Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 24

 

“Т- Б-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/01246/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны  01 дүгээр сарын 21-ний өдрийн 67 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Т- Б-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч Н.Г-, Б.Т- нарт холбогдох

“Бизнесийн болон алтан кредит картны үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 18.149.578,63 төгрөг, нотариатын зардалд 16.000 төгрөг, нийт 18.165.578,63 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай  нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагч Н.Г-ийн давж заалдах гомдлыг үндэслэн

          2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б-, О.У-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Т- Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б-, Б.Болдхүү нар гаргасан тайлбартаа:

Иргэн Н.Г-, Б.Т- нар нь Т- Б-наас 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 15.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 28,8 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулан зээлж авсан. Мөн өдрөө барьцааны гэрээ байгуулан, Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 1 дүгээр хэсэг, 3 дугаар гудамжны 5б тоотод байрлах, 41,25 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-2003012829 дугаартай, хувийн сууц, мөн тоотод байрлах 534 м.кв талбай бүхий нэгж талбарын 4504502068 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-2003001161 дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалтын газар, бизнесийн бараа материал, Сони маркын 55 инчийн зурагт, Самсунг маркын 2 хаалгатай хөргөгч, Самсунг маркын 43 инчийн зурагт, БСБ индукцэн плитка, унтлагын өрөөний тавилга зэрэг эд хөрөнгийг барьцаалсан.

Гэрээний хугацаа 2020 оны 07 сарын 10-нд дууссан. Энэхүү зээлийн гэрээний үүргээс үндсэн зээл 7.319.800,03 төгрөг, зээлийн үндсэн хүү 3.147.726,95 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 233.363 төгрөг, нийт 10.700.889,98 төгрөг төлөөгүй байна.

Мөн 2018 оны 09 дүгээр 27-ны өдөр 5.000.000 төгрөгийн алтан кредит картны зээл авсан. Энэхүү зээлийн хугацаа нь 2020 оны 09 сарын 27-ны өдөр дууссан бөгөөд зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 4.934.852,05 төгрөг, зээлийн хүү 2.513.836,60 төгрөг, нийт 7.448.688,65 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Дээрх зээлүүдийг хариуцагч нар нь 2019 оны 05 дугаар 31-ний өдөр хүртэлх хугацаанд төлж байгаад, үүнээс хойш огт төлөлт хийгдээгүй байна. Зээлээ төл гэж удаа дараа мэдэгдэл хүргүүлж, утсаар залгахаар утсаа авдаггүй, яаж төлөх талаараа ч хэлдэггүй. Хариуцагч нараас дээрх 2 зээлийн гэрээний нийт төлбөрийн үлдэгдэл болох 18.165.578,63 төгрөгийг гаргуулах, хариуцагч нар сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Хариуцагч нар зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгө болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 1 дүгээр хэсэг, 3 дугаар гудамжны 5б тоотод байрлах, 41,25 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-2003012829 дугаартай, хувийн сууцаа буулгасан, одоо энэ хөрөнгө байхгүй тул энэхүү үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагаасаа татгалзаж байна. Иймд бусад үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөөс зээлийн төлбөрийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Т-, Н.Г- нар шүүхэд гаргасан тайлбартаа:

Т- Б-ны гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүү нь хэтэрхий бодсон гэж тооцож байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны  01 дүгээр сарын 21-ний өдрийн 67 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Г-ээс 7.448.688,65 төгрөг, хариуцагч Н.Г-, Б.Т- нараас 10.716.889,98 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т- Б-инд олгож,

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д тус тус зааснаар хариуцагч нар 10,716,889.98 төгрөгийн төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 1 дүгээр хэсэг, 3 дугаар гудамжны 5б тоотод байрлах, 534 м.кв талбай бүхий нэгж талбарын 4504502068 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-2003001161 дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалтын газар, хөдлөх хөрөнгө болох Сони маркын 55 инчийн зурагт, Самсунг маркын 2 хаалгатай хөргөгч, Самсунг маркын 43 инчийн зурагт, БСБ индукцэн плитка зэрэг үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, бизнесийн бараа материал, унтлагын өрөөний тавилга зэрэг хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 318.894 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Г-ээс улсын тэмдэгтийн хураамжид 134.129 төгрөг, хариуцагч Н.Г-, Б.Т- нараас улсын тэмдэгтийн хураамжид 186.420 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т- Б-инд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Н.Г- давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны  01 дүгээр сарын 21-ний өдрийн 67 дугаар шийдвэрээр хариуцагч Н.Г-ээс 7.448.688,65 төгрөг, хариуцагч Н.Г-, Б.Т- нараас 10.716.889,98 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хариуцагч Н.Г- би шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч Н.Г- надаас кредит картны зээлийн үндсэн төлбөр 4.934.852,05 төгрөг, зээлийн хүү 2.513.836,60 төгрөг, нийт 7.448.688,65 төгрөг нэхэмжилснийг анхан шатны шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Зээлийн хүүгийн хэмжээ нь үндсэн зээлийн 50 хувиас хэтэрсэн байх тул хариуцагч миний бие зээлийн хүүг үндсэн зээлийн 50 хувиар тооцож, зөрүү 46.410,05 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн 2017.07.20-ны өдөр байгуулсан 15.000.000 төгрөгийн зээлийн үүргийн гүйцэтгэлийн нэмэгдүүлсэн хүү 233.363 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлдэгч нарын төлсөн зээлийн төлбөрийг банк ихэнхийг нь хүүнд тооцож авсан байна.

Иймд миний бие кредит картны зээлийн хүүгээс 46.410,05 төгрөг, 2017.07.20-ны өдрийн зээлийн нэмэгдүүлсэн хүү 233.363 төгрөг, нийт 279.773,05 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Б- давж заалдах гомдлын хариу тайлбартаа:

            Хариуцагч нар нь Т- Б-аас 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 15.000.000 төгрөгийн бизнесийн зээл, Н.Г- нь 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 5.000.000 төгрөгийн зээлийн эрхтэй алтан кредит картын зээл тус тус авсан.

Зээлдэгч нар 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс хойших хуримтлагдсан хүүгээ төлөөгүй ба банкны журмаар хүү төлөгдөөгүй 90 хоног болбол балансын гадуур хүүг хуримтлуулан тооцож бүртгэдэг болно.

Бизнесийн зээлийн үлдэгдэл 7.319.800,03 төгрөг, төлөгдөөгүй хүү 3.147.726,72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 233.363,23 төгрөг нийт хүүний дүн 3.381.089,95 төгрөг, нийт төлөх дүн 10.700.889,98 төгрөг кредит картын зээлийн үлдэгдэл 4.934.852,05 төгрөг төлөгдөөгүй хүү 1.829.703,83 төгрөг, хугацаа хэтрэлтийн шимтгэл 684.132,77 төгрөг нийт хүү 2.513.836,6 төгрөг, нийт төлөх дүн 7.448.688,65 төгрөг байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Т- Б- хариуцагч Н.Г-, Б.Т- нарт холбогдуулж бизнесийн зээл болон алтан кредит картны зээлийн гэрээний үүрэгт 18.149.578,63 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 16.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь зээлийн барьцаанд байсан үл хөдлөх эд хөрөнгөө нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр буулгаж, бодит байдал дээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болсон тул үл хөдлөх эд хөрөнгө болох  Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 1 дүгээр хэсэг, 3 дугаар гудамж, 5Б тоот хаягт байрлах 41.25 м.кв талбай бүхий хувийн сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

Хариуцагч Н.Г-, Б.Т- нар хэтэрхий өндөр хүү тооцсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 15.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 28.8 хувийн хүүтэй, Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 1 дүгээр хэсэг, 3 дугаар гудамж, 5Б тоот хаягт байрлах 534 м.кв талбай бүхий өмчлөлийн газар, 41.25 м.кв талбай бүхий хувийн сууц, бусад хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан байна.

Мөн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 5.000.000 төгрөгийн кредит картын зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 36 хувийн хүүтэй бизнесийн эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор бараа материал болон бусад хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн гэрээ байгуулагдсан байна.

Зээлийн гэрээнүүд болон барьцааны гэрээний талаар талуудын хэн аль нь маргаагүй, дээрх үйл баримт хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээнүүд, хариуцагч Н.Г-ийн нэр дээр бүртгэлтэй газар болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнүүд, тэдгээрийг улсын бүртгэлд бүртгүүлсэн бүртгэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байна.

Хариуцагч нар зээлийн эргэн төлөлтийг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс хойш хийгээгүй, хугацаа хэтрүүлэн зээлийн гэрээний 6.2.1-д заасан “Зээлийн эргэн төлөлтийн хуваарь”-ийг зөрчжээ.

Зээлдүүлэгч талаас зээлдэгч нарт гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлэхийг шаардаж удаа дараа шаардаж,мэдэгдэх хуудас хүргүүлж байжээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээл олгох эрх бүхий этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг шаардах эрхтэй бөгөөд хариуцагч нь хууль гэрээнд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй байна.

Хариуцагч Н.Г-, Б.Т- нар зээлийн гэрээний хүү хэтэрхий өндөр тооцогдсон гэж тайлбар гаргасан бөгөөд тайлбарын үндэслэл тодорхойгүй, түүнийг нотлох баримт хэрэгт авагдаагүй,шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд оролцож харилцан мэтгэлцэж өөрийн эрхээ хамгаалаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан үүргээ тус тус биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгч тал бизнесийн зээлийн гэрээний үндсэн төлбөрт 7.319.800,03 төгрөг, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүд 3.381.089,95 төгрөг нийт 10.700.889,98 төгрөг гаргуулах, кредит картны зээлийн гэрээний үндсэн төлбөрт 4.634.852,05 төгрөг зээлийн хүүд 2.513.836,06 төгрөг нийт 7.448.688,65 төгрөг гаргуулахаар шаардсан нь зөв байх бөгөөд нотариатын зардал 16.000 төгрөг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан “учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” байна.

Хариуцагч Б.Т- бизнесийн зээлийн хамтран зээлдэгч тул гэрээний үүргээ хамтран хариуцах үүрэгтэй бөгөөд  кредит картны зээлийн хамтран хариуцагч биш тул тус зээлийн хариуцагч биш гэж үзнэ.

Анхан шатны шүүх барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болох Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 1 дүгээр хэсэг, 3 дугаар гудамж, 5Б тоотод байрлах 534 м/кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалтын, улсын бүртгэлд бүртгэлтэй, өмчлөлийн газар, “Самсунг” маркийн 2 хаалгатай хөргөгч, “Самсунг” маркийн 43 инчийн зурагт, “Сони” маркийн 55 инчийн зурагт, БСБ индукцин плитка  зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь зөв байна.

Энэ нь Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д “Хууль буюу гэрээнд заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана”, 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг  үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг  худалдахыг шаардах эрхтэй”, 175 дугаар зүйлийн 175.1-д  “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг  шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж тус тус заасныг зөрчөөгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн зээлийн хүү хэтэрхий өндөр тооцогдсон гэсэн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Хариуцагч Н.Г-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны  01 дүгээр сарын 21-ний өдрийн 67 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9.044 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                          

 

                                                            ДАРГАЛАГЧ

                                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  О.НАРАНГЭРЭЛ

                                                                ШҮҮГЧИД                                  М.МӨНХДАВАА                       

                                                                                                                   Л.АМАРСАНАА