Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2018/ШЦТ/03

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Ж.Батцэцэг, улсын яллагч Д.Аянагүл, шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Л.Ган-Очир, хохирогч Ц.*******,түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  шүүгдэгч ******* овогт *******гийн *******од холбогдох эрүүгийн 1736000000049  дугаартай 178/2018/0007/Э/  индекстэй хэргийг Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр ирүүлснийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр  хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1995 оны 05 сарын 21-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, ард халх, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэл, жолоочийн мэргэжилтэй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, эрхэлсэн ажилгүй, аминдаа гэр нэг, Тоёото карина маркын 89-26 ******* дугаартай тээврийн хэрэгсэл нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого зуны улиралд 300000-400000 төгрөг, ял шийтгэлгүй, ******* дугаарын регисртэй, ******* овогт *******гийн *******

Холбогдсон хэргийн талаар  /Яллах дүгнэлтээр /

Шүүгдэгч Д.******* нь 2017 оны 09 сарын 20-ны өдөр Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт өөрийн  өмчлөлийн  Тоёото карина маркын 05-50 тээврийн хэрэгсэлийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган хохирогч Ц.*******ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.******* нь үйлдсэн гэмт хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрч хэргийг  хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтдээ:   “ Миний бие 2017 оны 09 сарын 20-ны өдөр зам тээврийн осол гаргаж, эмнэлэг болон цагдаагийн байгууллагад мэдэгдэж, хохирогч Ц.*******т эмнэлэгийн тусламж үзүүлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Ц.*******т учирсан бодит хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү...гэх хүсэлт / хэргийн 75 дугаар хуудас/-ийг ирүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.******* нь 2017 оны 09 сарын 20-ны өдөр Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт өөрийн  өмчлөлийн  Тоёото карина маркын 05-50 тээврийн хэрэгсэлийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган хохирогч Ц.*******ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  хэрэгт авагдсан болон хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож  байна. Үүнд:

            Хэрэг учралын газар үзлэг хийсэн...Үл хөдлөх цэгийг “Баян-Оргил” нэртэй хүнсний дэлгүүрээр авч “Б” цэгээр тэмдэглэн, мөргөсөн гэх газрыг “А” цэгээр авч, авто машин зогсож байсан газрыг Б цэгээр тэмдэглэв. Засмал замын өргөн 7.60 м, авто машины баруун талын хашаа хүртэл 2.23 м, А цэгээс засмал замын баруун ирмэг хүртэл 2.25 м, А цэгээс В цэг хүртэл 9.10 м А цэг буюу   зорчигч унасан гэх цэгээс авто машин зогсож байсан Б цэг  хүртэл 6.10 м байсан ба  хоорондын мөр 4 м байв... гэх тэмдэглэл / хэргийн 07 дугаар хуудас/

Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зураг / хэргийн 8-10 дугаар хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлээр...Ховд аймгийн ******* сумын Тамгын газрын хашаанд 05-50 улсын дугаартай Тоёото карина маркын 1998 онд үйлдвэрлэсэн хөх өнгийн /АТ 2120045900/ 2008 онд Монгол улсад орж ирсэн тээврийн хэрэгсэл байх ба уг тээврийн хэрэгслийн урд талын салхины шил хагарсан байсныг  тэмдэглэн авч, гэрэл зургаар бэхжүүлэв. Өөр ямар нэгэн гэмтэл байхгүй байсан болно... гэх тэмдэглэл, гэрэл зураг /17-19 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч / Ховд аймгийн ******* сумын ******* багийн харьяат одоо Ховд аймгийн ******* сумын багийн 7-28 тоотод оршин суух  дугаарын регистртэй / овогт гийн *******ийн өгсөн... 2017 оны 09 сарын 20-ны орой  дэлгүүрээс лаа авах гээд гэрээсээ гараад засмал замаар гарах гэж байтал доороос нэг машин гэнэт ирээд мөргөсөн. Тухайн үед би ухаан алдаад унасан байсан. Би нэг машин өнгөрөөгөөд гарсан. Өөр машин ирэхгүй байсан. Гэтэл гэнэт машин мөргөсөн. Хурдтай ирсэн байх. Миний аарцаг яс болон хавирга хугарч бөгсөн бие мэдээгүй болсон. Тухайн үед би ухаан алдсан байсан тул хэн эмнэлэг дуудсаныг мэдэхгүй байна. Намайг буруутай гээд байна. Надад ямар нэгэн буруу байхгүй. Гэмтэл авснаас хойш байнга хэвтэрт байж эмийн эмчилгээтэй байгаа. Эмнэлэгийн байгууллага 1 жилийн хугацаанд хэвтрийн дэглэм сахь гэсэн. Асаргааны хүнтэй байна. Өөрийн охиноор асруулж байгаа. Тухайн хүүхэд ажил хийх боломжгүй тул  асаргааны 64000 төгрөгийг хасаад үлдэх зардлыг гаргуулна. Манайх өнгөрсөн жил 1200 гариу мал тоолуулсан. Тухайн малыг хөлсөөр маллуулж байгаа тул нэг сарын хөлсийг нэг малыг 1000 төгрөгөөр тооцож 4 сарын гэрээ байгуулан 4 сая төгрөгийг төлсөн байгаа. Мөн эмийн зардлыг баримтаар гаргаж өгснийг гаргуулах хүсэлтэй байна. Би өөрөө жолооч мэргэжилтэйн улмаас машинаа барьж гэрээ нүүлгэж, хужир шүүгээ татдаг байсан. Гэмтэл авснаас хойш ямар ч боломжгүй болсон тул  машин хөлсөлж  гэрээ нүүлгэж ,  хужир шүүгээ татсан зардалд 400000 төгрөг нэхэмжилсэн. Өмгөөлөгчийн хөлс 300000 төгрөг нийт 9 сая  гаруй төгрөгийг нэхэмжилж байна. Манайх жилдээ ямааны ноолуур гэхэд 10 сая төгрөгний орлого олдог. Түүнийгээ  хувийн 3 өрөө  сууц барихаар хадгалж байтал энэ бүх зүйлд зарцуулаад байхгүй болж байна. Сэтгэл санааны хувьд ч хүнд байна. Байнгын суран бүсээр татсан, суугаа хэвтээ хоёрын завсарт байна.  Цаашдаа хот явж эмчлүүлэх шаардлагатай.  Би энэ хүүхдийг мөнгөө төлөх байх гээд харсан. Нэг ч уулзаагүй, уучлалт  гуйхгүй байна. Хохирлыг гаргуулах хүсэлтэй байна... гэх мэдүүлэг

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.ийн өгсөн... 2017 оны 09 сарын 20- ны орой 20 цагийн үед манай гэрээс мотор аваад Хөрс клонк орж бензин аваад Сөүлийн гудмаар өгсөөд Д.*******ын гэр лүү явах замд Баян-Оргил дэлгүүрийн урд талд явж байтал урдаас хурц гэрэлтэй машин ирж байсан. Тэгээд Д.Оргилдболд  гэрлээ шилжүүлээд хурдаа хасаад гэнэт юу болчихвоо гээд зогссон. Тэгээд бууж ирээд хартал машины ар талд нэг эмэгтэй доошоо хараад хэвтэж байсан. Тэгээд Д.******* хөдөлж болохгүй гэж хэлээд эмнэлэгийн байгууллага болон цагдаагийн газар дуудлага өгөөд иртэл нь хүлээсэн. 30 км цагийн хурдтай явж байсан, их зөөлөн явж байсан. Бид хоёроос өөр хүн байгаагүй. Надад ямар нэгэн гэмтэл учраагүй... гэх мэдүүлэг / хэргийн 27-28 дугаар хуудас/

Ховд аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2017 оны 10 сарын 02-ны өдрийн шинжээчийн 27 дугаартай...05-50 улсын  дугаартай авто машин жолоодож явсан жолооч Д.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан” Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн.

Явган зорчигч Ц.******* нь замын хөдөлгөөний дүрмийн 3.9- В-д заасан” Ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйхийг хориглоно” , осол гарсан шалтгаан нөхцөл: 05-50 улсын дугаартай карина маркын авто машин жолоодож явсан Д.******* нь хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслээ зогсоож чадаагүйгээс шалтгаалан зам тээврийн осол гарсан байна... гэх дүгнэлт / хэргийн 36 дугаар хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 28- ны өдрийн 493 дугаартай...Ц.*******ийн биед зүүн талын сүүжний дэлбэн болон суудал ясны дээд салааны хугарал, бүсэлхийн LIV, V нугаламын хөндлөн сэртэнгийн зүүн талын хугарал, духны зүүн хэсэгт 0.5х0.5 см , зүүн хөмсөгний хэсэгт 1х0.5 см, зүүн хөлийн шилбэнд 2х2 см тус бүр өнгөц зулгаралтууд, зүүн гуяанд 15х15 см , зүүн хөлийн шилбэнд 20х15 см, баруун гуяанд 10х10 см, баруун хөлний шилбэнд 10х15 см, зүүн хөлийн шилбэнд 5х8 см тус бүр цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Ц.*******ийн биед учирсан дээрхи гэмтэлүүд нь Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны шүүх эмнэлэгийн гэмтлийн  зэрэг тогтоох журмын 2.3.1-д “ гэмтэл түүнээс үүссэн эд эрхтэний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Ц.*******ийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд удаан хугацаагаар нөлөөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээний үр дүнгээс хамаарна. Ц.*******ийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь хөдөлмөрийн  ерөнхий чадвар тогтонги алдалтыг 15-30 хувь алдагдуулна... гэх дүгнэлт/ хэргийн 40-41 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******ын өгсөн...2017 оны 09 сарын 20-ны орой 20 цагийн үед Хөрс клонк ороод бензин аваад Сөүлийн гудамжаар гэрлүүгээ явж байтал 10 дугаар цэцэрлэгийн дөрвөн замын уулзвараас хурц гэрэлтэй машин гарч ирээд миний өөдөөс ирж байхаар нь  би гэрлээ шилжүүлээд хурдаа хасаад “Баян-Оргил” дэлгүүрийн дээд талд уг тээврийг хэрэгсэлтэй зөрөх үед машины шилэн дээр хүчтэй юм цохих шиг болоод дуу гарахаар нь машинаа зогсоогоод бууж ирэхэд машины ар талд эмэгтэй хүн сууж байсан. Тэгээд эгчээ та яав босож болохгүй гэж хэлээд эмнэлэг болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Миний өөрийн эзэмшлийн 05-50 улсын дугаартай тоёото карина маркын тээврийг хэрэгсэл жолоодож явсан. Тухайн үед 20-30 км цагийн хурдтай явсан. Би эрүүл байсан. Миний дэргэд манай найз сууж явсан. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргахгүй байна. Шүүхээс бодитоор тогтоосон хохирлыг төлнө. Хуульд заасан хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү?...гэх мэдүүлэг зэрэг болно. 

Хэрэгт авагдсан болон хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үзлээ.

Шүүгдэгч Д.*******ын 2017 оны 09 сарын 20-ны орой 20 цагийн үед Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт өөрийн өмчлөлийн 05-50 дугаартай Тоёото карина маркын тээврийн хэрэгслийг жолоодож зам тэврийн хөдөлгөөнд оролцох явцдаа  хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна  гэсэн замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж, явган зорчигч Ц.*******ийг мөргөж, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон  хүндэвтэр  гэмтэл учруулсан гэмт үйлдэлд нь  Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Д.Оргилдболдыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.******* нь анх удаа  гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэргийн 53 дугаар хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.

Хохирогч Ц.*******ийн нэхэмжилсэн хохирол , хор уршигаас 3 сар 15 хоногийн асаргааны зардалд 158750 төгрөг, үзлэгийн төлбөр 10000 төгрөг, тээврийн хөлсний зардалд 400000 төгрөг, хөлсөөр мал маллах гэрээний дагуу  малчин ажиллуулсан  хөлс 4 сая төгрөг, эмийн үнэ 361050 төгрөг нийт 4929800 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Д.*******оос гаргуулан  хохирогч Ц.*******т олгож, ажилгүй байсан хугацааны цалин 1440000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн хөлс 300000 төгрөг зэргийг хэрэгсэхгүй болгов.

Учир нь: Хохирогч Ц.******* түүний нөхөр гийн нар нь 2016 онд 1223 толгой мал тоолуулсан нь хэргийн 108-110 дугаар хуудас дахь мал тооллогын баримтаар тогтоогдож байх тул хөлсөөр малчин ажиллуулах тухай хэргийн 105 дугаар хуудас дахь гэрээг  үндэслэн нэхэмжилсэн 4 сая төгрөг, мөн аймгаас нүүлгэх болон хужир татсан, хөрзөн аргал буулгасан, навч ачиж буулгасан зардал зэрэг нэхэмжилсэн 400000 төгрөг, байнгын асаргаа шаардлагатай гэх  хэргийн 97 дугаар хуудас дахь эмнэлэгийн байгууллагын тодорхойлолтыг үндэслэн нэхэмжилсэн 158750 төгрөг, эмийн  үнэ 361050 төгрөг нийт 4929800 төгрөгийг шүүгдэгч Д.*******оор төлүүлэх  нь  хуульд нийцнэ.

Харин хэргийн хэргийн 98, 99 дүгээр хуудас дахь эмийн үнэ нэхэмжилсэн баримт гаргацгүй,  цаашид эмчилгээ хийлгэсэн болон асруулах шаардлагатай бол иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, хэргийн 97 дугаар хуудас дахь баримтаар хохирогч Ц.******* нь тэтгэвэрт байдаг болох нь тогтоогдож байх тул ажилгүй байсан хугацааны цалинд нэхэмжилсэн 1440000 төгрөг, өмгөөлөгчийн зардалд нэхэмжилсэн 300000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн 1736000000049 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Д.******* нь хохирогчид 4929800 төгрөгийг төлөөгүй байх тул түүний өмчлөлийн ******* 89-26 дугаартай Тоёото карина маркын тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн прокурорын 2017 оны 10 сарын 13-ны өдрийн 5/12 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хэвээр үлдээв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4,5 дахь хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн   гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг  250 / хоёр зуун тавь /  цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, явган зорчигчдыг  гарцаар гарахад нь  туслах ажлыг өдөрт 4-өөс дээшгүй цагаар Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт хийж гүйцэтгүүлэхийг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******  нь  нийтэд тустай ажил хийлгэх ял биелүүлээгүй бол 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай

4. Эрүүгийн 1736000000049 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Д.*******оос 4929800 / дөрвөн сая есөн зуун хорин есөн мянга найман зуун/ төгрөгийг гаргуулан хохирогч Ц.*******т олгож, нэхэмжлэлээс 1740000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,  хохирогч нь цаашид гарах хохирол, хор уршгийн зардлаа  иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Д.*******ын өмчлөлийн ******* 89-26 дугаартай тоёото карина маркын тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн прокурорын 2017 оны 10 сарын 13- ны өдрийн 5/12 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”- ыг хэвээр үлдээсүгэй.  

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Д.*******од  “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч,түүний өмгөөлөгч, ,  хохирогч, түүний өмгөөлөгч гомдлоо, улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                     Т.ЦЭЦЭГМАА