Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2023/ДШМ/960

 

 

 

 

         2023           10            03                                    2023/ДШМ/960

 

П.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Нандин-Эрдэнэ,

шүүгдэгч П.Б-, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 1027 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Б-ийнгаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд  холбогдох эрүүгийн 2303002680248 дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

П.Б-

 

Шүүгдэгч П.Б- нь 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 10 цаг 05 минутын үед ** дүүргийн ** дугаар хороо, *** төвийн хойд замд “Синотрак” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.3 дахь хэсэгт “Хэвтээ тэмдэглэлийг дараах зориулалтаар хэрэглэнэ”, мөн хэсгийн 1.3 дахь заалтад “(үргэлжилсэн хос шугам)-дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана.”, 1.4 дэх хэсэгт “1.1–1.3-д 1.15.а–1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас “Хьюндай соната 7” маркийн **** улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, уг автомашинд зорчиж явсан зорчигч Т.Х-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн дүүргийн прокурорын газраас: П.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д овогт П-ийн Б-ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар 280.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч У.Дөлгөөнд, 199.500 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Д.Б-д, 16.650.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч “*******’’ ХХК-д тус тус олгож, хохирогч Т.Х-, иргэний нэхэмжлэгч Д.Б, Б.М, У.Д, Ш.Л нар гэм хорын хохирол болох цалин хөлс, эрүүл мэндэд гарсан зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу П.Б-эс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч П.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Т.Х-д гэм хорын хохиролд 1.631.810 төгрөг төлсөн, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, П.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч П.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би анхан шатны шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах, прокурорын шатанд анхнаасаа хэргийн зүйчлэл болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан. Би хувьдаа том оврын шланз машинаар байнга тээвэр хийж, сардаа 3-4.5 сая төгрөгийн орлоготой, эхнэр  барааны 8 нэр төрлийн дэлгүүр ажиллуулдаг. Манай өрхийн орлого сард 8 сая төгрөг болдог. Анхан шатны шүүхээс намайг хэргийн зүйлчлэл, гэм буруугийн хувьд маргаангүй, хохирогч нарын хохирлыг боломжоороо төлж барагдуулсан, цаашид төлж барагдуулахаа илэрхийлсэн байхад торгуулийн ял оногдуулалгүй нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг эс зөвшөөрч байна. Иймд нийтэд тусгай ажил хийлгэх ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү. Мөн иргэний нэхэмжлэгч У.Д-д 280.000 төгрөг, Д.Бд 16.650 төгрөг, ******* ХХК-д 16.650.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан. ...” гэв.

 

Шүүгдэгч П.Б-ний өмгөөлөгч Д.Ганхуяг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний үйлчлүүлэгч нь өөрийн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар огт маргаагүй. Харин анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргасныг өмгөөлөгчийн зүгээс дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш П.Б- нь У.Д-д 280.000 төгрөгийн хохирлыг, хохирогч Б-д эмчилгээний зардал болох 199.500 төгрөгийн хохирлыг тус тус төлж барагдуулсан. Харин иргэний нэхэмжлэгч “*******’’ ХХК-иас нэхэмжилсэн 16.550.000 төгрөгийн хохирлыг 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хохирлыг нөхөн төлөх шийдвэр гарсан учир 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс төлөх баримтаа бидэнд өгсөн. Миний үйлчлүүлэгч нь өндөр настай эхийгээ асардаг. Мөн жолоочийн ажил удаан хугацаанд хийж байсан учир ходоодны гүн шархтай болсон. Иймд миний үйлчлүүлэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар өөрчилж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Г.Нандин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч П.Б- нь 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 10 цаг 05 минутын үед Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, *** төвийн хойд замд “Синотрак” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Замын хөдөлгөөний дүрмийн зохих зүйл заалтыг зөрчсөний улмаас “Хьюндай соната 7” маркийн автомашинтай мөргөлдөж, уг автомашинд зорчиж явсан зорчигч Т.Х-гийн эрүүл мэндэд хүндэвтэр, бусад 4 хүнд хөнгөн хохирол учирсан. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хохирлоо бүрэн төлөөгүй байсан учир нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Гэвч давж заалдах шатны шүүхэд хохирлоо төлж барагдуулсан бол оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэхэд татгалзах зүйлгүй. ...” гэв.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч П.Б-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны шүүх эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч П.Б- нь 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 10 цаг 05 минутын үед Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, **** төвийн хойд замд “Синотрак” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.3 дахь хэсэгт “хэвтээ тэмдэглэлийг дараах зориулалтаар хэрэглэнэ”, мөн хэсгийн 1.3 дахь заалтад “(үргэлжилсэн хос шугам)-дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана.”, 1.4 дэх хэсэгт “1.1–1.3-д 1.15.а–1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас “Хьюндай соната 7” маркийн **** улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, уг автомашинд зорчиж явсан зорчигч Т.Х-гийн эрүүл мэндэд хүзүүний 6,7-р нугалмын арын сэртэнгийн хугарал, 2 хөлийн шилбэ, тавхайд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Т.Х-гийн “...урдуур ачааны машин эргэх гээд хагас хажуу тийшээ болоод зогссон. Тэр үед жолооч ачааны машины урдуур явах үед ачааны машин гэнэт эргээд хөндлөн болоод зогсчихсон. Миний сууж явсан машин тоормос гишгээд зогсохгүй ачааны машины хажуу тал руу мөргөөд зогссон. Би тухайн үед машины баруун талын арын суудлын захад сууж явсан. ” ...” /хх 16/,

 

иргэний нэхэмжлэгч Д.Бгийн “...хангамжийн буудлын орчим ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлд нэг талдаа 2 эгнээтэй замын 2 дугаар эгнээгээр явж байхад өөдөөс ирж явсан ачааны машин гэнэт урдуур эргээд хөндлөн болоод ороод ирэхээр нь тоормос гишгэсэн боловч зам цас ороод хайлчихсан, нойтон байсан болохоор зогсохгүй ачааны машины урд дугуй руу мөргөөд зогссон. ...” /хх 19/,

 

иргэний нэхэмжлэгч Б.М-нийн “...ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлд нэг талдаа 2 эгнээтэй замын 2 дугаар эгнээнд явж байхад өөдөөс ирж байсан ачааны машин хөндлөн орж байгаа харагдахаар нь “хүүе, энэ машин чинь яагаад урдуур ороод ирэв ээ” гэж хэлэхэд жолооч ах тоормосоо гишгээд зогсоогүй ачааны машины урд дугуй орчим мөргөсөн. ...” /хх 25/,

 

иргэний нэхэмжлэгч У.Д-ний “...хамгаалалтын албаны машинаар Амгалан зах өнгөрөөд ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлд явж байхад гэнэт л тас нас хийх чимээ гараад осол болсон. Би тухайн үед гар утсаараа оролдоод явж байсан болохоор ослыг хараагүй. Харин ослын дараа харахад миний зорчиж явсан машины урдуур ачааны машин хөндлөн орж ирснээс дунд дугуй руу нь мөргөсөн байсан. Би машины арын суудлын голын хэсэгт зорчиж явсан. ...” /хх 34/,

 

иргэний нэхэмжлэгч Ш.Л-гийн “...ажлынхаа хүмүүстэй хамгаалалтын албаны машинд суугаад Амгалангийн Петровис ШТС-д байрлах “CU” дэлгүүрээс Амгалангийн гарамны салбар дэлгүүр руу явж байхад урдуур ачааны машин хөндлөн орж ирснээс болж зам тээврийн осол болсон. Би машин арын суудлын голын хэсэгт сууж явсан. ...” /хх 39/,

 

иргэний нэхэмжлэгч Г.П-ын “...2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ажил дээрээ байж байхад 09:00 цаг өнгөрөөд манай байгууллагын эзэмшлийн “Хьюндай соната 7” маркийн автомашин Амгалангийн замд машинтай мөргөлдсөн байна гэсэн дуудлага ирж ослын газарт очиход түргэний машин ирчихсэн хүмүүсийг гэмтлийн эмнэлэг рүү аваад явж байгаа харагдсан. Би тэндээ хүлээж байгаад замын цагдаагаас хүмүүс ирж хэмжилт хийж дууссаны дараа Гэмтлийн эмнэлэгт очсон. Үнэлгээ хийлгэж учирсан хохирлыг буруутай жолоочоос нэхэмжилнэ. ...” /хх 29/,

 

иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.У-гын “...манай жолооч Б над руу залгаад Амгалангийн замд ачааны машинтайгаа явж байгаад зам тээврийн осол гаргачихлаа гэж хэлэхээр нь ослын газарт очиход цагдаа нар үзлэг, хэмжилтээ хийгээд ачааны машиныг журмын хашаа руу аваад явчихсан байсан. ...” /хх 44, 47/ гэсэн мэдүүлгүүд,

 

 “...Т.Х-гийн биед хүзүүний 6,7-р нугалмын арын сэртэнгийн хугарал, 2 хөлийн шилбэ, тавхайд цус хуралт бүхий хүндэвтэр” хохирол  /хх 62-63/,

 

 “...Ш.Л-гийн биед зүүн гуя, шилбэ, шагайнд цус, хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тохойнд цус хуралт бүхий хөнгөн” хохирол /хх 51-52/,

 

 “...У.Д-ий биед баруун хөлийн шилбэнд цус хуралт, зулгаралт, дээд уруулын салстад шарх, уруул зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн” хохирол /56-57/,

 

 “... Д.Б-гийн биед баруун 4, 5, 6-р хавирганы цууралт бүхий хөнгөн” хохирол /хх 68-69/,

 

“...Б.М-нийн биед духны зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуу, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн” хохирол /хх 74-75/ тус тус учирсан болохыг тогтоосон шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 5387, 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 5388, 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 5389, 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 5481, 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 5495 дугаар шинжээчийн дүгнэлтүүд,

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн “... Sinotruck ZZ3317 загварын **** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь АВS бүхий хийн тоормосны системтэй. Тоног төхөөрөмжөөр шалгахад 1,2,3,4-р тэнхлэгийн тоормос ажиллагаа хэвийн, стандартын шаардлага хангаж байна. ...” /хх 83-88/ гэх 999788 дугаар дүгнэлт,

 Тээврийн Цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Ариунболдын гаргасан 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн “...П.Б- нь  Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.3 дахь хэсгийн 1.3, 1.4 дэх хэсэгт “1.1–1.3-д 1.15.а–1.15.в-г зөрчсөн болохыг тогтоосон 620 дугаар “Мөрдөгчийн магадлагаа” /хх 125-126/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-11/, жолоодох эрхийн лавлагаа /хх 129/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 128/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 140/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч П.Б- ямар гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч П.Б-ийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих зүйл заалтыг зөрчин “Синотрак” маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа “Хьюндай соната 7” маркийн **** улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, уг автомашинд зорчиж явсан зорчигч Т.Х-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүх гэм хорын хохирлын хэмжээг тогтоохдоо хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын гаргаж өгсөн баримтын хэмжээнд хохирлыг тооцон, шүүгдэгч П.Б-эс  280.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч У.Д-д, 199.500 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Д.Бд, 16.650.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч “*******’’ ХХК-д тус тус олгож,  хохирогч Т.Х- болон иргэний нэхэмжлэгч нар нь гэм хорын хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч П.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд заасан төрөл, хэмжээний дотор буюу 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн “торгох ялаар сольж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Б-ийн нийтэд тусгай ажил хийлгэх ялыг торгох ялаар солиулах талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч П.Б- нь 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр иргэний нэхэмжлэгч У.Дөлгөөнд 280.000 төгрөг, Д.Б-д 119.500 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 1072 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.ЗОРИГ

 

 

                        ШҮҮГЧ                                                          Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                        ШҮҮГЧ                                                          Л.ДАРЬСҮРЭН