Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 462

 

                

 

Ч.Бат-Эрдэнэ, Б.Түмэн-Өлзий нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Уранчимэг,

Ялтан Ч.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Ю.Тогмид,

Нарийн бичгийн дарга А.Анх-Үжин нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Түмэнжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 524 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ч.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Ю.Тогмидын гаргасан давж заалдах гомдлоор Ч.Бат-Эрдэнэ, Б.Түмэн-Өлзий нарт холбогдох эрүүгийн 201525031494 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Чулуунбаатарын Бат-Эрдэнэ, 1981 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрлэлийн гудамжны 2-9 тоотод  оршин суух бүртгэлтэй боловч, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 18 дугаар гудамжны 271 тоотод оршин суух,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 1999 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 163 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 201 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг өршөөн хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ялыг эдэлж байгаад 2008 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хорих ялаас тэнсэн суллагдсан, /РД:ХЕ81112438/,

Дамар овогт Батцэнгэлийн Түмэн-Өлзий 1998 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 18 дугаар гудамжны 271 тоотод  оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УХ98022319/,

Ч.Бат-Эрдэнэ, Б.Түмэн-Өлзий нар нь бүлэглэн, зовоон тарчлаах шинжтэйгээр 2015 оны 10 дугаар сарын 9-ний орой Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гүүрний орчимд Л.Түвшинсанааг зодох, “ротвеллир” үүлдрийн нохойгоор хазуулах зэргээр түүний биед нь “баруун бугалганд урагдсан шарх, баруун гарын дунд мэдрэлийн мэдэрхүйн ширхэгийн гэмтэл, сарвууны 1-3 дугаар хурууны өнгөц мэдрэхүйн алдагдал, зүүн өгзөгт урагдсан шарх, хүзүү, баруун бугалга, зүүн өвдөгт зулгаралт” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Ч.Бат-Эрдэнэ, Б.Түмэн-Өлзий нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ч.Бат-Эрдэнэ, Б.Түмэн-Өлзий нарыг бүлэглэн бусдын бие махбодид зовоон тарчлаах шинжтэйгээр хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар Ч.Бат-Эрдэнийг 3 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар, Б.Түмэн-Өлзийг 3 жил, 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ч.Бат-Эрдэнэд оногдуулсан 3 жил, 1 сарын хугацаагаар хорих ялыг, Б.Түмэн-Өлзийд оногдуулсан 3 жил, 10 хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэхээр, Ч.Бат-Эрдэнэ, Б.Түмэн-Өлзий нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Б.Түмэн-Өлзийд оногдуулсан 3 жил, 10 хоногийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаагчийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн эд хөрөнгө /“ротвеллир” үүлдрийн хар өнгийн нохой/ битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Үйлдвэрлэлийн гудамжны 2-9 тоотод оршин суух Чулуунбаатарын Шинэ-Эрдэнэ, Чулуунбаатарын Чамин-Эрдэнэ нарынд хадгалагдаж байгаа “ротвеллир” үүлдрийн нохойг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ч.Бат-Эрдэнээс 401.554 төгрөгийг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сум 2 дугаар баг, Октябрийн 7 дугаар гудамжны 6 тоотод оршин суух Л.Түвшинсанаа /РД:ТК94010118/-д олгож, хохирогч Л.Түвшинсанаа энэ гэмт хэргийн улмаас бие махбодидоо учирсан хүндэвтэр гэмтлийг хойшид эмчлүүлэхэд гарсан зардал, гэм хорын хохирол болон нэхэмжлэлийн үлдэх хэсгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Ч.Бат-Эрдэнээс нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох болох ба Ч.Бат-Эрдэнэд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорьж, хорих ялыг 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолж, Б.Түмэн-Өлзийд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Ялтан Ч.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Ю.Тогмид давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Ч.Бат-Эрдэнэ нь 1999 онд Эрүүгийн хуулийн 123 зүйлийн 4-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 6 сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг өршөөн хассан. Ч.Бат-Эрдэнийн ялтай байдал 2015 оны 8 дугаар сарын 11-нд батлагдсан “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай.” хуульд хамаарсан байна. Ч.Бат-Эрдэнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй боловч гэмт хэргийн улмаас бусдад учирсан гэм хорын хохирол арилаагүй, эмчилгээний зардал болон гэм хорын хохирлоос нөхөн төлөөгүй гэж үзсэн байна. Ч.Бат-Эрдэнийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Түвшинсанаагийн бие махбодид учирсан гэм хорын хохиролд хохирогч Л.Түвшинсанаа нь эмчилгээний болон бусад зардалд 34.787.354 төгрөгийг бүрэн бус баримт нотолгоогүйгээр нэхэмжилснээс болоод түүнд учирсан бодит хохирлыг тогтоолгох үүднээс хохирлыг хэсэгчлэн төлж байсан. Мөн хохирол төлсөн баримтыг бүрдүүлэхдээ тухайн хэрэгт холбогдсон эцэг, хүү хоёрын хэн ч төлсөн болох байх гэж үзсэний үндсэн дээр хохирол төлсөн баримтыг хүү Б.Түмэн-Өлзийгийн нэр дээр бүрдүүлсэн юм. Шүүх хуралдаан дээр хохирогч Л.Түвшинсанаа нь эмчилгээний болон бусад зардалд 5.276.354 төгрөгийн бодит хохирол учруулсан гэж нэхэмжилсэн бөгөөд энэхүү хохирлыг төлчихвөл гомдолгүй гэж мэдүүлж байсан. 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хохирогч Л.Түвшинсанаад шүүгдэгч Ч.Бат-Эрдэнээс 401.554 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсний дагуу 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Л.Түвшинсанаагийн Хаан банкны 5073058642 тоот дансанд шилжүүлсэн болно. Иймд түүнд оногдуулсан ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал үүсч байна.

Хохирогч Л.Түвшинсанаа нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлчихвөл гомдолгүй гэж мэдүүлж байсан. Хэрэгт авагдсан нотлох баримтын дагуу миний үйлчлүүлэгч эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хохирлыг төлсөн буюу гэм хорыг арилгасан зэрэг нь эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар “... хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан...” гэж өмгөөлөгч болон ялтны зүгээс үзэж байна.” гэв.

Прокурор Б.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс Ч.Бат-Эрдэнийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл зэргийг харгалзаж үзээд 3 жил 1 сарын хорих ял оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Ч.Бат-Эрдэнэ, Б.Түмэн-Өлзий нар нь бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 9-ний орой Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гүүрний орчимд Л.Түвшинсанааг зодох, “ротвеллир” үүлдрийн нохойгоор хазуулах зэргээр түүний биед нь “баруун бугалганд урагдсан шарх, баруун гарын дунд мэдрэлийн мэдэрхүйн ширхэгийн гэмтэл, сарвууны 1-3 дугаар хурууны өнгөц мэдрэхүйн алдагдал, зүүн өгзөгт урагдсан шарх, хүзүү, баруун бугалга, зүүн өвдөгт зулгаралт” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Хохирогч Л.Түвшинсанаагийн “...2015 оны 10 дугаар сарын 9-ний орой 18 цагийн орчим мастер Наранбаатараас Ч.Бат-Эрдэнэтэй холбогдох утасны дугаарыг аваад түүнтэй холбогдож, “манай дүүг танай хүү зодсон байна, мөнгө хэрэгтэй байна, уулзъя” гэхэд тэрээр хараалын үг хэлээд хэрэлдээд байхаар нь очиж уулзахаар болсон. Би найз Х.Жавхлантөгсийн машиныг гуйж найзуудынхаа хамт очиход Ч.Бат-Эрдэнэ бид хоёрын  хооронд маргаан болсон. Ч.Бат-Эрдэнэ барьж байсан гар чийдэнгээрээ намайг цохиход нь би түүнийг зөрүүлээд бариад автал тэрээр Б.Түмэн-Өлзийд “нохойгоо тавь” гэсэн. Хүү нь нохойгоо над руу тавьсан. ...нохой нь эхэлж миний өгзөгнөөс хазсан. Би нохойд нь хазуулаад зугтаж байхад Б.Бат-Эрдэнэ, Ч.Түмэн-Өлзийд “нохойгоо ав” гэж хэлсэн. Тэгээд намайг хүрмээр минь толгойг бүтээж дарж авахад миний хүрэм тайлагдаж газар унахад нохой нь зуугаад явсан. ...би доошоо тонгойгоод биеэ хамгаалж байхад хүү нь ирээд миний араас дагз руу цохиод байсан. ...нохой нь миний хувцаснаас тавиад дээш үсрээд миний баруун гарын булчингаас зуугаад маш их өвдөхөөр нь орилоход манай найзууд машинаас бууж ирсэн. Тэднийг нохойг салгаад өгөөч гэхэд айгаад дөхөж чадахгүй байсан...” /хх-22-25/,

Гэрч Х.Жавхлантөгсийн “...Л.Түвшинсанаа машинаас буугаад явсан. …Гэнэт Л.Түвшинсанаагийн орилох дуу гарахаар нь бид 3 машинаас буугаад Л.Түвшинсанаа руу очсон, цаанаас 1 хүүхэд нохойгоо тавиулахад нохой нь манай найзын бөгснөөс нь хазаад авсан. Бид 3 дөхөж очоод салгах гэсэн боловч нохойноос нь айгаад ойртож чадаагүй. ...Л.Түвшинсанаа нохойны эзэнтэй дахин барьцалдахад тэр ах гар чийдэнгээр түүний толгой руу цохьсон. Л.Түвшинсанаа түүнийг барьж авахад тэрээр хүүдээ “нохойгоо тавь” гэж хэлэхэд хүү нь нохойгоо тавьсан. Нохой нь хүрч ирээд баруун гарнаас нь хазсаны дараа хүү нь Л.Түвшинсанаагийн ар нуруу руу нь цохьсон. Нохой нь Л.Түвшинсанаагийн гарыг тавихгүй сэгсрээд доош нь татаад байсан. Нохойны эзэн, хүү хоёр нохойгоо салгахгүй “барь” гэж хэлээд салгахгүй байсан. ...“Ротвеллир” үүлдрийн хар бор өнгийн сүүлээ тайруулсан том биетэй нохой байсан...” /хх-28-29/,

Гэрч Э.Жавхлантөгсийн “...Намайг машины цонхоор харахад том биетэй залуу “ротвеллир” үүлдрийн хар халтар өнгийн сүүлгүй нохойг самбарын дор зогсож байсан хоёр луу тавьсан. Тэр залууг нохойгоо тавьчихаар нь Х.Жавхлантөгс, Амаржаргал бид гурав машинаас буугаад очиход тэр нохой Түвшинсанаагийн ар талаас хазаж байсан. Аав нь хоолойноос нь заамдаад гар чийдэнгээр толгой руу нь цохиж байсан. Бид гурвыг ойртож болохгүй, ойртвол нохойгоо тавина гэхээр нь бид гурав ойртож чадаагүй. Л.Түвшинсанаагийн бөгснөөс хазсаны дараа нохойг Л.Түвшинсанаа өөрөө салгасан. ...аав нь хүүдээ “нохойгоо тавь” гэж хэлэхэд тэр залуу нохойгоо тавихад нохой нь Л.Түвшинсанаагийн баруун гарнаас хазсан. ...тэр ах нохойгоо командалахад нохой нь хүрч ирээд Л.Түвшинсанааг хазсан. Л.Түвшинсанааг хазсан нохой “ротвеллир” үүлдрийн хар халтар зүсмийн сүүлгүй том биетэй нохой байсан. Аав нь хүзүүнээс заамдсан байхад хүү нь араас нь бариад толгой руу нь цохьсон...” /хх-30-31/,

Гэрч З.Одгэрэлийн “...орой гэгээ тасарсан байхад 4 залуу орж ирсэн. Тэд манай дэлгүүрээс ундаа авч гараад 20-30 минутын дараа орж ирэхэд нэг залуу нь нохойд хазуулсан гэж байсан. Намайг харахад тэр залуугийн баруун гарны дотор талын булчингийн хэсгээс цус гарч байсан. Тэрээр шархандаа хэнийг  ч хүргэхгүй өвдөөд байна гэсэн. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд явсан...” /хх-162-163/,

Гэрч Б.Мөнхдалайгийн “...би орой гэгээ тасарсан байхад дэлгүүр орох гээд явж байхад гүүрэн дээр Баагий ах нэг залуутай маргалдаж байсан. Баагий ах нөгөө залуутай гүүрний гол хэсэгт бие биенийгээ заамдалцаад зогсож байсан. ...нэг харахад нохой нь суларсан Баагий ахтай хэрэлдэж байгаа залууг тойроод хуцаад байсан...” /хх-165/,

Ч.Бат-Эрдэнийн сэжигтнээр өгсөн “...Л.Түвшинсанаа залгаад “танай хүү чинь манай дүүтэй зодолдсон байна, одоо очоод та нарыг ална” гэсэн. Түвшинсанаа миний мөр лүү нэг удаа өшиглөөд зүүн талын нүдний хэсэгт гараараа цохихоор нь би түүнийг заамдаад ноцолдсон. Бид хоёрыг ноцолдож байхад манай нохой боргоогоод хуцаад байсан. Нохойгоо хуцаад дайраад байхаар нь Русланыг нэрээр нь дуудаад “боль” гэж хэлэхэд больсон. Л.Түвшинсанаа манай хүүг зодох гээд дайрахад, манай нохой түүний баруун гарын доод хэсгээс хазахаар нь “тавь” гэж хэлээд салгасан. Манай нохой команд сайн мэддэг...” /хх-60/,

Б.Түмэн-Өлзийгийн яллагдагчаар өгсөн “...Л.Түвшинсанаа “чи хүүхэд нь юм уу, тэгвэл чамайг ална” гээд гараараа цохих гэхэд нь би цочоод хойшлох үед манай нохой үсрээд гарнаас нь хазсан...” /хх-73/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1211 дүгээр шинжээчийн “Урьд гаргасан шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 14593 тооот шинжээчийн дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна. Л.Түвшинсанаагийн биед баруун бугалганд урагдсан шарх, баруун гарын дунд мэдрэлийн мэдэрхүйн ширхэгийн /n.medianus/ сарвууны 1-3 дугаар хурууны өнгөц мэдрэхүйн алдагдал, зүүн өгзөгт урагдсан шарх, хүзүү, баруун бугалга, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн амьтны шүдээр үүссэн гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.” /хх-45-46/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 319 дугаар шинжээчийн “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14593, 1211 дүгээр дүгнэлтүүд нь үндэслэлтэй байна. Л.Түвшинсанаагийн биед баруун бугалганд урагдсан шарх, баруун гарын дунд мэдрэлийн мэдрэхүйн ширхэгийн гэмтэл /n.medianus/, сарвууны 1-3 дугаар хурууны өнгөц мэдрэхүйн алдагдал, зүүн өгзөгт урагдсан шарх, хүзүү, баруун бугалга, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлсөн эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарах ба гэмтлийн зэрэгт өөрчлөлт орж болно. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” /хх-180-181/ гэх дүгнэлтүүд, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-199-203/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх /хх-174-179/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүхээс Ч.Бат-Эрдэнэ, Б.Түмэн-Өлзий нарт оногдуулсан ял шийтгэл нь тэдний үйлдсэн хэргийн хэр хэмжээ, нийгмийн хор аюул, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдалд тохирсон, мөрдөн байцаалтын болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Харин шүүхээс Ч.Бат-Эрдэнэ, Б.Түмэн-Өлзий нарыг бүлэглэн бусдын бие махбодид зовоон тарчлаах байдлаар хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна.

Учир нь бусдыг зовоон тарчлааж бие махбодид нь санаатайгаар гэмтэл учруулах гэмт хэрэг нь хохирогчийн биед удаан хугацаагаар нэг удаагийн болон олон удаагийн үйлдлээр бие махбодийн өвдөлт болон, сэтгэцийн зовлон шаналал учруулахдаа зориуд  хүсэж ухамсарлаж үйлдсэн шинжтэй байдаг.

Харин Ч.Бат-Эрдэнэ нь хохирогчтой харилцан зодолдсон гэмт хэргийн үйлдэлдээ хүч оруулах зорилгоор өөрийн тэжээж байгаа “ротвеллир” үйлдрийн нохойг ашигласан нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон учир энэ хэрэгт дээр дурдсан гэмт хэргийн шинж байхгүй байна.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор баталсан Гэрийн тэжээвэр нохой эзэмших журмын 3 дугаар зүйлийн 3.9 дэх хэсэгт “эзэмшин тэжээж буй нохой нь иргэдийн биед ...хохирол учруулсан бол эзэмшигч этгээд хохирлыг бүрэн барагдуулна.” гэж журамласан байх ба хохирогчид гэмтлийн улмаас гарсан зардал, гэм хорын хохирлыг Иргэний хуульд зааснаар ялтан Ч.Бат-Эрдэнэ, Б.Түмэн-Өлзий нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэг “...гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн ...хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана.” гэж заасан ба Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч Б.Барсболдын 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн “ротвеллир” үйлдрийн хар өнгийн 4 настай нохойг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ...хэрэгслийг хураан авч зохих байгууллагад шилжүүлэх...” гэж зааснаар Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын төвийн албаны нохойн сургалтын хэлтэст  шилжүүлэх нь зүйтэй.

Мөн Ялтны өмгөөлөгч Ю.Тогмидын “…хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж болно” гэсэн заалтыг шүүх заавал хэрэглэх үүрэгтэй биш бөгөөд ялтан Ч.Бат-Эрдэнэ нь энэ хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй байх тул  өмгөөлөгч Ю.Тогмидын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын холбогдох заалтад зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 524 дүгээр шийтгэх тогтоолын:

1 дэх заалтын “Ч.Бат-Эрдэнэ, Б.Түмэн-Өлзий нарыг бүлэглэн бусдын бие махбодид зовоон тарчлаах шинжтэйгээр хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэснийг,

“Ч.Бат-Эрдэнэ, Б.Түмэн-Өлзий нарыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж,

6 дахь заалтын “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаагчийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн эд хөрөнгө /“ротвеллир” үүлдрийн хар өнгийн нохой/ битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Үйлдвэрлэлийн гудамжны 2-9 тоотод оршин суух Чулуунбаатарын Шинэ-Эрдэнэ, Чулуунбаатарын Чамин-Эрдэнэ нарынд хадгалагдаж байгаа “ротвеллир” үүлдрийн нохойг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.” гэснийг,

“Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаагчийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн “ротвеллир” үүлдрийн хар өнгийн нохойг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын төвийн албаны нохойн сургалтын хэлтэст шилжүүлсүгэй.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын  бусад заалт хэсгийг хэвээр үлдээсүгэй.            

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.МЯГМАРЖАВ

                        ШҮҮГЧИД                                           М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                    Н.БАТСАЙХАН