| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2024/01595/И |
| Дугаар | 312/ШШ2025/00310 |
| Огноо | 2025-02-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 312/ШШ2025/00310
| 2025 оны 02 сарын 20 өдөр | Дугаар 312/ШШ2025/00310 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч:Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг ... тоотод оршин суух Боржигин овогт.../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 1-р хороо сүхбаатарын 5, ...к ХК /РД:..../-д холбогдох ,
Нэхэмжлэлийн шаардлага: хууль бус үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан хууль бус үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... би Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ЗМЗ-д цахилгаанчнаар ажилладаг бөгөөд 2019 оноос хойш арилжааны банкуудаас зээл авах гэхээр найдваргүй зээлдэгч гэсэн ангилалд байна гээд зээл олгох ямар ч арилжааны банк байхгүй болсон учир 5 жилийн турш миний хүссэн банкнаасаа зээл авах эрх маань хаалттай байгаа юм. Хариуцагч *******-ийн Орхон салбар намайг найдваргүй зээлдэгч гэсэн хар жагсаалтад оруулсан байгаа тухай уулзаж шалтгааныг нь асуухаар ямар нэгэн хариу өгөхгүй өөрсдийнхөө алдааг засахгүй өнөөдрийг хүрлээ. Учир нь гэвэл 2017 оны 6 сарын 06-ны өдөр өөрийн хамт ажилладаг байсан *******гийн тус банктай байгуулсан ЗГ4025102877 дугаартай зээлийн гэрээ байгуулж авсан 5.0 сая төгрөгийн зээлийн гэрээнд батлан даагчийн үүрэг гүйцэтгэхээр гарын үсэг зурж банктай батлан даалтын гэрээг байгуулсан. Банк зээлдэгч *******г олдохгүй зээлээ төлөхгүй байна гэсэн үндэслэлээр 2019 оны 10-р сард Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд надаас 7,312,917 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд тус шүүх 2019 оны 11 сарын 8-ны өдрийн 142/ШШ2019/01282 дугаартай шийдвэр гаргаж ******* намайг үндсэн зээлдэгч биш бөгөөд гэрээнд батлан даагчийг төлөөлж гарын үсэг зурсан, ...******* өөрийн цалинг барьцаалж зээл авсан нь зээлийн гэрээний 4.1-ээр нотлогдож байна гэсэн дүгнэлтийг хийж шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосноор бараг 5 жил болж байхад банк миний эрхийг 5 жил зөрчиж намайг чанаргүй зээлтэй гэсэн ангилалд оруулснаар би аль ч арилжааны банкуудаас зээл авч чадахгүй хохирч явна. Иймд Орхон аймаг дахь *******-ийн салбарын ******* намайг Чанаргүй зээлдэгч гэсэн ангилалд оруулсан хууль бус үйлдлийг нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* нь 2017 оны 6 сарын 6-ны өдөр иргэн *******, ******* нартай ЗГ4025102877 тоот зээл болон барьцааны гэрээ, БГ4025102877 тоот батлан даалтын гэрээ байгуулан цалингийн зээл олгосон. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдахгүй байсан тул 2019 оны 3 сарын 14-нд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлдэгч *******г эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргаж шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжилж эхэлсэн. Мөн *******-ийн Орхон салбараас 2019 оны 10 сарын 10-нд шүүхэд уг цалингийн зээлийн хамтран зээлдэгч, батлан даагчаар орсон *******аас зээл хүүний төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. 2019 оны 11 сарын 08-ны өдрийн 142/ШШ2019/01282 тоот шүүхийн шийдвэрээр ******* нь хамтран зээлдэгч гэж заагдсан боловч өөрийн орлогыг барьцаалаагүй, ******* нь зээлийн мөнгийг өөрийн дансаараа авч зарцуулсан, төлбөр төлөх барьцаа нь зээлийн гэрээнд *******гийн данс тусгагдсан тул гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Уг шүүхийн шийдвэрт давж заалдах хүсэлт гаргаж 2019 оны 12 сарын 19-ий өдрийн Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 172 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Уг шүүхийн шийдвэр, магадлалд *******ыг уг зээлийн гэрээгээр байгуулсан зээл олголтыг өөрийн дансаар хүлээж аваагүй, өөрийн орлогыг барьцаалаагүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон зүйл болохоос биш *******ыг хамтран зээлдэгч, батлан даагч биш гэдэг зүйл огт тусгагдаагүй болно. Тодруулбал энэ нь *******ыг Иргэний хуулийн 460.1, 460.2 дах хэсэгт заасан батлан даагчийн хариуцлага-ын хувьд дүгнээгүй болохыг илтгэж байна. Энэ талаар ч анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны магадлалд тодорхой тусгасан байна. Түүнчлэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20.3 дах хэсэгт "Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж зохицуулсан тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд дурдагдсан ЗГ4025102877 тоот зээлийн гэрээний үүргийг дуусгавар болсонд тооцох боломжгүй буюу үндсэн зээлдэгч, батлан даагчийн нөхөх хариуцлага хүлээсэн үүрэг биелэгдээгүй байгааг харгалзан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
4. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны шийдвэр /хх-3-7/-ийг,
хариуцагчаас: 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн зээл болон барьцааны гэрээ /хх-24-29/,Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 172 дугаартай магадлал /хх-19-23/-ыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
5. Шүүхээс шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч *******ын гар утсанд үзлэг хийж, үзлэгийн явцыг гэрэл зургаар баталгаажуулж тэмдэглэлд хавсаргасан.
Шүүх хуралдаанаар зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд ...2017 оны 6 сарын 06-ны өдөр өөрийн хамт ажилладаг байсан *******гийн Голомт банктай байгуулсан зээлийн гэрээнд батлан даагчийн үүрэг гүйцэтгэхээр гарын үсэг гэрээг байгуулсан. Банк зээлдэгч *******г олдохгүй зээлээ төлөхгүй байна гэсэн үндэслэлээр 2019 оны 10-р сард Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд надаас зээлийн төлбөр 7,312,917 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд 2019 оны 11 сарын 8-ны өдрийн 1282 дугаартай шийдвэрээр ******* намайг үндсэн зээлдэгч биш бөгөөд гэрээнд батлан даагчийг төлөөлж гарын үсэг зурсан, ...******* өөрийн цалинг барьцаалж зээл авсан гэсэн дүгнэлтийг хийж шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосноос хойш 5 жил болж байхад Голомт банк намайг чанаргүй зээлтэй гэсэн ангилалд оруулснаар би аль ч арилжааны банкуудаас зээл авч чадахгүй байгаа тул Чанаргүй зээлдэгч гэсэн ангилалд оруулсан хууль бус үйлдлийг хүчингүй болгож өгнө үү... гэсэн.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд: ...******* нь 2017 оны 6 сарын 6-нд иргэн *******, ******* нартай зээл болон барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийн цалингийн зээл олгосон. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдахгүй байсан тул 2019 оны 3 сарын 14-нд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлдэгч *******г эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргаж шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжилж эхэлсэн. Мөн *******-ийн Орхон салбараас 2019 оны 10 сарын 10-нд шүүхэд уг цалингийн зээлийн хамтран зээлдэгч, батлан даагчаар орсон *******аас зээл хүүний төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргаж 2019 оны 11 сарын 08-ны өдрийн 142/ШШ2019/01282 тоот шүүхийн шийдвэрээр ******* нь хамтран зээлдэгч гэж заагдсан боловч өөрийн орлогыг барьцаалаагүй, ******* нь зээлийн мөнгийг өөрийн дансаараа авч зарцуулсан, төлбөр төлөх барьцаа нь зээлийн гэрээнд *******гийн данс тусгагдсан гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, уг шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаж Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 172 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Уг шүүхийн шийдвэр, магадлалд *******ыг уг зээлийн гэрээгээр байгуулсан зээл олголтыг өөрийн дансаар хүлээж аваагүй, өөрийн орлогыг барьцаалаагүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон зүйл болохоос биш *******ыг хамтран зээлдэгч, батлан даагч биш гэдэг зүйл огт тусгагдаагүй, ...иймд нэхэмжлэлд дурдагдсан ЗГ4025102877 тоот зээлийн гэрээний үүргийг дуусгавар болсонд тооцох боломжгүй буюу үндсэн зээлдэгч, батлан даагчийн нөхөх хариуцлага хүлээсэн үүрэг биелэгдээгүй байгааг харгалзан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэсэн.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Хариуцагч ******* нь хамт ажилладаг байсан *******гийн *******-аас авсан 5,000,000 төгрөгийн цалингийн зээлийн гэрээнд 2017 оны 06 сарын 06-нд хамтран зээлдэгчээр болон батлан даагчаар орж гарын үсэг зурсан, дээрх зээлийн төлбөрийг ******* төлөөгүйн улмаас ..... *******аас зээлийн төлбөрийг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1282 дугаартай шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 172 дугаартай магадлалаар *******-ийн *******аас зээлийн гэрээний төлбөр 7,312,917 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болсон байна.
6.******* нь Монгол банкны зээлийн мэдээллийн санд нэхэмжлэгч *******ыг дээрх зээлийн гэрээний үүрэг биелэгдэж, төлбөр барагдаагүй байгаа гэдэг үндэслэлээр зээлийн муу ангилалд оруулж бүртгэж, мэдээлсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн мэдээллийн сангийн лавлагаа болон Хаан, Хас банкнаас шүүхэд ирүүлсэн лавлагаа, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад *******ын гар утсанд Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолтод үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтууд, талуудын тайлбараар нотлогдож байна.
7.Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ыг тус банкинд хугацаа хэтэрсэн зээлийн үүрэг хүлээгээгүй байхад зээлдэгч *******гийн 2017 оны 06 сарын 06-нд Голомт банкнаас авсан 4,669,709.39 төгрөгийн зээл төлөгдөөгүй үндэслэлээр түүнийг хэвийн биш зээлийн ангилалтай буюу муу зээлийн ангилалтай гэж зээлийн мэдээллийн санд мэдээлсний улмаас нэхэмжлэгч ******* арилжааны банкнаас зээл авах боломжгүй болж хохирч байгаа болох нь тогтоогдож байна.
8.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж нэхэмжлэгч *******ыг муу зээлдэгч гэсэн ангилалд оруулсан *******-ийн хууль бус үйлдлийг хүчингүй болгож, зээлийн мэдээллийн санд *******ын зээлийн ангиллыг хэвийн болгохыг Орхон аймгийн *******-ийн Орхон салбарт үүрэг болгох нь зүйтэй байна.
9. Нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ыг муу зээлдэгч гэсэн ангилалд оруулсан *******-ийн хууль бус үйлдлийг хүчингүй болгож, зээлийн мэдээллийн санд *******ын зээлийн ангиллыг хэвийн болгохыг Орхон аймгийн *******-ийн Орхон салбарт даалгасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ