Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2025/0086

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А ХХК /РД:/

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн бүртгэл хариуцсан улсын бүртгэгч Б.А нарын хоорондын улсын бүртгэлийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З, Н.Э, хариуцагч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А ХХК-аас ...Улсын бүртгэгч Б.Аийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2404 дугаартай Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай шийдвэр-ийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гарган, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн 24/01 тоот тогтоолоор баталсан компанийн шинэчилсэн дүрмийг бүртгэхийг даалгуулах-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

2. Хэргийн үйл баримт, нотлох баримтуудын тухайд:

2.1. А ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын 24/01 дугаар Компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах тухай тогтоолоор А ХХК-ийн дүрмийн шинэчилсэн найруулгыг хавсралт ёсоор баталж,

2.2. А ХХК-аас 2024 оны 03 дугаар сарын 20-нд Т.Цид итгэмжлэл олгон, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цоос 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр компанийн дүрмийг шинэчлэн баталсан өөрчлөлтийг оруулахаар Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг өгсөн,

2.3. Улсын бүртгэгч Б.А 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2404 дугаар Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай шийдвэр-ээр Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан үндэслэл: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3 дахь заалтын дагуу бүртгэхээс татгалзав. /Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан/ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлэхээр дахин хүсэлт гаргаж болно. гэж шийдвэрлэжээ,

2.4. Тус шийдвэрийг А ХХК-аас эс зөвшөөрч 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1/142 дугаар Гомдол гаргах тухай албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт ...Монгол Улсын Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны Хууль дээдлэх үндсэн зарчим, Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх зарчмыг баримтлан, Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд иргэн, хуулийн этгээдийн хүсэлт, өргөдлийг үндэслэн улсын бүртгэлийн ажиллагааг явуулахын оронд албан бус мэдээлэлд тулгуурлан хуульд байхгүй тусгай зөвшөөрөл шаардаж, улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсаныг хууль зөрчсөн гэж үзэж байна.

Хуулиар тусгай зөвшөөрөл шаардаагүй үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл шаардаж байгаа уг шийдвэр нь "А" ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа тул Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 хэсэгт заасныг тус тус үндэслэн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн "Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай шийдвэр"-ийг хүчингүй болгож, хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэх гомдлыг гаргасан,

2.5. Дээрхи гомдолд Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 4/7112 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгээр ...Ашигт малтмалын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.28-д "үүсмэл орд ашиглах гэж энэ хуулийн 4.1.27-д заасан хүдэр, ашигт малтмалын овоолго зэргээс ашигт малтмал ялган авах, боловсруулах, баяжуулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр гүйцэтгэхийг хэлнэ." гэж, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 61 дүгээр тогтоолоор батлагдсан Үүсмэл орд ашиглах үйл ажиллагаанд тавих шаардлага, үйл ажиллагаа эрхлэх журмын 1.2.3-т "үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл" гэж Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.28-д заасан үйл ажиллагаar эрхлэхээр эрх бүхий байгууллагаас олгосон албан ёсны баримт бичгийг;" мөн журмын 3.1-д "Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд уг тусгай зөвшөөрлийг эзэмшигч, эсхүл тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй үүсмэл орд ашиглах тухай гэрээ байгуулсан гуравдагч этгээд үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргаж болно." гэж тус тус заасан байх тул холбогдох зөвшөөрлийг үндэслэн улсын бүртгэлд бүртгүүлэх боломжтой байна. гэх хариуг өгжээ,

2.6. А ХХК-аас 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1/206 дугаартай Гомдол гаргах тухай албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дд хандан ...Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын дарга Ж.Аийн 2024.05.27-ны өдрийн 4/7112 дугаартай албан бичигт Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 61 дүгээр тогтоолоор батлагдсан "Үүсмэл орд ашиглах үйл ажиллагаанд тавих шаардлага, үйл ажиллагааны журам"-ыг баримталсан нь одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Ашигт малтмалын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуультай нийцэхгүй, өөрөөр хэлбэл, эрх олгосон хуулийн заалт, зохицуулалт хүчингүй болж, өөрчлөгдсөн байхад улсын бүртгэгчийн шийдвэр хууль тогтоомжид нийцсэн эсэхийг шалгах үүргээ хэрэгжүүлсэнгүй.

Мөн түүнчлэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22.2-д "Хуульд өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлийн байгууллага өргөдөл гаргагчаас энэ хуулийн 22.1, 22.3-т зааснаас бусад баримт бичгийг шаардахгүй" гэж заасан атал хуульд заагаагүй баримт бичгийг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд "А ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөж байгаа тул Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 хэсэгт заасныг тус тус үндэслэн Улсын бүртгэгч Б.Аийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн "Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай шийдвэр"- ийг хүчингүй болгож, хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү. гэх гомдол гаргасан,

2.7. Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 4/9319 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгээр хариу өгөхдөө Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 16 дугаар хуралдааны тэмдэглэлээр "... "Э*******" ХХК /хуучин нэршлээр/ болон "А" ХХК-ийн хооронд байгуулсан овоолго ашиглуулах, газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглуулах, цэвэр усаар хангах гэрээнүүдийг цуцалж, дуусгавар болгон гэрээ дахин шинээр байгуулахгүй, цаашид төрийн өмчийн эд хөрөнгийг ашиглуулахгүй байх..." шийдвэрийг гаргасан байна.

Үүний дагуу "Э*******" ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ГЁ-117-12/******* дугаар "Овоолго ашиглуулах гэрээ"-г цуцалсан тухай мэдэгдлийг танайд хүргүүлсэн талаар дурдсан албан бичгийг "Э*******" ТӨҮГ-аас ирүүлсэн.

Иймд улсын бүртгэгч Б.Аийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэр үндэслэлтэй байна. гэжээ.

3. Ийнхүү А ХХК-аас тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн бүртгэл хариуцсан улсын бүртгэгч Б.А нь татгалзсан шийдвэртээ Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19.4.3 дахь заалтын дагуу Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан үндэслэлээр Компанийн шинэчилсэн дүрэм бүртгүүлэх хүсэлтийг бүртгэхээс татгалзсан. Ашигт малтмалын тухай хуульд 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр үүсмэл орд ашиглах харилцааг зохицуулж өгсөн бөгөөд тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.14 дэх хэсэгт Засгийн газар нь үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон үйл ажиллагааны журмыг батлах бүрэн эрхтэй, мөн хуулийн 26.11 дэх хэсэгт Энэ хуулийн 26.10-д заасан гэрээ, үүсмэл ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлсэн дүгнэлт, шийдвэрийг үндэслэн геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрлийг гурван жилийн хугацаатайгаар олгоно гэх хуулийн зохицуулалтыг нэмэлтээр оруулсан. А ХХК нь хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу UN-******* дугаартай Ашигт малтмалын үүсмэл ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 3 жилийн хугацаатай, сунгалтыг 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүртэл сунгуулсан. Ашигт малтмалын тухай хуульд 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.14 дэх хэсэг, 26 дугаар зүйлийн 26.11 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсон.

А ХХК нь Э******* төрийн өмчит үйлдвэрийн газартай 2015 онд байгуулсан 5/199-15 тоот гэрээний үндсэнд үүсмэл ордын хүдрийн 2-р овоолгыг ашиглан үйл ажиллагаагаа өнөөдрийг хүртэл үргэлжлүүлж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.28 дахь хэсэгт үүсмэл орд ашиглах гэж энэ хуулийн 4.1.27-д заасан хүдэр, ашигт малтмалын овоолго зэргээс ашигт малтмал ялган авах, боловсруулах, баяжуулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх, Зөвшөөрлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Хүн, хуулийн этгээд хуулиар хориглосон, эсхүл энэ хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлд заасан тусгай болон энгийн зөвшөөрөлтэйгөөр эрхлэхээс бусад төрлийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн чөлөөтэй эрхэлж болно гэж зааснаар А ХХК нь үйл ажиллагаагаа тусгай зөвшөөрлийн хүрээнд биш гэрээний хүрээнд үргэлжлүүлэн гүйцэтгэх болсон.

Тиймээс Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн бүртгэл хариуцсан улсын бүртгэгч Б.Аийн Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан үндэслэлээр А******* ХХК-ийн шинэчлэн баталсан дүрмийг бүртгэхээс татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Ашигт малтмалын тухай хуульд 2023 оны 01 дүгээр сарын 06-ний өдрийн нэмэлт өөрчлөлтөөр тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.14 дэх хэсэгт заасан Засгийн газраас үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл олгохтой холбогдох үйл ажиллагааны журмыг батлах заалт хүчингүй болсон. Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын дарга Ж.Аийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 4/7112 дугаартай албан бичигт Ашигт малтмалын тухай хуулийн хүчингүй болсон заалтыг баримтлан улсын бүртгэгчийн шийдвэр хүчин төгөлдөр, хуульд нийцсэн мэтээр тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Мөн Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ, 17.3.1 дэх хэсэгт компанийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгүүлэх тухай компанийн эрх бүхий этгээдийн гарын үсэг бүхий өргөдөл, 17.3.2 дахь хэсэгт компанийн дүрэмд орж байгаа нэмэлт, өөрчлөлт, шинэчилсэн найруулгыг бүрэн эхийн хамтаар, 17.3.4 дэх хэсэгт бүртгэлийн хураамж төлсөн баримт гэж, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.6 дахь хэсэгт Энэ хуулийн 17.3-т заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд бүртгэх байгууллага компанийн дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлт, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэхээс татгалзана гэж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэхэд шаардах баримт бичиг-ийг, 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт заасны дагуу улсын бүртгэлийн байгууллага өргөдөл гаргагчаас энэ хуулийн 22.1, 22.3-т зааснаас бусад баримт бичгийг шаардахгүй гэж заасан.

Иймд манай компани нь улсын бүртгэгчийн шийдвэрүүдийг эс зөвшөөрч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга Д.Дд 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1/206 дугаартай албан бичгээр гомдол гаргасан бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын дарга Ж.А нь 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 4/9319 дугаартай албан бичгээр хариу ирүүлсэн. Тус хариу албан бичигт Э******* төрийн өмчит үйлдвэрийн газраас А ХХК-д ирүүлсэн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн албан бичгийг үндэслэж, Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн бүртгэл хариуцсан улсын бүртгэгч Б.Аийн шийдвэр үндэслэлтэй гэж дурдсан. А******* ХХК нь компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр бүртгүүлэхээр хүсэлт гаргасан. Гэтэл 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан шийдвэрийг зөвтгөхдөө 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн албан бичгийг үндэслэж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь хэсэгт төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр хуулийн этгээдийн бүртгэлд хориг тавьсан гэж заасны дагуу хориг тавьсан бол Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу мэдэгдэх үүрэгтэй бөгөөд өнөөдрийг хүртэл манай компанийн бүртгэлд төрийн эрх бүхий байгууллага хориг тавьсан шийдвэр гарсан эсэх мэдээлэл байхгүй. Мөн А******* ХХК нь Э******* төрийн өмчит үйлдвэрийн газартай байгуулсан балансын бус хүдрийн овоолгыг ашиглах гэрээний хүрээнд хуульд нийцүүлэн 11 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд тус гэрээг цуцалсан, хүчингүйд тооцсон хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр гараагүй. Үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд хүргүүлсэн.

Улсын бүртгэгчийн хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа талаар тайлбарлавал А******* ХХК нь Компанийн тухай хуульд заасны дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар компанийн дүрмийг шинэчлэн баталсан. Шинэчлэн баталсан дүрмийг холбогдох хуульд нийцүүлэн хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргасан.

Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална, 16 дугаар зүйлийн 4 дэх заалтад Монгол Улсын иргэн нь ... хувийн аж ахуй эрхлэх эрхтэй... гэж тус тус заасан. Монгол Улсын Үндсэн хуульд заасан хувийн өмчтэй байх, хувийн аж ахуй эрхлэх эрхийг Иргэний хуулиар баталгаажуулсан бөгөөд Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан ... оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүй хэрэгжүүлэх... зарчмуудыг улсын бүртгэлийн байгууллага, улсын бүртгэгч ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь Үндсэн хуульд заасан үндсэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос гадна Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.7 дахь хэсэгт заасан Ашгийн төлөө хуулийн этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлаагүй аливаа үйл ажиллагаа эрхлэх эрхтэй гэж заасан эрхийг хэрэгжүүлэх боломжгүй болж, улсын бүртгэгч нь мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадварыг гагцхүү хуульд заасан үндэслэл, журмаар хязгаарлана гэж заасныг ноцтой зөрчсөн.

Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт Захиргааны үйл ажиллагаанд хуульд үндэслэх, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг баримтална, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь хэсэгт Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэх зарчмыг баримтална гэж тус тус заасан. Гэтэл улсын бүртгэгч хуульд үндэслэх зарчмыг ноцтой зөрчиж, хууль тогтоомжийн агуулга, үзэл санаа болон хэрэгжүүлэх арга замыг буруу тайлбарлан хэрэглэж , хууль зүйн үндэслэлгүй шийдвэрийг гаргаж, шинэчлэн баталсан дүрмийг бүртгэхээс татгалзсан нь А******* ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөнд гомдолтой байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт Хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгүүлэхээсээ өмнө иргэний эрх зүйн харилцаанд оролцохыг хориглоно, Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.9 дэх хэсэгт Компанийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, шинэчлэн найруулсан дүрэм нь улсын бүртгэлд бүртгэснээр хүчин төгөлдөр болно гэж заасан. Улсын бүртгэгчийн хууль бус шийдвэрийн улмаас А******* ХХК-ийн эрх барих дээд байгууллага болох хувьцаа эзэмшигчдийн хуулиар олгосон шийдвэр гаргах, шинэчлэн баталсан дүрэмд заасан үйл ажиллагааны хүрээнд иргэний эрх зүйн харилцаанд оролцох, шинэчилсэн дүрмийн дагуу өөрийн дотоод үйл ажиллагааг удирдан зохион байгуулах боломжгүйд хүрч, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдөж байна. гэв.

4.1. Хариуцагч Б.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: А ХХК-ны гүйцэтгэх захирал Д.Н******* Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн тухай нэхэмжлэлийг гаргасан байна. Үүнд: А ХХК-ны 2024 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр дүрмийн өөрчлөлт бүртгүүлэхээр өгсөн бүртгэлийг бүртгэхээс татгалзсан улсын бүртгэгчийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2404 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах, А******* ХХК-ийн хувьцаа Эзэмшигчдийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хурлын 24/01 тогтоолоор баталсан компанийн шинэчилсэн дүрмийг бүртгэхийг даалгах тухай Энэхүү шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Э******* ТӨҮГ-ын 2024 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газарт ирүүлсэн хариу хүргүүлэх тухай албан бичигт: Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 16 дугаар хуралдааны тэмдэглэлээр "Э*******" ХХК /хуучин нэршлээр/ болон А ХХК-ийн хооронд байгуулсан овоолго ашиглуулах, газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглуулах, цэвэр усаар хангах гэрээнүүдийг цуцалж, дуусгавар болгон прээ дахин шинээр байгуулахгүй, цаашид төрийн өмчийн эд хөрөнгийг ашиглуулахгүй байх" шийдвэрийг гаргасан. Үүний дагуу "Э*******" ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ГЁ-117-12/******* дугаар албан бичгээр "А" ХХК-тай байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 5/199-15 дугаар" Овоолго ашиглуулах гэрээ"-г цуцалсан тухай мэдэгдлийг хүргүүлсэн" гэсэн албан бичиг ирүүлсэн. Иймд А ХХК-ийн дүрэмд заасан үйл ажиллагаа явуулах гэрээ цуцлагдсан тул шинэчилсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгэх боломжгүй байна.

4.2 Хариуцагч Б.А шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр компанийн дүрмийн өөрчлөлт бүртгүүлэхээр Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хуулийн этгээдийн бүртгэлд хандсан. Уг бүртгэл улсын бүртгэгч Б.А буюу надад хуваарилагдаж ирсэн. А******* ХХК-ийн бичиг баримтыг шалгахад ашигт малтмалын үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрлийн хугацаа 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр дууссан байсан. Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журмын 8 дугаар зүйлийн 8.3.11 дүгээр хэсэгт үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг бүртгүүлэх тохиолдолд тусгай зөвшөөрлийн гэрчилгээ хавсаргана гэж заасан. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ сунгасан эсэх талаар материал хүлээлгэн өгсөн Т.Цоос утсаар асуухад Ашигт малтмалын тухай хуульд 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр орсон өөрчлөлтөөр гэрээний үндсэн дээр гүйцэтгэнэ гэсэн тайлбарыг өгсөн. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.28 дахь хэсэгт үүсмэл орд ашиглах гэж энэ хуулийн 4.1.27-д заасан хүдэр, ашигт малтмалын овоолго зэргээс ашигт малтмал ялган авах, боловсруулах, баяжуулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх гэж заасны дагуу Э******* төрийн өмчит үйлдвэрийн газартай байгуулсан гэрээг бүрдүүлбэртээ хавсаргаагүй байсан. Э******* төрийн өмчит үйлдвэрийн газартай байгуулсан гэрээг үндэслэж тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг явуулах шаардлагатай байгаа тул гэрээг авчруулахаар шаардсан боловч бүртгэл хийх хуулийн хугацаанд гэрээг авчирч өгөөгүй. Тиймээс 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3 дахь хэсэгт заасны дагуу бичиг баримтын бүрдэл дутуу гэсэн үндэслэлээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж үнэлээд, дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

Нэг. Нэхэмжлэгчийн гаргасан, Улсын бүртгэгч Б.Аийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2404 дугаар Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Улсын бүртгэгч Б.А 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2404 дугаар Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай шийдвэр-ээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3 дахь заалтын дагуу бүртгэхээс татгалзав. /Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан/ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлэхээр дахин хүсэлт гаргаж болно гэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ...өнөөдрийг хүртэл манай компанийн бүртгэлд...хориг тавьсан шийдвэр байхгүй, мөн А ХХК нь Э*******-тэй байгуулсан гэрээний хүрээнд хуульд нийцүүлэн 11 дэх жилдээ ажиллаж байгаа, уг гэрээг цуцалсан, хүчингүйд тооцсон шийдвэр гараагүй, компани үйл ажиллагаагаа тусгай зөвшөөрлөөр биш гэрээний хүрээнд үргэлжлүүлэн гүйцэтгэх болсон, хуулиар зөвшөөрөөгүй баримт шаардсан нь хууль бус гэж, хариуцагчаас бүртгэлийн мэдүүлэгт ирүүлсэн баримтыг шалгахад ашигт малтмалын үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр дууссан байсан, Э******* ТӨҮГ-тай байгуулсан гэрээг ирүүлээгүй, баримт бичиг дутуу байсан тул татгалзсан гэж тус тус тайлбарлан маргаж байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар, тухайлбал А ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын 24/01 дугаар Компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах тухай тогтоолоор Компанийн тухай хуулийн 17.1, 17.4, 17.9, 62.1.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн А ХХК-ийн дүрмийн шинэчилсэн найруулгыг хавсралт ёсоор баталсан, уг шинэчлэн найруулсан дүрмийн 3.1-д компанийн үйл ажиллагааны чиглэлийг үүсмэл ордыг ашиглан гидрометаллургийн аргаар катодын зэс ялгах үйлдвэрлэл эрхлэх, туслах үйл ажиллагаа эрхлэх; менежментийн зөвөлгөө өгөх үйл ажиллагаа, байгалийн ухааны эрдэм шинжилгээ, туршилт, судалгааны ажил гэж заасан ба итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр уг дүрмийн өөрчлөлтийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл гаргасан,

Уг өргөдөлд 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 24/01 дугаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тогтоол, 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, А ХХК-ийн шинэчлэн найруулсан дүрэм, 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн татварын албаны тодорхойлолт зэрэг баримтуудыг хавсарган өгсөн болох нь тогтоогдов.

Түүнчлэн нэхэмжлэгч компанийн компанийн UN-******* дугаар бүхий, үүсмэл орд ашиглах ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаа 2023 оны 06 дугаар сарын 23-нд дуусгавар болсон, мөн А ХХК болон Э******* ТӨҮГ нарын хоорондын 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 5/199-15 дугаар бүхий Овоолго ашиглуулах гэрээ-г гарын үсэг зурсан өдрөөс 20 жилийн хугацаатайгаар байгуулсан боловч Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны 16 дугаар тэмдэглэлийн "26.5-д ..."А*******" ХХК-тай байгуулсан овоолго ашиглуулах гэрээнд өөрчлөлт оруулж, үндсэн нөхцөл болох төрийн эзэмшлийн 34 хувийг эзэмшүүлээгүй, орхигдуулсан, илт нэг талын эрх ашгийг хангуулж, төрийн өмчийг үнэгүйдүүлсэн гэрээ байгуулан ажилласан байх тул уг нөхцөл байдлыг үүсгэсэн асуудлыг шалгаж, шийдвэрлүүлэх арга хэмжээ авах, "Э******* ТӨҮГ, "А*******" ХХК-ийн хооронд байгуулсан овоолго ашиглуулах, газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглуулах, цэвэр усаар хангах гэрээнүүдийг...цуцалж, дуусгавар болгон, гэрээ дахин шинээр байгуулахгүй, цаашид төрийн өмчийн эд хөрөнгийг тухайн компанид ашиглуулахгүй байх талаар шуурхай арга хэмжээ авах-ыг эрх бүхий этгээдүүдэд даалгасан,

Үүний дагуу Э******* ТӨҮГ-ын 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ГЁ-117-12/******* дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр А ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Н*******д ...танай компанитай байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 5/199-15 дугаар "Овоолго ашиглуулах гэрээ"-г цуцалж... сульфидын хүдрийн 2 дугаар овоолгод хүхрийн хүчлийн уусмалаар хүдрийг бороожуулан уусгах үйл ажиллагааг энэ өдрөөс эхлэн зогсоож...үйлдвэрийн бүс, объектоор нэвтрэх, дамжин өнгөрөх зөвшөөрлийг хүчингүй болгож байгаа-г мэдэгдсэн үйл баримтууд мөн тогтоогдсон, эдгээр үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна, 19.4.2-т энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах, 19.4.3-д энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах; гэж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээд шинээр байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг дараах тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана:, 18.1.1-д улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу; гэж, Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын бүртгэл хөтлөх журмын 5 дугаар зүйлийн 5.2-д Улсын бүртгэгч дараах тохиолдолд хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэрийг бичгээр гаргаж, өргөдөл гаргагчаас ирүүлсэн баримт бичгийн хамт энэ журмын 2.4-т заасан этгээдэд шилжүүлнэ, 5.2.1-д ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу гэж гэж тус тус заасан.

Дээр дурдсан хууль болон журмын заалтуудаас үзвэл нэхэмжлэгч компани нь ашигт малтмалын үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд болохын хувьд тус компанийн дүрмэнд оруулсан нэмэлт өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд нэхэмжлэгч компанийн, 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан мэдүүлэг, хавсаргасан баримтуудыг үндэслэн хариуцагч захиргааны байгууллага хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2404 дугаар шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Учир нь нэхэмжлэгч 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан мэдүүлгээ компанийн дүрмийн шинэчлэн батлуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх-ээр гаргасан, тус компанийн эрхлэх үйл ажиллагааны чиглэл нь үүсмэл ордыг ашиглан гидрометаллургийн аргаар катодын зэс ялгах үйлдвэрлэл эрхлэх, туслах үйл ажиллагаа эрхлэх гэж тодорхойлсон байгаа энэ нөхцөлд хариуцагч нь тус компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсныг үндэслэл болгон, улмаар Э******* ТӨҮГ-тай байгуулсан Овоолго ашиглуулах гэрээ-г ирүүлээгүй гэж үзэж Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3-д зааснаар баримт бичгийн бүрдэл дутуу гэж үзсэн нь үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл, А ХХК болон Э******* ТӨҮГ нарын хооронд 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 5/199-15 дугаар Овоолго ашиглуулах гэрээ байгуулагдсан, Ашигт малтмалын газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2017 оны оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 362 дугаар шийдвэрээр ...Эрдэнэтийн овоо нэртэй 2540.91 гектар ашиглалтын талбайгаас...5/255-10 тоот гэрээний дагуу 111.68 гектар талбайд үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрлийг "Ач*******" ХХК-д олгох-оор шийдвэрлэсний дагуу 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр UN-******* дугаар тусгай зөвшөөрөл олгон улмаар хугацааг хамгийн сүүлд 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүртэл сунгаснаар тус компанийн улсын бүртгэлд мэдүүлэг гаргасан 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд уг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон байсан нь тогтоогдож байх тул улсын бүртгэгчээс тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон гэх тэмдэглэл үйлдсэн нь буруу биш.

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр, хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.14 дэх хэсэгт Засгийн газар нь үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон үйл ажиллагааны журмыг батлах бүрэн эрхтэй, мөн хуулийн 26.11 дэх хэсэгт Энэ хуулийн 26.10-д заасан гэрээ, үүсмэл ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлсэн дүгнэлт, шийдвэрийг үндэслэн геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрлийг гурван жилийн хугацаатайгаар олгоно гэх нэмэлт оруулсныг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр тус тус хүчингүй болсонд тооцсон ба Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.28 дахь хэсэгт үүсмэл орд ашиглах гэж энэ хуулийн 4.1.27-д заасан хүдэр, ашигт малтмалын овоолго зэргээс ашигт малтмал ялган авах, боловсруулах, баяжуулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх гэж заасан.

Үүнээс үзвэл тус компанийн дүрмэнд заасанчлан үүсмэл ордыг ашиглан гидрометаллургийн аргаар катодын зэс ялгах үйлдвэрлэл эрхлэх, туслах үйл ажиллагаа эрхлэх тухайд нэхэмжлэгчээс Э******* ТӨҮГ-тай байгуулсан Овоолго ашиглуулах гэрээ-г ирүүлээгүй нь баримт бичгийн бүрдэл дутуу гэж үзэх үндэслэл болох бөгөөд энэ үндэслэлээр улмын бүртгэлд бүртгэхээс татгалзсан хариуцагчийн шийдвэр хуульд нийцсэн, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул хүчингүй болгох хууль зүйн боломжгүй гэж шүүх дүгнэв.

Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Хоёр. Нэхэмжлэгчийн гаргасан А ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн 24/01 тоот тогтоолоор баталсан компанийн шинэчилсэн дүрмийг бүртгэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж заасан ба хариуцагчийн татгалзал хууль бус байх тохиолдолд түүнд тодорхой үйлдэл хийхийг даалгах шийдвэрийг шүүхээс гаргана.

Энэ хэргийн тухайд, шүүх хариуцагч захиргааны байгууллагын 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2404 дугаар татгалзсан шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн тул даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн боломжгүй.

Өөрөөр хэлбэл, нэгэнт Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны 16 дугаар тэмдэглэлийн 26.5-д А ХХК-тай байгуулсан Овоолго ашиглуулах гэрээ-г цуцлах, улмаар цаашид төрийн өмчийн эд хөрөнгийг тухайн компанид ашиглуулахгүй байх талаар шуурхай арга хэмжээ авахыг үүрэг болгосноор Э******* ТӨҮГ-аас 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ГЁ-117-12/******* дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай дугаар албан бичгээр гэрээг цуцлах мэдэгдэл гаргасан, түүнчлэн нэхэмжлэгч байгууллагын ашигт малтмалын үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон нөхцөлд нэхэмжлэгч компанийн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхийг хариуцагч захиргааны байгууллагад шууд даалгахгүй.

Нөгөө талаар Улсын бүртгэгч Б.А 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2404 дугаар Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай шийдвэр-т ...Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлэхээр дахин хүсэлт гаргаж болно гэж шийдвэрлэсэн ба Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18.2-т Өргөдөл гаргагч нь энэ хуулийн 18.1.1, 18.1.2-т заасан улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан зөрчлийг арилгасны дараа улсын бүртгэлд бүртгүүлэхээр дахин хүсэлт гаргаж болно гэж заасан.

Үүнээс үзвэл нэхэмжлэгчээс холбогдох баримтыг бүрдүүлэн дахин хандах эрхийг хариуцагч нээлттэй үлдээж татгалзсан шийдвэр гаргасан энэ нөхцөлд хариуцагчийг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэх үндэслэлгүй.

Иймд А ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн 24/01 тоот тогтоолоор баталсан компанийн шинэчилсэн дүрмийг бүртгэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасныг тус тус баримтлан А ХХК-иас гаргасан Улсын бүртгэгч Б.Аийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2404 дугаартай Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай шийдвэр-ийг хүчингүй болгуулах, А ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн 24/01 тоот тогтоолоор баталсан компанийн шинэчилсэн дүрмийг бүртгэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН