Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/00507

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/00507

 

Б.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2021/00345 дугаар шийдвэртэй

Б.Бын нэхэмжлэлтэй хариуцагч НШт холбогдох

Лексус 570 маркийн УНА улсын дугаартай автомашиныг хууль бусаар хураан авч битүүмжлэхдээ зориулалтын бус газарт хадгалсны улмаас тухайн тээврийн хэрэгсэлд учруулсан хохиролд 61 894 259 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б нөхөр В.Гз 3 хүүхдийн хамт амьдардаг. Би В.Гзтой 2005 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарсан. 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Хамтран амьдарсан хугацаандаа Лексус 570 маркийн УНА улсын дугаартай хар өнгийн автомашиныг авсан бөгөөд В.Гз, Б.Б болон хүүхдүүд Г.Н, Г.О, Г.Бнарын 5 хүний хамтран өмчлөх дундын өмч юм. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төлбөр төлөгч В.Гзийн төлбөрт манай гэр бүлийн гишүүдийн дундын өмч болох Лексус 570 маркийн УНА улсын дугаартай хар өнгийн автомашиныг хууль бусаар хураан авч, битүүмжилсэн. Иргэний хуульд гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх өмчид хамаарна гэж хуульчлан заасан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2017/01561 дугаар шийдвэрээр Б.Б, хүүхдүүд болох Г.Н, Г.Б, Г.О нарыг Лексус 570 маркийн хар өнгийн УНА улсын дугаартай автомашины хамтран өмчлөгчөөр тогтоож, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Мөн Автотээврийн Үндэсний төвийн бүртгэлд хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн. Гэтэл НШ автомашиныг хураан авч битүүмжлэн дуудлага худалдаанд оруулахаар зарласан бөгөөд үнийн дүнгээс манай гэр бүлийн 1 гишүүн буюу В.Гзт оногдох хэсэг болох 17 330 000 төгрөгийг Б.Б миний бие төлсөн боловч автомашиныг буцаан суллахгүй хохирол учруулсаар байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас манай гэр бүлийн гишүүдийн дундын өмч болох Лексус 570 маркийн УНА улсын дугаартай автомашиныг хууль зөрчиж хураан авахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан Шийдвэр гүйцэтгэгч битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгч, түүний гэр бүлийн гишүүн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын гэрээ байгуулсан бусад этгээдэд эсхүл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын гэрээ байгуулсан бусад этгээдэд эсхүл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тусгай зориулалтын байранд хадгалуулна гэсэн заалт мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасан энэ хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт заасан этгээд хөрөнгийг хадгалж, түүний бүрэн бүтэн байдлыг хамгаалах үүрэгтэй ... гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, 2016 оны 11 дүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртэл буюу 3 жил 10 сар гаруй хугацаанд зориулалтын бус гадна ил задгай газар хадгалж миний эд хөрөнгөнд хохирол учруулаад байна. Зориулалтын бус газар хадгалсны улмаас бороо хур, нар салхинд өнгө нь гандаж муудах, зориулалтын гараашид хийхгүй өвлийн хүйтэнд гадна ил задгай олон жил сар хадгалсны улмаас машины эд ангиудын хэвийн ажиллагаа алдагдах, мотор хөдөлгүүрийн эд анги гэмтэх, мотор кропны тос царцсаны улмаас сальник, жийрэг дахин ашиглах боломжгүй болсон, дугуй хөлдөж язралт өгч ашиглах боломжгүй болох зэргээр машинд элэгдэл, хохирол үүсэж байна. Иймд манай гэр бүлийн гишүүдийн дундын өмч болох Лексус 570 маркийн УНА улсын дугаартай автомашины үнэ болох 123 788 000 төгрөгөөс жил бүр 12,5%-аар элэгдэл, хорогдлыг тооцож, нийт 5 жилийн хугацааны элэгдэл, хорогдол 61 894 259 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 3073/б дугаар шийдвэрээр В.Гзоос 271 518 000 төгрөгийг гаргуулж С.Отгоннямд олгох, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 8826 дугаар шийдвэрээр 140 857 950 төгрөгийг гаргуулж Ё.Пд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч В.Гзийн өмчлөлийн 2 өрөө орон сууц 2 ширхэг, 384 м.кв талбайтай хувийн сууц, 30 м.кв талбайтай гарааш, 700 м.кв талбайтай газрын хамт битүүмжлэн хурааж, талууд үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй тул шинжээчээр Итгэлт-Эстимэйт ХХК-ийг томилж үнэлгээг тогтоолгоход нийт 442 023 100 төгрөгөөр үнэлэгдсэн. Үл хөдлөх хөрөнгөнүүдийг 2 удаа албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй тул 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр төлбөр авагч С.Отгоннямд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт заасны дагуу санал болгох ажиллагааг зохион байгуулж, үнэлэгдсэн үнийн 50 хувь болох 221 011 550 төгрөгийн үнийн дүнгээр төлбөр авагч С.Отгоннямын төлбөрт тооцон шилжүүлэхээр шийдвэрлэж, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 1/3992 дугаар албан бичгээр өмчлөх эрхийг шилжүүлэхийг мэдэгдсэн. Мөн төлбөр төлөгч В.Гзийн эзэмшлийн УНА улсын дугаартай Лексус 570 маркийн тээврийн хэрэгслийг 2016 оны 10, 11 дүгээр сард битүүмжлэн хурааж, хөрөнгийн үнэлгээний Лэндс ХХК-аар үнэлгээ тогтоолгоход 123 788 000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлэгдсэн үнээр 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр, үнэлгээг 30 хувиар бууруулан 86 651 600 төгрөгөөр 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр үнэ хаялцуулах албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй. Худалдан борлогдоогүй хөдлөх эд хөрөнгө болох УНА улсын дугаартай Лексус 570 маркийн тээврийн хэрэгслийг санал болгох хурлыг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 3 удаа товлоход төлбөр төлөгч В.Гз нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул төлбөр төлөгчийг байлцуулахгүйгээр 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хурлыг зохион байгуулж, тээврийн хэрэгслийг төлбөр авагчид шинжээчийн тогтоосон үнэ 123,788,000 төгрөгөөр төлбөрт тооцон 10 хоногийн дараа төлбөр авагчид хүлээлгэн өгөхөөр шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч В.Гз нь битүүмжилж, хураасан хөрөнгийн үнэлгээ, албадан дуудлага худалдаа, санал болгох ажиллагаа, хамтран өмчлөгч тогтоолгох, битүүмжлэлээс чөлөөлүүлэх, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэр дахин хянуулах зэргээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотойгоор гаргасан 6 удаагийн нэхэмжлэлийг 3 шатны шүүхийн 14 удаагийн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор тухай бүр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Б.Б одоо гаргасан нэхэмжлэлтэй ижил утгатай нэхэмжлэл гаргаж, түүнийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2017/03673 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж заасан тул 65.1.6-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ё.Пгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Бын нэхэмжлэлтэй, НШт холбогдох иргэний хэрэгт гуравдагч этгээд Д.Пгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С миний хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа буюу 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 05673 дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Б.Бын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасан үндэслэлгүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гэм хорын хохирол 61 894 259 төгрөг гаргуулах тухай Б.Бын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 467 421 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Б.Б В.Гзтой хамтран амьдралын хугацаандаа авсан дундын өмч болох Lехus-570 маркын УНА улсын дугаартай хар өнгийн автомашиныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ/2017/01561 дугаар шийдвэрээр Б.Б, хүүхдүүд болох Г.Н, Г.Б, Г.О нарыг Lехus-570 маркын хар өнгийн УНА улсын дугаартай автомашины хамтран өмчлөгчөөр тогтоож, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Мөн Авто тээврийн Үндэсний төвийн бүртгэлд хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн байдаг. Гэтэл Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 8826 дугаартай шийдвэрээр В.Гзоос Ё.Пд 140 000 000 төгрөг гаргуулахаар заасан төлбөрт гэр бүлийн гишүүдийн дундын өмч болох Lехus-570 маркын УНА улсын дугаартай хар өнгийн автомашиныг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хууль бусаар хураан авсан битүүмжилсэн. Дуудлага худалдаанд оруулахаар зарласан. Дуудлага худалдаагаар борлогдоогүй тул төлбөр авагчид санал болгосон. Үнийн дүнгээс гэр бүлийн 1 гишүүн буюу В.Гзт оногдох хэсэг болох 17 330 000 төгрөгийг Б.Б төлсөн боловч автомашиныг буцаан суллахгүй хохирол учруулсаар байна. Б.Б болон хүүхдүүдийн хуульд заасан өмчлөх эрхэд халдаж, хамтран өмчлөгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул хууль ёсны эрх ашгаа хамгаалуулах, учирсан хохирол гаргуулах, Lехus-570 маркын УНА улсын дугаартай хар өнгийн автомашиныг битүүмжлэлээс чөлөөлүүлэх, автомашиныг зориулалтын бус газар хадгалсны улмаас машинд учирсан элэгдэл хохирол гаргуулахаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн аваад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд битүүмжлэгдсэн эд хөрөнгүүдийн жагсаалтаас чөлөөлүүлэх нэхэмжлэлийг НШт холбогдуулан гаргасны дотор тухайн автомашин багтсан байх бөгөөд Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2017/03673 тоот шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн уг шийдвэр хүчин төгөлдөр болсон гэж дүгнэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй, нэхэмжлэгчид хохирол учирсан гэх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 00345 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч НШт холбогдуулан Лексус 570 маркийн УНА улсын дугаартай автомашиныг хууль бусаар хураан авч битүүмжлэхдээ зориулалтын бус газарт хадгалсны улмаас тухайн тээврийн хэрэгсэлд учруулсан хохиролд 61 894 259 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 8826 дугаар шийдвэрээр В.Гзоос 140 000 000 төгрөгийг гаргуулж Ё.Пд, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 3073/Б дугаар шийдвэрээр В.Гзоос 270 010 000 төгрөгийг гаргуулж С.Отгоннямд олгож шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэрүүд авагдсан байна. /хх.102-112, 152-154/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч байгууллага Лексус 570 маркийн УНА улсын дугаартай хар өнгийн автомашиныг зориулалтын бус газар хадгалснаас 61 894 259 төгрөгийн хохирол учирсан гэж тайлбарлажээ.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 188/01 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Лексус 570 маркийн УНА улсын дугаартай хар өнгийн автомашиныг битүүмжилжээ. /хх.119/ 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 188/04 дугаар Эд хөрөнгийг хураасан тогтоолоор Лексус 570 маркийн УНА улсын дугаартай хар өнгийн автомашиныг хураан авсан байна. /хх.124/

Хэргийн 126 дугаар талд 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Гражид автомашиныг шилжүүлсэн акт нотлох баримтаар авагдсан, уг актад УНА улсын дугаартай Лексус 570 маркийн LX570 хар өнгийн автомашин, запас дугуйтай, шил толь бүрэн, хуучин, 1 ширхэг, 2012 онд үйлдвэрлэгдсэн хуучин автомашиныг гражид хүлээлгэн өгч акт үйлдсэн 188 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч А.Солонго, хянасан тасгийн дарга бөгөөд Баянзүрх дүүргийн ахлах гүйцэтгэгч, хошууч Д.Анхтуяа, хүлээлгэн өгсөн 188 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч А.Солонго, хүлээн авсан нярав, сахиул Н.Куянбал нар гарын үсэг зуржээ. /хх.126/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...хариуцагч байгууллагын буруугаас хохирол учирсан гэсэн тайлбар, гомдлоо нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Түүнчлэн хөрөнгө үнэлгээний төслийн Лэндс ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 16/49 дугаар шинжээчийн дүгнэлтээр Лексус 570 маркийн УНА улсын дугаартай хар өнгийн автомашиныг 123 788 000 төгрөгөөр үнэлсэн, хариуцагч байгууллагын төлөөлөгч 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шинжээчийн тогтоосон үнэлгээгээр тооцож уг автомашиныг төлбөр авагч Ё.Пд шилжүүлэхээр шийдвэрлэсэн талаар тайлбар гаргасан. /хх.126-130. 184/

Мөн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2017/03673 тоот шийдвэрээр нэхэмжлэгч Б.Бын НШт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд битүүмжлэгдсэн эд хөрөнгүүдийг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас Лексус 570 маркийн УНА улсын дугаартай хар өнгийн автомашиныг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /хх.159-161/

Анхан шатны шүүх НШ нь Лексус 570 маркийн УНА улсын дугаартай автомашиныг хууль бусаар битүүмжилж, хураасан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүйн зэрэгцээ битүүмжилж, хураасан эд хөрөнгийг зориулалтын бус газарт хадгалсны улмаас тухайн тээврийн хэрэгсэлд 61 894 259 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үйл баримт болоод учирсан гэх хохирол нь нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2021/00345 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 467 421 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Ц.ИЧИНХОРЛОО