Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 312/ШШ2025/00307

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 312/ШШ2025/00307

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Орхон аймгийн Баян-Өндөр сум Согоот баг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртынгол баянтал ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* -т холбогдох,

 

Эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 2,218,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Б.*******,

Хариуцагч Т.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...миний бие Б.******* 2024 оны 04 сарын 30-ны орой 18 цагийн орчимд Уртын гол багийн автобусны зогсоолын хажуугаар явж байхад эсрэг урсгалаар инсайт маркийн машин мөргөж (хүчтэй) осол гаргасан. Замын цагдаа болон даатгал дуудаж үнэлгээ хийлгэсэн. Үнэлгээнээс 7.748.000 төгрөг гаргасан ба даатгалаас 5.000.000 төгрөгийг авсан. Мөргөсөн жолооч болох Т.******* нь манай машиныг засуулаад худалдаж авна гэж тохиролцон машиныг минь засуулахаар авч явсан. 2024 оны 05 сарын 23-ны өдөр надруу утсаар ярьж манай машиныг засуулсан, худалдаж авч чадахааргүй болсон гэсэн. 2024 оны 05 сарын 24-ний өдөр гэрийнх нь хашаанаас машинаа авахад зүүн урд хаалга дутуу засварласан, зүүн хойд хаалга эвдэрхий, цоорхой, хуучин хаалгаар сольсон, явах эд ангиудыг бүрэн солиогүй, засварлаагүй эвдэрхий хэвээр нь угсарсан байсан. Асаахад алдаа заагаад байсан, тормосны АБС ассан. (Зураг хавсаргав). Иймд машиныг авч кузов засварт өгсөн. Кузов засвар, хаалганы эд анги хот руу ирж очих зардал нийлээд нийт өртөг 5.000.000 төгрөг болсон. Одоо солигдоогүй хойд тэвш, амортизотар, зүүн хойд цап бүтэн, нэг дугуй, таазны салон, ослын дэрний компьютер солих, ажлын хөлс эдгээрийг үнэлгээнд заагдсан солих, засуулахад зарцуулагдах 2,218,000 төгрөгийг нэхэмжилж байна... гэжээ.

 

2. Хариуцагч Т.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 2024 оны 04 дүгээр сарын 30-нд инсайт маркийн улсын дугаартай машинтай авто осол гаргасан. Ослын улмаас RX450 маркийн машины зүүн хойд хэсэгт гэмтэл гарч үнэлгээгээр 7,748,000 төгрөг гарсан. Би өөрөөсөө 6,000,000 төгрөгийг гаргаж бүх зүйлийг нь хийлгэж машиныг хүлээлгэж өгөхөд ABS гэрэл асаагүй, машин эвдрэл гэмтэлгүй байсан. Мөн даатгалаас 5,000,000 төгрөг Б.******* нь өөрийн дансаар авч нийт 11,000,000 төгрөгийг өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.

 

3. нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, Б.*******, Т.******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, зарлагын баримт /хх-4-6/, машины гэрэл зураг /хх-7-15/

 

хариуцагчаас Хас үнэлгээ ХХК-ийн автомашины эвдрэл, хохирлын үнэлгээ /хх-27-29/-г нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

7. Шүүх хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийн дагуу Орхон аймгийн Цагдаагийн газраас 1100-1915 дугаартай зөрчлийн хэргийн материал /хх-41-56/-ыг гаргуулсан байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                   

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Т.*******т холбогдуулан эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 2,218,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Т.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргаж мэтгэлцсэн.

 

2.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

3.Хэрэгт цугларсан нотлох баримт болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.Хариуцагч Т.******* нь 2024 оны 04 сарын 30-ны өдөр Орхон аймгийн Оюут багийн нутаг дэвсгэрт Инсайт маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад нэхэмжлэгч Б.*******ийн Лексус RX-450 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдж зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас нэхэмжлэгчийн Лексус RX-450 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 7,748,000 төгрөгийн хохирол учирсан, жолоочийн хариуцлагын даатгалын төлбөрт даатгалын компаниас 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.******* хүлээж авсан, уг зөрчлийн улмаас хариуцагч Т.******* 100,000 төгрөгөөр торгуулах арга хэмжээ авагдсан болох нь тогтоогдож байгаа ба энэ талаар зохигч маргахгүй байна.

 

5.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...Т.******* нь манай машиныг засуулаад худалдаж авна гэж тохиролцон машиныг минь засуулахаар авч явсан. 2024 оны 05 сарын 23-ны өдөр надруу утсаар ярьж манай машиныг засуулсан, худалдаж авч чадахааргүй болсон гэсэн. 2024 оны 05 сарын 24-ний өдөр гэрийнх нь хашаанаас машинаа авахад зүүн урд хаалга дутуу засварласан, зүүн хойд хаалга эвдэрхий, цоорхой, хуучин хаалгаар сольсон, явах эд ангиудыг бүрэн солиогүй, засварлаагүй эвдэрхий хэвээр нь угсарсан байсан. Асаахад алдаа заагаад байсан, тормосны АБС ассан байсан. Би машиныг авч кузов засварт өгч, хаалганы эд анги хот руу ирж очих зардал нийлээд нийт өртөг 5.000.000 төгрөг болсон. Одоо солигдоогүй хойд тэвш, амортизотар, зүүн хойд цап бүтэн, нэг дугуй, таазны салон, ослын дэрний компьютер солих, ажлын хөлс эдгээрийг үнэлгээнд заагдсан солих, засуулахад зарцуулагдах 2,218,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэсэн.

 

6.Хариуцагч Т.******* ...Би өөрөөсөө 6,000,000 төгрөгийг гаргаж бүх зүйлийг нь хийлгэж машиныг хүлээлгэж өгөхөд ABS гэрэл асаагүй, машин эвдрэл гэмтэлгүй байсан. Мөн даатгалаас 5,000,000 төгрөг Б.******* нь өөрийн дансаар авч нийт 11,000,000 төгрөгийг өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцсэн.

 

7.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Carfix 2024 оны 06 сарын 02-ны 1,310,000 төгрөгийн зарлагын баримт, кузов засвар 2,850,000 төгрөгийн зарлагын баримтууд болон машиныг хариуцагчаас хүлээж авахдаа авсан гэрэл зургуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч уг зарлагын баримтууд нь тамга тэмдэггүй, ямар аж ахуйн нэгж компанийн баримт болох нь тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд байна.

 

8.Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нь уг ослын улмаас хариуцагчийн жолоочийн хариуцлагын даатгалын төлбөрт 5,000,000 төгрөгийг хүлээж авсан бөгөөд түүний хэрэгт гаргаж өгсөн баримтуудаар нэхэмжлэгч нь Лексус RX-450 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд өөрөөсөө /хохирлын үнэлгээгээр тогтоогдсон/ 7,748,000 төгрөгийг гаргаж, засвар үйлчилгээ хийлгэсэн болохыг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

9.Мөн хариуцагч өөрөөсөө дээрх тээврийн хэрэгслийг засварлахад тодорхой хэмжээний мөнгө гаргаж, зарцуулж засвар үйлчилгээ хийлгэсэн, энэ нь ойролцоогоор 6,000,000 төгрөг гаргасан гэж, нэхэмжлэгч хариуцагчийг өөрийнхөө машинд ойролцоогоор 2,000,000 төгрөг зарцуулж засвар хийсэн байх гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан, гэхдээ энэ талаарх баримтыг хариуцагч шүүхэд гаргаж өгөөгүй байна.

 

10.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нотлох баримтаар нотлогдож тогтоогдохгүй байх тул Т.*******т холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 2,218,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

11. Нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,438 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******ийн хариуцагч Т.*******оос гэм хорын хохирол 2,218,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,438 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ