Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2023/ДШМ/42

 

 

 

2023 оны 09 сарын 12-ны өдөр                Дугаар 2023/ДШМ/42                                Өвөрхангай аймаг

 

 

Ё.Э-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд    

Прокурор М.Мөнхтайван

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор

Шүүгдэгч Ё.Э

Нарийн бичгийн дарга Б.Болортуяа нарыг оролцуулан    

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ даргалж, ерөнхий шүүгч Х.Отгонжаргал, шүүгч М.Мандахбаяр нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/140 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн Ё.Э-т холбогдох эрүүгийн 2326000000114 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Өвөрхангай аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., Өвөрхангай аймгийн ... сумын 8 дугаар багт оршин суух хаягтай одоо .... сумын ... дугаар багийн ... дүгээр гудамжны ... тоотод оршин сууж байгаа, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б... овгийн Ё.Э /РД: ...../

 

Ё.Э нь 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн ... сумын ... дугаар багийн ... дүгээр гудамжны ... тоот хашаан дотор иргэн Н.А-г архи уусангүй гэх шалтгаанаар толгой, цээж, нуруу, хөлөн тус газруудад гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэргээр зодож, гавал, цээж, хэвлийн хавсарсан олон тооны гэмтэл учруулан онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ё.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б овгийн Ё.Э-ыг онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар арван таван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Э-т оногдуулсан арван таван жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Э-ын цагдан хоригдсон 70 /дал/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.П-ийн нэхэмжилсэн сэтгэл санааны хохирол болон оршуулгын зардал болох 7000000-8000000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 0.75 литрийн хэмжээтэй “Хараа” нэртэй архины шил 1 ширхэг, 0.75 литрийн хэмжээтэй “Харзтай” нэртэй архины шил 3 ширхэг, 0.5 литрийн хэмжээтэй “Харзтай” архины шил 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.П нь гомдолтой гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ё.Э-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ё.Э-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ё.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/140 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Би 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гар утас засуулах гээд зах орсон. Талийгаач ахтай таарсан. Ах нь шартчихсан байна ахдаа ганц юм аваад өгөөч гэхээр нь би нэг шил архи авсан, гудамжинд уух гэсэн чинь талийгаач ах гудамжинд ууж яах юм бэ уух айл байна уу гэсэн. Би гэртээ ганцаараа байгаа манайд очъё гэсэн. Манайд очоод бид хоёр зах дээр байхдаа авсан 1 шил архиа талийгаач ахтай уусан. Өмнө нь миний ууж байсан тал шил архи байсан. Тэр архийг бид хоёр хувааж уусан. Би орон дээр, талийгаач ах газарт авдрын өмнө ширдэг дээр унтаад өгсөн байсан. Намайг унтаж байхад хүн татсан. Сэрээд хартал Ц.Т байсан. Би Ц.Тг хоол хийгээд өг гэсэн чинь ус байхгүй байна гэсэн. Би 25 литрийн саваар усанд явахдаа 1 шил архи авч ирсэн. Ц.Т хоол хийсэн талийгаач ахтай архи хувааж уусан. Бид хоёр унтсан. Би согтсон байсан учир юу болсныг санахгүй байна. Өглөө сэртэл талийгаач ах сэрэхгүй байсан. Миний утасны цэнэг дууссан байсан. Би Ц.Т-нд очоод цагдаа, эмнэлэг дуудуулсан. Намайг гэртээ ирэхэд цагдаагийн бүрэлдэхүүн ирсэн байсан. Намайг Цагдаагийн газар руу аваад явсан. Цагдаагийн газарт ирээд миний цэнхэр женсэн өмдний баруун талын түрүү хэсэг нь толбо болсон байсан. Байцаагч Батсайхан шинжилгээнд явуулна гээд авсан. Одоо болтол шинжилгээний хариу гараагүй. Анхан шатны шүүх хуралдаан дээр өмдний талаар яригдаагүй. Талийгаач ахын утсыг Ц.Т яах гэж авсан юм. Талийгаач ахын эгч Н.Д руу залгаж яриад зодоон цохион, хэрүүл хийгээд байна ирж дүүгээ ав гэхэд 2 дугаар багт гэж тодорхой хаяг зааж өгөөгүй. Дахиад залгасан эгч Н.Д цагдаа дуудаад өгчих гэсэн чинь би өөрөө албан газар ажилладаг надаас байцаалт авбал би нэмэргүй гэж хэлээд утсаа тасалсан. Н.Д эгч дахиад залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Талийгаач ахын эгч Н.Д цагдаа дуудаад өгчих гээд байхад цагдаа дуудаагүй, албан газар ажилладаг гээд худал мэдүүлэг өгсөн байдаг. Ц.Т албан газар ажилладаггүй. Бойн дээр гэдэс цэвэрлэдэг. Бас талийгаач ахын гар утсыг унтраасан байдаг. Би энэ хүнд гомдолтой байна. Ц.Т-г дахин шалгуулах хүсэлтэй байна.

Иймд хэргийг бүхэлд нь дахин шинжлэн судлуулж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Ё.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдлоо дэмжиж байна. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгчийн гаргасан надад оногдуулсан хорих ялын хэмжээг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү гэсэн гомдлыг дэмжиж байна. Ё.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдон гэм буруутайд тооцогдсон. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн хүлээн зөвшөөрсөн. Иймд түүнд оногдуулсан хорих ялыг багасгаж, хорих ялын дэглэмийг өөрчилж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэв.

Прокурор М.Мөнхтайван давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/140 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж шүүгдэгч Ё.Э-ын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

              Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

              Ё.Э нь 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн .... сумын ... дугаар багийн ... дүгээр гудамжны ... тоот хашаан дотор иргэн Н.Адъяасүрэнг архи уусангүй гэх шалтгаанаар толгой, цээж, нуруу, хөлөн тус газруудад гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэргээр зодож, гавал, цээж, хэвлийн хавсарсан олон тооны гэмтэл учруулан онц харгис хэрцгийгээр алсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Пүрэвдоржийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн ...Би гомдолтой байна. Хүний амь насыг мөнгөөр үнэлж болохгүй ч гэсэн нэхэмжилж байгаа хохирлоо гаргуулж авмаар байна. Тухайн үед хамт байсан гэрч нь хамт байсан байж цагдаа, эмнэлэг дуудчихсан бол талийгаач нас барж энэ хүн энд зогсоод хэрэгтэн болохгүй байсан. Тодорхой хаягийг нь хэлэхгүй болохоор 2 дугаар хорооны хаана гэж хайх юм бэ. Тэгээд орой нь утас нь холбогдохгүй байсан… гэх мэдүүлэг,

              Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 11 цагийн үед миний төрсөн эгч Н.Д руу талийгаач Н.А-гийн утасны дугаараас залгаад энэ хүнийг зодоод байна. Чулуугаар зодоод байна. Толгойг нь хагалчихлаа, цус гараад байна гэж хэлээд утсаа салгасан гэсэн. Удалгүй дахиад залгаад энэ хүнийг алчих гээд байна гэхээр нь эгч маань хаана юу болоод байгаа талаар асуухад 2 дугаар хороонд гэж хэлсэн. Тэгэхээр нь цагдаа дуудаад хэлчих гэсэн чинь би өөрөө албан газар ажилладаг, надаас байцаалт авбал би нэмэргүй гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд Даваасамба эгч дүү Т руу ах чинь хүн зодуулаад байна гэнээ, ахыгаа очоод ав гэж хэлсэн. Т утас руу нь залгасан чинь нэг эмэгтэй хүн утсыг нь авсан гэсэн. Тэгээд Т юу болоод байгаа юм бэ гэж асуухад чи хэн бэ гээд нөгөө эмэгтэй хэлэхээр нь би наад утасны чинь эзний дүү нь байгаа юм гэж хэлээд юу болоод байгааг нь асуухад ахыгаа ирж ав, архи хамт уучихаад хоорондоо хэрүүл хийгээд байна, иймээ тиймээ юм болбол би хариуцлага үүрэхгүй шүү гэж хэлсэн. Одоо тэгээд яаж байгаа юм гэж хэлсэн чинь унтаж байна гээд утсаа салгасан гэсэн. Дахиад буцаагаад залгасан чинь утас нь холбогдохгүй байсан гэсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуудас/,

              Гэрч Ц.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Ороход Ё.Э гэртээ орон дээрээ унтаж байсан. Нөгөө ах газар ширдэг дээр авдрын урд дээшээ хараад хажуугаараа унтаж байсан. Э намайг хоол хийгээд өг гэсэн хоол хийх гэсэн чинь ус байхгүй байсан. Тэгээд Э өөрөө усанд явсан. Тэгээд Э явган 25-ын сав авч яваад 1 цаг шахуу болоод ирсэн, ирэхдээ усаа бариад бас 1 шил 0.75-тай Харзтай архи авч ирсэн. Тэгээд Э орж ирээд тэр ахыг татаад сэрээсэн. Татсан чинь тэр ах өөрөө өндийж ирсэн. Архиа задлаад тэр ахад жижиг рункээр хийж өгсөн. Тэгээд өөрөө бас уусан. Тэр ах рункээр 1 уучихаад хэвтээд өгсөн. Тэгээд Э архи өгөх гээд босохгүй болохоор нь 2, 3 удаа өшиглөөд авсан. Нуруу руу, хөл рүү нь өшиглөөд байсан. ...Э тэр ахыг байшингийн хаалгаар чирээд гаргаж ирээд үүдэндээ гаргаад хаясан. Гадаа довжооноосоо урд тал дээр гаргаад газар тавьсан. Тэгээд Э өөрөө байшин руугаа орчихсон. Би нөгөө ах дээр очоод “ахаа зүгээр үү” гэсэн энэ ах өндийгөөд зүгээр гэсэн. ...Энэ ах Э хоёр согтуугаараа хоносон байсан. Э чирч гарч ирсний дараа чи хүн амьтан зодоод байна гэхэд Э намайг чулуугаар шидэж хөөгөөд байсан. ...Намайг хөөгөөд энэ ахыг өшиглөж зодоод байхаар нь би Бааска гээд ахыг утсаар дуудсан. ...Тэгтэл Бааска ирсэн. Ирэхэд нь энэ ах гадаа унтаад байсан. Тэгээд би Бааска ахтай гэрт нь орсон. Э гэртээ суугаад л байсан. Би гэрт ороод хоол хийж өгчихөөд эмнэлэг яваад өгсөн. Би эргэж ирээгүй. Намайг гарахад Бааска ах үлдсэн. Тэгээд гарахад энэ ах хажуу тийшээ харчихсан унтаад байсан. Эмнэлэг орчихоод буцаад гудмаар нь явахад энэ ах гадаа байхгүй байсан. Би ороогүй, шулуун яваад гэртээ харьсан. Тэгээд эргэж очоогүй. Өнөөдөр өглөө намайг унтаж байсан чинь 06 цаг болж байхад Э манайд согтуу орж ирээд нөгөө хүн чинь өнгөрсөн байна гэсэн. Би юм уугаад хоёр татуулах гэсэн чинь өнгөрсөн байна. Би 2 өшиглөчихсөн чинь өнгөрсөн байна гээд надад ярьсан. ...Байшин дотор байгаад 0,75-тай архиар хөл рүү нь 1 удаа цохисон, тэгээд архиа уугаад нэг татчихаад энэ ахад өгсөн. Тэгээд энэ ах нэг уучихаад ахиж уухгүй гэсэн чинь энэ ахыг өндийлгөж суулгаж байгаад хоёр гараараа ээлжлээд шанаа руу нь алгадаад байсан. Ямар ч байсан хоёр гараараа хоёр шанаа руу нь нэг нэг удаа алгадсан. Тэгээд чи болиоч гэсэн чинь яадаг юм гээд энэ ахыг нуруу руу нь 2-3-н удаа өшиглөөд авсан. Тэгээд 4 энэ ах дээшээ хараад хэвтсэн чинь ахиад дээр нь цээж, аюулхай хэсэгт 2 удаа дэвссэн. Би яах гээд байгаа юм гээд салгах гээд очсон, намайг цэнхэр саваар нүдэх гээд байсан. Би гарч ирээд зугтаад хашааны үүдэнд гараад зогсож байсан, энэ ахыг чирээд гаргаад ирсэн. Гарч ирээд хажуунаас нь бас хойноос нь, урдаас нь өшиглөөд байсан. Тэгээд би хүн алчихна, болиоч гэсэн чинь яадаг юм гээд над руу чулуу шидээд байсан. Чулуу нь оноогүй. Гэрт нь байхад зодоод байхаар нь болиоч гэхэд эрүүлжүүлэгдэж байхаар би хүн алаад хүн амины хэрэгтэй шоронд явмаар байна. Цагдаа нар надад үйлчлэхгүй, би хурандаагийн малыг маллаж байгаад ирсэн гээд нүдээд байсан. ...Тэр ах ерөөсөө хөдлөөгүй. Гэрээс нь чирээд гараад ирсний дараа толгойноос юм уу, хаана юм, нүдний дээд тал дээр нь цус болчихсон урсаад байсан. Зодохоор нь “ёо ёо” гээд байсан. Тэр ах босож ирээд Эт гар хүрсэн зүйл байхгүй, хэвтээгээрээ л зодуулаад байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-34 хуудас/,

              Гэрч Ц.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өчигдөр 10-11 цагийн үед байх Өлзий гээд хүүхэн над руу залгаад “Э хүнтэй хэрэлдээд байна, намайг оруулахгүй чулуу шидээд байх юм. Та хүрээд ирэхгүй юу” гэсэн. Цагдаад хэлэхгүй юу гэсэн түрүү нь цагдаа дуудаж байсан, болохгүй байна гэсэн юм ярьсан. Тэгээд би яваад ирсэн. Хашааны үүдэнд Өлзий гэдэг хүүхэн байсан. Хашаа руу хамт ороход байшингийн урд нэг хүн биеийнхээ баруун талаар хажуугаар хэвтэж байсан. Би бос гээд татсан өндийсөн. Тэгээд жоохон хэвтээдэхье гээд байсан. Зүгээр үү гэсэн зүгээр гээд байсан. Би довжооны тийш нь болгосон. Тэр хүний баруун талын хөмсөгний тэнд цус болчихсон юм шиг байсан. Өөр юм анзаараагүй. Гэр лүү ороход Э ганцаараа байсан. Арчаагүй муу хүүр архи уугаад гэсэн. 1 шил Харзтай архи хийхээр нь би уухгүй гэж хэлчихээд гараад явсан. Өлзий надаас өмнөхөн хоол хийчихээд гараад эмнэлгийн хоол цай өгнө гээд гараад явсан. Би араас нь удалгүй гарахад нөгөө хүн довжоог нь дэрлээд хэвтэж байсан. Би энэ хүнээ оруулаач гэж хэлчихээд гараад явсан. ...Намайг байхад зодож цохисон юм байхгүй. Өлзий л тиймэрхүү юм ярьсан. Хөмсөгний дээр нь цустай юм шиг харагдсан. Өөр юм харагдаагүй. Өөрөө би жаахан хэвтээдэхье гээд байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37 хуудас/,

              Гэрч А.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 05 дугаар сарын 13-ны өглөө 11 цагийн үед би хашаан дотор хоолны амбаар янзлаад байж байтал зүүн талын манай хамар хашаа болох цагаан байшингаас 2 эрэгтэй хүн хоорондоо хэрэлдээд гараад ирсэн. Би тэр хоёр хүнийг танихгүй. Нэг нь тэр айлын Э гэх хүн байх шиг байсан. Нөгөө хүн нь үсээ авахуулсан өндөр настай хүн байх шиг байсан. Гэрийн эзэн Э тэр настай хүнийг яваад өг гээд байшингийн хаалгаар гаргаад нөгөө хүн нь тасарчихсан бололтой цамцны мөр хэсгээс нь чирээд байсан. Ямар нэгэн зүйлийн талаар муудалцаагүй. Чи яваад өг гээд орилоод байсан. Хашаан дотор нэг танихгүй хүүхэн бас байсан. Намайг харж байхад ямар нэгэн зүйлээр цохих ч юмуу зодсон асуудал байхгүй. Би амбаар янзлаад бараг 20 гаран минут болсон байх. Тэр үед Э нь гэртээ орж гараад байсан. Гарч ирэхээрээ Э нөгөө газар хэвтэж байсан хүнийг чирээд гараад яваад өгөөч гээд чирээд байсан. ...Би тухайн үед очоогүй. Хажууд нь нэг эмэгтэй хүн байсан болохоор би тасарчихсан хүн юм байх гэж бодоод очоогүй. Байнга ойр хавийн архичид овоордог болохоор тоогоогүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39 хуудас/,

              Гэрч Н.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 5 дугаар сарын 13-ны 12 цаг өнгөрч байх үед манай төрсөн дүү Г над руу “Э ах ээж Н-ийн хашаанд архи уучихсан хүнтэй зодоон хийгээд байна” гэж хэлсэн. Би тухайн үед ажилтай байсан болохоор очиж чадаагүй. ...Би 15 цаг өнгөрч байх үед 5 173/2023/00138/Э Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ... багийн .... тоотод яваад очих үед Э ах ээж Н-гийн орон дээр унтаж байсан. Байшингийн шалан дээр орны хажууд нэг танихгүй 50 орчим настай хүн хувцастайгаа ор луу харчихсан байрлалтай хэвтэж байсан. Орны толгой хэсэгт 4 хуруу хэртэй Харзтай нэртэй архи байсан. Хажууд нь архины хоосон шилнүүд бас байсан. Би тэгээд тасарчихсан унтаж байна гэж бодоод гараад явсан. Эын биед ямар нэгэн шарх сорви байгаагүй. Харин газар унтаж байсан хүний дух хэсэг нь цус болчихсон, бага зэрэг хавдчихсан байдалтай байсан. Намайг гэрт орох үед тэр хоёр унтаж байсан. Өөр хүн байгаагүй. Гэрт цус болоогүй байсан. Харин гэрийн урд тахианы байр гээд тоосгон жижиг амбаар байдаг юм. Тэрнээс гэрийн довжоо хүртэл шороо нь зурагдчихсан ямар нэгэн юм чирчихсэн юм шиг мөр байсан” гэсэн мэдүүлэг /ххийн 41 хуудас/,

              Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 57 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн  дүгнэлт /хх-ийн 43-47 хуудас/,

              Мөрдөгчийн 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-10 хуудас/, шүүгдэгч Ё.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ёндонжунайн Эыг онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

              Шүүгдэгч Ё.Э нь давж заалдах шатны шүүхэд “...Ц.Т албан газар ажилладаггүй. Бойн дээр гэдэс цэвэрлэдэг. Талийгаач ахын гар утсыг унтраасан байдаг. Би энэ хүнд гомдолтой байна. Ц.Т-г дахин шалгуулах хүсэлтэй байна. Анхан шатны шүүхээс надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү....” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

              Шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг.

              Шүүгдэгч Ё.Э-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын зорилго зэргийг харгалзан шүүгдэгчийн анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн давж заалдах гомдлыг хангаж Эрүүгийн хуульд заасан ялын төрөл хэмжээний дотор түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар арван таван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг арван хоёр жилийн хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчилж, мөн У.Т нь хохирогчийг алсан үйлдэлд хамааралгүй байх тул түүнийг уг гэмт хэрэгт холбогдуулан шалгуулах гомдлыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

              Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/140 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ё.Э-ын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 50 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож шийдвэрлэлээ.

              Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/140 дугаартай шийтгэх тогтоолын:

              а/. 2 дахь заалтын “арван таван жилийн хугацаагаар хорих ялаар” гэснийг “арван хоёр жилийн хугацаагаар хорих ялаар” гэж,

               б/. 3 дахь заалтын “арван таван жилийн хугацаагаар” гэснийг “арван хоёр жилийн хугацаагаар” гэж, өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Э-ын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 50 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.