Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2016/01190

 

“Дашваанжил” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, Танхимын тэргүүн Х.Сонинбаяр, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/04852 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1473 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “Дашваанжил” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Нарантуяад холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 870 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч Д.Нарантуяагийн гомдлыг үндэслэн, 

Танхимын тэргүүн Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхцэцэг, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч “Дашваанжил” ХХК-ийн төлөөлөгч Н.Баатаржав шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компаниас Д.Нарантуяа нь хувийн хэрэгцээнд зориулан 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 800 000 төгрөгийг 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр эгүүлэн төлөхөөр зээлсэн. Д.Нарантуяагаас 800 000 төгрөгийг гаргуулахаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2858 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч хаягтаа байхгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Хариуцагчийн хаягийг тогтоолгохын тулд эрэн сурвалжлуулахаар 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд хүсэлт гаргаж, 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 1894 дүгээр шүүхийн шийдвэр гарч эрэн сурвалжлуулсан. Тахараас Д.Нарантуяагийн хаягийг олж тогтоосон тул зээлсэн 800 000 төгрөг, эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70 200 төгрөг, нийт 870 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Нарантуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би нэхэмжлэгч Н.Баатаржавыг огт танихгүй бөгөөд мөнгө зээлж байгаагүй. Харин миний хадам ээж Д.Баяраа нь намайг энэ хүнээс мөнгө аваад ирээч гэхээр нь би очиж уулзаж, 800 000 төгрөг өгөхөөр нь хадам ээж Д.Баяраад авчран өгсөн. Эд нар нэг нутгийн бие биенээ маш сайн мэддэг хүмүүс юм. Яагаад авсан тэр хүнээсээ нэхэмжлэл хийхгүй надаас нэхэж байгааг би ойлгохгүй харин гомдолтой байна. Би хэзээ ч энэ мөнгийг төлөх ёсгүй. Эд нар өгсөн, ярилцсан тэр хүнээс нэхэмжлэх нь зөв байх гэж бодож байна гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/04852 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281-д зааснаар хариуцагч Д.Нарантуяагаас 800 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Дашваанжил” ХХК-д олгож нэхэмжлэлээс 70 200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Дашваанжил” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25 440 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Нарантуяагаас 8 150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Дашваанжил” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1473 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШШ2016/04852 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281-д” гэснийг “Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 281.1”, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “8 150 төгрөг” гэснийг “23 750 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Нарантуяагийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 150 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Нарантуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Миний бие Д.Нарантуяа нь “Дашваанжил” ХХК-иас 800 000 төгрөг гарын үсэг зурж хадам ээж болох Т.Баяраад авч ирж өгсөн. Гэтэл мөнгө авсан ээжээс нэхэмжлэх ёстой байтал надаас нэхэмжилж байгаад гомдолтой байна. Миний бие одоо жирэмсэн 8 сартай том гэдэстэй ахин дахин шүүхэд дуудагдахад бие болон сэтгэл санааны хувьд ч хүндрэлтэй байна. Би энэ мөнгийг өөрөө авч хэрэглээгүй. “Давшваанжил” ХХК-ийн захирал болоод манай хадам ээж Д.Баяраа хоёр нь хоорондоо тохиролцож, дунд нь би зөвхөн зөөж хүргэж өгснийг хэн хэн нь мэдэж байгаа. Угаасаа нэг нутгийн бие биенээ сайн таньдаг хүмүүс. Мөн цаанаа бие биедээ өглөг авлагатай гэж ойлгосон. Иймд миний хүсэлтийг харгалзан үзэж дахин нягтлан шалгаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч “Дашваанжил” ХХК нь Д.Нарантуяагаас 800 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд тэдний хооронд үйлдсэн 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдөр мөнгө хүссэн тухай баримтыг заасан байх бөгөөд энэхүү баримтанд “... ах Батцоож нь хагалгаанд орж байгаа учир 800 000 төгрөг өгч тусална уу, мөнгийг 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр эгүүлэн төлнө” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлээс татгалзаж, мөнгийг Д.Баяраад дамжуулан өгсөн тул түүнээс гаргуулах ёстой гэсэн тайлбараа өөр бусад баримтаар нотлоогүй, нэхэмжлэгч нь Д.Нарантуяаг хариуцагчаар татаж мөнгийг гаргуулах шаардлагыг гаргасан зэрэг хэргийн нөхцөл байдалд хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40, 44 дүгээр зүйлд заасны бичгийн нотлох баримтыг хуульд нийцүүлэн үнэлсэн, нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна. Түүнчлэн талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн, хариуцагчийг эрэн сурвалжлахад Тахарын албанд 70 200 төгрөг төлж хохирол гарсан гэх шаардлагаа нэхэмжлэгч баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянаж шийдвэрт нэхэмжлэгчийн хохирол нэхэмжилсэн шаардлагатай нь холбогдуулан, мөн ердийн зээлийн гэрээний харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 281 дүгээр заалтын холбогдох хэсгийг анхан шатны шүүх шийдвэрт дутуу бичсэн байгааг нэмж зөвтгөн өөрчлөлт оруулсан нь зөв боловч, хуулийн заалтыг дутуу бичсэн алдааг мөн гаргажээ. Иймд энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулав.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1473 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалтын: “... “Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 281.1” гэснийг, “... “Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 281 дүгээр зүйлийн 281.1” гэж өөрчлөн, хариуцагч Д.Нарантуяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 8 150 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Ц.АМАРСАЙХАН   

                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР