Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2023/ДШМ/982

 

Л.Б-д холбогдох эрүүгийн

      хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Мөнх-Амгалан,

яллагдагч Л.Б-, түүний өмгөөлөгч Б.Буянжаргал,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЗ/1746 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Т.Мөнх-Амгалангийн бичсэн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 21 дүгээр эсэргүүцэлд үндэслэн Л.Б-д холбогдох 2206 00000 0059 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Л-ийн Б-, 1996 оны ... дугаар сарын ...-ны өдөр Ховд аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаар Ховд аймгийн ... сум, ... дугаар баг, ... дүгээр гудамжны ... тоотод  оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хуулийн тэгшитгэлд хамрагдаж, эдлээгүй үлдсэн 1 сар 03 хоногийн баривчлах ялаас чөлөөлсөн,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 550 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 1484 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 311 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 38 хоногийн хорих  ялаар сольж, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 674 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар эдлээгүй үлдсэн 7 сар 6 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж байсан;

Л.Б- нь 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд нэр бүхий 239 иргэнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, өөрийн эзэмшлийн “Хаан” банкны дансаар нийт 54.046.390 төгрөгийг шилжүүлэн авч, залилах гэмт хэргийг тогтвортой үйлдэж, бусдын эд хөрөнгийг хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар мөнгө олоход чиглэсэн үйл ажиллагааг байнгын шинжтэй амьдралын хэв маяг болгон, бусдад 54.046.390 төгрөгийн хохирол учруулж, өөрт амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газар: Л.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Яллагдагч Л.Б-ийн өмгөөлөгч Б.Буянжаргалын “мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх, хэргийг прокурорт буцаалгах” тухай хүсэлтийг шүүхэд гаргасан ба  шүүх хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй. Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн №2098 дугаар захирамжаар Л.Б-д холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 278 дугаар магадлалаар захирамжийг хэвээр үлдээсэн. Хэрэгт нэмэлт ажиллагаа явуулсан байх боловч зарим үйлдэл холбогдлыг шалгаагүй орхигдуулсан байна. Яллагдагч Л.Б- нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр, яллагдагчаар өгсөн мэдүүлэгт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “283 хүнээс мөнгө авсан” талаар мэдүүлсэн. Мөн түүний Хаан банк дахь дансны хуулга /1хх 118-153/ авагдсан, мөнгө шилжүүлсэн иргэдийн дансны дугаар байхад уг мэдээлэл, баримтыг шалгаагүй, шүүгчийн захирамж, магадлалд дурдсан ажиллагааг бүрэн хийгээгүй байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд аль банкны данс болох, данс эзэмшигч нь хэний хэн болох, холбогдож байгаа утасны дугаар нь данс эзэмшигч мөн эсэхийг шалгаж тогтоох боломжтой. Иймд яллагдагч Л.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр прокурорт буцаах нь зүйтэй” гэж дүгнэж, Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, яллагдагч Л.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хэргийг прокурорт очтол хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлал тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, ялагдагчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Т.Мөнх-Амгалан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн байцаалтын үр дүнд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор хянан үзэж, эх сурвалжийг нь харьцуулах, нотлох, үгүйсгэх зэргээр нэгтгэн дүгнээд Л.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэдэгт шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхэд буюу тухайн шүүгдэгчийг цагаатгах болон шийтгэх тогтоолын аль нэгийг гаргахад шууд нөлөөлж болохуйц, эсхүл хэргийг прокурорт буцаахгүйгээр тухайн асуудлыг шүүхийн шатанд шийдвэрлэх, эргэлзээг тайлах боломжгүй тохиолдлыг хамааруулан үзэх нь зүйтэй.

Уг хэргийг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн даруй яллагдагчаар татагдсан этгээд болох Л.Б-эс анх гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрчийн мэдүүлгийн дагуу түүний дансны хуулгыг гаргуулан авч хэрэгт хавсаргасан байдаг. Гэрчийн мэдүүлэгт мөн 283 хүн хохирсон талаар мэдээлэл өгч, уг мэдээллийн дагуу 283 иргэний мэдээллийг холбогдох банкнаас гаргуулан авч, утсаар холбогдож харьяа цагдаагийн байгууллага, эсхүл Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст ирж гомдол гаргах талаар мэдэгдсэн боловч хохирсон гэх этгээдүүд өнөөдрийг хүртэлх хугацаанд цагдаа, прокурорын байгууллагад дахин гомдол гаргаагүй нөхцөл байдалтай байна.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2098 дугаар захирамжид заасны дагуу 68 хүнийг хохирогчоор тогтоон мэдүүлэг авсан бөгөөд үлдсэн 43 иргэн гомдол саналгүй, цагдаагийн байгууллагад очих шаардлагагүй талаар гаргасан холбогдох баримтыг мөрдөгч материалжуулан хэрэгт хавсаргасан. Мөн урьд давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдагдсаны дагуу хохироосон этгээдүүдийг олж тогтоох зорилгоор сонин мэдээнд зар байршуулсан, цагдаагийн байгууллагын холбогдох мэдээллийн сүлжээнд тухайн хэргийн талаар зар байршуулан ажилласан. Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод “гэмт хэргийг шуурхай илрүүлэх, ...зөрчигдсөн эрхийг сэргээх” гэж заасны дагуу хэргийн бодит байдалд нийцүүлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Яллагдагч Л.Б-ийн өмгөөлөгч Б.Буянжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийт хохирогчоор тогтоогдсон этгээдийн тоо тодорхой байдаг. Нийт 44 иргэн хохирогчоор тогтоогдоогүй. Мөн хэний дугаар эсэх нь мэдэгдэхгүй дугаараас “Намайг хохирогчоор тогтоох шаардлагагүй. Гомдол, саналгүй” гэсэн зурвасыг хэрэгт хавсаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, хуульд заасан арга хэлбэрээр нотлох баримтыг хавсаргаагүй. Үүнтэй холбоотой тайлбарыг өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд тодорхой тайлбарласан. Хохирогчдыг бүрэн гүйцэт олж тогтоогоогүй учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

Яллагдагч Л.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гэм буруугийн асуудлаар маргадаггүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Хэргийг түргэн хугацаанд шийдвэрлүүлмээр байна. Би буруу зүйл зүйж олон хүнийг хохироосон. Би цагдан хоригдож байх хугацаандаа эцгийгээ алдсан. Одоо би ажил хөдөлмөр эрхэлж байгаа. Нэг ч болтугай хохирогчийн хохирлыг түргэн хугацаанд төлж барагдуулах хүсэлтэй байгаа. Шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд би бүх боломж бололцоогоороо хохирогчдын хохирлыг барагдуулна. Би бүх хүмүүст амласан. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Л.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.

Прокуророос яллагдагч Л.Б-ийг “2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд нэр бүхий 239 иргэнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан, өөрийн эзэмшлийн “Хаан” банкны дансаар нийт 54.046.390 төгрөгийг шилжүүлэн авч, залилах гэмт хэргийг тогтвортой үйлдэж, бусдын эд хөрөнгийг хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар мөнгө олоход чиглэсэн үйл ажиллагааг байнгын шинжтэй амьдралын хэв маяг болгон, бусдад 54.046.390 төгрөгийн хохирол учруулж, өөрт амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт буруутган, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй, шүүгчийн захирамж хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

Учир нь, урьд Л.Б-д холбогдох энэхүү хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЗ/2098 дугаар захирамж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ДШМ/1078 дугаар магадлалаар мөн адил үндэслэлээр хэргийг прокурорт буцааж байсан.

Нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар прокурорын зөвшөөрлөөр “Хаан” банкнаас нэр бүхий иргэдийн мэдээллийг гаргуулан авч, улмаар нэр бүхий 67 иргэнийг хохирогчоор тогтоон мэдүүлэг авсан, “Шуурхай зар” сонинд “2021 оны 7 дугаар сараас цахим орчинд бараа захиалга авч байгаа байгууллагын доод хэсэгт иргэдийн үлдээсэн дугаар руу тухайн байгууллагын өмнөөс 88888888 дугаараар холбогдож 5555555555, 5555555555 дугаарын дансанд мөнгө шилжүүлж залилуулсан иргэд БЗД ЦХ-т хандана уу. Утас: 99999999” гэсэн зар мэдээ байршуулсан, нэр бүхий иргэдтэй утсаар холбогдоход “Гомдолгүй” гэсэн бөгөөд энэ талаар мөрдөгч тэмдэглэл үйлдсэн байна.

Дээрх мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан арга хэрэгслээр явуулсан боловч гэмт хэргийн улмаас хохирсон байж болзошгүй үлдэх 35 иргэний мэдээллийг тодруулан тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн талаар мөн мөрдөгчийн тэмдэглэлд /21хх 68/ дурджээ.

Л.Б-д холбогдох хэрэгт шалгавал зохих зүйлсийг шалган тогтоосон, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийгдсэн мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд авагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлэн дүгнэж, прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд анхан шатны шүүх хуульд зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм бурууг хянан хэлэлцэж, шийдвэр гаргах нь зүйтэй.

Тодруулбал, Л.Б-ийг залилах гэмт хэрэгт холбогдуулах прокурор 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 569 тоот яллах дүгнэлт үйлдсэн байх бөгөөд уг дүгнэлтийн тогтоох хэсэгт түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллаж байгаа талаар дурдсан байна /22хх 104/.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг “... тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” хэмээн тодорхойлон тогтоосон.

Хуулийн энэхүү зохицуулалтаар зөвхөн прокурорын яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дурдсан, Эрүүгийн хуулийн тодорхой зүйл, хэсгээр зүйлчлэн ангилагдсан болон шүүгчийн захирамжаар шүүхэд шилжүүлсэн хэрэг, хүний хувьд л шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үүрэгтэй юм.

Өөрөөр хэлбэл, прокурорын яллах дүгнэлт, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн шүүгчийн захирамжаар шүүх хуралдааны хэмжээ хязгаар тодорхойлогдох бөгөөд эдгээрт дурдагдаагүй хэрэг, хүний талаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ямар нэгэн ажиллагаа явуулах эрхгүй болно.

Иймд, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн прокурор Т.Мөнх-Амгалангийн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЗ/1746 дугаар захирамжийг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгосонтой холбогдуулан яллагдагч Л.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЗ/1746 дугаар захирамжийг хүчингүй болгож, прокурор Т.Мөнх-Амгалангийн бичсэн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 21 дүгээр эсэргүүцлийг бүхэлд нь хангасугай.
  2. Яллагдагч Л.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ