Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2023/ДШМ/950

 

           

    2023            9             26                                      2023/ДШМ/950

С.Хад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Очгэрэл,

шүүгдэгч С.Х,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/540 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Хын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2311008980985 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

С.Х, 00000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил хийдэг гэх, ам бүл 0, хамтран амьдрагчийн хамт Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо, Дунд даваагийн 0-0 тоотод оршин суух хаягтай боловч Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо, Яргайтын 00-00 тоотод түр оршин суух, /РД:**00000000/;

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ялаар тус тус шийтгүүлсэн,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын хэмжээтэй дүйцүүлэн хасч 8 жил 1 сар 12 хоногийн хугацаагаар хорих ялын хэмжээг тогтоож, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 25 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 22 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

С.Х нь 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, 7 буудлын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэн Б.Цийн гар утас барьсан зүүн гарыг мушгиж, түүний гараас нь Самсунг Галакси гранд загварын гар утас, Хаан банкны виза карт, иргэний үнэмлэх зэрэг эд зүйлийг авсны улмаас нийт 93.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: С.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Хыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хыг 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хад оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 /нэг/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалж, шүүгдэгч С.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирол гомдлоо бүрэн барагдуулсан. Хохирогч тал маань хохирол гомдолгүй гэдгээ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд мэдэгдсэн тул хуульд заасны дагуу 6.7 дугаар зүйлийн зохих заалтыг журамлахыг хүсч байна. Ам бүл 2, миний эрүүл мэндийн байдал нь сүрьеэтэй, мөн зүрх өвддөг, байнгын эм ууж эмчийн хяналтанд байдаг. Иймд миний хувийн байдал болон эрх зүйн байдлыг минь харгалзан үзэж 6.7 дугаар зүйлийг журамлуулах хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Прокурор Б.Очгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “С.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэж үзэж байна. Шүүгдэгчээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлуулахаар гомдолдоо дурдсан байх ба эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тухайн хүний хувийн байдлыг харгалзаж тухайн зүйлийг хэрэглэх боломжтойгоор хуульд заасан. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд өмнө олон удаа ял шийтгэгдсэн, мөн Өршөөл үзүүлэх тухай хуульд хоёр удаа хамрагдаж байсан бөгөөд шүүх энэ байдлыг харгалзан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан тухайн зүйлд заасан доод хэмжээ буюу 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид эрүүгийн хариуцлагын зорилгыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон шүүгдэгчийг цээрлүүлэхээр заасан. Гэтэл шүүгдэгч нь энэ төрлийн гэмт хэргийг удаа дараа үйлдэж эрүүгийн хариуцлагын зорилго биелдэггүй учраас анхан шатны шүүхээс оногдуулсан ял үндэслэлтэй. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

С.Х нь 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, 7 буудлын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэн Б.Цийн гар утас барьсан зүүн гарыг мушгиж, түүний гараас нь Самсунг Галакси гранд загварын гар утас, Хаан банкны виза карт, иргэний үнэмлэх зэрэг эд зүйлийг авсны улмаас нийт 93.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Цийн “...хажуунаас 40 орчим насны ажлын бараан хувцастай бөөрөнхий малгайтай залуу ирээд намайг татаж босгосон юм. Тэгээд би баярлалаа гэж хэлсэн чинь миний куртикны дотор халаас руу гараа хийчихсэн байхаар нь би гарыг нь холдуулаад энгэрээсээ гар утсаа аваад зүүн гартаа барьсан чинь миний гарыг мушгиад гар утсыг аваад хойшоо алхчихсан. ...Миний гар утасны улаан өнгийн кэйсэнд иргэний үнэмлэх, Хаан банкны виза карт байсан. ...” /хх 11/,

С.Хын яллагдагчаар өгсөн “...7 буудлын ертөнцийн зүгээр хойд талын ломбардны хашааны гадна талд 45-55 орчим насны таягтай үл таних эрэгтэй хүн газарт уначихсан байсан. Тэгэхээр нь би тухайн хүнийг босгож суулгасан. ...Би баруун талын энгэрийн халаас руу нь гараа хийж гаргаж ирээд аваад явчихсан юм. Тэгээд би шууд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 37-584 тоот гэр рүүгээ очоод байж байхад цагдаа нар ирээд аваад явсан. ...” /хх 65/ гэсэн мэдүүлгүүд,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 6-8/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 16/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 19-23/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 26-28/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч С.Хыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн, шүүгдэгч С.Хын хохирогч Б.Цийн гар утас барьсан зүүн гарыг мушгин биед нь халдаж, түүний гар утас, Хаан банкны виза карт, иргэний үнэмлэх зэрэг эд зүйлсийг авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч С.Х “...хувийн байдал болон эрх зүйн байдлыг минь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн зохих заалтыг журамлан ял багасгаж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгохоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан үздэг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулж болох тухай тусгай журам бөгөөд мөн зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн хувьд мөн хэсгийн 1.1-1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн тохиолдолд хэрэглэгдэх боломжтой зохицуулалт болно.

Шүүгдэгч С.Х нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн, хохирогч Б.Цийн эд зүйлийг биет байдлаар буцаан өгсөн, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан үзэхийн зэрэгцээ түүний үйлдсэн гэмт хэргийн үйл баримтад тусгагдсан нөхцөл байдлыг нийгмийн аюулын шинж чанартай хамааруулан тайлбарлаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан хуульд зааснаас хөнгөрүүлэн нэг жилийн хорих ял оногдуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч С.Хын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 36 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/540 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан  тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хад оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хад оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 36 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай..     

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР