| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 182/2024/03387/И |
| Дугаар | 191/ШШ2025/01760 |
| Огноо | 2025-02-26 |
| Маргааны төрөл | Франчайз, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 191/ШШ2025/01760
| 2025 02 26 | 191/ШШ2025/01760 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, б...... тоот хаягт оршин байрлах, “Э*******” ГХОХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, .....тоот хаягт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 36 дугаар хороо, ....... тоот хаягт оршин суух, С******* овогт У*******ын Ө******* /РД:*******/-д холбогдох
33,123,090 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээг цуцалсантай холбогдуулан учирсан хохиролд нийт 18,279,498 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.С*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Э” ГХОХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлага, түүний төлөөлөгч Ө.О*******, өмгөөлөгч Т.С******* нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э” ГХОХХК нь 2023 оноос хойш “2030 ” нэрийн брэндийг ажиллуулж байгаа бөгөөд хариуцагч Ц.Ө******* нь тус франчайзийг сонирхож, ажиллуулах хүсэлттэй байгаагаа илэрхийлсний дагуу талууд харилцан тохиролцон 2023 оны 08 сарын 21-ний өдөр “2030 Франчайзийн гэрээ”-г байгуулсан.
Талуудын хооронд байгуулсан “2030 Франчайзийн гэрээ”-ний 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт эрх шилжүүлэгч болох нэхэмжлэгч нь өөрийн фирмийн нэр, бараа буюу ажил, үйлчилгээний тэмдэг, бүтээгдэхүүний загвар, баглаа, боодол, түүнчлэн ажил хэргийн удирдлагын тогтолцоо, төлөвлөлт, харилцаа холбоо, бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ олж авах үндсэн чиглэл зэрэг эдийн бус хөрөнгийг ашиглуулахаар тогтоосон журмаар бүрдүүлсэн лицензийг эрх хүлээн авагчид олгох, бизнесийн туршлагаар хангах, менежментийн дэмжлэг үзүүлэхээр,
Эрх хүлээн авагч болох хариуцагч нь эрх шилжүүлэгчийн боловсруулсан тогтолцоо, хамтын ажиллагааны хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаа явуулж түүнд зохих шагнал, хураамж. эсхүл орлогын тодорхой хувийг төлж хамтран ажиллахаар талууд тохиролцсон. Нэхэмжлэгч нь хариуцагчийн дээрх хүсэлтийн хариуг 2024 оны 02-р сарын 05-ны өдрийн албан бичгээр Ц. Ө*******д хүргүүлсэн. Нэхэмжлэгч нь хариу албан бичигтээ хүсэлтийг хүлээн авч, гэрээ дуусгавар болгохын тулд төлбөр тооцооны асуудлыг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл хариуцагчаас франчайзийн гэрээтэй холбоотой төлбөрийг төлөөгүй байна.
Талуудын хооронд байгуулагдсан “2030 Франчайзийн гэрээ”-ний 10.1-д франчайзийн хураамжийг заасан бөгөөд хариуцагч франчайзийн хураамжийн үлдэгдэл болох 10,000,000 төгрөгийг 2023 оны 10 сарын 16-нд төлөхөөр тохиролцон үйл ажиллагаагаа явуулж байсан боловч тус хугацаанд хураамжийг төлөөгүй.
Мөн гэрээний 7.1.8-т Захиалгат бүтээгдэхүүн хүлээн авахын өмнө төлбөрийг урьдчилан төлсөн байх ба төлөөгүй эсхүл хүлээн авмагц шууд бүх төлбөрийг төлөөгүй тохиолдолд эрх шилжүүлэгч нь захиалгат бүтээгдэхүүн нийлүүлэхээс татгалзах эрхтэй гэж заасан боловч нэхэмжлэгчээс барааны төлбөрийн үлдэгдэлтэй байсныг үл харгалзан хариуцагчийн франчайзийн үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор бараа бүтээгдэхүүнээ нийлүүлсээр байсан. Гэвч Хариуцагч нь 2023 оны 12 сарын 14-ний өдрийн бараа захиалгын төлбөр 1,008,100 төгрөг, 12 сарын 16-ны өдрийн бараа захиалгын төлбөр 1,002,800 төгрөг, 12 сарын 21 -ний өдрийн бараа захиалгын төлбөр 2,030,160 төгрөг нийт барааны үлдэгдэл төлбөр 4,041,060 төгрөгийг төлөөгүй байна.
Хариуцагчаас нэгэнт франчайзийн гэрээнд заасан үйл ажиллагааг явуулахаа больж, гэрээ цуцлах хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл гэрээний дагуу тооцоо нийлж, гэрээг дуусгавар болгоогүй тул байх тул 2023 оны 08 сарын 21-ний өдрийн “2030 Франчайзийн гэрээ”-г цуцалж, Франчайзийн хураамжийн үлдэгдэл төлбөр 10,000,000 төгрөг, тус гэрээний дагуу нийлүүлсэн тос шүүгч болон гоймон чанагч төхөөрөмжийн төлбөр болох 5.741,000 төгрөг, гэрээний дагуу нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр болох 4,041,060 төгрөг, гэрээний дагуу нийлүүлсэн шарагч машины зөрүү төлбөр болох 2,300,000 төгрөг, нийт 22,082,060 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
1.1. Тус шүүхэд “Э” ГХО ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч У*******ын Ө*******-д холбогдох “2030 Франчайзийн гэрээ”-г цуцлах, цуцалсантай холбогдуулан нийт 22,082,060 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянагдаж байгаа билээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О******* би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт заасан эрхийн дагуу нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг дараах дүнгээр ихэсгэж байна. Үүнд:
Нэхэмжлэгч нь 2023 оны 08 сарын 21-ний өдрийн “2030 Франчайзийн гэрээ”-г цуцалж байгаатай холбогдуулан Франчайзийн хураамжийн үлдэгдэл төлбөр болох 10,000,000 төгрөг, франчайзийн гэрээний дагуу нийлүүлсэн тос шүүгч болон гоймон чанагч төхөөрөмжийн төлбөр болох 5,741,000 төгрөг, франчайзийн гэрээний дагуу нийлүүлсэн шарагч машины зөрүү төлбөр болох 2,300,000 төгрөг нийт 22,082,060 төгрөгийг нэхэмжилсэн билээ.
Талуудын хооронд байгуулсан , маргаан бүхий “2030 Франчайзийн гэрээ”-ний 10.5 дугаар зүйлийн 10.5.1 дэх хэсэгт “...эрх хүлээн авагч нь уг гэрээгээр эрх шилжүүлэгчид төлөх төлбөр тооцоог хоцроох тохиолдолд төлөх ёстой байсан өдрийн дараагийн өдрөөс эхлээд төлөх өдөр хүртэл жилийн 24% тэнцэх хэмжээний алданги тооцон төлнө...” гэж заасны дагуу эрх шилжүүлэгч буюу нэхэмжлэгчид төлөх төлбөр тооцоог хоцроосон тул алдангийг нэмж нэхэмжилж байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д тус тус заасны дагуу “...анзын нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй...” гэж заасан тул гүйцэтгээгүй үүргийн дүн болох нийт 22,082,060 төгрөгийн 50 хувь буюу 11,041,030 /арван нэгэн сая дөчин нэгэн мянга гуч/ төгрөгийн алдангийг нэхэмжилж байна.
Иймд өмнө нгүүхэд гаргасан нэхэмжлэлийн үнийн дүнг 11,041,030 /арван нэгэн сая дөчин нэгэн мянга гуч/ төгрөгөөр нэмэгдүүлж нийт 33,123,090 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
1.2. Нэхэмжлэгч нь 2023.8.21-ны өдрийн гэрээг цуцлах, үүнтэй холбоотойгоор хураамж 10 сая төгрөг болон гэрээний дагуу тоног төхөөрөмжийн үнэ 5,741,000 төгрөг, нийлүүлсэн барааны үнэ 4,041,060 төгрөг, шарагч машины төлбөр 2,300,000 төгрөг, алданги 11,041,030 төгрөг, нийт 33,123,090 төгрөг гаргуулна. Нэхэмжлэгч нь 2023 оноос брэнд ажиллуулж эхэлсэн. Хариуцагч нь сонирхож байгаагаа илэрхийлж гэрээ байгуулсан. Гэрээний 1.1-д нэхэмжлэгч нь барааны тэмдэг, биет бус эд хөрөнгөөр хангах, хариуцагч нь хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаа явуулж төлбөр төлөхөөр тохирсон. Гэрээ байгуулж 2023 оны 8 сараас үйл ажиллагаа явуулаад 2023 оны 12 сард хариуцагч гэрээ цуцлах талаар мэдэгдсэн. Улмаар нэхэмжлэгч хариу өгсөн. Ингэхдээ гэрээг дуусгавар болоход төлбөр тооцоог дуусгахыг мэдэгдсэн боловч төлбөр төлөөгүй тул нэхэмжлэл гаргасан. Гэрээний 10.1-т хураамжийг 20 сая гэсэн ба 10 саяыг төлөөд 10 саяыг төлнө гэсэн боловч төлөөгүй. Гэрээний 7.1.8-д төлбөрийг төлөөгүй бол бүтээгдэхүүн нийлүүлэхгүй гэсэн боловч үйл ажиллагааг хэвийн явуулахаар бүтээгдэхүүн нийлүүлж байсан. Иймд тооцоо нийлээгүй тул шүүхэд хандсан. Тос шүүгч 2,741,000 төгрөг, гоймон чанагч 2 ширхэг 3,000,000 төгрөг, шарагч машин 2 ширхэг 2,300,000 төгрөг юм. 10 саяыг авсан.
1.3. Хүнс хөдөө аж ахуйн зөрчилтэй холбоотой торгууль төлөөд дуусчихсан асуудал юм. Нөгөө бичиг нь өмнөх асуудлын талаар байна. Нөгөө 2 албан тоотыг өмнө нь харж байгаагүй юм. Энэ хэрэгт хамааралгүй баримт байна. Иймд хурал үргэлжилж болно. Бараа бүтээгдэхүүний төлбөр нь 2023.12.14-нд бараа захиалгын төлбөр 1,008,100 төгрөг, 2023.12.21-ны 2,030,160 төгрөг, 2024.2.16-ны 1,002,800 төгрөг юм. Нэхэмжлэлийн шаардлага ихэсгэсэн шалтгаан нь гэрээний дагуу шилжүүлэн авсан тоног төхөөрөмж, барааны үнийг төлөөгүй бол гэрээний 10-т алданги төлөхөөр заасан байгаа юм. Хугацааг хураамжтай холбоотойгоор 2023.10.17-с тоолж байгаа юм. Барааны үнийн төлбөр бол нийлүүлсэн хугацаанаас хойш тооцож байгаа юм. Гэрээний 3.2.4, 10.5.1, 11-д заасан болон Иргэний хуулийн 219.1, 333.1, 334, 338-д зааснаар шаардаж байгаа юм. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Хураамжийг 1 удаа төлнө. Бусад салбарт хураамж 30 сая байдаг. Гэтэл хариуцагч нь бид биш хариуцагч өөрөө ирж уулзсан юм. Ингэхдээ олон жил зоогийн газар ажиллуулж хуушуур зарсан бөгөөд танайх их ашигтай гэж байна гэсэн юм. Бусад салбартай уулзлаа, өөр салбар 20 саяар гэрээ байгуулсан байна тэр үнээр гэрээ байгуулъя гэсэн юм. Үүнийг нэг удаа авах юм. Франчайз нь онцлог нууц жор, менежменттэй байдаг. Онцлог гэрээ юм. Сургалтыг ажилтнууд ямар хувцас өмлөх, тоног төхөөрөмжөө хаана байршуулах, мэдээллийг хаана байршуулах талаар юм. Сургалт авснаар үйл ажиллагаа явуулсан байдаг. Бараа материалтай холбоотойгоор нэхэмжлэгч нь өөрийн үйлдвэртэй. Тэндээ соус, мах зэргийг бэлдэж хүлээлгэж өгдөг юм. Өдөр тутам үйл ажиллагаа явуулахдаа бараа материал авсан бөгөөд энэ талаар баримтыг хэрэгт өгсөн. Тоног төхөөрөмжийг хүлээж авсан талаар маргахгүй байна. Шүүхэд анх тайлбар өгөхдөө авсан, буцааж өгнө гэсэн. Энэ дагуу авахаар очиход байхгүй гээд өгөөгүй тул энэ тайлбар нь үндэслэлгүй байна. Барааны үлдэгдлийг төлбөрийн хувьд англи болон орчуулгатай баримт хэрэгт байгаа юм. Бараа материал аваад очиход шалгаад гарын үсэг зурж хүлээж авдаг. Гэтэл баримтгүй гэдэг нь үндэслэлгүй. Тоног төхөөрөмж хүлээлгэж өгсөн баримтыг хэрэгт өгсөн. Алдангийн хугацааг олгохгүй байна гэж байна. Гэрээн дээр жилээр байгаа нь үнэн юм. Жилийн 24 хувийг хоногт шилжүүлэх боломжтой. Энэ дагуу хураамж нь 482 хоног хэтэрсэн. Шаардлага гаргах хүртэл тоолж байгаа юм.
Сөргийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлтэй холбоогүй юм. Гэрээний 14.1-д зааснаар баталгаа гаргаагүй гэж байдаг. Үйл ажиллагааны баталгаа өгөөгүй. Франчайз аваад үйл ажиллагаа явуулаад ашиг олохгүй бол хохирол шаардсан нь үндэслэлгүй. Зээл авах эсэх нь хариуцагчийн сонголтын асуудал юм. Зээлийн гэрээг франчайзын гэрээтэй холбох үндэслэлгүй. Франчайзын гэрээний дагуу зээлийн гэрээ байгуулсан талаар гэрээнд байхгүй. Зээлийн гэрээг нэхэмжлэгч огт мэдэхгүй. Зөвхөн барааны тэмдэгт, менежментийг хэрэгжүүлнэ гэдэг. Гэрээ байгуулсны дараа зээл авах ёстой. Гэтэл франчайзын гэрээнээс өмнө зээл авсан байх тул үндэслэлгүй. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Технологийн талаар оюуны өмчийн баримтгүй боловч өөрсдөө гардаж хийж нийлүүлдэг. Сургалт явуулаад үйл ажиллагаа явуулах эрх олгодог. Энэ талаар гэрээн дээр байгаа гэв.
2. Хариуцагч У.Ө******* нь шүүхэд, түүний төлөөлөгч Н.А******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: Э" ГХОХХК-ннй нэхэмжлэлд дурдсан:
* Франчайзийн хураамж болох 10 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэт нэг талыг барьсан гэрээ хийсэн ба энэ мөнгөн дүнд сөрөг нэхэмжлэл гаргана. Франчайз гэрээ гэх боловч дистербютернйн гэрээ хийж төөрөгдүүлсэн. Тиймээс энэ төлбөрийг түдгэлзүүлэх ба “Э” ГХОХХК-д хөндлөнгийн шалгалт ба аудит болон татварын шалгалт оруулах. Хэт төөрөгдүүлэн хууран мэхлэх замаар хийсэн гэрээ учир франчайзын нэхэмжлэл хүлээн зөвшөөрөхгүй болно.
* Тос шүүгч болон гоймон чанагчийн төхөөрөмжийн төлбөр болох 5 741 000 төгрөгийн баримт нь монгол улсын нутаг дэвсгэр дээр хийгдэж байгаа бүх худалдан авалт болон борлуулалт е-баримт болон НӨАТ /нэмэгдсэн өртгийн албан татвар/-ын падаанаар баталгаажсан байна. Иймд тухайн цаг үеийн 2023.10.05-ны НӨАТ падаантай байх. Энэ төхөөрөмжийг буцаалт хийх бүрэн боломжтой. Эвдрэл гэмтэл, элэгдэл хорогдол байхгүй болно.
* Бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 4 041 060 төгрөгийн 2 талын хүлээн зөвшөөрсөн гарын үсэгтэй тооцооны үлдэгдлийн бататгаатай байх
* Шарагч машины зөрүү төлбөр болох 2 300 000 төгрөгийг харилцан тохиролцсон болно.
2.1. Нэхэмжлэгч Э ГХО ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 11,041,030 төгрөгөөр ихэсгэсэн байх бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн “2030 франчайзийн гэрээ”-ний 10.5 дугаар зүйлийн 10.5.1 заалтыг үндэслэл болгосон байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ" гэж заажээ. Харин “2030 франчайзийн гэрээ”-ний 10.5 дугаар зүйлийн 10.5.1-т “Эрх хүлээн авагч нь уг гэрээгээр шилжүүлэгчид төлөх төлбөр тооцоог хоцроох тохиолдолд төлөх ёстой өдрийн дараагийн өдрөөс эхлээд төлөх өдөр хүртэл жилийн 24 хувийн хүүтэй алданги тооцон төлнө" гэжээ.
Алдангийн хэмжээг хоногоор тооцохыг хуульчилсан байх тул “... жилийн 24 хувийн хүүтэй алданги" гэдэг хэмжээг нэхэмжлэгч хэрхэн ойлгож хэрэглэсэн нь тодорхойгүй байна.
Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлагадаа "... гэж заасны дагуу эрх шилжүүлэгч буюу нэхэмжлэгчид төлөх төлбөр тооцоог хоцроосон тул алдангийг нэмж нэхэмжилж байна" гэжээ. Хэзээ төлөх ёстой байсан төлбөрийг хэд хоног хоцроосон тухай тооцоолол байхгүй нь эргэлзээ төрүүлж байна.
Үндсэн нэхэмжлэлийн дүнд франчайзийн төлбөрийн үлдэгдэл, тос шүүгч болон гоймон чанагч төхөөрөмжийн төлбөр, шарагч машины зөрүү төлбөр гэсэн 3 төрлийн төлбөр нэхсэн гэж ойлгож байгаа. Яагаад эдгээр төлбөр тус бүрд алданги төлөх ёстойг тайлбарлаагүй, ойлгомжгүй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэсэн үндэслэл тайлбар хууль болон бодит байдалд нийцэхгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
2.2. 2023 оны 08 дугаар сарын 21 -ны өдрийн “2030 Франчайзийн гэрээ”-ээс учирсан хохирол 18,279,498 /арван найман сая хоёр зуун далан есөн мянга дөрвөн зуун ерэн найм / төгрөгийг Э ГХО ХХК-аас гаргуулж, У.Ө*******д олгуулах
СӨРӨГ НЭХЭМЖЛЭЛИЙН УТГА:
Нэхэмжлэгч У.Ө******* нь хариуцагч Эн Эс Фүуд Бунсик ГХО ХХК-тай 2023 оны 08 дугаар сарын 21-ны өдөр 2030 Франчайзийн гэрээ байгуулсан бөгөөд тэрээр энэ гэрээг байгуулахаас өмнө МУБИС-ийн урд, олон хүний хөл хөдөлгөөн ихтэй байрлалд нийтийн хоолны чиглэлийн үйл ажиллагааг удаан хугацаанд тогтвортой явуулж, их хэмжээний ашиг орлого олж байсан байдаг.
Хариуцагч Э ГХО ХХК-ийн захирал L /одоогийн захирал L-ийн төрсөн дүү/, одоогийн захирал L нар нь Франчайзийн гэрээ байгуулахын өмнө нэхэмжлэгч У.Ө*******тай хийсэн уулзалтууд дээр Монгол улсад ирэхээсээ өмнө нутагтаа тахианы мах боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан туршлагатай талаар, санал болгож байгаа бизнес нь нэхэмжлэгчийн одоо эрхэлж байгаа үйл ажиллагаанаас илүү өндөр ашигтай талаар олон янзаар тайлбарлан ятгаж байсан учир нэхэмжлэгч У.Ө******* нь өөрийн хийж байсан нийтийн хоолны бизнесийг орхиж, хариуцагчийн санал болгосон ажлыг эхлүүлсэн байна.
Хариуцагч Э ГХО ХХК-ийн санал болгосон бизнесийг эхлүүлснээр нэхэмжлэгч У.Ө*******ын орлого, ашиг эрс буурч, ажилчдынхаа цалинг тавьж чадахгүйд хүрч, зээлийн хүүгийн төлбөрийг төлөхөд хүндрэл гарч эхэлсэн байна.
Нэхэмжлэгч У.Ө*******тай Франчайзийн гэрээ байгуулахдаа хариуцагч Э ГХО ХХК нь санал болгосон бизнесийн үйл ажиллагааныхаа ашиг, орлогын талаарх бодит байдлыг нуун дарагдуулсан гэж үзэж байна.
Хариуцагч Э ГХО ХХК-ийн санал болгосон бизнесийг эхлүүлэхийн тулд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай болсон учир нэхэмжлэгч У.Ө******* нь 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Хаан банк ХК- тай ЗГ/ дугаартай Зээлийн гэрээ, БГҮ дугаартай Барьцааны гэрээ байгуулж, эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 1...... тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай, өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох 2 өрөө орон сууцыг Хаан банк ХК-д зээлийн барьцаанд тавьж, 60,000,000 /жаран сая/ төгрөгийг сарын 1,95 хувийн хүүтэй, 60 /жар/ сарын хугацаагаар зээлж авсан байна.
2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар нэхэмжлэгч У.Ө******* нь 18,279,025 төгрөгийн зээлийн хүү, 473 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийт 18,279,498 /арван найман сая хоёр зуун далан есөн мянга дөрвөн зуун ерэн найм/ төгрөг төлсөн байна
Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд төлж байгаа төлбөр нь нэхэмжлэгч У.Ө*******ын хариуцагч Э ГХО ХХК-тай 2023 оны 08 дугаар сарын 21-ны өдөр байгуулсан “2030 ” Франчайзийн гэрээнээс учирсан бодит хохирол гэж үзэж байх тул сөрөг нэхэмжлэл гарган хариуцагчаас нэхэмжилж байна.
2.3. Үндсэн нэхэмжлэлийн хувьд 10 саяын хувьд дутуу төлсөн учир нь гэрээний 10.1.2-т 20 сая боловч 10.1.3-т тал нь элсэлт, тал нь сургалт болон материал олголт гэдэг. Гэтэл сургалт явагдаагүй. Сургалт аваагүй учир элсэлтийн хураамж байж болох юм. Бид бүх зардлаа өөрсдөө зээлээр бүрдүүлсэн. Иймд үлдэхийг нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүй тул төлөөгүй. Тоног төхөөрөмжийн хувьд дагалдах санхүүгийн баримт шаардахад өгнө гэсэн боловч өгөөгүй. Бид албан ёсоор хүлээж аваагүй тул ашиглаагүй, одоо хүртэл байгаа юм. Нэхэмжлэгч нь өөрийнхөө төхөөрөмжийг зарж байгаагаа нотлох ёстой байсан. Энэ үүргээ биелүүлээгүй тул манай орлогод ороогүй. Барааны үлдэгдэл төлбөрийн хувьд үүнийг бид бараа авсан, үлдэгдэл гарсан гэдэг тооцоо нийлсэн баримтгүй. Бид бэлэн мөнгөөр бараагаа авдаг байсан юм. Нэхэмжлэгч тал алдаа гаргасан байх. Иймд үндэслэлгүй тоо юм. Шарагч машины хувьд манай машиныг болохгүй гээд өөрийг тавь гээд манай машиныг аваад явсан. 2 шарагчийг солилцсон бөгөөд ямар нэг баримтгүй юм. Үнийн дүн ойролцоо тул сольсон. Иймд аваагүй тул зөрүү төлбөрийг ойлгохгүй байна. Гэрээний 10.5.1-р шаардлага нэмсэн байдаг. Үүнд алданги гэсэн байдаг. Төлбөрийг хоцроох тохиолдолд жилийн 24 хувийн хүүтэй алданги төлнө гэж томьёолсон байдаг. Иргэний хуулийн 232.6-д хоног тутам гүйцэтгээгүй үүргийн дүнгээс тооцох анзыг алданги гэнэ. Гэтэл хүү, эсхүл алданги нь тодорхойгүй байна. Хэрэв алданги бол яагаад жилээр тооцоод байна. Гэтэл шаардаж байгаа төлбөрийг хэзээ төлнө гэж байгаа вэ. Хаанаас тооцож байгаа нь тодорхойгүй байна. Хэрхэн тооцсон аргачлал тодорхойгүй тул зөвшөөрөх боломжгүй.
Сөргийн хувьд өмнө нь зүгээр байж байгаад гэрээ байгуулаагүй. Өмнө нь цайны газар ажиллуулдаг байсан. 30 орчим жил ажиллаж байсан. Гэтэл Ө******* ааваасаа зөрж гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь хэлэхдээ цайны газраас илүү ашигтай гэсэн тул 60 саяын зээл авсан. Уг зээлээр нэхэмжлэгчийн тавьсан шаардлагаар ажилчны хувцас, дотор засал зэргийг хийсэн. Гэтэл ярьж байсан ашиг олохгүй цалин, зээлийн төлбөрөө төлж чадахгүй болсон. Үүнээс болж бид хуучин үйл ажиллагаагаа явууллаа гэсэн юм. Нийт 18,279,025 төгрөгийн хүү, нэм хүү төлсөн байгаа юм. Бид зөв зүгээр үйл ажиллагаа явуулж байхад ийм ийм шаардлага хангасан байх ёстой гээд зээл авчихсан. Одоо тохижилт нь хэрэггүй болчихсон. Бид нарын үйл ажиллагааг зогсоож өөр үйл ажиллагаа санал болгоод хохироосон юм. Гэрээг цуцалж байгаа тул учирсан хохирлоо гаргуулна.
Франчайзын гэрээний 2.1-д эрх олгох талаар заасан байдаг. Гэтэл оюуны өмчийн гэрчилгээ байдаг. 2024.4.26-нд гэрчилгээ олгосон байдаг. Гэтэл гэрээ 2023.8 сард байгуулагдсан. Гэрчилгээ дээр 2023 оны 10 сараас эхэлж ашиглагдана гэсэн. Гэтэл бид батлагдаагүй барааны тэмдгийн төлөө төлбөр төлсөн байдаг. Эрх өгсөн гэдгээ нэхэмжлэгч тайлбарлах байх, бид ямар нэг зүйл аваагүй. Бүртгэлийн эрх гэдэг нь юу гэдэг нь тодорхойгүй. Бүтээгдэхүүний хангамж авах эрх гэдэг. Өөр газраас нэг бараа авах гэхээр болохгүй гээд өөрийн өндөр үнэтэй барааг авхуулдаг. Шарагч машиныг хаана тавьсныг заасан нь сургалт биш юм. Франчайз эрхийн сургалт нь өөр юм. Бид сургалт аваагүй. Мөн талуудыг тохиролцсон бусад эрх гэдэг нь тодорхойгүй. Мөн ямар жор хаана баталгаажсан юм. Одгэрэл гэж хүнд өгсөн гэж байна. Баримтаар тийм гарын үсэг байхгүй бөгөөд энэ хүн нь хариуцагчийг төлөөлж авсан гэдэг нь нотлогдохгүй байна. Тоног төхөөрөмжийг өгнө гээд өгөөгүй гэж байна. Хариуцагчийн тайлбарт буцааж өгөх боломжтой л гэсэн байна.
Сөргийн хувьд гэрээ хийхээс өмнө үйл ажиллагаа явагдаж байсан юм. Бэлтгэл ажил ханга гэсний дагуу зээл авсан юм. Тэгээд бэлтгэл ажил хийсний дагуу гэрээ байгуулагдсан юм. Нэхэмжлэгч тал өөрөө сураглаж ирж уулзсан юм.
Цахим гарын үсэгтэй баримтаас үзэхэд 3, 3 болон 5 саяар торгосон байдаг. Энэ нь бараа бүтээгдэхүүний чанартай холбоотой торгосон юм. Хэрэв франчайз эрхтэй компани юм бол яагаад торгуулаад байгаа юм. Өөрөө шошгын зөвшөөрөлгүй, эрхгүй бараа зарсан байгаа нь анхнаасаа хуурсан асуудал юм. Би судалж үзээд асуудал байна гэж үзээд ерөнхийлөгчид гомдол гаргасан. Улмаар ерөнхийлөгчийн тамгын газраас харьяаллын дагуу цагдаа болон тагнуулд шилжүүлсэн гэж ярьсан. Хүнсийг зөвхөн хуулийн этгээд импортолдог. Энэ асуудал шалгагдаж байгаа юм. Хувь хүний нэр дээр хүнсний бүтээгдэхүүн оруулж ирнэ гэдэг нь хуулийн этгээд татвараас зайлсхийж байгаа юм. Энэ талаар бид цагдаад бас хандана. Нэхэмжлэгч нь хүнд франчайз өгдөг шилэн компани биш юм. Хөдөлмөрийн гэрээ хийдэггүй гээд бас 3 саяар торгуулсан. Захиалгын баримт дээр гарын үсэг зурсан Одмаа гэдэг хүнийг мэдэхгүй. Гэрээний хураамж нь гэрээнд гаргацгүй байгаа боловч 20 сая гэж байгаа дээр маргахгүй. Зээлийн гэрээн дээр франчайзын гэрээтэй холбоотойгоор зориулалт заагаагүй байна. 2 ширхэг шарагч сольсон баримтгүй. Тос шүүгч, гоймон чанагчийг биет байдлаар авсан. Шинээрээ байгаа. Шарагчаа сольж аваад ашиглаж байгаа юм. Хятад шарагч өгөөд солонгос шарагч авсан. Тухайн үед үнийн зөрүү яриагүй. 2023 оны 10 сарын дундаар хариуцагч гэрээг цуцлах талаар амаар хэлсэн. Сөрөг нэхэмжлэлийг Иргэний хуулийн 227-г үндэслэж байгаа юм гэв.
3. Зохигч дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.
3а. Нэхэмжлэгчээс: Франчайзын гэрээ /ХХ9-28/, тангаргийн бичиг /ХХ29/, гэрээ хүлээн авсан баримт, нууц хадгалах гэрээ /ХХ30/, 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн албан тоот /ХХ31-32/, гадаад хэл дээр бичигдсэн 4 ширхэг баримт, түүний орчуулга /ХХ33-36, 56-59/, барааны тэмдэгтийн гэрчилгээний хуулбар /ХХ60/
3б. Хариуцагчаас: Барьцааны гэрээний хуулбар /ХХ163-165/, зээлийн гэрээний хуулбар /ХХ166-169/, Хаан банк дахь өөрийн зээлийн дансны хуулга /ХХ170-171/, Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2 ширхэг албан тоот /ХХ174-176/, 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 60 дугаартай албан тоот 2 ширхэг/ХХ177-180/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 5,741,000 төгрөг гаргуулж, үндсэн нэхэмжлэлээс үлдэх 27,382,090 төгрөгт холбогдох хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “Э” ГХОХХК нь франчайзын үлдэх хураамж 10,000,000 төгрөг, тоног төхөөрөмжийн төлбөр 5,741,000 төгрөг болон 2,300,000 төгрөг, гэрээний дагуу нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөр 4,041,060 төгрөг, нийт 22,082,060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагын алдангид 11,041,030 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж, нийт 33,123,090 төгрөг шаардсан.
3. Хариуцагч У. нь үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрөн маргаж, франчайзын гэрээ байгуулсан, улмаар гэрээг цуцалсантай холбогдуулан учирсан хохиролд нийт 18,279,498 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
4. Зохигч 2023 оны 08 дугаар сарын 21-ны өдөр франчайзын гэрээ, уг гэрээг дагалдуулж тангаргийн бичих үлдэж, нууц хадгалах гэрээг байгуулсан байна. /ХХ10-27, 29, 30/
Франчайзын гэрээний дагуу хариуцагч нь 10,000,000 төгрөг төлсөн, 2 ширхэг гоймон чанагч, 1 ширхэг тос шүүгч тоног төхөөрөмжийг нэхэмжлэгчээс авсан. Улмаар хариуцагч нь 2023 оны 12 дугаар сард гэрээнээс татгалзах талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгч нь үүнийг зөвшөөрч 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 2402001 дугаар албан тоотыг үйлджээ. /ХХ31-32/
Зохигч эдгээр үйл баримтын талаар маргаагүй.
Иймд зохигч хэн аль Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар франчайзын гэрээнээс татгалзсан гэж үзнэ.
5. Нэхэмжлэгч нь маргаж буй франчайзын гэрээгээр Иргэний хуулийн 333 дугаар зүйлийн 333.1-д зааснаар өөрийн өмчилж буй барааны тэмдэг, нийтийн хоол үйлдвэрлэх технологи, туршлага, үйл ажиллагааны менежмент зэргийг ашиглах эрхийг олгосон гэж тайлбарласан.
Нэхэмжлэгчид барааны тэмдэг эзэмших онцгой эрхийг Оюуны өмчийн газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар тушаалаар олгосон байна. /ХХ60/
Оюуны өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар оюуны өмчийн эрхийг зохигчийн эрх болон түүнд хамаарах эрх, мөн аж үйлдвэрийн өмчийн эрх гэж ангилна. Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар аж үйлдвэрийн өмчийн эрхийг хэд хэд ангилж үзнэ.
Нэхэмжлэгчийн шинжүүлсэн гэх оюуны өмчийн эрх буюу гэрээний 2.1.1-д заасан эрхүүдээс үзэхэд эдгээр эрх нь Патентын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан патентад хамаарч байна. Гэвч нэхэмжлэгч нь патент эзэмшигч гэдэг нь хэрэгт байгаа баримтаар тогтоогдоогүй.
Эдгээр үйл баримтыг харьцуулан дүгнэж үзвэл зохигч гэрээ байгуулах үед нэхэмжлэгч нь барааны тэмдэг эзэмших эрхгүй байсан бөгөөд патент эзэмшигч гэдэг нь тогтоогдоогүй тул өөрт байхгүй эрхийг шилжүүлэх талаар гэрээ байгуулагджээ.
5.1. Гэрээний 10.1.2, 10.1.3-т зааснаар франчайзын хураамжид 20,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон бөгөөд үүнээс хариуцагч нь 10,000,000 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар маргахгүй байна. Энэхүү 20,000,000 төгрөгийн 2,000,000 төгрөгийг элсэлтийн хураамж, 10,000,000 төгрөгийг сургалтын төлбөр, 4,000,000 төгрөгийг салбар нээх үеийн дэмжлэгийн төлбөр, 4,000,000 төгрөгийг үйл ажиллагаанд зориулж бараа материал олгосон төлбөр гэж ангилан тодорхойлжээ.
Нэхэмжлэгч нь сургалт авснаар үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгогддог бөгөөд үйл ажиллагаа явуулсан тул сургалт явуулсан нь нотлогдоно гэж тайлбарласныг хариуцагчийн төлөөлөгч нь эс зөвшөөрч сургалт явуулаагүй гэж маргасан.
Гэрээний 5.1.3-т зааснаар сургалт явуулах газар, хугацааг эрх хүлээн авагчид мэдэгдэх үүрэгтэй байсан. Хариуцагч нь сургалт явуулаагүй гэж маргаж байх тул нотолгооны хуваарилалтын хувьд сургалтын хуваарийг хүргүүлсэн гэдгийг нотлох үүрэг нэхэмжлэгчид байна. Гэвч нэхэмжлэгч тал нь сургалт явуулсан, өөрөөр хэлбэл үйл ажиллагаа явуулах эрх олгосон гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу баримтаар нотлоогүй.
Дээрхээс үзэхэд оюуны өмчийн эрхгүй этгээд өөрт байхгүй эрхийг франчайзын гэрээний дагуу шилжүүлэхээр гэрээ байгуулсан, гэрээнд зааснаар сургалт явуулсан, салбар нээх дэмжлэг үзүүлсэн, мөн үйл ажиллагааны аргачлал зэрэг материал олгосон гэдэг нь хэрэгт байгаа баримтаар тогтоогдохгүй, цаашлаад зохигч хэн аль нь гэрээнээс татгалзсан байх тул гэрээний үүрэг шаардах эрх дуусгавар болно. Иймд хариуцагчаас гэрээний хураамжид 10,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хангах үндэслэлгүй.
6. Хариуцагчийн төлөөлөгч нь 2 ширхэг гоймон чанагч, 1 ширхэг тос шүүгчийг биет байдлаар хүлээн авсан, харин хүлээлцсэн баримт үйлдээгүй гэж тайлбарласан. Нэхэмжлэгч нь эдгээр эд зүйлийн нийт үнийг 5,741,000 төгрөгийн үнэ бүхий гэж тодорхойлсон. Хариуцагч нь үнийн дүнгийн талаар маргаагүй боловч буцаан өгөх боломжтой гэж татгалзлын үндэслэлийг тайлбарлаж байна.
Ийнхүү үйл ажиллагаа явуулахад зохиулж нийтийн хоол үйлдвэрлэх зориулалт бүхий тоног төхөөрөмж олгосон нь гэрээний 3.1.2.4-т зааснаар тоног төхөөрөмжөөр хангажээ.
Хариуцагч нь 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан. Талууд гэрээнээс татгалзсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний гүйцэтгэлийг харилцан буцаах үүрэгтэй.
Мөн хариуцагч нь анх гэрээнээс татгалзах санал гаргасан, улмаар нэхэмжлэлийн хувийг гардаж авснаас хойш дээрх эд зүйлийг буцаан өгөөгүй байх тул нэхэмжлэгч нь дээрх хуульд зааснаар дурдсан тоног төхөөрөмжийн үнийг мөнгөөр шаардах эрхтэй юм.
Иймд хариуцагчаас 2 нэр төрлийн 3 ширхэг тоног төхөөрөмжийн үнэнд 5,741,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэнэ.
7. Нэхэмжлэгч нь бараа бүтээгдэхүүн олгосон гэх гадаад хэл дээр бичигдсэн баримтыг орчуулгын хамт шүүхэд ирүүлсэн байна. /ХХ33-36, 56-59/
Эдгээр баримтаас үзэхэд дурдсан бараа, бүтээгдэхүүнийг хариуцагч хүлээн авсан болох нь тогтоогдохгүй байна.
Мөн эдгээр баримт нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-т заасныг хангахгүй хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй баримт байна.
Иймд маргаж буй тодорхой тооны бараа, бүтээгдэхүүнийг хариуцагчид хүлээлгэн өгсөн гэдэг нь баримтаар нотлогдоогүй, шүүхэд ирүүлсэн санхүүгийн анхан шатны баримт нь хуульд заасан шаардлагыг хангахгүй буюу хүчин төгөлдөр болоогүй баримт байх тул 4,041,060 төгрөгт холбогдох шаардлагыг хангах үндэслэлгүй.
7.1. Хариуцагч нь өөрийн шарагчийг нэхэмжлэгчид өгч нэхэмжлэгчээс шарагч авсан буюу солилцсон, тухайн үед үнийн зөрүү байгаагүй гэж тайлбарлаж байна.
Харин нэхэмжлэгч нь шарагчийг солиогүй бөгөөд хариуцагчийн БНХАУ-д үйлдвэрлэсэн шарагч эвдэрсэн тул БНСУ-д үйлдвэрлэсэн шарагчаар сольж өгсөн гэж маргаж байна.
Гэвч нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт дээр энэхүү шаардлагын утгыг зөрүү гэж бичигдсэн байх тул нэхэмжлэгч талын тайлбар үгүйсгэгдэж, хариуцагч талын тайлбар тогтоогдсон гэж үзэхээр байна. /ХХ36, 56/
Нэхэмжлэгч нь солилцсон шарагчийн үнийн зөрүүг санхүүгийн анхан шатны баримтаар нотлоогүй. Энэ талаар зохигч хэн аль нь шүүх хуралдаанд тухайн үед баримт үйлдээгүй гэж тайлбарлаж байна.
Иймд шарагчийн үнэнд 2,300,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хангах үндэслэлгүй.
7.2. Гэрээний 10.5.1-т заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцэхгүй байна. Тайлбарлавал, энэхүү хуульд заасан нь гэрээний үүргийг заасан хугацаанд гүйцэтгээгүй бол хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөх анзыг алданги гэнэ. Гэтэл гэрээний 10.5.1-д гүйцэтгээгүй үүрэгт жилд 24 хувийн хүүтэй алданги төлнө гэж заажээ. Түүнчлэн дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нь гэрээний дагуу 10,000,000 төгрөгийн хураамж шаардах эрхгүй бөгөөд бусад төлбөрийн хувьд гэрээний дагуу төлөх үүрэг биш, харин хангаж шийдвэрлэсэн төлбөрийн хувьд гэрээний дагуу үйл ажиллагаа явуулахад зориулагдсан тоног төхөөрөмжийн үнэ юм. Мөн зохигч хэн аль нь гэрээнээс татгалзсан тул гэрээний үүрэг болох алданги шаардах эрх дуусгавар болсон. Иймд нэмэгдүүлсэн шаардлагад дурдсан гэрээний алдангид 11,041,030 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8. Хариуцагчийн төлөөлөгч нь сөрөг нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийг гэрээ байгуулж, улмаар гэрээнээс татгалзсаны улмаас зээлийн гэрээний дагуу хүү, нэмэгдүүлсэн хүү төлсөн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасан хохирол гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээг талууд чөлөөтэй байгуулж, агуулгыг өөрсдөө тодорхойлдог. Хариуцагчийн гэрээг хууран мэхлэх замаар байгуулсан гэх тайлбар нь хэрэгт байгаа баримтаар нотлогдоогүй. Түүнчлэн нь гэрээнд гарын үсэг зурсан талаар маргаагүй бөгөөд гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж, ашиг олоогүй гэх тайлбар нь хууран мэхлэх замаар гэрээ байгуулсан гэх үндэслэл болохгүй байна.
Хариуцагч нь 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр “Хаан банк” ХХК-тай 60,000,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулсан байна. /ХХ163-165, 166-169/,
Зээлийн гэрээнээс үзэхэд франчайзын гэрээтэй холбогдуулж зээлийн гэрээ байгуулсан гэх тайлбар нотлогдоогүй. Өөрөөр хэлбэл, франчайзын гэрээний үүргээ биелүүлэхийн тулд зээлийн гэрээ байгуулсан гэх тайлбараа хариуцагч тал нотлоогүй, зээлийн гэрээнд энэ талаар зориулалтыг тодорхойлоогүй.
Цаашлаад зээлийн гэрээг франчайзын гэрээ байгуулахаас өмнө байгуулжээ. Түүнчлэн аливаа этгээд гэрээний үүргээ гүйцэтгэхдээ зээл авах эсэх нь гэрээний нөгөө талд хамааралгүй. Иймд зээлийн гэрээний дагуу хүү, нэмэгдүүлсэн хүү төлсөн нь франчайзын гэрээг байгуулсан, улмаар цуцалснаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчид холбогдох хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 333 дугаар зүйлийн 333.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч У.Ө*******аас 5,741,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Э” ГХОХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27,382,090 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгч “Э” ГХОХХК-с 18,279,498 төгрөг гаргуулах тухай хариуцагч У.Ө*******ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн нийт 530,260 төгрөг, хариуцагчийн 249,347 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 106,806 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД