Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 101

 

“М-И” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Замын-Үүд дэх Гаалийн газар, тус газрын

улсын байцаагчид холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Ч.Тунгалаг

Шүүгчид: Л.Атарцэцэг

Д.Мөнхтуяа

П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч: Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж

Нэхэмжлэлийн шаардлага: “Гаалийн улсын байцаагчийн 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “Гаалийн үнийг тодорхойлсон тайлбар хуудас”-ыг хүчингүй болгуулж, уг шийдвэрийн улмаас гаалийн татварт илүү төлсөн 73,070,651.43 төгрөгийг гаргуулах”

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 115/ШШ2018/0028 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2019/0071 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С нарыг оролцуулж,

Хариуцагч Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 115/ШШ2018/0028 дугаар шийдвэрээр: Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2, 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.3, Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М-И” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Замын-Үүд дэх Гаалийн газрын  гаалийн улсын байцаагчийн 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “Гаалийн үнийг тодорхойлсон тайлбар хуудас”-ыг хүчингүй болгож, нэхэмжлэгчид илүү  ногдуулсан гаалийн болон бусад татвар болох 73,070,651.43 төгрөгийг Замын-Үүд дэх Гаалийн газраас гаргуулж, нэхэмжлэгч “М-И” ХК-д буцаан олгож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2019/0071 дүгээр магадлалаар: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 115/ШШ2018/0028 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Замын-Үүд дэх Гаалийн газрын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. "М-И" ХК-ийн нэхэмжлэлтэй, Замын-Үүд дэх Гаалийн газар, тус газрын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцсэн Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 115/ШШ2018/0028 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2019/0071 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. "М-И" ХК нь БНХАУ-ын Эрээн хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Замын-Үүд өртөө хүртэлх тээврийн зардлыг хариуцах учраас гаалийн байгууллагад тээврийн зардлыг мэдүүлэх үүрэгтэй байсан боловч мэдүүлээгүй нь хэлцлийн үнийн аргыг хэрэглэхгүй байх хангалттай үндэслэл юм.

5. Гэтэл давж заалдах шатны шүүхээс энэ талаар хариуцагчаас тайлбарлан маргасан байх боловч маргаан бүхий актад энэ үндэслэл тусгагдаагүй гэсэн шалтгаанаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн байх тул Захиргааны хэргийн давж заалдах шатны 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2019/0071 дүгээр магадлалыг дахин хянаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

7. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

8. Тодруулбал, нэхэмжлэгч “М-И” ХК нь БНХАУ-ын “ШИНХУА АЯРН, СТЕЛ” корпорацтай байгуулсан 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн  XGEMGCL1307-03 дугаартай гэрээгээр 5 төрлийн нийт 5100 тонн арматур төмрийг хэмжээ хамаарахгүйгээр 1 тонныг 3400 юаниар худалдан авахаар тохиролцсоны дагуу 2013 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 03-2091004-13-I32356R дугаартай мэдүүлгээр мэдүүлсэн 727403 кг, 2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 03-2091004-13-I32493R дугаартай мэдүүлгээр мэдүүлсэн 2158018 кг, 03-2091004-13-I32500R дугаартай мэдүүлгээр мэдүүлсэн 301864 кг барааны гаалийн үнийг хэлцэлд заасан үнэ /1 тонн барааны үнэ 3400 юань/-ээр тодорхойлсон, бодит шалтгааны улмаас төлбөрийг гэрээнд заасан хугацаанаас хожимдуулж хийсэн, тухайн барааны онцлогоос хамаарч гэрээгээр тохиролцсон арматур төмрөөс 17978 кг дутуу нийлүүлэгдсэн тул худалдагчаас үнийн зөрүү болох 21105.20 юанийг худалдан авагч тал болох “М-И” ХК-д шилжүүлсэн зэрэг үйл баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

9. Иймээс хариуцагчийн маргаж буй “...гэрээгээр тогтоогдсон төлбөр төлсөн хугацаа гэрээнд зааснаас өөр буюу 22 хоногоор хэтэрсэн, төлбөрийг гэрээнд зааснаас дутуу төлсөн, худалдагчаас нийлүүлсэн барааны тоо, хэмжээ гэрээнд заасан тоо, хэмжээнээс зөрсөн” зэрэг үндэслэлүүд нь нэхэмжлэгч “М-И” ХК болон БНХАУ-ын “ШИНХУА АЯРН, СТЕЛ” корпорацтай байгуулсан 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн XGEMGCL1307-03 дугаартай гэрээг үгүйсгэх буюу уг гэрээгээр заасан хэлцлийн үнэд нөлөөлөхөөргүй, түүнийг хэрэглэхгүй гэх үндэслэлгүй байхад хариуцагч Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-ийг үндэслэн “уялдуулан хэрэглэх үнийн арга”-аар тодорхойлсон нь хууль бус, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

10.  Тодруулбал, дээр дурдсан бодит нөхцөл байдлууд нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т “Гаалийн байгууллага нь дараахь тохиолдолд бодит мэдээллийг үндэслэн гаалийн үнийг мэдүүлэгчийн тодорхойлсноос өөр аргаар тодорхойлж болно: 8.3.1.гаалийн үнийг тодорхойлоход ашигласан бичиг баримт баталгаажаагүй, эсхүл түүнд тусгагдсан мэдээлэл зөрсөн, бүрэн бус, тоон үзүүлэлт нь хангалтгүй байсан бол; 8.3.2.мэдүүлэгч гаалийн үнийн үнэн зөвийг нотолж чадаагүй бөгөөд гаалийн байгууллага мэдүүлэгчийн тодорхойлсон үнийг үндэслэлгүй гэж үзсэн бол” гэснийг хэрэглэх хангалттай үндэслэл болохгүй байна.

11. ““М-И” ХК нь БНХАУ-ын Эрээн хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Замын-Үүд өртөө хүртэлх тээврийн зардлыг хариуцах учраас гаалийн байгууллагад тээврийн зардлыг мэдүүлэх үүрэгтэй байсан боловч мэдүүлээгүй нь хэлцлийн үнийн аргыг хэрэглэхгүй байх хангалттай үндэслэл” гэх хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын /Тодорхойлох хэсгийн 4/ тухайд анхан шатны шүүхээс нэхэмжлэгч энэ үүргийг хүлээхгүй талаар зөв дүгнэсэн байх тул “давж заалдах шатны шүүх дүгнээгүй” гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох боломжгүй.

12. Иймд, шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 115/ШШ2018/0028 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2019/0071 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ч.ТУНГАЛАГ

                       ШҮҮГЧ                                                                        Г.БАНЗРАГЧ