| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
| Хэргийн индекс | 28/2023/0953/З |
| Дугаар | 128/ШШ2024/1024 |
| Огноо | 2024-12-11 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 128/ШШ2024/1024
2024 12 11 128/ШШ2024/1024
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ю.С*******
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Ж*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Б*******
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.О*******
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А******* дугаар захирамжийг эрх зүйн зөрчилтэй, хууль бус захиргааны акт үндэслэлээр хүчингүй болгуулах.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчээс “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А******* дугаар захирамжийг эрх зүйн зөрчилтэй, хууль бус захиргааны акт үндэслэлээр хүчингүй болгуулах” шаардлагаар маргаж байна.
2.Маргааны үйл баримтын талаар дурдвал:
2.1.Анх Нийслэлийн Засаг даргын 2017 оны А******* дугаар захирамжаар Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ю.С*******д /РД:У/ 286 м.кв газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн байна.
2.2.Үүний дараа хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай” А******* дүгээр захирамжаар нэхэмжлэгч Ю.С газрын хэмжээг 659 м.кв талбай болгон нэмэгдүүлж, маргаан бүхий газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.
2.3.Нийслэлийн Газрын албанаас дээрх Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А******* дүгээр захирамжийг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч Ю.С*******д маргаан бүхий 659 м.кв талбайг эзэмших эрхийн 0 дугаартай гэрчилгээг бичиж олгосон байна.
2.4.Нэхэмжлэгч Ю.С******* нь 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн газрын албаны дарга болон газар зохион байгуулагчтай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх” гэрээг 15 жилийн хугацаатайгаар байгуулжээ.
2.5.Нэхэмжлэгч Ю.С******* нь дээрх байдлаар маргаан бүхий газраа эзэмшиж байхад нь маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А******* дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
2.6.Тус шүүх нэхэмжлэгчээс “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А******* дугаар захирамжийг эрх зүйн зөрчилтэй, хууль бус захиргааны акт үндэслэлээр хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Монгол Улсын иргэн Ю.С******* надад Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээний зориулалтаар олгосон 659 м.кв газрыг "газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, эзэмшил газраа 2 жил болон түүнээс дээш хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй" үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай Нийслэлийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А******* дугаартай "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай" захирамж нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсгох, мэдэгдэх ажиллагаа явуулах, нөхцөл байдлыг шинжлэн судлах, бодит байдлыг тогтоох, иргэдэд эрх тэгш хандах зарчим, зохицуулалт, хэм хэмжээтэй төдийлөн нийцээгүй, газар эзэмшигчийг нөхцөл байдлын талаар бүрэн дүүрэн мэдээлэл, судалгаа хийгээгүй, танилцуулагдалгүйгээр шууд буруутгаж, эрх ашгийг нь хохироохуйц үр дагавартай, хууль бус захиргааны акт болсон.
Уг захиргааны актыг буюу захирамжийг Нийслэлийн Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд хүчингүй газар эзэмших эрхийг маань сэргээж өгнө үү хандаж урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа явуулсан боловч Нийслэлийн Засаг даргын тамгын газраас 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 0*** дугаартай албан бичгээр, "Танаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид ирүүлсэн гомдолтой танилцлаа. Иргэн та Газрын тухай хууль тогтоомжид заасны дагуу эзэмшил газраа 2 жил болон түүнээс дээш хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй байсан тул Нийслэлийн Засаг даргын 2023 оны А******* дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож эзэмших эрхийг дуусгавар болгосон байна. Уг шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа хийсэн байна. Иймд таны гаргасан хүсэлтийг ханган шийдвэрлэх боломжгүй байна" гэсэн хариуг өгсөн. Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2-т "Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна: 25.1.1. ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах; 25.1.2. оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах", 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно", 27 дугаар зүйлд сонсох ажиллагаа явуулах журмыг тус тус заасан байх бөгөөд 27.7 дахь хэсэгт "Сонсох ажиллагааны үед гарсан саналыг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд заавал тусгах үүрэг хүлээхгүй боловч тусгаагүй шалтгааныг тайлбарлах үүрэгтэй" гэж хуулиар зохицуулсан. Гэвч Нийслэлийн Засаг дарга нь тухайн А******* дугаартай "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай" захирамжийг гаргахдаа дээрх хуулиар хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хэргийн нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тодруулах, нотлох баримт цуглуулах, сонсох ажиллагаа явуулах шаардлагуудыг зөрчсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан нийтлэг болон тусгай зарчмууд, тэдгээрийн дотор "4.2.1.хуульд үндэслэх; 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; 4.2.6. бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах; 4.2.8.хууль ёсны итгэлийг хамгаалах" зарчмуудад нийцэхгүй шийдвэр болсон.
Тухайлбал, Монгол Улсын Газрын тухай хуулийн 40.1.6-д "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэж заасан байхад Нийслэлийн Засаг даргын захирамжид энэхүү хууль зүйн үндэслэлийг хэрэглэхдээ, "хүндэтгэн үзэх шалтгаан" байсан үгүй эсэхийг огт тодруулалгүйгээр шийдвэр гаргасан болох нь захиргааны акт, холбогдох хариугаас харагдаж байна. Тодруулбал, газар эзэмшигч Ю.С******* миний гэр бүлийн гишүүн, нэгдмэл сонирхолтой, хамаарал бүхий этгээд Ч.Р******* нь Нийслэлийн газар зохион байгуулалтын албатай Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо Хандгайтын ** дүгээр гудамжны 6*, 6*, 6*, 6*, 6*, 6*, 6* тоотод байрлах 7 ширхэг өмчилсөн газар, газар дээр байсан 1 ширхэг 793.9 метр квадрат үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөө Нийслэлийн агаарын бохирдлыг буруулах ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн 1* дүгээр хорооны нутаг дэвсгэрт ЭКО орон сууц барих төсөл явагдах болсон, уг ажлыг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас нийтийн эрх ашгийн төлөө зохион байгуулагдаж буйг дэмжиж газрын албанаас гаргасан саналыг хүлээн авч тухайн газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай №2** дугаартай гэрээг 2018 оны 12 дугаар сарын 20-ний өдөр хийсэн байдаг. Улаанбаатар хотын захиргаанаас нийт үнийн дүнгийн 40 хувь болох 353.574.416 төгрөгийг 2018 онд олгосон байдаг ба үлдсэн 60 хувь болох 530.361.416 төгрөгийг 2019 ондоо багтааж олгохоор тохиролцсон. Гэтэл гэрээний дагуу 2019 онд багтааж олгохоор тохиролцсон 530.361.416 төгрөгийг өгөлгүй өдийг хүрснээр яригдаж буй Баянгол дүүрэг дэх газарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэр хариуцагч болон түүний харьяа, хэрэгжүүлэгч агентлаг захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас шууд саатсан. Одоо Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас нийт 680,627,463 төгрөгийн авлагатай тул энэхүү авлагаа шүүхийн журмаар нэхэмжилж байгаа юм. Нөгөөтээгүүр, захиргааны байгууллага газар эзэмшигчийг буруутгах болсон цаг хугацаанд дэлхий нийтийг хамарсан корона вирусийн цар тахлын нөлөөлөл учирсан бодит үйл баримтыг бүхэлд нь огоорсон байдаг. Өөрөөр хэлбэл, татвар төлөөгүй, зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлүүдийн хувьд газар эзэмшигчийн нөхцөл байдал хамаарахгүй, авлагын маргаан бүхий байгаа бодит нөхцөл байдлыг тодруулах, нотлох баримт цуглуулах, сонсох ажиллагаа огт хийгдээгүй, эрх зүйн зөрчилтэй, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд харш шийдвэр гарсан байна. ” гэжээ.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “"Маргаан бүхий актын харвал газраа зохих журмыг дагуу ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаандаа төлөөгүй гэсэн үндэслэлүүдээр манай газар эзэмших эрхийг цуцалсан байдаг. Иргэн Ю.С*** төлбөр төлөх үүрэг, төлбөрийн хэмжээний асуудал тодорхойгүй. Хэдэн төгрөгийг, ямар журмаар, яаж төлөх нь тодорхойгүй байхад төлбөрөө төлөөгүй гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. Төлбөр төлөх хугацааг нь өгөөгүй, хуульд заасан эрхийг нь эдлүүлээгүй. Ийм хэмжээний төлбөр байна, газар ашиглах эрх чинь цуцлагдах гэж байна гэсэн асуудлыг хариуцагч Ю.С*******д акт гаргахынхаа өмнө мэдэгдсэн бол төлбөрийг нь төлөөд явчих боломжтой байсан. Гэрээн дээр алдангийн асуудлыг заасан байдаг. Алдангиа тооцоод бусад арга хэмжээгээ аваад явчихсан бол газар эзэмших эрх цуцлагдах хэмжээндээ хүрэхгүй байх байсан.
Анх 2017 оны 03 дугаар сараас эхлэн 286 м.кв газар эзэмшиж эхэлсэн байдаг. Үүнээс 6 сарын дараа анхны газрын хэмжээгээ хоёр тийш нь сунгаж ихэсгэсэн 659 м.кв газрыг 2017 оны 10 дугаар сараас хойш худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байгаа. 2017 оны 10 дугаар сараас газар ашиглах эрх шинэчлэгдээд 15 жилийн хугацаатайгаар сунгагдахад газрын төлбөрийн үлдэгдэлгүй байсан.Төлбөрийн үлдэгдэлгүй гэдгийг актаар тогтоогдоод сунгасан. 2018 оноос хойш төлбөрийн асуудал ярьж эхэлнэ. Ю.С*** хэлж байгаагаар 2018 онд 1,600,000 гаруй мянган төгрөгийн илүү төлөлттэй байсан. Энэ нь хариуцагчийн гаргаж өгсөн акт дээр тодорхой харагдаж байгаа. 2018-2020 онуудад төлөлт хийгээгүй явж байгаа нь илүү төлөлтөөсөө суутгаад аваад явж байгаа гэсэн ойлголттой явж байсан гэдэг. Газрын төлбөртэй холбоотой асуудал 2022 онд анх үүссэн байдаг. Манайд төлбөрүүд чинь төлөгдөөгүй байгаа учир газар эзэмших эрх чинь цуцлагдаж гэж байна гэж мэдэгдсэн ч ямар хэмжээний төлбөр төлөх, хэдийн хэмжээний үлдэгдэл байна гэдгийг хэлээгүй, харагдахгүй байсан. 2022 оны 09 дүгээр сарын 20-ны мэдэгдэл гарч үүний дагуу 10 дугаар сарын 15-ны өдөр буюу 2 долоо хонгийн дотор төлбөрөө төлчихсөн. Анх Улаанбаатар хотын банканд төлбөрөө төлж байна гэж байсан хэдий ч дүрэм, журам нь өөрчлөгдөөд цахим төлөв рүү шилжсэн гэж ойлгосон. Цахимаар ороод харахаар манай компанид 2022 оны 10 дугаар сарын байдлаар 3 нэхэмжлэх татварын байгууллагаас ирүүлсэн байдаг. Энэ нэхэмжлэхийн дагуу бүх төлбөрөө Ю.С*** төлсөн байдаг. 2022 онд 500 мянган төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэж харагдаж байсан. Ю.С*** хувьд нэхэмжлэхээ төлөөд төлбөрийн үлдэгдэлгүй гэж ойлгоод явж байсан. Ингэж явсаар гэнэт манай газрын цуцалчихсан байсан. Ингэж цуцлахдаа манайд ямар ч мэдэгдэл хүргүүлээгүй байдаг. Гол цуцалсан үндэслэл гэж хариуцагчаас тооцоо нийлсэн акт ирүүлсэн байдаг. Тооцоо нийлсэн актад 2018 оноос өмнө 1 сая 600 мянган төгрөгийн зөрүүтэй байна гэдгийг хариуцагчаас зөвшөөрч, 1 сая 500 мянган төгрөгийг төлөх үүрэгтэй байна гэж дурдаад байгаа. Хариуцагчийн зүгээс биднийг төлөх ёстой гээд байгаа 1 сая 500 мянган төгрөгийг ямар учраас төлөх ёстой гэж дурдаад байгааг нь ойлгохгүй байгаа. Бид 2017 онд газрын төлбөрөө бүтэн төлчихсөн, 2018 онд газрын төлбөр 1 сая 500 мянган төгрөг төлөгдөх ёсгүй. Төлөх ёстой гэж үзээд байгаа энэ мөнгөн дүн нь үндэслэлгүй байна, яагаад төлөх ёстой гэж үзээд байгааг нь ойлгохгүй байна.
Улиралд 340,000 төгрөг төлөх ёстой гэж бичээд байгаа. Гэрээгээ харвал 280,000 төгрөг төлөхөөр зааж өгсөн байгаа. Улирлын төлбөр дээр 70, 80 мянган төгрөгийн зөрүүтэй байгаа. Яагаад 340,000 төгрөг гэж гэрээний үнээс зөрүүтэйгээр бичээд байгаа нь ойлгомжгүй байна. Алданги тооцсон байх гэж үзээд тооцоолоод бодож үзэхэд биш байсан. Тэгэхээр тооцоо нийлсэн акт гэрээтэйгээ нийцэхгүй байна. Тооцоо нийлсэн актыг нь үзвэл 26 дугаараар төгссөн гэрээний дугаарыг заагаад байгаа. Манай гэрээ дээр ийм дугаар байхгүй. Бидний зүгээс өөр хүний гэрээний дугаарыг Ю.С гэрээний дугаартай андуурч техникийн алдаа гаргачихсан юм уу гэж хараад байгаа юм. Манай гэрээ 15 жилийн хугацаатайгаар байгуулагдсан. Одоог хүртэл энэ гэрээ хүчин төгөлдөр байгаа. Гэрээ дээр төлбөрөө Улаанбаатар банкны дансаар төлнө гэж зааж өгсөн байгаа. Энэ нь цахим руу шилжиж байгаа бол манайд мэдэгдэх ёстой байсан. Манайх төлбөрөө төлөх гээд цахим сайт руу хандахад 3 нэхэмжлэл үүссэн байсан, үүний дагуу төлбөрөө төлсөн. Өөр ямар нэхэмжлэх, төлбөр байгаа нь тодорхойгүй байсан. Эхний мэдэгдэл эхний зөрчил дээр байгаа. Манайх эхний мэдэгдлээр ирсэн зөрчлөө арилгачхаад байхад дахин акт гарахад яагаад энэ талаар манайд мэдэгдээгүй юм бэ?, төлбөрийнхөө дүнг хэлээд манайд мэдэгдчихсэн байхад төлбөрөө төлөх боломжтой байсан. Мөн гэрээний 4.6-д 0,5 хувийн алданги тооцно гэж заасан байгаа. Энд заасны дагуу алдангиа тооцоод бидэнд боломж олгоод мэдэгдчихсэн байсан бол энэ асуудал хүндрэхгүйгээр шийдэгдчих боломжтой байсан. Үүнээс үзвэл төлбөр төлөөгүй гэж үзэж газар эзэмших эрхийг цуцалсан нь үндэслэлгүй байна.
Хариуцагчаас Ю.С*** хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа ашиглаагүй гэсэн асуудал ярьж байна. Ю.С******* нь 2017 оны 10 дугаар сараас эхлэн уг газраа эзэмшиж эхэлсэн. Энэ газарт ТҮЦ ажиллалдаг. Ю.С******* нь жижиг үйлчилгээний төв барихаар төлөвлөж энэ талаараа Нийслэлийн Засаг даргад хүсэлт гаргаж, энэ хүсэлтийг нь хүлээн авч үйлчилгээний талбай барьж болно гээд зөвшөөрөл өгсөн байдаг. 2018 онд зураг төслөө хийлгэж батлуулах гээд Нийслэлд хандахад 2018 оны 12 дугаар сард энэ газар дээр барилга барих боломжгүй, Нийслэлийн Засаг даргын шинэ бүс тогтоосон А/1*** тоот захирамж гарсан гэсэн хариу өгсөн. Энэ захирамжийг нь уншвал бүсэд орсон газар дээр зөвхөн инженер нийтийн дэд бүтцийн барилга барина, нийтийн эзэмшлийн зам, талбай барина, өөр барилга барах боломжгүй гэж дурдсан байдаг. Эхлээд болно гэж хариу мэдэгдчихээд дараа нь болохгүй гэсэн шинэ захирамж гаргасан. Энэ захирамж гарсан учир Ю.С*** нь барилга барих боломжгүй болсон.” гэжээ.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ю.С*** Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай" А*** дугаар захирамжийг эрх зүйн зөрчилтэй, хууль бус захиргааны акт үндэслэлээр хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иргэн Ю.С*** Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А*** дүгээр захирамжаар Баянгол дүүргийн 8 хорооны нутагт худалдаа, үйлчилгээний зориулалтаар 659 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 01*** дугаар албан бичиг сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн бөгөөд иргэн Ю.С*** заасан хугацаанд хариу тайлбарыг ирүүлээгүй, мөн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн Засаг даргад гаргасан гомдлын хариуг 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр *** дугаар албан бичгээр өгсөн.
Дээрх захирамжийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 "эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;:", 40.1.6 "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.", Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолд "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно” заалтыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А******* дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн байна. Иймд маргаан бүхий захирамж нь хуульд нийцэн гарсан үндэслэл бүхий захиргааны акт байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 730 тоот захирамжаар Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээний зориулалтаар 629 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар олгосон. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 0** дугаар албан бичгээр сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн. Ю.С*** заасан хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй. 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр манай байгууллагад гаргасан гомдлын хариунд нь 0*** дугаар албан бичгээр нь нэхэмжлэгчид хариу өгсөн. Дээрх 6*** захирамжийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар газар эзэмшигч нь газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй, 41.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй гэдэг байдлаар манайхаас хүчингүй болгосон. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолд хүндэтгэн үзэх шалтгаангүй гэдгийг гэнэтийн байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшлээс хамаарах шалтгаан байхгүй нөхцөл байдлыг ойлгоно гэж заасан байна. Энэ заалтыг үндэслээд 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А*** дугаар захирамжаар тухайн газар эзэмшигчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
2.Нэхэмжлэгчээс “... Нэхэмжлэгч Ю.С******* нь маргаан бүхий газартай холбоотой Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан зөрчлүүдийг гаргаагүй байхад маргаан бүхий захиргааны актаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй.” гэж, Хариуцагчаас “... Нэхэмжлэгч нь Газрын тухай хуульд заасны дагуу газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, маргаан бүхий газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй тул маргаан бүхий захиргааны актаар газар эзэмших эрхийн хүчингүй болгосон нь үндэслэлтэй.” гэж тус тус маргажээ.
3.Нэхэмжлэгч Ю.С*******ос Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А******* дугаар захирамжийг эрх зүйн зөрчилтэй, хууль бус захиргааны акт үндэслэлээр хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
4.Анх Нийслэлийн Засаг даргын 2017 оны А******* дугаар захирамжаар Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ю.С*******д /РД:У/ 286 м.кв газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн байна.
5.Үүний дараа хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай” А*** дүгээр захирамжаар нэхэмжлэгч Ю.С*** газрын хэмжээг 659 м.кв талбай болгон нэмэгдүүлж, маргаан бүхий газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.
6.Нийслэлийн Газрын албанаас дээрх Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А*** дүгээр захирамжийг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч Ю.С*******д маргаан бүхий 659 м.кв талбайг эзэмших эрхийн 0*** дугаартай гэрчилгээг бичиж олгосон байна.
7.Нэхэмжлэгч Ю.С*** нь 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн газрын албаны дарга болон газар зохион байгуулагчтай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх” гэрээг 15 жилийн хугацаатайгаар байгуулжээ.
8.Нэхэмжлэгч Ю.С*** нь дээрх байдлаар маргаан бүхий газраа эзэмшиж байхад нь маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А*** дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
9.Маргаан бүхий дээрх захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4 дэх заалт, 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.1 дэх заалтыг тус тус үндэслэсэн байх бөгөөд нэхэмжлэгч Ю.С******* нь газраа 2 жил болон түүнээс дээш хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрөө заасан хугацаанд бүрэн төлөөгүй гэх үндэслэлүүдээр газар эзэмших эрхийг нь хүчингүй болгож шийдвэрлэжээ.
10.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл.Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, 40.1.Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно., 10.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй.”, 40.1.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.” гэж тус тус заажээ.
11.Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-т Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ... Мөн зүйл, хэсэгт заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно. гэж тайлбарлажээ.
12.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийхэд нэхэмжлэгч нь маргаан бүхий газарт ямар нэгэн бүтээн байгуулалт хийгээгүй, хашаа татаагүй, маргаан бүхий газарт нийтийн тээврийн автобусны буудал, түргэн үйлчилгээний цэгүүд байсан бөгөөд энэ нь нэхэмжлэгчид хамааралгүй объектууд бөгөөд энэ үйл баримттай нэхэмжлэгч маргаагүй болно.
13.Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл, маргаан бүхий тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл байдал үүссэн байсан байна гэж үзэхээр байна.
14.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 01** дугаар албан бичгээр нэхэмжлэгч Ю.С ** газрын төлбөрийн төлөлтийн мэдээллийг ирүүлжээ.
15.Дээрх баримтаас үзвэл, нэхэмжлэгч Ю.С******* маргаан бүхий газрын төлбөрийг 2019, 2020, 2021, 2023 оны 1,2 дугаар улирлуудад төлөөгүй байх бөгөөд нийт 958,357 /есөн зуун тавин найман мянга гурван зуун тавин долоо/ төгрөгийн газрын төлбөрийн үлдэгдэлтэй байна.
16.Дээрхээс дүгнэвэл, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй.” гэж заасан хуулийн агуулга нь газрын төлбөрийг тухай бүр нь хугацаанд бүрэн төлөөгүй байхыг ойлгох бөгөөд нэхэмжлэгч нь маргаан бүхий тохиолдолд газрын төлбөрийг тухай бүр нь бүрэн төлж байгаагүй болох нь тогтоогдож байх тул мөн дээрх нөхцөл байдал үүссэн байна гэж үзэхээр байна.
17.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, нэхэмжлэгч Ю.С******* нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д зөрчлүүдийг гаргасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзэв.
18.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ю.С*******ос Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А******* дугаар захирамжийг эрх зүйн зөрчилтэй, хууль бус захиргааны акт үндэслэлээр хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан иргэн Ю.С*******ос Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А******* дугаар захирамжийг эрх зүйн зөрчилтэй, хууль бус захиргааны акт үндэслэлээр хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ