| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 101/2025/00180/И |
| Дугаар | 191/ШШ2025/01738 |
| Огноо | 2025-02-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 191/ШШ2025/01738
| 2025 02 26 | 191/ШШ2025/01738 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, ....... багт оршин байрлах, “М*******” ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, ..... тоот хаягт оршин байрлах, “А*******” ХХК /рд:*******/-д холбогдох
Гэрээний үүрэгт үндсэн төлбөр 7,640,000 төгрөг, алданги 20,524,400 төгрөг, нийт 28,164,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “М*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, багасгасан шаардлага, түүний төлөөлөгч Л.А******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК-тай 2023 оны 5-р сарын 18-нд “Шатахуун нийлүүлэх гэрээ” байгуулсан. Уг гэрээнд заахдаа шатахууны төлбөр тооцоог ажлын 10 хоногт бүрэн төлнө. Хэрэв төлөөгүй тохиолдолд төлөөгүй үнийн дүнд хоногт 0,005 хувийн алданги тооцно гэсэн гэрээ байгуулсан. 2023 оны 5-р сарын 24-нд М******* ХХК нь гэрээний дагуу дизель түлш 58 950 литрийг 3200 төгрөгөөр 188 640 000 төгрөгийн шатахуун ******* ХХК-д нийлүүлсэн. ******* ХХК нь удаа дараа шаардуулан байж цувуулан нийт 181 000 000 төгрөг төлсөн. Маш олон удаа утсаар ярьж, төлбөрөө гэрээний дагуу төлөхийг шаардсан боловч сүүлдээ утсаа авахгүй, мессеж бичихээр хариу өгөхгүй таг алга болоод өдийг хүрээд байна.
Иймд ******* ХХК-аас шатахууны үлдэгдэл төлбөр болох 7 640 000 төгрөг, мөн гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй { хоногийн 0,005 хувь} алданги болох 39 121 600 төгрөг нийт 46 761 600 төгрөгийг гаргуулж өгнө үү.
1.1. Нэхэмжлэгч нь А******* ХХК-с гэрээний дагуу хүү алданги 39,121,600 төгрөг үндсэн төлбөрийн үлдэгдэл 7,640,000 төгрөг нийт 46,7961,600 төгрөг нэхэмжилсэн. Хүү алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн 50 хувиас хэтрэхгүй байх ёстой гэсэн заалтыг үндэслээд дахин шинээр тооцоолол хийсэн. Ингээд шатахууны үнэ болох 188,640,000 төгрөгийг хугацаандаа төлөөгүй алданги бодохдоо 2023.6.15-2023.12.31 хүртэл хугацаанд хоногоор бодоход 20,524,400 төгрөг болж байна. Ингээд үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 7,640,000 төгрөг бүгд 28,164,400 төгрөгийг нэхэмжлэхээр тооцоолол гаргаж шинээр бодсон. Иймд анх нэхэмжилсэн мөнгөний зөрүү болох 18,597,200 төгрөгийг хасаад нийт 28,164,400 төгрөгийг нэхэмжилж байна.
1.2. Төлбөрөө шаардаж байсан мессеж байгаа тул утсандаа үзлэг хийлгэх хүсэлтэй. Үзлэгээр төлбөрөө шаардаж байсныг нотлох юм. Хариуцагч нь төлбөр шаардаж байсныг зөвшөөрсөн тул үзлэг хийлгэх хүсэлтээсээ татгалзаж байна.
Хариуцагчаас гэрээний үүрэг хангуулна. 2023.5.18-нд шатахуун нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу шатахуун авсан. 188 640 000 төгрөгийн түлш өгсөн. Бид гэрээ хийхдээ ажлын 10 хоногт төлбөр хийнэ гэж тохирсон. Хийхгүй бол алданги тооцохоор гэрээ хийсэн. Бид Шунхлайтай бас гэрээ хийсэн байсан. Бид цаашаагаа төлбөр хийх хэрэгтэй болсон гээд шаардахад 115 сая төгрөгийг 2023.6.15-нд төлсөн. Улмаар бид Шунхлайд үлдэгдэл төлбөрөө хүнээс мөн зээлж төлсөн. Тэгээд хариуцагчаас мөнгөө шаардаж байсан. Улмаар нэмж 7.26-нд 59 сая төгрөг төлсөн. Мөн 8.22-нд 7 сая нийт 181 сая төгрөг төлсөн. Үлдсэн нь 7 640 000 төгрөгийн төлбөр үлдсэн. Улмаар ажлын 10 хоногоос хойш алданги тооцсон. 6 сарын 15-с хойш 73 640 000 төгрөгөөс 7 сарын 26-н хүртэл 40 хоногт 14 728 000 төгрөг, 7 сарын 26-с 8 сарын 22-н хүртэл 14 640 000 төгрөгөөс 27 хоногт 1 946 400 төгрөг, 8 сарын 22-с 2024 оны 8 сарын 10-н хүртэл 283 хоногт 3 820 000 төгрөг, нийт 20 524 000 төгрөг, бүгд 28 164 400 төгрөг нэхнэ гэв.
НӨАТ шивэх тухай асуудал ярьж байна. 188 640 000 төгрөгийн НӨАТ-г 2023.5.31-нд мэдүүлсэн байгаа юм. Энэ нь нэхэмжлэх гэдгээр шивэгддэг юм. Бид татварын албанаас асуухад кодоороо нотлогдоно гэсэн тоотыг хэрэгт өгсөн байгаа юм. Надад хэлэхэд нь НӨАТ шивсэн гэж хэлсэн бөгөөд надтай дахиж холбогдоогүй. Утсаар залгахаар утсаа авдаггүй гэв.
2. Хариуцагч “А*******” ХХК нь шүүхэд, түүний төлөөлөгч Б.Б******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллагын нэр дээр 2024 оны 12 сарын 19 ний өдөр ирүүлсэн нэхэмжлэхийн дагуу ******* тоот регистрийн дугаартай М******* ХХК-ийн нэхэмжилж буй төлбөрийг хүлээн зөвшөөрөх боломжгүйг дараах тайлбараар хүргүүлж байна
1. Манай байгууллага нь М******* ХХК-тай 2023 оны 5-р сарын 18-ны өдөр 58.950 литр түлшийг тээврийн зардалгүйгээр 3200 төгрөгөөр худалдаж авахаар “Шатахуун нийлүүлэх гэрээ” байгуулж нийт 188,640,000 төгрөг төлж эргүүлэн тус компани нь манай байгууллагад НӨАТ шивж өгөхөөр тохирсон. Бид тодорхой хугацааны дотор 181,000,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд манай байгууллагад гэрээний 2.3-т заасны дагуу НӨАТ шивсэн эсэхийг лавлаж удаа дараа шаардаж байсан боловч шивсэн гэж хэлж байсан бөгөөд одоог хүртэл НӨАТ-ийн шивэлт хийгдээгүй байгаа.
2. Төлбөр төлөгдөөгүй үлдсэн 7,640,000 төгрөгийн алданги хэмээн 39,121,600 төгрөгийг нэмж нэхэмжлэх нь Иргэний хуулийн 232.6 болон 232.4-т заасны дагуу М******* ХХК-ийн нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна
3. Манай байгууллагад шивээгүй НӨАТ-ийн төлбөртэй дүйцүүлэн тооцож М******* ХХК-д үлдэгдэл төлбөрийг суутгаж тооцох хүсэлтэй байна.
2.1. Үзлэг хийлгэх шаардлагагүй. Биднээс шаардаж байсан тул шаардлагагүй.
Нэхэмжлэлийн үнийн дүнгээс алдангийг зөвшөөрөхгүй. Үндсэн төлбөр 7 640 000 төгрөгийг зөвшөөрнө. Бид 58 900 литр түлш худалдаж авахдаа НӨАТ-тай худалдаж авсан. Гэтэл нэхэмжлэгч нь одоо хүртэл 10 хувь буюу 17 сая гаруй төгрөгийг татварын системд мэдүүлээгүй байгаа юм. Энэ талаар нэхэмжлэгчид хэлж байсан. Мэдүүлсэн гэсэн боловч нягтлан шалгаж үзэхэд мэдүүлээгүй байсан. Бид мэдүүлсний дараа үлдэх төлбөрийг төлөх байр суурьтай байсан. Тухайн үед 2 600 төгрөгийн үнэтэй байсан түлшийг 3 200 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Энд тээврийн хөлс ороогүй дүн юм. Иймд бид нэхэмжлэгчид хохирол учруулаагүй юм. Нэхэмжлэгч нь төлбөрийн талаар удаа дараа шаардахад НӨАТ-аа мэдүүлэх талаар хариу шаардлага тавьж байсан. Улмаар татварын асуудал үүссэн тул алдангийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэх гэдгийг нь нягтлангаар шалгуулахад НӨАТ шивэгдээгүй байсан. 188 640 000 төгрөгийн түлш авсан талаар маргаагүй. 2023.6.15-нд 115 сая, 7.26-нд 59 сая, 8.22-нд 7 сая, нийт 181 сая төгрөг төлсөн талаар маргаангүй. НӨАТ мэдүүлээгүй тул бид татвар дээр НӨАТ-т өртэй гараад байгаа юм. Энэ талаарх баримтыг хэрэгт өгөөгүй гэв.
3. Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Дизель түлш нийлүүлэх гэрээ /ХХ3-5/, нэхэмжлэх 2 ширхэг /ХХ17, 34/, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй /ХХ18/, алданги тооцсон хүснэгт 2 ширхэг /ХХ19, 36/, Дорноговь аймгийн Татварын газрын 2025 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн дугаар албан тоот /ХХ33/, өөрийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2025/09 дүгээр албан тоот /ХХ35/, Төрийн банк дахь Л.А*******ийн дансны хуулга /ХХ37/, Хаан банк дахь Н.Ганбат, Л.А******* нарын дансны хуулга /ХХ38-41/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 11,460,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16,704,400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “М*******” ХХК нь гэрээний үүрэгт үндсэн төлбөр 7,640,000 төгрөг, алданги 39,121,600 төгрөг, нийт 46,761,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад алдангийн тооцоололтой холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж үндсэн төлбөр 7,640,000 төгрөг, алданги 20,524,400 төгрөг, нийт 28,164,400 төгрөг гаргуулахаар шаардсан.
3. Хариуцагч “А*******” ХХК нь үндсэн төлбөрийн үлдэх 7,640,000 төгрөгийн талаар маргаагүй боловч нэхэмжлэгчийг татварын байгууллагад НӨАТ мэдүүлээгүй гэх үндэслэлээр алданги төлөхөөс татгалзаж маргасан.
4. Зохигч 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр дизель түлш нийлүүлэх гэрээ байгуулжээ. /ХХ3-5/
Гэрээний дагуу нэхэмжлэгч нь 58,950 литр түлшийг нэг литр тутмыг 3,200 төгрөгөөр, нийт 188,640,000 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлж, улмаар хариуцагч нь нийт 181,000,000 төгрөг төлсөн, 7,640,000 төгрөгийн үндсэн төлбөр төлөгдөөгүй гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгэж маргаагүй, зөвшөөрсөн.
Иймд зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсжээ.
4.1. Хариуцагч нь нэхэмжлэгчийг худалдсан бүтээгдэхүүний талаар татварын байгууллагад НӨАТ тайлагнаагүйн улмаас татварын өртэй байгаа тул үлдэх төлбөрийг төлөөгүй гэж маргаж байна. Харин нэхэмжлэгч нь тухай бүр татварын байгууллагад борлуулалтыг тайлагнасан гэж тайлбарласан. Гэвч хэн аль нь өөрийн тайлбарыг эргэлзээгүй баримтаар нотлоогүй.
Тодруулбал, Дорноговь аймгийн Татварын газрын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн дугаар албан тоотоос үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчид худалдсан дээрх бүтээгдэхүүнийг бүрэн тайлагнасан гэж үзэх боломжгүй байна. Цаашлаад, хэрэгт байгаа нэхэмжлэгчийн үйлдсэн төлбөр шаардсан нэхэмжлэх нь QR кодтой байх боловч татварын байгууллагын цахим санд үүсгэгдсэн гэж үзэх буюу шүүх хуралдаанд үүнийг шалгах боломжгүй байх тул энэхүү нэхэмжлэхээр НӨАТ-г тайлагнасан гэж үзэхгүй. /ХХ33, 34/
Хэдийгээр талуудын хооронд маргаж буй борлуулалтын орлогыг татварын байгууллагад мэдүүлсэн эсэх нь нотлогдохгүй байгаа боловч энэ нь гэрээний үүрэгтэй холбогдох маргаанд хамааралгүй байна. Учир нь гэрээний 3-т төлбөр төлөх нөхцөлийг тохиролцсон байх бөгөөд энд маргаж буй борлуулалтын орлогын талаар татварын байгууллагад мэдүүлсний талаар төлбөр төлөх талаар тохиролцоогүй.
Цаашлаад Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар зохигчийн хооронд байгуулагдсан гэрээгээр худалдсан түлшний орлого нь татвар ногдох орлогод хамаарах бөгөөд 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар татвар төлөгч нь борлуулалтын орлогын талаар дараа сарын 10-ны дотор мэдүүлж, татварыг төрийн санд төлөх үүрэгтэй байдаг. Цаашлаад мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1-д зааснаар хариуцагч нь хэрэв өөрийн борлуулалтаас татвар төлж, харин нэхэмжлэгчийн борлуулалтад төлсөн татвар нь тооцогдоогүй байгаа тохиолдолд хасалт хийн тооцуулах боломжтой юм.
Иймд нэхэмжлэгч нь өөрийн борлуулалтыг татварын байгууллагад тайлагнаагүйн улмаас үндсэн төлбөрийг төлөөгүй гэх хариуцагчийн тайлбар нь хууль зүйн хувьд үндэслэлгүй.
5. Гэрээний 3.1-т зааснаар хариуцагч нь төлбөрийн нэхэмжлэхийг үндэслэн ажлын 10 хоногийн дотор төлөхөөр тохиролцсон ба 3.2-т нэхэмжлэхийг хүргүүлнэ гэж заасан. Улмаар хариуцагч нь төлбөр төлөхийг шаардаж байсан үйл баримтын талаар маргаагүй. Мөн гэрээний 7.1-д төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр заажээ.
Иймд хариуцагч нь нэгэнт үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 7,640,000 төгрөгийг төлөөгүй байх тул алданги төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй юм.
5.1. Дээрх үндэслэлээр гэрээнд зааснаар алдангийг тооцвол:
Зохигч хариуцагчийг 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 115,000,000 төгрөг, 07 дугаар сарын 26-ны өдөр 59,0000,000 төгрөг, 08 дугаар сарын 22-ны өдөр 7,000,000 төгрөг, нийт 181,000,000 төгрөг төлсөн талаар маргаагүй. Улмаар нэхэмжлэхийг 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр үүсгэсэн тул хариуцагч нь гэрээний 3.1-д зааснаар мөн оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлбөрийг төлөх үүрэгтэй байсан.
Ийнхүү төлбөр төлсөн хугацаа тус бүрээр тооцож үзвэл 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр үлдэх төлбөр 73 640 000 төгрөг байсан тул 06 дугаар сарын 15-ны өдрөөс 07 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх 42 хоногт 1 хоногт 368,200 төгрөг, 42 хоногт 15 464 400 төгрөг, 07 дугаар сарын 26-ны өдөр үлдэх төлбөр 14 640 000 төгрөг байсан тул 07 дугаар сарын 26-ны өдрөөс 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх 69 хоногт 1 хоногт 73 200 төгрөг, 69 хоногт 5,050,800 төгрөг, 08 дугаар сарын 22-ны өдөр үлдэх төлбөр 7,640,000 төгрөг байсан тул 08 дугаар сарын 22-ны өдрөөс нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд тайлбарласан хугацаа болох 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх 353 хоногт 1 хоногт 38,200 төгрөг, 353 хоногт 13,484,600 төгрөг, нийт 33,999,800 төгрөгийн алданги тооцогдохоор байна.
Гэвч шүүхэд 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргах үед үлдэх төлбөр 7,640,000 төгрөг байсан тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцож, 3,820,000 төгрөгийн алданги тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Эдгээр үндэслэлийг бүхэлд нь нэгтгэн дүгнээд хариуцагчаас үндсэн төлбөр 7,640,000 төгрөг, алданги 3,820,000 төгрөг, нийт 11,460,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16,704,400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “А*******” ХХК-с 11,460,000 гаргуулж, нэхэмжлэгч “М*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16,704,400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 391,758 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 198,310 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД