Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2023/ДШМ/968

 

Э.Т-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Түвшинбаяр,

яллагдагч Э.Т-гийн өмгөөлөгч Т.Багахүү,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЗ/1345 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Түвшинбаярын бичсэн 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 29 дүгээр эсэргүүцэлд үндэслэн өсвөр насны Э.Т-д холбогдох 2205 03553 0182 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Э-ы Т-, 2005 оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, С их сургуулийн 1 дүгээр түвшний оюутан, ам бүл 5, эцэг, эх, хоёр дүүгийн хамт Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

            Э.Т- нь 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт А.Б-тай “Хажуугаар гарахдаа мөрлөлөө” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь духны өмнөд хана, хамар ясны хугарал, таславчийн  мурийлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн чихний ар хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газар: Э.Т-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...1. Хавтаст хэрэгт насанд хүрээгүй хохирогч А.Б-гийн биед хэргийн үйл баримтын улмаас хохирол, гэмтэл учирсан эсэх талаар шинжээчийн 14675 дугаартай дүгнэлт /хх 41-42/, нэмэлт материалаар хийсэн шинжээчийн 102 дугаартай дүгнэлт /хх 55-57/, хэрэгт өсвөр насны яллагдагч Э.Т-гийн биед хэргийн үйл баримтын улмаас хохирол, гэмтэл учирсан эсэх талаар шинжээчийн 15830 дугаартай дүгнэлт /хх 62-63/, хэргийн материалаар хийсэн шинжээчийн 218 дугаартай дүгнэлт /хх 81-83/ зэрэг авагдсан байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өсвөр насны яллагдагчийн өмгөөлөгч нараас “насанд хүрээгүй хохирогчийн биед учирсан гэмтлийн талаар гарсан шинжээч эмчийн дүгнэлтэд засвар орсон дүгнэлт хуурамч байх магадлалтай” гэх саналыг гаргах ба энэ санал нь үндэслэл бүхий байх тул насанд хүрээгүй хохирогч А.Б-гийн биед учирсан гэмтлийн талаар бүрэлдэхүүнтэй буюу 3 шинжээч эмчийн дүгнэлтийг хэргийн материалд авагдсан баримтын хүрээнд гаргуулах нь зүйтэй.

2. Хавтаст хэргийн 91-102, 118-136 дугаар талд авагдсан баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд заасан баримт бичгийн хуулийн шаардлагыг хангаагүй байна. Энэ нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа юм. Иймд нотлох баримтын шаардлага хангасан баримт бичгийг хэрэгт хавсаргаж шүүхэд ирүүлэх нь хуулийн шаардлагад нийцнэ.

3. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өсвөр насны яллагдагчийн өмгөөлөгчөөс “мөрдөн шалгах ажиллагааны шатанд буюу 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр өсвөр насны яллагдагч Э.Т-гийн хууль ёсны төлөөлөгчөөс гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл гаргасан ба энэ нь мэдээллийн дагуу мөрдөгч, прокурор хуульд заасан ажиллагаа хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн зөрчил” гэх хүсэлтийг гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй. Тодруулбал, хавтаст хэргийн 7 дугаар талд өсвөр насны яллагдагч Э.Т-гийн хууль ёсны төлөөлөгчөөс Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүү Э.Т- нь гэмт хэргийн хохирогч болсон талаар гомдол гаргасан баримт хэрэгт авагдсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд энэ гомдлын талаар ажиллагаа хийсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, хуульд заасан ажиллагааг хийх нь хэргийн оролцогчийн эрхийг хангах хуулийн шаардлагад нийцнэ.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно гэж, 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад өсвөр насны яллагдагч, шүүгдэгчийн амьдралын нөхцөл байдал ба хүмүүжилтэй холбоотой мэдээллийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүрэн тогтоосон байхыг хуульчилсан байх ба хэрэгт авагдсан баримтыг судлахад өсвөр насны шүүгдэгч болон насанд хүрээгүй хохирогч нарын хувийн байдал, зан харилцааны байдал зэргийг тэдгээрийн сурч боловсорч буй сургуулийн холбогдох ажилтнаас тодруулах ажиллагаа бүрэн хийгдээгүй байна.

Дээр дурдсан нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийх хууль зүйн үндэслэлтэй...” гэж дүгнэж, Э.Т-д холбогдох 2205 03553 0182 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол Э.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Г.Түвшинбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...1. Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч А.Б-гийн биед гэмтэл учирсан эсэхийг тогтоосон анхны дүгнэлт буюу Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Эрдэнэцэцэг нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 14675 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа хэсэг газрын үзлэг, “Мед траума” эмнэлгийн эмч Б.Сарантуяагийн толгой КТГ-н шинжилгээг уншиж бичсэн дүгнэлтэд үндэслэн “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн чихний ар хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл” учирсан байна гэж тодорхойлсон. 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 102 дугаартай нэмэлт материалаар хийсэн дүгнэлтийг гаргахдаа 14675 дугаартай шинжээчийн дүгнэлт, “Мед траума” эмнэлгийн эмч Б.Сарантуяагийн толгой КТГ-н шинжилгээг уншиж бичсэн дахин дүгнэлт, мөн нэмэлтээр 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дүрс оношилгооны хариуг тус тус үндэслэн “духны өмнөд хана, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн чихний ар хэсгийн зөөлөн эдийн няцрал” учирсан байна гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон буюу духны өмнөд ханын хугарал гэмтлийг бүрэн гүйцэд 102 дугаартай дүгнэлтдээ тусгасан байна. Ингэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд “...шинжээчийн дүгнэлт бүрэн биш, эсхүл шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд прокурор, мөрдөгч нэмэлт шинжилгээ хийлгэхээр тухайн шинжээчид ...даалгана.” гэж зааснаар мөрдөгч шинжээч томилж, дээрх нэмэлт материалаар хийсэн дүгнэлтийг гаргажээ. Шүүх “шинжээч эмчийн дүгнэлтэд засвар орсон дүгнэлт хуурамч байх магадлалтай гэх яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан санал нь үндэслэл бүхий байна” гэж дүгнэж, бүрэлдэхүүнтэй буюу 3 шинжээч эмчийн дүгнэлтийг хэргийн материалд авагдсан баримтыг хүрээнд гаргуулах нь зүйтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хэрэв шүүхээс бүрэлдэхүүнтэй буюу 3 шинжээч эмчийн дүгнэлтийг хэргийн материалд авагдсан баримтыг хүрээнд гаргуулах нь зүйтэй гэж үзэж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой байна.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол, төлбөртэй холбоотой нэхэмжлэлийн баримтыг хуулбарыг /хх 91-102/ гаргаж өгсөн. Гэм буруугийн шүүх хуралдаан дээр Солонгос хэл дээрх баримтуудыг албан ёсны баталгаат орчуулгын газраар орчуулж, нотлох баримтын шаардлагын хэмжээнд гаргаж өгөх талаараа хэлсэн. Хэргийн оролцогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд зөрчигдсөн эрхээ сэргээлгэх талаар баримтаа гаргаж өгөх эрхтэй. Мөн хавтаст хэргийн 118-136 дугаар талд авагдсан баримтууд нь өсвөр насны яллагдагчийн хувийн байдлыг тодруулсан баримт байх бөгөөд мөрдөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа өсвөр насны яллагдагчийн хувийн мэдээлэлтэй тохирч байсан баримтыг хуулбарлан авч бэхжүүлж, хэрэгт хавсаргасныг шууд үгүйсгэх боломжгүй.

3. Өсвөр насны яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч С.Б- нь 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст бичгээр гомдол гаргасан байх бөгөөд түүний гомдлыг эрүүгийн 2205 03553 дугаартай хэрэгт хамтатган шалгасан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй Э.Т-гийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хангах ажиллагаа явагдаж, түүний биед гэмтэл учирсан эсэхийг тогтоох зорилгоор шинжээч томилж 15830, 218 дугаартай дүгнэлтүүдийг гаргуулсан. Дээрх дүгнэлтээр насанд хүрээгүй буюу 15 настай А.Б- нь 2022 оны 10 дугаар сарын 2”-ны өдөр Э.Т-гийн нүүрэн тус газар нь цохиж, баруун нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан хүний биед халдах зөрчлийн шинжтэй буюу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй байх боловч Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн А.Б-гийн үйлдэлд зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй талаар прокуророос дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, мөрдөгч, прокуророос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хуулийн заалтыг чанд сахиж, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүргийнхээ хүрээнд хуульд заасан бүх арга хэмжээг авч ажилласан байна.

4. Өсвөр насны яллагдагч болон насанд хүрээгүй хохирогч нарын хувийн байдал, зан харилцааны талаар тэдгээрийн сурч боловсорч буй сургуулийн багш н.М, Б.Баярмаа болон сурагч Г.О, Ц.М, Ч.Ч нараас гэрчээр мэдүүлэг авах, хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг хуулбарлан хэрэгт хавсаргах зэргээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.3 дугаар зүйлд заасан хувийн байдлыг хангалттай тогтоосон. Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд өсвөр насны яллагдагч Э.Т- нь насанд хүрээгүй А.Б-тай “хажуугаар гарахдаа мөрлөлөө” гэх шалтгаанаар маргалдаж, хацар, нүүр, хүзүү хэсэгт нь гараараа цохиж гэмтээсэн талаар насанд хүрээгүй хохирогчийн болон дамжмал нотлох баримт болох гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тухайн цаг үед А.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл явдлыг нотолсон байна. Мөн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн 14675, 102 дугаартай дүгнэлтүүдээр хохирогчийн биед учирсан уг гэмтэл хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар дүгнэсэн бөгөөд хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үгүйсгэх, няцаасан нотлох баримт тогтоогдоогүй. Өсвөр насны яллагдагч Э.Т-гийн сургуулийн орчинд үе тэнгийн дээрэлхэлт үүсгэж, насанд хүрээгүй хохирогч А.Б-гийн биед халдсан үйлдэл, түүнд учруулсан гэмтэл хоёр шууд шалтгаант холбоотой байна. Шүүгчийн захирамжид заасан ажиллагаа нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой байх тул өсвөр насны яллагдагч Э.Т-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Яллагдагч Э.Т-гийн өмгөөлөгч Т.Багахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би яллагдагч Э.Т-гийн өмгөөлөгчөөр мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа ажилласан. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос Э.Т-г  А.Б-тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр яллах дүгнэлт үйлджээ.

Анхан шатны шүүх хэргийг 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, мөн оны 8 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд “бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг гаргуулах, нотлох баримтыг шаардлага хангасан баримтыг шүүхэд ирүүлэх, яллагдагчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан гомдлын талаар ажиллагаа явуулах, яллагдагч, насанд хүрээгүй хохирогч нарын хувийн байдлыг тодруулах” гэсэн үндэслэлийг зааж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлгүй болжээ.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан бөгөөд мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчлан зааж, тэдгээрийг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотлохгүй, шүүх хуралдааны явцад нотолж болохыг зохицуулан хуульчилсан.

Шүүх аливаа эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг зааж, хэргийн үйл баримтад тулгуурлан шүүгдэгчийг гэм буруутай эсэх, буруутай бол ямар гэмт хэргийн шинжид тохирч байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийх учиртай.

Ингэхдээ, Монгол Улсын Шүүхийн тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим болох мэтгэлцэх зарчмын үндсэн дээр гэмт хэрэгт холбогдогч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, гэрч, шаардлагатай гэж үзвэл шинжээч зэрэг оролцвол зохих талуудыг бүрэн хамруулан, шүүхийн хэлэлцүүлэгт өрнүүлсэн мэтгэлцээний үр дүнд хэргийн үйл баримтыг үнэлэх, бодит байдлыг тогтоох бүрэн боломжтой.

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл шүүх шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж болохоор хуульчилсан тул энэхүү үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шуурхай байх зорилтод нийцнэ.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч, насанд хүрээгүй хохирогч нарын төрсний гэрчилгээ, лавлагаа, тэдгээрийн сурагчийн хувийн хэргийг хуулбарлан хэрэгт хавсаргасан нь нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэхээргүй байхаас гадна нэр бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авсан байна.

Мөн, прокуророос насанд хүрээгүй хохирогч А.Б-д хариуцлага хүлээлгэх эсэх талаар 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд дүгнэлт хийсэн байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасанчлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой байхад хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцаасан нь анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хүчингүй болгох үндэслэл болох бөгөөд энэ талаар бичсэн прокурор Г.Түвшинбаярын 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 29 дүгээр эсэргүүцлийг бүхэлд нь хангав.

Гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа, эрх чөлөөгөө хасуулсан хүүхдэд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд нэн тэргүүнд тэдгээрийн ашиг сонирхлыг хамгаалах, нэн ялангуяа шуурхай хянан шийдвэрлэж, эрх зүйн байдлыг ямагт дордуулахгүй байх талаар Монгол Улсын Үндсэн хууль, бусад органик хуулиудад зааснаас гадна Хүүхдийн эрхийн конвенцын 37 дугаар зүйлийн (d)-д “эрх чөлөөгөө хасуулсан хүүхэд бүр эрх зүйн болон бусад зохих туслалцааг даруй авах, түүнчлэн эрх чөлөөгөө хасуулсан нь хуулийн үндэслэлтэй эсэхийг шүүх буюу эрх бүхий хараат бус, аль нэг талын эрх ашигт үйлчлэхгүй байгууллагаар тогтоолгох, шуурхай шийдвэрлүүлэх эрхтэй.” гэж, мөн Насанд хүрээгүй хүмүүсийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын наад захын жишиг дүрэм /Бээжингийн дүрэм/ зэрэг олон улсын эрх зүйн баримт бичгүүдэд тусгалаа олсон байдаг.

Хэрэгт прокуророос 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр яллах дүгнэлт үйлдсэн байхад өмгөөлөгчөөс прокурорын байгууллагад удаа дараа гомдол гаргасны улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж, даруй 4 сар 15 хоногийн дараа хэргийг шүүхэд шилжүүлсэн, өсвөр насны яллагдагчийн эрх зүйн байдал дордож болзошгүй үр дагавар үүсгэсэн буруутай үр дагавар байгааг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЗ/1345 дугаар захирамжийг хүчингүй болгож, прокурор Г.Түвшинбаярын бичсэн 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 29 дүгээр эсэргүүцлийг бүхэлд нь хангасугай.
  2. Яллагдагч Э.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ