Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2023/ДШМ/967

 

Э.Э-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч Э.Э-, түүний өмгөөлөгч Б.Баттулга,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/814 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулгын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгдэгч Э.Э-т холбогдох 2109 01379 0568 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Э-ын Э-, 1992 оны ... дүгээр сарын ...-ний өдөр Б аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эцэг, дүү нарын хамт Б аймгийн Б сумын ... дугаар баг, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух, /РД: ... /,

Сум дундын 3 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж байсан;

Э.Э- нь 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хангайн 00-000 тоотод байх хохирогч Н.Н-ийн байшинд нэвтэрч бусдын эд хөрөнгө болох 250.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Iphone 6s” загварын гар утас, 350.000 төгрөгийн үнэлгээ бүхий  “Iphone 7” загварын гар утас, 60.000 төгрөгийн үнэлгээ бүхий хөөрөг болон бэлэн 30.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч Н.Н-т нийт 690.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Хууль сахиулах их сургууль” нэртэй автобусны буудал орчим хохирогч Н.Г-д хүч хэрэглэж, түүний өмчлөл, эзэмшлийн 80.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Samsung Note 3” загварын гар утас, 180.000 төгрөгийн үнэлгээ бүхий булган малгай, 599.400 төгрөгийн үнэлгээ бүхий годон гутлыг дээрэмдэн авч нийт 859.400 төгрөгийн хохирол учруулсан,

Дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ хохирогч Н.Г-гийн эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдан зодож, эрүүл мэндэд баруун хөсөгт язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, алимны салстад цус харвалт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газар: Э.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Э-ын Э-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэм буруутайд, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Э.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Э-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож, 30 хоног буюу 1 сарын хугацаагаар тогтоож, уг ялуудыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялын хугацааг 4 жил 1 сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Э-ын цагдан хоригдсон 120 хоногийн хугацаагаар хорих ялыг хасаж, 3 жил 9 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

хохирогч Н.Н-, Н.Г- нар нь цаашид гарах эмчилгээний болон гэм хорын зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Э.Э- нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Э.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэн нөхцөл байдлыг тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж дүгнэсэн бөгөөд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл хэсгүүдэд заасан хорих ялын доод хэмжээгээр оногдуулж нэмж нэгтгэн 4 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Э.Э- нь өөрт холбогдох хэргийн гэм буруу, зүйлчлэлийн талаар ямар нэгэн маргаан байхгүй, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн хүлээн зөвшөөрдөг ба шүүхийн шатанд ч гэм буруугийн хувьд маргаагүй. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, бусдад төлөх ямар нэгэн төлбөргүй тул түүнд л оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан тусгай ангид зааснаас доогуур буюу хөнгөн ял оногдуулах боломжтой гэж үзэж гомдол гаргаж байна. ...” гэв.

Шүүгдэгч Э.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 8 сар хоригдож байх хугацаандаа олон зүйлийг ойлгож, ухаарсан бөгөөд анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирол, төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Цаашид зөв амьдарч эцэг, эхийнхээ ачийг хариулмаар байна. Иймд шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, анхан шатны шүүхээс надад оногдуулсан ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Э.Э-т холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

  1. Шүүгдэгч Э.Э- нь 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Хангайн 00-000 тоот хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох хохирогч Н.Н-ийн байшинд нэвтэрч, “iphone 6s”, “iphone 7” ” загварын гар утаснууд, хөөрөг, бэлэн 30.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч Н.Н-т нийт 690.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Н.Н-ийн: “...Би аав ээжийн хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Хангайн 00-000 тоотод амьдардаг юм. 2021 оны 09 дүгээр сарын 28-ний өдөр өглөө 09°° цагийн орчим аав ээжийн хамт эмнэлэг яваад орой 18:00 цагийн үед ирэхэд манай өвлийн сууцны вакум цонх онгорхой байсан. эд зүйлээ шалгахад орон дээр байсан “iphone 6s”, аяга тавгийн тавиур дээр байсан “iphone 7”, ээжийн цүнхэнд байсан бэлэн 30.000 төгрөг зэрэг эд зүйлс алга болсон байсан. ... аав хөөргөө үзтэл хөөргөний даалин нь байсан бөгөөд дотор нь байсан хөөрөг алга болсон байсан. ...” /1хх 22-24/,

гэрч Д.Ц-ийн: “...Манай хүү Э.Э- надад хэлэхдээ "Би 2021 оны 9 дүгээр сарын сүүлээр хэсэг хугацаанд амьдарч байсан хаяг болох Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Хангайн 00-000 тоотод очиход манай гэрт болон хашааны эзний гэрт хүн байхгүй байсан. Тэгэхээр нь би хашааны эзний байшин руу ороод тогооны саван дээр байсан ажилладаггүй 2 гар утсыг аваад гар утас засварын газар зараад гар утсандаа нэгж аваад хийсэн" гэж хэлсэн. ...” /1хх 32/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч Н.Н-ийн эзэмшлийн “iphone 6s”, “iphone 7” загварын гар утаснууд болон хөөрөгний нийт үнэлгээг 660.000 төгрөгөөр тогтоосон Дамно ХХК-ийн СБ2-21-843 дугаар тайлан /1хх 40-41/,

мөрдөн шалгах ажиллагаанд хийсэн туршилт /1хх 166-169/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтад хууль зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Э.Э-ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутай хэмээн дүгнэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалд нийцжээ.

Хохирогч Н.Н-ийн хүн байнга амьдрах зориулалттай сууцанд хууль бусаар нэвтэрч, түүний эзэмшлийн гар утаснууд, хөөрөг, бэлэн мөнгө зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авсан Э.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн Эрүүгийн хуулийн зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

2. Шүүгдэгч Э.Э- нь 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Хууль сахиулах их сургууль” автобусны буудлын орчимд хохирогч Б.Г-д хүч хэрэглэж, түүний өмчлөл эзэмшлийн  “Samsung note 3” загварын rap утас, булган малгай, годон гутал зэргийг дээрэмдэн авч нийт 859.400 төгрөгийн хохирол учруулсан,

мөн тус гэмт хэргийг үйлдэхдээ хохирогч Б.Г-гийн эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдан зодож, эрүүл мэндэд нь хөмсөгт язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, алимны салстад цус харвалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:ы

хохирогч Д.Г-гийн: “...Автобусанд суугаад Амгалангийн орчим буусан. Тэгэхэд үл таних залуу яриа өдөөд "Утсаа өгчих” гээд байхаар нь маргалдсан. Миний өмсөж явсан годон гутлыг тайлж авсан. Тэгээд намайг хэдэн талаас зодож цохиж байгаад зугтсан. ...41 размерын хүрэн бор өнгөтэй годон гутал байсан. ...Миний нүүр рүү модоор цохиод, би нүүрээ бариад доошоо суусан. Босоод харахад өөр гутал тавьсан байсан. Би тухайн гутлыг өмсөөд яг тухайн газраас такси барьсан. Тэгээд гэртээ очсон. Булган малгай, годон гутал байхгүй болсон байсан. ...” /1хх 203-205, 207-209/,

гэрч Г.Б-ийн: “...Манай аав Н.Г- “Samsung note 3” загварын гар утас ашигладаг. Мөн булган малгай, годон гутал алдсан. ...” /1хх 211/,

гэрч Э.О-ийн: “...2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 20°° цагийн үед төрсөн ах Э.Э- Баянзүрх дүүрэг, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... айл ... байр ... тоотод ганцаараа орж ирсэн. Орж ирэхдээ урагдсан куртик болон бор өнгийн годон гутал, жинсэн өмд, улаан малгайтай согтуу орж ирсэн. ...Өглөө болоход эгч Н.Э, Н.Э эгчтэй “Э.Э- бор өнгийн годон гутал үлдээгээд явсан байна” гэж ярьж байсан. ...” /1хх 217-218/,

шүүгдэгч Э.Э-ын: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 12-ны шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ настай хүнийг цохиж зодон годон гутлыг нь дээрэмдэж авсандаа маш их гэмшиж байна. Тэр үед би ганцаараа байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би гараараа цохиод гутлыг нь тайлж авсан. ...” /1хх 239/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч Н.Г-гийн эрүүл мэндэд мохоо зүйлийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүссэн баруун хөмсөгт язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, алимны салстад цус харвалт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1481 дүгээр дүгнэлт /1хх 220-221/,

хохирогч Н.Г-гийн эзэмшлийн годон гутал, булган малгай, гар утас зэргийн үнэлгээг 859.400 төгрөгөөр тогтоосон Дамно ХХК-ийн БЗД3-23-34 дугаартай тайлан /2хх 2-3/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар, дүгнэлт, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Э-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, зүйлчлэл тохирсон байна.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай тохирсноор Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулиар тогтоосон үндэслэл, журмыг хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим, шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх учиртай.

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлж барагдуулсан, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзсэн байх бөгөөд шүүгдэгч Э.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил хорих ял, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял тус тус шийтгэж, уг ялыг нэмж нэгтгэн 4 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулга давж заалдах гомдолдоо “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан тусгай ангид зааснаас доогуур буюу хөнгөн ял оногдуулах...”-ыг хүссэн ба ингэхдээ хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг эш татсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх, хорих ял тус тус оногдуулж, ялыг нэмж нэгтгэн хорих ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх шаардлагагүй, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын хэмжээ нийцсэн байна гэж дүгнэж, энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолд техникийн шинжтэй болон найруулгын дараах алдааг зөвтгөн өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцохоор заасан.

Шүүгдэгч Э.Э- нь хохирогч Н.Г-гийн өмчлөлийн эд зүйлсийг дээрэмдэн авахдаа түүний эрүүл мэндэд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан дээрэмдэх, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байгаа бөгөөд анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг болон тогтоох хэсгийн 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дээрх хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэсэн атлаа тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан” гэж техникийн шинжтэй алдаа гаргажээ.

Мөн шийтгэх тогтоолын 5 дахь заалтад шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг түүнд оногдуулсан ялаас хасаж, эдлэх ялын хэмжээг тогтоосон, 6 дахь заалтад уг хасаж тооцсон ялыг нээлттэй  хорих байгууллагад эдлүүлэхээр заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэсэнд нийцэхгүй байх тул зөвтгөсөн өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн тул шүүгдэгчийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг түүний ял эдлэх хугацаад оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/814 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

            3 дахь заалтын “...2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт...” гэснийг “...2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт...” гэж,

            5 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Э-ын цагдан хоригдсон 120 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай” гэж,

            6 дахь заалтын “...3 жил 9 сарын...” гэснийг “...4 жил 1 сарын ...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Э-ын өмгөөлөгч Б.Баттулгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ын 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 120 /нэг зуун хорь/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ