| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2023/01661/И |
| Дугаар | 312/ШШ2025/00229 |
| Огноо | 2025-02-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 312/ШШ2025/00229
| 2025 оны 02 сарын 10 өдөр | Дугаар 312/ШШ2025/00229 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******, утас*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг ******* тоотод оршин суух, Боржигон овогт , утас /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч И.*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч И.******* нь хариуцагч Г.д холбогдуулан 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч И.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Г. миний дүү Сувдтай машинтай ирж танилцаад дүү , хүү Учрал нарыг ГОК-ын цагдаад ажилд оруулж өгнө. Нэг хүний 4,200,000 төгрөг гэсэн. Тэгээд би мөнгө байхгүй гэсэн. Та мөнгөө хүн амьтнаас олоод өгчих, сарын дараа 1,000,000 төгрөгийн цалинтай болно гэхээр нь хүнээс мөнгө олж өгсөн. Та эхлээд хүнээс мөнгө олоод өгчих дараа нь танд зээл гаргуулаад өгчихнө, таньдаг эдийн засагч байгаа гэсэн. Би уг нь зээлийн хэрэг байхгүй байсан. Тэгээд ажилд оруулаад өгнө гээд баталгаатай гэсээр зээл авхуулсан. Тэгээд Вишнфанд ББСБ-аас эдийн засагч Мягмарсүрэнтэй ярьчихлаа гээд 20,000,000 төгрөгийн зээлийг миний хүү Учралын нэр дээр гаргаж өгөөд тэр өдөртөө 8,400,000 төгрөг өгөөд байж байтал Мягмарсүрэн эдийн засагч танд би тус болоо. Тийм болохоор та надад 7 хоногийн хугацаатай 5,000,000 төгрөг зээлээч гэж байна, та хүнээр туслуулсан юм чинь 5,000,000 төгрөгийн зээл өгчих, цаадах чинь зээлээ хаагаад буцааж гаргаад найдвартай өгнө гэсээр нэмж 5,000,000 төгрөгийг авч явсан байдаг. Тэгээд нийт тэр зээлээс 13,500,000 төгрөг авснаа шүүх хурал дээр зөвшөөрсөн байдаг юм. Гэвч манайх тэр хооронд зээл хэтэрч Вишнфанд ББСБ биднийг шүүхэд өгсөн юм. Тэр хооронд манайх зээлэндээ 960,000 төгрөгийн төлөлтөөр 5 сар төлөөд дийлэхгүй болсон. Энэ хугацаанд шүүхээр явж хугацаа их орсон. Энэ зээлийн 8,400,000 төгрөгийг увуулж цувуулаад 2 жилийн дараа өгсөн. Энэ хооронд манайх шүүхийн шийдвэрээр хашаа байшингаа, нэмээд вакум цонхыг тоног төхөөрөмжийн хамт бүгдийг нь хураалгаж тухайн үед граш 8х14 хэмжээтэй, газар нь 270 м.кв барьцаанд нийт 20,000,000 төгрөг барьцаалж авсан боловч тоног төхөөрөмж /15 саяын үнэтэй/ ороогүй байсныг шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Энхцэцэг дарамталсаар байж бүгдийг нь гарын үсэг зуруулж авсан. Би тухайн үед группт байдаг. өмгөөлөгч авах боломжгүй байсан. Хуулийн тухай мэдлэггүй байсан. ингэж манайхыг залилан мэхэлж зээл авхуулж амьдралын минь 7 жилийг хохироож байна. Одоо болтол 5,000,000 төгрөг төлөөгүй өдийг хүртэл хохироолоо. Би маш их гомдолтой. Би энэ хохирлоо аар төлүүлмээр байна. Сая нэг сураг гарч би ирж мэдүүлэг өгч байна. Залилангийн золиос болж 7 жилийг үдлээ. Энэ хооронд би Улаанбаатар хотын гудамжны чулууг бараг л долоож амьдарч явна. Орох оронгүй оочих аягагүй болж амьдарч явна. Шүүх хурал дээр би 5,000,000 төгрөгийг нь авсан нь үнэн, банкны зээлийн графикийн дагуу төлнө гэж авсан гэж худлаа ярьдаг, зальтай аймаар хүн шүү дээ. Иймд Г.аас 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар дүгнэлтдээ: Нэхэмжлэгч нэхэмжлэлийг 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гаргасан байсан. Тухайн үед ажиллагаа хийгдэж байгаад гэдэг хүнийг асуух шүүгчийн захирамжийг хангахаар тодорхой хугацаа алдсан юм байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байгаагийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэв.
3. Хариуцагчийн Г. шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... би И.******* эгчийн дүү , хүү ..... нараас авсан 8,400,000 мянган төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулж бүрэн төлж барагдуулсан. ******* эгчээс би 5,000,000 төгрөг огт аваагүй харин хүү болох Учирал нь зээл авах гэсэн чинь банк зээл олгохгүй байна, урьд нь хугацаа хэтэрч байсан гээд зээл авч чадахгүй чамд банкинд таних хүн байна уу? Гэсэн. Тэгэхээр нь би Вишинфанд ББСБ зээл өгдөг шүү дээ гэсэн. Та хэдэн төгрөгийн зээл авах гэсэн юм гэж асуухад 15,000,000 төгрөг гэхээр нь та надад 15,000,000 төгрөг дээрээ 5,000,000 төгрөг нэмээд аваад өгөөч дүү нь 5,000,000 төгрөгийг чинь графикийн дагуу төлье гэж хэлэхэд тэг тэг миний дүү гэж хэлээд надтай цуг зээл хөөцөлдсөн юм. Тэгээд зээл нь 20,000,000 төгрөгөөр гараад надад 5,000,000 төгрөг өгсөн би авсан 5,000,000 төгрөгөө графикийн дагуу төлсөн. Иймд Учиралд ямар ч өр байхгүй. ******* эгчээс огт мөнгө авч байгаагүй. Энэ ******* гэгч хүнийг би 7 жил хохироогоогүй, намайг сураггүй алга болсон гэж ярьж байна. ******* эгч ..... эгчийн дүү болох хүргэн нар нь манай гэрийг сайн мэднэ. Иймд энэ хүн намайг хайсан олдохгүй байсан гэж худлаа ярьж байна. Би хүнээс мөнгө авсан бол удсан ч заавал өгдөг. Би И.******* эгчид төлөх өр байхгүй. И.*******ын хувьд энэ олон жил шүүхэд хэргийн оролцогчоор оролцчихоод юу ч мэдэхгүй мэтээр тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Би шүүх хуралд 2-3 удаа орсон хэнээс хэдэн төгрөг авсан гэдэг нь тодорхой байгаа. Анх нэхэмжлэл гаргах хугацаа Иргэний хуулийн 75.2.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Өнөөдөр хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой. Хэрэгт авагдсан нотлох баримтаар тухайн хүнд төлбөр төлөх эсэх, ******* авсан өгсөн авсан эсэх нь нотлогдож тогтоогдохгүй байна. Ийм учраас нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор нотлох баримтаа бүрдүүлж цуглуулж өгөх ёстой байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн ийм байдалтай байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаан биш, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна. Тийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр хэрэгт байгаа гэдгийг нэхэмжлэгч өөрөө тайлбарлаж байна. Тиймээс хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-4/, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар 25-ны өдрийн 142/ШШ2016/00437 дугаартай шүүхийн шийдвэр /хх-5-8/ -ийг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч И.******* хариуцагч Г.д холбогдуулан 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
3. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...миний дүү болон хүүг Г. ГОК-д ажилд оруулж өгнө гээд 1 хүний 4,200,000 төгрөг нийт 8,400,000 төгрөгийг авсан боловч ажилд оруулж өгөөгүй, уг мөнгөө эргүүлж төлсөн. Уг мөнгийг д өгөхийн тулд хүү Учиралын нэр дээр Вишнфанд ББСБ-аас 20,000,000 төгрөг зээлсэн. Уг мөнгөнөөс Г. нь 5,000,000 төгрөгийг зээлж авсан боловч буцааж өгөөгүй тул гаргуулж өгнө үү... гэсэн.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: ...зээл 20,000,000 төгрөгөөр гараад надад 5,000,000 төгрөг өгсөн. Би авсан 5,000,000 төгрөгөө грапкийн дагуу төлсөн. Иймд Учиралд ямар ч өр байхгүй. ******* эгчээс огт мөнгө авч байгаагүй. Энэ асуудлаар эрүүгийн журмаар шалгагдаад дууссан. Мөн уг нэхэмжлэл нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан, уг асуудлаар шүүхийн шийдвэр гарсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэсэн.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
6. Тус хэрэгт нотлох баримтаар авагдсан Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 437 дугаартай шийдвэр болон гэрч Г.ын мэдүүлэгээр хариуцагч Г. нь нэхэмжлэгч ... хүү болох ...2015 оны 05 сарын 20-нд Вишнфанд ББСБ-аас зээлж авсан 20,000,000 төгрөгнөөс 5,000,000 төгрөгийг зээлж авсан болох нь тогтоогдож байна.
7. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. заасан гэрээний харилцаа үүссэн байна.
8. Гэвч нэхэмжлэгч И.******* нь 2015 онд өгсөн зээлийн төлбөрийг 2023 онд нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил; гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчиж шүүхэд шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа нэхэмжлэл гаргасан байна.
9. Иймд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул хариуцагч зээлийн төлбөрийг төлөхөөс татгалзах эрхтэй байна.
10. Мөн дээрх зээлийн асуудлаар нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан цагдаагийн байгууллагад өргөдөл, гомдол гаргаж шалгуулж, шийдвэрлүүлсэн, хариуцагч зээлж авсан мөнгийг ..... буцааж төлсөн гэж тайлбарлаж байх боловч зохигч өөрсдийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, хариу тайлбар татгалзалтай холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.
11. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч ... хариуцагч ... 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
12. Нэхэмжлэгч И.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч И.*******ын хариуцагч Г.аас 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч И.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ