Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 463

 

                

 

Б.Бархасбадид холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Батхишиг,

Шүүгдэгч Б.Бархасбадийн өмгөөлөгч С.Батжаргал,

Нарийн бичгийн дарга А.Анх-Үжин нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 25 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч улсын яллагч Б.Батхишигийн бичсэн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 21 тоот эсэргүүцлээр Б.Бархасбадид холбогдох эрүүгийн 2014250000034 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Бат овогт, Баярбатын Бархасбадь, 1983 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, хойд эцэг, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хорооллын Бага тойруу гудамжны 44 дүгээр байрны 61 тоотод оршин суух бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Сургуулийн 25 дугаар гудамжны 467 тоотод оршин суух,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж,

2006 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 17 хоногийн ялыг өршөөн хэлтрүүлсэн,

Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 200.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 5 жил, 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 200.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 5 жил, 6 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялын зарим болох 6 сарыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 200.000 төгрөгийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулан, 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, /РД:ХА83012012/,

Б.Бархасбадь нь урьд залилан мэхлэх гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялтай байх хугацаандаа 2014 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Г.Энхманлайгийн “I phone 5s” загварын гар утсыг хуурч мэхлэн авч, 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

давтан үйлдлээр 2014 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Гэмтэл согог судлалын үндэсний төв дотор хохирогч Б.Очхүүгийн “Samsung note 3” загварын гар утсыг хуурч мэхлэн авч, 1.400.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст 2014 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Бархасбадид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Бархасбадид холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалснаар уг хэргийг нэг мөр, бүрэн бодитойгоор хянан шийдвэрлэх боломжгүй дараах нөхцөл байдал илэрсэн гэж үзсэн. Хохирогч Б.Очхүүгээс авсан гар утсыг бусдад худалдсан байсныг хураан авч хохирогчид олгосон атлаа иргэн Г.Ундралыг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй, хохирлоо шаардах эрхийг хязгаарласан байгаа нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын асуудал бүрэн арилсан эсэхэд дүгнэлт өгөх боломжгүйд хүргэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн байна. Яллах дүгнэлтэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт үйлдлийн эхэлсэн хугацааг заасан атлаа төгссөн хугацааг тодорхой заалгүйгээр ял сонсгосон, түүнчлэн шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд хэргийн үргэлжлэх хугацааг тодорхой заагаагүй хэрнээ Өршөөлийн хуулинд хамрагдаж болох тухай дурдаж байгаа зэрэг нь хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байдалд хүргэж байгаа тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очих хүртэл Б.Бархасбадид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Улсын яллагч Б.Батхишиг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамжид дурдагдсаны дагуу …Хохирогч Б.Очхүүгээс авсан гар утсыг бусдад худалдсан байсныг хураан авч хохирогчид олгосон атлаа иргэн Г.Ундралыг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй, хохирлоо шаардах эрхийг хязгаарласан байгаа нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын асуудал бүрэн арилсан эсэхэд дүгнэлт өгөх боломжгүйд хүргэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн байна гэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйл, 293 дугаар зүйлд тус тус заасны дагуу иргэний нэхэмжлэлийг хангах талаар урьд нь арга хэмжээ аваагүй бол шүүгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд захирамж гарган гэрч Г.Ундралыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосны дараа шүүхийн хэлэлцүүлгийн явцад иргэний нэхэмжлэл гаргах эсэхийг тодруулан гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн арилсан эсэхэд дүгнэлт өгч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дурдах байдлаар шийдвэрлэх боломжтой байсан. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн тогтоол нь тодорхой, ойлгомжтой бичигдсэн байна гэж дурджээ. Гэтэл шүүгчийн захирамжийн 1 дэх заалтад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ямар зүйл, заалтыг зөрчсөнийг тодорхой бичээгүй байна. Яллах дүгнэлтэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт үйлдлийн эхэлсэн хугацааг заасан атлаа төгссөн хугацааг тодорхой заалгүйгээр ял сонсгосон, түүнчлэн шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд хэргийн үргэлжлэх хугацааг тодорхой заагаагүй хэрнээ Өршөөлийн хуулинд хамрагдаж болох тухай дурдаж байгаа зэрэг нь хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байдалд хүргэж байна. Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “шүүгдэгч Б.Бархасбадь нь мөрдөн байцаагч хорих тухай саналыг сонсоод прокурор явсан хойгуур нь оргон зугтаж улмаар Сүхбаатар аймагт ажил хийж байгаад 2016 оны 2 дугаар сард гэрээсээ баригдсан тухайгаа ярьдаг” Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд заасны дагуу шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана гэж заасан байдаг. Иймд яллагдагчийн өгч байгаа мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан гэрчийн   мэдүүлэг, мөрдөн байцаагчийн тэмдэглэл болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлд зааснаар үнэлж дүгнээд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байсан. Шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2, 230.1.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр буцаасан байдаг. Гэтэл хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320, 321 дүгээр зүйлд заасны дагуу эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гаргаагүй ба мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж захирамжид дурдсан. Шүүхээс иргэн Г.Ундралыг иргэний нэхэмжлэгчээр тогтоох ажиллагаа нь нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа биш гэж үзэж байгаа тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн.” гэв.

Шүүгдэгч Б.Бархасбадийн өмгөөлөгч С.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан. Прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Би анхан шатны шүүх хуралдаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай оролцсон. Б.Бархасбадийн оргосон үйлдэл нь үргэлжилсэн үйлдэлтэй гэмт хэрэг бөгөөд хэргийн төгсгөл ямар байгаагаар харагддаг. Мөрдөн байцаалтын шатанд прокурор хяналт тавиагүй, таслан сэргийлэх арга хэмжээг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хэрвээ прокурор Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар шүүгдэгчийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан бол түүний эрх зүйн байдал нь ингэж дордохгүй байсан. Б.Бархасбадь өнөөдрийн байдлаар 4 сар 1 хоног хоригдчихоод байна. Иймд улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. Б.Бархасбадийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг батлан даалтад гаргаж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

  Б.Бархасбадид холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 25 тоот шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэгчийг тогтоохдоо ...шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.” гэж заасны дагуу шүүхээс гэмт хэргийн улмаас хохирсон Г.Ундралыг иргэний нэхэмжлэгчээр тогтоон хохирлоо шаардах эрхийг хангах боломжтой байна.

Түүнчлэн Б.Бархасбадь нь 2014 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ /хх-41/ авагдсанаас хойш Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 122/я дугаар шүүгчийн захирамжаар /хх-152/ цагдан хоригдсон байх бөгөөд түүний мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан гэх хугацааг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үнэлж, шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгүйгээр уг эрүүгийн хэргийг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн түүнийг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

Иймд улсын яллагч Б.Батхишигийн бичсэн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 21 тоот эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, Б.Бархасбадид холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 25 дугаар захирамжийг хүчингүй болгож, улсын яллагч Б.Батхишигийн бичсэн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 21 тоот эсэргүүцлийг хүлээн авч, Б.Бархасбадид холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Шүүх хуралдаан болтол Б.Бархасбадид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй  болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.МЯГМАРЖАВ

                        ШҮҮГЧИД                                           М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                    Н.БАТСАЙХАН