Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 57

 

“Ч-Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тус аймгийн Засаг дарга,

 Орон нутгийн өмчит газар, Эрдэнэцогт сумын Засаг даргад тус тус холбогдох

 захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                                  Танхимын тэргүүн М.Батсуурь,

Шүүгчид:                                     Г.Банзрагч,

                                                    Д.Мөнхтуяа,

                                                    Ч.Тунгалаг,

Илтгэгч шүүгч:                            П.Соёл-Эрдэнэ,

Нарийн бичгийн дарга:              Д.Долгордорж,

Нэхэмжлэлийн шаардлага: Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хуралдааны “аймгийн 2017 онд хувьчлах хөрөнгийн жагсаалт батлах тухай” 6/4 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах,

2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр баталсан “Эрдэнэцогт сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн халаалтын болон цэвэр усны инженерийн хийцтэй шугам сүлжээг менежментээр хувьчлах гэрээ”-г хүчингүй болгуулах,

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг дарга болон “Ч-Ө” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ЭЦ-ХО-01 тоот “Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээ”-г хүчин төгөлдөр үйлчилж байгаа болохыг тогтоолгох, гэрээний дагуу “Ч-Ө” ХХК-иар Эрдэнэцогт сумыг нэгдсэн дулаанаар хангах үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг хариуцагч сумын Засаг даргад даалгах,

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 111/ШШ2018/0026 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2018/0645 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн    төлөөлөгч    Ц.Б,    гуравдагч    этгээдийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, Ц.Э нарыг оролцуулж,

Хариуцагч Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тус аймгийн Засаг дарга, Орон нутгийн өмчит газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 111/ШШ2018/0026 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасны дагуу нэхэмжлэгчийн “Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн хуралдааны “Аймгийн 2017 онд хувьчлах хөрөнгийн жагсаалт батлах тухай” 6/4 дугаар тогтоолыг хүчингүй болгох”, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр баталсан “Эрдэнэцогт сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн халаалтын болон цэвэр усны инженерийн хийцтэй шугам сүлжээг менежментээр хувьчлах гэрээ”-г хүчингүй болгох” шаардлагатай хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, “Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг дарга болон “Ч-Ө” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ЭЦ-ХО-01 тоот “Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээ”-г хүчин төгөлдөр үйлчилж байгаа болохыг тогтоож, гэрээний дагуу нэхэмжлэгч “Ч-Ө” ХХК-иар Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумыг нэгдсэн дулаанаар хангах үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг хариуцагч Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргад даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2018/0645 дугаар магадлалаар: Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 111/ШШ2018/0026 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Хариуцагч Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, тус аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Эрдэнэцогт сумын Засаг дарга болон Ч-ө ХХК-тай байгуулсан гэрээ бүртгэгдээгүй тул тухайн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 6/4 дүгээр тогтоолыг батлахад эрх ашиг нь хөндөгдсөн этгээд байхгүй гэж үзсэн. Эрдэнэцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Хүсэлт уламжлах тухай 1а/02 тоот албан бичгээр тус сумын инженерийн хийцтэй шугам сүлжээний 1,8 км шугамыг хувьчлах талаар хүсэлт ирүүлэхдээ “Ч-Ө” ХХК ашиглаж байгаа талаар тодорхой мэдээлэл ирүүлээгүй. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагаа явуулах шаардлага байгаагүй.

4. Анхан шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзсэнийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хөрөнгийг хувьчлах явцад “Ч-Ө” ХХК-тай орон нутгийн өмчийг хууль зөрчиж, гэрээ байгуулж, үнэ төлбөргүй ашиглуулж байсан нь мэдэгдсэн. Төсөл сонгон шалгаруулах тухай мэдээллийг “Ч-Ө” ХХК-ний захирал Н.Б-ийн цахим хаягаар 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүргүүлсэн.

5. Эрдэнэцогт сумын шугам сүлжээг “Ч-Ө” ХХК нь 2014 оноос хойш ашиглаж байсан нь тогтоогдоогүй бөгөөд төсөвт байгууллагуудын халаалтын зардлыг “Т Б-Ө” ХХК-д шилжүүлж байсан тул “Ч-Ө” ХХК нь гэрээний дагуу үүрэг гүйцэтгээгүй гэж үзэж байгаа тул ашиг сонирхол нь хөндөгдөөгүй бөгөөд нэхэмжлэл гаргах үндэслэлгүй гэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Давж заалдах шатны шүүхээс гэрээний заалтыг буруу ойлгож, нэхэмжлэлийг хүчингүй болгох нэг үндэслэл болгосон.

6.Учир нь Эрдэнэцогт сум болон “Ч-Ө” ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ЭЦ-ХО-01 дугаар “Сумын уурын зуухны хөрөнгө оруулалт гэрээ”-ээр хөрөнгө оруулагч тал халаалтын зуухыг өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулж, үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлсний дараа дулаанаар хангах гэрээг дулаан авах байгууллага нэг бүрээр хийж, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг үндэслэн төлбөрийг тогтоохоор тохирсон байна.

7.Гэтэл давж заалдах шатны шүүхээс Эрдэнэцогт сумын Засаг даргын Тамгын газраас тавьсан ажлын шаардлагын дагуу уурын зуух барих, тоног төхөөрөмж түүний угсралтын ажлыг хангах ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн гэсэн нь өрөөсгөл дүгнэлт хийсэн байна. Угтаа Эрдэнэцогт сумын Тамгын газраас уурын зуух барих захиалга огт өгөөгүй байна.

8.Шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн тогтоолын үндэслэлд шинжээч томилж, дулааны шугам нь эрчим хүч дамжуулах шугамд хамаарах эсэхийг тодруулах шаардлагагүй гэж дүгнэсэн.

9.Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А-1/1725 дугаар албан бичгээр “...Төрийн өмчийн хороотой зөвшилцөнө” гэж заасныг хэрэгжүүлээгүй хувьчилсан байх хэдий ч үнэ төлбөргүйгээр хугацаагүй ашиглуулж байсан 183,0 сая төгрөгийн үлдэх өртөгтэй хөрөнгийг 350,0 сая төгрөгөөр худалдаж орон нутгийн өмчийг үр ашигтай захиран зарцуулсан байх тул “хувьчлах асуудлыг дэмжиж байна" гэсэн хариуг ирүүлсэн.

10.Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3 д зааснаар магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгөхийг хүсье.

11.Хариуцагч Баянхонгор аймгийн орон нутгийн өмчит газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хувьчлах орон нутгийн эд хөрөнгийн жагсаалтыг батлахдаа Төрийн өмчийн хороотой зөвшилцөөгүй, тухайн хуульд заасан ямар баримт материал, тооцоо, судалгаа, лавлагааг үндэслэж шийдвэр гаргасан нь тодорхойгүй гэсэн нь үндэслэлгүй юм. Аймгийн Орон нутгийн өмчийн газар нь Эрдэнэцогт сумын Засаг даргын Тамгын газрын хөрөнгөнд бүртгэлтэй инженерийн хийцтэй шугам сүлжээний дэлгэрэнгүй танилцуулга, схем зураг, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн Баянхонгор дахь салбараар үнэлүүлсэн үнэлгээний тайлан болон бусад холбогдох мэдээллийг судалж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар тус асуудлыг хэлэлцүүлж хувьчлах хөрөнгийн жагсаалтыг батлуулсан. Иймд тооцоо судалгаагүй шийдвэрлэсэн гэх үндэслэлгүй байна.

12.Үнэ төлбөргүйгээр ашиглуулж байсан 183,0 сая төгрөгийн үлдэх өртөгтэй хөрөнгийг 350,0 сая төгрөгөөр худалдаж орон нутгийн өмчийг үр ашигтай захиран зарцуулсан байх тул хувьчлах асуудлыг дэмжиж байгаагаа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А-1/1725 дугаар албан бичгээр ирүүлсэн.

13.Уг хөрөнгийг бид дуудлагын худалдаагаар худалдан борлуулаагүй харин төсөл сонгон шалгаруулах аргаар хувьчилсан. “М г” ХХК-ийн ирүүлсэн төслийг сонгон шалгаруулалтын комиссын бүрэлдэхүүн 87,5 хувийн ирцтэй хуралдаж үнэлсэн. Төслийг үнэлэхэд болзол хангаж байсан бөгөөд гишүүдийн онооны нэгтгэсэн дүнгийн дундаж үнэлгээгээр “М г” ХХК нь 94,5 оноогоор дэмжигдэн шалгарч гэрээ байгуулагдсан.

14.Харин төсөл сонгон шалгаруулалтын хувьд тендерт оролцох тухай нэг ч өргөдөл ирээгүй, оролцогчид хуульд заасны дагуу төслийн болзлыг хангаагүй тохиолдолд сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцдог. Төсөл сонгон шалгаруулах замаар удирдлагын үйл ажиллагааны үр дүнг харгалзан хувьчлах зарыг 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр нийтэд мэдээлж төсөл хүлээн авах эцсийн хугацааг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байхаар заасан нь хуульд заасан хугацааг баримтлаагүй гэсэнтэй санал нийлэхгүй байна.

15.Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт уралдаант шалгаруулалтаар төрийн өмчийн тодорхой эд хөрөнгийг хувьчлах тухай зар, мэдээллийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэхүү ажиллагаа явуулахаар товлосон өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу нийтэд мэдээлнэ гэж заасны дагуу ажиллагааг явуулахаар товлосон өдөр нь 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ба уг хөрөнгийг хувьчлах тухай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 6/4 дүгээр тогтоолоор хувьчлах хөрөнгийн жагсаалт батлагдсан.

16.Орон нутгийн өмчийн газраас хувьчлалтай холбоотой зарыг “Өнөөгийн-Баянхонгор” сонинд нийтлүүлсэн. Үүнд: Эхний зарыг 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр тендерийн санал буюу төсөл хүлээн авах эцсийн хугацааг 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөр тавьсан бөгөөд товлогдсон өдрөөс тооцвол хуанлийн 64 хоног; дараагийн зарыг 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр нийтлүүлж төсөл хүлээн авах эцсийн хугацааг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөр тавьсан бөгөөд товлогдсон өдрөөс тооцвол хуанлийн 83 хоног байна. Үүнээс харахад шийдвэр гарсан буюу 2017 оны 06 дугаар сарын 02-ны товлогдсон өдрөөс хойш тооцвол нийт хуанлийн 147 хоног байгаа нь хуульд заасан хугацааг баримтлаагүй гэх үндэслэлгүй байна.

17.Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

18.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хавтаст хэргийн 42-44 дүгээр талд “Ч-Ө” ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 58 дугаар албан бичиг авагдсан бөгөөд тус албан бичигт дулааны шугамын хувьчлалын бодлого, зарын мэдээллийг мэдсэн тухай үзэл бодлоо тод илэрхийлсэн байдаг. Эрдэнэцогт сумын Засаг дарга 2017 оны 3 дугаар сард инженерийн хийцтэй шугам сүлжээг босго үнийг тооцож хувьчлуулах саналыг аймгийн орон нутгийн өмчийн газарт хүргүүлсэн, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 5 дугаар сард дулааны шугам сүлжээг хувьчлах эсэх талаар хэлэлцсэн, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 6/4 тоот тогтоол гаргасан болохыг “Ч-Ө” ХХК мэдсэн болох нь дээрх цаасан суурьтай баримтаар нотлогдоно.

19.Өөрөөр хэлбэл маргаан бүхий тогтоол гарсныг нэхэмжлэгч 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр мэдсэн нь цаг хугацааны дарааллын хувьд тодорхой байхад давж заалдах шатны шүүх тогтоол батлагдан гарснаас хойших баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж анхан шатны шүүх нотлох баримтын хүрээнд зөв дүгнэснийг үгүйсгэж байгаа нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна

20.Тус компани 2014 онд Эрдэнэцогт сумын Засаг даргатай “Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын” гэрээ байгуулсан болохоос төрийн үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх зорилготой урт хугацааны концессийн гэрээ байгуулаагүй болохыг энд дурьдах нь зүйтэй байна. Учир нэхэмжлэгчийн “Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын” гэрээний гол зүйл нь уурын зуух бөгөөд, дулааны шугам сүлжээ нь орон нутгийн өмчлөлийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй бөгөөд “Ч-Ө” ХХК-нд ямар нэгэн баримтаар шугам сүлжээг үндсэн хөрөнгө хэлбэрээр шилжүүлэн өгөөгүй, өмчийн хэлбэр нь орон нутгийн өмчид, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын захиргаанд байхад өөрийн өмчлөлийн биш, захиран зарцуулах эрхгүй хөрөнгийг булаацалдаж буй “Ч-Ө” ХХК-ийн үйлдэл нь хууль бус болохыг энд онцгойлон дурьдаж байна.

21.Нэхэмжлэгчийн зүгээс гаргасан “Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын” гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байгааг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага нь шүүхийн харьяалал зөрчсөн гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээ, түүний хүчин төгөлдөр байдал, үйлчлэлийн талаарх маргаан нь Гэрээний эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан байх тул Иргэний хэргийн шүүх шийдвэрлэх ёстой гэж үзэж байна.

22.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх "... маргаан бүхий 6/4 дүгээр тогтоолоор хувьчлахаар баталж, Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр баталсан гэрээгээр гуравдагч этгээд "М г” ХХК-д хувьчлуулсан “шугам сүлжээг менежментеер хувьчлах гэрээ”-тэй маргах эрхтэй, уг дулааны шугам сүлжээг 2014 оноос хойш ашиглаж байсныхаа хувьд эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргасан, уг үндэслэлээр эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар маргах эрхтэй гэж үзэхээр байна” гэсэн нь хэт нэг талыг барьж, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй дүгнэлт гаргаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

23.Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бүрэн эрхийнхээ хүрээнд орон нутгийн өмчид бүртгэлтэй өөрийнхөө хөрөнгийн асуудлаа шийдвэрлэсэн гэж ойлгож байгаа. “Ч-Ө” ХХК-ийн өмчийг хувьчилсан асуудал байхгүй гэж ойлгож байгаа. Тусгай зөвшөөрөлтэй хөрөнгийн үнэлгээний компаниар үнэлүүлэн 183.0 сая төгрөгийн үлдэх өртөгтэй хөрөнгийг зах зээлийн үнэ, аргачлалаар тооцон 349.0 сая төгрөгийн бодит өртөгтэй байна гэж тооцож нийтэд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан байсан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ирсэн хүсэлтийн дагуу хувьчлах санал аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулсан.

24.“Ч-Ө” ХХК нь төсөл сонгон шалгаруулалтад хуулийн дагуу оролцоогүй байж маргаан гаргах эрхгүй юм. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн шаардлага хангаагүй, оролцоогүй. Манай “М” ХХК нь хуулийн хүрээнд төсөл сонгон шалгаруулалтад оролцсон, давуу эрх эдлээгүй болно. Сонгон шалгаруулалтаар 94 оноо авч шалгарсан ба хувьчлалын 350.0 сая төгрөгийг Эрдэнэцогт сумын төрийн дансанд тушаасан байгаа.

25.Баянхонгор аймгийн төв болон сумдад дамжуулах шугам сүлжээ байхгүй. Зөвхөн түгээх шугам сүлжээ байдаг болно. Учир нь Дулааны станц байдаггүй жижиг уурын зуухнуудаас шууд хэрэглэгчийн шугамд дулаан түгээгддэг юм. Хөрөнгө захиран зарцуулах эрх бүхий субьект хуулийн дагуу ажлаа зохион байгуулж байхад ямарч эрхгүй “Ч-ө” ХХК нь эрх мэдэл үйл ажиллагаанд нь халдаж хууль бусаар өөрсдийн дураар авирлаж байгаатай санал нийлэхгүй байна. Орон нутгийн өмчид бүртгэлтэй хөрөнгийг хувьчлах, хувьчлахгүй байх эсэх нь “Ч-Ө” ХХК-д ямар ч хамааралгүй юм.

26.Иймд магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

27.Давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байх тул хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

28.Нэхэмжлэгч “Ч-Ө” ХХК нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргатай байгуулсан 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээ”-ний дагуу тус сумын албан байгууллага, айл өрхийг дулаанаар хангах үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд уг гэрээний 2.3 дахь хэсэгт зааснаар “инженерийн шугам сүлжээг нэхэмжлэгч хуулийн этгээд үнэ төлбөргүй ашиглаж”, халаалтын уурын зуухны барилга, тоног төхөөрөмжийг өөрийн хөрөнгөөр барьж, ашиглалтын хэвийн үйл ажиллагааг хангах үүрэгтэй байжээ. Маргаан бүхий тогтоолоор нэхэмжлэгчийн ашиглаж байсан “шугам сүлжээг хувьчлах” шийдвэр гаргасан байх бөгөөд нэхэмжлэгчээс “гэрээ цуцлах талаар мэдэгдээгүй, тайлбар өгөх боломжоор хангаагүй, өөрийн хөрөнгөөр зардал гаргасан байхад дулаанаар хангах үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон” гэх үндэслэлээр маргаж байна.

29.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь орон нутгийн өмчийн хөрөнгийг хувьчлах шийдвэр гаргах эрхтэй боловч ийнхүү эрхээ хэрэгжүүлэхдээ шийдвэр гаргах ажиллагааны журмыг дагаж мөрдөх үүрэгтэй, тухайлбал, хувьчлах эд хөрөнгийн жагсаалт батлахдаа Төрийн өмчийн хороотой зөвшилцөх, шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдэд мэдэгдэх үүрэгтэй байна. Гэтэл энэ тохиолдолд захиргааны байгууллага нь холбогдох судалгаа, нөхцөл байдлыг бүрэн дүүрэн судлаагүй, дулааны шугам сүлжээг гэрээний дагуу нэхэмжлэгчид ашиглуулж байгаа атлаа уг гэрээний биелэлтийг үнэлж дүгнээгүй, үр дагаврыг зохицуулаагүй, холбогдох баримтыг цуглуулаагүй тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

30.Хариуцагчаас “нэхэмжлэгчтэй гэрээ байгуулж, дулаанаар хангаж байгааг мэдээгүй, уг гэрээг бүртгүүлээгүй” гэж маргаж байгааг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй, хувьчлах хөрөнгийн жагсаалт батлах шийдвэр гаргах эрхтэй этгээдийн хувьд сумын захиргааны байгууллагаас асууж тодруулах бүрэн боломжтой байсан, мөн уг гэрээ бүртгэгдээгүй асуудал нь захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагааны үргэлжлэл болохоос бус нэхэмжлэгчийг буруутгах, эрх зүйн байдлыг дордуулах, нэхэмжлэгчийн 2014 оноос хойш дулаанаар хангасан үйл ажиллагааг үгүйсгэх үндэслэл биш юм.

31.Түүнчлэн “хувьчлах хөрөнгийн жагсаалт баталсан” тогтоолыг нэхэмжлэгчид хэзээ мэдэгдсэн баримт байхгүй, сонгон шалгаруулалтын зарыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн байдал нь нэхэмжлэгчийн “гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байсан учраас сонгон шалгаруулалтад оролцоогүй” тухай тайлбарт хэрхэн нөлөөлөх талаар анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. Иймээс хувьчлах хөрөнгийн жагсаалт батлах тогтоолтой холбогдуулан шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчигдсөн эсэх үйл баримтыг бүрэн шалгах, холбогдох баримтыг хэрэгт цуглуулах нь ач холбогдолтой юм.

32.Хариуцагчийн “цахим шуудангийн хаягаар мэдэгдэх ажиллагаа явуулсан” тухай гомдол үндэслэлгүй, 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгчийн цахин шуудангаар хэдний өдрийн, ямар албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг мэдэгдсэн болох нь тодорхойгүй, хувьчлах шийдвэртэй холбогдуулан маргаж байхад анхан шатны шүүхээс “сонгон шалгаруулалтад оролцохгүй тухайгаа мэдэгдсэн” гэж дүгнэсэн ойлгомжгүй, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.8 дахь хэсэгт заасан ажиллагааг хариуцагч бүрэн хийсэн гэж үзэхгүй.

33.Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн үндэслэл бүрд эрх зүйн дүгнэлт хийгээгүй тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт мөн үндэслэлтэй байна. Тухайлбал, нэхэмжлэгчээс “сумын халаалтын шугам нь төрийн өмчид байх атал түүнийг хувьчилсан нь хууль бус, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын журам зөрчсөн, хуульд заасан хугацааг баримтлаагүй, зөвхөн нэг этгээдийг оролцуулж, давуу байдал олгосон” гэж маргасан байхад эрх зүйн дүгнэлт өгөөгүй, холбогдох баримтыг цуглуулаагүй байна.

34.Эрчим хүчний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “эрчим хүч дамжуулах шугам, дэд станц нь төрийн өмчлөлд байна” гэж заасан, хариуцагчаас “сумын шугам сүлжээ нь хуулийн дээрх заалтад хамаарахгүй” гэж, гуравдагч этгээдээс “суманд дулаан дамжуулах шугам сүлжээ байхгүй, түгээх шугам сүлжээ байгаа” гэж тус тус маргасан байхад энэ талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй, холбогдох баримтыг цуглуулаагүй учраас хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм. 

35.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсэгт зааснаар захиргааны гэрээний хувьд түүнийг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргах эрхтэй ба нэхэмжлэгчийн “2014 оны Уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага нь хуулийн дээрх заалтад хэрхэн нийцэхийг тодруулах шаардлагатай.

36.Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “нэхэмжлэгч нь сумын дулааны шугамыг үнэ төлбөргүй ашиглаж байсан, төрийн хөрөнгийг үнэгүй ашиглах эрхгүй” тухай гомдол нь энэхүү маргааны үйл баримтад шууд хамааралгүй болохыг дурдах нь зүйтэй.  

37.Эдгээр үндэслэлүүдээр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2018/0645 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч  Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тус аймгийн Засаг дарга, Орон нутгийн өмчит газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар болон гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгүй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                  М.БАТСУУРЬ   

     ШҮҮГЧ                                                                                           П.СОЁЛ-ЭРДЭНЭ