Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 66

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган улсын яллагч С.Алтай, өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч В.Давааням, өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б, өсвөр насны шүүгдэгч Э.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Э.О-д холбогдох эрүүгийн 1821000000024 дугаартай хэргийг 2018 оны 02 сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 2001 оны 9 сарын 29-ний өдөр төрсөн, 16 нас 5 сартай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Дорнод Политехникийн коллежийн үйлдвэрлэлийн механикчийн 1 дүгээр курсэд суралцдаг, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт амьдрах, ........................тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ................. регистрийн дугаартай, З овогт Э.О.

Өсвөр насны шүүгдэгч Э.О нь 2017 оны 12 сарын 18-ны өдөр Дорнод аймаг Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Политехникийн коллежийн 2 дугаар давхарт Э.Р-ийн хамар руу цохиж, бие махбодид нь “хамрын таславчийн муруйлт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Өсвөр насны шүүгдэгч Э.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хүүгийнхээ хийсэн хэргийн талаар хэзээ хойно нь мэдсэн. Цагдаагаас дуудаж байна гэхэд нь л мэдсэн. Хохирогчтой болон түүний ар гэрийнхэнтэй уулзаагүй. Хохирогчийн ээжтэй нэг удаа утсаар ярьж байсан. Хүүгээ болгоомжгүйгээс болж хэрэгт орлоо гэж бодож байна. Дахин хэрэгт оруулахгүй байх талаас нь анхаарах болно гэв.

  Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э мөрдөн байцаалтад бичгээр гаргасан хүсэлтдээ: “2017 оны 12 сарын 18-ны өдөр миний хүү Э.Р нь сургууль дээрээ сургуулийнхаа О гэх хүүхдэд зодуулж гэмтэл авсан учраас бид гомдол гаргасан боловч О-ийн гэр бүлээс гомдол барагдуулсан учир бид одоо гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 43/ гэжээ.

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 сарын 16-ны өдрийн 78 тоот дүгнэлтэд: “1. Э.Р-ийн биед хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчиллээр үүсгэгдсэн хуучин гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй “/хх-ийн 26/ гэжээ.

-Өсвөр насны шүүгдэгч Э.О-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-27/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Өсвөр насны шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

  Өсвөр насны шүүгдэгч Э.О нь 2017 оны 12 сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дорнод Политехникийн коллежийн 2 дугаар давхарт хохирогч Э.Р-эй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний  хамар руу цохиж, “хамрын таславчийн муруйлт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь өсвөр насны шүүгдэгч Э.О-ийн яллагдагчаар өгсөн:  “...2017 оны 12 сарын 18-ны өдөр хичээлийн 2 дугаар цагийн завсарлагаанаар 2 давхарт ангийн М, П нарын хамтаар явж байгаад дээд курсын оюутан Р-ийн хажуугаар гарахдаа бид хоёр мөргөлдсөн юм. Би эргэж хараад яагаад мөрлөөд байгаа юм бэ? гэж хэлсэн чинь Р замаа харж яваач гэж хэлээд над руу зангахаар нь цохих гэж байна гэж бодоод түүний хамран тус газарт хоёр удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27/, түүнийг давхар нотолж баталсан насанд хүрээгүй хохирогч  Насанд хүрээгүй хохирогч Э.Р мөрдөн байцаалтад өгсөн: О-ий хажуугаар зөрөхдөө хоорондоо мөрөөрөө мөргөлдөхөд нь замаа хараад яваач гэж хэлэхэд О ямар нэгэн зүйл хэлээд бид хоёр заамдалцсан юм. Тэгээд намайг заамдаад эхлээд толгойгоороо 3 удаа дух руу мөргөж, дараа нь гараараа миний хамар руу нэг удаа цохисон чинь хамраас цус гарсан юм. Ингээд О яваад өгөхөөр нь би 00 өрөөнд цусаа цэвэрлэж байгаад ангидаа орсон юм. Ингээд гэрийнхэндээ мэдэгдсэн юм. ...О-д цохиулсны улмаас миний хамрын мөгөөрсөн яс гэмтсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-12/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 сарын 16-ны өдрийн 78 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Насанд хүрээгүй хохирогч Э.Р-д учирсан хөнгөн хохирол нь өсвөр насны шүүгдэгч Э.О-ийн санаатай үйлдлээр хохирогчийн хамар руу хэд хэдэн удаа цохисон үйлдэлтэй шууд шалтгаан холбоотой байна.

Өсвөр насны шүүгдэгч Э.Отгон-Эрдэнэд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Э.О-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Э.Р-ийн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 сарын 16-ны өдрийн 78 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар өсвөр насны шүүгдэгч Э.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Эрүүгийн хуулийнерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд  энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу  эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”,  мөн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ бүлэгт заасан  журмын дагуу ... эсхүл ял оногдуулахгүйгээр энэ бүлэгт заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.О-д ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, өсвөр насны шүүгдэгчийн гэм бурууг нь ухамсарлуулах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хуулийн ерөнхий ангийн 7.3  дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.2, 2.5-д заасан үүргийг хүлээлгэх нь зүйтэй байна.        

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг шийтгэх тогтоолд тус тус дурдах нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн өсвөр насны шүүгдэгч Э.О-ийн .................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг өсвөр насны шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:         

 

 

1. Өсвөр насны шүүгдэгч Зовогт Э.О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1. 3 дахь хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.О-д ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.О-д зан үйлээ засах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

 

4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан өсвөр насны шүүгдэгч Э.О-д хяналт тавихыг Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

 

 

5. Мөн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.О-ийг хяналтдаа байлгаж хүмүүжүүлэхийг эх Ж.Б-д даалгасугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар бичгийн баримтаар хураагдан ирсэн өсвөр насны шүүгдэгч Э.О-ийн ...................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг өсвөр насны шүүгдэгчид буцаан олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд өсвөр насны шүүгдэгч Э.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл өсвөр насны шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Б.ЭНХБААТАР