| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2025/00067/И |
| Дугаар | 157/ШШ2025/00062 |
| Огноо | 2025-03-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 157/ШШ2025/00062
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төвийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 13,831,886 (арван гурван сая найман зуун гучин нэгэн мянга найман зуун наян зургаан) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иргэн ******* овогтой ******* нь ХасБанкны Бор-Өндөр тооцооны төвөөс 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 1430084739 дугаартай зээлийн гэрээ байгуулан 40,000,000 /Дөчин сая/ төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 15 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Тус зээлийн хамтран зээлдэгчээр ******* нь гарын үсэг зурсан. Банк нь 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зээлдэгч ******* ХасБанкин дахь 5000746585 тоот дансанд 40,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн төлбөрт 26,629,017 төгрөг, зээлийн хүү 6,657,420 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 36,579 төгрөг төлсөн байна.
Гэтэл зээлдэгч ******* нь 2024 онд нас барсан ба банктай байгуулсан 1430084739 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг зөрчигдөж 2024 оны 12-р сарын 11-ний өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэх гаргах өдрийн байдлаар 86 хоног хугацаа хэтрүүлээд байна. Үндсэн зээлдэгч нь 2024 оны 06-р сарын 27-ны өдөр нас барсан тул ******* нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг хамтран зээлдэгчээс утсаар болон биечлэн уулзаж шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд хамтран зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
1/Иргэн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24,3 дахь заалт болон 1430084739 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн төлбөр 13,831,885 төгрөгийг хамтран зээлдэгч *******гаас гаргуулах,
2/Зээлдэгч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү.
Жич: Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тухайн үед нь Зээлийн гэрээнд зааснаар тооцон шаардагдах тэмдэгтийн хураамжийг төлж нэмэгдүүлэн нэхэмжлэх болно.” гэжээ.
Хариуцагч овогт шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие *******наас гаргасан нэхэмжлэлд хариу тайлбар гаргаж байна. Нэхэмжлэгчийн гаргасан 13,831,886 төгрөгийг бүтэн төлөхөд санхүүгийн хэрэгцээ боломж хүрэхгүй. Тиймээс энэ мөнгийг сардаа 500,000 төгрөгийг *******инд өөрийн боломжоор төлөхөө илэрхийлж байна. /22 сар/ Бидэнд хүндэтгэн үзэх шалтгаан гарсныг хүлээн авч, шийдвэрлэж хүлээж авна уу. Давхар апп-ын 6,000,000 төгрөгийг сар бүр боломжоороо төлөөд явж байгаа. Мөн 1 хүний цалингаараа оюутан 1 хүүхэд, сургуулийн 1, цэцэрлэгийн 1 хүүхдээ тэжээн тэтгэж амьдарч байна. Энэхүү шийдвэрийг минь хүлээж авч шийдвэрлэнэ үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төв нь хариуцагч ******* холбогдуулж “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 13,831,886 (арван гурван сая найман зуун гучин нэгэн мянга найман зуун наян зургаан) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төв, хариуцагч *******, ******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан “банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох” гэрээний харилцаа үүссэн байна.
3.Зохигчдын хооронд 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч нь хариуцагчаас “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 13,831,886 (арван гурван сая найман зуун гучин нэгэн мянга найман зуун наян зургаан) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
4.Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төв хариуцагч *******, ******* нар нь зээлийн гэрээг бичгээр байгуулсан, 40,000,000 төгрөгийг жилийн 15 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар буцааж төлөх нөхцөлтэй байгуулсан, хариуцагч нар нь зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй байна.
Зээлдэгч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Х70 шалтгаанаар нас барсан нь нас барсны гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх-ийн 13 дугаар хуудас/
Хамтран зээлдэгч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлд зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээхээр заасан байна. /хх-ийн 5-9 дүгээр хуудас/
5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 13,831,886 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
6.Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 13,831,886 (арван гурван сая найман зуун гучин нэгэн мянга найман зуун наян зургаан) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
7.Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,109.43 төгрөгийн тал хувь болох 113,554 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 113,554 төгрөг 50 мөнгийг, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамж 113,554 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төвд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төвийн “Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 13,831,886 (арван гурван сая найман зуун гучин нэгэн мянга найман зуун наян зургаан) төгрөгийг хариуцагч ******* нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,109.43 төгрөгийн тал хувь болох 113,554 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 113,554 төгрөг 50 мөнгийг, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамж 113,554 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төвд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ