Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2023/ДШМ/1013

 

Д.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ц.Батмэнд,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/538 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2310 00000 0974 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

С овгийн Д-ийн Б, 1976 оны ... дугаар сарын ...-ний өдөр Завхан аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

Д.Б нь “Т” ХХК-ийн захирал Э.О- нь өөрийн эзэмшлийн Голомт банкны 1111111111 тоот данснаас 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлсэн 580.191 төгрөг, “Т” ХХК-ийн Хаан банкны 5555555555 тоот данснаас 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр шилжүүлсэн 6.508.884 төгрөг, нийт 7.089.075 төгрөгийг “Б” ХХК-ийн Хас банкны 5555555555 дансаар хүлээн авч, төлбөр тооцооны алдаатай гүйлгээ болохыг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 7.089.075 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газар: Д.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С овогт Д-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээ бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогчид төлөх төлбөргүйг дурдаж, шүүгдэгч Д.Б-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт “Т” ХХК болон “Б” ХХК нарыг хохирогчоор болон шүүгдэгчээр тогтоож шийдвэрлээгүй зөвхөн иргэн буюу “Т” ХХК-ийн захирал Э.О-ыг хохирогчоор тогтоож, “Б” ХХК-ийн захирал Д.Б-ийг яллагдагчаар татсан байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар “Т” ХХК, болон “Б” ХХК нарыг хэдэн хувьцаа эзэмшигчтэй, гүйцэтгэх захирлаар хэн ажилладаг, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь хэн болохыг шалгаж тогтоогоогүй, ба хэрэг шүүхэд шилжиж ирсний дараа шүүгчийн шаардсанаар улсын яллагчаас төрийн мэдээллийн сангийн түц машинаас “Т” ХХК-ийн лавлагааг гаргуулан өгч, “хохирогч нь дуудаад ирэхгүй байна” гэсэн тайлбарыг өгдөг бол, би “Б” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг нотариатаар батлуулж, хэрэг хавсаргуулсан байдаг. Тус баримтуудаар “Т” ХХК нь Э-ын О, Г-ын Ц гэсэн 2 гишүүн, 2 эцсийн өмчлөгчтэй, гүйцэтгэх захирлаар хэн ажилладаг болох нь тодорхойгүй, “Б” ХХК нь 2017 онд хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт орж хувьцаа эзэмшигч хоёр болж гүйцэтгэх захирлаар Д.Б-ийг томилсон байдаг. Мөн Э.О- нь тус хоёр гүйлгээг иргэнийхээ хувьд эсхүл хуулийн этгээдийн нэрийн өмнөөс шилжүүлсэн эсэх, одоо ямар байдлаар яаж хохирсон эсэх, өөрөөр хэлбэл эм эмнэлгийн хэрэгсэл болон түүний төлбөр 7.089.075 төгрөгийг “А” ХХК, А-д өгсөн эсэхийг тодруулаагүй байна.

А-ээс “Т” ХХК-д нийлүүлсэн эм эмнэлгийн хэрэгслийг буцааж авсан, эсхүл түүний төлбөрийг 2 удаа төлсөн бол “Т” ХХК, Э.О- нарыг хохирсон гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл А-ээс авсан эм эмнэлгийн хэрэгслийн төлбөрийг “Б” ХХК, мөн А-д давхардуулан төлсөн бол түүнийг 7.089.075 төгрөгөөр хохирсон гэж үзэхээр байна. Тэгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд нотлогдож тогтоогдоогүй, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн сэдэлт зорилго гэх мэтийг шалгаж тогтоогоогүй байхад хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.

Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрх зөрчигддөг. Энэхүү гэмт хэргийн халдлагын зүйл нь хуулиар өмчлөх, эзэмших, ашиглахыг хориглоогүй эд хөрөнгө байдаг. Алдаатай гүйлгээг завшсаны улмаас хохирогчид эд хөрөнгийн хохирол, хор уршиг учирдаг тул тухайн үйлдлийг нийгэмд аюултай үйлдэл гэж үздэг ба хохирогч Э.О-д хэдий хэмжээний ямар хохирол учирсан нь эргэлзээтэй байдаг.

Шүүх хуралдаанд миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй талаар мэдүүлэг өгөхөд прокуророос “Чи гэм буруугаа хүлээж байгаа биз дээ” гэдэг зүйлийг ярьж байсан.

Мөрдөгчийн зүгээс “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, төлбөрийг төлж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлчихвэл танд ашигтай, торгуулиа төлчихвөл болчихно” гэж итгүүлсэн. Би шүүхээр орж, шүүгдэгч, ялтан болно гэж ойлгоогүй, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийн хууль зүйн үр дагаврыг бүрэн гүйцэд тайлбарлаж өгөөгүй гарын үсэг зуруулаад байсан. Би хууль зүйн үр дагаврыг яг үнэндээ сайн ойлгоогүй өмгөөлөгч авах эрхтэй гэдгээ ч сайн мэдээгүй. Өөрийгөө өмгөөлж шүүх хуралд оролцох ямар нэгэн хууль зүйн мэдлэг байхгүй, өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаагүй болно.

“Т” ХХК болон Э.О- нараас “Б” ХХК-ийн Хас банкны 5555555555 тоот дансанд шилжүүлсэн 7.089.075 төгрөгийг би завших ямар нэгэн санаа зорилго сэдэлт байгаагүй. Э.О-аас А-ийн нийлүүлсэн эм эмнэлгийн хэрэгслийн мөнгийг шилжүүлсэн юм. Гэтэл “А- нь танайд ажиллахаа больчихсон юм байна. Танайх руу шилжүүлэх ёсгүй юм байна, А-д өгөх ёстой юм байна, буцааж шилжүүлнэ үү” гэж ярьснаар манай компанийн дансанд мөнгө орсныг мэдэж, А-ээс авах өрөндөө суутгаж авах талаараа хэлсэн. Энэ мөнгийг А-ийн төлөх ёстой төлбөрт суутган авч байгаа талаараа мөн А- мэдэгдсэн. Үлдэгдэл төлбөрөө 2022 оны 8 дугаар сард А-ээс гаргуулан авахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Энэ талаар мөрдөгчид хэлж холбогдох нотлох баримт иргэний хэрэг үүсгэсэн, эрэн сурвалжилсан баримтыг өгсөн боловч наадах чинь энэ хэрэгтэй хамааралгүй гээд хүлээж аваагүй.

“Т” ХХК болон Э.О- нараас орж ирсэн мөнгө А-ийн мөнгө биш өөр этгээдийн мөнгө байсан бол би буцаагаад шилжүүлэх байсан А-ийн мөнгө байсан учраас түүнээс авах өрөндөө суутгаж авсан юм. “Т” ХХК болон Э.О- нь анх гүйлгээ хийхдээ алдаатай гүйлгээ хийгээгүй, А- нь манайд ажилладаг байсан учир манайхаас эм эмнэлгийн хэрэгсэл авч байна гэж ойлгон шилжүүлсэн. Өмнө нь олон удаа “Б” ХХК, “Т” ХХК нь хамтран ажилладаг олон удаагийн бараа материалын худалдан авалт хийсэн түүх, олон удаагийн шилжүүлгийн гүйлгээ байсан учир манай дансыг “Т” ХХК нь мэдэж учир шилжүүлсэн байсан. Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн хүн бусдын өмчийг өөртөө олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийдэггүй, харин хохирогчийн эд хөрөнгө түүний эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд “өөрийн болгох, завших” шунахайн сэдэл төрж шамшигдуулах, захиран зарцуулснаар тухайн гэмт хэргийг үйлдэгдсэнд тооцно.

Уг гэмт хэргийг үйлдсэн хүн алдаатай гүйлгээгээр орж ирсэн мөнгийг бусдынх гэдгийг мэдсээр байж өөрийн өмч мэт захиран зарцуулахдаа бусдын өмчийг эзэнд нь буцааж өгөхгүй гэх туйлын санаа зорилгоор тухайн хөрөнгийг захиран зарцуулж, завшсан байдаг онцлогтой. 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлсэн 580.191 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр шилжүүлсэн 6.508.884 төгрөг, нийт 7.089.075 төгрөгийг бусдын өмч гэдгийг лавтай сайн мэдсээр байж захиран зарцуулсан нь тогтоогдоогүй тул миний үйлдлийг гэмт хэргийн шинжтэй гэж үзэж ял шийтгэл ногдуулж ялтан болгож байгаа нь эргэлзээтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх зэрэг нөхцөл байдал бүрдээгүй буюу шүүх хуралдаан дээр Э.О-ыг хохироогоогүй, түүний мөнгийг завшаагүй гэж мэдүүлэг өгч байхад хялбаршуулсан журмаар хэргийг хүлээн авч шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хохирогч, шүүгдэгчийн зөв тогтоогоогүй, зайлшгүй асуух шаардлагатай гэрч болох А-ээс мэдүүлэг аваагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад тогтоогоогүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч Ц.Батмэнд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой. Мөрдөн шалгах ажиллагаагаар нотлогдвол зохих байдлыг бүрэн гүйцэт нотлоогүй. Өөрөөр хэлбэл, хохирогчоор Э.О-ыг тогтоож шийдвэрлэсэн байдаг. Учир нь, “Т” ХХК-ийн захирал Э.О- нь өөрийн эзэмшлийн Голомт банкны 1111111111 тоот данснаас 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 580.191 төгрөгийг “Б” ХХК-ийн данс руу шилжүүлсэн. Харин 6.508.884 төгрөгийг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр “Т” ХХК-ийн Хаан банкны 5555555555 тоот данснаас “Б” ХХК-ийн Хас банкны 5555555555 данс руу шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Д.Б-ийн хувийн данс руу шилжсэн асуудал байхгүй. Мөрдөн шалгах ажиллагаагаар компанитай холбоотой асуудлыг шалгаж тогтоогоогүй. Анхан шатны шүүх хуралдаанд прокурор “Т” ХХК-ийн лавлагааг гаргаж ирсэн байдаг. Миний үйлчлүүлэгч Д.Б-ид анхнаасаа тухайн 7.089.075 төгрөгийг завших санаа сэдэл зорилго огт байгаагүй. Хэрэв н.А-ээс өөр хүний мөнгө орж ирсэн бол буцаагаад шилжүүлэх үүрэгтэй. Гэтэл н.А- нь “Б” ХХК-ийн ажлаас гарахдаа 190.000.000 гаруй төгрөгийн бараа бүтээгдэхүүн авч явсан байдаг. Уг бараа бүтээгдэхүүнийг “Т” ХХК-д худалдсан. Д.Б- нь тухайн мөнгийг өр төлбөртөө суутгаж авахаа “Т” ХХК болон н.А-д хэлсэн. Хохирогч Э.О- болон н.А- нар нь Д.Б-той 1 жил огт холбогдоогүй атлаа 2023 оны 6 дугаар сард хохирогч Э.О- цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байдаг. Мөрдөгч хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолж тогтоогоогүй атлаа Д.Б-ид “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх юм бол цаг хугацаа хэмнэнэ. Мөн эрх зүйн байдал чинь дээрдэнэ” гэж ойлгуулсан учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд шүүгдэгч Д.Б- нь “би Э.О-ыг хохироогүй” гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл прокуророос “та гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа биз дээ” гэж хэлээд шүүх хуралдаанд хойшилж дараагийн шүүх хуралдаан товлон зарлагдаж хэргийг шийдвэрлэсэн байдаг. Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар тухайн мөнгийг завшсан эсэхийг тогтоогоогүй. Иймд миний үйлчлүүлэгч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан. Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр түүнд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Прокуророос Д.Б-ийг “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ болохыг мэдсээр байж завшиж, хохирогч Э.О-д бага хэмжээнээс дээш буюу 7.089.075 төгрөгийн хохирол учруулсан” гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад гэмт хэрэг гарсан байдал, 1.3 дахь заалтад гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр зэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно гэж тус тус заасан.

Хэргийг хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх ажиллагаанд тавигдах шаардлагуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт хуульчилсан бөгөөд үүнд гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон эсэхийг шалгах үүргийг прокурорт, хянах үүргийг шүүгчид хүлээлгэжээ.

Хэргийн материалаас үзэхэд, мөрдөн байцаалтын явцад хохирогч Э.О-, шүүгдэгч Д.Б- нараас мэдүүлэг авсан байх бөгөөд хохирогч Э.О- “...Учир байдлыг тодруулахад 2022 оны 1 дүгээр улиралд тусдаа хоёр компани болж салсан, би “А” ХХК-аас эм, эмнэлгийн хэрэгсэл авсан байсан. Тухайн үедээ мэдээгүй учраас андуураад шилжүүлсэн байсан. Эргээд “Б” ХХК-тай холбогдож, гүйлгээ андуурсан тул буцаан шилжүүлж өгөхийг хүсэхэд “Б” ХХК нь өгөхгүй гэсэн. “Яагаад өгөхгүй вэ” гэхэд “Манайх “А” ХХК-аас авлагатай” гэсэн. ...” /хх 12/, шүүгдэгч Д.Б- “...Манай “Б” ХХК “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.А-ээс 190.773.687 төгрөгийн үнийн дүнтэй эм, эмнэлгийн хэрэгсэл авах авлагатай. Тэгээд тухайн “Т” ХХК-ийн эмэгтэй 2022 оны 9 дүгээр сарын үед утсаар холбогдоод “А” ХХК-д өгөх ёстой төлбөрийг танай компанийн дансанд андууран шилжүүлсэн байна” гэсэн. Тэгэхээр нь “Би мэдсэн. Манай “Б” ХХК “А” ХХК-ийн захирал Д.А-ээс их хэмжээний мөнгөний авлагатай, тэрэндээ суутгаад танай андуурч шилжүүлсэн гүйлгээний төлбөрийг авлаа. Тийм учраас өөрсдөө зохиц” гэсэн. ...” /хх 25/ хэмээн тус тус мэдүүлжээ.

Дээрх мэдүүлгүүдээс үзэхэд, шүүгдэгч Д.Б- нь хохирогч Э.О-ы андууран шилжүүлсэн гүйлгээг “Д.А-ээс авах ёстой байсан авлагад тооцсон” гэсэн тайлбар нь үнэн эсэх нөхцөл байдлыг тодруулалгүй орхигдуулжээ.

Хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэгт дурдагдсан Д.А-ээс мэдүүлэг авах, дээр дурдагдсан нөхцөл байдлыг тодруулах нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд шууд нөлөөлөх үр дагаврыг үүсгэж байх бөгөөд энэхүү мөрдөн шалгах ажиллагааг явуулсны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Мөрдөн байцаалт дууссаны дараа шүүгдэгч Д.Б-оос “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо бүрэн төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх 56/-ийг гаргажээ.

Гэвч, шүүгдэгч анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд “...Би санаатайгаар хийгээгүй, ...Би зүгээр тэднийг хоорондоо тохирсон гэж бодсон, ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, маргахгүй, ...би өөрөө сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа...” хэмээн гэм буруугийн асуудлаар харилцан зөрүүтэй мэдүүлж, гэм буруугийн талаар маргаж байсан, мөн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, тайлбартаа “гэм буруугаа хүлээн зөвшөөрөх, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дагаврыг ойлгоогүй” талаар тайлбарлаж байгаагаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.6 дахь заалтуудад заасан нөхцөл шаардлагыг хангаагүй байхад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Ийнхүү анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул шүүгдэгч Д.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгов.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлага хангагдаагүй байх тул хэргийг ердийн журмаар шийдвэрлэх болохыг дурдаж байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Д.Б-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/538 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
  2. Шүүгдэгч Д.Б-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ