг нараас Д.Ганчимэг, А.Рэнчинванжил нарыг мөрдөн байцаалтын явцад гэрчээр мэдүүлэг авах замаар гаргасан дүгнэлтийнх нь талаар тайлбарлуулж, тодруулсан байх тул тэдгээрийг шүүх хуралдаанд оролцуулахгүй байж болох байсан ба харин 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр №05-20 дугаар “Шинжээчийн дүгнэлт"-ийг гаргасан, шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулж өгөхийг хүссэн боловч шүүх тодорхойгүй шалтгаанаар хүсэлтийг хангаагүй атлаа уг дүгнэлтийг нотлох баримтаар үнэлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4.33, 5.34 дахь хэсгийн зохицуулалтуудад нийцэхгүй байна. Иймд миний үйлчлүүлэгч Э.Бд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгөхийг хүсье. ...” гэв.

Шүүгдэгч Э.Бын өмгөөлөгч Д.Буянзаяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...1. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад хийсэн хууль зүйн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Э.Бын талаар дүгнэлтэд ...нарын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас ...агуулахад хураасан ачаа бараа нурж дарагдсан гэдгээр холбогдох нотлох баримтаар тогтоогдож байна. ...” гэж үзсэн байгаа нь хэргийн үйл баримтыг бодитоор үнэлж үзээгүй байна. Учир нь, Х.Оюунтуяатай ямарваа нэгэн хэлцэл амаар болон бичгээр үүсээгүй бөгөөд түүний ажилладаг “Грасс Эл Би” ХХК-тай гэрээ байгуулаагүй харин тэдний хэлцлээр үүссэн “Монложисктик ворлд вайд” ХХК-тай хэлцэл буюу гэрээ байгуулсан байгааг хэргийн үйл баримтаар тогтоогдох бөгөөд Х.Оюунтуяа нь ачаанд өөрийн идэвхитэй үйлдлээр очиж унахаас хамгаалах дарагдахгүй байх гэж хөнгөмсгөөр найдсан байгааг үзэж дүгнэх нь зүйтэй болно. 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн дугаар 8 тоот НМХГ-ын А.Ренчинванжил, Г.Баясгалан, Д.Ганчимэг нарын дахин дүгнэлтэд “...Асуулт 2: “Осол болсон гэх газар нь төмөр замын аюултай бүс мөн эсэх? Тийм бол ямар хууль, захиргааны актаар тогтоогдох вэ?. ...” Хариулт: “...Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаал 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/146 дугаартай журмын хавсралтын Аюултай бүсийн дэглэмийн 2.1 “Аюултай бүсэд галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөн ачилт, буулгалттай холбоотой ажил гүйцэтгэдэг дэвсгэр газрыг хамруулна.” 2.3 “аюултай бүс нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хувьд энэ дэглэмд зааснаас бусад үйл ажиллагаа явуулах, нэвтрэх, объект байршуулахыг хориглосон бүс болно" гэж заасны дагуу тус газар нь төмөр замын аюултай бүсэд хамаарна гэж үзсэн байгаагаас Х.Оюунтуяагийн хайхрамжгүй болгоомжгүй үйлдлээс болсон байна. Мөн 4 дүгээр асуултын хариултад тодорхой зааж өгсөн байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн хэрэгжилтийг хангуулж, удирдлага зохион байгуулалтаар ачих буулгах тээвэр экспедицийн механикжсан ангийн дарга Э.Б нь хангаж ажилласан нь хэргийн хавтас 1, 2-т авагдсан холбогдох материалуудаар тогтоогдож байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, Э.Б нь холбогдох хариуцсан ажилтнуудыг томилж ажиллуулдаг хэрэгжилтэд хяналт тавьдаг тухайн амралтын өдөр байсан хэдий ч АБТЭМА-ийн ерөнхий инженер С.Ганзориг аюулгүй ажиллагааг хангаж ажилласан байдаг нь гэрчийн мэдүүлгээр тогтоогддог юм. Э.Бын хувьд хууль, захиргааны хэм хэмжээ, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлж ажилладаг гэдгийг харгалзаж үзэхгүйгээр барааг ачиж, буулгах унахад нөлөөлсөн хүчин зүйл, бараа унахад дарагдаж гэмтэх зэрэг нь тухайн иргэн, ажилтны ухамсарт үйлдэл гэдэг талаас нь анхан шатны шүүгч дүгнэж үзээгүй байна. 3 дугаар хавтас хэргийн 88-96 дугаар хуудаст хуучин тэмдэг тэмдэглэгээний зургийг гэрэл зургаар бэхжүүлж оруулсан байгаагаас үзэхэд Улаанбаатар төмөр замын АБТЭМА нь гадны хүн оруулахыг хориглох тэмдэг, тэмдэглэгээг байршуулсан, заавар зааварчилгааг баталж мөрдүүлж хэвшсэн уламжлалтай байгууллага юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн. Учир нь, анхан шатны шүүх хуралдаан дээр талууд мэтгэлцэж байхад хохирогч Х.Оюунтуяагийн хайхрамжгүй хандсан үйлдлүүдийг гэрчилсэн байдаг тэрээр хэлэхдээ анх удаа би ачаа бараа орж авч байгаа мэдэхгүй, бараа ачсан агуулах руу хэд хэдэн удаа орсон бөгөөд ачаа ачиж байх үед иргэн ажилтан орж болохгүй талаар удаа дараа сануулсан байгааг анхааралдаа аваагүй, Х.Сг “Монложистик Ворлд вайд” ХХК-ийн ажилтан Н.Цэрэн гэх ажилтантай хамт зааварчилгаа өгч байхад хайхрамжгүй хандаж бусдын хандлагын талаар хуралдаан дээр ярьж байсан, авто ачигчийн жолооч О.Цын зан ааш үйлдлийн талаар илүү их ярьж байсан хүн тэмдэг тэмдэглэгээ зааварчилгааны утгыг ойлгох уу, аюултай бүс гэдгийг төмөр замаар үйлчлүүлж байгаа бүх иргэд мэдэх билээ. Гэтэл шүүх хуралдаан дээр Х.Оюунтуяа нь мэдлэг мэдээлэл байхгүй гэж мэтгэлцэж мэдүүлдэг хэдий ч ажил олгогч болон ХАБЭА-н ажилтан, цех хэлтсийн дарга, авто ачигчийн жолооч нарын эрх үүргийн талаар дэлгэрэнгүй ярьдаг бөгөөд яагаад “Монложистик войрлд вайд” ХХК-ийн удирдлага, ажилтан болоод өөрийн ажилдаг гэх “Грасс Эл Би Эм” ХХК-ийн удирдлага ажилчдын талаар тайлбар болоод хариуцлагын талаар дурдахгүй тэдгээртэй холбоотой талуудын асуултад хариулаагүй зэрэг нь эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгосон юм. Мөн хэргийн газрын үзлэг, камерын бичлэгийг үзэхэд өөрт эрсдэлтэй үйлдэл хийж унаж байсан ачаанд түших тулахаар гүйж очиж дарагдсан байдаг бөгөөд тухайн гэмтэл учрах болсон үндсэн шалтгаан байхад нотлох баримтыг шүүгч бодитоор үнэлээгүйд гомдолтой байна.

1 дүгээр хавтас хэргийн 73-74 “Монложистик Ворлд вайд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэрэнгийн гэрчийн мэдүүлэгт “...тухайн өдөр өглөө 09:00 цагийн үед манай байгууллагад үйлчлүүлж байсан хүн ирж ачаа бараагаа авахаар болсон. Тэгээд хамт нярвын өрөөнд орж бараагаа ачиж явах машин оруулах зөвшөөрөл авч ХАБ-ын дүрэмтэй танилцаж, гарын үсэг зурж байсан. Энэ үед төмөр замын агуулахын нярав Х.С аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч байсан. ...тухайн өдөр амралтын өдөр байсан болохоор ХАБЭА-н ажилтан ирээгүй байсан учир ХАБ-ийн зааварчилгааг хэлж танилцуулан хамгаалах хувцас хэрэглэл тавьж өгсөн. ...” гэх мэдүүлгээс үзэхэд “Улаанбаатар төмөр замын АБТЭМА-н Э.Б дарга нь шат шатандаа үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангуулдаг болох нь нотлогдож байна. Харин “Моноложистик ворлд вайд”ХХК-ийн ажил олгогч, ХАБЭА-н ажилтан, Н.Цэрэн нар нь хууль захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй талаар шинжээч нар дүгнэлтэд тусгаагүй бөгөөд эдгээр этгээдүүд эрүүгийн хариуцлага хүлээгүй байх нь шударга ёсны зарчим алдагдсан байна.

2. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэл байна. Өөрөөр хэлбэл, Х.О нь 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр осолдсон байх бөгөөд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “ажил олгогч" гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг; 3.1.2-т “ажилтан" гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг гэж тодорхой заасан байхад Э.Б болон Х.Оюунтуяа нарын хороонд хөдөлмөрийн харилцаа үүсээгүй. “Моноложистик ворлдвайд” ХХК-иар үйлчлүүлж байсан “Грасс Эл Би Эм” ХХК-ийн хөдөлмөрийн гэрээтэй ажилтан болох нь нотлогдож холбогдох баримтууд хавтас хэрэгт авагдсан байгаагаас үзэхэд шүүгч хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн №ТҮ20/008 дугаартай Талбайн үйлчилгээ үзүүлэх АБТЭМА /үйлчлэгч/, “Монложистик ворлд вайд” ХХК /үйлчлүүлэгч/ байгууллагаар гэрээ байгуулсан, “Грасс Эл Би Эм” ХХК-ийн ачаа бараа, уг компанийн ажил олгогч Х.Оюунгэрэлийн захирлын тушаал, Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, дансны хуулга зэрэг баримтуудаас үзэхэд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл, ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйл хуулийн үйлчлэх хүрээ, 4.1.1-д Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.1, 3.1.3-т заасан ажил олгогч, ажилтан гэж заасан заалтыг хэрэглээгүй бөгөөд Х.Оюунтуяагийн ажил олгогч мэтээр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байдлаар эрүүгийн хариуцлага оногдуулсан байгаа нь Х.Оюунтуяагийн ажил олгогч хариуцлагаас хоцорч үлдэж байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.9-д “ажлын байр” гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг гэж заасан байх бөгөөд Э.Б даргын хариуцсан төмөр замын аюултай бүсэд ажилчид нь заасан ажлын байрандаа үүргээ гүйцэтгэж байгаа нь хавтас хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Хөдөлмөрийн хуулийн дагуу “ХАБЭА-н инженер ажилтан амралтын өдөр Р.Э амарч байсан бөгөөд орон тоогоор томилогдсон ажилтан, амралтын өдөр АБТЭМА-ийн ерөнхий инженер С.Ганзориг ажиллаж аюулгүй ажиллагааг хангаж ажиллаж үүргээ хэрэгжүүлж ажилчдаа хянаж байсан, цехийн эрхлэгч Х.С биечлэн зааварчилгаа өгч аюулгүй ажиллагааг ханган ажиллаж шаардлагаа тавьж байсан, Дохиочин бараа ачигчид байр байрандаа ажиллаж байсан бөгөөд авто ачигчийн жолооч О.Цнь ажлаа гүйцэтгэж барааг ялган зөөж тээвэрлэж байсан гэтэл эдгээр хүмүүс тухайн осол гарсан үед байгаагүй эсвэл ажиллуулаагүй байсан үед хууль, захиргааны хэм хэмжээ, хэлцлээр хүлээсэн үүргээ зөрчсөн байх боломжтой. Харин тухайн үед хохирогч Х.Оюунтуяа төмөр замын аюултай бүс рүү нэвтрүүлэх хэлцэл хийсэн “Монложистик ворлд вайд” ХХК-ийн ажил олгогчийн томилсон хүмүүс байгаагүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэрэн байсан ч хайхрамжгүй хандсан өөрийнх нь байгуулагын гэрээ байгуулсан “Тайсуман” ХХК-ийн барааг авахаар ирсэн “Грасс Эл Би Эм” ХХК-ийн ажилтны аюулыг үнэлээгүй, эрсдлийн үнэлгээ хийгээгүй зэргээс шалтгаалж ХАБЭА-н анхан шатны мэдлэг мэдээлэл ойлголтгүй гэх Х.Оюунтуяа нь төмөр замын аюултай бүс рүү нэвтэрч эрүүл мэндээ эрсдэлд оруулсан. X.Оюунтуяагийн хувьд уг хуулийн заалтаар ажил олгогчийн шууд бус хяналт гэх хамаарах “Монложистик ворлд вайд” ХХК-ийн захирал болох бөгөөд шууд хяналт нь “Грасс Эл Би Эм” ХХК-ны ажил олгогч Х.О болно.

Учир нь, эдгээр хоёр компанийн удирдлагууд хууль гэдэг Хөдөлмөрийн хууль, ХАБЭА-н тухай хууль, захиргааны хэм хэмжээний акт гэдэгт Хөдөлмөр нийгэм хамгааллын сайдын А/370 тушаалаар сургалт авагдаагүй, МNS 4969:2000 стандартаар зааварчилгаа аваагүй, судлан бүртгэх Засгийн газрын 269 тоот тогтоолоор осол бүртгэсэн акт үйлдээгүй, хэлцлээр гэдэгт бүх төрлийн гэрээ, Хөдөлмөрийн гэрээ зэргээр баримтаар авагдсан байна. Эдгээр нь Э.Б нь Х.Оюунтуяагийн хувьд үүрэг хүлээхгүй болох нотлогдож байна.

О.Цын бусад болгоомжгүй үйлдлийг ялгаж зүйлчлээгүйгээс болж Э.Б болон Р.Эд хариуцлага оногдуулаад байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол гэж шүүгч дүгнэх боломжтой байсан хэдий ч зүйлчлэлийг өөрөөр хэрэглэсэн.

Х.Оюунтуяа нь хэд хэдэн байгууллагад ажилладаг гэдэг нь хавтас хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйл “Ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулахтай холбогдсон эрх үүрэг”, 18.1.4 “ажил, үүргээ биелүүлэх явцад хөдөлмөрийн аюулгүй байдлын журам зөрчигдсөн болон амь нас, эрүүл мэндэд нь сөрөг, аюултай нөхцөл бий болсон тохиолдолд ажлаа зогсоож, энэ талаар ажил олгогчид мэдэгдэх эрхийг хэрэгжүүлэх боломж ослын өмнөх цаг хугацаанд байх боломжтой ч уг эрхийг хэрэгжүүлээгүй байдаг. Мөн хуулийн 18.2.6 “ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх;” 18.2.7 “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх;” 18.2.8-т “ажил олгогчийн зүгээс хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэн тавьсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг биелүүлж ажиллах” зэрэг үүргийг биелүүлээгүй байна.

Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуульд заасан хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй учир хэд хэдэн байгууллагад ажиллаж байсан байж анх удаа, мэдээгүй, мэдэх албагүй гэх мэтээр мэдүүлгүүд өгч, Х.Оюунтуяагийн ажил олгогчид мөн адил ойлголтоор хариуцлагаас чөлөөлөгдөх нь үндэслэлгүй юм.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж Э.Бын өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т хэргийн газрын хамгаалалтын бүсийг тогтоож хамгаалалтад авах, хамгаалалтыг цуцлах гэдэгт Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаарх хэргийн хувьд гадна орчноос эхлэн хамгаалалт тогтоон орц гарц бүрийн тэмдэг тэмдэглэгээ санамжийг гэрэл зургийн аргаар бэхжүүлэх шаардлагатай хэдий ч хэргийн бодит үнэнийг тогтооход хангалтгүй, хамгаалалт тогтоосон бүс явцуу байдлаар үзлэг хийгдсэн. Э.Бд холбогдуулан буруутгаж байгаа асуудал нь гадна талбайн тэмдэг тэмдэглэгээ, санамжууд болоод байгаа билээ. Эдгээрийг хавтас хэрэгт байгаа ч анхан шатны шүүгч хэргийн газрын үзлэгээр бэхжигдээгүй тул үнэлж үзээгүй. Дотор агуулахад болсон хэргийн газрын үзлэг хийгдсэн болох нь 1 хавтаст хэргийн 8-12 нотлогдон. Тодруулбал; О.Цболох хохирогч Х.Оюунтуяа нарын үйл явдлын талаарх хэргийн газрын үзлэг хийгдсэн байна.

Э.Быг 2 дугаар хавтас хэргийн 202 хуудас иргэний хариуцагчаар татагдсан мөрдөгчийн тогтоол, 203-206 иргэний хариуцагчаас авсан мэдүүлэг байдаг. Эхний шүүх хуралдаан болохоос өмнө үе шатанд иргэний хариуцагчаар татагдсан хэдий ч яллагдагч болсон байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар татсан байх бөгөөд уг тогтоолыг хүчингүй болгох прокурорын тогтоол, шүүгчийн захирамж гараагүй байна. 

Шүүгдэгчийн өөрөө өөрийгөө илэрхийлэх, үзэл бодлоо ямарваа нэгэн асуулт зэмлэл байхгүйгээр шүүгдэгчийн эцсийн үгийг хэлдэг бөгөөд ялангуяа манай үйлчлүүлэгч Э.Б шүүх хуралдаанд шүүгдэгчийн эцсийн үг хэлсний дараа хохирогч Х.Оюунтуяа үг хэлж Э.Бд няцаалт дайралт маш ихээр ирсэн болно. Шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.25 дугаар зүйлийн 1-т “Улсын яллагч дүгнэлт, өмгөөлөгч санал, тэдгээрийг тайлбар хэлж дууссаны дараа эцсийн үг хэлэхийг шүүх хуралдаан даргалагч шүүгдэгчид зөвшөөрөх ба шүүгдэгч эцсийн үг хэлж байхад түүнд асуулт тавьж болохгүй.” Мөн хуулийн 35.27 дугаар зүйлийн 1-т “Шүүгдэгчийн эцсийн үгийг сонссоны дараа шүүх шийдвэр гаргахаар зөвлөлдөх тасалгаанд орох ба шүүх хуралдаан даргалагч энэ тухай зарлан мэдэгдэнэ” гэж заасан байхад Х.Оюунтуяаг эцсийн үг хэлүүлснээр уг заалтуудыг ноцтой зөрчсөн нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдоно.

Дээрх үндэслэлээр Э.Бд оноосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд Өршөөлийн хууль болон ял хөнгөрүүлэх, ялыг хүлээн зөвшөөрсөн байдлаар гэм буруугийн хариуцлагын хуралдаан дээр өмгөөлөгчийн байр суурийг илэрхийлээгүй болно. Харин Э.Бын 1, 11 хавтас хэрэгт авагдсан материалууд, ХАБ-н шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээтэй байгаа, “Монложистик Ворлд вайд” ХХК-тай байгуулсан гэрээ, Н.Цэрэнгийн гэрчийн мэдүүлэг, АБТЭМА-н ерөнхий инженер С.Ганзоригийн мэдүүлэг, “Грасс Эл Би Эм” ХХК-ийн удирдах албан тушаалтны мэдүүлэг, хохирогч Х.Оюунтуяа “Грасс Эл Би Эм” ХХК-ийн барааг авахаар очсоныг нотолсон албан бичиг, түүний захирлын ажилд авсан тушаал, Хөдөлмөрийн гэрээ, дансны хуулга, Э.Бын осолтой холбоотой илтгэх хуудас, 3 дугаар хавтас хэргийн ажлын байрны үзлэгийн зургууд зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйл “хууль ёсны зарим” , “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй”, мөн хуулийн ерөнхий ангийн 1.15 дугаар зүйл “Гэм буруугүйд тооцох,” “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу цагаатгах баримтуудыг үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж Э.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Р.Э давж заалдах гомдол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нийтээр амрах өдөр буюу бямба гариг байсан ба манай байгууллагын агуулахад гадны хүн ачаанд дарагдсан мэдээлэл утсаар авсан. Мэдээлэл авмагц миний бие байгууллага дээрээ даруй ирж осол болсон газрын камерын бичлэгээс тухайн үед болсон явдлыг шүүж үзэхэд тухайн осол нь осолдогчийн өөрийн буруугаас болсон. Осол болсон өдөр тухайн цехийн хүн, хүч хэвийн ажиллаж байсан ба тухайн өдрийн хариуцлагатай жижүүрээр байгууллагын ерөнхий инженер ажиллаж байсан. Байгууллагын хуваарьт хариуцлагатай жижүүр нь байгууллагын тухайн өдрийн үйл ажиллагааг бүхэлд нь хариуцан хянаж ажилладаг. Мөн осол болдог өдөр нь амралтын өдөр тул миний бие амарч байсан, мөн хөл хориотой учраас манай байгууллага ковидын үеийн түр журмын дагуу ажиллаж байсан ба ажилтнууд хуваарьт ажил үүрэг байхгүй, мөн онц шаардлагагүй үед ажлын байранд ирэх шаардлагагүй байсан. Энэ ослын талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч, шинжээч нарын 3 удаагийн дүгнэлт гарсан. Эдгээр дүгнэлтүүдээс осол гарсан нутаг дэвсгэрт буюу манай байгууллага дээр ирж үзэж шалгасан байцаагч нар дүгнэлтдээ ХАБЭА-н инженер буруугүй гэж тогтоосон. Гэтэл ослын газар дээр өөрийн биеэр ирж үзээгүй байцаагч нар тэмдэг тэмдэглэгээ, анхааруулах санамж, самбар байхгүй стандарт хангаагүй гэж хэргийн материалд үндэслэн дүгнэлт гаргасанд миний бие гомдолтой байна. УБТЗ-ын АБТЭМАнги үүсч байгуулагдсанаас хойш 60 жил болж байгаа төмөр замын ууган аж ахуй нэгж байгууллага юм. УБТЗ-ын аж ахуй нэгж байгууллагуудад жилд дөрвөн удаа буюу улирал тутам УБТЗамын даргаар ахлуулсан, хяналтын байцаагч, чиглэл хариуцсан инженерүүдийн бүрэлдэхүүнтэй баг үзлэг хийж зөрчил дутагдал илэрвэл тухай бүрд арга хэмжээ авч, хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг. Мөн шат дараалсан байдлаар албадын дарга, аж ахуй нэгжийн дарга, инженер техникийн ажилтнууд улирал, сар, долоо хоног бүрээр ХАБЭА-н чиглэлээр норматив үзлэг шалгалтыг хийдэг ба гарсан зөрчил дутагдлыг тухай бүрт нь засч залруулан, арилгах арга хэмжээ авч аюулгүй ажиллагааг тогтмол хэвшүүлж ажилладаг. Мөн миний бие ХАБЭА-н инженерийн ажлыг хүлээж аваад 10 хоног болж байсан бөгөөд өмнө ажиллаж байсан ХАБЭА-н инженерийн сургалтын хөтөлбөр дагуу, өгсөн зааварчилгаанууд нь одоо мөрдөгдөж байгаа дүрэм, журам Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн дагуу төлөвлөгөө гарган мөрдөж ажиллаж байсан. Иймд энэ асуудлыг үнэн зөвөөр шийдэж хэрэгсэхгүй болгож намайг гэм буруутайд тооцогдсон тогтоолыг хүчингүй болгож надад холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Р.Эгийн өмгөөлөгч Ж.Нарантуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Анхан шатны шүүх Р.Э нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Тодруулбал, Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.27 дугаар зүйлд заасан “Шүүгдэгчийн эцсийн үгийг сонссоны дараа шүүх шийдвэр гаргахаар зөвлөлдөх тасалгаанд орох ба шүүх хуралдаан даргалагч энэ тухай зарлан мэдэгдэнэ.” гэсэн заалтыг ноцтой зөрчиж, шүүгдэгч нарын эцсийн мэдүүлгийн дараа хохирогчоос мэдүүлэг авч дуусган, шүүх шийдвэр гаргахаар зөвлөлдөх тасалгаанд орж, улмаар шүүх шийдвэрээ орой 23 цагт уншиж сонсгосон.

2. Шүүх Р.Э нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзээгүй шийдвэрээ гаргасан гэж үзэж байна. Хэрэгт авагдсан 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №05/20 дугаартай шинжээчийн дүгнэлт нь илтэд хууль бус гарсан, Шинжилгээний тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Шинжээчийн дүгнэлтэд дурдагдсанаар “..Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь заалтад хамаарах чиг үүргийг буюу байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, төлөвлөгөөг боловсруулж, шаардлагатай дүрэм, журмыг шинэчлэн боловсруулж, ажил олгогчоор батлуулах, хэрэгжүүлэх, үр дүнд хяналт тавих, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг шалгалт хийх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох, тайлагнах, ажлын нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажилтад олгох, норм, чанар, зохистой хэрэглээнд хяналт тавих, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй тухай хууль тогтоомжийн шаардлага, стандарт, дүрэм, журмыг зөрчсөн албан тушаалтан, ажилтанд хариуцлага хүлээлгэх саналаа ажил олгогчид гаргах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэх үүрэгтэй. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер Р.Э нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь заалт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, төлөвлөгөөг боловсруулж, шаардлагатай дүрэм, журмыг шинэчлэн боловсруулж, ажил олгогчоор батлуулах, хэрэгжүүлэх, үр дүнд хяналт тавих, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг шалгалт хийх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах, ММ8:5079:2001 “Хөдөлмөрийн аюулгүй байдал, Үйлдвэрлэлийн эрүүл ахуй, Ачих буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага” стандартын технологийн үйл ажиллагааны явцад тавигдах шаардлагын 4.2 “Ачиж буулгах, ажлын байранд анхааруулга, дохио, аюулгүй ажиллагааны тэмдэг тавигдсан байна.”, 5.3 “Ачиж буулгах талбай дээр ачаа хурааж өрөх байрны хязгаар болон ачаа хоорондуур нэвтрэх гарцыг тэмдэглэж үзүүлсэн байна, хэрэгжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах үүргээ биелүүлээгүй байна.” гэж буруутгах боломжгүй юм. Манай үйлчлүүлэгч нь хэрэг учрал болсон гэх өдөр хуульд заасан үндэслэл хурмын дагуу амарч байсан ба тус байгууллагын агуулахад зөвшөөрөлгүй орсон гэх гадны хүн ачаанд дарагдсан мэдээллийг утсаар авсан байдаг. Тухайн өдрийн хариуцлагатай жижүүр байгууллагын бүхий л ажиллагааг бүхэлд нь хариуцан ажиллаж байсан гэдгийг шүүх анхаараагүй. Цар тахлын улмаас буюу Ковид-19 үед түр журмын дагуу ажиллаж байсан ба онц шаардлагагүй үед ажлын байранд ирэх шаардлагагүй юм. Хэрэгт авагдсан шинжээч нарын удаа дараа гарсан шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй, байгууллага дээр нь очиж, газар дээр нь болсон үйл баримтын талаар очиж шалгаагүй. Түүнчлэн, дээрх дүгнэлт нь тодорхой бус, эргэлзээтэй, бодит баримтад тулгуурлаж дүгнэлтээ гаргаагүй, шүүгчийн захирамжийг иш үндэслэлээ болгож, нэг талыг барьж дүгнэлтээ гаргасан болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад тогтоогдсон байхад анхан шатны шүүх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг огт анхаараагүй шийдвэрээ гаргасан. 

3. Р.Э нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэт явуулаагүй, гэмт хэргийг үйлдсэн эсэхийг тал бүрээс нь бүрэн бодитой, нарийвчлан шалгаагүй, гэмт хэрэг гарсан байдал, хэрэгт холбогдсон хүний үйлдлийн шинж чанар, гэм буруугийн хэлбэрийн шинж хэргийн талаар хийсэн шүүхийн дүгнэлт нь бодит байдалд нийцээгүй үндэслэлгүй гэж үзнэ. Хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь нарийвчлан шалгахгүйгээр, өмгөөлүүлэх эрхээр хязгаарлан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Р.Эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Х.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр зохих журмын дагуу “Өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгаа”-г авто ачигчийн оператор, ачигч нарт танилцуулж гарын үсэг зуруулсан. Авто ачигчийн оператор О.Цнь шүүх хуралд мэдүүлэхдээ “би аюулгүй ажиллагааны зааварчилгаа авсан” гэж мэдүүлэг өгсөн. Манай байгууллагатай гэрээ хийсэн “Монложистик” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Цэрэнд талбай дээр ажиллах “Аюулгүй ажиллагааны зааварчилгаа”-г танилцуулж гарын үсэг зуруулсан. Уг Цэрэнд зааварчилгаа танилцуулж байхад Х.Оюунтуяа цуг байсан. Мөн Х.Оюунтуяа нь 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ачааг вагоноос агуулах руу №02-руу барааг ялгуулахаар ажиллах үедээ “Аюулгүй ажиллагааны зааварчилгаа”-тай танилцаж гарын үсэг зурсан байсан. Х.Оюунтуяа нь манай байгууллагатай гэрээт байгууллагын ажилтан биш, зуучлалаар дамжуулан бараагаа хүлээн авах ёстой. “Монложистикс” ХХК нь ачааг агуулахаас олгох үед ачаа эзэмшигч болон ачигч нарыг “Төмөр замын аюултай бүс”-д сэлгүүцэхгүй байх гэсэн АБТЭМ ангитай хийсэн гэрээний 4.9 биелүүлээгүй. Ийм учраас энэ асуудлыг хэрэгсэхгүй болгож гэм буруутайд тооцогдсон тогтоолыг хүчингүй болгож надад холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Р.Э, Х.С нарын өмгөөлөгч Б.Отгончимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар миний үйлчлүүлэгч Р.Э, Х.С нарын хувьд дээрх гэмт хэргийг үйлдсэн гэх баримт нотолгоо хангалттай бүрдээгүй ба мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй, тэднийг илтэд буруутган хэт нэг талыг барьж шалгасан гэж үзэж байна. Мөн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр О.Цт холбогдох хэргийг хянан хэлэлцэж 674 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг нэмэлт ажиллагаанд буцаасан үндэслэлээс харахад УБйн дарга Э.Б, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженер Р.Э, агуулахын эрхлэгч Х.С нарын гэм буруутай үйлдлийг шүүгч тогтоогдсон мэтээр урьдчилан дүгнэлт хийсэн нь Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1 “Албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох” гэж зааснаар хохирогчид давуу байдал бий болгосон төдийгүй 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №05-/20 тоот дүгнэлт гарахад нөлөөлсөн мөн тус хуулийн 50.1.4-т заасны дагуу “хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааны талаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг олон нийтэд мэдээлэх, илэрхийлэх” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлийн 1-т заасан “Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг тухайн хэрэгт холбогдолтой асуудлыг хянан шийдвэрлэхэд чиглүүлж, хэргийг бүх талаас нь шинжлэн судалж, бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан арга хэмжээг авна” гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй. Учир нь, мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчдийн 3 удаагийн дүгнэлт гарсан, энэ дүгнэлтүүд нэг үйл баримтын талаар харилцан зөрүүтэй дүгнэлт гаргасан байхад шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулж гаргасан дүгнэлттэй нь холбогдуулж тодруулах асуулт байгааг шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас удаа дараа хүсэлт гаргасныг шүүгч хүлээн аваагүй, урьдчилсан хэлэлцүүлгийн үед дээрх 3 дүгнэлтийн сүүлийн дүгнэлтийг үндэслэлтэй 2 дахь дүгнэлтийг шинжээч нар дүгнэлт гаргахдаа хууль дүрмийг тайлбарласан нь буруу шүүхийн эрх хэмжээг эдэлсэн байна гэж хэлээд өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авахгүй зэргээр хэргийн бодит байдлыг тогтоох үйл явцад саад учруулсан. Хөдөлмөр хамгаалал эрүүл ахуйн аюулгүй ажиллагааны журам зөрчигдсөнөөс бусдын биед хүнд гэмтэл учирсан гэж зүйлчлэн ирүүлсэн хэргийн гол нотлох баримт ийнхүү эргэлзээ бүхий байхад шүүгч анхаарч үзээгүй өмгөөлөх талуудын хүсэлтийг хүлээн аваагүй. Анхан шатны шүүхээр хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хэлэлцэж шийдвэрлэхдээ 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 05-/20 дугаартай шинжээчийн дүгнэлтийг шийтгэх тогтоолын үндэслэл болгосон.

1. Шинжилгээний объект ба хэргийн материалыг шинжилсэн явц гэсэн хэсэгт нэр бүхий 5 шинжээч нь “хавтаст хэрэгт авагдсан баримтад тулгуурлан ирүүлсэн асуултад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд дүгнэлт гаргасан тухайгаа илэрхийлсэн байна. Өөрөөр хэлбэл дээрх 5 шинжээч хэрэг учрал болсон объект дээр биечлэн очиж нүдээр үзэж дүгнэлт гаргаагүй байна. Шинжээчид “Дахин шинжилгээ хийлгэх тухай” прокурорын 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 29 тоот тогтоолын дагуу 6 асуултад хариулж дүгнэлт гаргасан.

НМХГ-ын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Гантөмөрийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 16/21 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэх гэсэн асуултад үндэслэлтэй гэсэн хариулт өгсөн. Гэтэл Нийслэлийн Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Гантөмөр нь “хавтаст хэрэгт нотлох баримтуудаар авагдсан материалтай танилцаж үзээд дүгнэлт гаргасан тухайгаа дүгнэлтийн эхэн хэсэгт илэрхийлсэн байна. Мөн л шинжээч осол хэргийн талаарх анхны дүгнэлтийг гаргахдаа хэрэг болсон газарт биеэр очин нүд үзэж дүгнэлт хийгээгүй болох нь дүгнэлтээс харагдах ба 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхдөө мэдүүлсэн байна. 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтийн 1 дүгээр асуултын хариу болох “2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн ХАБЭАТухай хууль, 5079:2001 “ХАБ, ЭАТХ, Ачих буулгах аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага” стандартад заасан аюулгүй байдлыг хангах шаардлага хангагдаагүй, мөн хэрэгт авагдсан Төмөр замын аюултай бүсэд ажиллаж буй үйлчлүүлэгч нарт өгөх аюулгүй ажиллагааны санамж”-ын холбогдох заалтуудыг ажлын байр талбайд хэрэгжүүлээгүй байна” гэж дүгнэсэн. Хэрэг болсон Гаалийн баталгаат агуулахын хойд талын хаалганы гадна “Аюултай бүс” гэсэн тэмдэглэгээг орох гарах хэсгийн асфальтан зам дээр шар өнгийн будгаар томоор бичсэн мөн ачиж буулгах үед анхаарвал зохих тэмдэглэгээг агуулахын гадна талын хаалга, хана, хашааны үүд хэсэг болон зохих газруудад байршуулсан тэмдэг тэмдэглэгээ анхааруулах санамжаар үгүйсгэгдэж байна. Монгол-Оросын хувь нийлсэн нийгэмлэг УБТЗН-ийн АБТЭМА-н агуулах нь MNS 5364:2011 "Худалдааны агуулах Ерөнхий шаардлага стандартын барааг хүлээж авах, хадгалах, худалдах агуулахын үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлагыг тогтооход хамаарах бөгөөд энэхүү стандартын 6.3 “Агуулах нь хүчин чадал, технологийн шаардлагад нийцсэн зориулалтын тавиур, тавцангаар хангагдсан байна/-д заасны дагуу ачааны сав баглаа, овор хэмжээ, жин зэрэг шинж чанараас хамааран хураах зориулалтын тавиур тавцангаар хангасан байх шаардлагыг хангаагүй мөн MNS 5079:2001 “ХАБ, Үйлдвэрлэлийн эрүүл ахуй, Ачих буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага стандартын 4.10 “ачааг өрж хураахад дараах шаардлагыг хангасан байна. Үүнд ачааны багц, түүний өрөлтийн тогтвортой байдал хангасан байна” заалтуудыг зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргасан. Шинжээч нарын дүгнэлтдээ дурдаад байгаа МNS 5364:2011 стандартад хэрэг болсон агуулах нь нэр томьёоны хувьд байршлаасаа хамаарч Гаалийн түр болон баталгаат агуулахад хамаарч байгаа, энэ агуулахаас худалдаа хийгдэхгүй хадгалалтын хугацаа богино байхаар төлөвлөгдсөн байгууламж. Гаалийн агуулахад орж ирж байгаа ачаа барааг подоон гэж нэрлэгддэг кар машинаар өргөж зөөвөрлөх зориулалттай модон тавцангаар зөөж байршуулах үйл ажиллагаа явагддаг. Гэтэл дээрх стандартад дурдсанчлан хураах зориулалтын тавиур тавцангаар хангах шаардлагыг хангаагүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй. 2. НМХГ-ын хяналтын байцаагч А.Ренчинваанжил, Г.Баясгалан, Д.Ганчимэг нарын 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 08 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэх гэсэн асуултад “2022.07.04-ний өдрийн 08 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй. Учир нь, Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗН-ийн АБТЭМА-д гарсан ослын шалтгаан нөлөөлсөн хүчин зүйлсийг бүрэн гүйцэд үнэлж дүгнээгүй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан 2020.12.19-ний өдрийн СиДи бичлэгийн 12 цаг 12 минут 20 секунд О.Цнь хураалгаатай барааны хажуугаар гараад явсан байна, харин Х.Оюунтуяа нь нурж байгаа бараа руу гүйж очсон нь ХАБЭАТХ-ийн 18 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалт, өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх” MNS 5079:2001 ХАБ, Үйлдвэрлэлийн эрүүл ахуй, Ачих буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага “стандартын 4 дэх хэсэг “Технологийн үйл ажиллагааны явцад тавигдах шаардлагын 4.5 дахь заалт ачааг тээврийн хэрэгсэлд ачих, буулгах, өргөж тээвэрлэх төхөөрөмжөөр шилжүүлэх үед ачаа унаж болох бүсэд тээврийн хэрэгсэл явах ба хүн ажиллахыг хориглоно”-ыг тус тус зөрчиж осолд өртсөн гэж дүгнэсэн нь ослын шалтгаан, хүчин зүйлийг бүх талаас нь нарийвчлан судлан тогтоогоогүй тул үндэслэлгүй” гэж дүгнэж байна гэжээ. Гэтэл 5 шинжээч нар прокурорын тогтоолын дагуу 5 дахь асуулт болох Осол гарахад хохирогч Х.Оюунтуяагийн буруутай үйл ажиллагаа байгаа эсэх” гэсэн асуултад “Хохирогч Х.Оюунтуяагийн буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй болно” гэсэн хариулт өгчээ. Шинжээч нар ХАБЭАТХ, MNS 5079:2001 ХАБ, Үйлдвэрлэлийн эрүүл ахуй, Ачих буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага, стандарт MNS 5364:2011 стандартын заалтуудыг баримтлан дүгнэлт гаргаж байгаа атлаа ХАБЭАТХууль болон мөрдлөг болгож байгаа стандартын заалтыг иргэн Х.Оюунтуяа нь зөрчиж осолд орсон байхад УБТЗ АБТЭМАнгийн холбогдох албан тушаалтан, ажилтан нарыг буруутган хэт нэг талыг баримтлан дүгнэлт хийж энэ тухайгаа үндэслэлээ тодорхой бичээгүй зэрэг нь шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэхэд эргэлзээ төрж байна. Осол гарах үеийн нөхцөл байдлын үеийг дурдахад тухайн үед дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын халдвар Монгол улсад ороод ирчихсэн, “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” 2020 оны 4 дүгээр сарын 29-ний хууль хэрэгжээд эхэлчихсэн байсан ба дээрх хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д Иргэн цар тахлаас урьдчилан сэргийлэх тэмцэх талаар үүрэг хүлээлгэсэн заалтын 12.2.1-д “Эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэр, хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалтын дэглэм, заавар журам, шаардлага, сэрэмжлүүлэг, анхааруулга, зөвлөмжийг сахин биелүүлэх үүрэгтэй” гэж заасан. Мөн Гамшгаас хамгаалах тухай хуульд зааснаар Өдөр тутмын бэлэн байдал, Өндөржүүлсэн бэлэн байдал, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихээр хуульчилсан ба 2020.11.12 ны өдрөөс 2020.11.17 хүртэл Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргээс Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх тухай Засгийн Газрын 178 дугаар тогтоол гарсан, энэ хугацааг Засгийн газраас 181,226 тоот тогтоолоор тухай бүр нь сунган ажиллаж байсан цаг үед хохирогч хатуу тогтоосон хөл хорионы дэглэмийг зөрчин Гаалийн баталгаат агуулахад ачаа унаж болох аюултай бүсэд нэвтрэн зохих дүрэм журмыг зөрчин өөрийн эрүүл мэндийг эрсдэлд оруулсан нөхцөл байдалд шинжээч нар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй нь шинжээч нарын өөрсдийнх нь гаргасан “Ослын шалтгаан, хүчин зүйлийг бүх талаас нь нарийвчлан судлан тогтоогоогүй тул үндэслэлгүй” гэж 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 3 шинжээчийн гаргасан дүгнэлтийг үгүйсгэсэн заалттай зөрчилдөж байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. УБТЗН-ийн тухайд дотоодын хяналт сайтай, харьяа газар, албад хэлтэс бүх объектоо жилд 4 удаа замын даргын нэрэмжит үзлэг шалгалтыг өндөр хэмжээнд явуулж илэрсэн зөрчил дутагдлыг цаг тухай бүрд нь илрүүлж буруутай албан хаагчдад нь хариуцлага тооцон, илэрсэн зөрчил дутагдлыг тухай бүр нь засаж залруулж ажилладаг байгууллага. Энэ онцгой обьектын хувьд ХХАА-ны хууль дүрэм журмыг зөрчин үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй, аль нэг шалгалтаар илрүүлээд ажлыг нь зогсооно. Энэ хэрэгт мэргэжлийн шинжээчдийн 3 дүгнэлт гарсан. Үүнээс хамгийн сүүлчийн буюу 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гаргасан 05-20 дугаар бүхий шинжээчийн дүгнэлтээр миний үйлчлүүлэгч Р.Эг ХАБЭА-н тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь заалтад хамаарах чиг үүргийг буюу байгууллагын ХАБЭА-н бодлого төлөвлөгөөг боловсруулж, шаардлагатай дүрэм журмыг боловсруулж, ажил олгогчоор батлуулах хэрэгжүүлэх, үр дүнд хяналт тавих байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дүрэм журмын хэрэгжилтийн байдалд үзлэг шалгалт хийх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах, ХАБЭА-н сургалтын хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох тайлагнах, ажлын нөхцөл мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас хамгаалах хэрэгслийг ажилтанд олгох норм, чанар, зохистой хэрэглээнд хяналт тавих, ХАБЭАТХ тогтоомжийн шаардлага, дүрэм журмыг зөрчсөн албан тушаалтан, ажилтанд хариуцлага тооцуулах саналыг ажил олгогчид гаргах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй.., МNS 5079:2001 “ХАБ Үйлдвэрлэлийн эрүүл ахуй, Ачих буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага стандартын технологи ажиллагааны явцад тавигдах шаардлагын 4.2-т “Ачиж буулгах ажлын байранд анхааруулга, дохио аюулгүй ажиллагааны тэмдэг тавигдсан байна”, 5.3-т “Ачиж буулгах талбай дээр ачаа хурааж өрөх байрны хязгаар болон ачаа хоорондуур нэвтрэх гарцыг тэмдэглэж үзүүлсэн байна” зэргийг хэрэгжүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж гаргасан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн буруутгасан нь үндэслэлгүй.

Миний үйлчлүүлэгч Р.Эгийн хувьд тухайн ажилд томилогдоод 10 дахь хоног дээр дээрх осол хэрэг гарсан. Түүний өмнө ажиллаж байсан ХАБЭА-н ХАБ инженер нь 2020 онд хийгдэх ажил, байгууллагын ажилтан албан хаагчдад явагдах сургалтын төлөвлөгөөг журмын дагуу гарган даргаараа батлуулсан, холбогдох хууль тогтоомжийн төлөвлөгөөт сургалтууд цаг хугацаандаа хийгдсэн, ажлын байранд тавигдах аюулгүй ажиллагааны санамж анхааруулга дохио аюулгүй ажиллагааны тэмдэг стандарт шаардлагын дагуу тавигдсан байсан. Ажлын байранд гарсан осол хэргийн хувьд Төмөр Замын ачаа тээвэр буулгах зориулалт бүхий аюултай бүс рүү орох ёсгүй энгийн иргэн агуулахад зөвшөөрөлгүй нэвтэрч унаж байсан ачаа руу гүйж очин ачаанд дарагдсан үйлдлийн хувьд Р.Э нь тухайн өдөр амралтын өдөр таарсан тул тухайн обьект дээр байгаагүй АБТЭМА дахь Гаалийн хяналтын бүсэд халдвар хамгааллын дэглэм сахиулах түр журмыг 2020 оны 12 дугаар 4-ний өдөр гарган мөрдөн ажиллаж байсан. Түр дүрэмд зааснаар “Гаалийн хяналтын бүсэд зөвхөн Тээвэр зуучлалын байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг нэвтрүүлнэ, Зуучлагч нь ачаа хүлээн авагчийг төлөөлөн гаалийн бүрдүүлэлт, гаалийн болон мэргэжлийн хяналтын үзлэг шалгалтад хамруулах автомашинд ачих олгох ажлыг хариуцна” гэсэн түр журам үйлчилж байсан. Энэ журмын дагуу зуучлагч байгууллагын ажилтанд агуулахын эрхлэгч аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн байсан. ХАБЭА-н тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь заалтын дагуу хэлтэс, албаны дарга, нэгж, тасгийн ахлагч, тэдгээртэй адилтгах албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтод хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар талаар хүлээх чиг үүргийг тусгаж оруулдаг. Мөн миний үйлчлүүлэгч агуулахын эрхлэгч Х.Сг ХАБЭА-н тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.3 “осолд дөхсөн тохиолдлыг бүртгэх болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, үйлдвэрлэлийн орчинд учирч болох аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах талаар ХАБЭА-н ажилтанд мэдээлэх, хамтран ажиллахыг заасан үүргээ биелүүлээгүй буюу” ...агуулахын талбайн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтын 1.1-д “...талбайн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллуулах”, 1.3-т “Үйлчлүүлэгчдэд аюулгүй ажиллагааны шаардлага тавьж ажиллах”, 1.18 “амралт баяр ёслолын өдрүүдэд цехийн ачилт буулгалтын ажиллагаа болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг биечлэн хариуцаж ажиллах ба ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгааг ажилчдад өгч ажиллах...” үүргээ биелүүлээгүй байна. Мөн МNS 5079:2001 Хөдөлмөрийн аюулгүй байдал, Үйлдвэрлэлийн эрүүл ахуй, Ачих буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага” стандартын 4.5 “Ачааг тээврийн хэрэгсэлд ачих, буулгах, өргөж, тээвэрлэх төхөөрөмжөөр шилжүүлэх үед ачаа унаж болох бүсэд тээврийн хэрэгсэл явах, хүн ажиллахыг хориглоно”, 4.9-д “ачааг шилжүүлэхийн өмнө ачааны тогтвортой байдал, оосорлолтын зөв эсэхийг шалгасан байна”, 4.10-т “ачааг өрж хураахад дараахь шаардлагыг хангасан байна. Үүнд: ачааны багц түүний тогтвортой байдал, өрөлт түүний дэргэд ажил гүйцэтгэгчдийн аюулгүй ажиллагаа/-д” тус тус заасан бүх төрлийн ачааг ачиж буулгах ажлын ажиллагаа шаардлагуудын биелэлтэд хяналт тавих, МNS 4969:2000 Хөдөлмөр аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, Сургалт зохион байгуулалт, Үндсэн дүрэм” стандартын 3.9 дэх заалт “Ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө”, 3.16 дахь заалт “Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө” гэсний дагуу жолооч О.Цт өдөр тутмын зааварчилгаа өгөөгүй, зааварчилгаа өгсөн авсан гэх бүртгэл хөтлөгдөөгүй байна. ХАБЭА тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 “Аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэлийн орчин нь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн стандарт шаардлага хангасан байна” гэж заасны дагуу УБТЗ-ын АБТЭМА-ийн агуулах нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлагыг хангасан байх үүрэгтэй бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр уг үйлдвэрлэлийн орчинд ачаа бараа хүлээн авахаар ирсэн хохирогч Х.Оюунтуяад аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй гэж буруутгасан. 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Х.С нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ Нийгэмлэгийн АБТЭМ Ангийн 2 дугаартай агуулахын эрхлэгчээр ажлын байран дээрээ ажиллаж байсан. Тухайн өдрийн өглөө ерөнхий инженерээс ХХАА-ны зааварчилга авч ажилдаа гарсан ба манай байгууллагатай хамтарч ажиллах гэрээтэй “Монложистик” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Цэрэнд Оюунтуяа гэдэг хүнтэй өрөөнд нь орж ирэхэд Цэрэнд аюулгүй ажиллагааны зааварчилгааг танилцуулж, өөрийн болон жолооч ажилчид хамт явж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хариуцах болохыг сануулж гарын үсэг зуруулсан. Тухайн үед ковид гарсантай холбогдуулан ангийн дарга болон гаалийн салбарын эрхлэгч нарын баталсан АБТЭМА дахь гаалийн хяналтын бүсэд халдвар хамгааллын дэглэм сахиулах түр журмыг мөрдөн ажиллаж байсан. Тэр журмаар Гаалийн хяналтын бүсэд зөвхөн тээвэр зуучлалын байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу зуучлагч ачаа хүлээн авагчийг төлөөлөн гаалийн бүрдүүлэлт, гаалийн болон мэргэжлийн хяналтын үзлэг шалгалтад хамруулах автомашинд ачих, олгох ажлыг гүйцэтгэнэ, зуучлагч нь ачилт буулгалтын талбайд нэвтрэхдээ ослоос урьдчилан сэргийлэх дохионы хантааз, хамгаалах дуулга өмсөнө. Зуучлагч нь УОК-оос баталсан зөвлөмжид дурдсан нэг бүрийн халдвар хамгааллын хэрэгсэл бүрэн хэрэглэнэ, хүн хооронд 1.5 метрээс 2 метрийн зай барьж ажиллах тухай түр журам мөрдөгдөж байсан. Тухайн өдөр агуулахын эрхлэгч Х.С нь ажилд гарсан бүх л ажиллагсдад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг бүгдэд нь өгч гарын үсэг зуруулсан.

Харин Оюунтуяагийн хувьд 2 дугаар агуулахад орох шаардлагагүйг өөрт нь хэлсэн учир нь урьд өдөр нь буюу 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ачаагаа ялгуулаад 2 дугаар агуулахад буулгуулахдаа өмнөх ээлжинд ажиллаж байсан агуулахын эрхлэгч хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгааг түүнд өгч гарын үсэг зуруулж, хураасан ачаа бараан дээр тэдний байгууллагын ачаа болохыг тэмдэглэсэн тул гадны иргэн тухайн агуулахад орох шаардлагагүй, агуулахын гадна ачих машин дээрээ байж байх талаар Оюунтуяад 2-оос 3 удаа сануулсан, шаардлага тавьсан боловч тэр хэрэгжүүлээгүй улмаар нурж байсан ачаа руу өөрөө гүйж очин модоор түших оролдлого хийн ачаанд дарагдаж гэмтсэн үйл явдал болсон.

Оюунтуяа нь АБТЭМА байгууллагатай гэрээт байгууллагын ажилтан биш, зуучлагчаар дамжуулан бараагаа хүлээн авах ёстой тул агуулахын эрхлэгч тэр энгийн иргэний аюулгүй байдлыг хангах үүрэггүй, харин Монложистик тээвэр зуучийн байгууллагын зуучлагч энгийн иргэнийг гаалийн баталгаат агуулах болох аюултай бүс рүү нэвтрүүлэхгүй байх үүрэг хүлээсэн байтал энгийн иргэнд дохионы хантааз өмсүүлэн аюултай бүс рүү нэвтрүүлэн ачиж буулгах ажлыг техникээр гүйцэтгэж байсан байсан карын жолооч, агуулахын эрхлэгчийн ажил үүргээ хэвийн гүйцэтгэхэд саад учруулсан гэж үзэж байна. Ийнхүү осол хэргийн талаар гаргасан шинжээчийн 3 дүгнэлт харилцан зөрүүтэй, хэрэг болох үеийн нийгэм цаг үеийн байдалд дүгнэлт хийгээгүй холбогдох хууль тогтоомж стандартын шаардлагыг хохирогч тал ч нэгэн адил зөрчсөн байхад зөвхөн УБТЗ-ын АБТЭМА-н ажилтнуудыг буруутган дүгнэлт хийсэн нь хэргийн үнэн зөв, бодит байдлыг тогтооход учир дутагдалтай байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу миний үйлчлүүлэгч Р.Э, Х.С нарт ашигтайгаар буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэхь заалтад заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч О.Цын өмгөөлөгч Л.Сарангуа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байгаа болно. Шүүх хуралдаанд шинжээч нарыг оролцуулах хүсэлтийг хүлээн аваагүй. Шинжээчдээс зайлшгүй тодруулах шаардлагатай асуултад шүүгч хариулахгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед хүсэлт гаргах өмгөөлөгчийн эрхийг хязгаарласан, тогтоолдоо шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчдийн дүгнэлтэд дурдагдсан онцгой ач холбогдолтой нотлох баримтуудыг үгүйсгэж буй үндэслэлүүдийг огт заасангүй.

Шинжээч Г.Гантөмөрийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 16-21 тоот дүгнэлт, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 8 тоот дүгнэлтийг шинжээч Гэнчинванжил Баясгалан, Ганчимэг нар гаргасан бөгөөд прокурор Энэрэлийн тогтоолоор 5 шинжээч томилогдож, дүгнэлт гаргасан. 5 шинжээчийн дүгнэлтийг шүүх үнэлэхдээ бусад шинжээчдийн дүгнэлтийг үгүйсгэсэн үндэслэл заагаагүй бөгөөд хэрэгт авагдсан зарим баримтыг огт байхгүй мэт дүгнэлт хийсэн шинжээчийн дүгнэлтийг өмгөөлөгч нар хүлээн зөвшөөрөөгүй. 5 шинжээч дүгнэлтдээ “Уг механикжсан анги нь ачаа хүлээн авах, хадгалах, буулгах, хүлээлгэн өгөх, ачих үйл ажиллагааг зохицуулсан журамгүй, анхааруулах дохио санамж, тэмдэг тэмдэглэгээ зохих газруудад байршуулаагүй байсан байна мөн хохирогч Оюунтуяад аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй байна” гэх нь огт үндэслэлгүй дүгнэлт.

2. Осол болсон газрыг “Үйлдвэрлэлийн орчин“, “Төмөр замын аюултай бүс”, “Гаалийн хяналтын бүс” гэж шинжээч нар тус тусдаа өөрөөр дүгнэсэн боловч энэ объект нь Төмөр замын тээврийн тухай хуульд зааснаар “Төмөр Замын аюултай бүс, Төмөр замын Аюултай бүсийн дэглэм мөрдөгддөг, Гаалийн тухай хуульд зааснаар Гаалийн Хяналтын бүс бөгөөд Гаалийн хяналтын бүсийн дэглэм мөрдөгддөг газар юм. Төмөр Замын Тээврийн тухай хуулийн 27.9-д зааснаар “Төмөр замын зурвас газар аюултай бүс нь бусад тусгай дэглэм бүхий газруудтай давхардаж байгаа бол тухайн газарт тэдгээрийн талаар тогтоосон хамгийн хатуу дэглэм үйлчилнэ” гэж заасан объект юм.

3. Гаалийн Хяналтын бүс, Төмөр замын аюултай бүсэд иргэн хүн, хэн нэг хүнээс хамгаалалтын хувцас авч өмсөөд дураараа орж гарч байдаг газар биш бөгөөд осол болохын урд өдөр хохирогч аюулгүй ажиллагааны зааварчилгаанд гарын үсэг зурсан баримт авагдсан. Шинжээчийн 2 дүгнэлтэд “Хохирогч буруутай, хохирогч буруугүй” гэсэн дүгнэлтийг 3 шинжээч, 5 шинжээч нар хийсэн. 5 шинжээч “хохирогчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдохгүй байна” гэсэн ч ямар нэг үндэслэл заагаагүй, харин 3 шинжээч тодорхой хуулийн зүйл заалт баримталж, хохирогч буруутай гэж үзсэн. Энэ дүгнэлтийн талаар шүүх тогтоолдоо огт дурдаагүй. Хохирогч хуулийн мэдлэггүйгээс гэрээ байгуулсан, ачааг авч өгөх үүрэгтэй газраас хамгаалалтын хантааз, малгай авч өмссөн гэдгээ мэдүүлсэн бөгөөд хуульд зааснаар “Хууль мэдэхгүй буюу буруу ойлгох нь хуулийн хариуцлага хүлээхгүй байх үндэслэл болохгүй”, өөрөөр хэлбэл хууль мэдэхгүй нь хүндэтгэх шалтгаан болохгүй.

Хатуу дэглэмтэй, тодруулбал Гаалийн Хяналтын бүс, Төмөр Замын Аюултай бүсэд иргэн хүн зөвшөөрөлгүй, хуульд заасан орох эрх авахгүйгээр нэвтрэх ямар ч боломжгүй. Тийм учраас хохирогч хатуу дэглэмтэй газарт дур зоргоор хамгаалалтын хувцас өмсөн орж, ачаа бараа ачсан эрсдэл бүхий газарт ганцаар үлдсэн, осолд өртсөн нь түүний буруу гэж үзэж байна. Энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийх ёстой.

4. О.Цын тухайн өдөр ачаа зөөж байсан По машинд техникийн дүгнэлт хийгдээгүйгээс гадна О.Цнь гадны хүнд дэглэм бүхий бүсэд нэвтрэх зөвшөөрөл өгдөг эрх мэдэлтэй этгээд биш. Харин зөвшөөрөл авсан иргэн хамгаалалтын хувцас өмсдөг тул бүсэд нэвтэрсэн этгээдийг гаргах, чөлөөлөх эрх мэдэлгүй. Түүнчлэн, энэ өдөр ачааг ачсан, мөн ачсан ачааг түшиж яваа дохиочин камерт бичигдсэн бөгөөд 2 баг ажилласан талаар шүүгдэгч нар мэдүүлсэн. О.Цачааг ачдаггүй, төхөөрөмжөөр ачаагүй, машинаас буугаагүй, ачааг аваад гарч явсан, өөр газар ачаа буулгаж байх явцад хохирогч ачаанд дарагдсан байдаг. Энэ талаар ямар нэг ажиллагаа хийж, ачаа ачсан, түшсэн дохиочин зэргийг асууж байцаагаагүй, өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангаагүй. 

5. ХАБЭА тухай хуулийн 18.2.6. 18.2.7-д заасан заалт, шүүхийн тогтоолд заасан үндэслэл гэх хууль, дүрмийн заалт түүний ажил үүргээ гүйцэтгэсэн бодит байдалтай нийцэхгүй, энэ гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдохгүй байгаа болно.

6. Анхан шатны шүүх хэргийг мөрдөн байцаалтад буцаахдаа шүүгдэгч нарын гэм бурууг дүгнэж, хэргийг урьдчилан шийдвэрлэсэн бөгөөд тэр талаар шүүгчийг татгалзсаныг хүлээж аваагүй, шударга бус шийдвэрлэн 32.000.000 гаруй төгрөгийг буюу О.Ц9.000.000 гаруй төгрөгийг хохирогчид төлөх нь үндэслэлгүй. Энд сэтгэл санааны хохирол учирсан гэх 3.000.000 гаруй төгрөгийг гаргуулж буй нь хуульд нийцэхгүй байгаа ба энэ талаар сэтгэцэд учирсан хохирлыг шүүхийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогоогүй. Мөн ажил хийж байсан, хийх байсан гэх цалин гаргуулсан шийдвэр нь нотлох баримтын бүрдэл хангагдаагүй буюу нийгмийн даатгал төлдөг эсэх, дээрх ажлуудыг хийдэг эсэх нь ч тодорхой бус хохирлыг гаргуулж шийдвэрлэж буй нь хэрэгт холбогдогчийн эрхийг дордуулж байна.

7. Шүүх зөвхөн хуулийн заалт заан шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн, шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн ямар нотолгоо байгаа нь тодорхойгүй, өмгөөлөгч нарын санал болгосон баримтыг дурдаж үгүйсгээгүй, хэрэгт оролцуулах шаардлагатай гэрч шинжээчийг оролцуулах хүсэлтийг хүлээн аваагүй зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчигдөж шүүгдэгч нарын эрх ашиг хохирсон гэж үзэн гомдолтой байна. Иймд Б.Цогт-Очирын хувьд хэргийн бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч, цагаатгах, яллах хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдоогүй тул цагаатгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч О.Цтус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй тул гомдолтой байна. Иймд шүүх бүрэлдэхүүн хэргийг шударгаар шийдвэрлэж өгнө үү.” гэв.

            Хохирогч Х.Оюунтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн хэрэг гарсан өдөр болон урьд өдөр нь болсон явдлын талаар би товч бөгөөд тодорхой тайлбарлая. Манай “Грасс Эл Би Эм” ХХК нь 2017 оноос эхлэн Оросын Холбооны Улсаас авто угаалгын болон ахуйн хэрэглээний бодисуудыг импортлон оруулж ирдэг. 2020 онд Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас Алтанбулаг боомтод онцгой байдал зарласнаас хойш 200-320 тонны даацтай машинууд идэр есийн хүйтэнд гадаадын болон дотоодын жолоочидтой зогссон байсан тул манай  компани төмөр замаар ачаагаа тээвэрлүүлэх нөхцөл үүссэн. Тухайн үед 3 машин ачааг Улаан-Үдэ хотын ачааны компанитай хамтарч галт тэрэгт ачуулсан. 3 машины ачаа нь нийт 61 под ачаа юм. Хэрэг болохын өмнөх өдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тухайн төмөр замын ачаа 12 цаг 30 минутад ирсэн бөгөөд 4 под ачаа задарсан ирсэн. Подооны хөл зарим нь хугарсан байсан. 13 цагаас эхлэн вагоноос буулгаж, орой 16 цагийн орчимд вагоноос бүрэн гүйцэт ачаа буусан. 61 подооноос 4-5 под ачаа задарсан байсан. 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр талбайн эрхлэгч Х.Сгаас залуухан, бүлтгэр нүдтэй, 24 гаруй насны эмэгтэй манай ачааг авахад хажууд байсан. Тухайн үед маш хүйтэн байсан бөгөөд агуулах дотор сүүмийсэн гэрэлтэй өрөө байсан. Уг өрөөнд надад “таны хэлснээр бичиг баримтай чинь таарсан 61 под ачаа ирлээ шүү. Үүнээс 4-5 под ачаа нь задарсан шинжтэй байна. Подоон, подооноор нь чиглүүлээд ийм шугамд өрүүлэхээр тавилаа” гэж надаар нэг журнал дээр гарын үсэг зуруулсан. Тухайн өдөр би ачаагаа авах санаатай 4 ширхэг 10 тонны даацтай машин хөлсөлсөн байсан бөгөөд 7-8 хүний бүрэлдэхүүнтэй ачигч нар хамт байсан. Гэтэл 16 цаг 57 минутад манай Мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан. Үүнээс өмнө гаалийн мэдүүлгийн дүн гарсан байсан. Би “ачаагаа авч болох уу. 18 цаг арай болоогүй байна” гэхэд “манай агуулах 17 цагт хаагддаг. Энэ 3 минутад та нар ачаагаа авч чадахгүй. Маргааш ир” гэж хэлсэн. Би “маргааш хэдэн цагийн үед ирэх үү” гэхэд “өглөө 09 цагт ирээрэй” гэж хэлсэн. Маргааш өглөө нь буюу 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр бид 7-8 хүний бүрэлдэхүүнтэй, 10 тонны 4 ачааны машинтайгаа 09 цагт ирж, би “Монложистикс Ворлд Вайд” ХХК-ийн ажилтан Н.Цэрэнгийн өрөөнд ороод “бид ачаагаа авахаар ирлээ” гэхэд “ажил одоогоор эхлээгүй байна. Та нар түр хүлээж бай” гэж хэлсэн. Бид өглөөний цайгаа ууж амжаагүй байсан тул машиндаа цайгаа уучихаад 10 цаг дөхүүлээд “Монложистикс Ворлд Вайд” ХХК-ийн ажилтан Н.Цэрэн дээр дахин очиход “арай эхлээгүй байна шүү” гэж хэлсэн. Ачаа ачиж эхлэхээс өмнө 10 цаг 40 минутын үед би Н.Цэрэнтэй талбайн эрхлэгч Х.Сгийн өрөөнд ороход тэд хувийн чанартай зүйлсийн талаар ярьж байсан. Өөрөөр хэлбэл, Н.Цэрэн нь талбайн эрхлэгч Х.Сд илт долгиносон шинжтэй “эгчээ тэх үү, ингэх үү” гэж байсан. Би тухайн үед “манай 61 под ачаанаас 4 под ачаа задарсан байсан. Би ачаагаа хурдан авмаар байна. Цагаар хөлсөлсөн жолооч нар маань уурлаад байна.” гэж хэлэхэд шүүгдэгч Х.С илт аж ахуйн нэгжүүдийг чирэгдэлд оруулж, хямсгар байдал болон хүнд суртлыг дээд цэгт нь үзүүлж байсан. Н.Цэрэн, шүүгдэгч Х.С нарын хооронд хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар ямар нэгэн яриа өрнөөгүй бөгөөд Н.Цэрэн нь шүүгдэгч Х.Сг “эгчээ” гэж харьцаж байсан атал “хөдөлмөр аюулгүй байдлыг сахиж ажиллуулах талаар дүрэм, зааварчилгаа өгсөн” гэж худал мэдүүлсэн. Би урьд өдөр нь “та нар яагаад ийм онцгой бүс, онцгой нөхцөл байдалд уртасгасан цагаар ажиллаж ачаануудаа хурдан гаргаж болдоггүй юм бэ. Хилийн цаана өчнөөн ачаа гацсан байна. Зарим нь хөлдөж байна. Танай байгууллага энэ асуудал дээрээ анхааралтай ажиллаач” гэж тухайн талбай дээр байсан бүлтгэр нүдтэй эмэгтэй болон талбайн нярав гэх бадриун биетэй эмэгтэйд хэлэхэд “танайх яагаад ч ачаагаа авч амжихгүй. Маргааш 09 цагт ир” гэж хэлж байсан. Тухайн байгууллагын ажил 09 цагт эхлээгүй бөгөөд 10 цаг 50 минутад эхэлсэн. Тухайн ачаа ачигч машины жолооч нар нүдээ л гаргасан байсан бөгөөд ороолтоор ам, хамраа ороосон байсан. Эхний 2, 3 под ачааг машинд зөөж оруулсны дараа талбай дээрх хөдөлгөөн ихэссэн. Манай жолооч н.Бямбасүрэн гэх залуу “Х.Оюунтуяа эгчээ эд нар одоо цайндаа орлоо гээд байна. Цайны цаг нь боллоо гээд уурлаад байна. Өчигдөр бид ачаагаа авч чадаагүй байж өнөөдөр бас ачаагаа авч чадахгүй юм уу. Энэ хүмүүс одоо амжиж ачааг ачих юм болов уу. 11 цаг өнгөрч байхад цайндаа ороод хэзээ гарч ирэх юм бол” гэж хэлж байсан. Талбай дээр эхэндээ дохио өгөгч ажилтнууд байсан. Удалгүй намайг По машинтай ачигч жолооч “одоо аль ачааг ачих юм бэ” гэж дуудсан. Би тухайн үед агуулахын үүдэнд зогсож байсан. Надтай хамт ирсэн жолооч нар “эд нар ийм хүнд сурталтай. Урьд өдөр нь чирэгдэлд оруулчихаад одоо цайны цаг гээд дөнгөж саяхан ажиллаж эхэлчихээд байгууллагуудыг чирэгдүүлдэг” гэж хэлсэн. Би эрчээрээ гүйж байгаад ямар ачааг авахыг нь чиглүүлж зааж өгсөн. Шүүгдэгч О.Цачаа ачигч машиныхаа явах замаар ч яваагүй. Ачаа хооронд сүлжиж гарсан атлаа “ачаа ачигч машины замаар явсан” гэж худал мэдүүлэг өгч байна. Осолд орсны дараа 2-3 хоногийн дараа мөрдөгч ирж надаас мэдүүлэг авсан. Тухайн үед би хугарсан 2 хөлтэйгээ сэтгэл санааны хувьд эвлэрсэн байсан. Шүүгдэгч Х.С намайг ачаагаа авахаар агуулах руу ороход “өөр ачаа авч болохгүй шүү” гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, ажлаа надад даатгасан болж байна. Шүүгдэгч О.Цын өмгөөлөгч Л.Сарангуа сэтгэл санааны хохиролтой холбоотой тайлбар хэлсэн. Гэтэл миний сэтгэл санаа хохирохын дээдээр хохирсон. Миний хөлд одоо ямар ч гоо сайхан байхгүй. Бөөн шарх, сорви л үлдсэн. Би юбка, өндөр өсгийт, тубль өмсөж чадахгүй болсон. Миний хөлийн гол яс хугарсан. Зүүн хөл минь ясны идээт үрэвсэлтэй. Би осолд орсны дараа 4 сар гаруй хугацаанд тэргэнцэр дээр суусан. Цаг тутам уусан бүхэн минь доошоогоо тууж гаргаж байсан. Миний элэг, дотор эрхтэн яаж гэмтсэн болохыг би мэдэхгүй. Анхан шатны шүүх хуралдаанд би “гар, хөлөө хугалсан хүн байна уу” гэж асуусан. Зүгээр нэг арьсан дотроо яс хугарах ондоо байдаг. Харин ил ясны хугарал гэдэг бол маш өөр асуудал юм. Надад эх орны дайныг биеэрээ үзээд гарсан юм шиг мэдрэмж төрсөн. Би шүүгдэгч нарын өмгөөлөгч нарт хэлэхэд олуулаа орж ирээд энэ хүмүүсээс мөнгө авахын тулд өөрсдийгөө бодож байхын оронд үйлчлүүлэгч нартаа хохирогчид учруулсан хохирол, төлбөрөө цуглуулж өгөөч гэж шаардаач гэж хүсэж байна. Хэнд, ямар ч зовлон хэдийгээр ч хийсэж ирж магадгүй. Гэхдээ би шүүгдэгч нарт муухай зүйл хүсэхгүй. Мөн шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нараас анхан шатны шүүхийн шүүгчийг “22 цагаас хойш хурлаа хийсэн” гэж буруутгаж байна. Гэтэл тухайн үед өмгөөлөгч Ж.Нарантуяаг завсарлагаанаар бие засаад, амандаа юм идээд ороод ирэхээс чинь өмнө шүүгч Г.Золбоо бүх оролцогч нараас “энэ хуралдааныг үргэлжлүүлэх үү. Их удаан үргэлжилчихлээ” гэж асуухад бүгд “шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэх хүсэлтэй байна” гэж хариулж байсан. Гэтэл өмгөөлөгч Ж.Нарантуяа “намайг байхгүйд шийдчихлээ” гэж хэлж байсан. Миний зүүн хөл их хүнд гэмтсэн. Харин баруун хөлөн дотроо 3 хадаас, нэг урт төмөртэй байсан. Би 2 дугаар сард урт төмөр, 3 хадаасаа авахуулсан. Би нийт 4-5 удаагийн хагалгаанд орох бүртээ мэдээ алдуулагчтай орж байсан. Ил ясны хугарал буюу хөлийн дунд яс арьсаа цөмлөөд гараад ирсэн байсан ба Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар үзээд толгойгоо сэгсэрч байсан. Миний хөлний яснууд дотроо үйрмэгээрээ эдгэрсэн. Зүүн хөлд гипс тавьж болохгүй байсан. Учир нь, хөлийн минь арьсны цаанаас яс нь харагдаж байсан бөгөөд агаар туслын замаар бохир орж байсан. Би шүүгдэгч нарыг үнэхээр гайхаж байна. Шүүгдэгч нараас “Ковид-19 цар тахлын нөхцөл байдалд ажиллаж байсан” гэж тайлбарлаж байна. Үнэхээр их ачаатай байсан бол аж, ахуйн нэгж нарыг чирэгдэлд оруулахгүйгээр уртасгасан цагаар ажиллах боломжтой байсан. Танай байгууллага дээр би осолд орсноос хойш л танай байгууллага эмх, цэгцтэй болсон байх. Анхан шатны шүүхийн эцсийн шүүх хуралдаанд прокурор “нэг жил хүртэлх хугацаанд үндсэн мэргэжлээр нь ажиллуулахгүй байх” талаар ялын санал гарч байсан. Тухайн үед би адилхан хоолоо олж идэх гэж байгаа хүмүүс гэж бодоод хүсэлт гаргаж прокурорын ялын саналыг болиулж байсан. Хэрвээ шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол анхан шатны шүүх хуралдаанд гаргаж байсан прокурорын ялын саналыг бий болгож өгнө үү гэж хүсэж байна.” гэв.

            Хохирогч Х.Оюунтуяагийн өмгөөлөгч Б.Балжидмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль зөрчсөн буюу хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүнд хохирол учруулах үндсэн шинжтэй юм. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хамгаалах үүрэг бүхий этгээд нь үйлдвэр болон бусад аж ахуйн нэгж, байгууллагад аюулгүй ажиллагааны журам хангуулах үүрэгтэй атлаа уг үүргээ биелүүлээгүй нь уг гэмт хэргийн шинжийг хангаж байгаа. Анхан шатны шүүх хамгийн сүүлийн шинжээчийн дүгнэлтэд үндэслэж, шийдвэрээ гаргасан. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан заалтыг зөрчсөний улмаас үйлдвэрлэлийн осол болсон байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. Шүүгдэгчид, тэдгээрийн өмгөөлөгч нараас “Улаанбаатар төмөр замтай хохирогч Х.Оюунтуяа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тул бид шүүгдэгч болохгүй. Бид хохирол, төлбөр төлөх үндэслэлгүй. Манайх бол үйлчилгээний байгууллага” гэж тайлбарлаж байна. Үйлчилгээний байгууллага юм бол үйлчлүүлэгчийнхээ эрх, ашгийг хамгаалж, хөдөлмөрийн аюулгүй байдлын ажиллагааны талаар заавал сануулах ёстой. Мөн тухайн өдөр байсан хөдөлмөр аюулгүй байдлын инженер С.Ганзориг, агуулахын эрхлэгч Х.С нар хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар зааварчилгааг заавал өгөх ёстой. Өөрөөр хэлбэл, хэрэг гарахын өмнөх өдөр миний үйлчлүүлэгч хохирогч Х.Оюунтуяад хамгаалалтын хувцас өмсүүлсэн атлаа хэрэг гардаг өдөр өмсгөөгүй. Шүүгдэгч О.Цын өмгөөлөгч Л.Сарангуа “хохирогч ачаанд гараараа хүрснээс болж нурсан” гэж тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, миний үйлчлүүлэгчийн буруутай үйлдээс болж ачаа нурсан мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Шүүгдэгч нарын буруутай үйлдлийн улмаас миний үйлчлүүлэгч Х.Оюунтуяагийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан. Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үйл баримт байхгүй. Анхан шатны шүүх нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж, тогтоосны үндсэн дээр шийдвэрээ гаргасан. Мөн шүүгдэгчдийн өмгөөлөгч нараас “анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо нь ажлын цаг дууссан байхад шийдвэрээ танилцуулсан” гэж тайлбарлаж байна. Гэтэл анхан шатны шүүх хуралдааны явцад 21 цаг 50 минутад шүүгч Г.Золбоо нь хэргийн оролцогч нараас шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэх тухай санал хураахад оролцогч нар бүгд “шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлье. Маргааш гэж өдөр байхгүй. Маргааш бид бүгдээрээ хуралтай. Шүүх хуралдааныг өнөөдөр дуусгая” гэж санал нэгтэйгээр шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн. Мөн шүүгч зөвлөлдөх тасалгаанд 22 цаг буюу шөнийн цагт ороогүй. Мөн өмгөөлөгч Д.Буянзаяагаас “шүүгдэгчийн эцсийн үгийг сонссоны дараа хохирогчийн тайлбарыг сонссон” гэж тайлбарлаж байна. Энэ асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн эцсийн үгийг сонссоны дараа хохирогч Х.Оюунтуяагийн тайлбарыг сонссон нь уг хэргийн үнэн, бодит шийдвэрт нөлөөлсөн зүйл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

            Прокурор Г.Энэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс шинжээч эмч н.Гантөмөрийн гаргасан 16/21 дугаар шинжээчийн дүгнэлтэд үндэслэж хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйг хариуцсан ажилтан нь Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.3.3, 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт тус тус заасан үүргээ биелүүлээгүй, ачиж буулгах, аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага MNS:50792001 дугаараар тогтоосон стандарт, аюулгүй ажиллагааны шаардлагыг хангуулаагүй, ачиж буулгах тээвэр экспедицийн механикжсан анги нь хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартаар тогтоосон хэм хэмжээг мөрдүүлэх, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд хяналт тавих үүргээ тус тус биелүүлээгүй гэж дүгнэсэн. Анхан шатны шүүхээс “авто ачигчийн жолооч О.Цыг ганцхан яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлж ирүүлсэн нь үндэслэлгүй байна. Холбогдох бусад албан тушаалтнуудын ямар буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас уг осол гарсан эсэхийг шалгаж тогтоо” гэж хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан нь шүүгдэгч нарыг шууд гэм буруутай гэж дүгнэж, тогтоосон зүйл биш юм. Мөн анхан шатны шүүхээс тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн шинжээчийн дүгнэлтэд нөлөөлсөн гэж үзсэн нь үндэслэлгүй. Тухайн хэрэг нь 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр болсон бөгөөд прокурорын тогтоолоор томилогдсон 5 бүрэлдэхүүнтэй шинжээчийг баг нь тухайн өдрөөс 2 жил орчим хугацааны дараа шинжээчийн дүгнэлтийг гаргасан байдаг учраас хэргийн газар биечлэн очиж, дүгнэлт гаргах нь ямар нэгэн ач холбогдолгүй юм. 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс хойш хугацаанд аюултай бүсэд орохыг хориглосон тэмдэг, тэмдэглэгээ, санамжийг шинээр байршуулсан тухай тус ангийн даргын 3377 дугаар мэдэгдлийн хариуг албан бичгээр хүргүүлэхдээ тодорхой дурдсан нь хэрэгт авагдсан байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон 05/20 дугаартай 5 бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй, бусад шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй гэж үзэх үндэслэлгүй. Учир нь, эхний гаргасан 2 шинжээчийн дүгнэлт нь агуулгын хувьд эрс зөрүүтэй байсныг 05/20 дугаартай шинжээчийн дүгнэлтээр эхний гарсан шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй талаар тодорхой тайлбарласан. Харин хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын журмыг зөрчсөн гэж дүгнэсэн шинжээчийн дүгнэлтийг агуулгын хувьд илүү нарийвчлан тайлбарласан гэж үзэж, уг шинжээчийн дүгнэлтийг яллах дүгнэлтийнхээ үндэслэл болгож, шүүгдэгч нарыг яллагдагчаар татаж байсан. Ачиж буулгах тээвэр экспедицийн механикжсан ангийн 2 дугаар агуулахад тусгай дүрэм, журам мөрдөгддөг бөгөөд төмөр замын аюултай бүсэд ордог. Мөн тухайн үед хорио, цээрийн дэглэмтэй тусгай журмаар ажилчдын ажлын үйл явцыг зохицуулж байсан онцгой үед агуулахад энгийн иргэн нэвтрэх, чөлөөтэй зорчих ёсгүй талаар агуулахын эрхлэгч Х.С, авто ачигчийн жолооч О.Цнар тодорхой мэдэж байсан. Ачиж буулгах тээвэр экспедицийн механикжсан ангийн ажилчдын ажлын байрны тодорхойлтод “өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж ажиллах үүрэгтэй” гэж тусгасан бөгөөд ажлын байрны тодорхойлтод ажилчид танилцаж, гарын үсэг зурсан байдаг. Гэтэл ачиж буулгах тээвэр экспедицийн механикжсан ангийн ажилчид хохирогч Х.Оюунтуяаг дуудаж оруулж, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлээгүй. Хяналт тавих үүргээ биелүүлээгүйн улмаас осол гарах шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн. Ачиж буулгах тээвэр экспедицийн механикжсан анги нь талбайн үйлчилгээ үзүүлэх гэрээг “Монложистикс Ворлд Вайд” ХХК-тай байгуулсан. Уг гэрээгээр гуравдагч этгээдтэй тохирч гэрээ байгуулж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг тээвэрлүүлэгч нь бүрэн хариуцаж ажиллахаар зохицуулсан байдаг. “Монложистикс Ворлд Вайд” ХХК нь “Тайсуман” ХХК-тай гэрээ байгуулахдаа хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудлаар аль тал нь хариуцаж ажиллах талаар тодорхой зохицуулалтыг гэрээндээ тусгаагүй. “Тайсуман” ХХК нь “Грасс Эл Би Эм” ХХК-тай гэрээ байгуулахдаа аюулгүй ажиллагааны зааварчилгааг тээвэрлүүлэгч бүрэн хариуцахаар зохицуулсан. Уг гэрээгээр зохицуулсан харилцаа нь хөдөлмөр аюулгүй байдлын ажиллагааг хэн хариуцах эсэх нь дундаа тасалдсан. “Монложистикс Ворлд Вайд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэрэн нь “Грасс Эл Би Эм” ХХК-ийн ажилтан Х.Оюунтуяад аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөх үүрэггүй. Шүүгдэгч Х.Сгаас “Монложистикс Ворлд Вайд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэрэнд аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч байхад түүний хажууд хохирогч Х.Оюунтуяа хамт байсан. Мөн хэрэг гарахаас өмнө буюу 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Х.Оюунтуяад аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн. Бүртгэлд гарын үсэг зурсан” гэж тайлбарласан нь хохирогч Х.Оюунтуяаг 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа авсан гэж үзэх үндэслэлгүй. Хэдийгээр, хохирогч Х.Оюунтуяа нь ачиж буулгах тээвэр экспедицийн механикжсан ангийн ажилтан биш боловч уг ангийн үйлдвэрлэлийн орчинд осол болсон тул удирдлагын зүгээс болзошгүй эрсдэлээс сэргийлэх, техник зохион байгуулалтын арга хэмжээг ажилтнуудынхаа хэмжээнд аваагүй, хяналт тавиагүйн улмаас 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ажиллаж байсан Х.С, О.Цнар нь хохирогчийг агуулахад дуудан оруулж, осолд өртөх нөхцөл боломжийг бүрдүүлсэн гэж үзсэн. Иймд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шаардлагыг бүрэн хангахаас гадна, шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн тохиолдолд хууль ёсны ба үндэслэл бүхий болдог учиртай.

Прокуророос, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн “УБ"-ийн ачиж буулгах тээвэр экспедицийн механикжсан ангийн дарга Э.Б, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженер Р.Э, нэгдүгээр цехийн агуулахын эрхлэгч Х.С, авто ачигчийн жолооч О.Цнарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт орших “УБ”-ийн ачиж буулгах тээвэр экспедицийн механикжсан ангийн 2 дугаартай агуулахад хураасан ачаа, бараа нурж, хохирогч Х.Оюунтуяагийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх, шүүгдэгч Э.Б, Р.Э, Х.С, О.Цнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Б, Р.Э, Х.С, О.Цнарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзлээ. Учир нь:

Хохирогч Х.Оюунтуяагийн “...2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр би Грасс Эл Би Эм ХХК-ийн 61 подоон буюу 41 тонн ачааг ОХУ-ын Улаан- Үүд өртөөнөөс Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах АБТЭМА-ийн гаалийн талбайд буусан. ...2020 оны 12 дугаар сарын 19-ний өглөө 09:30 цагт би хүмүүсээ аваад АБТЭМА-ийн гадаа талбай дээр ирсэн байсан бөгөөд ачаа зөөх машинуудаа тэмдэглүүлсэн. ...Талбайн нярав настай эгчтэй би уулзахад танай ачаанууд чинь аль хэсэгт байрлаж байгаа вэ гэж асуухаар нь нийтдээ 61 подоон ачаа байгаа гэж би талбай руу орж тэр эмэгтэйд танилцуулсан. ...Тэгснээ тэр сэрээт ачигчийн жолооч одоо аль ачааг ачуулах талаараа хэлэхээр нь араас нь гүйж орсон. ...АБТЭМА-аас ямар нэгэн хөдөлмөр хамгаалалтын ажилтан байгаагүй. ...Барааг ачихаас өмнө Монложиотик ХХК-иас нэг эмэгтэй ирж танай бараа аль нь вэ гэж асууж байсан. АБТЭМА-аас 50 орчим насны нэг эгч л байсан. Надад ямар нэгэн заавар зөвлөмж өгөөгүй. Надад анхааруулсан хүн байгаагүй. Орохыг хориглоно гэж хэлж өгөөгүй. ...” /1хх 47-48, 156/,

гэрч С.Ганзоригийн “... Би 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өглөө 06 цаг 40 минутад ажил дээрээ ирээд ээлжийн зөвлөгөөн хийгээд 07 цаг 20 минутад дуусаад тухайн өдөр ажиллах ээлжийн ахлах ажилтанд аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн. 08 цаг 30 минутын үед амралтын өдөр байсан тул гэр лүүгээ явсан. ...13 цаг 50 минутын үед талбайн эрхлэгч Х.С надтай холбогдоод Монложистик ХХК-ийн хүлээн авагч ачаанд цохиулж хөлөө хугалсан гэж надад гар утсаар мэдэгдсэн. Тэгээд би ямар учиртай хүн яаж гэмтсэн талаар асуухад хариу өгч мэдэхгүй байсан тул ээлжийн ахлах диспетчер Ариунболдтой гар утсаар холбоо барьж тодруулахад Грасс Ил Би Эм ХХК-ийн ажилтан Оюунтуяа 42 орчим насны эмэгтэй хүн гэмтсэн гэж надад хэлсэн. ... ” /1хх 63-64/,

гэрч Н.Цэрэнгийн “...2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр амралтын өдөр байсан. Тухайн өдөр манай ажил ээлжээр ажиллаж байсан. Манай ажил Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Вагнер Ази ХХК-ийн хойд талд АБТЭМА-ийн гаалийн талбайд байдаг юм. Тэнд манай компани тээвэр зуучлалын үйл ажиллагаа явуулж байсан юм. Тухайн өдөр өглөө 09 цагийн үед байх манай байгууллагад үйлчлүүлж байсан хүн ирж ачаа бараагаа авахаар болсон. Тэгээд хамт няравын өрөөнд бараагаа ачиж явах машин оруулах зөвшөөрөл авч ХАБ-ийн дүрэмтэй танилцаж гарын үсгээ зурж байсан Энэ үед төмөр замын агуулахын нярав Х.С аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч байсан. Тэгээд би машин оруулах зөвшөөрөл өгөөд тэр үйлчлүүлэгч гараад явсан. Би нэлээд хугацаа өнгөрсний дараа нөгөө хүн нь бараагаа авсан юм болов уу гэж бодоод агуулахын гадаа очиход нөгөө бараа авах гэж ирсэн эмэгтэйг бэртсэн байдалтай агуулахаас авч гаран машиндаа хийгээд явж байсан ...” /1хх 73-74/,

гэрч М.Цэрэндоржийн “...2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ОХУ-аас ирсэн бараа бүтээгдэхүүнийг АБТЭМА-ийн агуулахаас авч байсан юм. Би гадаа нь том машин руу бараа ачилцаж байсан юм. Тэгж байтал хүн дарагдчихлаа гэсэн бөгөөд би агуулах руу гүйгээд ороход Оюунтуяа ачаатай бараанд дарагдчихсан байсан бөгөөд дээд талынх нь барааг нь зайлуулаад гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан.” /1хх 164-165/ гэх мэдүүлгүүд,

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн “УБ"-ийн ачиж буулгах тээвэр экспедицийн механикжсан анги болон “Монложистикс ворлдвайд” ХХК нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан “Талбайн үйлчилгээ үзүүлэх” гэрээний 4.9-д “Өргөх байгууламж ажиллаж байгаа талбайд жолооч нар нэвтрэхдээ зөвхөн хамгаалалтын малгай буюу каск өмссөн байх, мөн ачаа эзэмшигч, ачигч нартаа талбайгаар сэлгүүцэхгүй байх талаар мөн талбай дахь аюулгүй ажиллагааны талаар зааварчилгааг өгсөн байна. Дагалдан ажилтанг бие даалган ажил үүрэг гүйцэтгэхийг хориглоно.”, 4.10-д “Зуучлалын төлөөлөгч нь талбайд ажиллах үедээ дохионы хэрэгсэл бүхий шар хантааз, каск малгай нь тухайн зуучын байгууллагын таних тэмдэгтэй байна.”, 4.11-д “Зуучлагч байгууллага нь 3 дахь этгээдтэй тохирч /гэрээ хийж/ Үйлчлэгчийн хашаанд ... шаардлага гарсан тохиолдолд Үйлчлэгчийн удирдлагаас зөвшөөрөл авсан байна. ...тухайн үед нь хариуцсан ажилчиддаа зохих зааварчилгааг өгч, хөдөлмөрийн болон аюулгүй ажиллагааг бүрэн хариуцаж хяналт тавин ажиллана.” гэсэн /2хх 156-161/ зэргээс үзэхэд зохих зааварчилгааг өгч, хөдөлмөрийн болон аюулгүй ажиллагааг бүрэн хариуцаж хяналт тавин ажиллах үүргийг үйлчлүүлэгч байгууллага буюу “Монложистикс ворлдвайд” ХХК хариуцахаар заасан байх ба тус “Монложистикс ворлдвайд” ХХК-иас байгууллагынхаа ачааг авах гэж очсон “Грасс Эл Би Эм” ХХК-ийн гадаад харилцааны менежер ажилтай хохирогч Х.Оюунтуяад хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөх, дагуулан явах, талбайгаар сэлгүүцэхгүй байх талаарх зааварчилгааг өгөх, ачааг агуулахаас буулгах ажиллагаанд хөдөлмөр, аюулгүй байдлын ямар журам мөрдөгдөх, асуудлыг хэн хариуцах эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж тогтоогоогүй байна.

Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар “Монложистикс ворлдвайд” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой мөрдөн шалгах ажиллагааг явуулаагүй байж Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн “УБ"-ийн ачиж буулгах тээвэр экспедицийн механикжсан ангийн албан тушаалтан, ажилчдыг шалган шийдвэрлэж гэм буруугийн асуудлыг хэлэлцсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно.” гэж хуульчилжээ. 

Гэмт хэрэг үйлдээгүй, гэмт хэрэгт хамтран оролцоогүй боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцвал зохих этгээдийг мөрдөгч, прокурор, шүүх, шүүгчийн шийдвэрээр иргэний хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулдаг болно.

Тухайлбал, хохирогч Х.О нь “Тунамал алт” ХХК-нд нягтлан бодогч албан тушаалд, “Грасс Эл Би Эм” ХХК-нд гадаад харилцааны менежер албан тушаалд ажиллаж байсан талаарх ажилд томилох тухай тушаал болон хөдөлмөрийн гэрээ /1хх 176-193/ зэргээс үзэхэд хохирогчийн гэм хорын хохирол, хор уршгийг хариуцвал зохих этгээдүүдийг иргэний хариуцагчаар татах талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй байна гэж үзлээ.

Иймд хохирогч Х.О-гийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийг “Монложистикс ворлдвайд” ХХК, “Тунамал алт” ХХК, “Грасс Эл Би Эм” ХХК, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн “УБ"-ийн ачиж буулгах тээвэр экспедицийн механикжсан анги зэрэг хариуцвал зохих эсэх этгээдүүдээс чухам аль нь хариуцах ёстой талаар мөрдөн шалгах ажиллагаагаар хууль зүйн дүгнэлт хийж, иргэний хариуцагчаар татах зохих этгээдийг зөв тогтоож ирүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал.” анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.

Иймд магадлалд дурдсан үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлуудыг хүлээн авч, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/264 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Э.Б, Р.Э, Х.С, О.Цнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/264 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Э.Б, Р.Э, Х.С, О.Цнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

  ДАРГАЛАГЧ,

  ШҮҮГЧ                                           Ц.ОЧ

 

 

  ШҮҮГЧ                                            Б.БАТЗОРИГ   

 

 

  ШҮҮГЧ                                            Б.АРИУНХИШИГ