| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 181/2024/00371/И |
| Дугаар | 191/ШШ2025/01298 |
| Огноо | 2025-02-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 191/ШШ2025/01298
| 2025 02 12 | 191/ШШ2025/01298 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 22 дугаар хороо, .....тоот хаягт оршин суух, М******* овогт Г*******н Г******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, ..... тоот хаягт оршин суух, Б******* овогт Ц*******ийн М******* /рд:*******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Г*******, түүний төлөөлөгч П.С******* нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 09 сарын 02-ны өдөр Ц.М******* нь “сургалтын төлбөрөө төлөх гэсэн мөнгө дутчихлаа 1,500,000 төгрөг зээлээч, удахгүй буцаагаад өгнө” гэж гуйхад нь тус мөнгийг зээлж, Ц.М*******ын Хаан банкны тоот данс руу шилжүүлсэн.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно’’ гэж заасны дагуу зээлийн гэрээг амаар байгуулсан.
Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ” гэж заасан бөгөөд Ц.М*******аас удаа дараа зээлдүүлсэн мөнгөө шаардахад удахгүй өгнө гэдэг боловч өнөөдрийг хүртэл тус мөнгийг төлж барагдуулаагүй, утсаа авахгүй байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Иймд хариуцагч Ц.М*******аас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт 1,500,000 /нэг сая таван зуун мянган / төгрөгийг гаргуулж өгнө үү.
1.1. Г.Г*******ийн нэхэмжлэлтэй Ц.М*******т холбогдох иргэний хэрэгт хариуцагч З сонинд нийтлэл гаргасан тул тус мөнгийг эргүүлэн олгохгүй гэж тайлбарласан гаргасан бөгөөд тус нийтлэлийг ямар нэгэн үнэ төлбөргүй нийтлүүлсэн гэдэг талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.С******* би дараах тайлбарыг гаргаж байна.
Г.Г******* миний бие тус нийтлэлийг өөрөө бичье гэдэг саналыг тавьсан нь үнэн. Яг хэзээ санал тавьсан гэдгээ мэдэхгүй байна. Ямар ч л байсан, нийтлэл гарахаас өмнө л энэ саналыг Ц.М*******т утсаар тавьсан. Тэрээр шууд зөвшөөрсөн ба би нийтлэлийн эхийг бичиж дуусгаад өөрт нь и-мэйлээр илгээсэн.
2021 оны 2-р сарын 24-ний өдрийн шөнийн 01:54 цагт миний бие Ц.М*******ын @gmail.com гэсэн и-мэйл хаяг руу өөрийн @muls.edu.mn хаягаас тус нийтлэлийн эхийг илгээсэн. Үүнийг нотлохын тулд доорх дэлгэцийн зураг (Screen shot)-ыг оруулав. /Зураг 1. Ц.М*******т нийтлэлийн эхийг хүргүүлсэн и-мэйл/
Ц.М*******т нийтлэл гаргах саналыг 2021 оны 2-р сарын 23-ны өдөр утсаар ярьж тавиад, Ц.М******* зөвшөөрсөн учраас би нийтлэлийн эхийг бэлтгээд тэр шөнөдөө буюу 2021 оны 2-р сарын 24-ний өдрийн шөнийн 01:54 цагт түүн рүү илгээсэн.
Тэгээд өглөө нь буюу 2021 оны 2-р сарын 24-ний өдөр нь түүнтэй эргэн утсаар ярьсан байх. Тэгээд харилцан ярилцаад энэ ярилцлага нь хэт урт учраас 2 хувааж гаргахаар болсон. Маргааш нь буюу 2021 оны 2-р сарын 25-нд, мөн 2024 оны 2-р сарын 26-нд хоёр нийтлэл З сонинд хэвлэгдсэн. Нийтлэлийн дэлгэрэнгүй мэдээлэл:
1. Г.Г******* (2021) коины ханш одоогоор үнэ унах хандлага ажиглагдахгүй байна. “З сонин”, 5-р хуудас, 2021 оны 2-р сарын 25-ны өдөр дугаар, №,
2. Г.Г******* (2021) коины 53.6 хувь нь ардын 21 компанид, 37.7 хувь нь хувь хүмүүст, 6.6 хувь нь нөөцөд бий. “З сонин”, 5-р хуудас, 2021 оны 2-р сарын 26-ны өдөр дугаар, №,
Энэхүү нийтлэлийг хэвлүүлэх процесст “З” сонин болоод Ц.М******* сэтгүүлчид тус нийтлэлийг хэвлүүлэхтэй холбоотой ямар нэгэн төлбөрийн Г.Г******* миний бие төлөх ёстой, эсвэл төлнө, эсвэл дараа өөр зүйлээр төлбөрөө барагдуулна, эсвэл ямар нэгэн зээлийн төлбөрийн оронд нийтлүүлнэ гэсэн яриа, хэлэлцээр, тохиролцоог аман болон бичгээр хийгээгүй болно.
1.2. Хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг 1,5 сая төгрөг гаргуулна. Талууд 2021.9.21-нд хариуцагч нь сургалтын төлбөр төлөх гээд багшаасаа 1,5 сая төгрөг зээлэх талаар утсаар хүсэлт тавьсан. Ингээд банкны дансаар 1,5 сая төгрөг шилжүүлсэн. Иргэний хуулийн 282.4-т зааснаар мөнгийг шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно. 283-т зааснаар хугацаа тогтоогоогүй бол шаардсанаар буцаан төлөх үүрэгтэй. Гэтэл хариуцагч нь энэ заалтыг удаа дараа зөрчсөн. Иймд нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн татгалзалтай холбоотойгоор хэлэхэд нэхэмжлэгч нь нийтлэл гаргуулах санал тавьж байгаагүй юм. Хариуцагчаас өгсөн сонины хуулбар нь зээлийн гэрээнээс өмнөх цаг хугацааны нийтлэл байдаг. Иймд зээлийн гэрээний харилцаа үүсэхээс өмнө болсон асуудал юм. Иймд зээлийн гэрээ нь нийтлэлтэй хамааралгүй юм. 1,5 саяыг авсан талаар маргаагүй байна. Эвлэрэл ярьсан байгаа нь зөвшөөрч байгаа гэж ойлгогдлоо. 2019 оны ярилцлагыг 2020 онд нийтэлсэн гэж байна. Нийтлэлийг төлбөргүй нийтэлсэн талаар хэлж байна. Мөнгийг хэн нэгэнд тусалсан биш гэдэг нь гүйлгээний утгад байдаг юм. Нэхэмжлэгч нь Германд доктор хамгаалсан бөгөөд доктор хүн магистрын ангид хичээл ордог. Иймд доктор хамгаалах гээд байсан гэдэг нь худал юм. Хариуцагч нь шүүхэд өгсөн тайлбартаа заасан үнийн дүн сая уншсан үнийн дүн эрс ялгаатай байна гэв.
2. Хариуцагч Ц.М******* нь шүүхэд, түүний төлөөлөгч Д.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Г*******т иргэн, сэтгүүлч Ц.М******* миний зүгээс түүний олонд танигдах хүсэл сонирхлын дагуу 2019 оны 4 сард компанийн засаглалын үндэсний зөвлөлөөс гаргадаг “С” сэтгүүлд ярилцлага /төлбөр 1,5 сая төгрөг/, 2019 оны 5 сард “З” сонинд тус ярилцлагыг /төлбөр 600,000 төгрөг/, мөн 2021 оны 02.25-нд бас “З” сонины дугаарт дахин шинээр ярилцлага /төлбөр нь 800,000/, түүнчлэн p.mn бусад сайтуудаар тус тус хийж олны хүртээл болгосон билээ. Эдгээр төлбөртэй ярилцлагын төлбөрийг түүнээс одоогоор тооцоогүй билээ. Г.Г*******т дээрх хугацаанд миний бие магистрын зэрэг хамгаалахаар суралцаж, дипломын сэдэв авч хамтарч ажиллаж байсан болно. Учир нь би 2019-2022 оны хооронд Бизнесийн үндэсний их сургуульд суралцаж байсан билээ. 2021 онд магистрын зэргээ хамгаалах төлөвлөгөөтэй байсан ч Ковид-19 цар тахлаас болж хойшлогдсон байсан.
Гэхдээ 2021 онд Г.Г******* багш нэг өдөр өөрөө утасдаад чи магистраа урьдчилсан байдлаар хамгаалах хэрэгтэй байна. Би докторын зэрэг хамгаалах учраас магистр хамгаалуулсан хүний тоо хэрэгтэй байна гэв. Би хариуд нь төлбөрийн үлдэгдэлтэй байгаа тул боломжгүй гэсэн. Хариуд нь тэрээр би 1,5 сая төгрөгийг чинь өгье сургуультай чинь ярилаа гэсэн. Ингээд урьдчилсан хамгаалалт боллоо гээд энэ асуудал дууссан. Тэр үед надад зээлье гэж хэлээгүй. Би тухайн үед одоо ч миний хийж өгсөн ярилцлагын хариуд тусалж байна, харилцан тусалсан гэж үзсэн. Иймд би энэ хүний нэхэмжилсэн мөнгийг эргүүлэн өгөх боломжгүй. Түүнтэй хийсэн ярилцлага баримт болох 8 хуудас материалыг хавсаргав. Миний хийж өгсөн ярилцлагын төлбөр нийтдээ 2,900,000 төгрөг болно. Энэ нь з сонины ханшаар тооцов. Хэрэв надаас иргэн Г******* 1,5 сая төгрөг эргүүлэн авна гэвэл би дээрх төлбөрийг суутгана гэдгээ мэдэгдье.
2.1. Өчигдөр төлөөлөгчөөр орсон тул хэргийн талаар мэдээлэл дутуу байгаа юм. Хариуцагч байгаа тул хойшлуулах хүсэлт гаргасан. Хариуцагч нь хөдөө томилолтоор явсан байгаа юм. Шүүхийн мэтгэлцэх зарчим байх ёстой. Өчигдөр хэргийн материалтай танилцаагүй. Иймд өөрийг нь байлцуулах талаар хүссэн юм. Хариуцагч нь тайлбараа өгсөн бөгөөд гарын үсэггүй гэсэн тул уншиж танилцуулъя.
Би доктор Г.Г******* багштай Хан-Уул дүүрэгт байрлах Б дээд сургуульд 2018 оны намар 11 сард магистрын зэрэг олгох хоёр жилийн сургалтад Эдийн засгийн сэтгүүлчидтэй хамт суралцах болсноор танилцсан.
Тухайн үед Г.Г******* багш шинэ залуу багш гэдэг утгаар өөрийгөө олны танил болгох сонирхлоо илэрхийлж байсан. Гэхдээ манай ангийнхнаас хэн ч ярилцлага авч өгөөгүй.
1. Харин би багшийгаа хүндэтгэн үзэж 2019 он дөрөвдүгээр сард сонины үндсэн ажлын хажуугаар К Үндэсний Зөвлөлөөс эрхлэн гаргадаг" С" сэтгүүлд редактор, сэтгүүлч хийж байсан түл багшаас ярилцлага авч үнэтэй хэвлэлтэд оруулж сэтгүүлд нийтэлж өгсөн. Өөрөө ихэд баярлаж байсан. Тухайн нийтлэлийн баримтыг өмнө бүрдүүлж өгсөн.
Уг ярилцлага гурван сая таван зуун мянган төгрөгийн үнэлгээтэй байсан ч КЗҮЗ-ийн дарга Д.Г даргад манай сургуулийн багш юм гэж хэлж үнэгүй гаргаж байсан.
2. Мөн энэхүү ярилцлагыг нь 2019 оны тавдугаар сард өөрийн ажилладаг "З" сонины үндсэн сайт болох z.mn, улс төр мэдээллийн p-д давхар үнэгүй нийтэлж байсан. Эдгээр ярилцлагын линкийг энэ үлдээв. З сонины нэг 2/1 хэмжээтэй ийм ярилцлага тарифаар /600 мянган төгрөгийн үнэлгээтэй болно/ Сайтуудын үнэлгээг тооцоогүй болно.
Улмаар 2020 оны хоёрдугаар сарын 25-нд З сонинд мөн нийтэлсэн болно. Үүний төлбөр 800.000 төгрөгийн үнэлгээтэй.
3. Түүнчлэн 2021 оны хоёрдугаар сарын 25-нд ард койн өссөнтэй холбогдуулан Г.Г******* багш би криптовалютын зах зээл сонирхож судалж байгаа. Энэ зах зээлийн талаар ярилцлага өгч болно гэсэн. Тэгэхээр нь урьж ярилцлага авч мөн "З" сонинд нийтэлсэн. Ярилцлага гарсан сонин 50 ширхгийг худалдан авч оюутнуудад өгнө гэж байсан. Энэ ярилцлага мөн z.mn, p, z.mn, s.mn, d.mn зэрэг сайтуудад болон твитерийн жиргээнд хүртэл шэйрлэгдэж, зарим иргэн эх сурвалж болгох ашигласан байсан.
Энэ мэтээр би багшдаа олон удаагийн ярилцлага гаргаж хэвлэл мэдээллээр цацаж нийт хандалт нь 20 орчим мянгад өнөөдрийн байдлаар хүрсэн байна. Тухайлбал p сайтын хандалт 11 мянга гаруй байх жишээтэй.
Яагаад би багшдаа ингэж туслаад байсан бэ гэвэл миний магистрын зэрэг хамгаалах Тойрог эдийн засаг сэдвийн хамгаалалтын багш байсан учраас шавь нь багшдаа тусалж байна гэж л бодсон.
Ингээд 2021 онд тухайн үед цар тахалтай байсан тул бид цахимаар хичээллэж /магистрын зэргийн урьдчилсан хамгаалалтаа" цахимаар хийх байсан.
Гэтэл 2022 оны есдүгээр сард Г.Г******* багш над руу өөрөө утасдаж "чи яагаад магистраа хамгаалахгүй байгаа юм. Би докторын хамгаалалт болох гээд магистр хамгаалуулсан хүний тоо чухал байна" гэсэн. Тэгэхээр нь би сургалтын төлбөр дутуу болохоор хамгаалах боломжгүй байна гэсэн. Өмнөөс тэрээр Хэд юм гэсэн. Хариуд нь 1.5 сая төгрөг гэсэн чинь. За чи дансаа өгчих би хийе. Тэгээд гялс хамгаалчих гэсэн. Би тухайн үед баярлалаа багшаа гээд дансаа өгсөн. Тухайн мөнгийг нь би тэр дор нь сургуулийн данс руу хийсэн. Гэхдээ би одоо болтол диплом оо аваагүй байна.
Би арай ч багш руугаа залгаад мөнгө зээлээч гэж хэлэхгүй л дээ. Бас тодорхой хэмжээнд миний магистр удирдаж байгаа хүн биз дээ.
Тухайн үед багш надад тусалж байна. Өөрт нь хэвлэлээр өчнөөн зүйл гаргаж өгсөн гэдгээр надад дэм болж байна гэж бодсон. Тэгээд л өнгөрсөн.
Гэтэл 2023 онд Г.Г******* багш утасдаад "чи нөгөө мөнгөө өгөх үү гэсэн. Би тэгэхээр нь гайхаж. Өө би тэр мөнгийг харилцан бие бие дээ тусалсан гэдгээр өгсөн гэж бодсон. Тэгээд ч би одоо боломжгүй байна. Эмнэлэгт байна. Та эсвэл оронд нь ярилцлага өгчих юм уу" гэсэн. Тэгсэн юу ч хэлэлгүй утсаа тасалсан,
Тэрнээс хойш нэг ч яриагүй байж байгаад гэнэт 2024 оны нэгдүгээр сарын 30-д шүүхээс Г.Г******* багшийн нэхэмжлэлтэй шүүх хурлын мэдэгдэл ирсэн. Би гайхаж сониныхоо удирдлагад танилцуулж "Монгол өмгөөлөл" өмгөөллийн байгууллагаас хоёр ч удаа өмгөөлөгч авсан. Ингээд мөн оны 4 дүгээр сард шүүх хурал товлосон байсан ч миний эхний өмгөөлөгч ажлаасаа гарсан тул дараагийн өмгөөлөгч томилж өгөх гэсээр шүүх хурлын өдөр надад тус байгууллага өмгөөлөгч томилж өгсөн. Давчуу байсан тул хэрэгтэй танилцах боломжгүй тул хойшилсон. Үүнээс хойш нэг ч удаа шүүхээс хариу мэдэгдэл ирээгүй. Би бүх итгэмжлэлээ өмгөөлөгчдөд өгсөн учраас надад энэ тухай асуух ямар ч шаардлага байгаагүй. Тийм зав сэтгүүлч бидэнд бага. Ингээд энэ хэрэг дууссан юм байх гэж бодоод өнгөрсөн.
Гэтэл саяхан яг жилийн дараа 2025 оны нэгдүгээр сарын 30 өдөр миний утсан дээр мессежээр Г.Г*******ийн нэхэмжлэлтэй шүүх хурал хоёрдугаар сарын 12-нд товлосон гэсэн мэдэгдэл БЗД, СБД, ЧД-ийн анхан шатны шүүхээс гэсэн мэдээ ирсэн. Ингээд өмгөөлөгч рүүгээ залгатал над руу шүүхээс бас хэлсэн гэсэн. Ингээд тайлбар очиж өгч нэг тийш болгоё гэж бодож байтал "З" сонины ажлын хаягаар Шүүхээс дуудаж байна гэсэн мэдэгдэл ирсэн. Энэ үйлдэл хоёр дахь удаагаа болж сэтгүүлчийн нэр хүндэд хохиролтой зөрчил үүсгэж байна гэж үзэж байна. Хуулийн дагуу яагаад миний гэрийн хаягаар ирүүлээгүй. Энэ нь хүний нэр төрд халдсан хэрэг биз дээ.
Нөгөөтээгүүр, таван жилийн өмнөх явдлыг одоо болтол ингэж шүүх цагдаагаар шийдүүлэх гэж улайрч байгаа багшдаа гуйгаад байгаа мөнгийг нь эвлэрүүлэн зуучлалын байдлаар өгье гэж бодож байна. Гэхдээ миний Г.Г*******т хийж өгсөн ажил, хөдөлмөр үнэгүйдэх ёсгүй. Тиймээс би Г.Г*******оос эргүүлэн хийсэн ажлын хөлс, сэтгэл санааны хохирлоо 15 сая төгрөгөөр үнэлж сөрөг нэхэмжлэл үүсгэнэ гэдгээ үүгээр мэдэгдэж байна.
Монголд хүнд туслаад мөнгө шилжүүлэхдээ зээл гээд биччихдэг. Гэтэл авсан хүн зээл, эсхүл тусламж юм уу гэхэд хариу хэлдэггүй. Магистраа хамгаалах талаар хэлэхэд мөнгөгүй талаар хэлэхэд тусалъя гэсэн байдаг. Энэ нь өмнө нь тусалж байсны хариу гэж ойлгосон. Багш нар юмыг үнэгүй хийлгэх хандлагатай байдаг. Энэ нь 2 хүний хоорондох үл ойлголцол байна. Намайг худал мэдээлэл өгсөн гэж гүтгэж болохгүй байх. Хурлын өмнө нэхэмжлэгчтэй утсаар ярьсан. Нэхэмжлэгчийн дансны үлдэгдлээр тусламж гэдэг нь нотлогдоно гэв.
3. Зохигч дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн:
3а. Нэхэмжлэгчээс: Хаан банк дахь өөрийн дансны хуулга /ХХ5/,
3б. Хариуцагчаас: Сонин болон цахим хуудасны хуулбар /ХХ14-19/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 1,500,000 төгрөг гаргуулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Г.Г******* нь зээлийн гэрээний үүрэгт 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч Ц.М******* нь бидний хооронд харилцан туслалцаа үзүүлсэн харилцаа байсан бөгөөд буцаан шаардахгүй гэж ойлгосон гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
4. Хариуцагчийн төлөөлөгч нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж эхэлсний дараа хуралдааныг хойшлуулах агуулга бүхий хүсэлттэй байгаа талаар тайлбар гаргасан. Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар хариуцагчийн эвлэрэн хэлэлцэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч эс зөвшөөрсөн. Цаашлаад хариуцагчийн төлөөлөгч нь дээрх хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтээ хариуцагчийг хуралдаанд оролцуулах үндэслэлээр өмнө нь гаргаагүй тул шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж эхэлсний дараа энэхүү хүсэлтийг хянан шийдвэрлэх боломжгүй юм.
5. Нэхэмжлэгч нь 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Хаан банк дахь өөрийн данснаас тоот дансанд 1,500,000 төгрөгийг M zeel G гэсэн агуулгаар шилжүүлсэн болох нь холбогдох дансны хуулгаар тогтоогдож байна. /ХХ5/
Хариуцагч нь энэхүү мөнгөн хөрөнгийг хүлээн авсан талаар маргаагүй. Тодруулбал, тухайн мөнгөн хөрөнгийг хүлээн авч өөрийн сургалтын төлбөрийг төлсөн гэж тайлбарлаж байна.
Зохигчийн маргааны зүйл нь нэхэмжлэгч мөнгөн хөрөнгийг зээлийн зориулалтаар олгосон гэж тайлбарласан бол хариуцагч нь өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэхэмжлэгчийн нийтлэлийг үнэ төлбөргүйгээр нийтэлж өгөхөд тусалсны хариу тусламж болгож сургалтын төлбөрт дэмжлэг үзүүлсэн гэж маргаж байна.
5.1. Хэрэгт Г.Г******* гэсэн нэрээр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хэвлэгдсэн нийтлэл, мэдээллийн хуулбар авагдсан. Гэвч энэхүү нийтлэл, мэдээллийг нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч төлбөргүйгээр нийтлүүлсэн гэх хариуцагчийн тайлбар хэрэгт байгаа баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн өмнө нь тусалсан тусламжийн хариу төлбөр болгож дээрх мөнгөн хөрөнгийг олгосон гэх үйл баримт тогтоогдоогүй. /ХХ14-19, 21/
Улмаар маргаж буй мөнгөн хөрөнгийг зээл гэсэн утгаар шилжүүлсэн байх тул зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүсжээ.
6. Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д зааснаар зээлийн гэрээг хугацаагүйгээр байгуулсан бол зээлдүүлэгч шаардсанаас хойш 1 сарын дотор зээлдэгч буцаан төлөх үүрэгтэй.
Зохигчийн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан 2 жилийн дараа мөнгийг буцаан шаардсан гэх тайлбараас үзэхэд 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр зээлийг эргэн төлөхийг шаардсан гэж үзэхээр байх бөгөөд үүнээс нэг сарын дотор мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүрэг хариуцагчид үүсжээ. Улмаар нэхэмжлэгч нь 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Иймд хариуцагчид үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрх үүсэхгүй.
6.1. Хариуцагчийн төлөөлөгчийн мөнгөн хөрөнгийг тусламж буюу буцаан шаардахгүй гэж ойлгосон гэх тайлбар нь дансны хуулганд гүйлгээний утгыг зээл гэж бичигдсэнээр үгүйсгэгдсэн. Мөн хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар болох нэхэмжлэгчийн данс дахь мөнгөн хөрөнгийн үлдэгдэл хэд байх нь тухайн гүйлгээний утга буюу мөнгө олгосон зориулалтыг тодорхойлохгүй юм.
Иймд хариуцагчаас 1,500,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Ц.М*******аас 1,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Г*******т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 38,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД