Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2025/0008

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай  

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн би, Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Б*******д холбогдуулан гаргасан Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Г*******ын дүгнэлтийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Г******* нь шүүхэд гаргасан гомдлын шаардлагадаа: ...Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино", 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно", 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй", 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ" гэж тус тус заасны дагуу зөрчил гаргасан гэх О.Б*******ийн үйлдсэн зөрчлийг нотлох баримтаар хэзээ, ямар эрх бүхий байгууллагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журмыг зөрчсөн зөрчил гаргасныг нотолж чадаагүй, шийтгэлийн хуудсанд "шалтгаангүйгээр удаан зогссон" гэх хуульд зөрчлөөр тооцож хуульчлагдаагүй үйлдэлд эрх бүхий албан тушаалтнаас шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7, 7.2 дугаар зүйлийн 8, 7.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон Нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Б*******ын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн О.Б*******ид Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар 25,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 025******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохоор прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Б******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б******* овогтой Б******* Нийтийн тээврийн бодлогын газарт Автотээврийн хяналтын улсын байцаагчаар ажилладаг. Нийслэлийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн прокурор М.Г*******ын 025******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох дүгнэлтийг зөвшөөрч байна. Цаашид зөрчил дутагдалгүй ажиллах болно. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Г******* нь Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Б*******ын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №025******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичсэн байна.

Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Б******* нь прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа тус шүүхэд бичгээр илэрхийлж, холбогдох баримтад гарын үсэг зурсан байна.

Шүүх Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Г*******ын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 47 дугаартай дүгнэлтийг хариуцагч Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Б******* хүлээн зөвшөөрсөн нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Б*******ын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №025******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Г*******ын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, тус зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг үндэслэн Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Б*******ын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №025******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн прокурорын дүгнэлтийг Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Б******* хүлээн зөвшөөрснийг баталж, тус зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхгүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН