Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 65

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******

Улсын яллагч *******                         

Шүүгдэгч нарын өмгөөлөгч *******

Шүүгдэгч Б.У, Б.Э, Д.Г нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт Д.Г, Б овогт Б.У, Ш овогт Б.Э нарт холбогдох эрүүгийн 1721003610030 дугаартай хэргийг 2018 оны 02 сарын 12-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн ******* суманд 1986 оны 4 сарын 17-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, автын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 2-14 насны 3 хүүхдийн хамт ................... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ................. регистрийн дугаартай, Б овогт Б.У.

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн ******* суманд 1987 оны 10 сарын 07-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 5-7 насны 2 хүүхдийн хамт ............................................ оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, .................. регистрийн дугаартай, Ш овогт Б.Э.

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1985 оны 11 сарын 27-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, 4-13 насны 3 хүүхдийн хамт ............................................ оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ................. регистрийн дугаартай, Ч овогт Д.Г.

            Шүүгдэгч Б.У нь Д.Г, Б.Э нартай 2017 оны 12 сарын 15-ны өдрийн орой Портер маркийн 29-87 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Дорнод аймгийн Баян-Уул сумын 2 дугаар баг “Хар чулуут” гэх газар нутаглах хохирогч Л.С-ы гэрийн гаднаас улаан халзан шүдлэн эр үхэр, улаан халзан сувай үнээ буюу 2 тооны үхэр хулгайлж бусдад 1800000 төгрөгийн хохирол учруулсан,

            Шүүгдэгч Б.Э  нь Д.Г , Б.Унартай 2017 оны 12 сарын 15-ны өдрийн орой Портер маркийн 29-87 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Дорнод аймгийн Баян-Уул сумын 2 дугаар баг “Хар чулуут” гэх газар нутаглах хохирогч Л.С-ы гэрийн гаднаас улаан халзан шүдлэн эр үхэр, улаан халзан сувай үнээ буюу 2 тооны үхэр хулгайлж бусдад 1800000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Гнь Б.У, Б.Э нартай 2017 оны 12 сарын 15-ны өдрийн орой Портер маркийн 29-87 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Дорнод аймгийн Баян-Уул сумын 2 дугаар баг “Хар чулуут” гэх газар нутаглах хохирогч Л.С-ы гэрийн гаднаас улаан халзан шүдлэн эр үхэр, улаан халзан сувай үнээ буюу 2 тооны үхэр хулгайлж бусдад 1800000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй гэв.

  Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй гэв.

  Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй гэв.

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-17/

-Хураан авах тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 26-46/

-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 10, 14/

-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 11-13/

-Хохирогч Л.С-ы мэдүүлэг /хх-ийн 46-48/

-Гэрч Б.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 48/

-Гэрч Г.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 59/

-Шүүгдэгч Б.У-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 83-84/

-Шүүгдэгч Б.Э-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 85-86/

-Шүүгдэгч Д.Г-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 87-89/

-Шүүгдэгч нарын бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн хүсэлт /задгай 1 хуудас/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

  Шүүгдэгч Б.У, Д.Г, Б.Э нар нь хамтран 2017 оны 12 сарын 15-ны өдрийн орой “Портер” маркийн 29-87 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Дорнод аймгийн Баян-Уул сумын 2 дугаар баг “Хар чулуут” гэдэг газар нутагладаг хохирогч Л.С-ы гэрийн гаднаас улаан халзан шүдлэн эр үхэр, улаан халзан сувай үнээ буюу 2 тооны үхэр хулгайлж, хохирогчид 1800000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.У-ын мөрдөн байцаалтад  өгсөн “...2017 оны 12 сарын 15-ны орой 21 цагийн орчимд С ахын гэрийн гадна очоод хашааны гадна байсан улаан халзан шүдлэн эр үхэр, улаан халзан сувай үнээ зэрэг хоёр тооны үхрийг “Портер” маркийн тээврийн хэрэгсэлд ачаад өөрийн гэр болох Хэрлэн сумын 2 дугаар баг ******* 7-06 тоотод очоод ажилласан. Тэгээд ажилласан хоёр үхрийн махыг аваад Д.Г өөрийнхөө тээврийн хэрэгсэлд ачаад Улаанбаатар хот руу аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 83-84/, шүүгдэгч Б.Энх-Одын мөрдөн байцаалтад өгсөн “...Бид гурав 12 сарын 15-ны өдрийн /цагийг нь сайн санахгүй байна гэх/ харанхуй болсон байсан бөгөөд С ахын гэрийн гадна ирээд би Б.У-т хандаж “С ах байхгүй байна, яах уу” гэхэд зүгээрээ хоёр үхэр ачаад аваад явна би хэлсэн байгаа гэхээр нь Ганболд, Ууганбаатарын хамт С ахын эзэмшлийн улаан халзан шүдлэн эр үхэр, улаан халзан сувай үнээ зэрэг хоёр тооны үхрийг тухайн 29-87ДОР улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэлд ачаад аймгийн төв рүү явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 85-86/, шүүгдэгч Д.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Би У-т мөнгө зээлсэн байсан бөгөөд надад Баян-Уул сумаас очиж миний өрний 2 тооны үхрийг өгөх гэж байгаа гэж бодоод хамт явсан. Би гражид 3 шил архи уугаад нэлээн согтсон болохоор бусад зүйлсийг нарийн сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 87-89/, үүнийг давхар нотолсон хохирогч Л.С-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...Би гэртээ 12 сарын 15-ны өдрийн 22 цагийн орчим ирсэн. Би гэрээсээ 12 сарын 14-ний өдөр гарахдаа өөрийнхөө малын хашааны хаалгуудаа утсаар боож орхиод явсан байсан бөгөөд ирэхэд хонины хашааны хаалга онгорхой хашааны дээгүүр хөндлөн мод шургаатай байсан, тэр байхгүй байхаар гайхаад орой тугалнуудаа оруулж хаагаад гэр рүүгээ ороод унтаад өгсөн. Маргааш нь буюу 2017 оны 12 сарын 16-ны өдрийн өглөө сэрээд үхэрнүүдээ өвс тавьж өгөх санаатай очиж өвсөө өгч байхад улаан халзан зүсмийн үнээ байхгүй байхаар нь гайхаад цаашилж дахин харахад улаан халзан зүсмийн эр үхэр мөн адил байхгүй байхаар нь эхнэр Байгалд хэлж бид хоёр хашааны гадуур харахад тээврийн хэрэгслийн мөр, гутлын улны мөр зэрэг байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. ...Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, би хохирлоо бүрэн барагдуулж авсан. ...Надад гомдол санал байхгүй тул хэргийг хурдан шуурхай шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/, гэрч Б.Б мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 12 сарын 15-ны орой...хөдөө гэртээ иртэл бидний эзэмшлийн улаан халзан эр хашираг баруун чих нь онь, зүүн чих нь бүтэн, улаан халзан эм үхэр баруун чих нь онь, зүүн чих нь бүтэн гэх 2 тооны үхрийг хөдөө гэрийн гадаа байхад нь 1 тээврийн хэрэгслийн мөр, 3 хүний хөлийн мөр, цагаан өнгийн мяндсан уяа, үхэрт чирэгдсэн байж болох хүмүүсийн мөр байсан. Манай хонины хашаанд 2 үхэр оруулсан гэх мэт мөрүүд байсан. Дээрхи тээврийн хэрэгслийн мөрийг дагаж явахад манай гэрийн зүүн хойноос орж ирээд зүүн урагшаа явсан мөр байсан. ... Улаан халзан эр хашираг баруун чих нь онь, зүүн чих нь бүтэн энэ үхрээ би 1 сая 500 мянган төгрөгөөр үнэлж байна. Улаан халзан эм үхэр баруун чих нь онь, зүүн чих нь бүтэн үхрээ 1 сая төгрөгөөр үнэлж байна. ...О буюу /У/ нь надтай уулзаад би танай үхрийг авсан, өргөдлөө татаж авах уу би гомдлыг чинь барагдуулья гэж надтай уулзаад хэлэхээр нь би гомдол барагдуулж байгаад өргөдлөө авна гэж хэлсэн. Мөн хүргэн Э надтай уулзаад танай үхрийг авсан нь үнэн, өргөдлөө татаж аваач гэж надаас гуйсан. Тэгэхээр нь энэ хүмүүс үхрийг минь хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 48, 49/, Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг даргын тамгын газраас үнэлсэн эд зүйлийн үнэлгээгээр улаан халзан эр шүдлэн үхэр 800000 төгрөг, улаан халзан үнээ 1000000 төгрөг гэж  тус тус үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 10/  зэрэг болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч нар нь хамтран гэмт хэрэг үйлдэж байгаагаа мэдсэн, үйлдлийнхээ хор аюулыг ухамсарласан, гэмт халдлагыг хамтын хүчин чармайлтаар санаатайгаар үйлдсэн нь нотлогдож байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийн хувьд бүлэглэн гүйцэтгэгчид гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.У, Б.Э, Д.Г нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгч нарын гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Шүүгдэгч Б.У, Б.Э, Д.Г нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Л.С, гэрч Б.Б нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.У, Б.Э, Д.Г нар нь бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгч нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Шүүгдэгч нар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын үлдсэн хэсгийг нөхөн төлөхөө бичгээр илэрхийлсэн, тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.У, Б.Э, Д.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-т зааснаар шүүгдэгч Б.У, Б.Э, Д.Г нарт оршин суух, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1000000 /нэг сая/ төгрөг өгсөн болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдвал зохино.

Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын төлөгдөөгүй үлдсэн зарим хэсэг болох 800000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул уг мөнгийг шүүгдэгч нараас гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 4000000 сая төгрөгийн үнэ бүхий “Портер” маркийн 29-87 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “Бичил глобус групп” ХХК-ийн өмчлөлд байгаа болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул уг тээврийн хэрэгслийг хураахгүйгээр түүний үнэ 4500000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар “Бичил глобус групп” ХХК-ийн эзэмшлээс “Портер” маркийн 29-87 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Прокурорын 2018 оны 02 сарын 05-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг эзэмшигч “Бичил глобус групп” ХХК-д, бичгийн баримтаар ирсэн шүүгдэгч Д.Г-ын ...................... регистрийн дугаартай, шүүгдэгч Б.У-ын ..................... регистрийн дугаартай, шүүгдэгч Б.Э-ын .................регистрийн дугаартай иргэний  үнэмлэхийн лавлагааг шүүгдэгч нарт тус тус буцаан олгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

                              

1. Шүүгдэгч Ч. овогт Д.Г., Б овогт Б.У, Ш овогт Б.Э нарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г, Б.У,  Б.Э нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-т зааснаар шүүгдэгч Д.Г, Б.У, Б.Э нарт гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.        

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь хохирогчид гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролд 1000000 /нэг сая/ төгрөг өгсөн болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нараас гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 800000 /найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Л.С-д олгосугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 800000 /найман зуу/ төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул 2018 оны 3 сарын 22-ны өдрийн дотор төлөхийг шүүгдэгч нарт үүрэг болгосугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Портер” маркийн 29-87 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 4500000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгосугай.

 

9.Шүүгдэгч нарт авсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

10. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар “Бичил глобус групп” ХХК-ийн эзэмшлээс “Портер” маркийн 29-87 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Прокурорын 2018 оны  02 сарын 05-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг эзэмшигч “Бичил глобус групп” ХХК-д олгож, бичгийн баримтаар ирсэн шүүгдэгч Д.Г-ын .............. регистрийн дугаартай, шүүгдэгч Б.У-ын .............. регистрийн дугаартай, шүүгдэгч Б.Э-ын .................... регистрийн дугаартай иргэний  үнэмлэхийн лавлагааг шүүгдэгч нарт тус тус буцаан олгосугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР