| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 1809019351285 |
| Дугаар | 2023/ДШМ/958 |
| Огноо | 2023-10-03 |
| Зүйл хэсэг | 17.10.1., 23.2.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 2023/ДШМ/958
2023 10 03 2023/ДШМ/958
Г.Ц, Б.Б, Б.Э нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Булганчимэг,
шүүгдэгч Г.Ц, түүний өмгөөлөгч Д.Д,
шүүгдэгч Б.Бы өмгөөлөгч Ш.Б,
шүүгдэгч Б.Эгийн өмгөөлөгч Г.Б,
нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/579 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Цийн өмгөөлөгч Д.Д, шүүгдэгч Б.Бы өмгөөлөгч Ш.Б, шүүгдэгч Б.Эгийн өмгөөлөгч Г.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Г.Ц, Б.Б, Б.Э нарт холбогдох эрүүгийн 1809019351285 дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Х овгийн Г.Ц, 19...... оны 8 дугаар сарын 31-ний өдөр ........... суманд төрсөн, ....... настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, .................. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .................../;
Т овгийн Б.Б, 19..... оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ................. төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, ................. ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, ................ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ....................../;
А овгийн Б.Э, 19.... оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ... нотариатч ажилтай, ам бүл 5, хүүхдүүдийн хамт, ................ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ................./;
Г.Ц нь Б.Бтай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ............. төв дэх нотариатч Б.Эгийн өрөөнд хохирогч Н.Нын эзэмшилд байсан 07 88 УНИ улсын дугаартай, “Тоёота Ланд круйзер 200” загварын автомашиныг Н.Наас Б.Бд шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хуурамчаар үйлдэж нотариатчаар гэрчлүүлэн ашигласан,
Б.Б нь Г.Цтэй бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ........................ төв дэх нотариатч Б.Эгийн өрөөнд хохирогч Н.Нын эзэмшилд байсан 07 88 УНИ улсын дугаартай, “Тоёота Ланд круйзер 200” загварын автомашиныг Н.Наас Б.Бд шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хуурамчаар үйлдэж нотариатчаар гэрчлүүлэн ашигласан,
Б.Э нь 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ........... төв дэх нотариатчийн өрөөнд иргэн Н.Нын эзэмшилд байсан 07 88 УНИ улсын дугаартай, “Тоёота Ланд круйзер 200” загварын автомашиныг Н.Наас Б.Бд шилжүүлсэн илт хуурамч бэлэглэлийн гэрээг гэрчлэн баталж бусдад 65.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Г.Ц, Б.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэссэгт зааснаар, Б.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Ц, Б.Б нарыг бүлэглэн баримт бичгийг хуурамчаар үйлдэж, ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Эг өмчлөх эрхийг хязгаарлах, шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг нотариатч гэрчлэн баталсны улмаас бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Г.Ц, Б.Б нарт холбогдох эрүүгийн 1809019351285 дугаартай хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эг 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Э нь энэ тогтоолоор оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарлаж, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар ззүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц, Б.Б, Б.Э нараас тус бүр 333.000 төгрөгийг гаргуулан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт олгохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Цийн өмгөөлөгч Д.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүх Г.Цийг гэм буруутайд тооцсон асуудлыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Г.Ц нь Б.Бтай бүлэглэн, баримт бичиг хуурамчаар үйлдэж, ашиглан бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан үйл баримт нь Г.Цийн шүүхийн хэлэлцүүлэгт болон түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгээр нотлогдоно гэх боловч шүүгдэгч нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхдөө би гэмт хэрэг үйлдээгүй, уг асуудал нь манай эхнэр бид хоёрын гэр бүлийн маргаанаас үүссэн асуудал юм. Шийтгэх тогтоолд “Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан гэх дүгнэлт хийж бичсэн боловч өмгөөлөгчийн хувьд энэ дүгнэлт нь өрөөсгөл хуульд нийцээгүй, шинжлэн судлагдсан нотлох баримтууд Г.Ц гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай дүгнэлт биш гэж үзэж байна. Анхан шатны шүүх Г.Цийг хохирогч Н.Н-ын эзэмшилд байсан “Тоёота Ланд круйзер 200” маркийн автомашиныг Н.Н-аас Б.Бд шилжүүлсэн бэлэглэлийн гэрээр хуурамчаар үйлдэн ашигласан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, ... уг гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэний гадна Өршөөл үзүүлэх тухай хуулийн холбогдох заалтуудад заасан нөхцөл журмыг хангасан гэж дүгнэж, хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа боловч шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс дээрх гэмт хэргийг хянан шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байгаа тул хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байсан гэж дүгнэдэг. Иймд шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзсэн тул гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 1, 2, 7 дахь заалтуудыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Цөд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү.
“Тоёота ланд круйзер 200” маркийн автомашин өөрийнх нь өмч мөн байсан бол хохирогч Н.Н.Н яагаад нэхэмжлэх зүйлгүй гэх болов, анхнаасаа хэлбэрийн төдий гомдол гаргаж хүний өмчийг өөрийн болгох гэсэн санаа байсан гэж үзэж байна. Дээрх машин нэр шилжсэний дараа бусдад зарагдсан бөгөөд автомашиныг гурван удаа холбогдох үнэлгээний газруудаар үнэлүүлэхдээ нэг ч удаа биетээр үзэж бодит байдлаар үнэлээгүй атлаа автомашиныг үзэж харсан мэтээр үнэлгээ гаргаж, үнэлгээ гаргахад шүүхээс гарсан зардлыг холбогдогч нараас хувь тэнцүүлэн төлүүлэхээр шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий болсон эсэхийг хянан үзэж, тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Бы өмгөөлөгч Ш.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн боловч эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад прокурор эрүүгийн хэрэг үүсгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байхад шүүхээс хууль буруу хэрэглэжээ. Эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасны дагуу хэрэгсэхгүй болгох байсан. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 579 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Эгийн өмгөөлөгч Г.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан: “... Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд “Тоёота ланд круйзер 200” маркийн автомашины үнэлгээг нийт 3 үнэлгээний байгууллагаар буюу “Дамно” хөрөнгийн үнэлгээгээр 65.000.000 төгрөг, “Хөрөнгийн үнэлгээний төв”-ийн үнэлгээгээр 48.600.000 төгрөг, “Итгэлт эстимэйт” ХХК-ийн үнэлгээгээр 65.000.000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн байгаагаас 65.000.000 төгрөгийн үнэлгээг шүүх үндэслэл бүхий бодитой гарсан гэж үзсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй” гэж дүгнэснийг өмгөөлөгчийн зүгээс хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Учир нь энэ хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/02035 дугаар шийдвэрт шүүгдэгч Г.Цийн эхнэр Н.На нэхэмжлэл гаргахдаа одоо эрүүгийн хэрэг дээр хохирогч гэх өөрийн эгч Н.Н.Нын нэр дээр бүртгэлтэй байсан “Тоёота Ланд круйзер 200” маркийн 07 88 УНИ улсын дугаартай автомашиныг гэр бүлийн дундын хөрөнгө болохыг тодорхойлон 40.000.000 төгрөгөөр үнэлж нэхэмжлэл гаргасан байдаг. Тухайн үед Г.Ц нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд засаг даргын албан тушаал хашиж байсан тул “Тоёота Ланд круйзер 200” маркийн 07 88 УНИ улсын дугаартай автомашиныг өөрийн эхнэр болох Н.Нагийн нэр дээр бүртгүүлсэн. Улмаар Н.На, Г.Ц нарын дунд гэр бүл цуцлуулах маргаан үүсэж, эхнэр Н.На нь хохиролд тооцсон автомашиныг өөрийн төрсөн эгч Н.Н.Нын нэр лүү Г.Цийн зөвшөөрөлгүйгээр шилжүүлсэн нь Г.Цийн удаа дараагийн мэдүүлгээр тогтоогддог. Уг автомашин дээр 3 удаа шинжээчийн дүгнэлт гарсан. “Дамно” ХХК нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 07 88 УНИ улсын дугаартай автомашин дээр үнэлгээ хийсэн бөгөөд үнэлгээ гаргахдаа автомашиныг биетээр үзэж үнэлгээ гаргаагүй бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын байдлаар зах зээлийн жишгээр гаргасан тухайгаа үнэлгээний тайландаа дурдсан. “Итгэлт эстимэнт” ХХК нь мөн зах зээлийн тандалтын аргаар автомашиныг үнэлсэн бөгөөд үнэлгээний зүйлийг биечлэн танилцаагүй талаар дурдсан. “Хөрөнгө үнэлгээний төв” ХХК шинжээчийн дүгнэлт гаргахдаа автомашиныг бодитоор нь үзэж, үнэлгээ гаргасан бөгөөд уг автомашиныг араб стандартын тоноглол, салон, суудалтай болох талаар бодитойгоор тодорхойлж дүгнэлт гаргасан. Зах зээлийн автомашины ханш европ, араб стандарт хоёр эрс, тэс зөрүүтэй байдгийг мэргэжлийн үнэлгээчин байтугай автомашин хэрэглэгч хүн бүр мэддэг. Үнэлгээ нь 15-20 мянган ам.доллараар зөрүүтэй байдаг нь нийт автомашин хэрэглэгчдэд тодорхой байсаар байтал шүүх 2:1 гэдэг байдлаар “Дамно”, “Итгэлт эстимэнт” ХХК-иудын бодит байдалд нийцээгүй үнэлгээний дүгнэлтийг үндэслэн миний үйлчлүүлэгчид ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч “... анх манай дүү Н.Нагийн нөхөр Г.Ц нь өөрийн мөнгөөр худалдан авсан “Тоёота Ланд круйзер 200” маркийн 07 88 УНИ улсын дугаартай автомашиныг миний нэр дээр шилжүүлсэн юм. Уг өдрөөс хойш миний нэр дээр байсан боловч Г.Ц нь автомашинаа өөрөө унадаг байсан. Би ямар учраас цагдаагийн байгууллагад хандсан бэ гэхээр “Уг автомашин нь миний нэр дээр байсан атлаа миний оролцоогүйгээр 2018 оны 01 дүгээр сард Г.Цийн ах Цогзолын нэр дээр шилжсэн байсан. Уг явдлыг би шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан.” гэж мэдүүлж, жинхэнэ өмчлөгч хэн болох талаар ямар шалтгаанаар өөрийнх нь нэр дээр шилжиж ирсэн талаар тодорхой мэдүүлсэн байдаг. Мөн шүүгдэгч Г.Ц “...би сая л Тоёота Ланд круйзер 200” маркийн 07 88 УНИ улсын дугаартай автомашины асуудлаар цагдаад над дээр өргөдөл гомдол гаргасныг мэдлээ. Үндсэндээ би уг автомашиныг анх 2011 онд материал импекс дээрээс автомашин худалдаж авъя гэсэн бодолтой явж байтал дөнгөж орж ирсэн, гаалийн талбай дээр байсан “Тоёота Ланд круйзер 200” маркийн автомашиныг хувь хүнээс 82.000 доллараар худалдан авахаар болж төлбөр тооцоог нь хийгээд гэртээ автомашинаа авчирч тавьчихаад Өмнөговь аймаг руу ажилдаа явсан. Тухайн үед би Өмнөговь аймгийн Цогтцэций сумын засаг дарга ажилтай байсан. Намайг ажилдаа явсан хойгуур эхнэр уг автомашинд улсын дугаар авах, бичиг баримтыг нь бүрдүүлэх асуудлыг шийдсэн байх... гэж анхны өмчлөгч гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн. Мөн шүүгдэгч Г.Цийн эхнэр Н.На “... уг автомашин манай гэр бүлийн өмч, 2011 онд анх худалдан авч байсан. Худалдан авахдаа анхнаасаа миний нэр дээр авч байсан. Дараа нь эгч Н.Нын нэр дээр тээврийн хэрэгслээ шилжүүлж байсан юм. Тухайн үед манай нөхрийг АТГ-аас шалгахаар болж миний нэр дээр байсан автомашиныг эгчийн нэр лүү шилжүүлсэн. Тэр цагаас хойш манай эгчийн нэр дээр байсан. 2017 оны 11 дүгээр сард салах өргөдлөө Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн. Тухайн үед би гэртээ орж чадахгүй байсан болохоор ядаж “Тоёота Ланд круйзер 200” маркийн 07 88 УНИ улсын дугаартай автомашиныг авъя гэж бодож очсон. Надад нэг түлхүүр нь байдаг учир тээврийн хэрэгслээ онгойлгоод асаах гэтэл асахгүй байхаар нь би тээврийн хэрэгслийн гэрчилгээг харахад миний эгчийн нэр дээр биш, өөр хүний нэр дээр байсныг мэдсэн. Иймд эгч цагдаагийн байгууллагад хандсан.” гэж өмчлөгч хэн болохыг мэдүүлсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж хуульчилсан. Гэтэл энэ хэрэг дээр шүүгдэгч Г.Цийн эхнэр Н.Нагийн эгч Н.Н.Ныг хохирогчоор тогтоож хууль зөрчин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулсан, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан анхан шатны шүүхээс шийдвэр гаргасан нь хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны шийдвэр гарах үед шүүгдэгч Г.Цөд холбогдох Н.Нагийн нэхэмжлэлтэй хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж талууд эвлэрэн гэр бүлээ хадгалан үлдэж дахин хамт амьдарч эхэлсэн бөгөөд хохирогч гэх Н.Н.Н нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй талаар шүүхэд бичгээр хандаж шүүх хуралдаанд оролцоогүй. Дээрх байдал нь Н.На нь анхнаасаа Тоёота Ланд круйзер 200” маркийн 07 88 УНИ улсын дугаартай автомашины өмчлөгч биш болохыг давхар нотолдог. Иймд хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг буруу дүгнэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон, хохирогчийг буруу тогтоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Г.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. 13 жилийн өмнө авсан “Тоёота ланд круйзер 200” маркийн автомашин миний өмч. Эхнэрийнхээ нэр дээр гэрчилгээг нь гаргасан. Гэтэл 8, 9 жилийн дараа гэр бүлийн маргаан болоход эгчийнх нь нэр дээр шилжсэн гэдгийг мэдсэн. Миний оролцоогүйгээр эгчийнх нь нэр дээр шилжсэн тэр аргаар ахынхаа нэр дээр шилжүүлсэн. Намайг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нотариатаар гэрчлүүлсэн асуудлаар шүүхэд өгсөн байдаг. 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр надад яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Би үүнийг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөгчийн танилцуулснаар яллах дүгнэлттэй танилцсан. Тэгэхээр энэ хэрэгт бүтэн жил гаруй хугацааны дараа яллах дүгнэлт үйлдэгдсэн. Энэ нь хуульд заасан хүчин төгөлдөр байсан эсэх талаар шүүх бүрэлдэхүүн та бүхнийг дүгнэж өгнө үү гэж хүсэж байна. Миний бие нийгэмд болон хэн нэгэнд ямар нэгэн хохирол, хор уршиг учруулаагүй. Энэхүү хэрэг нь гэр бүлийн өмч хөрөнгийн маргаанаас үүдэлтэй. Гэхдээ бид гэр бүлийн маргаанаа иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлсэн. ...” гэв.
Прокурор Н.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шатанд гэм буруугийн болон эрүүгийн хариуцлага, хохирол зэрэг бусад асуудлуудын талаар тодорхой дүгнэсэн байсан учраас тайлбар хэлэх шаардлагагүй байх гэж үзэж байна. Өмгөөлөгч нарын гаргасан асуудлын тухайд тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчээр Автотээврийн үндэсний төвд бүртгэлтэй байсан хүн, бүртгэлтэй байсан тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлэхдээ бүртгэлтэй этгээд болох Н.Н.Над мэдэгдэлгүйгээр тээврийн хэрэгслийг шилжүүлсэн асуудалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан гэмт хэргээр, Б.Эг Н.Н.Ныг байхгүйд тухайн эрх олгосон бичиг баримтыг гэрчилсэн үйл баримтаар тогтоогдсон гэж үзэж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна. Нөгөө талаас эд хөрөнгө хэн гэх хүний өмчлөл вэ гэх асуудал яригддаг. Хэрэв эд хөрөнгийн маргаан гаргаж байсан бол тухайн эд хөрөнгийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлж, тухайн эд хөрөнгийг хэн эзэмших вэ гэх асуудлаа шийдвэрлэсний дараа тухайн тээврийн хэрэгслийг шилжүүлэх боломж байсан гэж үзэж байна. Мөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх асуудлын тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг яллагдагчаар татах хүртэл тоолно гэж заасан байгаа учраас хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдахгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн онцлог нь тухайн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, ашигласан байдаг бөгөөд ашигласан цаг хугацааг мэдэгдээгүй боловч тухайн гэмт хэргийн үйл ажиллагаа таслан зогсоогдсон үеэс гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд хамааруулж ойлгох боломжтой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлах ёстой байжээ гэж үзэж байна. Тийм учраас яллагдагч нарын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар дүгнэсэн дүгнэлт үндэслэлтэй. Хөрөнгийн үнэлгээний тухайд прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ “Дамно” ХХК-ийн үнэлгээгээр буюу 65.000.000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэсэн. Гэвч анхан шатны шүүх дээр талуудын маргааны улмаас тухайн үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа шалтгааны улмаас шүүхээс 2 удаа үнэлгээ хийлгэсэн. Ингээд 3 үнэлгээг үндэслэж, тухайн үеийн зах зээлийн ханшаар автомашиныг 65.000.000 төгрөг гэж үнэлсэн үнэлгээ үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, энэ хэрэгт Б.Эг гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Шүүгдэгч Г.Ц нь Б.Бтай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вилла центр” төв дэх нотариатч Б.Эгийн өрөөнд хохирогч Н.Нын эзэмшилд байсан 07 88 УНИ улсын дугаартай, “Тоёота Ланд круйзер 200” загварын автомашиныг Н.Наас Б.Бд шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хуурамчаар үйлдэж нотариатчаар гэрчлүүлэн ашигласан,
шүүгдэгч Б.Б нь Г.Цтэй бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вилла центр” төв дэх нотариатч Б.Эгийн өрөөнд хохирогч Н.Нын эзэмшилд байсан 07 88 УНИ улсын дугаартай, “Тоёота Ланд круйзер 200” загварын автомашиныг Н.Наас Б.Бд шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хуурамчаар үйлдэж нотариатчаар гэрчлүүлэн ашигласан,
шүүгдэгч Б.Э нь 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вилла центр” төв дэх нотариатчийн өрөөнд иргэн Н.Нын эзэмшилд байсан 07 88 УНИ улсын дугаартай, “Тоёота Ланд круйзер 200” загварын автомашиныг Н.Наас Б.Бд шилжүүлсэн илт хуурамч бэлэглэлийн гэрээг гэрчлэн баталж, бусдад 65.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
Хохирогч Н.Нын “... Миний эзэмшлийн 07 88 УНИ улсын дугаартай, “Тоёота Ланд круйзер 200” маркийн автомашиныг миний дүү Н.Нагийн нөхөр Г.Ц гэгч миний зөвшөөрөлгүйгээр Г.Цогзол гэх ахынхаа нэр дээр 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шилжүүлсэн байна. ... хуурамч бичиг баримт үйлдэж л шилжүүлсэн байх гэж бодож байна. ...” /1хх 23-24/,
“... 2017 оны 11 дүгээр сарын үед би Авто тээврийн Үндэсний төвөөс лавлагаа авч байхад миний нэр дээр байсан. 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр мэдсэн. Н.Над 1 ширхэг түлхүүр нь байдаг байсан учир машинаа унах гээд автомашин дотор ороод суутал бичиг баримт байхаар нь хартал Цогзол гэх хүний нэр дээр шилжсэн байсан. ...” /1хх 25/,
гэрч Н.Нагийн “... уг автомашин нь манай гэр бүлийн өмч, 2011 онд анх миний нэр дээр худалдан авч байсан. Дараа нь эгч Н.Нын нэр дээр тээврийн хэрэгслээ шилжүүлж байсан юм. Тухайн үед АТГ-аас манай нөхрийн шалгахаар болж миний нэр дээр байсан автомашиныг миний эгчийн нэр дээр шилжүүлсэн. 2017 оны 11 дүгээр сарын үед салах өргөдлөө иргэний шүүхэд өгсөн. Тухайн үед би гэртээ орж чадахгүй байсан учраас ядаж 07 88 УНИ улсын дугаартай, “Тоёота ланд круйзер 200” загварын автомашинаа авъя гэж бодож очсон. Надад нэг түлхүүр нь байдаг байсан болохоор машинаа онгойлгоод асаах гэтэл асахгүй байхаар нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ харахад миний эгчийн нэр дээр биш өөр хүний нэр дээр шилжсэн байсныг мэдсэн. Иймд эгч цагдаагийн байгууллагад хандсан. ...” /1хх 34-35/,
гэрч П.Дэлгэрсайханы “... 2018 оны 01 дүгээр сарын дунд үеэр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Вилла центр төвд байрлах албан өрөөндөө байхад Б.Б орж ирээд нотариатч хүнтэй байна, манай найз Г.Ц өөрийнхөө машиныг миний нэр дээр болгох гэж байгаа юм. Эхнэр нь Солонгос явсан, ирэх болоогүй, яах вэ гээд асуусан. Тэгээд хажуу талын нотариатч Б.Э дээр дагуулан ороод уулзуулсан чинь Б.Б, Г.Ц 2 машинаа шилжүүлэх гэсэн юм, эхнэр байхгүй гээд Б.Эгээс гуйгаад шилжүүлэн авсан юм. Би Б.Быг таньдаг, Г.Цийг засаг дарга хийж байсан, төрийн албан хаагч байсан болохоор итгэсэн бөгөөд гайгүй хүмүүс гэж Б.Эд хэлсэн юм. ...” /1хх 182-183/,
“Дамно” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан /1хх 37/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх 62-63/, тээврийн хэрэгсэл бэлэглэх гэрээ /1хх 64-65/, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /2хх 73-84/, “Итгэлт эстимэйт” ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээний бүрэлдэхүүнтэй мэргэшсэн үнэлгээчдийн багийн тайлан, дүгнэлт /2хх 154-169/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Прокуророос шүүгдэгч Г.Ц, Б.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Г.Ц, Б.Б нарыг бүлэглэн баримт бичгийг хуурамчаар үйлдэж, ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Эг өмчлөх эрхийг хязгаарлах, шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг нотариатч гэрчлэн баталсны улмаас бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Г.Ц, Б.Б нарт холбогдох эрүүгийн 1809019351285 дугаартай хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Эгийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.
Шүүгдэгч Г.Цийн өмгөөлөгч Д.Дгаас “... шүүгдэгч Г.Цөд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү, мөн үнэлгээ гаргахад шүүхээс гарсан зардлыг холбогдогч нараас хувь тэнцүүлэн төлүүлэхээр шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй байх тул тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн,
шүүгдэгч Б.Бы өмгөөлөгч Ш.Бгаас “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасны дагуу прокурор хэргийг хэрэгсэхгүй болгох байсан тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэсэн,
шүүгдэгч Б.Эгийн өмгөөлөгч Г.Баас “... бодит байдалд нийцээгүй үнэлгээний дүгнэлтийг үндэслэн ял шийтгэл оногдуулсан, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан анхан шатны шүүхээс шийдвэр гаргасан нь хуулийг ноцтой зөрчсөн, хохирогчийг буруу тогтоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд тус тус гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн”;
1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн” нь тус тус тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно.” гэж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” бол прокурор хэргийг хэрэгсэхгүй болгохоор тус тус заасан.
Шүүгдэгч Г.Ц, Б.Б нарын хувьд тухайн гэмт хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр үйлдсэн ба Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр буюу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, уг тогтоолоо танилцуулсан баримт хэрэгт авагдсан байхад шүүгдэгч нарт холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй юм.
Харин анхан шатны шүүх Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийг тус тус зөв хэрэглэж, Г.Ц, Н.Б.Б нарт холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал дараахь зардлаас бүрдэнэ”, 1.5 дахь заалтад “тухайн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарах бусад зардал.” гэж,
11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхэд гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрчээр дуудагдсан хүн дуудагдаж ирсэнтэй холбогдож гарсан зардлаа нөхөн төлүүлж авах эрхтэй.” гэж,
11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна.”, 2 дахь хэсэгт “Хэд хэдэн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдвол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зардлын хэмжээг хүн нэг бүрийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэр хэмжээг харгалзан шүүх хуваарилж тогтооно.” гэж тус тус хуульчилсан.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, шинжилгээ хийлгэсэн зардлыг шүүгдэгч Г.Ц, Б.Б, Б.Э нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хуулийн дээрх шаардлагад нийцсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ.” гэж,
Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ.” гэж тус тус заасан.
Энэ гэмт хэргийн объект болох 07 88 УНИ улсын дугаартай, “Тоёота Ланд круйзер 200” загварын автомашин нь Н.Нын эзэмшилд байсан нь Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог.
Гэтэл Г.Ц, Б.Б нар нь тээврийн хэрэгслийг хууль ёсоор эзэмшиж байсан этгээд болох Н.Наранмадахад мэдэгдэхгүйгээр, түүний зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгсэл бэлэглэх гэрээг хуурамчаар үйлдэж, ашигласан, Б.Э нь өмчлөх эрхийг хязгаарлах, шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг гэрчилж, нотариатаар гэрчилсэн үйлдэлд хохирогчоор Н.Ныг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/579 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Цийн өмгөөлөгч Д.Д, шүүгдэгч Б.Бы өмгөөлөгч Ш.Б, шүүгдэгч Б.Эгийн өмгөөлөгч Г.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/579 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Цийн өмгөөлөгч Д.Д, шүүгдэгч Б.Бы өмгөөлөгч Ш.Б, шүүгдэгч Б.Эгийн өмгөөлөгч Г.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ