Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 318/ШШ2025/00114

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д аймгийн Н сумын 3 дугаар баг,       3 дугаар хорооллын 9 дүгээр байрны 106 тоотод оршин суух, регистрийн дугаар    ,          ургийн овогт Ц  Н,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Н нь 1971 онд  аймгийн          суманд төрсөн. Ц.Н 1990 онд          хотын цэцэрлэгийн багшийн сургуулийг төгсөж ирээд 1990 оны 7 дугаар сарын 16-ны өдөр  аймгийн      сумын 8 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 13 тоот тушаалаар тус цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажиллах болсон. Улмаар 1990 оноос 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байгаад Д аймгийн Эрдэнэт хот руу шилжсэн. 1990-1995 он хүртэл ажиллаж байсан тушаал гэрчлэх нотлох баримт, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жил дутуу бичигдсэн байна. Иймд Ц.Н 1990 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл  аймгийн      сумын 8 дугаар цэцэрлэг (одоогийн 5 дугаар) цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,  аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 172 дугаар зөвлөмжийн хуудас,  аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 26 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, фото зураг, гэрч         М, Р нарын иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

3. Шүүхээс         М, Р нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан, Ц.Н гэрлэснийг бүртгэх анкет зэрэг баримтыг нотлох баримтаар бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Н 1990 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл  аймгийн      сумын 8 дугаар (одоогийн 5 дугаар) цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч Ц.Н ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1.  аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 172 дугаар зөвлөмжийн хуудсанд: Хөдөлмөрийн дэвтэрт тушаал байхгүй, тодорхой бус, архивд ажилд орсон, ажлаас гарсан тушаал байхгүй тул 1990-1995 оны хооронд ажиллаж байсан хугацааг шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай гэжээ.

3.2.  аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 26 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэрт Ций Н 1991 оны 1 дүгээр сараас 2002 оны 12 дугаар сарын хооронд  аймгийн      сумын 5, 8 дугаар цэцэрлэгт ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлсэн байна.

3.3. Ц.Нд 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Цэцэрлэгчийн багшийн сургуулиас олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Цэцэрлэгийн багшийн сургуульд оюутнаар авч элсүүлэв, 1990 оны 6 дугаар сарын 26-ны өдөр сургууль төгссөн тул  аймгийн Ардын боловсролын хэл        т томилов, ... , 1990 оны 7 дугаар сарын 15-ны      сумын 8 дугаар цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар томилов, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр энэ дэвтрээр улсад 4 жил 6 сар 4 хоног ажилласнаар тооцов гэжээ.

3.4. Ц.Н гэрлэснийг бүртгэх анкетыг 1994 оны 6 дугаар сарын 10-ны өдөр бүртгэхэд Ажилладаг байгууллага 8 дугаар цэцэрлэг, эрхэлдэг ажил хүмүүжүүлэгч гэж бүртгэгджээ. Тухайн анкетад нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлд ач холбогдолтой мэдээлэл тусгагдсан байх тул баримтыг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзлээ.

3.5. Ц.Н нь 1991, 1995 онд авахуулж байсан гэх фото зургийг зургийг хаана, ямар аргаар бэхжүүлсэн нь тодорхой бус байх тул хэрэгт ач холбогдолгүй гэж үзэв.

3.6. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч         М, Р нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Р.Отгон Би 1990 оны 9 дүгээр сараас  аймгийн      сумын 8 дугаар цэцэрлэгт тогоочоор ажиллаж эхэлсэн. Намайг ажилд орох үед Ц.Н тус цэцэрлэгт багшаар ажиллаж байсан. Ц.Н тус цэцэрлэгт 2003 он хүртэл багшаар ажиллаж байгаад Эрдэнэт хот руу гэр бүлээрээ шилжиж явсан. Ц.Н 13 жил багшаар тасралтгүй ажилласан бөгөөд бид нэг байгууллагад олон жил ажилласан хүмүүс юм. 1990 онд н.Ц даргын тушаалаар бид ажилд томилогдон ажиллаж байсан учир Ц.Н ажиллаж байсан байдлын талаар сайн мэднэ гэж, гэрч Б.Эрдэнэчимэг Би 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс  аймгийн      сумын 8 дугаар цэцэрлэгт туслах багшаар ажиллаж эхэлсэн. Намайг ажилд орох үед Ц.Н нь тус цэцэрлэгт багшаар ажиллаж байсан бөгөөд бид хоёр н.Ц эрхлэгчийн тушаалаар ажилд томилогдож байсан. Ц.Н нь тус цэцэрлэгт бүлгийн багшаар ажиллаж байсан бөгөөд туслах багшаар нь Ж.Бямбатогтох багш ажиллаж байсан. Ц.Н 2003 оны 3 дугаар сар хүртэл ажиллаж байгаад гэр бүлээрээ Эрдэнэт хот руу шилжиж явсан. Хамтран ажиллахад урам зоригтой, манлайлагч сайн багшийн нэг байсан гэж тус тус мэдүүлсэн ба тэдний шүүхэд өгсөн мэдүүлэг нь  аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 26 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Ц.Н гэрлэснийг бүртгэх анкет зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул хэрэгт ач холбогдолтой гэж үзлээ.

 

4. Нэхэмжлэгч Ц.Н 1990 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл  аймгийн      сумын 8 дугаар (одоогийн 5 дугаар) цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан болох нь  аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 26 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Ц.Н гэрлэснийг бүртгэх анкет, гэрч         М, Р нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

5. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч          ургийн овогт Ций Н 1990 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл  аймгийн      сумын 8 дугаар (одоогийн 5 дугаар) цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ц.Н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч          ургийн овогт Ций Н 1990 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл  аймгийн      сумын 8 дугаар (одоогийн 5 дугаар) цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ц.Н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ