2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2025/01202

 

 

 

 

 

 

 

 

                           2025         02          10

                       191/ШШ2025/01202

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, шүүгч О.Аззаяа, шүүгч Д.Батхуяг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, ...... тоот хаягт оршин суух, Б******* овогт С*******ын Б******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 08 дугаар хороо, .....тоот хаягт оршин суух, У******* овогт Т*******ийн М******* /рд:*******/,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, ..... тоот хаягт оршин суух, Б******* овогт Мын Х /рд:/ нарт холбогдох,

 

Зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохиролд 17,411,450 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, Д.Т, иргэдийн төлөөлөгч Б.У,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.

                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.            Нэхэмжлэгч С.Б******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн эзэмшлийн УБЗ улсын дугаартай Тоёота Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслээр 2024 оны 7-р сарын 24-ний өдөр Улаанбаатар хот чиглэлд Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт зорчиж байх үед 19 цаг орчмын үед УБЭ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэл ардаас мөргөсөн.

Осол болох үед УБЭ Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Т.М*******ийн жолооны үнэмлэхийг үзэхэд 2021 оны 12-р сарын 31-ны өдрөөр жолоочийн үнэмлэхийн нь хугацаа дууссан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн байсан.

Осол болсон газар нь Улаанбаатар хотоос 350 орчим километрийн зайтай бөгөөд миний бие энэ асуудлаар цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд дуудлага өгч Өвөрхангай аймгийн Өлзийт, Бүрд сумын цагдаа ирж холбогдох арга хэмжээг авсан. Тухайн үед цагдаа холбогдох арга хэмжээг авах, тайлбар өгөх гэх мэт ажлууд болсоор миний хувьд осол болсон газраас 23 цагийн орчимд хөдөлж, 2024 оны 7-р сарын 25-ны өглөөний 05 цагийн орчимд Улаанбаатар хотод ирсэн. Машины арын хэсэг гэмтсэний улмаас дохиолол тасралтгүй дугарч зорчиход хүндрэлтэй байсан. Үүнтэй холбоотойгоор шинжээч Ц.Болдбаатарын 2024 оны 7-р сарын 26-ны өдрийн 44 тоот Техникийн шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд уг дүгнэлтээр:

•          “УБЗ      улсын дугаартай     Тоёота           Ланд   крусер 200 маркийн тээврийн хэрэгслийн жолооч С.Б******* нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй байна.

•          УБЭ       улсын дугаартай     цагаан           өнгийн           Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч Т.М******* нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байна. Үүнд:

o   МУ-ын ЗХД-ийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино;

o   МУ-ын ЗХД-ийн 11.14-т Жолооч урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна’ гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Энэ нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна”.

Улмаар, УБЭ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож осол гаргасан Т.М*******д Өвөрхангай аймгийн Бүрд сумын хэсгийн төлөөлөгч д/ч Д.Дийн 2024 оны 8-р сарын 13-ны өдрийн 0089362 дугаартай Шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл оногдуулсан.

Бид машиндаа гурвуулаа зорчиж байсан бөгөөд толгой дүүрч өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрч байсан. Ингээд 2024 оны 7-р сарын 25-ны шинжилгээ өгөх, 2024 оны 7-р сарын 26-ны өдөр машинаа завсарт өгөх зэрэг зүйлс хийсэн.

Машинаа авто засварт үзүүлэхэд хойд гупер, багажны хаалга, гэрэл, баруун хойд крыло болон тэдгээрийн дагалдах сэлбэг хэрэгслийг бүхэлд нь солих шаардлагатай болсон буюу их хэмжээний хохирол учирсан болохыг олж мэдсэн.

Авто засвар үйлчилгээ гүйцэтгэдэг Т ХХК-с машиныг засварлах сэлбэг хэрэгсэл, ажил үйлчилгээний нийт хөлс нь 43,025,000 төгрөг болж байсан бөгөөд тухайн машиныг Т ХХК-с худалдан авсны хөнгөлөлт 35 хувийг тооцож, нийт хөлс нь 27,966,250 төгрөг болсон. Засвар, үйлчилгээг гүйцэтгэх явцад зарим сэлбэг нь Т ХХК-д бэлэн байгаагүй бөгөөд миний хувьд хугацаа болон зардал хэмнэх үүднээс тэдгээр сэлбэгүүдийг өөр, өөр газруудын сэлбэгийн худалдаанаас хайж олон, Т ХХК-д хүргэж өгсөн. Үүнд, баруун хойд багана 1,000,000 төгрөг, хойд доод хаалга 800,000 төгрөг, агаарын хавхалга 100,000 төгрөг, гуперийн утас 300,000 төгрөг, баруун доод нугасны хаалт таг 30,000 төгрөг, мөн үүн дээр баруун хойд баганыг тасалж авах, Т ХХК-д хүргэх зардал 150,000 төгрөг болсон.

Ингээд машины засвар 2024 оны 8-р сарын 30-ны өдөр буюу 1 сар орчмын хугацааны дараа дуусаж, би Т ХХК-с машинаа хүлээн авсан бөгөөд сэлбэг, засвар, үйлчилгээний хөлс нь 35,433,000 төгрөг болж, үүнээс тус компаниас машин худалдан авсны хөнгөлөлт 35 хувь хасагдаж, төлбөрт 23,031,450 төгрөг төлсөн. Дээр дурдсанчлан гаднаас хуучин сэлбэг хэрэгсэл авах зэргээр зардал хэмнэсний үр дүнд Т ХХК-д төлөх ажил, үйлчилгээ, сэлбэг хэрэгслийн нийт төлбөр 23,031,450 төгрөг болсон.

Үүн дээр гаднаас авсан хуучин сэлбэг, хэрэгслийн үнэ болох баруун хойд багана 1,000,000 төгрөг, хойд доод хаалга 800,000 төгрөг, агаарын хавхалга 100,000 төгрөг, гуперийн утас 300,000 төгрөг, баруун доод нугасны хаалт таг 30,000 төгрөг, мөн үүн дээр баруун хойд баганыг тасалж авах, Т ХХК-ийн засварын газарт хүргэх зардал 150,000 төгрөг нэмэгдэж 25,411,450 төгрөг болсон.

Хохирол учруулсан УБЭ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Т.М******* (хариуцагч 1) нь 2024 оны 8-р сарын 01-ны өдөр дээрх төлбөрөөс 8,000,000 төгрөгийг төлж барагдуулсан тул үүнийг хасвал миний эзэмшлийн тээврийн хэрэгсэлд учруулсан мөнгөн хохирлын хэмжээ нь 17,411,450 (арван долоон сая дөрвөн зуун арван нэгэн м дөрвөн зуун тавь) төгрөг болоод байгаа болно.

Осол болох үед УБЭ Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Т.М*******ийн жолооны үнэмлэхийг үзэхэд 2021 оны 12-р сарын 31-ны өдрөөр жолоочийн үнэмлэхийн нь хугацаа дууссан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн байсан.

УБЭ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзэхэд “Н” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байх бөгөөд тус тээврийн хэрэгсэл нь Т.М*******ийн хүргэн болох М.Х (хариуцагч 2)-ын эзэмшлийнх байна.

Иргэний хуулийн 499.1-т Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан.

Иймд, УБЭ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүдэлтэй надад учруулсан эд хөрөнгийн хохиролд 17,411,450 (арван долоон сая дөрвөн зуун арван нэгэн м дөрвөн зуун тавь) төгрөгийг хариуцагч Т.М*******, М.Х нараас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү.

Түүнчлэн, үзлэг, шинжилгээ болон энэ асуудлаас үүдэлтэй зардал, чирэгдэл, цалин хөлс, мөн 1 сар орчмын хугацаанд машинаа ашиглаж чадаагүйтэй холбоотой унаа, тээврийн зардлууд зэрэг бусад хохирол, зардлын баримтууд бий бөгөөд эдгээр хохирол, зардлыг нэхэмжлээгүй байгаа болохыг хариуцагч нар анхаарна уу.

1.1.              17,411,450 төгрөг гаргуулна. Би өөрийн машинаар 2024.7.24-нд явж байсан. Гэтэл араас мөргөж осол гарсан тул цагдаад дуудлага өгсөн. Цагдаагаас ирээд үзлэг хийсэн. Мөргөсөн машиныг М******* жолоодож явсан. Жолоодох эрхийн хугацаа дууссан байсан. Өөрийн хүргэний машиныг жолоодож яваа гэсэн юм. Осол 17 цагийн үед болсон тул 23 цагийн үед үзлэг дууссан. УБ хот уруу ирэхэд хүндрэлтэй байсан. Улмаар засварын газраар явсан. Эрүүл мэндийн үзлэг хийлгэсэн боловч нэхэмжлэл гаргаагүй. Олон засварын газраас санал авсан. Тоос худалдаж авсан тул 35 хувийн хөнгөлөлттэй гэсэн тул үнийн санал авсан. Бусад газар хөнгөлөлтгүй гэсэн тул өндөр үнэтэй байсан юм. Мөн Т нь баталгаатай газар байсан. Хариуцагчаас хохирол нэхэхэд 8 саяыг төлсөн бөгөөд үлдэх хэсгийг төлөх боломжгүй гэсэн. Ингээд хүлээх боломжгүй байсан тул засварыг хийлгэсэн. Тухайн үед хэд хэдэн сэлбэг байгаагүй бөгөөд 1-3 сар хүлээхээр байсан. Засварын ажил эхлээд хаад доод хаалга, багана зэрэг сэлбэг байгаагүй тул гаднаас авч суурилуулсан. Улмаар 2024.8.30-нд засвараас гарахад ямар ажил хийгдсэн талаар баримтыг өгсөн. Хэрэгт засвартай холбоотой баримтыг өгсөн. Засварлах боломжтой байсан бол аль болох боломжтой бага үнээр засуулах байсан юм. Их эвдрэлтэй тул солино гэсэн. Гэрэгэ нь машиныг бодитоор үзээд үнэлгээ гаргасан. Энэ нь зөрчлийн хэрэгт зориулж учирсан хохирлыг гаргасан. Энэ үнийн дүнгээр засвар хийх газар байгаагүй. Цэгэн гагнуур гэдгийг ганцхан Т хийдэг юм байна лээ. Гэрэгийн тогтоосноор цэгэн гагнуур хийгдэхгүй юм билээ. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаар дүгнэлт гарсан. Хариуцагч тал замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаар заасан байгаа юм. Улмаар зөрчлийн хэрэг шийдэгдэж шийтгэвэр хүчин төгөлдөр болсон. Энэ талаар хариуцагч гомдол гаргаагүй. 8 саяыг төлсөн төлсөн төлбөрөөс хасаад нэхэмжлэл гаргасан гэв.

 

2.            Хариуцагч Т.М*******, М.Х нарын төлөөлөгч Д.Т нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Б*******ы нэхэмжлэлтэй Т.М*******, М.Хт холбогдох иргэний хэрэг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа бөгөөд тус хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т миний бие дараах тайлбарыг хүргүүлж байна.

Хариуцагч Т.М******* нь 2024 оны 07 сарын 24-ний өдөр Улаанбаатар хот чиглэлд Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт зорчиж байх үедээ УБЗ улсын дугаартай Тоёото Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн.

Нэхэмжлэгч УБЗ улсын дугаартай Тоёото Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийн жолооч С.Б******* нь тухайн үедээ цагдаагийн байгууллагад мэдэгдэж Өвөрхангай аймгийн Бүрд сумын цагдаа ирж холбогдох арга хэмжээг хуульд заасны дагуу авсан. Автомашин мөргөсөнтэй холбоотойгоор шинжээч томилогдон ажилласан бөгөөд 2024 оны 07 сарын 26-ны өдөр шинжээчийн дүгнэлт гарсан. тус дүгнэлттэй холбоотойгоор улсын дугаартай цагаан өнгийн Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож осол гаргасан Т.М*******д Өвөрхангай аймгийн Бүрд сумын хэсгийн төлөөлөгч Д.Дийн 2024 оны 08 сарын 13-ны өдрийн 0089362 дугаартай Шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл оногдуулсан.

Тухайн үедээ нэхэмжлэгч С.Б*******тай харилцан тохиролцсоны дагуу автомашины хохиролд 8.000.000 төгрөгийг төлөхөөр болсон бөгөөд миний бие 2024 оны 08 сарын 01- ний өдөр тус төлбөрийг төлж барагдуулсан буюу миний зүгээс хохирлыг нэхэмжлэгчтэй тохиролцсон хэмжээгээр бүрэн төлсөн хэмээн үзэж байгаа болно. Нэгэнт талуудын харилцан тохиролцсон хохирлыг нөхөн төлсөн тул нэмэлт төлбөр дахин төлөх нь үндэслэлгүй юм.

Мөн нэхэмжлэгч С.Б******* нь харилцан тохиролцож автомашины бодит хохирол 8.000.000 төгрөг хэмээн тооцож учирсан хэмээн нэхэмжилсэн бөгөөд хохирлыг барагдуулсны дараа бодит бус, үндэслэлгүй хохирлыг нэхэмжилж буй үйлдэл нь хууль бус бөгөөд автомашинд учирсан эд зүйлийн элэгдлийг тооцох ёстой байтал шинэ эд ангийн үнээр тооцож нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд дурдсан нь учирсан хохирол гэж дүгнэх боломжгүй гэж үзэж байна.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т зааснаар учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй боловч дээрх зохицуулалтын хүрээнд “уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд оруулах, сэргээх үүрэгтэй болохоос нэхэмжлэгчийн тодорхой хугацаанд ашиглаж байсан эд хөрөнгийг шинэ зүйлээр сольж өгөх үүргийг хүлээхгүй билээ. Нэгэнт талууд тохиролцон хариуцагч нь автомашинд учирсан хохирлыг бүрэн төлж рагдуулсан тул нэхэмжлэгч С.Б*******ы “гэм хорын хохиролд 17.411.450 төгрөгийг гаргуулах тухай’’ нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.1.        С.Б*******ы нэхэмжлэлтэй Т.М*******, М.Хт холбогдох иргэний хэрэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хянагдаж байгаа бөгөөд тус хэрэгт хариуцагч М.Хын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т миний бие дараах тайлбарыг хүргүүлж байна.

С.Б*******ы нэхэмжлэлтэй Т.М******* болон М.Х нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч С.Б******* нь нэхэмжлэлдээ “УБЭ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзэхэд “Нэт Капитал авто” ХХК- ийн өмчлөлд бүртгэлтэй байх бөгөөд эзэмшигч нь М.Х байна хэмээн хариуцагчаар татсан байна.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1.3орчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй’" гэж заасан байх бөгөөд миний бие тухайн осол гардаг өдөр УБЭ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг унаж яваагүй бөгөөд миний буруутай үйл ажиллагаанаас авто тээврийн осол гараагүй тул хариуцах боломжгүй.

Иймд С.Б*******ы нэхэмжлэлтэй Т.М******* болон М.Х нарт холбогдох “УБЭ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүдэлтэй эд хөрөнгийн хохирлын төлбөрийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийн М.Хт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.2.              Хариуцагч М******* нь нэхэмжлэгчийн машиныг мөргөсөн байдаг. Цагдаагийн байгууллага үзлэг хийсэн. Улмаар шинжээчийн дүгнэлт гарсан. Ингээд 200,000 төгрөгөөр торгосон. Тухайн үед 8 саяыг төлөхөөр тохирч төлсөн. Үүний дараа зах зээлийн үнээс дээгүүр үнэлсэн нь хууль бус юм. Эд ангийн элэгдлийг тооцох байтал шинэ эд ангиар тооцсон нь бодит хохирол юм. Учирсан хохирлыг нөхөн төлөхөөр хуульд заасан байдаг. Хын буруугаас осол болоогүй тул зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Жолооны үнэмлэхийн хугацаа дууссан байсан тул хариуцлагын даатгалгүй байсан гэж ойлгосон. Хариуцлага хүлээх этгээдийг зөв тодорхойлох ёстой. Жолоодоогүй хүнийг хариуцагчаа татсан байна гэв.

 

3.                   Иргэдийн төлөөлөгч Б.У нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Х нь осол болох үед байгаагүй, оролцоогүй учраас энэ хэргийг ямар нэг байдлаар хариуцахгүй. Өөрөөр хэлбэл Х хариуцлага хүлээх шаардлагагүй гэж үзэж байна гэв.

 

4.                   Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ /ХХ8/, Т.М*******ийн иргэний үнэмлэхийн гэрэл зураг /ХХ9/, Т.М*******ийн жолоочийн үнэмлэхийн гэрэл зураг /ХХ10/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний гэрэл зураг /ХХ11/, техникийн шинжээчийн дүгнэлтийн хуулбар 2 ширхэг /ХХ12, 50-51/, шийтгэлийн хуудасны хуулбар /ХХ13/, нэхэмжлэх/үнийн саналын хуулбар /ХХ14/, зарлагын баримтын хуулбар 2 ширхэг /ХХ15, 16/, төлбөрийн баримтын хуулбар /ХХ17/, оношилгоо, засвар үйлчилгээний хуудасны хуулбар /ХХ18/, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлийн хуулбар 2 ширхэг /ХХ41, 43-45/, эрх бүхий албан тушаалтны тогтоолын хуулбар /ХХ42/, хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн хуулбар /ХХ46-49/, үнэлгээний тайлан 2 ширхэг /ХХ102-104, 105-107/

4.1.              Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: 79-96 УБЭ улсын дугаартай Toyota-Prius маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа /ХХ62-64/, худалдах худалдан авах гэрээний хуулбар /ХХ65-66/, М.Хын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /ХХ67/, 79-96 УБЭ улсын дугаартай Toyota-Prius XW30 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар 2 ширхэг /ХХ68, 72/, “Нэт капитал ББСБ” ХХК-ийн албан тоотын хуулбар 2 ширхэг /ХХ69, 71/, салбар төлөөлөгчийн газрын гэрчилгээний хуулбар /ХХ70/, “Нэт капитал ББСБ” ХХК-ийн албан тоот 2 ширхэг /ХХ73, 80/, зээлийн гэрээний хуулбар /ХХ74-76/, фидуцийн гэрээний хуулбар /ХХ77-79/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.                   Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч нь хариуцагч Т.М*******өөс татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч М.Хаас 17,231,450 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 180,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.                   Нэхэмжлэгч С.Б******* нь зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохиролд 17,411,450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.                   Хариуцагч Т.М******* нь осол болох үед хохирлын талаар тохиролцсон 8,000,000 төгрөгийг төлсөн гэж, хариуцагч М.Х нь осолд гэм буруугүй гэж тус тус нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

4.                   Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр нэхэмжлэлээ татан авах, өөрөөр хэлбэл нэг хариуцагчаас татгалзах эрхтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагч Т.М*******өөс татгалзах тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн тул татгалзлыг баталж, хариуцагч Т.М*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

5.                   Нэхэмжлэгч нь 2024 оны 07 дугаар сарын 24-ны өдөр Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрт улсын чанартай АО301 зам дээр УБЗ улсын дугаартай Toyota Land Cruiser-200 маркийн автомашин жолоодон хөдөлгөөнд оролцож явах үед хариуцагч Т.М******* нь УБЭ улсын дугаартай Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгслээр мөргөж зам тээврийн осол гаргасан болох нь эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, тогтоол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна. /ХХ41, 42, 43-49/

Энэхүү зам тээврийн осолд нэхэмжлэгч нь замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, харин хариуцагч Т.М******* нь замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 11.14-д заасныг зөрчсөний улмаар дээрх осол гаргасан болох нь техникийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 44 дүгээр дүгнэлтээр тогтоогдож байна. /ХХ50-51/

Улмаар хариуцагч Т.М******* нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан тул түүнийг 200,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. /ХХ13/

Энэхүү осолд өртсөн УБЗ улсын дугаартай Toyota Land Cruiser-200 маркийн автомашин нь нэхэмжлэгчийн өмч болох нь авто тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээгээр тогтоогдсон. /ХХ8/

Зам тээврийн осолд өртсөн УБЭ улсын дугаартай Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгслийг хариуцагч М.Х нь 2023 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр Н.Бат-Эрдэнээс худалдан авч, өөрийн өмчлөлд бүртгүүлсэн болох нь худалдах худалдан авах гэрээ, тээврийн хэрэгслийн өмчлөгчийн талаарх түүхчилсэн лавлагаагаар тогтоогдсон. /ХХ65-66, 63/

Хариуцагч М.Х нь уг автомашиныг “Нэт капитал ББСБ” ХХК-с 2023 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн зээлийн гэрээгээр 9,500,000 төгрөгийн зээлээр авсан тул уг автомашины нь мөн өдрийн фидуцийн гэрээний дагуу зээлдүүлэгчийн өмчлөлд бүртгэгдсэн болох нь холбогдох гэрээ, тус хуулийн этгээдийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01/605 дугаар албан тоот, тээврийн хэрэгслийн өмчлөгчийн лавлагаа зэрэг баримтаар тогтоогдож байна. /ХХ74-76, 77-79, 80, 63/

Эдгээрээс үзэхэд УБЭ улсын дугаартай Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгслийн бодит өмчлөгчийг хариуцагч М.Х гэж үзэх үндэслэлтэй.

Улмаар зам тээврийн осол болох үед уг автомашины өмчлөгч буюу хариуцагч М.Х нь хариуцагч Т.М*******д автомашиныг нь жолоодож замын хөдөлгөөнд оролцох эрхийг олгожээ.

Дээрх үйл баримтын талаар зохигч маргаагүй.

 

6.                   Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д зааснаар гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нь зөрчигдсөн эрхийг гэм хор учрахаас өмнөх байдалд сэргээх, эсхүл мөнгөөр төлөх үүрэгтэй. Мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар тээврийн хэрэгслийн өмчлөгч нь өөрөө тээврийн хэрэгсэл ашиглах эрхийг олгосон бол бусдад учирсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.

Цаашлаад Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь хамтран үүрэг гүйцэтгэгчийн хэн нэгнээс хохирлыг бүхэлд нь шаардах эрхтэй юм.

Иймд нэхэмжлэгч нь зам тээврийн ослын улмаас учирсан хохирлыг хариуцагч М.Хаас шаардах эрхтэй байна.

 

7.              “Г” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн үнэлгээний тайлангаас үзэхэд зам тээврийн ослын улмаас автомашины эд ангид их хэмжээний хохирол учирсан гэжээ. /ХХ102-104, 105-107/

Иймд хариуцагчийн төлөөлөгчийн зарим эд ангийг засварлах боломжтой байсан гэх тайлбар үгүйсгэгдсэн. Мөн осол болох үед хохирлыг 8,000,000 төгрөгөөр тохиролцсон гэх хариуцагч нарын төлөөлөгчийн тайлбар нь хэрэгт байгаа баримтаар тогтоогдоогүй бөгөөд нэхэмжлэгч нь үүнийг үгүйсгэж байна.

“Т” ХХК-ийн нэхэмжлэхээс үзэхэд нийт 43,025,000 төгрөгийн засвар үйлчилгээ хийгдсэн бөгөөд 35 хувийн хөнгөлөлт үзүүлж, 27,966,250 төгрөгийн төлбөр шаардсан байна. Түүнчлэн энэхүү нэхэмжлэлд дурдсан эд анги нь үнэлгээний тайланд дурдсан эд ангиудтай тохирч байна. /ХХ14/

Үүний дагуу нэхэмжлэгч нь засвар үйлчилгээний хөлсөнд нийт 23,031,450 төгрөг төлсөн баримтыг шүүхэд ирүүлсэн. /ХХ17/

Улмаар зарим эд ангийг өөр газраас худалдаж авсан болох нь 2 ширхэг зарлагын баримтаар тогтоогдож байна. /ХХ15, 16/

Иймд дээрх хуульд зааснаар хохирлыг гэм хор учрахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй тул бодитоор гарсан зардлаар хохирлын хэмжээг тооцох нь зүйтэй юм.

Дээрх үндэслэлийг бүхэлд нь нэгтгэн дүгнэвэл бодитоор төлсөн төлбөр болох 25,231,450 /23,031,450+300,000+1,900,000/ төгрөгөөс зохигч маргаагүй хариуцагч Т.М*******ийн төлсөн мөнгөн дүн болох 8,000,000 төгрөгийг хасаад үлдэх 17,231,450 төгрөгийг хариуцагч М.Хаас гаргуулах үндэслэлтэй байна.

7.1.              Харин нэхэмжлэлд дурдсан нугасны хаалт таг худалдан авахад 30,000 төгрөг, хүргэлтэд 150,000 төгрөг төлсөн нь хэрэгт байгаа баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 180,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

 

8.                   Иргэдийн төлөөлөгчийн зам тээврийн осолд хариуцагч М.Х гэм буруугүй тул түүнээс төлбөр шаардах үндэслэлгүй гэх дүгнэлт нь Иргэний хуулийн  499 дүгээр зүйлийн 499.4-т заасантай нийцэхгүй байх тул шийдвэрийн үндэслэл болох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

9.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.                   Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч М.Хаас 17,231,450 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Б*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 180,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Т.М*******өөс татгалзсаныг баталж, хариуцагч Т.М*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 245,008 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Хаас 244,107.25 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

4.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ГАНБОЛД

 

                                           ШҮҮГЧИД                                     О.АЗЗАЯА

 

                                                                                                 Д.БАТХУЯГ