Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2023/ДШМ/961

 

 

 

 

         2023           10            03                                    2023/ДШМ/961

 

П.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Өнөрбаяр,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/765 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор А.Энхжаргалын бичсэн 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 57 дугаар дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн П.Г-д холбогдох эрүүгийн 2302000000207 дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

П.Г-

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны  өдрийн 2022/ШЦТ/117 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн.

 

Шүүгдэгч П.Г- нь 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** талбайд "*****" ХХК-ийн барьсан 1.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий гацуурыг галдан шатааж бусдын эд хөрөнгийг устгаж 1000.000 /нэг сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: П.Г-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч З овогт П-гийн Г-г бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.Г-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял дээр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 19 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 /хоёр/ жил 07 /долоо/ сар 19 /арван ес/ хоногийн хугацаагаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож, ялын хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,  П.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор А.Энхжаргал бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцэлдээ: “...Зорчих эрх хязгаарлах ял нь 2015 онд батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн Эрүүгийн хуульд ялын нэг төрөл болж шинээр хуульчлагдсан бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Уг ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар зорчихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл юм. Хэдийгээр шүүгдэгч П.Г-д оногдуулсан 2 жил 7 сар 19 хоног Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар зорчих эрхийг хязгаарласан ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх боловч тус ял нь эрүүгийн хуулийн зорилгод нийцэхгүй байна.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд” оршино гэх эрүүгийн хариуцлага болоод зорчих эрхийг хязгаарлах ялын үр нөлөө, зорилгод шүүхээс оногдуулсан ял нийцэхгүй байгаагаас гадна хуулийн үзэл санаа нь шүүгдэгчийг өөрийн харьяалагдах газраас өөр газарт зорчихыг хязгаарлахаар заасан байтал нутаг дэвсгэрийн хүрээг тэлж Нийслэлийн хэмжээнд тогтоосон нь буруу байна.  Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/765 дугаартай шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 5 дахь заалтад “Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар тогтоосугай” гэж өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээр шатны прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

 

Прокурор Н.Өнөрбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...дээд шатны прокурор А.Энхжаргалын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч П.Г-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна. 

 

Шүүгдэгч П.Г- нь 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** талбайд "****" ХХК-ийн барьсан 1.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий гацуурыг галдан шатааж бусдын эд хөрөнгийг устгаж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь;

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М-гийн “...манай байгууллага 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Greenland” хөтөлбөрийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатарын талбайд шинэ жилийг утган дахин боловсруулсан бүтээгдэхүүнийг ашиглан 6 ширхэг гацуурыг засаж байршуулсан. 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр талбай дээр хууль бус жагсаал цуглааны үеэр жижиг хэмжээний эмх замбараагүй байдал үүссэн. Гэтэл мэдээллийг хэрэгслээр үл таних эрэгтэй хүн гацуур шатаасан тухай мэдээлэл гарч, манай байгууллагын засаж тавьсан сүрлэн гацуур шатсан байсан. ...” /хх 88-89/,

 

П.Г-гийн яллагдагчаар өгсөн “...Сүхбаатарын талбай дээр болсон жагсаалд оролцохоор ганцаараа очоод тэр өдөртөө талбай дээр үзэл бодлоо илэрхийлж байгаад тэндээ хоноод маргааш нь буюу 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр үргэлжлүүлэн жагсаалд цуглаанд оролцсон ба 15 цагийн орчим талбайн баруун урд хэсгээр байсан гацуур модыг Улсын Их хурлын гишүүдэд “гарч ирэхгүй бол жагсаал өөр байдалд хүрнэ” гэсэн мессеж өгөх зорилгоор гацуур модны доор хэсэгт хоёр удаа асаагуураа асаагаад шатаасан. ...” /хх 29-30, 56-57/ гэсэн мэдүүлгүүд,

 

хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн үнэлгээний тайлан /хх 41-42/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 27/, цахим орчинд байршуулсан мэдээлэлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 15-16/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 21-23/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 65/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч П.Г- ямар гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

"Монгол богц" ХХК-ийн барьсан 1.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий гацуурыг галдан шатааж бусдын эд хөрөнгийг устгаж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан П.Г-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч П.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд зааснаар нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, өмнөх тогтоолоос эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт 2 /хоёр/ жил 7 /долоо/ сар 19 /арван ес/ хоногоор тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Харин зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явах болон тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг түүнд хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ бүсийг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр дээрх эрхийг нь тодорхой хугацаанд хязгаарлаж буй ялын төрөл юм.

Гэтэл анхан шатны шүүх Хан-Уул дүүрэгт оршин суух хаягтай шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах бүсийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоосон нь дээрх ялын мөн чанарт нийцээгүйн гадна зорилгыг алдагдуулсан байх тул П.Г-гийн зорчих эрхийг Хан-уул дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарлаж, энэ талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/765 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г-д Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй. ...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Б.ЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН