Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 26

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2020/01369/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны  01 дүгээр сарын 19-ний өдрийн 63 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч Б.А-д холбогдох

“Түрээсэлсэн байрны ашиглалтын төлбөр 621.000 төгрөг гаргуулах” тухай  нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурайн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О-, хариуцагч Б.А-, хариуцагчийн өмгөөлөгч Л.Цуурай, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Б.Б- нь иргэн Б.А-д 2019 оны 04 сарын 15-ны өдрөөс 2020 оны 08 сарын 10-ны өдрийн хороонд Дархан сум 4-р багт 2-р байрны 38 тоот 1 өрөө байрыг түрээслүүлсэн. Дулааны төлбөр орсноос хойш төлөөгүй 415.000 төгрөг, усны төлбөр 2020 оны 02 сараас 2020 оны 08 сар хүртэл 208.000 төгрөг, нийт 621.000 төгрөгийн өр үүссэн тул гаргуулж өгнө үү. Түрээсээ дуусгавар болгосон тухай мэдэгдээгүй 7 хоногийн өмнө нүүсэн гэж хажуу айл хэлсэн. Мессежээр харилцахад 14 хоногийн дараа төлнө гээд түлхүүрийг өөр хүнээр өгч явуулсан гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Б- нь 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр орон сууц  хөлслүүлнэ гэх зар тавьсны дагуу Б.А-гийн эхнэр болох Л.Э- нь Б.Б-тэй чатаар холбогдсон. Байрны төлбөр сарын 220.000 төгрөг, бүтэн жилийн 200.000 төгрөг болгож болно гэх чат бичилцсэн. Уг өдөр Б.А- болон түүний эхнэр Л.Э-, Б.Б- нар нь уулзаад байраа үзүүлээд ерөнхийдөө засвар хийх шаардлагатай гэх саналыг тавьсан. Хөлслөгч тал бэлэн 2.000.000 төгрөг байна, үүнээс илүү боломж байхгүй гээд 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 2.000.000 төгрөг өөрсдийн данснаас шилжүүлээд үлдэгдэл 400.000 төгрөгийг энэ жилдээ авахгүй, өөрсдөө засвараа хийгээд ор гэсэн. Тухайн үед гэрээ хийгээгүй шалтгаан нь Б.А-, Л.Э- нар нь жилийн хугацаанд байраа хөлсөлж байгаад танай байрыг худалдаж авна гэж хэлэхээр нь итгээд гэрээ хийлгүй байрандаа шууд оруулсан. Уг байранд Б.Б- нь амьдарч байгаагүй өмнө нь хүмүүст хөлсөлж байсан. Тэр хугацааных нь ус, дулааны төлбөрийн үлдэгдэл үүссэн. Дулаан 600.000 төгрөг, ус 55.000 төгрөгийг Б.Б- нь хэсэгчлэн төлөөд баримтыг нь хэрэгт хавсаргасан. Хөлслөгч нарыг байранд нь ороход нь дараа жилийн хавар байраа зарна гэж ойлгоороо гэдгийг нь хэлсэн. 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хөлслөгч тал нь түлхүүрээ өгсөн. Б.Б- нь гэртэй очоод үзэхэд усны тоолуурын заалтыг ус сувагт өгсөнтэй нь зөрж хөлслөгч тал тоолуурын заалтыг багаар хэлсэн байсан. Тоолуурын заалтын зургийг Б.А- руу явуулаад яагаад хэлээд багаар бичүүлсэн бэ гэж хэлээд 09 дүгээр сарын 11-ний өдөр ус сувагт заалтаа өгөөд нэхэмжлэл гаргуулахад 206.000 төгрөгийн усны өртэй, 09 дүгээр сарын 03-ны өдрийн өдрийн байдлаар дулааны төлбөр 400.149 төгрөг тус тус гарсан. Нэхэмжлэл дээр 621.000 төгрөг гэж байгаа боловч баримтыг харахад 606.000 төгрөг нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч Б.А- 2019 оны 04 сарын 15-ны өдрөөс 2020 оны 08 сарын 10-ны өдрийг хүртэл 1 жил 4 сар буюу нийт 16 сар Б.Б-ийн өмч болох 4-р багийн 2-р байр, 38 тоот 1 өрөө байранд хөлсөөр сууж, сардаа 180.000 төгрөг төлөхөөр тохиролцон /амаар/ 2019 оны 04 сарын 14-ний өдөр 2.000.000 төгрөг, 2020 оны 07 сарын 08-ны өдөр 200.000 төгрөг, 2020 оны 08 сарын 06-ны өдөр 200.000 төгрөгийг тус тус шилжүүлж, мөн дахин 200.000 төгрөгөөр 2 удаа нийт 2.880.000 төгрөг төлсөн байна. Б.Б-, Б.А- нар байр хөлслөх түрээслэх талаар ямар нэгэн хууль ёсны гэрээ хийгээгүй нь түрээсийн гэрээний эрхийн харилцаа үүсээгүй гэх үндэслэлтэй бөгөөд хариуцагч Б.А-, Б.Б- нар амаар тохиролцохдоо дулаан, усны мөнгийг түрээслүүлэгч өөрөө төлж байхаар тохирсноос гадна Б.А-г байранд орох үед дулаан, усны нэлээд хэмжээний өртэй байсан болон усыг нь хязгаарласан гэх үед Б.Б-ийн өмнөх өрнөөс 119.860 төгрөгийг 2020 оны 02 сарын 21-ний өдөр Ус савагт төлж байсан байна.

Мөн дулаан, ус ашигласан төлбөрийг төлж байх тухай ямар нэгэн хэлцэл гэрээ нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хийгдээгүй учир Б.А- 621.000 төгрөгийг хариуцан төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Б.Б-, Б.А- нарын хороонд бичгээр хийгдсэн түрээсийн гэрээ байхгүй. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь заалтыг зөрчиж байгаа бөгөөд түрээсийн гэрээ хийгдсэн гэх эрх зүйн харилцаа хуулийн дагуу үүсээгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны  01 дүгээр сарын 19-ний өдрийн 63 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар хариуцагч Б.А-гаас 606.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19.280 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 18.830 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны  01 дүгээр сарын 19-ний өдрийн 63 дугаар шийдвэрийг дараах байдлаар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

1. Нэхэмжлэгч Б.Б- нь Б.А-тай орон сууц түрээслүүлэхдээ ямар нэг хэлцэл гэрээ хийгээгүй, сард хэдэн төгрөгийн хөлс төлөхөө тохиролцоогүй байгаа нь Иргэний хуулийн 318-д заагдсан түрээсийн гэрээг бичгээр хийх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

2. Б.А-, Б.Б- нар амаар ярилцан, тохирохдоо дулаан ус зэрэг хэрэглээний мөнгийг түрээслүүлэгч Б.Б- өөрөө хариуцан төлнө гэж тохирсон бөгөөд, Б.А- Б.Б-т орон сууц түрээсийн хөлс гэж 2.880.000 төгрөг төлсөн. Мөн өмнөх усны өр 119.000 төгрөг төлж өгсөн байдаг. Үүнээс нэхэмжлэгч нь ус дулааны хөлсөө төлөлгүй 621.000 төгрөгийн үлдэгдэл тооцооны өртэй байгаа нь Б.А-д хамааралгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж, Б.А-д холбогдох 621.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О- давж заалдах гомдлын хариу тайлбартаа:

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Б- хариуцагч Б.А-д холбогдуулж түрээсэлсэн байрны ашиглалтын зардал буюу ус, дулааны төлбөрт 621.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дулааны төлбөрт 400.000 төгрөг, усны төлбөрт 206.000 төгрөг нийт 606.000 төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагаа бууруулжээ.

Хариуцагч Б.А- байрны түрээсийн төлбөрт ашиглалтын зардлыг оруулан тооцож төлбөрөө төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргасан байна.

Хэрэгт авагдсан баримтаар  нэхэмжлэгч Б.Б-ийн өмчлөлийн Дархан сумын 17 дугаар баг, 21 дүгээр хорооллын 14 дүгээр байрны 38 тоотод байрлах 1 өрөө байрыг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хариуцагч Б.А-гийн эзэмшилд амаар хийсэн хэлцлийн дагуу шилжүүлсэн, байрны түрээсийн төлбөрт 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 2.000.000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 200.000, 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 200.000 төгрөг нийт 2.400.000 төгрөг шилжүүлсэн болох нь хариуцагч Б.А-гийн ХААН банк дахь дипозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдох бөгөөд бэлнээр 440.000 төгрөг өгч нийт төгрөг 2.880.000 төлсөн, эдгээр үйл баримтын талаар талуудын хэн аль нь үгүйсгэж, маргаагүй байна.

Талуудын хооронд бичгээр гэрээ хийгдээгүй бөгөөд хөлсөлж буй байрны ашиглалтын зардлыг хэн, хэрхэн тооцох талаар амаар тохиролцсон эсэхээс маргаан үүссэн байна.

Нэхэмжлэгч Б.Б- анх хэрхэн байр “түрээслэх тухай цахим зар явуулж байсан, хариуцагчийн эхнэр Э-тэй байрны хөлсний” талаар харилцсан цахим захидалд “...жилээр өгвөл 200.000 төгрөг, ...бөөн өгвөл 200-д, ...6 сараас дээш бол 220, ...12 сард 2.400.000 төгрөг” гэж харилцаж байсан бичвэрүүдийг хэрэгт нотлох баримтаар  нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн байна.

Энэхүү төлбөрийн талаар өмнө нь шүүхийн Эвлэрүүлэн зуучлах албанд хандаж байсан бөгөөд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 156 дугаартай материалын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн уулзалтын тэмдэглэлд “...уригдсан тал Б.А- ...цэвэр, бохир усны төлбөртэй байгаагаа мэдэж байна, ...244.860 төгрөг төлөх боломжгүй, би 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хойш амьдарч байна. Тиймээс энэ хугацааны усны төлбөр 189.860 төгрөгийг маргах зүйлгүй төлнө” гэсэн баримт хэрэгт авагдсан байна.

Эдгээр нотлох баримтуудаас үзвэл  талууд орон сууц хөлслөх төлбөрийг сарын 200.000 төгрөгөөр тохиролцсон байх бөгөөд ашиглалтын зардал буюу ус, дулааны төлбөрийг түрээсийн төлбөрөөс гадна хариуцагч Б.А- хариуцахаар тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Энэ талаар анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн гэж үзнэ.

Харин шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль хэрэглээний алдаа гаргасныг зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлд заасан Орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв боловч нэхэмжлэгч Б.Б- нь хэрхэн, юуны төлбөрийг ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Б- хариуцагч Б.А-гийн орон сууц хөлсөлж байх хугацааны ашиглалтын зардал буюу ус, дулааны төлбөрийг өөрөө төлсөн тухай баримтыг хэрэгт ирүүлсэн / хх-ийн 42-54/ бөгөөд Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д “Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд  тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр  шаардаж болно” гэж зааснаар шаардах эрхтэй байна.

Учир нь төлбөрийг сайн дураараа төлж буй үйлдэл нь тухайн этгээдийн ухамсарт хандлагаар илэрхийлэгдэх бөгөөд үүрэг бүхий этгээдэд ашигтай байдал үүсэж, хөрөнгө нь үндэслэлгүйгээр нэмэгдэж, харин төлбөрийг төлсөн этгээд нь энэ хэмжээгээр эд хөрөнгийн алдагдал хүлээж байгаа нь шаардах эрхийн үндэслэл болно.

Өөрөөр хэлбэл хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөнд сайн дураараа өөрөө мэдэж зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй буюу бусдын хөрөнгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнтэй холбоотой гэж үзнэ.

Иймд хариуцагч Б.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн түрээсийн гэрээг бичгээр хийх хуулийн шаардлага хангаагүй, ашиглалтын зардлыг нэхэмжлэгч өөрөө хариуцах ёстой гэсэн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулан зөвтгөж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч Б.А-гийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны  01 дүгээр сарын 19-ний өдрийн 63 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын

“Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар” гэснийг “Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19.280 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                          

        

                                      ДАРГАЛАГЧ

                                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   О.НАРАНГЭРЭЛ

                                                                ШҮҮГЧИД                                   М.МӨНХДАВАА                  

                                                                                                                    Л.АМАРСАНАА