Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 30

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

Улсын яллагч Б.Батнасан

Хохирогч С.Э

Шүүгдэгч Б.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А-д холбогдох 1816000120020 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б овогт Б-ын А

Шүүгдэгч Б.А нь Говь-Алтай аймгийн ***** сумын *************** хамт олон 2017 оны 12 дугаар сарын 29-ний орой шинэ жилийн баяраа тэмдэглэж байх үед тус сургуулийн тогтооч С.Э-г зодож, С.Э-гийн биед тархи доргилт, зүүн дээд зовхи, хамар, зүүн хацар, хүзүүний доод хэсэг, баруун өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл буюу түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг  үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Б.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...12 дугаар сарын 29-ний өдөр манай ************** ажилтнууд шинэ жилээ тэмдэглэсэн. Тухайн шинэ жил дээр Э согтуу орж ирж намайг цохиж авахаар нь би дуугүй байсан. Тэгээд толгой руу цохихоор нь миний уур хүрээд зөрүүлээд цохиод авсан. Би явах гээд мотоциклио асаатал араас гарч ирээд намайг явуулахгүй байхаар нь мотоцикль дээрээсээ бууж ирээд баруун хөл рүү нь өшиглөсөн... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”  гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч С.Э-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...12 дугаар сарын 29-ний өдөр ********* нийллэг болоод би  ажилтнуудын хоолыг хийгээд орой 18 цагт дуусаад гэртээ очоод 20 цаг 30 минутаас жижүүртэй байсан учир буцаж сургууль дээр ирсэн. Тухайн үед хамт олон зарим хүмүүс тараад хэдэн хүмүүс үлдсэн байсан. Тэр орой би согтууруулах ундаа хэрэглээгүй. А-тэй хоол унднаас болоод маргалдсан. Тэгээд А намайг цохисон. Тэндээс гараад мотоциклио асаагаад явах гэхээр нь би цагдаа явна гэтэл мотоцикль дээрээсээ бууж ирээд миний хөл рүү цохисон. Тэгээд хамт цагдаагийн хэлтэс рүү явсан... Би 3.450.000 төгрөг нэхэмжилж байгаа...  ” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч Ц.О-ын “...Э, А нар нь ********** нийллэг дээр муудалцаад Э, А нар нь бие биенээсээ зууралдаад зогсож байхаар нь би Ад хандаж болиоч та 2 гэж хэлэхэд Б.А нь түрүүлж гарахад Э араас нь гарсан... 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Э нь надтай сумын төв дээр таарчихаад Б.А нь намайг цохиж зодсон гэж ярьж байсан... надтай гудамжинд таарахад зүүн нүд нь хөхөрч хавдсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /ХХ32/,

Гэрч М.Ш-ийн “...Миний харснаар А нь гараараа Э-н нүүрэн тус газар 1 удаа цохиход Э нь уурлаад А-ийг чи эмэгтэй хүн цохидог хэн юм бэ гэж хэлээд тэр 2 зууралдаад ****-с гарч яваад 20 минутын дараа Э нь ****--н байран дээр ирээд миний тархи толгой өвдөөд байна би гэр рүүгээ явлаа гэж хэлээд явсан...Э, А нар нь архи уусан байсан. Тухайн өдөр манай сургуулийн шинэ жилийн арга хэмжээ болж байсан болохоор хүмүүс архи уусан байсан... Э-гийн зүүн талын шанаа нь хөхөрч, нүд нь хавдсан байдалтай ирсэн...” гэх мэдүүлэг /ХХ33-34/,

Гэрч Х.М-ын “...2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 18 цаг өнгөрч байхад манай эхнэр болох Э нь ****** дээр хоол хийж байгаад ирлээ гэж орж ирээд буцаад 20 цагийн орчимд сургууль дээр жижүүртэй гэж хэлж яваад 02 цагийн үед гэртээ зодуулсан байдалтай ирсэн... А намайг зодчихлоо гэж хэлж байсан... Э-гийн зүүн талын нүд, шанаа нь хөхөрч хавдсан, зүүн нүд нь тагларч хаагдсан байсан...” гэх мэдүүлэг /ХХ37-38/,

Гэрч Б.Г-ийн “...2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр***** сумын цагдаагийн кубонд байж байтал 22 цагийн үед Э болон А нар хүрч ирээд Э нь намайг А зодчихлоо гээд А, Э нар нь маргалдсаар орж ирсэн... Миний харснаар Э-гийн зүүн талын нүд, шанаа орчим нь хөхөрч хавдсан байдалтай харин А-ийн биед ил харагдах ямар нэгэн шарх сорви байгаагүй...А, Э нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан... А нь хэлэхдээ сургуулийн шинэ жил дээр байж байтал намайг Э нь хэл амаар доромжлоод байхаар нь уур хүрээд нүүр тус газар нь нэг удаа гараараа цохисон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /ХХ41/,

Гэрч Д.М-ын “...Би 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 11 цаг өнгөрч байхад Э нь А гэх хүнд зодууллаа гэх дуудлагын дагуу их эмч болох Д-ийн хамт очиж үзэхэд ... Үзлэгээр биеийн ерөнхий байдал дунд, ухаан санаа саруул, артерийн даралт 140:90-тэй 130:80-тай, сатурац 92-той, пульс 86-тай, зүүн нүдэнд цус хуралттай, битүү хавдартай, зүүн нүдний доод зовхи хөхөрсөн, баруун өвдөгний доод хэсэгт 8х6 см орчим няцарч хөхөрсөн тэмтрэхэд эмзэглэлтэй зэрэг зовуурьтай байсан... Э нь ярихдаа 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр сургуулийнхаа нийллэгт ороод Б.А нь согтуурхан намайг зодчихлоо гэж ярьж байсан ...” гэх мэдүүлэг /ХХ42/,

Гэрч Б.Д-ийн “...Би 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 11 цаг өнгөрч байхад Э нь А гэх хүнд зодууллаа гэх дуудлагын дагуу эх баригч эмч М-ын хамт очиж үзэхэд Э-н зүүн нүд цус хуралттай, зүүн зовхи хавдсан, зүүн доод зовхи хөхөрсөн, баруун өвдөгний доод хэсэгт няцарч хөхөрсөн тэмтрэхэд эмзэглэлтэй байсан...” гэх мэдүүлэг /ХХ43/,

Шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 25 дугаартай “... 1. Иргэн С.Э-гийн биед ил харагдах гэмтэл учирсан байна.

2. С.Э-гийн биед тархи доргилт, зүүн дээд, доод зовхи, хамар, зүүн хацар, хүзүүний доод хэсэг, баруун өвдөг, шилбэнд цус хуралт тогтоогдлоо. 

3. Дээрх гэмтэл нь мохой зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4.  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт  /ХХ46-47/ зэрэг хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл  журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн эрүүгийн хэрэгт ач холбогдол бүхий яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Аийн  Говь-Алтай аймгийн ****** сумын ********-н хамт олон 2017 оны 12 дугаар сарын 29-ний орой шинэ жилийн баяраа тэмдэглэж байх үед иргэн С.Э-г зодож биед нь тархи доргилт, зүүн дээд зовхи, хамар, зүүн хацар, хүзүүний доод хэсэг, баруун өвдөг, шилбэнд цус хуралт зэрэг хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байна.

Талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай гомдол, хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

  2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж хуульчилжээ. Иймд шүүхээс шүүгдэгч Б.А согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөлгүйгээр торгох ял  оногдуулах тухай прокурорын санал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон дээрх хүчин зүйлсүүдийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж ялыг 2018 оны 05 дугаар сарын 15-ны дотор бүрэн төлж барагдуулах хугацаа тогтоон шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч Б.Э-гийн нэхэмжилсэн 3.450.000 /гурван сая дөрвөн зуун тавин мянган / төгрөгийн нэхэмжлэлээс хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа 453.000 /дөрвөн зуун тавин гурван мянган / төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгч Б.А-с гаргуулан хохирогч Б.Э-д олгож, үлдсэн 2.997.000 /хоёр сая есөн зуун ерэн долоон мянган/ төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-ын А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Б-ын А-ийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг 2018 оны 05 дугаар сарын 15-ны дотор биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Б.А-д сануулсугай. 

4. Хохирогч Б.Э-гийн нэхэмжилсэн 3.450.000 /гурван сая дөрвөн зуун тавин мянган / төгрөгийн нэхэмжлэлээс 453.000 /дөрвөн зуун тавин гурван мянган / төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгч Б.А-ээс гаргуулан хохирогч Б.Э-д олгож, үлдсэн 2.997.000 / хоёр сая есөн зуун ерэн долоон мянган/ төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА