Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2023/ДШМ/983

 

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

хохирогч О.Т-, түүний өмгөөлөгч Т.Мөнхсүлд,

шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Х.Гантулга,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/788 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Х.Гантулга нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Б.Б-д холбогдох 2209 02178 1043 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Б-ийн Б-, 1977 оны ... дугаар сарын ...-ны өдөр Төв аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дууны инженер мэргэжилтэй, “Д” ХХК-д захирал ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

Б.Б- нь 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Чоко клаб энтертайнмент” ХХК-ийн “Чоко” нэртэй шөнийн клубт хохирогч О.Т-тэй “муухай харлаа” хэмээн маргалдаж, түүний хамар хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, таславчийн хугарал, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газар: Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Б-ийн Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-од 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-од оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-оос 7.354.500 төгрөг гаргуулж, хохирогч О.Т-д олгож, хохирогч О.Т- нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгч Б.Б-оос нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Б-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр “Чоко клуб”-т иргэн О.Т-ий хамар руу нь цохиж гэмтэл учруулаагүй ба зууралдаж, барьцалдсан нь үнэн. Тухайн үед барьцалдаад салахад миний баруун гарын чигчий хурууны үе гадагшаа мултарсан байсан. Би тэр дор нь цагдаа дуудаж, гэмтэл явж эмнэлгийн тусламж авсан. Надтай хамт явсан найз Б болсон үйл явдлын талаар Улсын мөрдөн байцаах газрын Бүжинлхам байцаагчид гэрчийн мэдүүлэг өгсөн боловч одоо энэ хэрэгт авагдаагүй байна. Мөн тухайн үед би цагдаа дуудахад хоёр цагдаа ирсэн ба хэрэг болсны дараах байдлыг тэр хоёр цагдаа нүдээрээ харсан. Тэр хоёр намайг гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. Мөн О.Т- болон түүний өмгөөлөгч нь намайг олдохгүй байсан, зугтаад алга болсон гэж шүүх хурал дээр хэлсэн бөгөөд тухайн үед би 2022 оны 12 дугаар сард л О.Т-ийг гомдол гаргасныг мэдсэн. Иймд би О.Т-ий биед гэмтэл учруулаагүй, харин ч өөрөө гэмтэл авсан тул надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Х.Гантулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Учир нь, Б.Б-, хохирогч О.Т- нарын гэрчээр болон хохирогчоор, Б.Б-ын яллагдагчаар тус тус өгсөн мэдүүлгүүдээс өөр ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй. Энэхүү хэрэг нь олон нийтийн газар буюу шөнийн цэнгээний газар үйлдэгдсэн ба мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн газарт үйлчлүүлж байсан хүмүүсээс нэг ч хүнийг гэрчээр асууж байцаагаагүй, хяналтын камерын бичлэгийг ч авч баримтжуулаагүй байх бөгөөд гагцхүү хохирогчийн мэдүүлэгт үндэслэн шүүгдэгч Б.Б-ыг ялласан нь үндэслэл муутай болсон. Хохирогч О.Т-тэй хамт явсан найз н.Золжаргал, шүүгдэгч Б.Б-той хамт явсан найз Г.Б нарыг ч энэ хэрэгт гэрчээр асууж, тайлбар мэдүүлэг аваагүй. Б.Б-ын биед баруун гарын чигчий хурууны 2 дугаар үений мултрал, үений холбоосны гэмтэл үүссэн, эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 15982 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 55-56/-ээр тогтоогдож байх ба энэхүү гэмтлийг хэн, ямар байдлаар, хэрхэн яаж учруулсан болохыг шалгаж тодруулаагүй, шийтгэх тогтоолд огт дүгнэлт хийгээгүй орхигдуулсан. Өөрөөр хэлбэл, энэ гэмтлийг Б.Б- нь О.Т-г цохихдоо авсан эсэх, Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэнчлэн О.Т-тэй зууралдаж, ноцолдох явцад үүссэн эсэх, эсхүл О.Т- Б.Б-ыг өшиглөх үед уг гэмтлийг авсан эсэх талаар огт ажиллагаа хийгдээгүй ба шийтгэх тогтоолд дүгнэлт хийгээгүй орхижээ. Иймд дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт ял, эрүүгийн хариуцлагын талаар дүгнэхдээ “...шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хувийн байдал зэргийг харгалзан түүнд 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.” Гэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл, Б.Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан болно. Мөн хохирогчид шалгуур шинжээрээ эрүүл мэндийг сарниулах хугацааг хөнгөн гэмтэлд 4 долоо хоног хүртэл тооцдог талаар гэмтлийн зэрэг тогтоох журмын тайлбар, аргачлалд заасан байх ба шүүхээс гэм хорын хохиролд нотлох баримтгүйгээр, ирээдүйд гарах зардалд тооцож 7.354.500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулсан, мөн цаашид гарах зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн зэрэг нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Хохирогч О.Т-гийн өмгөөлөгч Т.Мөнхсүлд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан. Шүүгдэгч Б.Б-ын үйлдлийн улмаас хохирогч О.Т-гийн хамар нь гэмтсэн. Миний үйлчлүүлэгч О.Т- нь одоо хүртэл хамрын хагалгаанд орж чадахгүй байгаа. Түүнд учирсан хамрын гэмтлээс болж шөнө сайн унтаж чадахгүй байгаа. Хохиролтой холбоотой бодит зардал гарах нь тодорхой. О.Т- нь үсчин хийдэг. Ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс авдаг талаар баримт хэрэгт авагдсан. Хэдийгээр шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд гэм буруутай эсэхээ нотлох үүрэг хүлээхгүй боловч шүүгдэгч Б.Б-ын улмаас хохирогч О.Т-гийн эрүүл мэндэд хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Тухайлбал, хохирогчийн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлт зэрэг баримтууд авагдсан. Энэ баримтуудыг шүүгдэгч талаас үгүйсгэж ямар нэгэн тайлбар гаргаагүй. Мөн шүүгдэгч Б.Б- нь “Тухайн үед хамт байсан н.Б-гийн гэрчээр өгсөн мэдүүлэг хэрэгт авагдаагүй” гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Учир нь, тухайн үед шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас хэргийн материалтай танилцаж гомдол, санал гаргах бүрэн боломжтой байсан. Иймд шүүхийг үндэслэлгүйгээр буруутгаж болохгүй. Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэргийг шийдвэрлэдэг. Анхан шатны шүүхээс хохирогч О.Т-ийг өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгч Б.Б-оос нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, ирээдүйд ямар нэгэн нэмэгдэл зардал гарсан тохиолдолд үүнийг шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй юм. Мөн сэтгэл санааны гэм хорын асуудлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг үлдээсэн гэж бодож байна. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хууль зөрчиж бүрдүүлсэн мэтээр тайлбарлаж болохгүй. Мөн тухайн өдөр хохирогч О.Т- эрүүлжүүлэх байранд огт саатуулагдаагүй. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна. ...” гэв.

Хохирогч О.Т- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Б-ын надтай харилцсан зурвасууд надад байгаа. Тухайн маргаан дууссаны дараа н.Б ирсэн. Тухайн үед миний согтолтын зэрэг өндөр байгаагүй. Цагдаа нар ирээд “Чи гайгүй юм чинь өөрөө гэмтлийн эмнэлэг орох чадвартай юм байна” гэж хэлсэн учраас би өөрөө эмнэлэг орсон. Тухайн өдөр Гэмтэл согог судлалын Үндэсний төвд авхуулсан зураг минь байгаа. Би шүүгдэгч Б.Б-од “Хагалгааны мөнгөнөөс чи 70 хувийг нь гаргачих, би үлдсэн төлбөрийг нь гаргая” гэж хэлэхэд “Чи юу яриад байгаа юм бэ, би чамайг цохисноо мэдэж байгаа ч чамд мөнгө өгч чадахгүй, чи зүгээр 450.000 төгрөг аваад явбал яв” гэж зурвас бичсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой холбогдуулан хэлэх тайлбаргүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-од холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Х.Гантулга нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Б.Б-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Б- нь 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Чоко” шөнийн клубт хохирогч О.Т-тэй “Муухай харлаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, таславчийн хугарал, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

хохирогч О.Т-гийн: “...Би баарны текний хажууд пиво уугаад зогсож байсан чинь үл таних нэг залуу над руу удаан ширтээд зогсоод байсан. Тэгээд би гайхаад миний үйлчлүүлэгчдийн нэг нь юм болов уу гэж бодоод ойртож очоод “Яасан юм бол” гээд мөрөн дээр нь гараараа хүрсэн чинь эвгүй харж байснаа гараа зангидаад байсан. Тэгээд би зангидаж байгаа гарыг нь харангуутаа хойш эргэж хараад хамт яваа Золжаргал гээд охинд өөрийн цүнх, шүхрээ бариулаад эргээд харсан чинь тэр залуу ямар ч үгийн зөрүүгүй миний хамар руу гараараа цохисон. Тэгээд миний хамраас цус гарч хамраа гараараа дарж байтал нөгөө залуу цааш яваад өгсөн. ...” /хх 24/,

шүүгдэгч Б.Б-ын: “...Бааран дотор текний хажууд зогсож байсан ба хажууд зогсож байсан үл таних залуутай маргалдаад зууралдаж авсан. Тэгээд эргэн тойрны хүмүүс салгахад чигчий хуруу 90 градус далийсан буюу хугарсан юм шиг байсан. ...О.Т- миний хажууд зогсож байсан. Тэгээд над руу муухай хараад байх шиг байхаар “Чи яагаад муухай хараад байгаа юм бэ” гэсэн. Тэгээд л маргаан эхэлж, барьцалдаж зууралдсан. Хүмүүс бид хоёрыг салгасан. ...” /хх 42-43/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч О.Т-гийн эрүүл мэндэд мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн хамрын ясны хугарал, таславчийн хугарал, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 10818 дугаар дүгнэлтээр нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Б.Б-оос “...Би О.Т-гийн биед гэмтэл учруулаагүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Гантулгаас “...Б.Б-ын биед учирсан гэмтлийг хэн, хэрхэн учруулсан болохыг тогтоогоогүй, шүүгдэгчээс нотлох баримтгүйгээр хохирол гаргуулсан, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь үндэслэлгүй, ял тохироогүй...” зэрэг үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан бөгөөд тэдгээрийн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Учир нь, хохирогч О.Т- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад дөрвөн удаагийн мэдүүлгүүдээр зөвхөн шүүгдэгч Б.Б-той маргалдсан, түүнд цохиулж гэмтэл авсан талаар тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлгийг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй, нотлох баримтаар үнэлэх боломжтойгоос гадна тэрээр өөр бусад хүнд зодуулсан, эсхүл өөрөө өөртөө гэмтэл учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг “... тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” хэмээн тодорхойлсон.

Хуулийн энэхүү зохицуулалтаар зөвхөн прокурорын яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дурдсан, Эрүүгийн хуулийн тодорхой зүйл, хэсгээр зүйлчлэн ангилагдсан болон шүүгчийн захирамжаар шүүхэд шилжүүлсэн хэрэг, хүний хувьд л шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үүрэгтэй юм.

Прокуророос Б.Б-ыг О.Т-гийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллаж байгаа талаар дурдсан байх тул шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Б-ыг тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзнэ.

Хуульд зааснаар аливаа хохирлын талаарх нэхэмжлэлийн шаардлага нь хуулиар стандарт тогтоосон шаардлагад нийцсэн, хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой бөгөөд хэн нэгэн орлого олж байснаа нотлоход уг орлого олж байсныг давхар батлах баримт, нотолгоо шаардагдана.

Хохирогч О.Т- хууль ёсны орлого олж байсан болохыг тайлбарлан мэдүүлснээс гадна тэрээр “S”-д 2022 оноос хойш ажиллаж байгаа талаарх тодорхойлолт /хх 70/, мөн цалин авч байсан талаарх дансны дэлгэрэнгүй хуулга /хх 72-82/, эрүүл мэндийн үзлэг, эмчилгээний баримтууд болон хамрын хагалгаанд орох шаардлагатай талаар баримт, тодорхойлолтуудыг гарган өгсөн байх тул шүүгдэгчээс 7.534.500 төгрөгийг гаргуулан хохирогч О.Т-д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын ...эрүүл мэнд ..-д хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасанд нийцжээ.

Мөн хохирогч О.Т- нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгч Б.Б-оос нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох Б.Б-оос нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь үндэслэлтэй, хууль зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг холбогдсон, түүний хувийн байдал зэрэгт тус тус тохирчээ.

Түүнчлэн, анхан шатны шүүх тус гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг шүүгдэгчийн хувийн байдалтай холбон тайлбарласан нь үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/788 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Х.Гантулга нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/788 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Х.Гантулга нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                

                

                

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ