Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2023/ДШМ/100

 

 

М.Б-д холбогдох                                                                                                             эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Баярчимэг,  

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч М.Б-,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/834 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Б-ий гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2111010401115 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэний илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн М-гийн Б-, Улаанбаатар хотод 1999 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, софтвейр инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ..................... 1 дүгээр давхарт байрлах “-” салбарын “-” брендийн тасагт худалдааны зөвлөхөөр ажиллаж байсан, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, - дүүргийн ........ дугаар хороо, .............. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: 00000000/;

М.Б- нь 2021 оны 05 дугаар сарын 13-наас 06 дугаар сарын 24-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ..................... давхарт байрлах “................... ” салбарын “.......................” брендийн тасагт худалдааны зөвлөхөөр ажиллаж байхдаа түүнд итгэмжлэн хариуцуулсан 30.399.390 төгрөгийн үнэ бүхий “..................” брендийн 7 ширхэг гар утас, 1.188.971 төгрөгийн үнэ бүхий дагалдах хэрэгсэл буюу нийт 31.588.901 төгрөгийн үнэ бүхий гар утас, дагалдах хэрэгслийг үргэлжилсэн үйлдлээр завшсан гэмт хэрэгт холбогджээ. 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: М.Б-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч М.Б-ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг үргэлжилсэн үйлдлээр завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс ажил хөдөлмөр эрхлэх, яаралтай эмнэлгийн тусламж авахаас бусад хэлбэрээр зорчихгүй байхаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдаж, хяналтдаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ээс 11,588,901 төгрөг гаргуулан хохирогч “..........................” ХХК-д олгож, хэрэгт хавсарган ирүүлсэн 2 ширхэг “CD”-г хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Улаанбаатар хотын 4 дүүрэгт хүргэлтийн ажил хийдэг ба анхан шатны шүүхийн шийдвэрээс болоод ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон тул гомдолтой байна. Иймд шүүхийн хязгаарлалтыг Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул дүүрэг болгон тогтоож өгнө үү.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч М.Б-ий гаргасан давж гомдолтой нь холбогдуулан гаргах тайлбаргүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас төлбөр төлөх хугацааг зааж өгсөн. Мөн анхан шатны шүүх хуралдаанд талууд эвлэрч, төлбөрийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулахаар тохиролцсон. Уг хугацааг дахин 1 сарын хугацаагаар сунгаж өгөхийг шүүгдэгчийн зүгээс хүссэн. Гэвч шүүгдэгч М.Б- өнөөдрийн байдлаар нэмж төлбөр төлөөгүй байгаа. Давж заалдах гомдлыг нь дэмжин оролцож байна” гэв.

Прокурор Б.Баярчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс 8 сарын хугацаагаар гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан нь үндэслэлтэй. Мөн шүүгдэгч “зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хэмжээг тэлж өгнө үү” гэж гомдол гаргасан нь Эрүүгийн хуулийн зорилгод нийцэхгүй байна. Хэрэгт шүүгдэгч М.Б-ийг хүргэлтийн ажил хийдэг талаар баримт авагдаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар М.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Хэргээс үзэхэд, шүүгдэгч М.Б- нь 2021 оны 5 дугаар сарын 13-наас 6 дугаар сарын 24-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ............... давхарт байрлах “.................. ” салбарын “...............” брендийн тасагт худалдааны зөвлөхөөр ажиллаж байхдаа түүнд итгэмжлэн хариуцуулсан 30.399.390 төгрөгийн үнэ бүхий “.................” брендийн 7 ширхэг гар утас, 1.188.971 төгрөгийн үнэ бүхий дагалдах хэрэгсэл буюу нийт 31.588.901 төгрөгийн үнэ бүхий гар утас, дагалдах хэрэгслийг үргэлжилсэн үйлдлээр завшсан болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М-гийн “... Б- 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүртэл ганцаараа ажилласан. 24-ний өдөр Б- ковид-19 цар тахал өвчний нэгдүгээр хавьтал болсон тул ажилдаа ирэх боломжгүй болсон. 6 дугаар сарын 28-ны өдөр ээлжит тооллого хийхэд 30,399,930 төгрөгийн үнэ бүхий iphone12 promax гар утас 6 ширхэг, iphone12 pro гар утас 1 ширхэг, 1,188,971 төгрөгийн дагалдах хэрэгсэл дутсан. Т-ыг 6 дугаар сарын 27-ны өдөр ..... тасагт ажиллаж байхад нэг хүн гар утас авна гэхэд шүүгээг нээж үзэхэд хар саарал өнгөтэй iphone12 promax гар утас 1 ширхэг байсан гэсэн. Тэгээд Т Б-ээс нэг ширхэг утас байгаа юм уу гэж асуухад тийм гэж хариулсан байсан. Маргааш нь тооллого хийхэд гар утас дутсан.” /1-р хх 45-46/,

гэрч Ө.Ц-ын “... 6 дугаар сарын 23-ны өдөр ажилд ороход миний өмнө Б- гэх залуу ганцаараа ажиллаж байгаад ковид өвчин туссан гээд үдийн хойно явсан. Би дагалдах хүнгүй байсан тул Б-ээс утсаар зөвлөгөө аваад ажиллаж байхад 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хяналтын тооллогыг “.....” ХХК-ийн нягтлан бодогч Э, тоологч гэж нэг эмэгтэй хүний хамт хийсэн. Хяналтын тооллого хийхэд шинээр ажилд орсон Ц бид хоёр бараагаа хүлээж авах гээд байж байхад тасгаас 30,399,930 төгрөгийн үнэ бүхий 7 ширхэг гар утас, 1,188,971 төгрөгийн үнэ бүхий дагалдах хэрэгсэл дутагдсан байна гэж зөрчил илэрсэн. ...намайг ажил авахад бараа дутсан байсан, би ажиллаж байхдаа ямар нэг бараа бүтээгдэхүүн дутагдуулсан асуудал гаргаагүй.” /1-рхх 73-74/,

гэрч П.У-ын “...6 дугаар сарын 27-ны өдөр нягтлан бодогч Энхбаясгалангийн хамт тооллого хийсэн. Би программ дээр хүлээн авсан барааг үлдэгдэл бараатай тулгасан. Тэгэхэд гар утас, дагалдах хэрэгсэл дутсан. Би тухайн үед ямар төрлийн хэдэн ширхэг бараа материал дутсан талаар мэдэж байсан. Цаг хугацааны хувьд удсан болохоор одоо нарийн сайн санахгүй байна. Тухайн тасгийг хариуцан ажиллаж байсан Б-ээс зөрүү гарсан барааны талаар асуухад мэдэхгүй гэж хариулсан.” /1-р хх 85-86/,

гэрч Э.Э-гийн “... 6 дугаар сарын 27-ны өдөр Уламбатын хамт тооллого хийсэн. Тооллого хийх болоход “....” ХХК-ийн “...”-ийн тасгийн хариуцсан Б- байхгүй байсан. Бид хоёр программаас үлдэгдэл барааны жагсаалтаа авч очсон. Тухайн тасагт үнэн зөв мэдээлэл өгөх хүн байхгүй байсан тул тооллогоо хойшлуулсан. ...тооллого хийхэд iphone12 promax загварын гар утас 6 ширхэг, усан цэнхэр өнгөтэй iphone 12 pro загварын гар утас 1 ширхэг, нийт 7 ширхэг гар утас, 30,399,930 төгрөгийн гар утас, дагалдах хэрэгсэл 1,188,971 төгрөг, нийт 31,588,901 төгрөгийн бараа дутсан. “-” ХХК-ийн “-”-ийн тасагт 2021 оны 3 дугаар сард бараа татан авалтаар Iphone 12 pro max гар утас 10 ширхэг, дагалдах хэрэгслүүд ирсэн байсан. Би 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “-” ХХК-ийн “-”-ийн тасгийг хүлээн авахдаа тооллого хийсэн. Тэгэхэд бараа материалын дутагдал байхгүй, татан авалтаар хүлээн авсан, борлуулсан, үлдэгдэл бараа тохирч байсан. Хуваарийн дагуу 6 дугаар сарын 24-ний өдөр тооллого хийх байсан боловч эд хариуцагч байхгүй байсан тул тооллого хойшилсон. Би 6 дугаар сарын 28-ны өдөр тооллогын баримтуудыг үзэхэд, тэр үед iphone12 promax гар утас 6 ширхэг байхгүй байсан. Б- 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр ковид өвчин тусаад ажлаасаа явсан. Мөн тасаг дээр байсан усан цэнхэр өнгөтэй iphone 12 pro загварын гар утас 1 ширхэг дутсан. ...Б- 31,588,901 төгрөгийн бараа дутагдах үед 2021 оны 6 дугаар сард ганцаараа ажиллаж байсан.” /1-р хх 89-90/,

гэрч Э.У-ын “...зар дээр хямд үнээр утсыг бэлнээр худалдан авч зарж борлуулах чиглэлээр давхар ажил хийж байсан. Тэр үед худалдан авсан гар утасны мөнгө 3,500,000-г М.Б- гэх ............. дугаартай данс руу “utas” гээд хийсэн. Энэ утас нь iphone12 promax загварын утас байсан бөгөөд фейсбүүкийн зар дээрээс харж байгаад уулзаад худалдан авч байсан. Зах зээлийн ханш нь 3,800,000 орчим байсан. Тэр залууг харвал зүс таних байх, тухайн үедээ надад лизинг билүү бартераар авсан гээд хайрцагтай лац нь задраагүй, цэнхэр өнгөтэй утас өгсөн. Би М.Б- гэдэг хүний зургийг сайтар үзлээ, энэ мэдүүлэг дээр миний яриад байгаа гар утас худалдсан залуу мөн байна. Би түүнээс энэ гар утсыг Тэнгис кинотеатрын орчимд уулзаад худалдан авсан. Тэр залуугийн гар утасны дугаар нь цээжлэхэд амархан дугаар байсан.” /2-р хх 129-130/,

гэрч С.Х-гийн “... М.Б- гэдэг хүнийг танихгүй. Оросын холбооны улсын 1XBET нэртэй цахим тоглоомын сайт байдаг ба тухайн сайтад нэвтэрдэг хэрэглэгч нарын мөнгийг би өөрийн дансаараа дамжуулан цэнэглэж өгдөг. Тухайн үед манайхаар үйлчлүүлж дансаа цэнэглүүлж байсан хүмүүсийн нэг байх, өдөрт давхацсан тоогоор 300-500 хүн үйлчлүүлдэг.” /2-р хх 165/,

гэрч Ж.З-ын “...М.Б-ий Хаан банкны 5077435073 данснаас миний эзэмшлийн Хаан банкны ...................  тоот дансанд 111 удаагийн гүйлгээгээр орж ирсэн 19,397,000 төгрөг нь М.Б- гэж хүний миний дансаар дамжуулан 1XBET сайтын account-руугаа 111 удаагийн гүйлгээгээр нийт 19,397,000 төгрөгийг байршуулж, шилжүүлүүлж, татсан мөнгө юм. Энэ нь Оросын холбооны улсын спортын тэмцээнүүдэд мөрий тавьдаг сайт юм.” /2-р хх 178-179/,

гэрч С.Х-ы “... М.Б-ий хувьд гэвэл манай сайтад анх 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр бүртгүүлж, Акаунт хаяг нээж, тэр өдөртөө дансаа цэнэглэж бооцоо тавьж эхэлсэн нь бүртгэгдсэн байсан. Үүнээс хойш нийт 9 удаагийн цэнэглэлт хийж, 6 удаагийн татан авалт хийсэн байна. Нийтдээ манайх руу 510,000 төгрөгийг шилжүүлэн цэнэглэлт хийчихээд эргүүлээд ашиг олж, цэнэглэлт хийсэн мөнгөнөөсөө илүүг буюу 873,650 төгрөгийн татан авалт хийсэн байна.” /2-р хх 181/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн санхүүгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 55 тоот дүгнэлт /2-р хх 151-163/, хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх 101-102/, аудитын дүгнэлт /1-р хх 48-51/, Номин трейдинг ХХК-ийн 2-5/54 дугаартай тушаал, хөдөлмөрийн гэрээ /1-р хх 113, 114-117/, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ /1-р хх 118-119/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Шүүгдэгч М.Б- нь “-” ХХК-ийн “-”-ийн тасагт худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа компанийн өмчлөлийн бараа, бүтээгдэхүүн болон харилцагчдаас оруулсан орлогыг итгэмжлэн хариуцсан ажилтан байжээ. Тэрээр бараа, бүтээгдэхүүнийг хувьдаа авч ашигласан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийн шинж, гэмт хэргийн сэдэл, санаа зорилго, гэм буруугийн хэлбэрийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгч М.Б-ий гэм буруу, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон, Баянгол дүүгийн нутаг дэвсгэрээс ажил хөдөлмөр эрхлэх, яаралтай эмнэлгийн тусламж авахаас бусад хэлбэрээр зорчихгүй байхаар тогтоосон байх тул шүүгдэгч М.Б-ий “...би ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон тул нутаг дэвсгэрийн хүрээг тэлж өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдлыг нь хангах боломжгүй байна.

Анхан шатны шүүхээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 174 дүгээр зүйлийн “174.1.4.ялтны ял шийтгүүлэх үеийн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон, эсхүл өөр байгууллага, хуулийн этгээдэд шилжин ажиллах, шилжин суралцах шаардлагатай болсон; 174.2.Ялтан ял эдлэх бүсээ өөрчлүүлэх тухай үндэслэл бүхий хүсэлтийг бичгээр гаргах бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч ялтны хүсэлт, шийдвэр гүйцэтгэгчийн санал, холбогдох материалыг хянаж, 10 хоногийн дотор прокурорт хүргүүлэн шийдвэрлүүлнэ.” гэж тус тус хуульчилсаны дагуу ажил хөдөлмөр эрхлэх тохиолдолд тухайн шийдвэр гүйцэтгэгчэд хүсэлтээ хүргүүлэхээр заасан нь түүний хөдөлмөр эрхлэх боломжийг хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/834 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Б-ий гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Т.ӨСӨХБАЯР       

ШҮҮГЧ                                                                      М.АЛДАР

ШҮҮГЧ                                                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ