2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2025/01297

 

 

 

 

 

 

 

 

 

 

      2025         02          12                                   191/ШШ2025/01297

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

                Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Согинохайрхан дүүрэг, ..... тоот хаягт байрлах “Т*******” ХХК /рд:*******/-ийн гаргасан,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, .....тоот хаягт оршин суух Б******* овогт Га*******ийн Г******* /рд:*******/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 8,125,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.                   Нэхэмжлэгч “Т*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Н.Г******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Г.Г******* нь 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 0387 дугаар “Зээлийн гэрээ”-г нэхэмжлэгч ”Т*******" ХХК-тай 30 хоногийн зээлийн 5% хүүтэй 6 сарын хугацаатайгаар байгуулан мөн өдрийн 0387 дугаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө барьцаалах гэрээгээр барьцаанд зээлдэгч Г.Г*******ын өмчлөлийн*******УНП улсын дугаартай, 2005 онд үйлдвэрлэгдсэн Toyota Crown загварын автомашиныг барьцаалж 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгийн зээл авсан.

Зээлдэгч Г.Г******* нь нь зээл авснаас хойш 2020.05.11-нд 500.000 төгрөг, 2020.08.28-нд 500.000 төгрөг, 2021,03.07-нд 500.000 төгрөг, нийт 1.500.000 төгрөг төлснөөс хойш зээл, зээлийн хүүгийн төлбөр болон алдангийг одоог хүртэл төлөөгүй байна.

Зээлдэгч Г.Г******* нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс Үндсэн зээл: 5.500.000 төгрөг,

Зээлийн хүү: 1.375.000 төгрөг /5 сар/,

Алданги: 2,750,000 төгрөг

Нийт 9.625.000 төгрөгийн зээл төлөхөөс 1.500.000 төгрөг төлж, 8.125.000 төгрөгийн зээлийг төлөлгүй манай компанид хохирол учруулаад байна.

Гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн өдрөөс хойш өнөөдрийг хүртэл манай “Топ брокөрс” ХХК-ийн зүгээс зээлдэгчтэй удаа дараа холбогдон зээлийн төлбөр, зээлийн хүүгийн төлбөр, алдангийг төлөхийг шаардахад зээлдэгч Г.Г******* нь зээлээ төлнө удахгүй мөнгө орж ирнэ гэж хэлж явсаар одоог хүргэсэн.

Иймд зээлдэгч Г.Г*******аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,125,000 төгрөгийг гаргуулж “Т*******” ХХК-д олгож өгнө үү.

 

1.1.              Зээлийн гэрээний үүрэгт нийт 8,125,000 төгрөг гаргуулна. 3 сая гаруй төгрөг зээлсэн. Үүн дээр 500,000 төгрөг төлөөд өөр төлбөр төлөөгүй тул үүн дээр хүү алданги нэмж нэхэж байгаа юм. Зээлийн гэрээг компанийн М*******, Да Гү нар байгуулсан. Гү нар нь гүйцэтгэх захирал юм. Энэ 3 нь өөрийн оруулсан хөрөнгө оруулалтаар зээл гаргадаг байсан юм. Гү дээр Crown-ийн зээл гарсан ба нөгөө 2-т нь Портерын зээл гарсан. Тэр 2 нь зээлийн асуудал байхгүй гэдэг бөгөөд Гү дээр 500,000-г л төлдөг. Хариуцагч нь хурал дээр хольж яриад хурал хойшилсон. 5,5 өгсөн баримт өгөөгүй. Учир нь бэлнээр өгсөн юм. Баримт үйлдээгүй. Хариуцагчийн төлсөн гээд байгаа төлбөр нь өөр зээлийн төлөлт юм гэв.

 

2.                   Хариуцагч Г.Г******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2019.01.2-нд хадам дүү болох Б.Ггийн нэр дээр байдаг өөрийн машин болох /УБТ/ Портероо Топ брокер ХХК-д барьцаанд тавьж 1,500,000 төгрөг зээлэн авсан. Ингээд Т******* ХХК болох ажилчин Э.М*******тай гэрээ хийн зээлэв. Зээлээ эхнэр болох Б.Гэын данснаас хийж эхэлсэн.

Төлөлт 1- 2019.01.29-нд Э.М******* тоот дансанд 90,000 төгрөг хийв. Утга УБТ

Төлөлт 2-2019.05.09-нд З.Да Т******* ХХК ажилчин гэх данс уруу хий гэсний дагуу тоот дансанд 1,000,000 УБТ зээл хийв.

Ингээд ахин Т******* ХХК-д өөрийн нэр дээрх******* УНП Crown болох машинаа 2019.05.13-нд Т******* ХХК ажилчин болох З.Датой гэрээ хийн машинаа барьцаанд тавин 4,000,000 төгрөг зээлсэн болно. З.Да төлөлтөө хийхээр асуутал өөрийн данс болох З.Да данс өгсөн. Энэ данс уруу хий гэв. Ингээд төлөлтөө давхар хийж эхэлсэн. 300,000 нэмж хийгээд Портер маань суларч дуусаж байгаа болно.

Төлөлт 4-2019.08.02-нд З.Да 5075633773 тоот 1,000,000 төгрөг, утга УБТ,******* Crown зээл төлөв. 2 хувааж хийнэ гэсэн цаашаагаа.

Төлөлт 5-2019.09.7-нд З.Да данс 5075633773 тоот дансанд 1,000,000, утга******* УНП зээл хийв.

Төлөлт 6-2019.12.06-нд З.Да тоот данс болох -утга******* Crown Портер 400,000 хийв.

Төлөлт 7- 2020.06.28-нд хадам дүү болох Б.Гэын данснаас зээл хийсэн 5114211112 тоот данснаас Н.Гү болох дансанд утга 500,000 хийв.******* УНП Crown зээл хийв.

Төлөлт 8- 2020.11.05-нд Г.Хүрэлчимэг болох төрсөн дүүгийнхээ данснаас 500,000 төлсөн. /5009674703/- Н.Гү тоот дансанд 500,000 төгрөг хийсэн. Утга******* Crown

2021.07.03-нд хүргэн дүү болох Г.Мын данснаас Н.Гү тоот дансанд 500,000 төгрөг. Утга******* УНП Crown төлөлт хийв.

Мөн машинаа хураалган буцааж авахдаа 1,500,000 төгрөг бэлэн өгсөн ийм учраас Н.Гү тоот дансны хуулгыг мөн харгалзан үзэж хооронд шалгаж өгнө үү. 3-н янзын данс өгдөг байсан төлөлтүүд хийсэн. Улс даяараа өвчин зовлон гарч ажил хийх бүрэн боломжгүй болж төлөлт маань 2 зогсон 2 жил юм. Иймээс харгалзан үзэж үнэн зөв шийдэж өгнө үү. Яагаад утга учиргүй ийм их мөнгө нэхэж байгааг ойлгохгүй байна. Ажилчин болох З.Да мөн хамаатуулан шалгаж өгнө үү гэжээ.

 

3.                   Зохигч дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.

3а. Нэхэмжлэгчээс: Зээлийн гэрээ /1ХХ5/, фидуцийн гэрээ /1ХХ6/, зээл буцаан төлөх хуваарь /1ХХ7/, Хаан банк дахь Н.Гүгийн дансны хуулга /1ХХ9-12/

3б. Хариуцагчаас: Фидуцийн гэрээ /1ХХ72/, зээлийн гэрээ /1ХХ43-44/, Хаан банк дахь Б.Гэрэлтсувдын дансны хуулга /1ХХ47-53/

3.1.              Шүүх журмаар гаргуулсан баримт: Хаан банкны дансны лавлагаа /1ХХ64/, Э.М*******ын дансны хуулга /1ХХ65-139/, З.Даийн дансны хуулга /1ХХ140-184/, Н.Гүгийн дансны хуулга /1ХХ185-250, 2ХХ1-113/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.                   Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 3,750,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,375,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.                   Нэхэмжлэгч “Т*******” ХХК нь******* УНП улсын дугаартай Toyota Crown маркийн автомашин барьцаалж авсан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5,500,000 төгрөг, хүү 1,375,000 төгрөг, алданги 2,750,000 төгрөг, нийт 9,625,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.                   Хариуцагч Г.Г******* нь Porter маркийн автомашин барьцаалан 1,500,000 төгрөг, Crown маркийн автомашин барьцаалан 4,000,000 төгрөгийн зээл авсан. Porter маркийн автомашин барьцаалсан зээлийг төлж дууссан. Харин Crown маркийн автомашин барьцаалсан зээлийг өөрийн болон төрөл садны данснаас тодорхой хэмжээний буцаан төлөлт хийсэн. Одоо шаардаж байгаа мөнгө нь хэт их гэж маргасан бөгөөд үлдэгдэл төлбөр төлөгдөөгүй талаар маргаагүй боловч үлдэх төлбөр хэд байгаа талаар тайлбарлаагүй байна.

 

4.                   Нэхэмжлэгч нь******* УНП улсын дугаартай Toyota Crown маркийн автомашин барьцаалж авсан зээлийн гэрээний үүрэгтэй холбогдуулан нэхэмжлэл гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд дүгнэлт өгч шийдвэр гаргана.

 

5.                   Зохигч 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 5,500,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээ байгуулсан байна. /1ХХ5/

Зээлийн гэрээг 6 сарын хугацаатайгаар байгуулж, 30 хоног буюу сард 5 хувийн хүү, хугацаа хэтэрсэн тохиолдолд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцжээ.

5.1.              Нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд тэрээр барьцаалан зээлдэх үйл ажиллагаа явуулах бүртгэлтэй. /1ХХ8/

Үүнээс үзэхэд зээлийн гэрээг бичгийн хэлбэрээр байгуулж, хүү тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.5, 286.2-т заасантай нийцсэн байна.

 

6.                   Нэхэмжлэгч нь энэхүү гэрээний дагуу 5,500,000 төгрөг олгосон гэж тайлбарласан бол хариуцагч нь дээрх автомашиныг барьцаалж 4,000,000 төгрөгийн зээл авсан гэж шүүхэд гаргасан тайлбартаа дурджээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь тухайн зээлийг бэлэн мөнгөөр олгосон бөгөөд мөнгө олгосон баримт байхгүй гэж шүүх хуралдаанд тайлбарласан. Иймд шүүх нэмэлт баримт гаргуулахаар хуралдааныг хойшлуулах шаардлагагүй.

Дээрхээс үзэхэд нотолгооны хуваарилалтын хувьд олгосон зээлийг нэхэмжлэгч тал нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээ болох 4,000,000 төгрөгийн зээл олгогдож, энэ хэмжээнд гэрээ хэрэгжсэн гэж үзнэ. Учир нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээл олгосноор зээлийн гэрээ хүчин төгөлдөр болдог.

 

7.                   Нэхэмжлэгч нь хариуцагчийг 500,000 төгрөгөөр 3 удаа, нийт 1,500,000 төгрөг буцаан төлсөн гэж тайлбарласан. Хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбартаа маргаж буй зээл болон өмнөх зээлд 90,000 төгрөг, 120,000 төгрөг, 1,000,000 төгрөгийг 51-63 УБТ улсын дугаартай автомашин барьцаалсан зээлд, харин 51-63 УБТ болон******* УНП улсын дугаартай автомашин барьцаалсан 2 зээлд 1,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 400,000 төгрөг, 500,000 төгрөг, 500,000 төгрөг, 500,000 төгрөг, 1,500,000 төгрөг тус тус төлсөн гэж тайлбарласан байна.

Хариуцагчийн тайлбарт 1-3 гэж дугаарласан нийт 1,210,000 төгрөгийн зээлийн буцаан төлөлт нэхэмжлэлийн үндэслэлд буюу маргаж буй зээлд хамааралгүй байна.

Харин бусад төлөлтийг 2 зээлийн үүргийг хамтадган төлж байсан гэж ойлгогдож байна.

Цаашлаад нэхэмжлэгч нь 3 удаагийн үйлдлээр тус бүр 500,000 төгрөг, нийт 1,500,000 төгрөг төлөгдсөн талаар маргаагүй тул 2 зээлийн төлбөрт төлсөн гэж хариуцагчийн тайлбарын төлөлт 7, 8 болон түүний дор дурдсан 3 удаагийн үйлдлээр тус бүр 500,000 төгрөгийн төлөлт хийгдсэн гэж үзнэ. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцээний зарчмаар явагдах тул зохигчийн маргаагүй үйл баримтыг шүүх нотлох шаардлагагүй юм. /1ХХ9, 10, 12/

Иймд зохигчийн зээлийн эргэн төлөлтийн талаар маргаж буй зүйл нь хариуцагчийн тайлбарт дурдсан 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1,000,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 400,000 төгрөг болон машиныг буцаан авахдаа 1,500,000 төгрөг бэлнээр төлсөн гэх үйл баримт болж байна.

7.1.              Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэгч “Т*******” ХХК-г Э.М*******, З.Да, Н.Гү нар байгуулсан. Н.Гү нь гүйцэтгэх захирал юм гэж тайлбарласнаас үзэхэд тухайн этгээдүүд нь хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан гэж ойлгогдож байна. Өөрөөр хэлбэл хариуцагчаас тэдгээрт төлсөн төлбөрийг зээлийн эргэн төлөлт гэж үзэхээр байна.

7.2.              Хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбартаа З.Даид 3 удаагийн үйлдлээр нийт 2,400,000 төгрөг төлсөн гэжээ. Улмаар Хаан банк дахь З.Даийн дансны хуулганаас үзэхэд 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөгийг 51-63 болон 71-71, Г******* гэсэн утгаар, 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөгийг мөн ижил утгаар, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 400,000 төгрөгийг мөн ижил утгаар тус тус, нийт 2,400,000 төгрөг шилжүүлсэн байна. /1ХХ144, 146, 151/

Харин бэлнээр төлсөн гэх 1,500,000 төгрөгийн хувьд хариуцагч нь дээрх хуульд заасан үүргийн дагуу өөрийн тайлбарыг нотлоогүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч нь уг төлбөрийг төлөөгүй гэж маргасан тул энэхүү 1,500,000 төгрөгийг төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Улмаар дээрх төлөгдсөн 3 удаагийн төлөлтийг аль зээлд хэрхэн тооцсон талаар нэхэмжлэгч тал баримтгүй гэж тайлбарласан бөгөөд хариуцагч нь 2 автомашины дугаар бичиж төлсөн, мөн энэ талаар тайлбарлаагүй тул зээл тус бүрд тэнцүү хэмжээгээр төлөлтийг тооцлоо. Иймд хариуцагч нь зохигч маргаагүй 1,500,000 төгрөг дээр нэмж 1,200,000 /2,400,000/2/ төгрөг, нийт 2,700,000 төгрөгийг нэхэмжлэлийн үндэслэл болсон зээлийн гэрээний үүрэгт төлжээ.

7.3.              Үүнээс хариуцагчид маргаж буй зээлийн гэрээний дагуу үүссэн үүргийг тооцвол үндсэн зээл 4,000,000 төгрөг, хүү сард 200,000 /4,000,000*5%/ төгрөг тул 6 сард 1,200,000 төгрөг юм.

Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дуусаж, 2022 оны 10 дугаар сарын 31-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд зээлийг буцаан төлөх хугацааг 741 \365*2+11\ хоног хэтрүүлсэн байна.

Дээрхээс дүгнэвэл үндсэн зээл, хүүгийн үүрэг нь 5,200,000 төгрөг тул буцаан төлсөн 2,700,000 төгрөгийг хасвал төлөгдөөгүй үүрэг нь 2,500,000 төгрөг юм.

Иймд гэрээний 2.3-т зааснаар алдангийг  тооцвол 1 хоногт 12,500 /2,500,000*0.5%/ төгрөг бөгөөд 741 хоногт 9,262,500 төгрөг тооцогдоно. Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алданги нь гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрэх боломжгүй тул нэхэмжлэгч нь алдангид 1,250,000 төгрөг шаардах эрхтэй.

Эдгээр үндэслэл, тооцооллыг бүхэлд нь нэгтгэн тооцоод хариуцагчаас  3,750,000 /2,500,000+1,250,000/ төгрөг гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,375,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

8.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.                   Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.2, 232 дугаар зүйлийн 232.6-т зааснаар хариуцагч Г.Г*******аас 3,750,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Т*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,375,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 144,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 74,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                            Д.ГАНБОЛД