Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 312/ШШ2025/00352

 

2025         02           26                                           312/ШШ2025/00352

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа би,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, *** тоот хаягт оршин суух, ******* ******* овогт ******* ******* /РД: *******, утас: *******/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, *** тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:, утас: /-т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт 10,800,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2024 оны 03 дугаар сард ажлын газрын хүн болох О.******* нь мөнгө зээлдэг хүн байна уу, яаралтай мөнгөний хэрэг байна ганц хоёр хонуулаад өгнө туслаач гэж гуйсны дагуу өдрийн 2 хувийн хүүтэйгээр 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 3,500,000 төгрөг, 3 дугаар сарын 11-ний өдөр 2,000,000 төгрөг, 03 дугаар сарын 16-ны өдөр 1,800,000 төгрөгийг өөрийнх нь дансанд хийсэн. Тухайн үедээ 2-3 хоног л болно, нөхрийн ажлаас мөнгө ороод ирнэ, тэгэхээр шууд хийнэ, сэлбэг авах гэсэн мөнгө дутаад гэж хэлээд авахуулсан боловч түүнээс хойш нэг ч төгрөг төлөөгүй. Сүүлд 12 сард уулзсан мөнгөө өгөхгүй бол шүүхэд өгөх хүсэлтэй байгаагаа хэлсэн. Хэрэв өдрийн хүүгээр бодвол хүү нь маш их мөнгө болох учир нийт 10,800,000 төгрөг өгөхөөр тохиролцсон боловч өгөөгүй. Хүний итгэл найдварыг алдан бусдаас өндөр хүүтэй мөнгө авахуулан тохиролцсон хугацаандаа өгөөгүй залилангийн шинж чанартай үйлдэл гаргасанд гомдолтой байгаа учир тохиролцсон 10,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч О.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие овогтой ******* нь Л.*******гоос өдрийн 2 хувийн хүүтэй мөнгө хэд хэдэн удаа авч төлсөн. Дээд тал нь 17,000,000 төгрөг, 4,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг гээд хэд хэдэн удаа аваад хүүтэй нь төлж байсан. Сүүлд авсан мөнгөн дээр ажил бүтэлгүйтэж гүйцэж төлж чадаагүй. Одоо төлүүлэх мөнгөний 5,000,000 төгрөгийн хүүг хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Үндсэн мөнгө болох 5,800,000 төгрөгийг 5-н сарын хугацаанд хувааж төлөх хүсэлтэй байна. Яагаад гэвэл ганцаараа ажил хийж байгаа олон зээл төлдөг. Нөхрийн ажил дулааны улиралд эхэлдэг. Тийм болохоор 5-н сарын хугацаатай төлөх хүсэлтэй байна. Хүүний 5,000,000 төгрөгийг бууруулах хүсэлтэй байна. Иймд миний хүсэлт тайлбарыг хүлээж авна уу гэжээ.

 

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд: Миний бие ******* нь Л.*******гоос авсан 5,800,000 төгрөгийг 5-6 сарын хугацаанд төлөх хүсэлтэй байна. Одоогоор нөхөр ажилгүй, би бие өвдөж акттай байгаа, ажлаа хийхгүй байгаа. Төлөлтийг 3-н сарын 15-наас хийнэ. 03 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 04 дүгээр сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 05 дугаар сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 06 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 07 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг төлнө. Хүүг тохиролцож сар бүрийн эхээр төлнө. 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр нийт 9,000,000 төгрөгийг төлж дуусгана. Нэхэмжлэгч Л.******* миний бие нэхэмжлэлийн шаардлагаас 1,800,000 төгрөг хасахыг зөвшөөрсөн болно. Нийт 9,000,000 төгрөг гаргуулахыг зөвшөөрсөн болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.******* хариуцагч О.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрч нэхэмжлэгч Л.******* нэхэмжлэлийн шаардлага болох 10,800,000 төгрөгийн 1,800,000 төгрөгөөс татгалзаж, 9,000,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч О.******* төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Л.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187,750 төгрөгөөс 93,875 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвөөс 93,875 төгрөгийг, хариуцагч О.*******оос 79,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Л.*******д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Л.******* нэхэмжлэлийн шаардлага болох 10,800,000 төгрөгийн 1,800,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч О.******* нэхэмжлэлийн шаардлага 9,000,000 төгрөгийг 03 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 04 дүгээр сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 05 дугаар сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 06 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 07 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187,750 төгрөгөөс 93,875 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвөөс 93,875 төгрөгийг, хариуцагч О.*******оос 79,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Л.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Г.ЖАРГАЛТУЯА