Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 63

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган улсын яллагч С.Алтай, хохирогчийн өмгөөлөгч В.Давааням, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.М, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд, шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;      

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт А.А-д холбогдох эрүүгийн 1721001130065 дугаартай хэргийг 2017 оны 12 сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Дашбалбар суманд 1987 оны 10 сарын 08-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Шинь Шинь” ХХК-д хөвүүлэгч ажилтай, ам бүл 4, эхнэр, 1-5 насны  2 хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Дашбалбар сумын “Улз” багт /5 дугаар баг/ оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2011 оны 01 сарын 31-ний өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, ............... регистрийн дугаартай, Б овогт А.А..

 Шүүгдэгч А.А нь 2017 оны 8 сарын 12-ны өдөр 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Адуунчулуун уурхайн зам дээр 81-35 ДОР улсын дугаартай Тоёота креста маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3/а/-д заасан “Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ажиллахгүй болсон үед хөдөлгөөнөө үргэжлүүлэхийг хориглоно” гэх заалт, 2.7.а-д заасан “жолооч нь согтууруулах ундаа хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, явган зорчигч Д.Н-ийг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдэж, уг хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч А.А  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хэлэх үг олдохгүй байна гэв.

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.М  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 8 сарын 12-ны өдрийн өглөө гэрээсээ нөхөртэйгээ цуг гарсан. Би зах дээр суудаг ажилтай байсан болохоор зах руу ажилдаа явсан. Би ажилтай байсан болохоор өдөр нөхөр рүүгээ яриагүй байж байгаад орой утас руу нь залгахад холбогдохгүй байсан. Тэгсэн манай эгч “Энд аваар гарчихсан байна. Танай хүн ирсэн үү?” гэж асуухад нь би “ирээгүй” гэж хэлэхэд манай эгч “чи юу ч гэсэн хүрээд ир” гэж хэлэхээр нь би аваар гарсан газар нь очсон. Эхлээд цагдаа нар нь намайг ойртуулахгүй байсан. Тэгээд дараа нь цагдаа надаас “энэ танай нөхрийн гар утас мөн үү?” гэж асуухад нь гар утсыг хартал манай нөхрийн гар утас мөн байсан. Одоо А нь гэм буруугаа ойлгоод өөрөө хашаа байшингаа миний нэр дээр шилжүүлж өгч, хохирол төлбөрөө төлнө гэсэн болохоор нь би шилжүүлж авахаар болсон учраас хохирлоо төлсөн гэж үзэж болно. Тэрнээс биш хүний амийг юугаар ч сольж, үнэлэхгүй шүү дээ гэв.

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээчийн 2017 оны 8 сарын 31-ний өдрийн 76 тоот дүгнэлтэд: “1.Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр их тархины баруун зүүн тал бөмбөлгийн дух, чамархай хэсгийн зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, зүүн чамархайн доод дэлбэн, духны баруун дэлбэнгийн няцрал, гавлын ясны турк эмээлийн дээд хэсгээс дээш гавлын урд хонхороор зулайн баруун хэсэг дагзны баруун төвгөр хүрсэн, гавлын дунд хонхороор зүүн чамархай хүрсэн, баруун хажуу хэсэг рүү баруун чамархай хүрсэн хугарал, баруун 2-6, зүүн 4-8 дугаар хавирга, баруун атгаал ясны хугарал, элэгний язрал, баруун чамархай, дух, дагзны хуйх, баруун чамархайн булчингийн цус хуралт, дагзны баруун дээд хэсэгт хуйхны эдийн дутагдал бүхий язарсан шарх, зүүн бугалганы хууларсан шарх, баруун нүдний дээд зовхины цус хуралт, эрүү, цээж хэвлий, нуруу, ууц, зүүн шуу, сарвуу, гуя, өвдөг, тавхай, баруун бугалга, шуу, өвдөг, шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо болон өндөр хэмийн хэсгийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Гэмтлүүд нь олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар тогтоогдсон гавлын ясны турк эмээлийн дээд хэсгээс дээш гавлын урд хонхороор зулайн баруун хэсэг дагзны баруун төвгөр хүрсэн, гавлын дунд хонхороор зүүн чамархай хүрсэн, баруун хажуу хэсэг рүү баруун чамархай хүрсэн хугарал, 3.1.3-д зааснаар их тархины баруун зүүн тал бөмбөлгийн дух, чамархай хэсгийн зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, зүүн чамархайн доод дэлбэн, духны баруун дэлбэнгийн няцрал, 3.1.12-д зааснаар элэгний язрал гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт, 2.3.1-д зааснаар баруун 2-6, зүүн 4-8 дугаар хавирга, баруун атгаал ясны хугарал гэмтлүүд нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, 2.4.1-д зааснаар баруун чамархай, дух, дагзны хуйх, баруун чамархайн булчингийн цус хуралт, дагзны баруун дээд хэсэгт хуйхны эдийн дутагдал бүхий язарсан шарх, зүүн бугалганы хууларсан шарх, баруун нүдний дээд зовхины цус хуралт, эрүү, цээж хэвлий, нуруу, ууц, зүүн шуу, сарвуу, гуя, өвдөг, тавхай, баруун бугалга, шуу, өвдөг, шилбэний зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5.Талийгаач нь их тархины баруун зүүн тал бөмбөлгийн дух, чамархай хэсгийн зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, зүүн чамархайн доод дэлбэн, духны баруун дэлбэнгийн няцрал, гавлын ясны турк эмээлийн дээд хэсгээс дээш гавлын урд хонхороор зулайн баруун хэсэг дагзны баруун төвгөр хүрсэн, гавлын дунд хонхороор зүүн чамархай хүрсэн, баруун хажуу хэсэг рүү баруун чамархай хүрсэн хугарал, баруун 2-6, зүүн 4-8 дугаар хавирга, баруун атгаал ясны хугарал, элэгний язрал, баруун чамархай, дух, дагзны хуйх, баруун чамархайн булчингийн цус хуралт гэмтлийн улмаас нас баржээ. 6. Талийгаач нь 4 дүгээр бүлгийн харьяаллын цустай байна.“ гэжээ./хх-ийн 73-76/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 8 сарын 14-ний өдрийн 78 тоот дүгнэлтэд: “1.Шинжилгээнд Д.Н-ийн цогцосноос авсан цусанд 1 промилли спиртийн алкоголь илэрч байна“ гэжээ./хх-ийн 82/

 Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 8 сарын 30-ны өдрийн 30 тоот дүгнэлтэд: "1. Эрүүгийн тоот материалд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгч хөндлөн гарна”, 3.9.г-д “Өөрийгөө хянаж жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явахыг хориглоно” гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөн байна.  2. Жолооч А.Ариунтөр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5. “Замын хөдөлгөөнд оролцогч бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2.3.а-д “Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, 2.5.б-д “Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллага аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэж эмнэлгийн ажилтанд өөрийн овог, нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх”, 2.7.а-д “жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ... тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, ... замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг ... сонгож явна”, 9.2-д “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 2-р хавсралтын 3.5-д “Нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавихыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 3. Гэм буруугийн асуудлыг шүүхийн байгууллага тогтооно. 4. Явган зорчигч Д.Нямдорж нь өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсэгт бусдын хөдөлгөөнд саад учруулсан боловч жолооч А.А нь үзэгдэх орчин хязгаарлагдсан замд тоормосны механизм бүрэн бус тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодсон нь зам тээврийн осол болох гол шалтгаан болсон байна гэж үзэх үндэслэлтэй байна. 5. Зам тээврийн ослын бүдүүвч зурагт “Тоёота креста” маркийн 81-35 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны мөр тогтоогдохгүй байх тул тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй. 6.Цагдаагийн байгууллагын туслах тоо бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас жолооч Б  овогт А.А /............... дугаараар лавлагааг шүүж үзэхэд /............/ жолооны эрхийн үнэмлэх хүчинтэй байна. 7. Авто осолд холбогдох “Тоёота креста” маркийн 81-35 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ч.Улзын хийсэн үзлэгээр техникийн хувьд бүрэн бус гэсэн дүгнэлттэй танилцахад тээврийн хэрэгслийн ашиглахыг хориглосон гэмтэлтэй буюу ажлын тоормосны систем ажиллахгүй байгаа нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд ноцтой нөлөөлж зам тээврийн осол гарах нөхцлийг шууд бүрдүүлдэг учир авто машин нь техникийн хувьд бүрэн бус байх үндэслэлтэй.” гэжээ. /хх-ийн 86-87/

            -Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-12, 15-17, 18-21/,

            -Зам тээврийн ослын схем зураг /хх-ийн 11/

-Зам тээврийн осол хэрэгт холбогдсон “Тоёота креста” маркийн 81-35 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22/

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-26/

- Хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-29/

- Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 43-44/

-Хохирогчийн төлөөлөгч Т.М-ын мэдүүлэг /хх-ийн 47-48/

-Гэрч М.Т-ийн мэдүүлэг /хх-ийн 51-52/

-Гэрч М.М-ийн мэдүүлэг /хх-ийн 54/

-Гэрч Н.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 58-61/

-Гэрч Б.Г-ын мэдүүлэг /хх-ийн 63-64/

-Гэрч Ж.Д-ын мэдүүлэг /хх-ийн 65-66/

-Гэрч Б.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 67-68/

-Шүүгдэгч А.А-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 100-102/

-Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхэд шинээр гаргаж өгсөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг барагдуулах тухай  баримтууд /задгай/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

            Шүүгдэгч А.А нь согтуурсан үедээ 2017 оны 8 сарын 12-ны өдөр 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Адуунчулуун уурхайн зам дээр 81-35 ДОР улсын дугаартай “Тоёота крест”а маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3/а/-д заасан “Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ажиллахгүй болсон үед хөдөлгөөнөө үргэжлүүлэхийг хориглоно”, 2.7.а-д заасан “жолооч нь согтууруулах ундаа хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, явган зорчигч Д.Н-ийг мөргөж, амь насыг нь хохироосон, мөн уг хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч А.А-ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн үйлдлээ хүлээн зөвшөөрч өгсөн ”...Би хүн дайрснаа хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн үед би анхааралгүй, хайхрамжгүй явж байсан, мөн хохирогч согтуу зам дээр байхыг харалгүй мөргөсөндөө туйлын их гэмшиж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 100-102/, түүнийг давхар нотолсон хохирогчийн төлөөлөгч  Т.М-ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ”... Би ажилтай байсан болохоор өдөр нөхөр рүүгээ яриагүй байж байгаад орой утас руу нь залгахад холбогдохгүй байсан. Тэгсэн манай эгч “Энд аваар гарчихсан байна. Танай хүн ирсэн үү?” гэж асуухад нь би “ирээгүй” гэж хэлэхэд манай эгч “чи юу ч гэсэн хүрээд ир” гэж хэлэхээр нь би аваар гарсан газар нь очсон. Эхлээд цагдаа нар нь намайг ойртуулахгүй байсан. Тэгээд дараа нь цагдаа надаас “энэ танай нөхрийн гар утас мөн үү?” гэж асуухад нь гар утсыг хартал манай нөхрийн гар утас мөн байсан...” гэх мэдүүлэг, гэрч Н.Б  мөрдөн байцаалтад өгсөн:  “... Караокенаас 21 цаг өнгөрч байхад гарсан. Тухайн үед А-ийн машинд бүгд сууцгааж манайх руу явсан. Ингээд уурхайн замаар хойш явж байхад А нь машинаа жолоодож, их ширүүн хурдтай яваад байсан. Араас нь Б эгч бид хоёр А-д хандан “зөөлөн яваач, хүн дайрчихна” гэж хэлж байсан. Гэнэт хүчтэй чимээ гарч ямар нэгэн зүйл мөргөх шиг болсон. А зогсохгүй чигээрээ явсан. Бид дотроос нь “юу мөргөөд гарчваа, зогсохгүй юм уу” гэхэд А  нь “зүгээр, зүгээр” гээд цааш яваад Нуурын хороололд ирж дэлгүүрийн гадна зогссон. Тэнд зогсоод машинаас буухад Г нь А-д хандан “чи хүн дайрчихлаа шүү дээ” гэж хэлэхэд А нь “мэдэхгүй ээ, хад дайрсан байх” гэж хэлж байсан. Тэгээд бид манай гэрт очоод машинаа харахад машины жолооч талын гупер хонхойсон байсан. ...Б эгч такси бариад явсан. Гэртээ очоод над руу утсаар залгаж ярихдаа “та нар хүн дайрсан байна. Г-ын хүн дайрсан гэж хэлдэг үнэн байна. Нөгөө газар цагдаа нар ирсэн байна” гэж хэлсэн. Бид яах ухаанаа олохгүй айцгаасан. Тухайн үед Д нь цагдаад мэдэгдье гэж хэлэхэд бусад нь юу ч дуугараагүй. Ингээд маргааш нь А нь Дашбалбар сум руу явсан. Орой цагдаа нар манай хашаанд ирэхэд нь би үнэнийг хэлсэн. Тухайн авто машин А-ийн машин бөгөөд А  өөрөө жолоодож явж байсан. ...А нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэхдээ тийм ч их согтуу харагдаагүй. Гэвч тодорхой хэмжээнд согтолттой байсан. ...Нилээн хурдтай явж байсан. Гэхдээ миллийг нь хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-61/, гэрч Б.Гантулга мөрдөн байцаалтад өгсөн: “...А-ийн креста маркийн /улсын дугаарыг нь мэдэхгүй гэх/ машинд бид хэд бүгд суугаад А  машинаа жолоодоод 24 дүгээр байрны зүүн талаар хойшоо яваад төв замаар зүүн тийш яваад уурхайн замаар хойш явсан юм. Тэгээд явж байтал замын зүүн талд хүн сууж байхад А мөргөчихсөн юм. Тэгэхээр нь би А-өөс чи юу мөргөчихвөө гэж асуухад жижиг чулуу мөргөсөн гэж хэлсэн. Тэгээд бид хэд “Эвт” нуур дэлгүүрийн урдуур зүүн тийш яваад Шар дэлгүүрийн тэнд очоод зогссон бөгөөд Ариунтөрийн машины гупер нь хонхойгоод салчихсан байхаар нь би А-д чи футболкатай хүн мөргөчихлөө шүү дээ, сууж байсан хүн мөргөчихлөө гэж хэлэхэд А чулуу мөргөсөн гэж хэлсэн. ...Тухайн үед А өөрөө машинаа жолоодоод явж байсан, би урд талд Ариунтөрийн хажууд суугаад явж байсан. Тэр хүн цайруу өнгийн эрээн футболкатай, доогуураа богино шорттой байсан бөгөөд замын зүүн хэсэгт зүүн тийш хараад сууж байсан. ...А нилээд согтуу байсан. ...Би анзаарч хараагүй, гэхдээ 60-70 орчим км цагийн хурдтай явж байсан гэж бодож байна, нилээд хурдтай явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээчийн 2017 оны 8 сарын 31-ний өдрийн 76 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 8 сарын 30-ны өдрийн 30 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хохирогчийн амь нас хохирсон явдал нь шүүгдэгчийн согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой  байна.

Иймд шүүгдэгч А.А-д холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:       

Шүүгдэгч А.А-йн шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар А.А нь согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн нь тус тус нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэв.    

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул түүний  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан шүүгдэгч А.А-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч А.А-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох  ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч А.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15000 /арван таван мянга/ төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож, нийт 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/  жил 1 /нэг/ сарын хорих ялаар тогтоох нь зүйтэй байна. Дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч А.А-д  оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлбэл зохино.

Шүүх хуралдаанд хохирогчийн төлөөлөгч Т.М нь гэм хорын хохиролд нэхэмжилсэн 10703061 төгрөгийг шүүгдэгч төлж барагдуулсан гэж мэдүүлж байгаагаас үзэхэд энэ шүүх хуралдаанаар шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5х4 см хэмжээтэй олон өнцөг бүхий саарал өнгийн хуванцар зүйл 1 ширхэг, 13х11 см хэмжээтэй саарал өнгийн хуванцар зүйл 1 ширхэг, 19х18 см хэмжээтэй цэнхэр, саарал өнгийн хуванцар зүйл 1 ширхэг, 30х7 см хэмжээтэй хуванцар зүйл 1 ширхэг, 22х4 см хэмжээтэй хар саарал өнгийн хуванцар зүйл 1 ширхэг, 23х2.8 см хэмжээтэй хар саарал өнгийн хуванцар зүйл 1 ширхэг зэргийг устгаж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул шүүгдэгчийн эзэмшлээс 81-35 ДОР улсын дугаартай “Тоёота креста” маркийн тээрийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2017 оны 10 сарын 28-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, уг битүүмжилсэн тээврийн хэрэгсэл, шүүгдэгч А.А-ийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг  шүүгдэгчид буцаан олгож, бичиг баримтаар ирсэн шүүгдэгч А.А-ийн .............. регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагаа,795348 дугаартай жолооны үнэмлэх зэргийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүйг дурдвал зохино.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.5, 36.6, 36.7, 36.8. 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

 

1.Шүүгдэгч Б овогт А.А-ийг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч А.А-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох  ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч А.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар оногдуулсан 1/нэг/ жилийн хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15000/арван таван мянга/ төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож, нийт 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/  жил 1 /нэг/ сарын хорих ялаар тогтоосугай

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Шүүгдэгч А.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй /гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд хохирогчийн төлөөлөгч Т.М-т 10703061 төгрөг төлсөн/ болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5х4 см хэмжээтэй олон өнцөг бүхий саарал өнгийн хуванцар зүйл 1 ширхэг, 13х11 см хэмжээтэй саарал өнгийн хуванцар зүйл 1 ширхэг, 19х18 см хэмжээтэй цэнхэр, саарал өнгийн хуванцар зүйл 1 ширхэг, 30х7 см хэмжээтэй хуванцар зүйл 1 ширхэг, 22х4 см хэмжээтэй хар саарал өнгийн хуванцар зүйл 1 ширхэг, 23х2.8 см хэмжээтэй хар саарал өнгийн хуванцар зүйл 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгчийн эзэмшлээс 81-35 ДОР улсын дугаартай “Тоёота креста” маркийн тээрийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2017 оны 10 сарын 28-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, уг битүүмжилсэн тээврийн хэрэгсэл, шүүгдэгч А.А-ийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг  шүүгдэгчид буцаан олгож, бичиг баримтаар ирсэн шүүгдэгч А.А-ийн ................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагаа,.................дугаартай жолооны үнэмлэх зэргийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Ариунтөрд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 02 сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогчийн төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоол гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.ЭНХБААТАР