| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
| Хэргийн индекс | 128/2024/0818/З |
| Дугаар | 128/ШШ2024/1041 |
| Огноо | 2024-12-17 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 128/ШШ2024/1041
2024 12 17 128/ШШ2024/1041
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.С*******
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.О*******
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ж*******, С.Ч
Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А******* дугаар захирамжийн Д.С*******т холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч, Д.Ж*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчээс “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А******* дугаар захирамжийн Д.С*******т холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлагаар маргаж байна.
2.Маргааны үйл баримтын талаар дурдвал:
2.1.Анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрх олгох, баталгаажуулах тухай” А дугаар захирамжаар Халзангийн аманд иргэн Д.С*******т /РД/ 700 м.кв газрыг амины хашааны зориулалтаар 5 жилийн хугацаатай газар эзэмшүүлэх эрхийг олгожээ.
2.2.Дээрх захирамжийг үндэслэн 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн Газрын албанаас нэхэмжлэгч Д.С*******т маргаан бүхий 700 м.кв талбайг эзэмших 0 дугаартай гэрчилгээг бичиж олгосон байна.
2.3.Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” А******* дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.С*******ийн газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгажээ.
2.4.Нэхэмжлэгч Д.С******* нь 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн Өмчийн харилцааны газрын албаны дарга болон газар зохион байгуулагчтай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх” гэрээг 15 жилийн хугацаатай байгуулсан байна.
2.5.Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А******* дугаар захирамжийг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгч Д.С*******т маргаан бүхий 700 м.кв талбайг эзэмших 0******* дугаартай гэрчилгээг бичиж олгожээ.
2.6.Нэхэмжлэгч Д.С******* нь 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга болон газар зохион байгуулагчтай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх” №01******* дугаартай гэрээг 15 жилийн хугацаатайгаар байгуулсан байна.
2.7.Нэхэмжлэгч Д.С******* нь дээрх байдлаар маргаан бүхий газраа эзэмшиж байхад нь маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А******* дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2.8.Тус шүүх нэхэмжлэгчээс “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А******* дугаар захирамжийн Д.С*******т холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: "Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А******* дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 2* дугаар хороо /хуучнаар/ Халзангийн ам ** хаягт 700 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э-2******* дугаар гэрчилгээг авч, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр газар эзэмшүүлэх 01******* дугаарт гэрээ байгуулж, газрын хугацааг 15 жилийн хугацаагаар сунгасан. Газар эзэмшиж эхэлснээс хойш Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасны дагуу газар эзэмших үүргээ хэрэгжүүлж ирсэн билээ. Баянзүрх дүүргийн газрын албанд 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр өөрийн биеэр очиход Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай" А******* дугаар захирамж /цаашид "Засаг даргын 2022 оны А******* тоот захирамж" гэх/-аар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг олж мэдсэнээр тус Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар дээд шатны байгууллагад гомдол гаргасан боловч гомдлыг шийдвэрлэх боломжгүй талаар хариу ирүүлсэн байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгээс үзвэл "....удаа дараа..." гэдэг нь 2 ба түүнээс дээш удаа газар эзэмшүүлэх гэрээний нөхцөл, болзлыг зөрчсөн байх эсхүл ноцтой зөрчсөн байх шаардлага тавигдаж байна. Гэвч хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгчийг хэрхэн, яаж газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг зөрчсөн, юуг ноцтой зөрчил гэж үзсэнээ нотолсон, баримтжуулсан зүйл байхгүй байна. Мөн засаг даргаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасны дагуу газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь газар эзэмших гэрээний дагуу улирал тутам газрын төлбөрийг төлөхөөр тохиролцсон ба нэхэмжлэгчийн зүгээс e-barimt цахим системээр эхний улиралд багтаан тухайн жилийн газрын төлбөрөө бөөнд нь төлж ирсэн тул газрын төлбөрөө төлөөгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Гомдол гаргагчийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэж үзжээ.
Баянзүрх дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй нь “хүндэтгэн үзэх шалтгаан”-тай байсан эсэхийг тодруулаагүй, өөрөөр хэлбэл, шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, захиргааны акт гаргахын өмнө эрх, хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох байдлаар сонсох ажиллагааг явуулах гэсэн мөн Захиргааны ерөнхий хуулийн 24-27 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, гомдол гаргагчийн оролцоог хангаагүй, газрыг зориулалтын дагуу ашиглахаар юу хийсэн, хийгээгүй бол ямар хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, цаашид ямар арга хэмжээ авах боломжтой зэргийг шалгахгүйгээр, гэнэтийн байдлаар шийдвэр гаргасан нь шийдвэр гаргах ажиллагааны ноцтой зөрчил мөн Тус дүүргийн засаг дарга нь гомдол гаргагчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоох учиртай. Энэ ч утгаараа захиргааны байгууллага үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д "бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах" болон "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн зарчмыг баримтлахаар тогтоосон билээ. Энэ зарчмын агуулга нь засаг дарга газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэр гаргахын өмнө түүнээс үүсэх үр дагавар нь хэрхэн тусах, гомдол гаргагч этгээдээс урьдчилан тайлбар авч, үзэл бодлоо илэрхийлэх, нотлох баримт гаргаж өгөх боломж олгох, магадгүй нөхцөл байдал өөрчлөгдөж, өөр шийдвэр гаргах үндэслэл байгаа эсэхийг бүрэн дүүрэн нягтлах, ийнхүү мэдэгдсэнээр иргэн, хуулийн этгээдэд гэнэтийн байдлаар асуудлыг шийдвэрлэхгүй байх, иргэний мэдэх эрхийг хангах, улмаар тухайн этгээдийн хувьд хамгийн бага дарамт учруулахуйц аргыг хэрэглэх зорилготой. Өөрөөр хэлбэл, дүүргийн засаг дарга захиргааны үйл ажиллагааны зарчмыг зөрчиж шийдвэр гаргасан. Мөн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ" гэж заасан нь зөвхөн гомдол гаргагчид хамаарахгүй бөгөөд гэрээний хэрэгжилтийг хянан үзэж, алдаа зөрчлийг тухай бүр засуулах, урьдчилан сануулах үүрэг мөн адил хадгалагдаж байна. Мөн захиргааны зүгээс газар эзэмшигч хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд урьдчилан сануулах, тодорхой хугацаа тогтоох зэргээр боломж олгох нь захиргааны үйл ажиллагааны зорилго, зарчимд нийцэх ба харин захиргаанаас ийнхүү зөрчлийг арилгуулах боломжит арга хэмжээ авсаар байхад газар эзэмшигчийн зүгээс үүргээ биелүүлээгүй тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгох арга хэмжээ авах нь захиргааны эрх юм. Өөрөөр хэлбэл, тус газрын алба буюу захиргааны байгууллага хуулиар хүлээлгэсэн үүргээ биелүүлэхгүйгээр гомдол гаргагчийг буруутгаж газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй юм. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д "Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна", мөн хуулийн 43.2-д "Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна" гэж заасан нь хариуцагч захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж буй этгээдэд мэдэгдэх үүрэгтэй. Энэ нь эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах, эсхүл шүүхэд хандах замаар эрхээ сэргээлгэх агуулгатай. Гэвч гомдол гаргагч миний бие 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр дүүргийн газрын албанд өөрийн биеэр очсоноор мэдсэн. Мөн хуулийн 43.8-д "Захиргааны актыг мэдэгдсэн эсэх талаар маргаан гарсан тохиолдолд захиргааны актыг гаргасан байгууллага захиргааны актыг мэдэгдсэн хугацааг нотлох үүрэгтэй" гэж заасан ба гомдол гаргагч надад хэрхэн, хэзээ, яаж мэдэгдсэн нь тодорхойгүй байна.” гэжээ.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А*** дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 2* дугаар хороо /хуучнаар/ Халзангийн ам-* хаягт 700 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлж, улсын бүртгэлийн Э-2**** дугаар гэрчилгээг авч, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, газрын хугацааг 15 жилийн хугацаагаар сунгасан. Газар эзэмшиж эхэлснээс хойш Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасны дагуу газар эзэмших үүргээ хэрэгжүүлж ирсэн. Баянзүрх дүүргийн газрын албанд 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч өөрийн биеэр очиход маргаан бүхий захиргааны акт гарсныг мэдсэн.
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны А*** тоот захирамж хууль бус тухайд тус маргаан бүхий захирамжид газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь хэсгийг тус тус үндэслэсэн цуцалсан байдаг. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгээс үзвэл “удаа дараа” гэж заасан байдаг. Удаа дараа гэдэг нь 2 ба түүнээс дээш удаа газар эзэмшүүлэх гэрээний нөхцөл, болзлыг зөрчсөн байх эсхүл ноцтой зөрчсөн байх шаардлага тавигдаж байна. Гэвч хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгчийг хэрхэн, яаж газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг зөрчсөн, юуг ноцтой зөрчил гэж үзсэнээ нотолсон, баримтжуулсан зүйл байхгүй байна. Нотлох баримтаар гаргуулъя гэсэн боловч ийм баримт байхгүй гэсэн тайлбарыг ирүүлсэн байдаг.
Мөн хариуцагч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасны дагуу газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь газар эзэмших гэрээний дагуу улирал тутам газрын төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон байдаг. Үүний дагуу нэхэмжлэгчийн зүгээс e-barimt цахим системээр эхний улиралд багтаан тухайн жилийн газрын төлбөрөө бөөнд нь төлж ирсэн тул газрын төлбөрөө төлөөгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Энэ талаарх баримт нь нотлох баримтаар авагдсан байгаа.
Нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж үзсэн байдаг. Хариуцагч газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг тодруулаагүй, шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, захиргааны акт гаргахын өмнө нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох байдлаар буюу Захиргааны ерөнхий хуулийн 24-27 дугаар зүйлд заасан ажиллагааны журмыг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн оролцоог хангаагүй, газрыг зориулалтын дагуу ашиглахаар юу хийсэн, хийгээгүй бол ямар хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх талаар лавлах үүргээ захиргааны байгууллага хэрэгжүүлэхгүй нь шийдвэр гаргах ажиллагааны ноцтой зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэл болж байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоох учиртай. Энэ ч утгаараа захиргааны байгууллага үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан нийтлэг зарчим буюу 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” болон “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн зарчмыг баримтлахаар тогтоосон билээ. Энэ зарчмын агуулга нь хариуцагч нь газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэр гаргахын өмнө түүнээс үүсэх үр дагаврын талаар хэрхэн тусах, нэхэмжлэгч этгээдээс урьдчилан тайлбар авч, үзэл бодлоо илэрхийлэх, нотлох баримт гаргаж өгөх боломж олгох, магадгүй нөхцөл байдал өөрчлөгдөж, өөр шийдвэр гаргах үндэслэл байгаа эсэхийг бүрэн дүүрэн нягтлах, ийнхүү мэдэгдсэнээр иргэн, хуулийн этгээдэд гэнэтийн байдлаар асуудлыг шийдвэрлэхгүй байх, иргэний мэдэх эрхийг хангах, улмаар тухайн этгээдийн хувьд хамгийн бага дарамт учруулахуйц аргыг хэрэглэх зорилготой гэж тайлбарлаж байгаа. Энэ талаараа ч шүүхийн практикт нэгдсэн жишиг болж тогтсон, Улсын дээд шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 59 дүгээр тогтоолд мөн энэ агуулгаар тайлбарласан байдаг.
Мөн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ” гэж заасан. Энэ заалт зөвхөн нэхэмжлэгчид хамаарахгүй хариуцагч захиргааны байгууллагатай холбоотой заалт байгаа. Гэрээний хэрэгжилтийг хянан үзэж, алдаа зөрчлийг тухай бүр засуулах, урьдчилан сануулах үүрэг хариуцагчид хадгалагдаж байна. Мөн захиргааны зүгээс газар эзэмшигч хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд урьдчилан сануулах, тодорхой хугацаа тогтоох зэргээр боломж олгох нь захиргааны үйл ажиллагааны зорилго, зарчимд нийцэх ба харин захиргаанаас ийнхүү зөрчлийг арилгуулах боломжит арга хэмжээ авсаар байхад нэхэмжлэгч нь газар эзэмшигчийн зүгээс үүргээ биелүүлээгүй тохиолдолд маргаан бүхий актыг гаргах боломжтой байсан. Өөрөөр хэлбэл, хариуцагч захиргааны байгууллага хуулиар хүлээлгэсэн үүргээ биелүүлэхгүйгээр нэхэмжлэгчийг буруутгаж газар эзэмших эрхийг хүчингүй болгосонд гомдолтой байна.
Захиргааны актыг мэдэгдээгүй тухайд Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т захиргааны актын мэдэгдэх талаар тусгасан, мөн хуулийн 43.2-д захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна" гэж заасан байна. Нэхэмжлэгч 2022 онд гарсан захирамжийг 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр буюу 2 жилийн дараа өөрөө очиж мэдсэн. 2022 онд гарсан захирамжийг нэхэмжлэгчид мэдэгдсэн талаарх баримтыг нотлох баримтаар гаргуулъя гэж хүсэлт гаргасан. Хариуцагч байгууллагаас мэдэгдэх ажиллагаа хийгдээгүй байна гэдгээ хүлээн зөвшөөрсөн нотлох баримтаа ирүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт тус тус заасны Д.С*******т холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү.” гэв.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Д.С*** Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 1** дугаар газар эзэмшүүлэх эрх олгох, баталгаажуулах тухай захирамжаар амины хашааны зориулалтаар 700 м2 газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн бөгөөд 2016 оны А*** дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж газар эзэмших эрхийн гэрээ, байгуулж гэрчилгээ олгосон байна. Дээрх иргэн нь тус газраа эзэмших эхэлснээс буюу 2010 оноос хойш гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаж байгаагүй нь 2013 оны 9 дүгээр сараас 2023 оны 6 дугаар сар хүртэлх сансрын зургаар нотлогдож байна. Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дах заалт "Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно", иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 4.5. "Газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хуульд заасан хугацаанд нь төлөх" гэж заасан бөгөөд тус иргэн нь захиргааны акт гарах хүртэлх газрын төлбөрөө төлөөгүй учир 2024 оны А******* дугаар захирамж үндэслэлтэй байна.” гэжээ.
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч*** шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Иргэн Д.С*******т 2010 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын 1** дугаар захирамжаар 5 жилийн хугацаатайгаар газар олгож байсан байсан бөгөөд 2016 онд 15 жилийн хугацаатайгаар газраа сунгуулсан байдаг. Иргэн Д.С******* нь тухайн газраа эзэмшиж эхэлснээсээ хойш зориулалтын дагуу ашиглаагүй байдаг. 2013 оны 09 дүгээр сараас 2023 оны 06 дугаар сар хоорондох агаар сансрын зургийг нотлох баримтаар өгсөн байгаа. Мөн нэхэмжлэгч захиргааны акт гарах хүртэлх хугацаанд газрын төлбөрөө төлөөгүй байсан учир 2022 оны А*** дугаар захирамжаар тухайн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Сонсох ажиллагааг цахим хэлбэрээр хийж байсан. Энэ талаар баримтаа хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Гэрээний тухайн иргэн шаардлагатай тохиолдолд манай байгууллага дээр ирж гэрээгээ дүгнүүлэх боломжтой байсан. Гэрээ дүгнэсэн акт хувийн хэрэгт хавсрагдаагүй байсан.” гэв.
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж*** шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Засаг даргын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А*** дугаар захирамж нь Засаг даргад хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд үндэслэл бүхий гарсан. Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан заалтуудыг зөрчсөн нь тогтоогдсон учраас газар эзэмших эрх ашгийг хүчингүй болгосон. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй бол хүчингүй болгоно гэж заасан байна. Газрын төлбөрийн тооцоо хийсэн актаар төлбөрийн үлдэгдэлтэй байсан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй бол мөн хүчингүй болгоно гэж тус тусад нь заасан байна. Газар эзэмшигч Д.С*** нь 2010 онд газар эзэмшиж эхэлснээс хойш 2022 он хүртэлх хугацаанд буюу 12 жилийн турш тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг нь шүүхийн үзлэгээр тогтоочихсон. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
2.Нэхэмжлэгчээс ... “Нэхэмжлэгч нь маргаан бүхий газартай холбоотой Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан зөрчлүүдийг гаргаагүй байхад маргаан бүхий захиргааны актаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй.” гэж, Хариуцагчаас ... “Нэхэмжлэгч нь Газрын тухай хуульд заасны дагуу гарын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, маргаан бүхий газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй нь тогтоогдсон тул маргаан бүхий захиргааны актаар газар эзэмших эрхийн хүчингүй болгосон нь үндэслэлтэй.” гэж тус тус маргажээ.
3.Нэхэмжлэгч Д.С*******ээс Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А******* дугаар захирамжийн Д.С*******т холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
4.Анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрх олгох, баталгаажуулах тухай” А*** дугаар захирамжаар Халзангийн аманд иргэн Д.С*** /РД:***/ 700 м.кв газрыг амины хашааны зориулалтаар 5 жилийн хугацаатай газар эзэмшүүлэх эрхийг олгожээ.
5.Дээрх захирамжийг үндэслэн 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн Газрын албанаас нэхэмжлэгч Д.С*** маргаан бүхий 700 м.кв талбайг эзэмших 0*** дугаартай гэрчилгээг бичиж олгосон байна.
6.Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” А*** дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.С*** газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгажээ.
7.Нэхэмжлэгч Д.С******* нь 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн Өмчийн харилцааны газрын албаны дарга болон газар зохион байгуулагчтай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх” гэрээг 15 жилийн хугацаатай байгуулсан байна.
8. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А******* дугаар захирамжийг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгч Д.С*******т маргаан бүхий 700 м.кв талбайг эзэмших 0******* дугаартай гэрчилгээг бичиж олгожээ.
9.Нэхэмжлэгч Д.С******* нь 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга болон газар зохион байгуулагчтай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх” №01******* дугаартай гэрээг 15 жилийн хугацаатайгаар байгуулсан байна.
10.Нэхэмжлэгч Д.С******* нь дээрх байдлаар маргаан бүхий газраа эзэмшиж байхад нь маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А******* дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
11.Маргаан бүхий дээрх захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэг, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6, 40.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1, 49 дүгээр зүйлийн 49.3.1 дэх заалтыг тус тус үндэслэл болгосон байх бөгөөд нэхэмжлэгч Д.С******* нь газраа 2 жил болон түүнээс дээш хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрөө заасан хугацаанд бүрэн төлөөгүй гэх үндэслэлүүдээр газар ашиглах эрхийг нь хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
12.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл.Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, 40.1.Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно., 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй.”, 40.1.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.” гэж тус тус заажээ.
13.Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-т Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ... Мөн зүйл, хэсэгт заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно. гэж тайлбарлажээ.
14.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийхэд нэхэмжлэгч нь маргаан бүхий газарт ямар нэгэн бүтээн байгуулалт хийгээгүй, хашаа татаагүй, хоосон байсан бөгөөд энэ талаар үзлэгт оролцсон нэхэмжлэгч маргаагүй болно.
15.Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл, маргаан бүхий тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл байдал үүссэн гэж үзэхээр байна.
16.Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр алба нь 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 06/*** дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн Д.С*******ийн газрын төлбөрийн төлөлтийн мэдээллийг шүүхэд ирүүлжээ.
17.Үүнээс үзвэл, нэхэмжлэгч Д.С******* нь 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 14935 /арван дөрвөн мянга есөн зуун гучин тав/ төгрөгийн илүү төлөлтэй байгаа хэдий ч нэхэмжлэгч нь 2010, 2011, 2012, 2013, 2014, 2015, 2017, 2018 онуудад газрын төлбөрийг төлөөгүй байна.
18.Дээрхээс дүгнэвэл, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй.” гэж заасан хуулийн агуулга нь газрын төлбөрийг тухай бүр нь хугацаанд бүрэн төлөөгүй байхыг ойлгох бөгөөд нэхэмжлэгч нь маргаан бүхий тохиолдолд газрын төлбөрийг тухай бүр нь бүрэн төлж байгаагүй болох нь тогтоогдож байх тул мөн дээрх нөхцөл байдал үүссэн байна гэж үзэхээр байна.
19.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, нэхэмжлэгч Д.С******* нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д зөрчлүүдийг гаргасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзэв.
20.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.С*** Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/*** дугаар захирамжийн Д.С*******т холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан иргэн Д.С*******ээс Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А******* дугаар захирамжийн Д.С*******т холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ