Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 29

 

З.Б-ий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2020/01161/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч М.Мөнхдаваа, О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны  01 дүгээр сарын 26-ны өдрийн 75 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч З.Б-ий нэхэмжлэлтэй,

           Хариуцагч Б.С-ад холбогдох

“20.000.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгч З.Б-ий давж заалдсан гомдлыг үндэслэн

          2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, хариуцагч Б.С-, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч З.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие З.Б- 2020 оны 07 дугаар сарын 21-нд приүс-30 машин болон 2.000.000 төгрөгийг иргэн Б.С-ад өгч түүнээс BMW-745 0884 УНО хар 2002 оны суудлын машин сольж авсан болно. Машин авахад жолооч талын нүүрний шил хагархай байсан. Б.С- машинаа өгөхдөө элчинд явж байсан. Олон хүн дамжаагүй ямар ч асуудал байхгүй машин гэж хэлж өгсөн. Гэтэл машин бороо оронгуут лукны завсраар ус орж эхэлсэн. Тэгээд машинаа зарах болтол олон дов хар замасктай 4 амортизатор маш муу, урд шил хагархай цахилгааны асуудалтай. Копудны түгжээ эвдэрхий, онгойхгүй машинаа зах зээлийн үнээр буюу 50.000.000 төгрөгөөр үнэлж байсан. Иймээс Б.С-аас 20.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч З.Б-, түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

З.Б- би 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Б.С-аас Б.Л-гийн өмчлөлийн 08-84 УНО улсын дугаартай BMW 745 маркийн 2002 оны хар өнгийн суудлын автомашиныг Б.Л-гээс Б.С-ад олгогдсон итгэмжлэлийн дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулан машины төлбөрт өөрийн өмчлөлийн приүс маркийн 9235 ОРА улсын дугаартай хар өнгийн суудлын автомашиныг оролцуулж дээрээс нь нэмж 2.000.000 төгрөг өгөөд, машинуудаа сольж эзэмшилдээ шилжүүлэн авцгаасан. Би 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Эрдэнэтээс Дархан луу ганцаараа ирж наймаа хийсэн. Надад Б.С- машины талаар хэлэхдээ BMW машин гэдэг бол өөрөө брэнд учраас тэр чигтээ чанартай гэсэн үг, хараад байх юм байхгүй итгэж болно гэсэн. Би үгэнд нь итгээд унаад Эрдэнэт рүү харьсан. Гэртээ ирээд ээж аав ах дүүдээ машин авчлаа гээд үзүүлсэн чинь манай гэрийнхэн чи 2001 оны хэт хөгшин онтой машин яагаад авсан гээд зэмлээд тэр дор нь Б.С- руу залгаад наймаа буцаая чи манай хүүхдийг хуураад он хөгшин муу машинаа зарсан байна гээд залгахад та нар ямар оныг нь унах биш би наймаа буцаахгүй гээд хэрэлдээд утсаа салгасан. Манай ээж И.С- өөрийн 99353524 дугаарын утаснаасаа залгаж Б.С-ын 89111118 дугаарын утас руу удаа дараа залгаж машины наймаа 2020 оны 08, 09 сард машиныг нь буцаая гээд бид Б.С-ыг утсаа авсан үед нь залгацгаагаад байсан боловч үр дүнд хүрээгүй. Ингээд 2020 оны 09 сард нь хот руу ороод машины ченж нарт үзүүлсэн чинь он хуучин байхаас гадна тэр чигтээ замаскадсан 5.000.000 төгрөгөөс илүү үнэ хүрэхгүй машин болохыг мэдсэн. Тэр цагаас хойш машиныг нь буцааж өөрийн машинаа буцааж авахаар хөөцөлдөөд авч чадахгүй шүүхээр явалгүй хэл амаараа ойлголцъё гээд чадахгүй өдий хүрсэн. Иймд Б.С- надад зарсан машины талаар үнэн зөв хангалттай тайлбарлаж өгөөгүй байдлаас болж би 2001 оны он хуучин, дээрээс нь нэлэнхүйд нь замаскдаж будгаар далдалсан муу машиныг зах зээлийн үнээс хэт өндөр үнээр авч дээрээс нь 2.000.000 төгрөг өгч хохирсон байгаа тул Б.С-аас машиныг буцаан өгч өөрийн машиныг 2.000.000 төгрөгийг буцаан авмаар байгаа тул түүнтэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж өмнө гарсан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.С- шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр З.Б-тэй 10.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийн 0884 УНО улсын дугаартай BMW 745 маркийн суудлын автомашины төлбөрт Приүс-30 маркийн автомашин оролцуулан, зөрүү болох 2.000.000 төгрөгийг З.Б-ээс дансаар шилжүүлэн авч, тухайн өдрөө машинаа З.Б-ий эзэмшилд шилжүүлэн өгсөн. Тухайн үед би машинаа зарахаар зарын групп дээр зар тавьсан байсан, хүн авахаар ярилцаж байхад З.Б- нь утсаар яриад би машин оролцуулаад зөрүү өгье, та машинаа Дарханд аваад ирээч гэж хэлээд би машинаа унаад Дарханд авч ирж үзэж хараад унаж үзээд машин минь түүнд таалагдсан учир наймаа хийсэн. Машин зарахад салхины шил хагархай, копудны тороос байхгүй гэдгийг хэлж байсан, өөрөө ч унаж үзэхэд амортизаторыг муу байна гэж байгааг би хариуцах ёсгүй гэж бодож байна. З.Б-тэй 10.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийсэн байхад 20.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь ямар ч үндэслэлгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Хариуцагч Б.С-, түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Түүний өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагад өгсөн хариу тайлбартаа би өөрийн байр суурийг тодорхой илэрхийлсэн байгаа. Тухайн үед би өөрийн төрсөн ах Б.Л-гийн эзэмшлийн 08-84 УНО улсын дугаартай BMW 745 маркийн автомашиныг зарахаар Улаанбаатар хотод фейсбүүкийн машин зурдаг сайтууд дээр зар тавьсан байсан. Үүний дагуу над руу олон хүн холбогдож уг машиныг үзэж сонирхож байсан бөгөөд Баасандорж гэдэг хүн Улаанбаатар хотоос авъя гэж тохироод байхад З.Б- гэгч нь Орхон аймгаас залгаж машиныг чинь үзэж хараад тохиролцвол авъя, хоёулаа газрын дунд Дарханд уулзъя гэсний дагуу би хотоос гарч 2020 оны 07 дугаар сарын 21-ний өглөө Дарханд ирсэн. З.Б- өдөр тийшээ ирсэн. Ингээд би түүнд машинаа үзүүлэхэд З.Б- машиныг чинь авъя гэсний дагуу би түүний унаж ирсэн приүс-30 маркийн 9235 ОРА машин дээр нь 2.000.000 төгрөг нэмж авахаар харилцан тохиролцоод Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлж уг намайг хийсэн юм. Тухайн үед З.Б- нь миний машиныг гадар доторгүй үзэж хараад, өөрөө жолоодож үзээд авъя гээд авсан. Би түүнд машины талаар холбогдох мэдээллийг бүгдийг хэлж өгсөн. Машины чанарын талаар нууж хаасан зүйл байхгүй. Гэтэл миний машиныг авч яваад унаж эдэлчхээд 2 сар гаруйн дараа машиныг он хөгшин, замасктай гэсэн үндэслэлээр гэрээг цуцлах шаардлага тавьж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Анх З.Б- нь машиныг үзэж хараад өөрт нь таалагдсан болохоор л аваад явсан. Нас биед хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай хүн байж өөрөө асуудлаа шийдэхгүй ээжээрээ түрий барьж яриад байгааг гайхаж байна. Түүний ээж нь гэх хүн 2020 оны 09 дүгээр сарын сүүлээр над руу 99353524 дугаараас залгаад чи машиндаа амортизатор солиулаад өг, тэгэхгүй бол би 2.000.000 төгрөгөө буцааж авъя. Би энэ машиныг байрны урьдчилгаанд тавих гэсэн чинь 5.000.000 төгрөгөөр авна гэж байна гэж хэлж байсан. Би танай хүүхэд чинь үзэж хараад авсан шүү дээ гэж хэлсэн. Миний зарсан машин бол Герман машин бөгөөд чанар үзэж сайтай машин байсан. Миний хувьд Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг цуцлах саналгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 75 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 274 дугаар зүйлийн 274.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч З.Б-ий Б.С-ад холбогдуулан гаргасан 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, Б.С-ын эзэмшилд байгаа Приус-30 маркийн 92-35 ОРА улсын дугаартай хар өнгийн суудлын автомашин болон шилжүүлсэн 2.000.000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 51.000 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олго ж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч З.Б- давж заалдах гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 75 дугаартай шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч З.Б- хариуцагч Б.С- бид харилцан тохиролцож 2020 оны 07 дугаар сарын 21-ны өдөр Худалдах худалдан авах гэрээ байгуулан өөрсдийн тээврийн хэрэгслийг шилжүүлж би өөрөөс нэмж 2.000.000 төгрөг өгсөн юм.

Би анх удаа өөрийн биеэр машин авч байсан бөгөөд Эрдэнэтээс, Б.С- хотоос ирж бид хоёр замын голд Дархан-Уул аймагт уулзаж наймаа хийсэн. Надад Б.С- өөрийн машинаа ямар ч асуудал байхгүй үзэж хараад байх юмгүй өмнө нь консулд явж байсан, ВМУV машин бол өөрөө бренд чанартай байдаг гээд магтаад байсан учир би үгэнд нь итгээд аваад шууд Эрдэнэт рүү унаад явсан.

Замд явж байхад Б.С- дүү аяархан яваарай гээд дахин дахин залгаад байсан. Тэр үед би өөрийгөө Прүүс машинаа ВMW машинаар сольчихлоо их зөв наймаа хийсэн гэж баярлаж байсан.

Ингээд Эрдэнэт рүү явж байхад амаржин нь тачигнаад хурд авахад дуу ихтэй ажиглагдаж байсан. Гэртээ ирээд ээж аавдаа үзүүлэхэд тэд 2002 оны он хөгшин машин авчихсан юм уу гэж хэлж дургүй байсан. Ингээд 7 хоногийн дараа бороо орсон чинь борооны ус лүүкээр нь орж кабинд нь ус ороод чанаргүй муу машин авснаа бүрэн ойлгосон. Б.С- надад энэ талаар огт хэлээгүй. Тэрний дараа УБ хотод байр авахдаа байрны үнэнд тооцуулаад зарах гэж үзсэн боловч зах зээлийн үнэ 2002 оны хуучин машин 5.000.000 төгрөгөөс хэтрэхгүй гээд авах хүн олдоогүй.

Ингээд цаг хугацаа өнгөрөх тусам машины доголдлууд ар араасаа гарч ирсээр байсан ба машины гаднах хэсгийг бүхэлд нь будгаар будсан байсан ба энэ талаар бас хэлээгүй. Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж өөрийнхөө машин дээр нэмж өгсөн 2.000.000 төгрөгийн хамт буцаан авч, Б.С-ын надад өгсөн машиныг өөрт нь буцааж өгмөөр байна.

Б.С-ын надад өгсөн машин замасктай, А амортизатор муу, машины кабины лүүкийн резин муудсанаас борооны ус кабинаар орж ирдэг зэрэг доголдлуудын талаар миний тайлбарыг гэрч Д.С- нотолсон ба хариуцагч биет байдлын доголдолгүй, хэвийн машин шилжүүлсэн гэж татгалзлаа нотлоогүйг шүүх харгалзан үзээгүйд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зөв гэж үзлээ.

Нэхэмжлэгч  З.Б- хариуцагч Б.С-аас 20.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж хожим нь Приус-30 машин  2 сая төгрөгөө буцаан гаргуулах гэж өөрчилж,  үндэслэлээ худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан гэжээ.

Талуудын хооронд автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Өөрөөр хэлбэл худалдагч нь худалдан авагчид BMW 745  автомашиныг худалдахдаа машины үнэнд “Приус-30” маркийн автомашин, үлдэгдэл төлбөрт 2 сая төгрөг  авчээ.

Худалдан авагч тал  худалдагч  чанарын доголдолтой эд хөрөнгө худалдсан тул гэрээнээс татгалзана гэжээ.

Худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдагч нь худалдан авагчид биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой бичиг баримтыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй.

Биет байдлын доголдол гэдгийг Иргэний хуульд “гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ” гэж тодорхойлжээ.

Үүнээс үзэхүл хуучин машин худалдах, худалдан авах гэрээний талууд машины чанарын талаар гэрээгээр тохиролцсон байхыг ойлгохоор байна. Хэрэгт авагдсан худалдах, худалдан авах гэрээнд  худалдаж байгаа эд хөрөнгийн чанарын талаар тусгайлан тохиролцоо хийгээгүй байна.

Харин хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл худалдан авагч тал буюу нэхэмжлэгч машиныг биечлэн унаж, үзэж харж худалдан авсан тул чанар байдлыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

Хариуцагчийн татгалзалд дурдсан машины салхины шил хагархай, копудын тросс байхгүй,  амартизатор муу байсан гэх  доголдлуудын талаар мэдээлэл өгсөн мөн унаж үзээд мэдэж байсан гэх тайлбар  хэргийн баримтаар нотлогдож байна.

Иймд дээрх доголдлуудыг  худалдан авагч гэрээг байгуулах үедээ мэдэж байсан  бөгөөд энэ байдлыг хүлээн зөвшөөрөөд гэрээг хийжээ гэж үзэхээр байна.

Харин  гэрээнээс татгалзах шалтгаан болсон бусад машины лүүкний завсраар борооны ус орсон, машин их замасктай, цахилгааны асуудалтай байсан гэх доголдлуудыг нэхэмжлэгч шүүхэд нотолж чадаагүй.

Талууд худалдах, худалдан авах гэрээ байгуулах үедээ машины үйлдвэрлэсэн оныг гэрээнд бичсэн, мөн машины гэрчилгээнд бичигдсэн байх тул “он хөгшин” гэх маргааны тухайд хариуцагчийг мэдээлэл буруу өгсөн нэхэмжлэгчийг төөрөлдсөн гэж үзэх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтуудад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж гэрээнээс татгалзах тухай хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэж үзлээ.

Харин талуудын хооронд байгуулсан гэрээг арилжааны гэрээ гэж зүйлчилсэн нь буруу юм.

Худалдсан зүйлийн үнэнд машин оролцуулж тохиролцсон бөгөөд машины үнэнд өгсөн машин нь тодорхой үнээр хэмжигдэх төлбөрийн хэрэгсэл болсон харин арилжааны гэрээний зүйл биш байна.

Иймд хууль хэрэглээний оновчтой байдлыг хангах үүднээс өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдоогүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 75 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын

“Иргэний хуулийн 274 дугаар зүйлийн 274.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус зааснаар” гэснийг “243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус зааснаар” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч З.Б-ий давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206.950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                           

        

 

                                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Л.АМАРСАНАА

                                                                ШҮҮГЧИД                                      М.МӨНХДАВАА           

                                                                                                                       О.НАРАНГЭРЭЛ