2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 191/ШШ2025/01546

 

 

 

 

 

 

 

 

 

                             2025         02          19

                        191/ШШ2025/01546

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг,  26 дугаар хороо, ..... тоот хаягт оршин суух, Тө******* овогт Б*******ын П******* /рд:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, ...... тоот хаягт оршин байрлах, “О*******” СӨХ-нд  холбогдох,

 

Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, ...... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, 68.30 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг албадан чөлөөлөх, түрээсийн гэрээний төлбөр гэж 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.П*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

1.            Нэхэмжлэгч Б.П******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2024 оны 10-р сард Баянзүрх дүүргийн 26-р хороо 1.....тоот хаягт байршилтай 68,3 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 212,548,849 төгрөгөөр худалдан авч, 2023 оны 10 сарын 31-ны өдөр Улсын бүртгэлийн газарт бүртгүүлж № ******* тоот гэрчилгээ гардан аваад уг орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон. Намайг худалдан авах үед уг орон сууцыг “О*******” гэх нэртэй СӨХ өмнөх өмчлөгчөөс нь түрээслэн үйл ажиллагаа явуулдаг байсан.

Би худалдан авах үедээ “О*******” СӨХ-ийн удирдлагууд болон гүйцэтгэх захирал Ж.Ц******* гэх хүнтэй уулзан орон сууцыг би худалдан авсан, өөр өмчлөгчтэй болсон тул орон сууцыг 2023 оны 12 сарын 31 хүртэл буюу 2 сарын хугацаанд хуучин түрээсийн төлбөрт их өөрчлөлт оруулалгүй байхаар тохиролцож 2024 оны 1 сарын 1-ээс 2,000,000 төгрөг байхаар мэдэгдсэн. Би “О*******” СӨХ-д олон удаа мэдэгдсэн учир 2,000,000 төгрөгийн түрээсийг хүлээн зөвшөөрч 2024 оны 1 сард байрыг чөлөөлөөгүй байна гэж бодсон.

“О*******” СӨХ-д уг мэдэгдэл өгснөөс хойш одоог хүртэл 2,000,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг төлөхгүй бол байрыг чөлөөлж өгөхийг тасралтгүй бичиг, мессеж, цахим шуудан, амаар шаарддаг байсан ч “Чаддаг юм бол гаргаарай; Чаддаг юм бол шүүхдээд гаргаарай; Чиний мсж баримт боллоо юу” гэх мэтээр үргэлж доромжилж дээрэлхдэг байсан.

Түрээсийн төлбөр өндөр байна гэж үзээд түрээсийн төлбөрөө төлөхгүй байна уу гэж бодоод энэ хугацаанд яг миний байртай ижил байрнууд БЗД-н 26-р хороонд 2,000,000 төгрөгөөс 2,500,000 төгрөг байна гэдгийг үл хөдлөх түрээсийн заруудтай харьцуулсан е-майл ч бичиж байсныг хавсаргалаа.

Миний зүгээс сүүлдээ арга ядаж “О*******” СӨХ-г орох газаргүй гээд байхаар нь өрөвдөж, үйл ажиллагааг доголдуулахгүй гэсэндээ 1,800,000 төгрөгийг бэлнээр үлдсэн төлбөрийг СӨХ-н төлбөрөөс хасах байдлаар хийж өгөх эсвэл уг байрыг чөлөөлж өгөхийг хүссэн гэвч одоог хүртэл ямар ч төлөлтийн хуваарьгүйгээр бага хэмжээний мөнгийг миний дансанд шилжүүлдэг.

“О*******” СӨХ-н зүгээс миний дансанд 2024 оны 1 сараас хойш 18 удаагийн давтамжтайгаар 12,600,000 төгрөг шилжүүлсэн байгаа бөгөөд уг түрээсийн төлбөр нь миний зүгээс шаардсан 1,800,000 төгрөгийн сарын түрээсийг 2024 оны 12 сар хүртэл хийсэн бол 21,600,000 төгрөг байх байснаас 9,000,000 төгрөгийн зөрүү гарч байна.

Тиймээс миний хууль ёсны өмчлөлийн орон сууц болох Баянзүрх дүүргийн 26-р хороо, ..... тоот орон сууцыг надад “О*******” СӨХ-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, 2024 оны 08, 09, 10, 11, 12-р сарын түрээсийн төлбөр болох 9,000,000 төгрөг гаргуулж өгнө үү.

 

1.1.        2023 оны 11 сард байрыг авсан. Энэ үед өмнөх өмчлөгч байрыг сарын 600,000 төгрөгөөр түрээсэлж байсан. Улмаар хариуцагчтай уулзаад 11, 12 сард 800 мянга, 1 сараас 2 сая гэдэг санал тавьсан. Тэгэхэд ярилцаад шийднэ гэсэн. Би олон удаа байрыг суллах талаар мэдэгдсэн. Хариуцагчийн санал болгосон дүн болох 1,4 саяыг би зөвшөөрөөгүй тул суллах мэдэгдэл өгсөн. 8 сард дахин албадан гаргах талаар мэдэгдэхэд шүүхээр яв гэж хэлсэн. Цагдаад гомдол гаргахад шүүхэд хандах ёстой гэж хэлсэн. Иймд байрыг чөлөөлөх, түрээсийн 8-12 сарын төлбөр 9 сая төгрөг гаргуулна. Нэг сарын 1,8 сая юм. Тухайн үеийн зах зээлийн үнэ нь 2-2.5 сая байсан юм. Одоогоор шаардлага хангасан баримтгүй гэв.

 

2.            Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /ХХ5/, орон сууцны зээлийн гэрээний хуулбар /ХХ6-7/, Хаан банк дахь өөрийн дансны хуулга /ХХ20-34/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.            Шүүх дараах үндэслэлээр орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэлээс үлдэх 9,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.            Нэхэмжлэгч Б.П******* нь Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, ..... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, 68.30 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг албадан чөлөөлөх, түрээсийн гэрээний төлбөр гэж 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

3.            Хариуцагч “О*******” СӨХ нь 2025 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хуульд заасан хугацаанд шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй. Улмаар өнөөдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, өөрөөр хэлбэл хуралдааныг хойшлуулах тухай цахим шуудангаар ирүүлсэн хүсэлт нь үндэслэлгүй байсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийг зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэнэ. Гэвч шүүх хэргийн бодит байдлыг тогтоох учиртай.

 

4.            Нэхэмжлэгч нь маргаж буй орон сууцны өмчлөгчөөр 2023 оны 10 дугаар сарын 31-ны өдөр бүртгэгдсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /ХХ5/

Энэхүү гэрчилгээний хуулбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т зааснаар бичмэл нотлох баримтын шаардлага хангаж байгаа бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т зааснаар улсын бүртгэл нь үнэн зөв, бодитой байх зарчимтай.

Цаашлаад хариуцагч нь орон сууцны өмчлөлийн талаар маргаагүй. Тодруулбал, уг орон сууц нь нэхэмжлэгчийн өмч бөгөөд хариуцагч эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байгаа үйл баримтын талаар маргаагүй.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өмчлөгч нь өмчлөлийн эд зүйлээ өөрийн үзэмжээр эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй. Улмаар мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар эд хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байх тул орон сууцыг албадан чөлөөлөх тухай шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

5.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн тайлбарыг өөрөөр нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно.

Нэхэмжлэгч нь зах зээлийн үнэлгээгээр тухайн байршилд 3 өрөө орон сууцыг 2,000,000-2,500,000 төгрөгөөр түрээсэлдэг гэж тайлбарласан боловч өөрийн тайлбарыг дээрх хуульд заасан үүргийн дагуу нотлоогүй.

Хэрэгт байгаа хуулбар баримт нь бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй байна. /ХХ8-17/

Түүнчлэн зохигч хоорондоо түрээсийн гэрээний үнийн талаар санал солилцсон гэх тайлбар нь гэрээний бодит үнийг тогтоохгүй. Өөрөөр хэлбэл, зохигчийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэх үйл баримт хэрэгт байгаа баримтаар тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д зааснаар хуулийг мэдээгүй байх нь тухайн хуулийг хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй.

Цаашлаад хариуцагч нь маргаж буй орон сууцыг чөлөөлсөн тохиолдолд нэхэмжлэгч нь уг орон сууцыг бусдад түрээслэх, тодруулбал түрээсийн гэрээний дагуу 2,000,000 төгрөгийн орлого олох байсан гэдэг нь хэрэгт байгаа баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд 9,000,000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

6.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.            Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 13312 Хүннү гудамж, 126 дугаар байр, 63 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, 68.30 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг хариуцагч “О*******” СӨХ-ны хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

2.            Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “О*******” СӨХ-д холбогдох 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.П*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,379,645 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,220,695 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

4.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        Д.ГАНБОЛД