| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
| Хэргийн индекс | 128/2024/0508/З |
| Дугаар | 128/ШШ2024/0972 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 128/ШШ2024/0972
2024 12 02 128/ШШ2024/0972
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Т*******” ХХК
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Г*******, Г.*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Х.Б*******
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Э*******
Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г*******, Г.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчээс “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлагаар маргаж байна.
2.Маргааны үйл баримтын талаар дурдвал:
2.1.Анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” А******* дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалант аманд “Т*******” ХХК-д 1916.25 м.кв газрыг аялагч түр буудаллах, отоглох зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар шийдвэрлэжээ.
2.2.Дээрх тушаалыг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалтай нутгийн удирдлагын газраас нэхэмжлэгч “Т*******” ХХК-д маргаан бүхий 1916.25 м.кв талбай бүхий газрыг ашиглах эрхийн 0*** дугаартай гэрчилгээг бичиж олгосон байна.
2.3.Нэхэмжлэгч “Т*******” ХХК нь 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг дарга нартай Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах №20*** дугаартай гэрээг 5 жилийн хугацаатайгаар байгуулжээ.
2.4.Нэхэмжлэгч нь дээрх байдлаар газар ашиглах эрхээ хэрэгжүүлж байхад нь маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А*** дугаар тушаалаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
2.5.Тус шүүх нэхэмжлэгчээс “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А*** дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: "Манай компани нь Хан-Уул дүүрэг, Богдхан уулын ДЦГ, Жаргалантын аманд 0*** гэрчилгээний дугаартай 1916.25м² газрыг аялал жуулчлалын зориулалтаар эзэмшиж байгаа бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А*** дугаар тушаалаар хүчингүй болгох тухай шийдвэрийг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гардан авсан бөгөөд тухайн А*** дугаар тушаалд дурдсан газар ашиглах эрхийг цуцлах шийдвэр нь үндэслэлгүй тул дээрх шийдвэрийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А******* дугаар тушаалд манай ашиглах эрхтэй газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө заасан хугацаанд бүрэн төлөөгүй үндэслэл зааж дурдсан нь үндэслэлгүй юм. Манай компани нь Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын аманд 0**** гэрчилгээний дугаартай 1916.25м² газрыг аялал жуулчлалын зориулалттай газрыг дээрх сайдын тушаалд дурдсан үндэслэлээр хүчингүй болгох шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлгүй тул хүчингүй болгож өгнө үү.
1.Манай компани нь 2020 оны 07 дугаар сарын 06 өдрийн А*** дугаар тушаалаар тухайн газрыг эзэмших эрх үүссэн хэдий ч дэлхий нийтийг хамарсан цар тахлын хязгаарлалтын улмаас тухайн үедээ ашиглах боломж үүсээгүй.
2.Мөн Тусгай хамгаалалттай газрын нутагт газар ашиглах 202*** дугаартай гэрээг 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн холбогдох байгууллагуудтай байгуулсан.
3.Энэ хугацаанд манай компанийн эзэмшиж буй газрыг ойр орчимд газар эзэмшдэг иргэд дур мэдэн хашаалсан байдалтай байгаа бөгөөд 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад манай компанийн эзэмшиж буй газрыг цуцлуулах талаар гомдол гаргасан бөгөөд энэхүү зөрчилдөөний улмаас эзэмшиж буй газрыг чөлөөлж өгөхгүй байгаа болно.
4.Ийнхүү газар ашиглах ажлыг эхлүүлэх гэсэн боловч мөн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр нэр бүхий иргэд Б.С***, А.Э***, Д.М*** нарын нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох манай компанийн эзэмшиж буй газрыг ашиглах эрхийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тухайн шүүхийн маргаан дуусах хүртэл ашиглах боломжгүй болсон.
5.Бид ийм байдлаар эзэмших ашиглах эрх зөрчигдөж байгаатай холбогдуулан дур мэдэн хашаалсан иргэдийн эзэмшлээс чөлөөлүүлэхээр 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Монгол улсын ерөнхийлөгч У.Х*** болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хүсэлт гаргасан боловч дорвитой арга хэмжээ авч хариу ирүүлээгүй байсаар байна.
6.Дээр дурдсан нөхцөл байдлын улмаас манай компани нь өөрийн эзэмшил газраа ашиглаж чадахгүй байгаа хэдий ч газрын төлбөр тооцооны үлдэгдэлгүй байгаа, ашиглах боломж төр олгохгүй байхад шударгаар газрын төлбөрөө төлсөөр, харьцангуй өндөр төлбөр төлж ашиглаж чадахгүй хохирсоор байхад хохирсон дээр нь эрхийг нь хүчингүй болгож байгаад тун гомдолтой байна.
Иймд манай компанийн эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А*** дугаар тушаалд дурдсан ашиглах эрхтэй газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө заасан хугацаанд бүрэн төлөөгүй гэх үндэслэлгүй тул тус хууль бус захиргааны актыг хүчингүй болгож, эрхийг сэргээж өгнө үү.” гэжээ.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М*** шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А******* дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Т*** ХХК нь Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газар, Жаргалантын аманд 0*** гэрчилгээний дугаартай 1916,25 м.к газрыг аялал жуулчлалын зориулалтаар эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А******* дугаар тушаалаар хүчингүй болгох тухай шийдвэрийг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гардан авсан. А******* дугаар тушаалд дурдсан газар ашиглах эрхийг цуцлах шийдвэр нь үндэслэлгүй байх тул дээрх шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А******* дугаар тушаалд манай ашиглах эрхтэй газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрийг заасан хугацаанд бүрэн төлөөгүй гэсэн үндэслэл зааж дурдсан нь үндэслэлгүй байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар тушаал гарч газар ашиглах эрх үүсэж 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийн гэрээ байгуулсан. Энэ хугацаанд тусгай хамгаалалттай газраа ашиглах эрхээ хэрэгжүүлэх нөхцөл байдал нэхэмжлэгчээс шалтгаалахгүйгээр үүссэн. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хуулиудад зааснаар газар ашиглах эрх гэрээний дагуу үүссэн гэж үзэх боломжгүй. Газар эзэмших эрхийн харилцаатай холбоотой төлбөр төлөх болон газар эзэмшигч болон төрийн захиргааны байгууллагуудын харилцан хүлээх эрх үүргүүдийг тодорхойлж өгдөг. Гэрээ 2020-2023 онуудын хугацаанд байгуулагдаагүй. Үүнд хариуцагч бодитой үндэслэл бүхий дүгнэлт хийж чадалгүйгээр манай компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “"Т*******” ХХК-ийн гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах" тухай нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 07 дугаар сарын 06 нь өдрийн А******* дугаар тушаалаар “Ти*** " XХК-д Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын аманд 1916.25 м.кв газрыг аялагч түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах зориулалтаар 5 жилийн хугацаагаар газар ашиглах эрх олгосон. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А******* дугаар тушаалаар “Т***” XХК-д олгосон газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. Тус хүчингүй болгосон тушаалын гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй", 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасныг тус тус удирдлага болгосон. Нэхэмжлэгч нь Газрын тухай хуульд заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2-оос дээш жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй болох нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 736 дугаар албан бичигт ирүүлсэн саналаар нотлогдож байна.
Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй . хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно", “Мөн зүйл, хэсэгт заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй байдаг. Мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын биелэлтийг хангуулах, зөвшөөрөл авсан байгууллагатай гэрээ байгуулах, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын хүрээнд явуулж болох үйл ажиллагаанд зөвшөөрөл олгох, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа байгууллага учраас Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хийсэн болно.
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн "Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А*** дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн тушаал хууль зүйн үндэслэлтэй байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг үндэслэсэн. 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр газар олгох захирамж гараад улмаар 200 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гэрчилгээ олгогдсон. Үүнээс хойш газар ашиглах эрх нь үүссэн. Гэрчилгээ нь гарснаас хойш 2020 онд төлбөрөө бүтэн төлөөгүй, 2021 онд төлөөгүй, 2022 онд төлөөгүй, 2023 оны 03 дугаар сарын 269-нд 2,700,000 мянган төгрөг, 08 дугаар сард үлдсэн 6 сая төгрөг төлсөн байдаг. Энэ үйлдэл нь Газрын төлбөрийн тухай хуулийг зөрчиж байна. Газрын төлбөрийн тухай хуульд газрын төлбөрийг дараа улирлын эхний сарын 20-ны дотор төлнө гэж заасан байна. Нөхөн төлсөн гэдэг нь хугацаа хэтэрсэн гэсэн үг. 2020-2022 оны төлбөрийг төлөөгүй гэдэг нь үүгээр тодорхой харагдаж байна. 2020 оноос 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд газрыг зориулалтын дагуу ашиглахаар ямар нэгэн үйлдэл хийгээгүй нь шүүхийн үзлэгээр харагддаг. Нэхэмжлэгч нар газар дээр айлын хашаа байсан учраас ашиглаж чадаагүй гэж тайлбарладаг. Энэ асуудлаа шийдвэрлүүлэхээр хандаж байсан баримт байдаггүй. Газраа зориулалтын дагуу ашиглаагүй нь нэхэмжлэгчийн газар дээр айл байгаа асуудлаар хязгаарлагдахгүй. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гаргасан тушаал хууль зүйн үндэслэлтэй байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
2.Нэхэмжлэгчээс “... Хариуцагч нь маргаан захиргааны актаар манай компанийг газраа хүндэтгэн шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж үзсэн нь үндэслэлгүй.” гэж, Хариуцагчаас “... Нэхэмжлэгч “Т****” ХХК нь дээрх эзэмшлийн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй тул маргаан бүхий захиргааны акт үндэслэлтэй.” гэж тус тус маргажээ.
3.Нэхэмжлэгч “Т****” ХХК-аас хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
4.Анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” А******* дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалант аманд “Т***” ХХК-д 1916.25 м.кв газрыг аялагч түр буудаллах, отоглох зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар шийдвэрлэжээ.
5.Дээрх тушаалыг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалтай нутгийн удирдлагын газраас нэхэмжлэгч “Т*******” ХХК-д маргаан бүхий 1916.25 м.кв талбай бүхий газрыг ашиглах эрхийн 0*** дугаартай гэрчилгээг бичиж олгосон байна.
6.Нэхэмжлэгч “Т*******” ХХК нь 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг дарга нартай Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах №2*** дугаартай гэрээг 5 жилийн хугацаатайгаар байгуулжээ.
7.Нэхэмжлэгч нь дээрх байдлаар газар ашиглах эрхээ хэрэгжүүлж байхад нь маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А*** дугаар тушаалаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
8.Маргаан бүхий дээрх тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.4.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/255 дугаар тушаалаар байгуулагдсан “Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хуралдсан XI хурлаас гарсан шийдвэрийг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийг маргаан бүхий газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
9.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл.“Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох”, 40.1.“Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно.”, 10.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй.”, 40.1.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.” гэж тус тус заажээ.
10.Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 4/2754 дүгээр албан бичигт “... Татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй “Т***” ХХК нь газрын төлбөрийн татварт 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 2,514,600.00 /хоёр сая таван зуун арван дөрвөн мянга зургаан зуун/ төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 6,543,675.00 /зургаан сая таван зуун дөчин гурван мянга зургаан зуун далан тав/ төгрөг, нийт 9,058,275.00 /есөн сая тавин найман мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг төлсөн байна.” гэжээ.
10.Нэхэмжлэгч “Т***” ХХК нь 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр газар ашиглах гэрээг байгуулсан байх бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр буюу нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон захиргааны акт гарахаас өмнө газрын төлбөрийг бүрэн төлсөн байх тул нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан зөрчлийг гарсан гэж үзэхээргүй байна.
11.Иргэн Б.С*** нараас Байгаль орчин аялал жуулчлалын сайдад холбогдуулан тус шүүхэд “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А******* дугаар тушаалын “Т***” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байх бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШЗ2023/9686 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
12.Нэхэмжлэгчид хэдийгээр маргаан бүхий газрын ашиглах эрх 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр үүссэн байх боловч нэхэмжлэгч нь газар ашиглах гэрээг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан, хөрш зэргэлдээ газар ашиглагч иргэд нэхэмжлэгчийн ашиглах эрхтэй холбоотой маргаан үүсгэж шүүхээр шийдвэрлүүлсэн, мөн хөрш зэргэлдээ газар ашиглагч нар нь нэхэмжлэгчийг өөрийн газар руу гаа нэвтрэн орох боломжгүйгээр газрыг хашаалж хэрүүл маргаан үүсгэж байсан зэрэг нь хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
13.Дээрхээс дүгнэвэл, нэхэмжлэгчийг маргаан бүхий газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй байна гэж шууд буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан зөрчлийг гаргаагүй байна гэж үзэв.
14.Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А******* дугаар тушаал нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А*** дугаар тушаалаар байгуулагдсан “Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хуралдсан 1*** хурлаас гарсан шийдвэрийг үндэслэл болгосон байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс дээрх шийдвэрийг нотлох баримтаар гаргуулахаар шаардсан боловч хариуцагчаас тийм шийдвэр байхгүй байна гэх тайлбартайгаар уг шийдвэрийг ирүүлээгүй болно.
15.Дээрхээс дүгнэвэл, хариуцагч нь маргаан бүхий асуудлаар тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн шийдвэр гараагүй байхад уг зөвлөлөөс шийдвэр гарсан мэтээр дүгнэж маргаан бүхий захиргааны актыг гаргасан байна гэж үзэхээр байна.
16.Хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох ажиллагааг цахимаар хийж захиргааны актыг гаргасан гэж тайлбарлан маргадаг боловч энэ талаарх тайлбар, баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй тул дээрх ажиллагааг мөн хуульд заасан журмын дагуу хийсэн гэж үзэхээргүй байна.
17.Иймд дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, хариуцагч нь маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийг маргаан бүхий газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийн “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106,3.1, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А******* дугаар тушаалыг хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ