Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2017/0463

 

2017 оны 06 сарын 28 өдөр

        Дугаар 221/МА2017/0463                     Улаанбаатар хот

Н.Б нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч О.Номуулин, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Д, хариуцагч Дорнод аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтсийн дарга Н.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, гуравдагч этгээд П.У нарыг оролцуулан Дорнод дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч В.Д нарын гаргасан давж заалдах гомдлоор Н.Б нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Н.Б 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Дорнод аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн Б/76 тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 06 дугаар шийдвэрээр:

“Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн Б/76 тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгч Н.Б, түүний өмгөөлөгч В.Д нар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Тус шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагад нийцээгүй байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...1.Нэхэмжлэгч Б.Б урьд эрхэлж байсан Дотоод ажил хариуцсан мэргэжилтний ажлын байр хадгалагдаагүй байсан.

2.П.У урьд эрхэлж байсан ажлын байр хадгалагдан үлдсэн тул түүнийг Хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр томилсон нь зөв байна.

3.Б.Б нь тус хэлтэст дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа хүний нөөцийн ажлыг давхар гүйцэтгэж байсан нь ажлын байрны тодорхойлолтоос харагдаж байх тул энэхүү тушаалд томилогдох ёстой, мөн П.У нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт Хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр томилсон бичилт байхгүй, Хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр томилогдсон бичилтийн он, cap, өдрийг засварласан талаар маргаж байгаа нь үндэслэлгүй байна” гэж дүгнэжээ.

Нэг. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж дүгнэлт гаргасан тухайд:

Хэрэг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зохицуулалт нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалт бөгөөд энэхүү хуулийн хэм хэмжээг маргаан бүхий үйл баримттай холбон тайлбарлахдаа буруу тайлбарлаж, хэрэглэснээс хэргийг буруу шийдвэрлэсэн.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасан.

Уг хэм хэмжээний бүрэлдэхүүнд чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байх, цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчдаас, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагын хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна гэсэн зохицуулалттай байна.

  1. Чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн тухайд нэхэмжлэгч Б.Б Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2014 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар Дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр томилсон.

Дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа батлагдсан ажлын байрны тодорхойлолтоор Төсвийн шууд захирагчтай байгуулсан менежерийн үр дүнгийн гэрээний биелэлт, албан хаагчдын үр дүнгийн гэрээ байгуулах, үнэлж дүгнэх ажлыг зохион байгуулах, Хүний нөөцийн хэрэгцээ, тавигдах шаардлагыг тодорхойлж, мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулах, газрын албан хаагчдын мэдээлэл судалгааг нарийвчлан гаргаж, цалин хөлс, шагнал урамшууллын асуудлыг шийдвэрлүүлэх, ажилтнуудын нийгмийн баталгааг хангах ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэх гэх мэт хүний нөөцийн чиг үүргийг гүйцэтгэж байсан нь шууд харагддаг.

Шүүх хуралдааны явцад шинээр батлагдсан Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтсийн Хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолттой заалт бүрээр харьцуулан, хэвээр хадгалагдан үлдсэн чиг үүргийг тайлбарласан боловч шүүх анхаарч үзээгүй.

Төрийн албаны тухай хуулийг тайлбарлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолд төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн гэж өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалтны албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, хасагдсан эсхүл нэмэгдсэн, түүнчлэн томъёоллын хувьд өөрчлөгдсөн ч өмнөх агуулга нь хэвээр байхыг хэлнэ гэж тайлбарласан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт дээрх агуулгаар мэтгэлцэж оролцсон.

1.2.      Уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчдаас шалгаруулж авах тухай зохицуулалтыг мөн буруу тайлбарлажээ.

Б.У нь Хөдөлмөрийн хэлтэст 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Б/51 тушаалаар хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан бөгөөд хамгийн сүүлд эрхэлж байсан чиг үүрэг нь хэлтсийн даргын чиг үүрэг юм. Бодит байдал дээр 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдрөөс Хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр томилогдсон /Нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээс тодорхой харагдаж байгаа/ Б.Ц өмнө нь Олон нийтэд түшиглэсэн нийгмийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсныг дурдах нь зүйтэй.

1.3.  Тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагын хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох тухай заалтыг буруу тайлбарласан.

Энэхүү шаардлагыг тайлбарлахдаа Хөдөлмөр халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар баталсан Хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан Хүний нөөц дотоод ажилтан хариуцсан мэргэжилтэн нь байхаар заасан бөгөөд нэхэмжлэгч Б.Б нь сэтгүүлч мэргэжилтэй, П.У нь багш, нягтлан бодогч мэргэжилтэй хэмээн бодит байдлыг буруугаар тайлбарлажээ.

Хөдөлмөр халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар ажлын байрны тодорхойлолт огт батлаагүй бөгөөд зөвхөн орон тоог тогтоосон.

Мөн Б.Б “сэтгүүлч мэргэжилтэй” гэж харьцуулан дүгнэсэн нь “Б.Б чиг үүрэг хадгалагдан үлдээгүй” гэсэн эхний дүгнэлттэйгээ зөрчилдөж байна. Хэрэв чиг үүрэг нэгэнт хадгалагдан үлдээгүй бол хооронд нь харьцуулан шалгаруулж авах хуулийн заалтыг хэрэглэх шаардлагагүй юм.

1.4. Эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна гэсэн зохицуулалтыг шалгаагүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолд шалгаруулж авна гэж эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон бүрэлдэхүүн, ажлын хэсэг /комисс/-ийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгохыг хэлнэ гэж тодорхойлсон бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар болон хариуцагч тайлбартаа шалгаруулах талаар бүрэлдэхүүн, ажлын хэсэг томилсон зүйл байхгүй гэдгээ илэрхийлсэн.

Хоёр. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тухай:

2.1. Шаардлагатай хэргийн оролцогчийг хэрэгт татан оролцуулаагүй, хэрэгт хамааралгүй этгээдийг гуравдагч этгээдээр татан оролцуулсан тухай:

Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажиллаж буй албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөнө. Нэхэмжлэгчийн тайлбарлаж буйгаар 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдрөөс, хариуцагчийн тайлбарлаж буйгаар 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс хэрэг шийдэгдэх өдөр хүртэл Б.Ц Хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаа баримт хэрэгт хавсаргагдсан.

Мөн П.У нь Хяналт, шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаа баримт хэрэгт авагдсан.

Гэтэл шүүхээс хэргийн шийдлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь огт хөндөгдөхгүй этгээд болох П.У гуравдагч этгээдээр татан оролцуулж, харин эрх ашиг нь хөндөгдөж буй этгээд болох Б.Ц маргаан бүхий ажлын байранд ажиллаж байгаа гэдгийг тогтоогдсоор байхад гуравдагч этгээдээр татан оролцуулсангүй.

Ингэснээрээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн.

2.2. Шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлээгүй:

Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа Хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтний орон тоонд П.У биш, Б.Ц томилсон бөгөөд Б.Ц ажил хүлээлгэн өгсөн тухай мэдүүлсэн. Б.Б Б.Ц ажлын материалуудаа 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр хүлээлгэн өгсөн баримт хэрэгт хавсаргагдсан.

Энэхүү нэмэлт тайлбарыг нотлох зорилгоор өмгөөлөгч нарын зүгээс гаргасан Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн тушаалууд, цалингийн хавтгай, харилцагч банканд cap бүр шилжүүлдэг ажилчдын нэр албан тушаал бүхий хавтгай зэргийг харьцуулан шалгуулж, үзлэг хийлгэх тухай хүсэлтийг шийдвэрлэлгүй орхисон.

Өмгөөлөгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргах эрхтэй бөгөөд шүүхээс хүсэлтийг хангах, хэрэгт ач холбогдолгүй бөгөөд нотлох шаардлагагүй бол хэрэгсэхгүй болгох үүрэгтэй.

Мөн эргэлзээ бүхий нөхцөл байдлыг тодруулахаар шүүхээс шаардлагатай ажиллагаа хийж болох байсан боловч шүүхээс өөрийн санаачлагаар ямар ч ажиллагаа явуулаагүй, нэхэмжлэгчийн хүсэлтийн зарим хэсгийг шийдвэрлэх замаар л нотлох баримт цуглуулж хэргээ шийдсэн.

2.3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй:

Хариуцагч талаас тайлбарынхаа үндэслэл болгож байгаа П.У нь Б.Б илүү тухайн ажлын байрны шаардлагад нийцэж байгаа тул түүнийг шалгаруулж Хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр авсан гэх тайлбарыг бодит байдалтай нийцээгүй болохыг нотлох зорилгоор өмгөөлөгч нараас үзлэг хийлгэх тухай хүсэлтүүдийг гаргасан.

Хүсэлтийн дагуу байгууллагын тушаалд үзлэг хийхэд тушаалын дугаар олгосон бүртгэл байхгүй, нэг ч тушаал архивлаж үдэгдээгүй, хуудаслан хадгалдаг байрлалыг нь солих, нэмж хасах бүрэн боломжтой уутан хавтсанд хадгалагдаж байсан.

П.У нийгмийн даатгалын дэвтэрт Хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр томилсон бичилт байхгүй Хяналт шинжилгээ үнэлгээний мэргэжилтнээр томилсон бичилтийн он сарыг гараар засварласан болох нь энгийн нүдээр харахад тодорхой байсан.

Харин одоо Хүний нөөц дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажиллаж буй Б.Ц нийгмийн даатгалын дэвтэрт мөн л урьд нь ажиллаж байсан гэж гэрчээр мэдүүлсэн. Хяналт шинжилгээ, үнэлгээний мэргэжилтнээр томилсон бичилт байхгүй, мөн Хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр томилсон тухай бичилтийн cap, өдрийг засварлан 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдөр гэх тэмдэглэл байсан нь энгийн нүдээр харагдаж байгаа.

Гэтэл шүүх дээрх үзлэгээр илэрсэн баримтад ямар ч дүгнэлт өгөлгүй шийдвэрийн үндэслэх хэсгийн хэсэгт “...П.У нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт Хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр томилсон бичилт байхгүй, ...бичилтийн он cap өдрийг засварласан талаар маргаж байгаа нь үндэслэлгүй. Он, cap, өдөр засвартай байгаа нь тухайн албан тушаалтныг буруутгах үндэслэл болохгүй” гэж дүгнэсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ. Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Төрийн албаны салбар зөвлөлийн Дорнод аймаг дахь салбар зөвлөлийн 04 дүгээр тогтоолыг нотлох баримтын эх сурвалж болгон иш татаж, энэ баримт болон бусад баримтаас үзэхэд хууль зөрчөөгүй болох нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн. Төрийн албаны зөвлөлийн 04 дүгээр тогтоол нь тухайн хэргийн нотлох баримт биш, харин урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулаад гаргасан эрх бүхий байгууллагын шийдвэр.

Эцэст нь дурдахад П.У нь чиг үүргийн дагуу тухайн шалгаруулж орсон гэх ажилдаа томилогдоод 10 гаруй хоносны дараа өөр ажилд шилжүүлэх тухай өргөдөл гаргаж, түүний дагуу П.У, Б.Ц нарын ажлыг сольсон мэтээр хариуцагчаас баримт бүрдүүлэн өгч энэ нь нийгмийн даатгалын бичилт байхгүй, маргаан бүхий тушаалын тэмдэглэсэн cap, өдөр засвартай зэрэг эргэлзээ бүхий нөхцөл байдал байсаар байтал хэт нэг талыг баримталж, шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлээгүйгээс буруу шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

Иймээс уг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж гаргасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагад нийцэхгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4 дэх хэсэгт заасны дагуу Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдсонгүй.

Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 9 дүгээр тогтоолын дагуу аймгуудын Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийг нэгтгэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болгосонтой холбогдуулан тус газрын даргын мөн оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоог батлахдаа “Хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн”-ий орон тоог 1 байхаар тогтоожээ.

Нэхэмжлэгч Б.Б тухайд энэхүү бүтэц батлагдахаас өмнө Дорнод аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст Дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр, гуравдагч этгээд П.У аймгийн Хөдөлмөрийн хэлтэст Хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан, иймд хариуцагчийн зүгээс шинээр батлагдсан 1 орон тоонд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн аль нэгийг томилон ажиллуулах шаардлага бий болсон байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Б өмнөх байгууллагадаа дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа хүний нөөцийн асуудлыг давхар хариуцан ажилладаг байсан нь ажлын байрны тодорхойлолтоор тогтоогдох бөгөөд энэ тохиолдолд зөвхөн нэр өөрчлөгдсөнөөс шалтгаалан нэхэмжлэгчийн эрхэлж байсан чиг үүрэг шинэ бүтцээр хэвээр хадгалагдаагүй гэж үзэх боломжгүй бөгөөд энэ талаарх анхан шатны дүгнэлт үндэслэлгүй.

Харин энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан өөрчлөн байгуулагдсанаас тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн төвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага туршлага зэргийг харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэсэн зохицуулалт үйлчилнэ.

Шинэ бүтцээр батлагдсан “Хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн”-ий ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага нь “хүний нөөц, бизнесийн удирдлага, хууль эрх зүйч, нягтлан бодогч”. Нэхэмжлэгчийн тухайд сэтгүүлч, гуравдагч этгээдийн тухайд багш, нягтлан бодогч мэргэжилтэй байгаагаас үзэхэд тухайн ажлын байранд Б.Б эзэмшсэн мэргэжил тохирохгүй байна.

Өөрөөр хэлбэл хуулийн дээрх заалт ёсоор тухайн албан тушаалд тавигдах ерөнхий шаардлагыг гуравдагч этгээд П.У илүү хангасан, түүнчлэн нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн аль аль нь өмнө нь тухайн тухайн байгууллагадаа дотоод асуудал хариуцсан мэргэжилтнээр ажилласан жил нь ойролцоо, хэдийгээр ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу нэхэмжлэгч Б.Б Дорнод аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн хүний нөөцийн асуудлыг давхар хариуцдаг байсан ч, гуравдагч этгээдийн тухайд Хөдөлмөрийн хэлтэст одоогийн шинээр байгуулагдсан бүтцийн орон тоо болох Хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад Хөдөлмөрийн сайдын 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Б/51 дүгээр тушаалаар тус хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан зэргээс үзэхэд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын “Хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн”-ний 1 орон тоонд гуравдагч этгээд П.У томилж, харин нэхэмжлэгч Б.Б 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгох байдлаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн маргаан бүхий захиргааны акт Төрийн албаны тухай хуулийн дээрх заалт болон уг хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасантай нийцжээ.

Анхан шатны шүүхээс одоогийн аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажиллаж буй Б.Ц бус харин маргаан бүхий акт гаргах үед уг албан тушаалд томилогдон ажиллаж байсан П.У гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсныг буруутгах боломжгүй, цаг хугацааны хувьд дараа нь П.У, Б.Ц нарыг сэтгэх байдлаар томилсон нь байгууллагын дотоод зохион байгуулалтын асуудал болох талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Мөн “…хэргийг шийдвэрлэхдээ нотлох зарчмыг бүрэн хэрэгжүүлээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй…” гэх давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүнд дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Б, түүний өмгөөлөгч В.Д нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

ШҮҮГЧ                                                             С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                             О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                             Э.ЛХАГВАСҮРЭН