Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 22

 

2016 оны 7 сарын 29 өдөр

Дугаар 123/ШШ2016/0022

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Зоригтбаатар даргалж, Ерөнхий шүүгч Б.Хажидмаа, шүүгч Ч.Одсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Б.Золзаяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Засаг дарга, Дорноговь аймгийн Санхүү хяналт, аудитын албаны даргад холбогдох

Дорноговь аймгийн Засаг даргын 2015 оны Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Б/13 дугаар захирамжийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын болон тус албаны улсын ахлах байцаагчийн албан тушаалын аль тохироход томилохыг холбогдох этгээдэд даалгах, мөн тус Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын сонгон шалгаруулалттай холбоотой эрх зүйн актуудын өөрт холбогдох хэсгийг бүхэлд нь илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлж, үндэслэлгүйгээр төрийн албанаас чөлөөлөгдсөн 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан ажил олгогчоос төлвөл зохих 11 хувийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлага шаардлага бүхий нэхэмжлэлтэйзахиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Золзаяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Алтанчимэг, иргэдийн төлөөлөгч Л.Лхагвацэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Золзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний бие анх 2015 оны 02 дугаар сарын 17-нд Дорноговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхэд хэрэг хянагдаж байх явцад нэхэмжлэлийн шаардлагаа хэд хэдэн удаа өөрчилж нэмэгдүүлж байсан.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 327 тоот тогтоол гарч санхүүгийн хяналт шалгалтын чиг үүрэг Сангийн яаманд шилжсэнтэй холбогдуулж аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2014 оны 78 тоот тушаалаар хэлтсийн дарга, 4 улсын байцаагчийн хамт холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албанд шилжин ирсэн. Ингээд аймгийн Засаг даргын 2014 оны А/577 тоот захирамжаар Санхүүгийн хяналт, аудитын алба байгуулагдаж, орон тоог батлахдаа сул хүнгүй шилжсэн санхүүгийн хяналтын улсын байцаагчийн 1 орон тоог албаны дарга 1 гэж баталсан, хэлтсийн дарга, улсын ахлах байцаагчийн 1 орон тоог тус тусад нь 2 орон тоо болгож батлан улмаар Мэргэжпийн хяналтын газраас шилжин очсон улсын байцаагчийн албан тушаалын сул орон тоог үндэслэлгүйгээр ахиулан төсвийн ерөнхийлөн захирагч болгосон. Үүний хүрээнд аймгийн Засаг даргын 2015 оны 12 сарын 03-ны өдрийн Б/46 тоот захирамжаар санхүүгийн хяналт, аудитын албаны даргын түр орлон гүйцэтгэгчээр намайг томилсон. Мөн тус албаны дүрэм болон санхүүгийн хяналт, аудитын албаныдаргын ажлын байрны тодорхойлолтыг баталсан бөгөөд уг тодорхойлолтыг батлахдаа Мэргэжлийн хяналтын газрын санхүү, хөдөлмөр нийгмийн хамгааллын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтыг дордуулж буюу эхлээд тухайн салбарт 3 ба түүнээс дээш ажилласан туршлагатай байх гэж тусгасан. Түүний дараа буюу 01 сарын 07-ны өдөр дахин засварлаж хяналт, шалгалтын салбарт ажилласан туршлагатай байх гэж тусган захиалгын хамт 2015 оны 01 сарын 08-ны өдрийн 1/31 тоот албан бичгээр Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлсэн байдаг. Ийнхүү ажлын байрны тодорхойлолтыг засварлаж, захиалгыг хүргүүлснээр миний эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа. Тус ажлын байранд сонгон шалгаруулалт зарласан тухай надад урьдчилан мэдэгдээгүй энэ талаар интернетээс л олж мэдсэн. Иймээс тус сонгон шалгаруулалтыг хууль бусаар зохион байгуулсан, ажил эрхлэх хүнд нь тохируулж ажлын байрны тодорхойлолт боловсруулж засварласан гэж үзэж байгаа. Ингээд 2015 оны 02 сарын 06-нд сонгон шалгаруулалт болж, Төрийн албаны салбар зөвлөлөөс нэр дэвшүүлэх тухай тогтоол гарснаар аймгийн Засаг даргын Б/10 тоот захирамжаар намайг тус албаны даргын түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж Х.Оюунтуяаг даргаар томилсон. Тухайн үед Сангийн яамнаас Засгийн газрын 327 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх талаар 6218 тоот албан бичиг ирүүлсэн байдаг. Уг албан бичигт Төрийн албаны тухай хуулийн27 дугаар зүйл 27.2.3-т зааснаар буюу чиг үүрэг нь хадгалагдан үлдсэн улсын байцаагч нарыг үргэлжлүүлэн ажиллуул гэсэн. Гэтэл энэ үүрэг чиглэлийг үл ойшоож намайг тус албаны даргын түр орлон гүйцэтгэгчээр томилсон шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл Төрийн албаны салбар зөвлөлд сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай хүсэлт гаргах шаардлагагүй байхад, ажлын байрыг нийтэд зарлаж сонгон шалгаруулалт зохион байгуулсан гэж үзэж байгаа юм. Мөн Мэргэжлийн хяналтын газрын санхүү, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтыг аймгийн Засаг даргын дэргэдэх санхүүгийн хяналт, аудитын албаны даргын ажлын байрны тодорхойлолттой харьцуулахад хуучин эрхэлж байсан хэлтсийн даргын чиг үүрэг, санхүүгийн хяналт аудитын албаны даргын чиг үүрэгтэй ижил байсан. Мөн Улсын Дээд Шүүхийн Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарласан 2010 оны 08 тоот тайлбар байдаг. Миний хувьд сонгон шалгаруулалтыг яагаад илт хууль бус гэж үзээд байна вэ? гэхээр Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 тоот тогтоолоор батлагдсан ажлын байрны тодорхойлолт батлах зааврын 3-т ажлын байрны тодорхойлолтын зорилго нь мэдлэг боловсрол, мэргэшлийн бэлтгэл, туршлагын хувьд Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, Төрийн албаны зорилт чиг үүргийг мэргэжлийн өндөр түвшинд хэрэгжүүлэх чадвартай ажилтныг шилж сонгоход оршино гэсэн. Мөн зааврын 4-т ажлын байрны тодорхойлолтыг ажил эрхлэгчид бус тухайн байгууллагын зорилтод тохируулна гэснийг зөрчиж гаргасан гэж үзэж байна. Дээрх зааварт ажлын байрны тодорхойлолтын туршлага хэсэгт юуг ойлгох талаар тусгасан. Тухайлбал тухайн албан тушаалыг эрхлэхэд зайлшгүй шаардлагатай тухайн албан тушаал эрхлэх туршлагын талаар бичнэ гэсэн байна. Мөн дотоод аудиторын дүрмийг зөрчсөн гэж үзэж байгаа. Санхүүгийн хяналт аудитын албаны даргаар Х.Оюунтуяаг томилсон нь хууль бус гэж үзсэн үндэслэл нь дээрх шаардлагатай шууд хамааралтай бөгөөд эдгээр шаардлагын үндэслэлүүд нэг утгыг илэрхийлнэ гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл Төрийн албаны салбар зөвлөлийн хууль бус актуудын хүрээнд Х.Оюунтуяа томилогдсон тул энэ шийдвэр мөн хууль бус гэж үзэжбайна. Мөн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл 27.2.1, 27.2.3-т заасныг зөрчиж намайг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх тухай шийдвэр гаргасан. Анх бүтэц орон тоог батлахдаа, албаны дарга, улсын ахлах байцаагчийн орон тоог тус тусад нь баталсан байсан тул намайг ахлах байцаагчийн орон тоонд томилох байх гэж бодож байсан. Гэтэл сонгон шалгаруулалт болохоос өмнө Засаг даргын Тамгын газарт ажиллаж байсан төрийн сангийн дотоод аудитын мэргэжилтэн Мөнгөнцэцэгийг санхүүгийн албанд байцаагчаар томилсон. Тус алба нь 2015 оны 11 сар хүртэл ахлах байцаагчгүй ажилласаар ирсэн. Би 15 жил төрийн албанд тасралтгүй ажиллаж байна. Энэ хугацаанд өөрийн ажлын чиг үүрэгтэй холбоотой санал гомдлыг сонсож байгаагүй. Бүтцийн өөрчлөлтийн хүрээнд хэн нэгэн хүний ашиг сонирхлын үүднээс ажилгүй болсон тул шүүхэд хандсан. Урьд нь ажиллаж байсан Мэргэжлийн хяналтын байцаагчийн албан тушаал болон Санхүү хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн албан тушаал хоёр нь цалингийн хувьд зөрүүтэй ч энэ тал дээр маргах зүйлгүй байхгүй. Иймээс нэхэмжлэлийн 5 1. Дорноговь аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгчийг аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчаар томилохгүй байгаа эс үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгож, Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчаар томилохыг Аймгийн Засаг дарга, Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны даргад даалгах. 2. Ажилгүй байсан хугацааны 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны нийт 15 сар 25 хоногийн цалин 15 079 700 төгрөгийг олгуулж, дээрх цалинд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийн 11 хувийг ажил олгогчоос нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгах гэж нэхэмжлэлийн шаадлагаа багасгаж, үлдсэн 5 /таван/ нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тухай баримтаа шүүхэд бичгээр гаргаж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

1. Дорноговь аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгчийг аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчаар томилохгүй байгаа эс үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгож, Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчаар томилохыг Аймгийн Засаг дарга, Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны даргад даалгах. 2. Ажилгүй байсан хугацааны 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны нийт 15 сар 25 хоногийн цалин 15 079 700 төгрөгийг олгуулж, дээрх цалинд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийн 11 хувийг ажил олгогчоос нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгах гэж нэхэмжлэлийн шаадлагаа тодорхойлон багасгаж байна гээд нэхэмжлэлийн зарим шаардлага болох 1. Дорноговь аймгийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/577 тоот захирамжийн бүтэц, орон тоо баталсан 2 дугаар хавсралтыг илт хууль бус болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх, 2. Аймгийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр баталсан Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга, улсын ахлах байцаагчийн ажлын байрны тодорхойлолтыг илт хууль бус болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх, 3. Санхүүгийн хяналт, аудитын албаны даргыг томилсон аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/13 тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх, 4. Санхүүгийн хяналт, аудитын албаны даргыг томилохыг аймгийн Засаг даргад даалгах, 5. Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалттай холбоотой гаргасан Төрийн албаны зөвлөлийн Дорноговь аймаг дахь Салбар зөвлөлийн 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 26 тоот тогтоол, 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 32 тоот тогтоол, 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 35 тоот тогтоолуудыг илт хууль бус болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаагаа шүүхэд бичгээр гаргаж өгчь байна гэв.

Хариуцагч Дорноговь аймгийн Засаг дарга болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.Золзаяагаас 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх буюу өөрчлөх тухай нэхэмжлэлийг хангах боломжгүй байх тул дараах тайлбарыг гаргаж байна. Засгийн газрын 2014 оны "Хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай" 327 дугаар тогтоолоор Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, орон нутагт төсвийн эрхийг шилжүүлж байгаатай холбогдуулан улс, орон нутгийн төсөв, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх, хариуцлагатай хяналтын тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын санхүүгийн хяналт, шалгалтын чиг үүргийг Сангийн яаманд шилжүүлж, чиг үүрэг шилжсэнтэй холбогдуулан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын санхүүгийн хяналт, шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлдэг орон тоог уг тогтоолын /Дорноговь аймаг 6 байцаагч/ дагуу аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд шилжүүлж ажиллуулахаар шийдвэрлэж тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг аймгийн Засаг даргад үүрэг болгосон байдаг. Засгийн газрын тогтоолын дагуу А/577 дугаар захирамжийг аймгийн Засаг даргаас Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 а/хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг сурталчлах, биелэлтийг нь хангах ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулах/, Төсвийн тухай хуулийн /14.2.5.өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах/, 65.1.8./тухайн шатны төсвийн байгууллагын орон тоог төсвийн захирагч бүрээр батлах/ гэсэн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд батлан гаргасан. Нэхэмжлэгчийн хуучин эрхэлж байсан ажил албан тушаал нь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын албан тушаал бөгөөд Засгийн газар, аймгийн Засаг даргаас шинээр батлан гаргасан Санхүүгийн хяналт, аудитын газрын албан тушаалд хамааралгүй юм. Засгийн газрын 327 дугаар тогтоолоор байцаагчдыг тухайн албанд ажлын чиг үүргийндагуу шилжүүлэн ажиллуулах үүрэг чиглэлийг Сангийн яамны 2014 оны "Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх, зохион байгуулалтын арга хэмжээ авах талаар" ирүүлсэн 10-1/5937 дугаар албан бичгийн 2 дахь заалтаар аймгийн Мэргэжлийн хяналтын газраас санхүүгийн хяналтын орон тооны улсын байцаагчдыг шилжүүлэн уг албанд томилон ажиллуулах чиглэл ирүүлсэн байдаг. Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын үүрэг гүйцэтгэгчээр томилон ажиллуулах албан хаагчийг ажлын чиглэл, үйл ажиллагааны цар хүргээгээр нь Б.Золзаяаг сонгож албан тушаалыг нь ахиулах аймгийн Засаг даргаас 2014 оны "Түр орлон гүйцэтгэгч томилох тухай" Б/46 дугаар захирамжийг гаргаж тухайн албан хаагчид хүргүүлсэн. Тухайн шийдвэр нь төрийн албан хаагчийн эрх зүйн орчинг дордуулаагүй гэж үзэж байна. Удирдах ажилтны сонгон шалгаруулалтын үр дүнгээр дараагийн албан хаагчийг албаны даргаар томилон ажиллуулж байна. Аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, алба /агентлаг/-ны дарга нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйл 16.1, Төсвийн байгууллага нь түүний үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангаж, ажлын үр дүнг хариуцах үүрэг бүхий төсвийн шууд захирагчтай байна, мөн 16.4.18 төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) тухайн байгууллагын төсвийн шууд захирагч тул төрийн захиргааны удирдах албан тушаалд томилогдох нэг ажилтныг Улсын Их Хурлаас тогтоосон журмын дагуу сонгон шалгаруулж Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дүгнэлтээр томилох эрх зүйн зохицуулалтын дагуу Дорноговь аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд удирдах ажилтны сонгон шалгаруулалтын захиалгыг өгч хуулийн хэрэгжилтийг хангаж ажилласан болно гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга шүүх ирүүлсэн тайлбартаа: Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын албан тушаалд Хаянхярваа овогтой Оюунтуяа миний бие нь Төрийн албаны зөвлөлийн Дорноговь аймаг дахь салбар зөвлөлийн 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 35 тоот тогтоол, Авлигатай тэмцэх газрын 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 03/1689 дүгээр дүгнэлтийг үнэслэн гаргасан Дорноговь аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/13 тоот захирамжаар томилогдсон. Тухайн үед 2015 оны 03 дугаар сарын 11-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Номуунбаатараарахлуулсан ажлын хэсэг ажил хүлээлцүүлэхээр Мэргэжлийн хяналтын газрын байранд байрлах тус албаны өрөөнд ирсэн боловч албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Золзаяа нь ажлаа хүлээлцүүлж өгөх албагүй гэсэн шалтгаанаар албаны тамгыг бусдад орхиж, ажлаа хаяж, явсан байсан. Энэ нь тус төрийн албан хаагчын ёс зүй ямар хэмжээнд байгааг илтгэсэн үйлдэл байсан. Гэвч миний хувьд үүрэг гүйцэтгэгч байсан Б.Золзаяаг холбогдох эрх бүхий албан тушаалтантай зөвшилцөж, тус албаны ахлах байцаагчаар томилох хүсэлтэй байсан боловч өнөөг хүртэл албан ёсоор ажил хүлээлцэх актан дээр гарын үсэг зураагүй, нэг ч удаа ахлах байцаагч болох хүсэлтэйгээ уламжлаагүй билээ. Тус алба нь 2015 оны 11 сарын 18-ны өдөр хүртлэх хугацаанд ахлах байцаагчгүй үйл ажиллагаагаа явуулсаар ирснийг нэхэмжлэгч өөрөө маш сайн мэдэж байсан. Албаны өдөр дутмын үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдуулан санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудитор томилох шаардлагатай байсан тул бүх ажилчдаас өөрсдийнх нь нэрийг дэвшүүлж, санал солилцсоны үндсэн дээрээс аймгийн Засаг даргатай зөвшилцөж Аваа овогтой Амгаланзаяаг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн албаны даргын Б/08 тооттушаалаар Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч, дотоод аудитороор томилсон. Иймээс манай албанд улсын ахлах байцаагчийн орон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Иргэдийн төлөөлөгч Л.Лхагвацэрэн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Нэхэмжлэгч Б.Золзаяаг урьд хийж байсан ажилд нь томилохыг тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг дэвтэрт бичилт хийх ёстой гэж үзэж байна гэжээ.

 

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгчээс Дорноговь аймгийн Засаг даргын 2015 оны Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухайд Б/13 дугаар захирамжийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын болон тус албаны улсын ахлах байцаагчийн албан тушаалын аль тохироход томилохыг холбогдох этгээдэд даалгах, мөн тус Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын сонгон шалгаруулалттай холбоотой эрх зүйн актуудын өөрт холбогдох хэсгийг бүхэлд нь илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлж, үндэслэлгүйгээр төрийн албанаас чөлөөлөгдсөн 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан ажил олгогчоос төлвөл зохих 11 хувийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагуудаа нэмэгдүүлэн өөрчилж байсан боловч шүүх хуралдаан дээр 1. Дорноговь аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгчийг аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчаар томилохгүй байгаа эс үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгож, Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчаар томилохыг Аймгийн Засаг дарга, Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны даргад даалгах. 2. Ажилгүй байсан хугацааны 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны нийт 15 сар 25 хоногийн цалин 15 079 700 төгрөгийг олгуулж, дээрх цалинд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийн 11 хувийг ажил олгогчоос нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгах гэж нэхэмжлэлийн шаадлагаа тодорхойлон багасгаж, нэхэмжлэлийн зарим шаардлага болох 1. Дорноговь аймгийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/577 тоот захирамжийн бүтэц, орон тоо баталсан 2 дугаар хавсралтыг илт хууль бус болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх, 2. Аймгийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр баталсан Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга, улсын ахлах байцаагчийн ажлын байрны тодорхойлолтыг илт хууль бус болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх, 3. Санхүүгийн хяналт, аудитын албаны даргыг томилсон аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/13 тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх, 4. Санхүүгийн хяналт, аудитын албаны даргыг томилохыг аймгийн Засаг даргад даалгах, 5. Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалттай холбоотой гаргасан Төрийн албаны зөвлөлийн Дорноговь аймаг дахь Салбар зөвлөлийн 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 26 тоот тогтоол, 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 32 тоот тогтоол, 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 35 тоот тогтоолуудыг илт хууль бус болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлагуудаасаа татгалзжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, татгалзсан шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ Монгол улсын Засгийн газрын 2014 оны 327 тоот тогтоол гарч санхүүгийн хяналт шалгалтын чиг үүрэг Сангийн яаманд шилжсэнтэй холбогдуулж аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2014 оны 78 тоот тушаалаар хэлтсийн дарга, 4 улсын байцаагчийн хамт холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албанд шилжиж ирсэн. Тухайн үед Сангийн яамнаас Засгийн газрын 2014 оны 327 тоот тогтоолыг хэрэгжүүлэх талаар 6218 тоот албан бичиг ирүүлсэнд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл 27.2.3-т зааснаар буюу чиг үүрэг нь хадгалагдан үлдсэн улсын байцаагч нарыг үргэлжлүүлэн ажиллуул гэсэн байхад энэ үүрэг чиглэлийг үл ойшоон намайг тус албаны даргын түр орлон гүйцэтгэчээр томилсон, мөн албаны даргын орон тоонд сонгон шалгаруулалт зарлаад, Засаг дарга сонгон шалгаруулалтын үр дүн гэж 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/10 тоот захирамжаар намайг ажлаас чөлөөлөх тухай шийдвэр гаргаснаар миний бие ажилгүй болж, төрийн албан хаах эрх зөрчигдөж байна. Тус албаны батлагдсан орон тоогоор албаны дарга, улсын ахлах байцаагч, 4 байцаагч гэсэн байхад 2015 оны 11 дүгээр сар хүртэл тус алба нь ахлах байцаагчгүй ажиллаж байсан ... гэж, хариуцагч аймгийн Засаг даргаас тайлбарын үндэслэлдээ Засгийн газрын 2014 оны Хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай 327 тоот тогтоолоор Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, орон нутагт төсвийн эрхийг шилжүүлж байгаатай холбогдуулан ... аймгийн Мэргэжлийн хяналтын газрын санхүүгийн хяналт, шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлдэг орон тоог уг тогтоолын дагуу аймгийн санхүүгийн хяналт, аудитын албанд шилжүүлж ажиллуулсан. Үүний дагуу аймгийн Засаг даргаас дээрх тогтоолын хэрэгжилтийг хангаж 2014 онд Санхүүгийн хяналт, аудитын алба байгуулах тухай А/577 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын дэргэдэх албыг 6 орон тоотойгоор /албаны дарга 1, албаны улсын ахлах байцаагч 1, албаны улсын байцаагч 4/ байгуулж, 2014 оны Түр орлон гүйцэтгэгч томилох тухай Б/46 дугаар захирамжаар Б.Золзаяаг 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс томилон тогтоолын хэрэгжилтийг хангаж ажилласан. ...Түүнчлэн Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолын дагуу Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга нь төрийн захиргааны ТЗ-9 дэх ангилалд хамаарч байгаа. Б.Золзаяа нь төрийн захиргааны удирдах ажилтны сонгон шалгаруулалтад ороогүй байсан. Иймд Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтад орж тэнцсэн хүнийг албаны даргын албан тушаалд томилох шаардлагатай тул сонгон шалгаруулалт явуулсан Төрийн албаны Салбар зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Х.Оюунтуяаг томилж, Б.Золзаяаг чөлөөлсөн гэж, хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны даргаас тайлбарын үндэслэлдээ ... үүрэг гүйцэтгэгч байсан Б.Золзаяаг холбогдох эрх бүхий албан тушаалтантай зөвшилцөж, тус албаны ахлах байцаагчаар томилох хүсэлтэй байсан боловч өнөөг хүртэл албан ёсоор ажил хүлээлцэх актан дээр гарын үсэг зураагүй, нэг ч удаа ахлах байцаагч болох хүсэлтэйгээ уламжлаагүй билээ. Тус алба нь 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд ахлах байцаагчгүй үйл ажиллагаагаа явуулсаар ирснийг нэхэмжлэгч өөрөө маш сайн мэдэж байсан. Албаны өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдуулан санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудитор томилох шаардлагатай байсан тул ... санал солилцсоны үндсэн дээр аймгийн Засаг даргатай зөвшилцөж Аваа овогтой Амгаланзаяаг 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөралбаны даргын Б/08 тоот тушаалаар Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудитороор томилсон. Иймээс манай албанд улсын ахлах байцаагчийн орон тоо байхгүй тул нэхэмжлэгчийн шаардлагыг биелүүлэх боломжгүй юм дурьдан маргажээ.

Монгол улсын Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай 327 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт Чиг үүрэг шилжсэнтэй холбогдуулан ... аймгийн Мэргэжлийн хяналтын газрын санхүүгийн хяналт, шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлдэг 117 орон тоог тогтоолын 2 дугаар хавсралтын дагуу аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд шилжүүлж, мэргэжил арга зүйн нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Сангийн сайд Ч.Улаанд үүрэг болгосугай гэсэн, тогтоолын 2 дугаар хавсралтаар Аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх мэргэжлийн хяналтын газраас Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албанд шилжих санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагчдын тоо гэсэн хүснэгтийн 8-д Дорноговь аймагт 6 орон тоотой байхаар заажээ.[1]

Монгол улсын Сангийн яамны 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авах талаар 10-1/5937 дугаартай албан бичгээр ... Засгийн газрын тогтоолыг 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж эхлэх тул тус албыг яаралтай байгуулж одоо ажиллаж буй санхүүгийн хяналтын байцаагчдыг шилжүүлэн ажиллуулах талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй байна. Үүнд: ... 2. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас санхүүгийн хяналтын орон тооны улсын байцаагчдыг шилжүүлэн уг албанд томилон ажиллуулах ... гэж, 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Чиглэл хүргүүлэх тухай 10-1/6218 дугаартай албан бичигт ...Тогтоолын хүрээнд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шилжиж ирж буй байцаагчдыг Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-т зааснаар ... шилжүүлэн, томилон ажиллуулах. Эдгээр 6 хүний цалингийн сан бусад зардлын хамт 2015 оны төсөвт суулгасан болно. ...Иймд та бүхэн Засгийн газрын тогтоолыг бүрэн хэргэжүүлж, шилжүүлсэн санхүүгийн байцаагчдыг томилон, үйл ажиллагааг хэвийн явуулахад анхаарч ажиллана уу гэж тус тус аймгийн Засаг дарга нарт, Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуягт чиглэл өгсөн, мөн Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Улсын байцаагчдыг шилжүүлэх тухай 78 дугаар тушаалаар Төсвийн тухай хууль, Засгийн газрын 2014 оны 327 дугаар тогтоолоор санхүүгийн хяналт, шалгалтын чиг үүрэг Сангийн яам, аймгийн Засаг даргын Тамгын газарт шилжсэнтэй холбогдуулан СХНХХХэлтсийн дарга, санхүүгийн хяналтын улсын байцаагч Б.Золзаяа, Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч ... нарыг аймгийн Засаг даргын тамгын газарт 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөр тасалбар болгон шилжүүлсүгэй гэж шийдвэрлэжээ.[2]

Хариуцагч аймгийн Засаг даргаас дээрх тогтоол шийдвэрүүдийг дагуу 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Засаг даргын Санхүүгийн хяналт, аудитын алба байгуулах тухай А/577 дугаартай захирамж гаргаж, захирамжийн хавсралтаар Аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын алба-ны бүтэц орон тоо нь албаны дарга 1, албан тушаалын ангилал, зэрэглэл нь ТЗ-9, албаны ахлах байцаагч 1, албан тушаалын ангилал, зэрэглэл нь ТЗ-7, албаны улсын байцаагч 4, албан тушаалын ангилал, зэрэглэл нь ТЗ-6 гэж, нийт 6 орон тоотой байхаар баталжээ. [3]

Үүний дараа хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Түр орлон гүйцэтгэгч томилох тухай Б/46 дугаар захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг болон хэд хэдэн тогтоол, захирамжийг үндэслэл болгон нэхэмжлэгчБ.Золзаяаг тухайн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс түр томилж, ажил албан тушаалын үндсэн цалинг ТЗ-7-5 зэрэглэлээр тогтоож, нэмэгдэлүүдийн хамт олгохыг зохих этгээдэд зөвшөөрч шийдвэрлэсэн .[4] Харин зохих албан тушаалд нь томилоогүй бөгөөд үүний улмаар нэхэмжлэгч ямар нэгэн ажил албан тушаалгүй үлдэхэд хүрчээ.

Харин нэхэмжлэгч Б.Золзаяа нь өмнө нь ажиллаж байсан ажил албан тушаалын 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр батлагдсан тодорхойлолтоор Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч албан тушаалын ангилалаар Ахлах түшмэл, албан тушаалын зэрэглэлээр ТЗ-7 зэрэглэлд хамаарч байх бөгөөд түүний шилжиж очсон албаны даргын ажлын байр, албан тушаалын тодорхойлолтоор албан тушаалын ангилал нь Ахлах түшмэл, албан тушаалын зэрэглэл нь ТЗ-9 зэрэглэлд хамаарч байгаа[5]-гаас үзвэл хариуцагч Засаг дарга нь дээрх захирамж, түүний үндэслэл болгосон Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно гэж заасныг баримтласан нь тухайн үйл ажиллагааны зорилгодоо нийцээгүй буюу нэхэмжлэгчийн Төрийн албаны тухай хуулиар хамгаалагдсан төрийн албан хаагчийн баталгааг хангасан шийдвэр гаргах үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээр байна.

Тодруулбал: Монгол улсын Засгийн газрын тогтоолыг хэргэжүүлэх чиглэлийг Сангийн яамнаас өгөхдөө ...Тогтоолын хүрээнд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шилжиж ирж буй байцаагчдыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл 27.2.3-т зааснаар ... шилжүүлэн, томилон ажиллуулах. ...Иймд та бүхэн Засгийн газрын тогтоолыг бүрэн хэрэгжүүлж, шилжүүлсэн санхүүгийн байцаагчдыг томилон, үйл ажиллагааг хэвийн явуулахад анхаарч ажиллана уу гэж тодорхой чиглэлийг өгсөн байхад энэд заасан хуулийн дагуу тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээ аваагүй байна.

  Үүнд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, ... гэж заасан бөгөөд дээрх тохиолдолд нэхэмжлэгч иргэний төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдсан байхын зэрэгцээ ажлын байрны орон тоо ч мөн цөөрөөгүй байсан байхад хариуцагч аймгийн Засаг дарга нь шинээр байгуулагдсан албаны орон тоо нь 6, шилжиж ирсэн албан хаагч нь 5 хүн байсанд дээрх чиглэлийн дагуу нэхэмжлэгч иргэнийг зохих албан тушаалд нь томилох асуудлыг орхигдуулж, тухайн шинээр байгуулагдсан албаны даргын орон тоо сул байгаа нөхцөлд мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж болно гэж заасныг зөрчиж, зөвхөн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж ажиллуулсан нь эрх бүхий этгээдээс өгсөн Засгийн газрын тогтоолыг бүрэн хэргэжүүлж, шилжүүлсэн санхүүгийн байцаагчдыг томилон, үйл ажиллагааг хэвийн явуулахад анхаарч ажиллана уу гэсэн үүрэг даалгаварыг биелүүлээгүй, нэхэмжлэгчийн төрийн алба хаах эрхийн баталгааг зөрчсөн хууль бус эс үйлдэхүй гаргасан болох нь тогтоогдож байна.

Харин үүний дараа тухайн шинээр байгуулагдсан албаны дарга нь томилогдсон нөхцөлд хариуцагч Засаг дарга нь нэхэмжлэгч иргэний төрийн алба хаах баталгааг хангах арга хэмжээг авах, мөн тус албаны дарга нь нэхэмжлэгчийн дээрх хуульд заасан эрхийн баталгааг хангаж, зохих ажил албан тушаалд нь томилохгүй, төрийн алба хаах эрхийг нь зөрчсөн үйлдэл хийсэн болох нь Засаг даргатай зөвшилцөж Аваа овогтой Амгаланзаяаг 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр албаны даргын Б/08 тоот тушаалаар Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудитороор томилсон. Иймээс манай албанд улсын ахлах байцаагчийн орон тоо байхгүй гэсэн тайлбараар нотлогдож, Дорноговь аймгийн Засаг дарга, аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга нарын нэхэмжлэгч Б.Золзаяаг Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудитороор томилоогүй байгаа үйлдэл нь хууль бус эс үйлдэхүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн алба хааж ажиллах нөхцөл баталгаа, цалин орлоготой байх зөрчигдсөн эрхийг сэргээж, нэхэмжлэгчийг тухайн ажил албан тушаалд томилон ажиллуулахыг хариуцагч нарт даалгаж нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээн үндэслэлтэй байна.

Хариуцагч нарын хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгч төрийн албан хаагч өөрөөс үл хамаарах шалтгаанаар аймгийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх тухай Б/10 тоот захирамж гарснаар ямар нэгэн албан тушаалд томилогдоогүй үлдэж, цалин орлогогүй байсан нь хариуцагч нарын дээрх тайлбар, баримтаар тогтоогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ... ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх ... олговрыг олгоно гэж зааснаар нэхэмжлэгчийг шилжиж очсон ажил, албан тушаалд нь буюу төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зэрэглэл хэвээр хадгалагдан үлдсэн албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахаар эгүүлэн тогтоох, төрийн албан хаагчийн зөрчигдсөн эрхийг сэргээн, нэхэмжлэлийг хангахтай холбогдуулан хариуцагч нарын хууль бус эс үйлдэхүйн улмаас ажилгүй байсан бүх хугацаанд нь буюу 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс шүүхээр шийдвэрлэгдсэн өдөр буюу 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд нь нэхэмжлэлд шаардсан 15 сар 25 хоногийн хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх 15 079 700 төгрөгийн олговрыг олгох нь зүйтэй байна. Тодруулбал, нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө Засгийн газрын 2014 оны 332 тоот тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээ-гээр төрийн захиргааны албан тушаалын ТЗ-7-д заасан зэрэглэлд хамаарах 5 дугаар шатлалаар 733863 /долоон зуун гучин гурван мянга найман зуун жаран гурван/ төгрөгөөр цалинжиж, төрийн алба хаасан хугацааны болон мэргэжлийн зэрэг дэвийн нийт 30 хувийн нэмэгдэл авч байсан нь түүний сүүлд авч байсан цалингийн карт, Дорноговь аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/46 дугаартай захирамж зэрэг баримтаар тогтоогдож байх тул Монгол улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2-т зааснаар тодорхойлж, үндсэн цалин нэмэгдлийн хамт нэг сард 954 022 төгрөг байх бөгөөд 15 сард 14 310 330 төгрөг, 25 хоног гэж хуанлийн хоногоор тооцож байх учир энэ сард хуанлийн 1 өдөрт 30 774 төгрөг буюу 25 хоногт 769 370 төгрөг, нийт 15 079 700 /арван таван сая далан есөн мянга долоон зуун/ төгрөгийн дундаж цалин хөлс олгогдох үндэслэлтэй байна.

Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д Ажил олгогч нь даатгуулагчийн төлбөр зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүртээ энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ, 30 дугаар зүйлийн 1-д Даатгуулагч улсын дугаар бүхий нийгмийн даатгалын дэвтэртэй байна гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т Ажил олгогч ...ажилтанд нийгмийн ...даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сагр тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж тус тус зааснаар нэхэмжлэлийн Ажилгүй байсан хугацааны 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны нийт 15 сар 25 хоногийн цалин 15 079 700 төгрөгийг олгуулж, дээрх цалинд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийн 11 хувийг ажил олгогчоос нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгах гэсэн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байх тул холбогдох шимтгэлийг тооцон төлөлтийг хийж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч нарт даалган шийдэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх байдлуудаас үзвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2-д нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх ..., 66.3-д Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдна гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч нь 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр шүүх хуралдаан дээр Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, зарим шаардлагаасаа татгалзах тухай хүсэлтээ бичгээр гаргаж, уг татгалзал гаргасанд холбогдох шүүхийн шийдвэрийн үр дагаварыг нэхэмжлэгчид танилцуулсан баримтад нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн гэж гарын үсэг зурсан байх тул мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, ...-ийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн зарим шаардлага болох 1. Дорноговь аймгийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/577 тоот захирамжийн бүтэц, орон тоо баталсан 2 дугаар хавсралтыг илт хууль бус болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх, 2. Аймгийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр баталсан Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга, улсын ахлах байцаагчийн ажлын байрны тодорхойлолтыг илт хууль бус болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх, 3. Санхүүгийн хяналт, аудитын албаны даргыг томилсон аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/13 тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх, 4. Санхүүгийн хяналт, аудитын албаны даргыг томилохыг аймгийн Засаг даргад даалгах, 5. Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалттай холбоотой гаргасан Төрийн албаны зөвлөлийн Дорноговь аймаг дахь Салбар зөвлөлийн 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 26 тоот тогтоол, 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 32 тоот тогтоол, 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 35 тоот тогтоолуудыг илт хууль бус болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх гэсэн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, уг татгалзалд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага буюу шүүх хуралдаан дээр дэмжин маргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Дорноговь аймгийн Засаг дарга, аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга нар нэхэмжлэгчийг Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудитороор томилоогүй байгаа үйлдэл нь хууль бус эс үйлдэхүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж, тухайн ажил албан тушаалд томилон ажиллуулахыг болон нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны хөлстэй тэнцэх 15 079 700 төгрөгийн нөхөн олговрыг олгож, түүнд ногдох нийгмийн даатгалын 11 хувийн шимтгэлийг тооцож төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг зохион байгуулж шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106,3.4, 106.3.7, 106.3.12. -д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг тус тус баримтлан Дорноговь аймгийн Засаг дарга, Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга нарын нэхэмжлэгч Б.Золзаяаг тус албаны Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч, дотоод аудитороор томилоогүй байгаа үйлдэл нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, нэхэмжлэгчийг тухайн ажил албан тушаалд томилон ажиллуулахыг хариуцагч Дорноговь аймгийн Засаг дарга, Аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны даргад даалгасугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Золзаяагийн ажилгүй байсан 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарах 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны нийт 15 079 700 /арван таван сая далан есөн мянга долоон зуун/ төгрөгийг нөхөн олгож, олгогдсон нөхөн олговорт ногдох нийгмийн даатгалын шимтгэлийн 11 хувийг тооцон төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хариуцагч нарт даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн 1. Дорноговь аймгийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/577 тоот захирамжийн бүтэц, орон тоо баталсан 2 дугаар хавсралтыг илт хууль бус болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх, 2. Аймгийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр баталсан Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга, улсын ахлах байцаагчийн ажлын байрны тодорхойлолтыг илт хууль бус болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх, 3. Санхүүгийн хяналт, аудитын албаны даргыг томилсон аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/13 тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх, 4. Санхүүгийн хяналт, аудитын албаны даргыг томилохыг аймгийн Засаг даргад даалгах, 5. Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалттай холбоотой гаргасан Төрийн албаны зөвлөлийн Дорноговь аймаг дахь Салбар зөвлөлийн 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 26 тоот тогтоол, 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 32 тоот тогтоол, 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 35 тоот тогтоолуудыг илт хууль бус болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, уг татгалзсан нэхэмжлэлийн шаардлагуудад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.3, 108.4, 108.5-д заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрсөнөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд ийнхүү гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

Шүүхийн энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХАЖИДМАА

ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН