Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2023/ДШМ/1012

 

Х.Б, Т.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ганчимэг,

шүүгдэгч Т.Б,

шүүгдэгч Х.Б, Т.Б- нарын өмгөөлөгч А.Очбадрал,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж, ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/679 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор П.Эрдэнэбатын бичсэн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 49 дүгээр эсэргүүцэл, шүүгдэгч Х.Б-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Х.Б, Т.Б- нарт холбогдох 2208 02080 1375 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

  1. Б овгийн Х-ийн Б, 1994 оны ... дүгээр сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл ганцаар Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 247 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар нийт 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сар баривчлах ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 2 жил 6 сар хорих ялын зарим болох 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 1 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, Сум дундын 18 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 149 дүгээр захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сарын хорих ялыг хугацааны өмнө тэнсэж сулласан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 750 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1047 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон;

  1. У овгийн Т-ийн Б, 1993 оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, хоёр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2019/ШЦТ/937 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан;

1. Х.Б нь ганцаараа, үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон:

1.1. 2022 оны 5 дугаар сарын 31-нд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ...  тоот хашаанд байрлах иргэн Г.Н-ийн гэрт нэвтэрч “Samsung” загварын 32 инчийн зурагт хулгайлан авч 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.2. 2022 оны 5 дугаар сарын 31-нд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоот хашаанд байрлах иргэн Ж.Д-ын гэрт нэвтэрч “Samsung” загварын 32 инчийн зурагт, мөнгөн ээмэг 3гр, гинж, сийлбэрийн цахилгаан багаж хулгайлан авч 940.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.3. 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух иргэн Б.А-ийн гэрээс монетон ээмэг, монетон гинж, бугуйг цаг, үнэртэй ус, жинсэн хүрэм эд зүйл зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.324.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.4. 2022 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух иргэн Г.Б-ын орон байранд нэвтэрч 30 инчийн “Sharp” зурагт алдагдаж 550.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.5. 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух иргэн Ч.А-ы эзэмшлийн монгол гэрээс “Samsung” загварын 600.000 төгрөгийн үнэ бүхий зурагтыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлахыг завдсан,

1.6. 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод хохирогч Х.Э-ы хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт нэвтэрч 500.000 төгрөгийн үнэ бүхий “BSB” загварын 43 инчийн зурагт, 500.000 төгрөгийн үнэ бүхий даалин, 1.000.000 төгрөгийн үнэ бүхий бор өнгийн манан хөөрөг, Алдарт эхийн одон /үнэлэх боломжгүй/, 120.000 төгрөгийн үнэ бүхий хар өнгийн тольтой мөнгөн бөгж, 35.000 төгрөгийн үнэ бүхий цагирагтай мөнгөн ээмэг, 1.880.0000 төгрөгийн үнэ бүхий 4.5 гр алтан бөгж, 70.000 төгрөгийн үнэ бүхий 1.2 гр шигтгээтэй мөнгөн бөгж, 50.000 төгрөгийн үнэ бүхий очиртой мөнгөн бөгж, 180.000 төгрөгийн үнэ бүхий улаан өнгийн циркон шигтгээтэй ээмэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 4.335.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.7. 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр ... тоотод байрлах хохирогч Б.У-ийн монгол гэрт хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга, хөөрөг, ухаалаг цаг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

1.8. 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух Д.Н-ийн гэрт нэвтэрч, эд зүйл хууль бусаар авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.9. 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн 1 дүгээр давхрын цонхоор орж, үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд хууль бусаар нэвтэрч, эмнэлгийн 405 тоот өрөөнөөс “Dell core” брэндийн зөөврийн компьютер, эмнэлгийн ажилтны гадуур куртик зэрэг зүйлсийг хулгайлан авч, 1.520.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Т.Б-тай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон:

1.10. 2023 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух А.О-ын гэрт нэвтэрч хар өнгийн савхин куртик, “Nosmog” гэсэн бичигтэй тамхийг хулгайлан авч 51.500 төгрөгийн хохирол учруулсан,

1.11. 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух Ц.Д-ийн гэрт нэвтэрч 2 ширхэг мөнгөн аяга, 1 хос 3.2 гр монетон ээмэг, 1 ширхэг 2.1 гр монетон гинж хулгайлан авч,1.203.500 төгрөгийн хохирол учруулсан,

1.12. 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... тоот хашаанд байх хохирогч О.Б-ы монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, “Toshiba” брэндийн 55 инчийн зурагтыг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 2.282.985 төгрөгийн хохирол учруулсан,

1.13. 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух хохирогч Ш.Ц-ы байнга амьдрах зориулалттай гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 4.735.958 төгрөгийн өртөг бүхий эд зүйлсийг хулгайлан авч, нийт 11 удаагийн үйлдлээр 17.919.701 төгрөгийн хохирол учруулсан, мөн бусадтай бүлэглэн 4 удаагийн үйлдлээр 1.794.742,50 төгрөгийн хохирол учруулсан, буюу бүгд 19.714.443,50 төгрөгийн хохирол учруулсан,

2. Т.Б- нь яллагдагч Х.Б-тай бүлэглэн урьдчилан амлаж, бусдын санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, гэмт хэргийн хамжигчаар оролцон, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч:

2.1. 2023 оны 01 дүгээр сарын 11-нд Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух А.О-ын гэрт нэвтэрч хар өнгийн савхин куртик, “Nosmog” гэсэн бичигтэй тамхийг хулгайлан авч 51.500 төгрөгийн хохирол учруулсан,

2.2. 2023 оны 01 дүгээр сарын 11-нд Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух Ц.Д-ийн гэрт нэвтэрч 2 ширхэг мөнгөн аяга, 1 хос 3.2 гр монетон ээмэг, 1 ширхэг 2.1 гр монетон гинж хулгайлан авч,1.203.500 төгрөгийн хохирол учруулсан,

2.3. 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... тоот хашаанд байх хохирогч О.Б-ы монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, “Toshiba” брэндийн 55 инчийн зурагтыг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 2.282.985 төгрөгийн хохирол учруулсан ба нийт 3 удаагийн үйлдлээр 1.764.742,50 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар: Х.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар, Т.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн Прокурорын Газраас шүүгдэгч Б овогт Х-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1,3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 гэж хөнгөрүүлэн зүйлчилж,

шүүгдэгч У овогт Т-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигон овогт Хуягийн Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Х.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Т.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б- нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд тайлбарлаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ийн цагдан хоригдсон 197 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохоор,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч Х.Б-аас нийт 12.162.458 /арван хоёр сая нэг зуун жаран хоёр мянга дөрвөн зуун тавин найм / төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Б-д 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөг, Х.Э-д 2.335.000 /хоёр сая гурван зуун гучин таван мянга/ төгрөг, Б.А-т 1.324.000 /нэг сая гурван сая хорин дөрвөн мянга/ төгрөг, Б.У-д 1.350.000 /нэг сая долоон зуун далан мянга/ төгрөг, Ш.Ц-д 4.735.958 /дөрвөн сая долоон зуун гучин таван мянга есөн зуун тавин найм/ төгрөг, хохирогч Г.Н-д 300.000 /гурван зуун мянга/, Н.Д-д 940.000 /есөн зуун дөчин мянга/ төгрөг,хохирогч А.О-т 25.750 /хорин таван мянга долоон зуун тавь/ төгрөг, хохирогч Ц.Д-д 601.750 /зургаан зуун нэг мянга долоон зуун тавь/ төгрөг тус тус олгож,

хохирогч Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд учирсан 1.520.000 төгрөг, Д.Н-д учирсан 350.000 төгрөгийг, Х.Э-д учирсан 2.000.000 төгрөг, Ч.А-д учирсан 600.000 төгрөгийн хохирол буцаан олгогдсон, шүүгдэгч Т.Б- нь хохирогч О.Б, А.О, Ц.Д нарт учруулсан хохирлыг бүрэн төлсөн болохыг тус тус дурдаж,

энэ хэрэгт эрүүгийн 2208022331363, 2208022321507, 2205032290071, 2205032300064, 2208028170145, 2306000000257, 230800506000324, 2306009590891, 2306008020743, 2306008030728, 2305007101054 дугаартай хэргүүд нэгтгэгдсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 8 ширхэг СД-г хавтаст хэрэгт хавсарган үлдээж,

шүүгдэгч Х.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Т.Б- авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.Б давж заалдах гомдолдоо: “...Би хийсэн хэрэгтээ харамсаж байна. Би өмнө нь буруу зүйл хийж, алдаж байсан үйлдэлдээ хуулийн хариуцлага хүлээж, бусдад учруулсан хохирол төлбөрөө бүрэн барагдуулж байсан. Би одоогийн гэмт хэрэгт холбогдохдоо 21 дүгээр хороололд барилга барьж буй “Т” ХХК-д  мужааны ажил эрхэлж, үнэн шударгаар амьдарч байгаад архидан согтуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Би бусдад учруулсан хохирлын хэсэг болох эд зүйлсийг буцаан өгч барагдуулсан, цаашид үлдсэн хохирлыг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байна. Би эхнэр, хоёр охины хамт амьдардаг ба охин минь 8 сард төрсөн, одоо 1 сартай. Эхнэр минь бүтэн өнчин, эхнэр хүүхдүүдэд минь надаас өөр түших, тулах хүн байхгүй. Ээж минь ходоодны хорт хавдартай, хүнд өвчтэй, хавтаст хэрэгт баримт нь байгаа. Би дахиж алдахгүйгээр зөв замаар явж, эхнэр, хүүхэд, ээжийнхээ төлөө сайн амьдрахыг хүсч байна.

Прокуророос намайг дангаараа 10 үйлдэл, бусадтай бүлэглэн 3 удаагийн үйлдэл гэж яллах дүгнэлт гардуулсан. Гэвч би ганцаараа 9 үйлдэл, Т.Б-тай хамт 4 үйлдлийг хамт үйлдсэн. Энэ үйлдлүүдийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн мөрдөгч, ахлах дэслэгч Буянбат дээр шалгагдаж, энэ үйлдлүүдийг Т.Б-тай хамт үйлдсэн нь тогтоогдож, зам шалгалтаар хамт явсан. Үүнийг залруулж өгнө үү.

Яллах дүгнэлтэд 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Б.А-ийн гэрт хулгай орсон гэх үйлдлийг 2 давхардуулан бичиж, надад 1 үйлдэл нэмж оруулсныг засаж өгнө үү.

2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Б.А-ийн гэрээс ухаалаг цаг, бусад эд зүйлсийг авсан үйлдэлдээ Баянгол дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн мөрдөгч, ахмад Хэнчбиш дээр шалгагдаж байхдаа эд мөрийн баримтаар хураалгаж, зураг авахуулан хавтаст хэрэгт оруулсан. Энэ цагны хохирлын хэмжээг хасуулж өгнө үү.

Яллах дүгнэлт гардаж авахаас өмнө Баянгол дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсээс ахлах дэслэгч Батбаяр гэх мөрдөгч 461 дүгээр ангид ирж 230500710, 220503304 хэрэг бүртгэлтийн хэрэг дээр мэдүүлэг авч байсан. Би прокурорт энэ хэргүүдийг нэгтгэж өгнө үү гэсэн хүсэлтийг 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр явуулсан. Прокуророос миний гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ гэсэн хариу ирсэн. Хавтаст хэрэгт байгаа боловч 230500710 дугаартай хэрэг нь нэгдэж, 220503301 дугаартай хэрэг нэгдээгүй үлдсэн. Би үүнийг анхан шатны шүүх дээр өмгөөлөгчийн хамт хэлсэн. Гэвч хүлээж аваагүй, үлдсэн 220503301 дугаартай хэргийг нэгтгэж, нэг тогтоолоор шийтгэж өгнө үү.

Прокурорын эсэргүүцэлд намайг 12 жилийн турш ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй гэж үзсэн байна. Би П.Эрдэнэбат прокурорыг сүүлийн 10 сарын өмнөөс мэдэх болсон. Энэ хугацаанд 5 удаа прокурорыг харж  байсан. Тийм байхад намайг амьдралын минь туршид мэддэг юм шиг үзэж, эхнэр, ээж, хүүхдүүдийг минь хүртэл давхар яллах гэж байгаа мэт нэг талыг баримталж, зөвхөн ял өгөхөөр баримталж байна. Хэрэгт холбогдох үеийн дансны хуулга байгаа. Мөн яллах дүгнэлтэд хүртэл мужаан хийдэг гэж байхад намайг ажил хийж байгаагүй гэж үзсэн байна. Миний эхнэр Толгойтод байх “А” нэртэй авто угаалгын газарт кассчин хийдэг. Одоогоор нялх хүүхдээ хараад ажилгүй байгаа. Ээж минь хувийн тээврийн хэрэгслээр таксинд явж, амьжиргаагаа залгадаг. Би эхнэр, ээжийнхээ дансны хуулга, тодорхойлолтыг гаргаж өгч болно. Ийм байхад ээж, эхнэрийг минь ажилгүй, надаар тэжээлгэдэг гэж үзэж байгаад гомдож байна. Би урьд 2 удаа хорих ял эдэлж байсныг 5 удаа ял эдэлж байсан мэт шүүх бүрэлдэхүүнд ойлголт төрүүлэхээр тусгасан байна. Иймд прокурор П.Эрдэнэбатыг сольж өгнө үү гэж хүсч байна. Иймд хуулийн дагуу үнэн зөвөөр шийдэж, шүүхийн энэрэнгүй зарчмыг баримталж, миний залуу нас, ирээдүйн амьдрал, үр хүүхдүүд, өнчин эхнэр, өвчтэй ээжийг минь харж үзэж, хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор П.Эрдэнэбат бичсэн эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал”, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” гэж дүгнэж байх тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

  1. Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад зүйлчлэл хөнгөрүүлж шийдвэрлэсэн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар тогтоогдоогүй байна. Учир нь, шүүгдэгч Х.Б нь урьд өмнө энэ төрлийн гэмт хэргээр 5 удаа ял шийтгэгдэж, 2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих, 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 cap хорих, 2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жил хорих, 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 5 жил, 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 10 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан байна.

Шүүгдэгч Х.Б нь өнгөрсөн 12 жилийн хугацаанд ажил эрхэлж байгаагүй ба энэ хугацаанд гэмт хэрэг үйлдэж ял эдэлж байсан ба өмнөх 5 удаагийн ял эдэлсэн үйлдлүүд, сүүлийн шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн 13 үйлдлүүд арга нь нэг ижил байх ба бүх цаг хугацаанд ар гэрээ хулгайн эд зүйлээр тэжээн тэтгэж, амьдралын эх үүсвэр болгож байсан нөхцөл байдал тогтоогдож байгааг анхаарч өгнө үү. Мөн Х.Б-ийн эхнэр, ээж ажил эрхэлдэггүй зэрэг шалтгаанаас амьдралаа хулгайн эд зүйлээр байнга тэжээн тэтгэж амьдралын эх үүсвэр болгож байгаа болно. 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 10 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан хэрэг нь гэхэд 20 удаагийн үйлдэлээр , 8.578.900 төгрөгний хохирол учруулж байсан бол 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн шүүхийн 2023/ШЦТ/679 дугаартай шийтгэх тогтоолоор 13 удаагийн үйлдлээр 19.714.443 төгрөг 50 мөнгөний хохирол бусдад хохирол учруулсан болохыг дурьдах нь зүйтэй байна.

Түүнчлэн Улсын дээд шүүхээс хулгайлах гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгосон талаар 2020 оны 3 дугаар сарын 02-ны №121 тогтоолд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон тохиолдолд хүндрүүлэн үзэхээр тодорхойлсон. Энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж буй этгээд гэмт хэрэг үйлдэх, үүнээс ашиг олох зорилгоор өөрийн амьдралын хэвшил болгож, гэмт хэрэг үйлдэх замаар амьдрах боломжийг эрэлхийлж байгаа нь уг хүний гэмт санаа аюултай түвшинд хүрснийг илтгэх бөгөөд уг үйлдлүүд нь цаг хугацаа буюу хөөн хэлэлцэх хугацааны хамааралтай гурав, түүнээс дээш удаагийн үйлдлийг хамааруулан авч үзнэ.

Гэмт хэрэг үйлдэж амьдралын эх үүсвэрийг бүрдүүлэх нь тогтвортой хугацаанд давтагддаг амьдрал, зан төлөвийн хэвшил ойлголт бөгөөд энэхүү нөхцөл байдлыг тогтоон тодорхойлохдоо гэмт хэрэг үргэлжлүүлэн үйлдсэн хугацаа болон учруулсан хохирлын хэмжээг анхааран үзэх ёстой, өөрөөр хэлбэл, бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүнийг амьжиргаагаа залгуулах бодит эх үүсвэр болгосон харьцангуй тогтвортой үйлдлийн нэгдэл юм. /Улсын дээд шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны №10 тогтоол/

Гэмт этгээд хоёр ба түүнээс дээш удаа гэмт хэрэг үйлдэх нь гэмт хэргийн олонлогийн үндсэн шинж бөгөөд нэг төрлийн болон төсөөтэй гэмт хэргүүдийг үйлдсэн тохиолдолд олонлог нь давталтын хэлбэрээр илэрдэг билээ. Нэг төрлийн эсхүл төсөөтэй гэмт хэргийг хоёр ба түүнээс дээш удаа үйлдэхийг эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тусгай давталт гэж үздэг бөгөөд тэдгээр нь гол төлөв Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйл, хэсэг, заалтад тодорхойлсон, халдлагын объект, зүйл нэгтэй хэргүүд байдаг болно. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг хууль тогтоогч тусгай давталтад хамааруулан зохицуулаагүй ба харин энэ хэргийг "байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон" бол тусгай давталт гэж хуульчилж уг хэргийн онц хүндрүүлэх бүрэлдэхүүнээр тогтоосон байна

Иймд бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт этгээдийн үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд заасан хүндрүүлэх болон онц хүндрүүлэх бүрэлдэхүүнийг агуулаагүй бол түүний хэргийг ердийн бүрэлдэхүүнээр зүйлчлэх нь зөв юм. Харин аль нэгэн үйлдэл нь хүндрүүлэх эсхүл онц хүндрүүлэх бүрэлдэхүүнийг агуулж буй бол түүгээр нь хүндрүүлэн зүйлчилж, бусад үйлдлийг уг зүйлчлэлд багтаана. /Улсын дээд шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний №668 тогтоол/ гэж заасныг анхааралдаа авч зүйлчлэл хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

  1. Шүүгдэгч Т.Б-ын бусадтай бүлэглэн 3 удаагийн үйлдлээр бусдын орон байран хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан авсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэм буруутай тооцсон хэдий ч ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хууль тогтоогч хуульчилж өгчээ. Гэтэл шүүгдэгч Т.Б- нь хэдийгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо төлсөн хэдий ч түүний холбогдсон хэргийн тухайд гэмт хэргийн ангиллаар хүнд гэмт хэрэгт хамаарагдаж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг хэрэглэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй юм. Энэ нь шүүх хэрэглэх ёсгүй хуулийн хэрэглэсэн гэсэн үндэслэлд хамаарна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

Шүүгдэгч Т.Б- тус шүүх хуралдаанд “...Хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Шүүгдэгч Х.Б, Т.Б- нарын өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэлд хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж дурдсан нь үндэслэлгүй. Учир нь, Улсын Дээд шүүхийн тайлбарт “нэг үйлдлээ 3 болон түүнээс дээш удаа харьцангуй урт хугацаанд хийсэн нөхцөл байдлыг амьдралын эх үүсвэр болгосон гэнэ” гэж тайлбарласан байдаг. Шүүгдэгч Х.Б-ийн 9 удаагийн үйлдэл нь 6 сар үргэлжилсэн. Өөрөөр хэлбэл, 6 сарын хугацааг харьцангуй урт хугацаа гэж үзэхгүй. Мөн прокурорын эсэргүүцэлд “байнга үйлдэж, амьдралын хэвшил болсон, амьжиргаагаа залгуулах бодит эх үүсвэр болгосон” гэж дурдсан. Гэтэл шүүгдэгч Х.Б нь бусад хугацаанд гэмт хэрэг үйлдээгүй бөгөөд авто угаалгын газар ажиллаж гэр бүлээ тэжээдэг байсан. Энэ талаар нотлох баримтууд хэрэгт авагдсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

Прокурор Д.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурор П.Эрдэнэбатын бичсэн эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Учир нь, анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Урьд шүүгдэгч Х.Б нь 5 удаа хулгайн хэргээр ял шийтгэгдэж байсан. Хамгийн сүүлд үйлдсэн хулгайн гэмт хэрэг нь 13 үйлдэлтэй байдаг. Улсын Дээд шүүхийн тайлбаруудаас үзэхэд шүүгдэгч Х.Б нь хулгайлах гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгосон нөхцөл байдал байдаг. Харин шүүгдэгч Т.Б- нь бусдын орон байранд нэвтэрсэн 3 удаагийн үйлдэл байдаг. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэн нь шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Х.Б, Т.Б- нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Прокуророос Х.Б-ийг нийт 14 удаагийн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт, Т.Б-ыг бусадтай бүлэглэн, урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, гэмт хэргийн хамжигчаар оролцож, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч 3 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

(1) Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд гаргасан шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, шүүгдэгч Т.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Тодруулбал, анхан шатны шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэхдээ шүүгдэгч тус бүрийн гэмт хэрэг үйлдсэн байдал, гэм буруу, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын хэр хэмжээ зэргийг хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах дүгнэлтэд яллах үндэслэл болгосон нотлох баримтуудаар нотлогдсон болох, нотлох баримтын агуулга, аль нотлох баримтууд нь аль шүүгдэгчийн буруутгаж буй гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой болох талаар тус тусад нь хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэн тогтоож буй нөхцөл байдал нь хэрэгт авагдсан аль нотлох баримтаар нотлогдсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, прокурорын санал, дүгнэлтэд дурдсан үндэслэлтэй санал нийлэхгүй байгаа бол нэг бүрчлэн хууль зүйн үндэслэлтэйгээр няцаах үүрэгтэй боловч ийнхүү хэргийн баримттай тохирохгүй дүгнэлт хийсэн нь шүүгдэгчийн гэм бурууг хөдөлбөргүй тогтоох зарчимд харшилсан гэж үзэхэд хүргэж байгаагаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан “Ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх” эрх зөрчигджээ.

Анхан шатны шүүх дээр дурдсанаар хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болно.

Шүүх эрүүгийн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд үнэлэлт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэхдээ буруутгагдаж буй хүний гэм бурууг заавал тогтоож байж хариуцлага хүлээлгэх үндсэн зарчимтай тул гэм буруугийн ямар хэлбэрээр үйлдсэн болохыг нэг бүрчлэн, үндэслэлтэй, зөв тодорхойлох нь шүүн таслах ажиллагааны гол зорилтын нэг юм.

(2) Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болохоор заасан бөгөөд энэхүү зохицуулалт нь зөвхөн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчид хамаарах хэм хэмжээ байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэгт, хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэгт тооцон ангилжээ.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Т.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хоёр жилээс найман жилийн хорих ялын санкцитай буюу хүнд гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон атлаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд хэрэглэх хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хэрэглэж, түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн ял завшуулж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийг илтэд буруу хэрэглэсэн энэхүү алдаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарна.

(3) Шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцүүлэхээр үйлдсэн прокурорын яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна.

Тодруулбал, яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт Х.Б нь Б.А-ийн гэрээс эд зүйл хулгайлсан гэх үйлдлийг хоёр удаа давхардуулан бичсэн, мөн “Х.Б нь Т.Б-тай бүлэглэж 4 үйлдлээр, Т.Б- нь Х.Б-тай бүлэглэн 3 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан” хэмээн зөрүүтэй бичсэн, хохирогч Ж.Д-ын нэрийг “Н.Д” гэж буруу бичсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан 550.000 төгрөгийн хохирлыг “бага хэмжээний хохирол учруулсан” гэж буруу дүгнэсэн, хохирогч О.Б-ы гэрээс зурагт, мөнгөн аяга хулгайлан авсан талаар шүүгдэгч Х.Б мэдүүлсэн /3хх 63/ байхад энэ талаар яллах дүгнэлтэд дүгнээгүй, хохирлыг тооцоогүй, шүүгдэгч Х.Б, Т.Б- нар бүлэглэж А.О-ын гэрээс хулгайлсан эд зүйлийн үнэлгээг 103.000 төгрөгөөр тогтоосон /4хх 71/ байхад 51.500 төгрөгийн хохирол учруулсан гэж хохирлын хэмжээг буруу тооцсон зэргээр хэргийн үйл баримтын, үг үсэг, тоо тооцоолол, техникийн шинжтэй алдаануудыг гаргажээ.

Прокурорын яллах дүгнэлт хуульд заасан шаардлагыг хангаагүй нь шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7, 34.14, 35.8 дугаар зүйлүүдэд заасны дагуу “Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд” яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцэхгүй ба “Прокурор ээлжийн амралттайн улмаас ажлын ачаалал үүссэн” гэх шалтгаан нь энэхүү алдааг зөвтгөх үндэслэл болохгүй.

Түүнчлэн, анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б яллах дүгнэлтийн зөрчилтэй байдлыг тайлбарласан байхад анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар яллах дүгнэлтийн алдаа, зөрчилтэй байдлыг зөвтгүүлээгүй нь буруу болжээ.

(4) Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулах албадлагын арга хэмжээг хэрэглэх үндэслэл, журмыг заасан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Б “...Х.Б нь манай барьцаалан зээлдүүлэх газарт 39 инчийн “Sharp” зурагтыг 150.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. ...” /1хх 23/ гэж,

гэрч О.Э “...зурагтыг 100.000 төгрөгөөр манайд тавьж байсан, мөнгийг бэлнээр өгсөн...” /3хх 1-2/ гэж мэдүүлж, энэ талаарх “А” барьцаалан зээлдүүлэх газрын баримтыг гарган өгсөн /3хх 5/ байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ.” гэж заасны дагуу түүнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй, энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй байна.

Мөн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Ц.А, Э.Ш нарын гаргасан иргэний нэхэмжлэлийг шүүх шийдвэрлээгүй орхигдуулсан, гэм буруутай этгээдээс гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг гаргуулаагүй орхигдуулсан, энэ талаар прокурор санал дүгнэлтээ гаргаж шүүхээр шийдвэрлүүлээгүй нь буруу болжээ.

Түүнээс гадна шүүгдэгч Х.Б гэмт хэрэг үйлдэж олж авсан эд зүйлсээ Хархорин зах орчимд “алт, монет авна” гэсэн хүнд 180.000 төгрөгөөр зарсан талаар мэдүүлсэн /4хх 22/ байхад шүүгдэгчээс албадан гаргуулаагүй тус тус орхигдуулсан байна.

(5) Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан байна. Тодруулбал:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүх хуралдааны товыг талуудад урьдчилан мэдэгдэхийг шүүхэд үүрэг болгож, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдсэн хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд хуулийн 34.8 дугаар зүйлд заасан зохицуулалтын дагуу түүний оролцоогүйгээр хэргийг хэлэлцэж болно.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуульд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээх бөгөөд тэдгээрийн шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох эрхээр хангагдах ёстой.

Шүүх хуралдаанд оролцвол зохих талуудыг бүрэн оролцуулах, шүүх хуралдааны товыг талуудад урьдчилан мэдэгдэхийн ач холбогдол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “... бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх ... нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, шүүх ажиллагаанд биеэр оролцох ...” хүний эрхийг баталгаатай эдлүүлэх эрх зүйн үндэслэл болох бөгөөд энэхүү эрх дан ганц хэргээ шүүлгэж буй шүүгдэгчид олгогдсон хэмээн ойлгож болохгүй.

Монгол Улсын хууль, Олон Улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрх хүн бүрт хуулиар тэгш олгогдсон учраас шүүх хуралдаанд оролцох эрхийг хэргийн оролцогчдод бүгдэд нь тэгш эдлүүлэх учиртай.

Гэтэл анхан шатны шүүх 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг шүүхэд шилжүүлэхдээ шүүх хуралдаанд прокурор, яллагдагч нар, тэдгээрийн өмгөөлөгч нарыг оролцуулан явуулахаар тогтоож, хэргийн бусад оролцогч нар болох хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдээгүйгээс гадна анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг иргэний нэхэмжлэгч нар, нэр бүхий хохирогч нарт гардуулалгүй тэдгээрийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлажээ.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн прокурор П.Эрдэнэбатын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Х.Б-т урьд авсан цагдан хорих, шүүгдэгч Т.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Шийтгэх тогтоолыг дээрх үндэслэлүүдээр хүчингүй болгож шийдвэрлэсэн тул “хорих ялыг хөнгөрүүлэх” агуулга бүхий шүүгдэгч Х.Б-ийн гаргасан давж заалдах гомдолд энэ удаа дүгнэлт өгөөгүй болохыг дурдав.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан оролцогчдын хуульд заасан эрхээ эдлэх боломжоор хангах, хууль хэрэглээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа зөрчлийг зөвтгөн залруулж нэг мөр шийдвэрлэвэл зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд давж заалдах шатны шүүх нь (1) анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх, (2) анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, (3) хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах гэсэн шийдвэрийн аль нэгийг гаргахаар заасан.

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаах эрх хэмжээг хүчингүй болгож, улмаар хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх, эсхүл мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан, эсхүл нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн алдааг зөвтгөх зорилгоор анхан шатны шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж, мөрдөн шалгах ажиллагааг нөхөн гүйцэтгэх зохицуулалтыг шинээр хуульчлах үзэл баримтлалын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6.2 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт, 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, шүүхийн шатанд мөрдөн шалгах ажиллагаа явуулах журмыг мөн хуулийн 36.16 дугаар зүйлийн 5, 6, 7 дахь хэсэгт шинээр хуульчилсан явдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, хэргийн бодит байдалтай нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэл болохгүй.

Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянах эрх хэмжээтэй бөгөөд мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч заавал биелүүлэх үүрэгтэй болно.

Давж заалдах шатны шүүхээс эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэхгүйгээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т заасан аль нэг үндэслэлээр доод шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тохиолдолд анхан шатны шүүх нь хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу дахин явуулж, дээд шатны шүүхийн шийдвэрт дурдсан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн алдааг зөвтгөж, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго, нийтлэг зарчмуудад нийцсэн, хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргах үүрэг хүлээнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/679 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор П.Эрдэнэбатын бичсэн 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 49 дүгээр эсэргүүцлийг бүхэлд нь хангасугай.
  2. Шүүгдэгч Х.Б-т  урьд авсан  цагдан хорих, шүүгдэгч Т.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ