2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2025/01189

 

 

 

 

 

 

 

 

                           2025         02          10

                      191/ШШ2025/01189

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, С, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, ..... тоотод оршин суух, Х******* овогт Б*******ийн А******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С дүүрэг, 1 дүгээр хороо, ..... оршин байрлах, “О*******” ГХОХХК /рд:*******/-д холбогдох,

 

2022 оны 9-11 дүгээр сарын илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлсөнд нийт 10,239,768 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П*******,  нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х*******, хариуцагчийн өмгөөлөгч С.Б, З.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг  нар оролцов.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

1.                   Нэхэмжлэгч Б.А*******, түүний төлөөлөгч А.П*******, өмгөөлөгч Б.Т******* нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.П******* миний бие нэхэмжлэгч Б.А*******гийн (цаашид “Нэхэмжлэгч” гэх) олгосон итгэмжлэлд заасан бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Нэхэмжлэгч Б.А******* нь О******* ХХК-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байгаа болно. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орж, 14 хоног кампус дээр ажиллаж, 14 хоног амарч байна. Өөрөөр хэлбэл нэг өдөрт ажиллах ажлын цаг нь 12 (арван хоёр) цаг байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт “Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно" гэж заасны дагуу нэхэмжлэгч нь ээлжийн хуваариар буюу нэг гарахдаа 12 цагаар ажиллаж мөн хуулийн 92.4 дэх хэсэгт заасны дагуу нэг ээлжид ажил үүргээ 14 хоног гүйцэтгээд 14 хоног амарч байна. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дах хэсэгт “Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно гэж хуульчилсан. Мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт “Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно” гэж заасан. Тодруулбал, ажилчдыг нөхөн амраалгүй 14 хоног, 12 цагаар ажиллуулж байгаа буюу өдөр бүр дунджаар 4 цаг илүү ажиллуулж байгаа боловч хуульд заасан илүү цагийн хөлс олгохгүй байгаа тул энэ хүү илүү цагийн хөлсийг дундаж цалин хөлсөө бодож, Оюутолгой ХХК-с 2,990,343 (хоёр сая есөн зуун ерэн мянга гурван зуун дөчин гурван) төгрөгийг шаардаж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2 дугаар зүйлд заасны дагуу нь Б.А*******гийн илүү цагийн сүүлийн 3 сарын хөлсийг 2023 оны 09 дүгээр сарын 5,503,727 төгрөг, 10 сарын 4,684,076 төгрөг, 11 сарын 8,039,048 төгрөгийн цалингаас, нэг цагийн цалингийн хөлсийг тооцоход 35,599.32 төгрөг, 168 цагийн илүү цагийн хөлс 2,990,343 төгрөг байна.

Иймээс “Оюу Толгой” ХХК-с 2,990,343 (хоёр сая есөн зуун ерэн мянга гурван зуун дөчин гурван) төгрөгийг гаргуулж Б.А*******д олгож өгнө үү.

 

1.1.              Тус шүүхэд Б.А******* (цаашид “Нэхэмжлэгч” гэх)-ын нэхэмжлэлтэй “Оюу Толгой” ХХК- д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О******* ХХК-с гаргуулсан нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна. Нэхэмжлэгч нь 2022 оны 09, 10, 11-р саруудын илүү цагийн хөлсийг шаардаж байгаа билээ.

Нэхэмжлэлийн шаардлага

О******* ХХК-с дор дурдсан хэмжээгээр илүү цагийн хөлсийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү.

1. Б.А******* 2022 оны 09 сараас 2022 оны 11 сарын илүү цагийн хөлс 2,990,343 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг 7.249.425 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 10,239,768 /арван сая хоёр зуун гучин есөн мянга долоон зуун жаран найман/ төгрөг;

Нэхэмжлэлийн агуулга, үндэслэл

Нэг. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага буюу тооцооллын үндэслэл:

1.             Нэхэмжлэгч Б.А******* нэхэмжлэлийн шаардлагын тооцоолол

 

Сар

Илүү цаг

Нэг цагийн хөлс

Илүү цагийн хөлс*1,5

1

2022.09

56

44,243

3,716,412

2

2022.10

56

39,335

3,304,140

3

2022.11

56

38,324

3,219,216

 

 

 

 

10,239,768

 

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44.1.2 дах хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 173.3 дэх хэсэгт тус тус заасны дагуу Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Хоёр. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасны дагуу дараах урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийсэн. Үүнд:

1.  2023 оны 02 сарын 17-ны Оюу Толгой ХХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах зөвлөлд гаргасан, Гомдлын хариу 2023 оны 03 сарын 01-ний өдөр Гомдол буцаах тухай гэж ирсэн;

2.    Дахин 2023 оны 03 сарын 10-ны өдөр Оюу Толгой ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасан, Гомдлын хариу 2023 оны 03 сарын 16-ны өдөр Гомдол буцаах тухай гэж ирсэн;

3.    2023 оны 03 сарын 29-ний өдөр С дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд гомдол гаргасан;

4.    СБД-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хорооны хурал 2023 оны 04 сарын 21-ний өдөр болж, талууд эвлэрч, харилцан тохиролцоогүй тул урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болж тэмдэглэлийг гардаж авснаас хойш ажлын 10 хоногт шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсан;

5.    3 талт хорооны тэмдэглэлд дурдсан ажлын 10 хоногт багтаан С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийг 2023 оны 05 сарын 11-ний өдөр хүлээлгэн өгч, мэдээлэл лавлагааны ажилтан 2023 оны 05 сарын 12-ны өдөр нэхэмжлэлийг мэдээллийн системд бүртгэж оруулсан;

6.    С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 05 сарын 19-ний өдрийн 181/Ш32023/08879 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан;

7.    Шүүгчийн захирамжид заасан зөрчлийг арилгаж 2023 оны 06 сарын 06-ны өдөр С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж Энэхүү иргэний хэрэг үүсэж хуульд заасны дагуу дээрх урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийсэн байна.

Гурав. Хууль зүйн үндэслэлийн тухайд:

Хариуцагчийн хариу тайлбарын Нэг дэх хэсэгт " . . Үүнээс дүгнэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн уртын ээлжийн зохицуулалт буюу 92 дугаар зүйлийн 92.1, 92.3 болон 92.4 дэх хэсэг нь илүү цагаар ажилласныг нөхөн амраах хэлбэрээр зохицуулсан тусгай зохицуулалт болох нь тодорхой байна гэсэн тухайд

Хөдөлмөрийн тухай хууль (цаашид, ХтХ гэх)-ийн 92 дугаар зүйл нь Уртын ээлжээр ажиллах ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлж байгаа уул уурхай, олборлох салбарын ажлын горимыг тусгайлан зохицуулсан.

ХтХ-ийн 92.3 дах хэсэгт “Уртын ээлжээр ажиллах ажилтны өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1- д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно”, мөн хуулийн 92.4 дэх хэсэгт “Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна” гэж заасан. Эдгээр заалтыг хууль тайлбарлах Системийн (Systematic interpretation) аргын хүрээнд авч үзвэл:

1.           Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэлийг 12 цагаас илүүгүй байх гэж нэг өдөрт ажил гүйцэтгэх дээд хугацааг заасан;

2.           12 цагаар ажиллаж болохыг зөвшөөрөөд гэхдээ энэ тохиолдолд ХтХ-ийн 87 дугаар зүйлийг баримтлан буюу нэг ээлжийн ажлын үргэлжлэх хугацааг 8 цагаар тооцож зөрүү цагийг илүү цагаар бодохыг тодорхойлсон;

3.            Ингээд ХтХ-ийн 87.2-т заасны дагуу илүү цагийн хэмжээг тооцоод 109.1-т заасны дагуу илүү цагийн хөлсийг 1,5 дахин нэмэгдүүлж өгөхийг мөн тодорхой заасан.  

4.            Гэтэл ХтХ-ийн 109.1 дэх хэсэгт “Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно” - буюу ажилтныг нөхөн амруулаагүй бол нэмэгдэл хөлс тооцож олгохоор хуулиар зохицуулсан. Энэ тохиолдолд Нөхөн амраасан тохиолдолд ажил амралтын горим зөрчигдөх талаар хариуцагч талын зүгээс тайлбарладаг. Гэвч ХтХ-ийн 92.4 дэх хэсэгт “Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна” -гэж Уртын ээлжийн ажилтны ажил, амралтын цагийг тусгайлан хуулиар хатуу тогтоож өгсөн. Үүнээс уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтанд Нөхөн амраах зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэдэг нь тодорхой байна. Тодруулбал, Уртын ээлжийн ажилтны ажил, амралтын цагийг хатуу тогтоож нөхөн амраах боломжгүй байгаа тул ажилтанд 109.1-т заасны дагуу илүү цагийн хөлсийг тооцож олгох талаар ХтХ-ийн 92.3 дах хэсгийн зорилго тодорхой харагдана.

Иймд хариуцагчийн ирүүлсэн “Хэрэв уртын ээлжээр өдөрт 12 цаг ажиллаж болох хуулийн тусгай зохицуулалтыг үгүйсгэвэл, өдөрт 4 цаг илүү ажилласан, 14 хоногт 56 цаг илүү ажилласан байх үр дагавар үүснэ. Энэ тохиолдолд ажил олгогч ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасны дагуу нөхөн амраах үүрэг үүсэх бөгөөд 56 цагийн илүү цаг нь 14+7=21 хоног нөхөж амраах үр дагавартай. Өөрөөр хэлбэл эцсийн дүндээ 6 сар тутам 105 хоног, жилд 210 хоног амрах үр дагаварт хүргэх бөгөөд байгууллага ажилтангүй, ажилтан цалин хөлсний орлогогүй болохоор байна” гэсэн хариу тайлбар үндэслэлгүй буюу Уртын ээлжээр ажиллаж буй ажилтан ХтХ-ийн 92.4-ийг баримталж ажил, амралтын цаг тэнцүү ажиллах тул нөхөн амраах үр дагаварт ажил олгогч хүрэхгүй юм.

5.            ХтХ-ийн 92.4 дэх хэсгийг Хуулийн нэгдмэл тогтолцооны хүрээнд авч үзвэл Уртын ээлжийн ажилтны ажиллах, амрах хугацааг тэнцүү байхыг хуульчилсан ба ингэхдээ 92.4-т заасан илүү цагийн хөлсийг олгохыг тусгайлан зохицуулсан буюу 92.4- т заасан амралт нь ажилтныг нөхөн амрааж байгаа бус Уул уурхай, олборлох салбарт тасралтгүй 14 хоног ажиллаж байгаагийн хувьд хуулиар тогтоож өгсөн амралт юм. Энэхүү хуулиар олгосон амралтын хоногийг хариуцагч компанийн зүгээс Нөхөн амраах хоногт хүчээр оруулан тооцож, мөн ердийн ажлын цагийн горим буюу 7 хоногийн 5 өдөр ажиллаад гэртээ харьж амраад амралтын өдрөөр амарч байгаа ажилтантай жишин тайлбарлаж байгаа нь ХтХ-ийн 92 дугаар зүйлд нийцэхгүй юм.

6.            Мөн дээрх Хуулийн зохицуулалтууд нь Ажил амралтын цаг тэнцүү байх буюу 1:1 гэсэн үндсэн зарчмыг баримталсан. Ингэхдээ илүү цагаар ажиллуулсан тохиолдолд нөхөн амруулахгүйгээр энэ ажил амралтын горимоо баримтлаад илүү цагийн хөлсийг тооцож олгоорой гэдгийг тодорхой зааж өгсөн. Хариуцагч талын ирүүлсэн тайлбарт . . Хөдөлмөрийн тухай хуулийн 92.4-т 14 хоног ажиллаж, 14 хоног амрах зохицуулалтыг оруулахдаа ажил, амралтын харьцаа 1:3 байх шинжлэх ухааны үндэслэлийг баримталсан байна” гэж ирүүлсэн. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 92.4, 92.5 дах зохицуулалтууд нь ажил, амралтын цагийг тэнцүү байх зарчмыг баримталсан байдаг. Яагаад Хөдөлмөрийн тухай хуулийн нийтлэг зохицуулалтаас ялгаатай зохицуулсан талаар тодруулбал,

- Хүний эрхийн суурь онолын үүднээс авч үзвэл Энэхүү тусгай зохицуулалт нь Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд Эерэг ялгаварлалыг бий болгож байна. Хууль нь хүн бүрийн эрхийг тэгш зохицуулах үндсэн зорилготой байдаг ч хуулиар эерэг ялгаварлал үүсгэх шаардлага гарсан тохиолдлыг хүлээн зөвшөөрдөг.

Тухайлбал, Улсын Их Хуралд эмэгтэй гишүүд сонгогдох квотыг Улс төрийн намын тухай хуулиар тогтоож өгөх, Нийгмийн халамжийн тухай хуулиуд - Халамжийн бодлого, Хөдөлмөрийн тухай хуулийн Уртын ээлжийн зохицуулалт буюу Нийгэм эдийн засгийн үүднээс авч үзвэл Монгол Улсын дахин сэргээгдэхгүй баялгийг олборлож байгаа аж ахуй нэгж байгууллагын хувьд бусад салбараас илүү өндөр цалин хөлсний хэмжээ байх, Оршин суугаа газраас өөр алслагдсан газар ажиллах, хүнд нөхцөлд ажиллах, амь насны эрсдэл ердийн горимоор ажиллаж байгаа, тасралтгүй 14 хоног ажиллаж байгаа нь иргэний эрүүл мэнд гэх мэт олон нөлөөлөх хүчин зүйл хамаарна.

Алагчлахгүй байх (ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт) тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 111 дүгээр конвенцын 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Тодорхой ажлын

онцлогтой холбоотой тавигдах шаардлагад үндэслэн ялгаварлах,............................. , эсхүл давуу

байдал олгох үйлдлийг “алагчлах” хэмээх ойлголтод хамааруулахгүй” гэж заасан. Энэхүү конвенцын хүрээнд ажлын онцлог, түүнд тавигдах шаардлагаас хамаарч тусгайлан зохицуулахыг мөн зөвшөөрсөн.

Энэхүү тусгайлсан зохицуулалт нь Уртын ээлжээр уул уурхай, олборлох салбарт ажиллаж байгаа ажилтны ажиллах, амрах хугацааг хуулиар тогтоож өгсөн байна. Ингэхдээ ажил амралтын цаг тэнцүү байх буюу 1:1 зарчмыг баримталсан.

Ийнхүү хуулиар ажил, амралтын цагийг нарийвчлан тогтоож өгснөөр ажилтны илүү цагаар ажилласан хугацааг ХтХ-ийн 109.1-т заасны дагуу нөхөн амраасан байх урьдчилсан нөхцөлийг ажил олгогч хэрэглэхгүй харин илүү цагийн хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлэн олгох хууль зүйн үр дагаварт хүргэж байна. Ингэж олгохдоо ХтХ-ийн 87 дугаар зүйлийг баримтлан нэг ээлжийн ердийн ажлын цагийн үргэлжлэлийг 8 цагаар тооцохыг тодорхой заасан. Ингэснээр ажил амралтын горим алдагдах, байгууллага ажилтангүй болох, ажилтан цалин хөлсний орлогогүй болох үр дагаварт хүрэхгүй байхаар хууль тогтоогч ХтХ-иар зохицуулсан байна.

Иймд нэхэмжлэгч дээрх байдлаар нэхэмжлэлээ шаардлагаа нэмэгдүүлж, нэхэмжлэлийн шаардлагын тооцоолол, хууль зүйн үндэслэл, урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар шүүхэд дэлгэрэнгүй байдлаар гарган өгч байна.

 

1.2.              Хэрэгт байгаа Англи хэл дээрх баримтыг Монгол хэл дээр нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа өгч байна. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 10,239,768 төгрөг гаргуулна. 2022 оны 9, 10, 11 сарын илүү цагийн ажлын хөлсийг шаардаж байгаа юм. 2022 оны 1 сард гэрээ байгуулан хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Уртаар ажиллах цаг нь 12 цагаас илүү бөгөөд нэмэлт цалин хөлс өгөхөөр заасан. Мөн нөхөн амруулаагүй бол нэмэлт өгөхөөр заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 54 зааснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн. Хөдөлмөрийн маргаан таслах зөвлөлд гомдол гаргаад буцаагдсан. Дараа нь хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасан боловч буцаасан. Ингээд 3 талт хороонд гомдол гаргасан. Уг хурлаар талууд эвлэрээгүй тул тэмдэглэл 2023.4.21-нд гарсан. Үүний дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч мэдээлэл лавлагааны ажилтан хоцорч бүртгэсэн байдаг. Улмаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Улмаар зөрчлийг арилгаж дахин нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэгчид дээрх мөнгийг гаргаж өгнө үү. Задаргааны хувьд 2022 оны 9 сард 56 цаг илүү, 1 цаг 44.2943 төгрөг, 10 сард 56 цаг, 1 цаг нь 39,335 төгрөг, 11 сард 56 цаг, 1 цаг нь 38,324 төгрөг болж байгаа юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 92-т уртын цаг нь 12 байж болохоор заасан тул 12 цаг ажилласан байдаг.

 

1.3.              Эхлээд Үйлдвэрчний эвлэлийн хороонд гомдол анх гаргасан. Хамтын гэрээний 2.13-т Улсын дээд шүүхийн тогтоол гартал хэлэлцэхгүй, ажилтанд гомдол гаргахгүй гэсэн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 зааснаар дараа сард нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа үүсэх бөгөөд зөрчил нь давтагдаж үргэлжилсэн байдаг юм. Хөөн хэлэлцэх хугацааг түрүүн тайлбарласан. Цалин хөлсний журмаараа илүү цагийг тооцож авах авсан гэдэг. 12.1-д Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх ёстой гэдэг. Хэрэв зөрчигдвөл хүчингүй гэсэн байдаг. Иймд 168-р тооцож байгаа нь Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн байдаг. Улсын дээд шүүх энэ маргааныг шийдээд 92-г тайлбарлах замаар шийдсэн байдаг. Улсын дээд шүүх нь тооцоолол дээр дүгнэлт өгөөгүй. Нэхэмжлэгч нь анх нэхэмжлэл гаргахдаа нийгмийн даатгалын шимтгэлийн тодорхойлолтоор гаргасан байдаг. 25 өдрөөр тооцож цалин олгож байсантай холбоотойгоор тооцоолол дээр зөрүү гарсан байдаг. Дотоод журмаараа 168 цаг байна гэсэн боловч энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 92-г зөрчөөд байгаа юм гэв.

 

2.                   Хариуцагч “О*******” ХХК, түүний төлөөлөгч Б.Энхмаа, Б.Х*******, өмгөөлөгч З.С, С.Б нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б******* овогтой А*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. П*******ын 2023 оны 6 дугаар сарын 6-ны өдөр С дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхэд гаргасан "Оюу Толгой" ХХК-с 2.990.343 төгрөг гаргуулах" нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч. дараах тайлбарыг гаргаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдаж 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байгаа ба тус хуулиар анх удаа уул уурхай, олборлох салбарт ажиллаж буй ажилтны ажил, амралтын хуваарь буюу "Уртын ээлжийн зохицуулалт’-ыг хуульчилсан бөгөөд тус хуулийн хэрэгжилтийн хүрээнд Хөдөлмөр. нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар "Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг батлан гаргасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 92 дугаар зүйлийн 92.3 дахь заалтад "Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно”, мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх заалтад уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна” хэмээн хуульчилсан.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.6-д хуанлийн жилийн нэг сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр, нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцож болно" хэмээн заасан нь оффисын ажилтан, ээлжийн ажилтан эсхүл уртын ээлжийн ажилтан эсэхээс үл хамааран ажилтны сард ажиллах дундаж цаг 168 байна хэмээн зохицуулсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх заалтад зааснаар уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байх ба ажил үүрэг гүйцэтгэх 14 хоногт нийт ажлын цаг нь 168 цаг болж байгаа нь тухайн сард ажилтныг илүү цагаар ажиллуулсан гэж үзэх үндэслэл болохгүй Хөдөлмөрийн тухай хуульд заасан илүү цагийн хөлс олгогдохгүй болно.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д ‘‘Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно” хэмээн хуульчилсан ба энэхүү зохицуулалтад зааснаар ажилтанд илүү цагийн хөлс олгох зохицуулалт нь ажилтныг илүү ажиллуулсан байх болон түүнийг нөхөн амруулаагүй байх тохиолдолд үйлчилнэ. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанчлан "ажилтныг нөхөн амраалгүй 14 хоног 12 цагаар ажиллуулж байгаа буюу өдөр бүр дунджаар 4 цаг илүү ажиллуулж байгаа” гэсэн нь үндэслэлгүй байна.

Ажилтны сард амрах 14 хоногийн хугацаанд ажил үүрэг гүйцэтгэсэн өдөрт илүү ажилласан гэх 4 цагийн хугацааг нөхөн амруулсан хугацаа багтан тооцогдож байгаа болно.

Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 92.3 дах заалт, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д зааснаар уртын ээлжийн ажилтны өдөрт ажиллах ажлын цаг нь 12 цаг, сард ажиллах дундаж ажлын цаг 168 цаг байхаар зохицуулсан тул нэхэмжлэгчийг илүү цагаар ажилласан гэж үзэх үндэслэлгүй болно.

Харин ажилтны тухайн сард ажил үүрэг гүйцэтгэсэн ажлын цаг 168 цагаас илүү гарсан тохиолдолд тухайн хугацаанд ногдох илүү цагийн нэмэгдэл хөлсийг Оюу Толгой ХХК нь хуулийн дагуу олгож байгаа болно.

Мөн түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь заалтад Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй” гэж заасан.

Шүүхэд нэхэмжлэл гаргаж буй ажилтны хувьд ажил олгогчийн зүгээс илүү цагийн нэмэгдэл хөлсийг тооцож олгохгүй эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа гэж үзсэн бол ийнхүү үзсэн буюу эрхээ зөрчигдсөнийг хууль хэрэгжиж эхэлсэн буюу 2022 оны дүгээр сарын 1-ний өдрөөс мэдсэн гэж үзнэ.

Гэвч нэхэмжлэл гаргаж буй ажилтны хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-д заасан "Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэсэн“ заалтыг зөрчиж хөдөлмөрийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 1 жил 3 сарын дараа Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс болон С дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлоо гаргасан байгаа нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

Оюу Толгой ХХК нь нэхэмжлэгч Б.А*******гийн цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох журамд нийцүүлэн тогтоосон хугацаанд бүрэн олгож байгаа ба аливаа байдлаар түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр Б.А*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П*******ын 2023 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Оюу Толгой ХХК-с 2,990,343 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй өгнө үү.

 

2.1.        Б.А*******гийн нэхэмжлэлтэй Оюу Толгой ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч энэхүү нэмэлт тайлбарыг гаргаж байна.

Б.А*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “цалингийн зөрүү 2,990,343 төгрөгийг Оюу Толгой ХХК-с гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Тус шаардлагын үндэслэлээ "... ажилчдыг нөхөн амраалгүй 14 хоног, 12 цагаар ажиллуулж байгаа буюу өдөр бүр дунджаар 4 цаг илүү ажиллуулж байгаа боловч хуульд заасан илүү цагийн хөлс олгохгүй байгаа тул энэхүү илүү цагийн хөлсийг дундаж цалин хөлсөөр бодож, Оюу Толгой ХХК-с 2,990,343 төгрөгийг шаардаж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон 2,990,343 төгрөгийг нэхэмжлэгчид олгох үндэслэлгүй болно.

Нэг. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн Уртын ээлжийн зохицуулалтын талаар:

1.1.       Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Тус хуулийн 92 дугаар зүйлээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болохоор анх удаа хуульчилсан.

Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байхаар, ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байхаар зохицуулсан.

1.2.        Оюу Толгой ХХК-с Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1472 дугаар албан бичгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Тодруулга” авахаар хүсэлт гаргасан.

Тус яамнаас 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 6/3391 “Тодруулгад хариу хүргүүлэх тухай” албан бичгээр Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 92.4-т заасан хугацааг баримтлан ажиллаж байгаа тохиолдолд нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцож ажилтныг амрах 14 хоногт илүү цагаар ажилласан хугацааг нөхөн амарсан гэж үзэж тухайн хугацаанд ажилласан цагийг ердийн цагаар ажилласанд тооцож, цалин хөлсийг зохих журмын дагуу олгоно” гэсэн хариуг ирүүлсэн болно. /Холбогдох баримтыг хавсаргав/

1.3.        Түүнчлэн хөдөлмөрийн эрх зүй судлаач, Доктор, профессор Б.Уранцэцэг “... Уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтны хувьд дээрх тооцоолсон ёсоор хэдийгээр 14 хоногийн турш 168 цаг ажилласан үүнээс 56 цаг нь илүү цаг гэж тооцогдож байгаа ч гэсэн ээлжийн ажлын хоног дуусмагц үргэлжлүүлээд 14 хоногийн турш буюу 336 цаг амарч байгаа тул илүү ажилласан цагийг нөхөн амарсан гэж тооцож болно. Иймд 109 дугаар зүйлээр илүү цагийн хөлсийг нэмэгдүүлж олгох шаардлагагүй, ердийн журмаар цалин хөлсийг тооцож олгох нь зүйтэй...” гэсэн хууль зүйн дүгнэлтийг ирүүлсэн болно.

1.4.        Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний 16 дугаар магадлалд тэмдэглэгдсэн Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяагийн тайлбарт Уртын ээлжийн хугацааг 14 хоног ажиллаж, 14 хоног амрах болгосноор илүү цаг гарахгүй болсонтой холбоотойгоор ажилтны сарын цалин хөлс дунджаар 20-30 орчим хувиар буурах, ажил олгогчид ажлын ээлжийг нэмэгдүүлэхтэй холбоотой шинээр ээлж зохион байгуулах, ажилтныг сургаж бэлтгэх зэрэг санхүүгийн асуудал үүсэх нөлөөлөл байгааг урьдчилан анхааруулж байсан. Гэсэн хэдий ч уртын ээлжийн ажиллах хугацаа урт байх нь ажилтны гэр бүлийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, ажил амьдралын тэнцвэр алдагдаж байгаа тул цалин буурах хэдий ч уртын ээлжийн хугацааг 14 хоног ажиллаж, 14 хоног амрах зарчмын зөрүүтэй саналыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, олонхын саналаар дэмжин Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 92 дугаар зүйлд тусгагдсангэж тайлбарласан байсан.

Мөн тус магадлалаар Үндсэн хуулийн цэц Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт “Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна” гэж хуульчлан уул уурхай, олборлох салбар болон уг салбарт үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээний нэмэлт нөхцөлд тусгах асуудал болох ажил, амралтын цагийг хуулиар тусгайлан тогтоож, энэ талаар талууд харилцан тохиролцох боломжийг хөндсөн гэж үзэхээр байна. Энэхүү зохицуулалтыг хууль тогтоомжийг боловсронгуй болгох хүрээнд судлан шийдвэрлэх шаардлагатай байгааг тэмдэглэх нь зүйтэйгэж дүгнэсэн.

1.5.        Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы тэмдэглэлд Улсын Их Хурлын гишүүд дараах санал, тайлбарыг хийсэн байна.

Х.Болорчулуун “... Мэдээж энэ 14 хоног ажиллахад сард ажиллах хөдөлмөрийн цаг илүү гарна гэж үндсэндээ байхгүй, 10-12 цаг ажиллахад болно гэж өөрсдөө ярьдаг ...”,

М.Оюунчимэг “... Хэрэв ажил, амралтын горимын хуулиар 14, 14 болгон тогтоовол ажилчдын одоо авч байгаа хөдөлмөрийн хөлс 35 хүртэл хувиар буурах болно. Ажилчдын цалин ажилласан цаг илүү цагаар тооцогддог учраас энэ тооцоолол гарсан гэж байна ...”,

С.Чинзориг “... Уурхайчид, ажилчид өөрсдөө 14, 14 гээд байгаа юм. Гэхдээ гол нь цалин хөлс чинь үндсэн цалин, нэмэгдэл хөлснөөс бүрддэг. Нэмэгдэл хөлс чинь илүү цаг нь орж явдаг л даа. Өөрсдөө энэ цалин хөлс нь буурахыг зөвшөөрч байгаа бол 14, 14 гээд явчихад болохгүй юм байхгүй. Бидний тооцоогоор бол 14, 14 болгочихвол 20, 10-саа илүү цаг нь жилийн 4, 5 болох юм байна лээ. Энэ хэмжээгээр нэмэгдэл хөлс нь, илүү цагийн хөлс нь буурах юм байна ...”,

Х.Ганбаатар “... 14, 14 хоног ажиллана гэхээр чинь 14 хоногт 12 цаг ажиллахаар нэг ээлжид 168 цаг л ажиллаж байгаа байхгүй юу, уурхайчин. Бага ажиллаж байна, сайн байна. Тэгвэл ердийн ажил хийж, Хөдөлмөрийн хуулиар ажиллаж байгаа хун чинь нэг сард 21.2 өдөр буюу 172 цаг ажиллаж байгаа юм. Тэгэхээр энэ хүнээс бага ажиллачхаад, тэгээд уурхайчин хүн бол өндөр цалин авна, цалин нэмэх гэдэг тийм үзэл бодлоор хандаж байгаа явдал дэмий юм гэж хэлэхийг хүссэн юм ...”

Үүнээс дүгнэхэд, Хөдөлмөрийн тухай хуулийн уртын ээлжийн зохицуулалт буюу 92 дугаар зүйлийн 92.1, 92.3 болон 92.4 дэх хэсэг нь илүү цагаар ажилласныг нөхөн амраах хэлбэрээр зохицуулсан тусгай зохицуулалт болох нь тодорхой байна.

Хоёр. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн Уртын ээлжийн зохицуулалтын үр дагаврын талаар:

Нэхэмжлэгчийн “уртын ээлжийн ажилтны ажиллах нэг өдрийн үргэлжлэх цаг 8 цаг байх ёстой, гэтэл өдөрт 12 цаг ажиллаж байна, тиймээс өдөрт 4 цаг илүү ажиллаж байгаа тул үүнд ногдох илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгох ёстой” гэсэн нэхэмжлэлийн үндэслэл нь хууль тогтоомжид нийцэхгүй байна.

-                       Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно”, 92.3-т “Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх ...” гэж заасантай үл нийцнэ.

-           Хөдөлмөрийн тухай хуулийн ажил, амралтын цагийн харьцааны үүднээс авч үзвэл ердийн ажлын цагаар ажиллаж байгаа ажилтан мөн уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтны ажил, амралтын цагийн харьцаа адил буюу 1:3 байгаа болно. Тодруулбал, ердийн горимоор ажиллаж байгаа ажилтны ажил, амралтын цаг сард дунджаар 168:504 цаг байдаг бол уртын ээлжийн ажилтны ажил, амралтын цаг мөн ялгаагүй сард дунджаар 168:504 цаг байна.

-           Тус улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагууд цалин хөлсийг сараар тооцож, төлөвлөдөг. Сараар тооцоход сард дунджаар 168 цаг ажиллах нөхцөлийг боловсруулсан байдаг. Энэ нөхцөл нийтлэг үйлчилдэг тул дундаж цалин хөлс тодорхойлох журмыг дагаж мөрддөг.

-           Хэрэв уртын ээлжийн ажилтан өдөрт 12 цаг ажиллаж болох хуулийн тусгай зохицуулалтыг үгүйсгэвэл, өдөрт 4 цаг илүү ажилласан, 14 хоногт 56 цаг илүү ажилласан байх үр дагавар үүснэ. Энэ тохиолдолд ажил олгогчид ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 -д заасан журмын дагуу нөхөн амраах үүрэг үүсэх бөгөөд 56 цагийн илүү цаг нь 14+7=21 хоног нөхөж амраах үр дагавартай. Өөрөөр хэлбэл эцсийн дүндээ 6 сар тутам 105 хоног, жилд 210 хоног амрах үр дагаварт хүргэх бөгөөд байгууллага ажилтангүй, ажилтан цалин хөлсний орлогогүй болохоор байна.

-           Ажилтныг уртын ээлжээр ажиллуулах нөхцөл нь ажилтан, ажил олгогчийн аль алиных нь хүсэл зоригоос үл хамаарах байдлаар буюу хуулиар тогтоосон хэм хэмжээ бөгөөд үр дагавар нь ажил олгогч ажилтныг цөөн хоногоор ажиллуулах, үүнтэй холбоотойгоор ажилтны цалин хөлсний албан ёсны судалгааг үндэслэл болговол 20-30 хувиар буурахаар байсан. Гэвч Оюу Толгой ХХК-ийн хувьд ажилтнуудынхаа эрх зүйн байдлыг дордуулахгүй, цалин хөлсийг бууруулахгүй байх бодлогыг баримталсан ба үүний үр дүнд ажилтан өмнөхөөс 30 орчим хувиар бага ажиллаж байгаа хэдий ч ажилтны цалин хөлсийг бууруулаагүй, харин ч өссөн нөхцөл байдалтай байгаа билээ.

-                       Хөдөлмөрийн тухай хуулийн цалин хөлсний зохицуулалтын үүднээс авч үзвэл илүү цаг нь нэмэгдэл хөлсөнд хамаарч цалин хөлсний бүрэлдэхүүн болж байгаа. Хуулийн 92 р-гаар зүйлийн 92.3 дахь хэсэгт хуулийн 87 дугаар зүйлийг баримтлахаар хуульчилсан. Хэрэв үүнийг нэхэмжлэгчийн байр сууринаас авч үзэж тайлбарлавал, ажилтан нь 14 хоног ажиллахдаа нийт 168 цаг ажиллах ба ердийн ажлын цагаар тооцвол 7 хоногт 40 цаг ажиллаж, 14 хоногт 80 цаг ажиллах ба илүү цаг нь 88 цаг болохоор байна.

Энэ нь үндсэн ажлын цагаасаа илүү гарсан илүү цаг тооцох нөхцөлийг бий болгож, илүү цагаар тооцсон тохиолдолд цалин хөлс нь 154 хувиар өсөх нөхцөл байдал бий болохоор байна. Хууль тогтоогчоос уртын ээлжийг хуулиар тусгайлан зохицуулахдаа дээрх шиг нийгмийн хортой үр дагаврыг хүсээгүй болох нь хуулийн үзэл баримтлал, танилцуулга, УИХ-ын чуулганы тэмдэглэл зэргээс тодорхой харагдаж байгаа билээ.

-                       Хөдөлмөрийн тухай хуулийн илүү цаг тооцох тухай зохицуулалтад системийн үүднээс хандвал (1) Хөдөлмөрийн тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан илүү цаг тооцох тухай зохицуулалтад уртын ээлжийг хамруулаагүй байна, (2) хууль тогтоогч Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4-т 14 хоног ажиллаж, 14 хоног амрах зохицуулалтыг оруулахдаа ажил, амралтын харьцаа 1:3 байх шинжлэх ухааны үндэслэлийг баримталсан 5айна.

-                       Хөдөлмөрийн тухай хуулийн уртын ээлжийн зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн талаар Үндсэн хуулийн цэцэд иргэд хандсан бөгөөд мэтгэлцээний явцад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас ирүүлсэн тайлбарт “... уртын ээлжийн хугацааг 14 хоног ажиллаж, 14 хоног амрах болгосноор илүү цаг гарахгүй болсонтой холбоотойгоор ажилтны сарын цалин хөлс дунджаар 20-30 орчим хувиар буурах, ажил олгогчид ажлын ээлжийг нэмэгдүүлэхтэй холбоотой, шинээр ээлж нэмэгдүүлэх, ажилтныг сургаж, бэлтгэх зэрэг санхүүгийн асуудал үүсэх нөлөөлөл байгаа болохыг урьдчилан анхааруулж байсан ...”гэсэн байдаг.

Үүнээс үзэхэд (1) Хөдөлмөрийн тухай хуулийн уртын ээлжийн зохицуулалт /14:14/ тэр дундаа уртын ээлжийн ажилтан өдөрт 12 цаг ажиллах нь хууль тогтоомжид нийцсэн, (2) уртын ээлжийн ажилтан өдөрт 12 цаг ажилласан тохиолдолд нөхөн амарч байгаа тул илүү цаг тооцохгүй байхаар хуульд зохицуулсан, (3) хэрэв илүү цаг байгаа гэж үзвэл дээр дурдсанаар 6 сард 105 хоног, жилд 210 хоног амрах, үүний үр дүнд байгууллага ажилтангүй болох, ажилтан цалин хөлсний орлогогүй болох үр дагавартай байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн уртын ээлжтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулсан 92 дугаар зүйл нь ердийн ажлын цаг, ээлжийн ажлын цаг зэрэгтэй харьцуулахад тусгай зохицуулалтыг агуулж байх бөгөөд хууль хэрэглэх зарчмын үүднээс авч үзвэл тусгай зохицуулалтыг ерөнхий зохицуулалтаас урьдаж хэрэглэх ёстой.

Гурав. Нэхэмжлэгч Б.А*******гийн нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Нэхэмжлэгч А.Сүглэгмаа нь 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хариуцагч компанитай Хөдөлгөөнт хүнд машин механизмын оператор ажлын байранд Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа болно. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасан нөхцөлийг хүлээн зөвшөөрч ажиллаж байгаа болно.

Нэхэмжлэгчээс 2023 оны 09, 10, 11 сарын илүү цагийн хөлсийг шаардаж байгаа ба нөхөн амраалгүй 14 хоног, 12 цагаар ажиллуулж байгаа буюу өдөр бүр дунджаар 4 цаг илүү ажиллуулж байгаа боловч хуульд заасан илүү цаг олгохгүй байгаа гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон байна.

Гэвч дээр дурдсанчлан Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д “Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол ...” нэмэгдэл хөлс олгохоор заасан. ажилтныг 14 хоног нөхөн амруулж байгаа тул илүү цагийн нэмэгдэл хөлс тооцон олгох хууль зүйн үндэслэлгүй болно.

Дөрөв. Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд хийж авч хэрэгжүүлсэн арга хэмжээ:

4.1.       Хөдөлмөрийн тухай хууль болон тус хуулийг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох журмуудыг Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамнаас 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр баталж, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нийтэд ил тод болсон. Эдгээр журмуудын хүрээнд Оюу Толгой ХХК-ийн "ХН-Г1.1: Цалин хөлсний журам” батлагдсан ба тус журмын 14.1.2.а-д “Ээлжийн болон уртын ээлжээр ажиллах ажилтнуудын нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцно. Ажилтны сард 168 цагаас дээш ажилласан цагт илүү цагийн нэмэгдэл хөлс олгох ба илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгохдоо ажилтны дундаж цалин хөлсийг 1,5 дахин нэмэгдүүлж олгоно” гэж заасан. Мөн HR-Е.6.2 Ажлын цагийн тухай журмын 9.2.3-д Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг сарын дундаж ажлын цаг 168 цаг байх ба сард 168 цаг дотор ажилласан илүү цагийг ээлжийн хуваарийн дагуу амрах 14 хоногийн хугацаанд нөхөн амруулсанд тооцно. Уртын ээлжийн ажилтан сард 168 цагаас дээш цагаар ажилласан тохиолдолд тухайн хугацаанд ногдох илүү цагийн нэмэгдэл хөлсийг Цалин хөлсний журамд заасны дагуу олгоно” гэж заасан байдаг.

4.2.        Түүнчлэн Оюу Толгой ХХК-с уртын ээлжийн ажилтнуудын ажлын цагийн зохицуулалт болон цалин хөлсийг хэрхэн тооцох талаарх мэдээллийг 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 173/HR дугаар албан бичгээр Оюу Толгой ХХК-ийн Уул уурхайн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороонд мэдэгдсэн болно. /Холбогдох баримтыг хавсаргав/

Оюу Толгой ХХК-ийн зүгээс нийт ажилтнууддаа шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуульд орсон өөрчлөлтүүд болон уртын ээлжийн ажилтны ажлын цаг, цалин хөлсний талаар танилцуулах цахим болон танхимын цуврал уулзалтуудыг зохион байгуулж байсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэхтэй холбоотой мэдээллийг нийт ажилтнуудад и-мэйлээр мэдээллийг хүргэж байсан ба 2022 оны 01 дүгээр сарын 31 өдөр уртын ээлжийн зохицуулалттай холбоотойгоор мэдээллийг хүргэж байсан болно. /Холбогдох баримтыг хавсаргав/

Тав. Нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн талаар:

5.1.  Нэхэмжлэгч Б.А******* нь 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хариуцагч компанитай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолтоор Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу Уртын ээлжээр “...14 хоног ажиллаад 14 хоног амрах, мөн өдөрт ажиллах цагийг 12 цагаар ажиллана” гэж тусгасныг хүлээн зөвшөөрч хүсэл зоригоо илэрхийлж гарын үсгээ зурсан байдаг.

Ийнхүү гэрээ байгуулсан өдрөөс хойш 14/14 хуваариар 12 цагаар шүүхэд нэхэмжлэл гаргах хүртлээ ажиллаж ирсэн ба ажил амралтын хуваарь болон ажлын цагийн талаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 154 дүгээр зүйлийн 154.2-т заасан хугацаанд зохих журмын дагуу ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй ажил үүргээ гүйцэтгэж байсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2-т “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор. хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй” гэж заасан. Хуульд заасан уг хугацаанд ямар нэгэн гомдол гаргаагүй ба 1 жил 3 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь хуульд заасан уг хугацааг хэтрүүлсний зэрэгцээ нэхэмжлэл гаргасан асуудлаараа хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмаар шийдвэрлүүлээгүй нь ч хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд дээрх болон өмнө гаргасан тайлбарт дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье.

 

2.2.        Б.А*******гийн нэхэмжлэлтэй Оюу Толгой ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэснийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон үнийн дүн бүхий илүү цагаар ажилласан гэх нэмэгдлийг нэхэмжлэгч нарт олгох үндэслэлгүй болно.

Нэг. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн Уртын ээлжийн зохицуулалтын талаар:

1.1.       Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Тус хуулийн 92 дугаар зүйлээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болохоор анх удаа хуульчилсан.

Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байхаар, ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх байхаар зохицуулсан.

1.2.       Оюу Толгой ХХК-с Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1472 дугаар албан бичгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Тодруулга” авахаар хүсэлт гаргасан.

Тус яамнаас 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 6/3391 “Тодруулгад хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “... Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 92.3-т заасан хугацааг баримтлан ажиллаж байгаа тохиолдолд нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцож ажилтныг амрах 14 хоногт илүү цагаар ажилласан хугацааг нөхөн амарсан гэж үзэж тухайн хугацаанд ажилласан цагийг ердийн цагаар ажилласанд тооцож, цалин хөлсийг зохих журмын дагуу олгоно” гэсэн хариуг ирүүлсэн болно. /Холбогдох баримтыг хавсаргав/

1.3.        Түүнчлэн хөдөлмөрийн эрх зүй судлаач, Доктор, профессор Б.Уранцэцэг “... Уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтны хувьд дээрх тооцоолсон ёсоор хэдийгээр 14 хоногийн турш 168 цаг ажилласан үүнээс 56 цаг нь илүү цаг гэж тооцогдож байгаа ч гэсэн ээлжийн ажлын хоног дуусмагц үргэлжлүүлээд 14 хоногийн турш буюу 336 цаг амарч байгаа тул илүү ажилласан цагийг нөхөн амарсан гэж тооцож болно. Иймд 109 дугаар зүйлээр илүү цагийн хөлсийг нэмэгдүүлж олгох шаардлагагүй, ердийн журмаар цалин хөлсийг тооцож олгох нь зүйтэй...” гэсэн хууль зүйн дүгнэлтийг ирүүлсэн болно.

1.4.        Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний 16 дугаар магадлалд тэмдэглэгдсэн Хөдөлмөр. Нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяагийн тайлбарт Уртын ээлжийн хугацааг 14 хоног ажиллаж, 14 хоног амрах болгосноор илүү цаг гарахгүй болсонтой холбоотойгоор ажилтны сарын цалин хөлс дунджаар 20-30 орчим хувиар буурах, ажил олгогчид ажлын ээлжийг нэмэгдүүлэхтэй холбоотой шинээр ээлж зохион байгуулах, ажилтныг сургаж бэлтгэх зэрэг санхүүгийн асуудал үүсэх нөлөөлөл байгааг урьдчилан анхааруулж байсан. Гэсэн хэдий ч уртын ээлжийн ажиллах хугацаа урт байх нь ажилтны гэр бүлийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, ажил амьдралын тэнцвэр алдагдаж байгаа тул цалин буурах хэдий ч уртын ээлжийн хугацааг 14 хоног ажиллаж, 14 хоног амрах зарчмын зөрүүтэй саналыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, олонхын саналаар дэмжин Хөдөлмөрийн тухай хууль Шинэчилсэн найруулга/-ийн 92 дугаар зүйлд тусгагдсангэж тайлбарласан байсан.

Мөн тус магадлалаар Үндсэн хуулийн цэц “Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт “Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна” гэж хуульчлан уул уурхай. олборлох салбар болон уг салбарт үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээний нэмэлт нөхцөлд тусгах асуудал болох ажил. амралтын цагийг хуулиар тусгайлан тогтоож, энэ талаар талууд харилцан тохиролцох боломжийг хөндсөн гэж үзэхээр байна. Энэхүү зохицуулалтыг хууль тогтоомжийг боловсронгуй болгох хүрээнд судлан шийдвэрлэх шаардлагатай байгааг тэмдэглэх нь зүйтэй гэж дүгнэсэн.

1.5.        Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы тэмдэглэлд Улсын Их Хурлын гишүүд дараах санал, тайлбарыг хийсэн байна.

Х.Болорчулуун “... Мэдээж энэ 14 хоног ажиллахад сард ажиллах хөдөлмөрийн цаг илүү гарна гэж үндсэндээ байхгүй, бараг 8 цагаар ажиллавал 9 цагаар дутагдана. 10-12 ца: ажиллахад болно гэж өөрсдөө ярьдаг ...”,

М.Оюунчимэг “... Хэрэв ажил, амралтын горимын хуулиар 14, 14 болгон тогтоов< г ажилчдын одоо авч байгаа хөдөлмөрийн хөлс 35 хүртэл хувиар буурах болно. Ажилчдын цалин ажилласан цаг илүү цагаар тооцогддог учраас энэ тооцоолол гарсан гэж байна...”,

С.Чинзориг “... Уурхайчид, ажилчид өөрсдөө 14, 14 гээд байгаа юм. Гэхдээ гол нь цалин хөлс чинь үндсэн цалин, нэмэгдэл хөлснөөс бүрддэг. Нэмэгдэл хөлс чинь илүү цаг орж явдаг л даа. Өөрсдөө энэ цалин хөлс нь буурахыг зөвшөөрч байгаа бол 14, 14 гээд явчихад болохгүй юм байхгүй. Бидний тооцоогоор бол 14, 14 болгочихвол 20, 10-саа илүү цаг нь жилийн 4, 5 болох юм байна лээ. Энэ хэмжээгээр нэмэгдэл хөлс нь, илүү цагийн нь буурах юм байна ...”,

Х.Ганбаатар “... 14, 14 хоног ажиллана гэхээр чинь 14 хоногт 12 цаг ажиллахаа: ээлжид 168 цаг л ажиллаж байгаа байхгүй юу, уурхайчин. Бага ажиллаж байна. байна. Тэгвэл ердийн ажил хийж, Хөдөлмөрийн хуулиар ажиллаж байгаа хүн чинь нэг 21.2 өдөр буюу 172 цаг ажиллаж байгаа юм. Тэгэхээр энэ хүнээс бага ажиллачхаад. уурхайчин хүн бол өндөр цалин авна, цалин нэмэх гэдэг тийм үзэл бодлоор хандаж явдал дэмий юм гэж хэлэхийг хүссэн юм ...”

Үүнээс дүгнэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн уртын ээлжийн зохицуулалт буюу 92 дугаар зүйлийн 92.1, 92.3 болон 92.4 дэх хэсэг нь илүү цагаар ажилласныг нөхөн амраах хэлбэрээр зохицуулсан тусгай зохицуулалт болох нь тодорхой байна.

Хоёр. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн Уртын ээлжийн зохицуулалтын үр дагаврын талаар:

Нэхэмжлэгчийн "уртын ээлжийн ажилтны ажиллах нэг өдрийн үргэлжлэх цаг 8 цаг байх ёстой, гэтэл өдөрт 12 цаг ажиллаж байна, тиймээс өдөрт 4 цаг илүү ажиллаж байгаа тул үүнд ногдох илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгох ёстой” гэсэн нэхэмжлэлийн үндэслэл нь хууль тогтоомжид нийцэхгүй байна.

-                      Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно”, 92.3-т “Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх ...” гэж заасантай үл нийцнэ.

-                      Хөдөлмөрийн тухай хуулийн ажил, амралтын цагийн харьцааны үүднээс авч үзвэл ердийн ажлын цагаар ажиллаж байгаа ажилтан мөн уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтны ажил, амралтын цагийн харьцаа адил буюу 1:3 байгаа болно. Тодруулбал, ердийн горимоор ажиллаж байгаа ажилтны ажил, амралтын цаг сард дунджаар 168:504 цаг байдаг бол уртын ээлжийн ажилтны ажил, амралтын цаг мөн ялгаагүй сард дунджаар 168:504 цаг байна.

-                      Тус улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагууд цалин хөлсийг сараар тооцож, төлөвлөдөг. Сараар тооцоход сард дунджаар 168 цаг ажиллах нөхцөлийг боловсруулсан байдаг. Энэ нөхцөл нийтлэг үйлчилдэг тул дундаж цалин хөлс тодорхойлох журмыг дагаж мөрддөг.

-                      Хэрэв уртын ээлжийн ажилтан өдөрт 12 цаг ажиллаж болох хуулийн тусгай зохицуулалтыг үгүйсгэвэл, өдөрт 4 цаг илүү ажилласан, 14 хоногт 56 цаг илүү ажилласан байх үр дагавар үүснэ. Энэ тохиолдолд ажил олгогчид ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 -д заасан журмын дагуу нөхөн амраах үүрэг үүсэх бөгөөд 56 цагийн илүү цаг нь 14+7=21 хоног нөхөж амраах үр дагавартай. Өөрөөр хэлбэл эцсийн дүндээ 6 сар тутам 105 хоног, жилд 210 хоног амрах үр дагаварт хүргэх бөгөөд байгууллага ажилтангүй, ажилтан цалин хөлсний орлогогүй болохоор байна.

-                      Ажилтныг уртын ээлжээр ажиллуулах нөхцөл нь ажилтан, ажил олгогчийн аль алиных нь хүсэл зоригоос үл хамаарах байдлаар буюу хуулиар тогтоосон хэм хэмжээ бөгөөд үр дагавар нь ажил олгогч ажилтныг цөөн хоногоор ажиллуулах, үүнтэй холбоотойгоор ажилтны цалин хөлсний албан ёсны судалгааг үндэслэл болговол 20-30 хувиар буурахаар байсан. Гэвч Оюу Толгой ХХК-ийн хувьд ажилтнуудынхаа эрх зүйн байдлыг дордуулахгүй, цалин хөлсийг бууруулахгүй байх бодлогыг баримталсан ба үүний үр дүнд ажилтан өмнөхөөс 30 орчим хувиар бага ажиллаж байгаа хэдий ч ажилтны цалин хөлсийг бууруулаагүй, харин ч өссөн нөхцөл байдалтай байгаа билээ.

-                      Хөдөлмөрийн тухай хуулийн илүү цаг тооцох тухай зохицуулалтад системийн үүднээс хандвал (1) Хөдөлмөрийн тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан илүү цаг тооцох тухай зохицуулалтад уртын ээлжийг хамруулаагүй байна, (2) хууль тогтоогч Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4-т 14 хоног ажиллаж. 14 хоног амрах зохицуулалтыг оруулахдаа ажил, амралтын харьцаа 1:3 байх шинжлэх ухааны үндэслэлийг баримталсан байна.

-                      Хөдөлмөрийн тухай хуулийн уртын ээлжийн зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн талаар Үндсэн хуулийн цэцэд иргэд хандсан бөгөөд мэтгэлцээний явцад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас ирүүлсэн тайлбарт “... уртын ээлжийн хугацааг 14 хоног ажиллаж, 14 хоног амрах болгосноор илүү цаг гарахгүй болсонтой холбоотойгоор ажилтны сарын цалин хөлс дунджаар 20-30 орчим хувиар буурах, ажил олгогчид ажлын ээлжийг нэмэгдүүлэхтэй холбоотой, шинээр ээлж нэмэгдүүлэх, ажилтныг сургаж, бэлтгэх зэрэг санхүүгийн асуудал үүсэх нөлөөлөл байгаа болохыг урьдчилан анхааруулж байсан ..." гэсэн байдаг.

-                      Түүнчлэн Оюу Толгой ХХК нь үндсэн цалинг 168 цагаар тооцон олгодог бөгөөд нэхэмжлэгчийн байр сууринаас авч үзвэл 112 цаг нь үндсэн ажиллах ёстой цаг байх тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар үндсэн цалинг бууруулах боломжгүй боловч үндсэн цалинд өөрчлөлт орохоос өөр аргагүйд хүрнэ.

Үүнээс үзэхэд (1) Хөдөлмөрийн тухай хуулийн уртын ээлжийн зохицуулалт /14:14 тэр дундаа уртын ээлжийн ажилтан өдөрт 12 цаг ажиллах нь хууль тогтоомжид нийцсэн, (2) уртын ээлжийн ажилтан өдөрт 12 цаг ажилласан тохиолдолд нөхөн амарч байгаа тул илүү цаг тооцохгүй байхаар хуульд зохицуулсан, (3) хэрэв илүү цаг байгаа гэж үзвэл дээр дурдсанаар 6 сард 105 хоног, жилд 210 хоног амрах, үүний үр дүнд байгууллага ажилтангүй болох, ажилтан цалин хөлсний орлогогүй болох үр дагавартай байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн уртын ээлжтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулсан 92 дугаар зүйл нь ердийн ажлын цаг, ээлжийн ажлын цаг зэрэгтэй харьцуулахад тусгай зохицуулалтыг агуулж байх бөгөөд хууль хэрэглэх зарчмын үүднээс авч үзвэл тусгай зохицуулалтыг ерөнхий зохицуулалтаас урьдаж хэрэглэх ёстой.

Гурав. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Нэхэмжлэгч Б.А******* нь 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хариуцагч компанитай Хөдөлгөөнт хүнд машин механизмын оператор албан тушаалд Хөдөлмөрийн гэрээ байгуулсан.

Нэхэмжлэгч нь шинэчлэн баталсан Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу байгуулсан Хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч ажиллаж байгаа болно.

Нэхэмжлэгч Б.А*******гаас 2022 оны 09, 10, 11 сарын илүү цагийн хөлс 10,239.”? 5 төгрөг шаардаж байгаа ба нөхөн амраалгүй 14 хоног, 12 цагаар ажиллуулж байгаа буюу өдөр бүр дунджаар 4 цаг илүү ажиллуулж байгаа боловч хуульд заасан илүү цаг олгохгүй байгаа гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.

Нэхэмжлэгч Б.А******* нь 2022 оны 09 дүгээр сард 168 цаг, 10 дугаар сард 168 цаг, 11 дүгээр сард 168 цаг ажилласан бөгөөд ажилласан илүү цагт ногдох цалин хөлсийг авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа болно. Б.А******* нь дүгээр сард 14 хоног ажиллаж, 17 хоног амарсан, 10 дугаар сард 14 хоног ажиллаж, 17 хоног амарсан, 11 дүгээр сард 17 хоног ажиллаж, 17 хоног амарсан байна.

Ийнхүү сард 14 хоног л ажилласан боловч нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор дунджаар 8-11 сая төгрөгийн цалин авсан байх ба үүн дээрээ дахин илүү цагийн хөлс гэж 10,239,768 төгрөг гаргуулахаар нэхэмжилж буй нь хууль тогтоомжид нийцэхгүйн дээр хөдөлмөр эрхлэлтийн хэт ялгавартай нөхцөл байдлыг бий болгох, ажил олгогчид төсөвлөөгүй их хэмжээний цалингийн зардал гарах эрсдэлийг бий болгоход хүргэхээр байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д “Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол ... ” нэмэгдэл хөлс олгохоор заасан. Дээр дурдсанчлан ажилтан нь хуульд заасны дагуу 14 хоног нөхөн амарсан болох нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдож байгаа буюу нэхэмжлэгч нарыг нөхөн амруулсан тул илүү цагийн нэмэгдэл хөлс тооцон олгох хууль зүйн үндэслэлгүй болно.

Хариуцагчаас нэхэмжлэгч тус бүрийн илүү нэмэгдэл хөлс нэхэмжилсэн хугацааны цагийн бүртгэл, цалингийн мэдээллийг дэлгэрэнгүй гаргаж өгсөн ба эдгээр баримтуудаар нэхэмжлэгч нарт сар бүр 168 цагаас дээш гарсан цагт илүү цагийн нэмэгдэл хөлсийг дундаж цалин хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлэн олгосон болох нь нотлогдож байгаа.

Түүнчлэн цалин хөлсийг олгохдоо илүү цагийн хөлсийг 1 дахин нэмэгдүүлж тооцон олгосон тул нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн шаардлагаараа илүү цагийн хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлж тооцон 10,239,768 төгрөг гаргуулахаар нэхэмжилж буй нь үндэслэлгүй буюу нэгэнт хариуцагчаас олгосон хөлсийг дахин авч үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэж буй нь буруу бөгөөд ийнхүү олгох хууль зүйн үндэслэл байхгүй болно.

Дөрөв. Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд хийж авч хэрэгжүүлсэн арга хэмжээ:

4.1.      Хөдөлмөрийн тухай хууль болон тус хуулийг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох журмуудыг Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамнаас 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр баталж, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нийтэд ил тод болсон. Эдгээр журмуудын хүрээнд Оюу Толгой ХХК-ийн “ХН-Г1.1: Цалин хөлсний журам” батлагдсан ба тус журмын 14.1.2.а-д “Ээлжийн болон уртын ээлжээр ажиллах ажилтнуудын нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцно. Ажилтны сард 168 цагаас дээш ажилласан цагт илүү цагийн нэмэгдэл хөлс олгох ба илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгохдоо ажилтны дундаж цалин хөлсийг 1,5 дахин нэмэгдүүлж олгоно” гэж заасан. Мөн НR-Е.6.2 Ажлын цагийн тухай журмын 9.2.3-д “Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг сарын дундаж ажлын цаг 168 цаг байх ба сард 168 цаг дотор ажилласан илүү цагийг ээлжийн хуваарийн дагуу амрах 14 хоногийн хугацаанд нөхөн амруулсанд тооцно. Уртын ээлжийн ажилтан сард 168 цагаас дээш цагаар ажилласан тохиолдолд тухайн хугацаанд ногдох илүү цагийн нэмэгдэл хөлсийг Цалин хөлсний журамд заасны дагуу олгоно” гэж заасан байдаг.

4.2.       Түүнчлэн Оюу Толгой ХХК-с уртын ээлжийн ажилтнуудын ажлын цагийн зохицуулалт болон цалин хөлсийг хэрхэн тооцох талаарх мэдээллийг 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 173/НR дугаар албан бичгээр Оюу Толгой ХХК-ийн Уул уурхайн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороонд мэдэгдсэн болно.

Оюу Толгой ХХК-ийн зүгээс нийт ажилтнууддаа шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуульд орсон өөрчлөлтүүд болон уртын ээлжийн ажилтны ажлын цаг, цалин хөлсний талаар танилцуулах цахим болон танхимын цуврал уулзалтуудыг зохион байгуулж байсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэхтэй холбоотой мэдээллийг нийт ажилтнуудад и-мэйлээр мэдээллийг хүргэж байсан ба 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр уртын ээлжийн зохицуулалттай холбоотойгоор мэдээллийг хүргэж байсан болно.

Тав. Нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн талаар:

5.1.  Нэхэмжлэгч нь 2022 оноос шүүхэд нэхэмжлэл гаргах хүртлээ 14/14 хуваариар 12 цагаар ажиллаж ирсэн ба ажил амралтын хуваарь болон ажлын цагийн талаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 154 дүгээр зүйлийн 154.2-т заасан хугацаанд зохих журмын дагуу ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй ажил үүргээ гүйцэтгэж байсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2-т “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж. байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй” гэж заасан. Хуульд заасан уг хугацаанд ямар нэгэн гомдол гаргаагүй ба 1 жил 3 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нар нь хуульд заасан уг хугацааг хэтрүүлсний зэрэгцээ нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан асуудлаараа хуульд заасан урьдчилав шийдвэрлүүлэх журмаар шийдвэрлүүлээгүй, нэхэмжлэгч нь 2,990,343 төгрөг гаргуулахаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргасан. Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотойгоор урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд дээрх болон өмнө гаргасан тайлбарт дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье.

 

2.3.              Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь 2023.6.6-нд 2 сая төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан. Ингээд 2024.6.19-нд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2022.1.25-нд хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн тухай хуульд заасан нөхцөлийг зөвшөөрсөн. Нэхэмжлэгч нь 14 хоног ажиллаад 14 хоног амрахаар тохирсон. Үүний дагуу ажилласан. Сард 168 цаг ажиллана. Цалингаа сараар тохирсон. Энэ маргаан нь 2022.1.1-с үйлчилсэн уртын ээлжийн ажилтай байсан. 14 хоног ажиллаж байгаатай холбоотой 14 хоног амарч байгаа тул илүү цаг олгохгүй гэсэн. 2024.5.6 сард илүү цагийн цалинг Улсын дээд шүүх олгоно гэсэн. Нэхэмжлэгч нь 9 сард 168 цаг ажилласан цалингаа авсан. Одоо 1.5 дахин нэмэгдүүлж дахин авна гэж маргаж байгаа тул 168 цагийн цалин олгосон тул илүү цаг олгохгүй. 10, 11 сард мөн адил 168 цаг ажиллаад цалингаа авсан. Хөдөлмөрийн тухай хуулийн ажлын нөхцөлөө зөвшөөрч ажилласан тул илүү цагийн цалин аваагүй гэдэг нь үндэслэлгүй. Хэрэв зөвшөөрөөгүй бол 2022.1 сараас эхлээд Хөдөлмөрийн тухай хуулийн 154-д зааснаар 3 сарын дотор гомдол гаргах байсан тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч талаас гаргасан баримттай холбоотойгоор хурлыг үргэлжлүүлэх боломжтой.

 

2.4.              Бид ийм нэхэмжлэл, түүний үр дагавар нь нэлээн төвөгтэй байдал үүсгэж байна. 92.1 нь уул уурхай болон дагаж байгаа бүх салбарт үйлчилж үүнийг дагаад дааж чадахгүй ажиллах хүчин хомсдож эхэлнэ. Энэ байдал үүсээд эхэлж байна. 168 цагаар тооцож эхэлсэн өмнө ч тооцож байсан юм. 168 цагаар тооцож цалин өгч байгаа юм. Бид 168 цагаас илүү гарвал харин өгөөд явж байгаа юм. Хууль санаачлагч нь 20:10 харьцаагаар байсан боловч батлахдаа 14:14 гэж судалгаагүйгээр баталсан байдаг. Улсын дээд шүүх практик тогтоосон байдаг. Үүнийг дагавал 168 цагаас илүү ажилласан бол илүү цагийн цалин олгохоор ойлгогдож байгаа юм. Нэхэмжлэгч нь112-с 168 хүртэл огт цалин аваагүй юм шиг яриад байна. Гэтэл 168 цагаар тооцож цалин олгосон. Тэгэхээр 1.5-р бодохоор авсан цалингаа дахин авах гээд байгаа юм. Энэ нь шударга ёсны зарчимд нийцэхгүй юм. Хэрэв зөрүү байгаа гэвэл 0.5 хувь л юм. Иймд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага буруу байгаа юм.

 

2.5.              Хамтын гэрээнд тодорхой заасан байдаг. Яам ч гэсэн энэ талаар тайлбарласан. Бусад ажилтнууд нь маргаагүй 50 орчим хүн л маргадаг. Хуульд Үйлдвэрчний эвлэлийн хороонд хандах талаар байхгүй бөгөөд энэ талаар баримт хэрэгт байхгүй юм. 1 хувь нь 168 цагтаа тооцогдоод олгогдсон байдаг. Энэ талаар эцэслэсэн магадлал байдаг гэв.

 

3.                   Зохигч дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн:

3а. Нэхэмжлэгчээс: С дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл/шийдвэрийн хуулбар /1ХХ7-8/, С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 08879 дүгээр захирамжийн хуулбар /2ХХ132-135/, С, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 238 дугаар албан тоотын хуулбар /2ХХ136/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2ХХ143/,

3б. Хариуцагчаас: Хөдөлмөрийн гэрээний хуулбар /1ХХ27-33/, ажилласан цагийн бүртгэлийн хуулбар /1ХХ50-52/, цалингийн задаргааны хуулбар /1ХХ53-59/, хамтын гэрээний хуулбар /1ХХ60-72/, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 6/3391 дүгээр албан тоотын хуулбар /2ХХ42/, өөрийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1472/нэг дүгээр албан тоотын хуулбар /2ХХ43/, хууль зүйн дүгнэлтийн хуулбар /2ХХ44/, Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 16 дугаар магадлалын хуулбар /2ХХ45-48/, Монгол уул уурхайн үндэсний ассоциацийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 23/244 дүгээр албан тоотын хуулбар /2ХХ49-50/, өөрийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 173/нэг дүгээр албан тоотын хуулбар /2ХХ51-52/, цахим шуудангийн хуулбар /2ХХ53/, өөрийн гүйцэтгэх захирлын 2023 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн А/44 дүгээр тушаалын хуулбар /2ХХ55/, хөдөлмөрийн дотоод журмын хуулбар /2ХХ56-61/, өөрийн гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 69/21 дүгээр тушаалын хуулбар /2ХХ62/, цалин хөлсний журмын хуулбар /2ХХ63-69/, өөрийн гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 72/21 дүгээр тушаалын хуулбар /2ХХ70/, ажлын цагийн тухай журмын хуулбар /2ХХ71-75/, хамтын хэлэлцээний хурлын тэмдэглэлийн хуулбар /2ХХ108/, хамтын гэрээний хуулбар 2 ширхэг /2ХХ109-115, 116-127/

3.1.              Шүүхийн журмаар гаргуулсан баримт: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2024 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн дугаар албан тоотын хуулбар /1ХХ83/, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дүгээр тушаалын хуулбар /1ХХ84-85/, уртын ээлжийн зохицуулалтыг судлан, санал боловсруулах ажлын хэсгийн нэгдсэн санал, дүгнэлтийн хуулбар /1ХХ86-87/, С дүүргийн хөдөлмөр, нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн 01/148 дугаар албан тоотын хуулбар /1ХХ88/, ирсэн өргөдөл, гомдлын бүртгэлийн хуулбар /1ХХ89-100/, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02/94 дүгээр, 2024 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн 01/366 дугаар албан тоотын хуулбар /1ХХ101, 102-103/, хөдөлмөрийн тухай хуульд өгөх саналын хуулбар /1ХХ104-113/, С, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 345 дугаар албан тоот /1ХХ113-114/, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын хуулбар /1ХХ115-117/, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулгын хуулбар /1ХХ118-119/, Хөдөлмөрийн тухай хуулийн төслийн хуулбар /1ХХ120-151/, Улсын Их хурлын Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлийн хуулбар 2 ширхэг /1ХХ152-208, 209-250, 2ХХ1-22/, хөдөлмөрийн маргаан таслах зөвлөлд гаргасан гомдлын хуулбар /2ХХ23/, хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргасан гомдлын хуулбар /2ХХ24/, гомдол буцаасан баримтын хуулбар /2ХХ25/, хөдөлмөрийн гэрээний хавсралтын хуулбар /2ХХ30-32/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.                   Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.                   Нэхэмжлэгч Б.А******* нь 2022 оны 9-11 дүгээр сарын илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлсөнд нийт 10,239,768 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.                   Хариуцагч “О*******” ХХК нь хуульд заасан журмын дагуу цалин олгосон, илүү цагийн нэмэгдэл хөлс тооцогдох үндэслэлгүй, нэхэмжлэлээр олгогдсон цалинг давхардуулан шаардсан, түүнчлэн шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргасан.

 

4.                   Нэхэмжлэгч нь 2022 оны 9-11 дүгээр сар буюу нийт 3 сарын илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлс нийт 2,990,343 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн үндэслэл хэвээр боловч шаардлагыг нэмэгдүүлж нийт 10,239,768 төгрөг шаардсан. /1ХХ1-2, 2ХХ80-83/

Хариуцагч нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, илүү цагаар ажиллаагүй, түүнчлэн ажилласан цагт ногдох цалинг олгосон тул нэмэгдэл хөлсийг 1.5 хувиар тооцож нэхэмжилж байгаа нь нэгэнт олгосон цалинг давхардуулан нэхэмжилсэн, тодруулбал хэрэв шүүх нэмэгдэл хөлс олгох ёстой гэж дүгнэсэн тохиолдолд олгосон цалин дээр нэмж 0.5 хувийн нэмэгдэл хөлс тооцогдох ёстой гэж маргаж байна.

 

5.                   Зохигч ажилласан цаг, олгосон цалингийн мөнгөн дүн, хугацааны талаар маргаагүй боловч тэдгээрийн маргааны зүйл нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэх, цаашлаад илүү цагаар ажилласан эсэх, улмаар олгосон цалинг давхардуулан шаардаж буй эсэх асуудал болсон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т уртын ээлжээр ажиллаж байгаа тохиолдолд нэг өдрийн ажлын үргэлжлэх хугацаа нь 12 цагаас илүүгүй байх бөгөөд нэмэгдэл хөлс тооцож олгохоор зохицуулсан байна. Мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2-т зааснаар илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлс олгогдоогүй тохиолдолд ажилтан гомдол гаргах шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмыг тогтоожээ.

Зохигчийн маргааны зүйлээс үзэхэд шүүх нэхэмжлэгч нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэх асуудлыг эхэлж дүгнэх нь зүйтэй юм. Учир нь хэрэв гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагчид үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрх үүсэх тул илүү цагаар ажилласан эсэх, илүү цагийн нэмэгдэл хөлс тооцох эсэх асуудлыг дүгнэх нь ач холбогдолгүй болно.

 

6.                   Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2-т зааснаар ажилтан нь илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлс олгох эсэх талаар маргаантай бол өөрийн эрх зөрчигдсөнийг мэдсэн, эсхүл мэдэх ёстой байснаас хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандан гомдол гаргах ёстой.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэнээс эхлэн тоолдог.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь энэ хэрэгт маргаж буй асуудлаар 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэж огноолсон хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасан гэх баримтыг шүүхэд ирүүлсэн. /2ХХ23/

Гэвч уг баримтаас үзэхэд тухайн гомдлыг бодитоор гаргасан, өөрөөр хэлбэл комисс хүлээн авсан эсэх нь эргэлзээгүйгээр нотлогдохгүй байна.

Улмаар нэхэмжлэгчийн  төлөөлөгч нь илүү цагийн нэмэгдэл хөлстэй холбогдох асуудлаар хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гэж огноолон гомдол гаргаж байжээ. /2ХХ24/

Энэхүү гомдлыг комисс 13-ны өдөр хүлээн авсан гээд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т заасан хугацаанд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр гомдлыг буцаасан байна. /2ХХ25/

Эдгээр үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гомдол гаргасан гэдэг нь тогтоогдохгүй байх бөгөөд дахин гомдол гаргасан байдал нь өмнөх гомдлыг гаргасан гэх тайлбарыг үгүйсгэсэн шинжтэй байна. Өөрөөр хэлбэл, хэрэв өмнө нь нэгэнт гомдол гаргасан, улмаар комисс хуульд заасан хугацаанд хариу ирүүлээгүй тохиолдолд хуульд зааснаар дараагийн шатны байгууллагад гомдлоо гаргах боломжтой байжээ.

Иймд маргаж буй асуудлын талаарх гомдлыг хөдөлмөрийн маргаан таслах комисст 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гаргасан гэж үзэхээр байна.

Хэдийгээр тухайн гомдлын хавсралтыг шүүхэд ирүүлээгүй боловч гомдолд дурдсан 84 ажилтанд нэхэмжлэгч Б.А******* хамаарч байгаа үйл баримтын талаар зохигч маргаагүй. Түүнчлэн энэхүү 84 ажилтанд нэхэмжлэгч хамаарч байсан болох нь С дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд гаргасан гомдлоор тогтоогдож байна. /2ХХ89-100, 92/

6.1.              Хариуцагч нь ажилтны цалинг сар бүрийн 9 болон 24-ны өдрөөр тасалбар болгон тооцон олгож байсан болох нь цалингийн хүснэгтийн хамрах хугацаа гэсэн хэсгээр тогтоогдсон. /1ХХ53-59/

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсанаар илүү цагийн нэмэгдэл хөлс тооцогдоогүй гэдгийг тухайн сар бүрийн 25-ны өдөр мэдэх боломжтой байсан. Улмаар дээрх байдлаар хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргасан нь шаардах эрх үүссэнээс хойш 2022 оны 09 дүгээр сарын хувьд 166 хоног, 10 дугаар сарын хувьд 136 хоног, 11 дүгээр сарын хувьд 105 хоногийн дараа гомдол гаргажээ.

Иймд нэхэмжлэгч нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмаар гомдол гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлснээр хариуцагчид Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлс төлөх үүргээс татгалзах эрх үүссэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

6.2.              Шүүх нэгэнт хариуцагчид үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрх үүссэн гэж үзсэн тул дээр дурдсанаар илүү цаг болон илүү цагийн хөлсийг тооцох эсэх асуудлаар дүгнэлт өгөх шаардлагагүй юм.

 

7.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.                   Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3, 109 дүгээр зүйлийн 109.1, 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагч “О*******” ХХК-д холбогдох илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлсөнд нийт 10,239,468 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.А*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 63,295 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ГАНБОЛД