Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 53

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дөлгөөнөөр хөтлүүлж

Улсын яллагч: Б.Мээппам

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Б.Алтанчимэг

Шүүгдэгч: С.М 

Шүүгдэгч: М.Н  нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М-ын Н , Б овогт С-ын М  нарт холбогдох 1712000850056 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч М.Н , С.М  нар нь 2017 оны 07 дугаар сарын 20- ны үед Архангай аймгийн Хашаат сумын Жаргалант багийн нутаг дэвсгэр "Шанд” гэх газраас бүлэглэн, машин механизм ашиглаж иргэн М.О ын таван тооны үхрийг хулгайлж 3.000.000 /гурван сая/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Мөрдөн байцаалтын үед:

 

Хохирогч М.О ын өгсөн: ...2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр манайх Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн нутгаас Жаргалант багийн Шанд гэх газар нутаглахаар нүүж ирсэн юм. Тухайн үед манай үхэрт зөв чих нь үзүүрээсээ ац ухам, араасаа хөндөл имтэй хар халзан зүсмийн гунжин үнээ 2 ширхэг, улаан халзан зүсмийн бүдүүн үнээ 1 ширхэг, улаан халзан зүсмийн эр бяруу 1 ширхэг хүрэндүү халзан зүсмийн үнээ 1 ширхэг нийтдээ 5 тооны үхэр байсан ба 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр үхрээ бүртгэж үзэхэд тухайн 5 тооны үхэр байхгүй байсан. Тэгээд бид хэд хөлөөрөө малаасаа сарниад явж байгаа байх гэж бодож нэлээн олон хоног Хашааг, Өгийнуур сумын нутгаар хайсан. Тэгсэн 2017 оны 08 дугаар сарын 8-ны үеэр Архангай аймгийн Өгийнуур сумын иргэн Баттөмөр гэх эгчээс манай 5 тооны үхэртэй ижил зүстэй үхэр Архангай аймгийн Өгийнуур сумын иргэн Буянхүү гэх айлын үхэрт 2017 оны 07 дугаар сарын 20-ны үед байсан гэж сураг гарсан. Тэгээд тухайн айлд өөрийн ах болох Эрдэнэбаатар, Болдбаатар нарын хамт очиж үхрийн зүс им зэргийг асуухад манай хайж байгаа 5 тооны үхэртэй таарсан ба тухайн Баттөмөр гэх эгч нөгөө Буянхүү гэх айлын үхэрт байсан 5 үхрийн зургийг гар утсаараа дасан гээд бидэнд үзүүлэхэд манай алдсан үхрүүд мөн байсан. Тэгээд бид хэд нөгөө гар утсыг нь эгчээс гуйж аваад цагдаад ирж мэдэгдсэн юм. Тэгээд Хашаат сумын хэсгийн төлөөлөгчийн хамт нөгөө Буянхүү гэх айлд 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр очиж уулзахад тухайн гэрт байсан Буянхүү эхнэр хүүхэд нар нь тухайн үхрийг Архангай аймгийн Өгийнуур сумын харьяат М.Н , С.М  нар нь улаан өнгийн мотоцикольтой зүүн урд зүгээс өдрөөр тууж ирээд манай үхэрт хонуулаад авч явсан гэж хэлсэн. Тэгээд л цагдаагийн байгууллагад хандсан…2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр намайг гэртээ байж байхад цагдаа залгаад танай 5 тооны үхрийг хулгай хийсэн хүмүүс өөрсдөө цагдаа дээр ирлээ хохирогчтойгоо уулзах шаардлагатай байна гэсэн. Тэгээд би яваад очтол хоёр танихгүй залуу байж байсан. Тэгээд тухайн хоёр залуутай нэр усаа мэдэлцээд юу болсон талаар ярихад тухайн хоёр залуугийн хэлж байгаагаар Хархорин сум орчоод буцаж явсан чинь 5 тооны үхэр бэлчээр дээр явж байхаар нь хулгай хийгээд Буянхүү гэх айлд аваачаад 7 хонуулаад цаашаа гэрлүүгээ аваад явсан байгаад алдсан гэсэн. Тэгээд хулгай хийсэн нь бидний буруу 5 тооны үхрийн хохирол мөнгийг бүрэн өгч барагдуулна гэж хэлж уулзаад явсан юм. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр М Н , С.М  нар нь надтай Хашаат суманд ирж уулзаад манайхаас хулгай хийсэн 5 тооны үхрийн хохирлыг бүрэн төлж барагдуулаад явсан. Би хаанаас хулгай хийсэн мөн им зүсийг нь асуухад тэр хоёр Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн нутгаас шөнө хулгай хийсэн гэсэн харин авсан үхрүүд нь манай алдсан 5 үхрийн зүс нас им зэрэгтэй нь яг тохирч байсан. Би тухайн хоёр хүнээс алдсан үхрүүдийнхээ хохирлыг бүрэн авсан учраас надад ямар нэгэн гомдол санал гэхээр зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 15-18 хуу/  

Гэрч Г.Буянхүүгийн өгсөн: ...2017 оны 07 дугаар сарын 21-нээс хойш ганц нэг хоногийн дараа шиг санаж байна. Манай гэрт М , Н  хоёр улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикльтой ирсэн. Манайд манай гэрийнхэн байсан ба өөрийнхөө үхрүүдийг 1 хоног хайгаад олоод буцаж байгаа гээд зөв талын чихийг нарийн үзүүрээс нь уг хэсэг рүү жижиг хэлбэртэй хайчилчихсан байсан ба тухайн дүрсний ам хэсэг нь үзүүр лүүгээ харсан буюу ац ухам имтэй, бас зөв талын чихийг араас нь нэг хайчилсан хөндөл имтэй үхрүүд байсан ба хар халзан зүсмийн охин 2 үхэр, улаан халзан монголын охин үхэр 1, сарман хүрэн зүсмийн үнээ, улаан халзан бяруу 1 ширхэг 5 үхэр тууж ирсэн. Тэгээд ахаа би үхрээ хайгаад оллоо гол гаргах гэсэн мотоцикль сайн болохгүй байна танай үхэрт хонуулаад авъя гэж хэлээд явсан. Тэгээд өөрийн үхэртээ хэд хоног маллаад байж байсан чинь нэг орой М , залгаад нөгөө үхрээ гол гаргаад өг гэсэн. Тэгээд л би нөгөө үхрүүдийг морьтой гол гаргаж өгсөн. Би хулгайн үхэр байсан талаар огт мэдээгүй. Миний үхэр гэж хэлсэн Тэрнээс биш хулгайн үхэр гэж мэдсэн бол үхэртээ нийлүүлж хэд хоног харахгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/

Гэрч М.Эрдэнэбаатарын өгсөн: ...2017 оны 07 дугаар сарын 25-ны үеэр манай дүү болох М.О  нь надад хандаад манайх зөв чих нь үзүүрээсээ ац ухам араасаа хөндөл имтэй хар халзан зүсмийн гунжин үнээ 2 ширхэг улаан халзан зүсмийн бүдүүн үнээ 1 ширхэг улаан халзан зүсмийн эр бяруу 1 ширхэг, хүрэндүү халзан зүсмийн үнээ 1 ширхэг, нийтдээ 5 тооны үхэр байхгүй байна. Та хүн амьтнаас сураглаж байгаараа гэсэн. Тэгсэн 2017 оны 08 дугаар сарын 08-ны үед манай дүү ахаа манай үхрийн сураг Өгийнуурт сураг нь гарлаа явж үзээд ирье гэсэн. Тэгээд би зөвшөөрч Өгийнуур сумаас сураг гаргаж өгсөн Баттөмөр гэх хүнтэй очиж уулзахад тухайн хүн манай хажуу айл болох Буянхүү гэх айлд гэгээн цагаан өдрөөр хоёр хүн 5 тооны үхэр тууж ирээд үхэрт нь 2-3 хоноод алга болсон гэж нөгөө 5 үхрийг им зүсээр нь хэлээд, тухайн 5 үхрийг түүний охин нь гар утсаараа дарсан зургаа бидэнд үзүүлэхэд манай дүүгийн алдсан 5 тооны үхэр зүсээрээ мөн байсан. Тэгээд тухайн гар утсыг нь бид нар гуйж аваад цагдаад авчирч өгсөн. Тэгээд түүнээс хойш 2 билүү, 3 хоносны дараа манай сумын хэсгийн төлөөлөгч дуудаад би дүүтэйгээ очиход Өгийнуур сумаас хоёр хүн ирсэн байсан ба манай дүүгийн 5 тооны үхрийг хэрхэн хулгай хийсэн талаараа ярьж буруугаа хүлээж хохирол мөнгийг нь өгөхөөр болоод яваад 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хохирол мөнгөө авчирж манай дүүд өгсөн. Манай дүү манай хоёрынх саахалт байдаг ба манай малын бэлчээр мал усалдаг худаг зэрэг бүгд нэг дор байдаг учраас нэгнийхээ малын сайн мэддэг юм...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/

Гэрч Ц.Баттөмөрийн өгсөн: ...2017 оны 07 сарын 20-ны үед Архангай аймгийн Өгийнуур сумын Орхон багийн нутаг Булийн дэнж гэх газарт манай үхэртэй 4 үхэр өглөө хураагдаж ирсэн байсан. Тэгээд маргааш өглөө нь би дурандаж харахад манай үхэртэй урд өдрийн хамт ирсэн 4 үхэр 5 болчихсон манай үхрийн ойролцоо голд байсан. Манай үхэртэй хамт хураагдаж ирэхэд манай охин Гэрэлцэцэг өөрийнхөө утсаар хамт ирсэн 4 үхрийн зургийг дараад авсан байсан юм. Би маргааш өдөр нь нарын голд байх айл руу манай үхэртэй хамт 5 үхэр байна хүн сурсан бол хэл дуулгаарай гэж утсаар ярьсан юм. Тэгээд 3 хоногийн дараа Хашаат сумаас явж байна гээд 4 хүн машинтай манайд ирсэн. Танайд 5 үхэр байна гэж сонслоо гэхэд нь манай охин утсан дээрээ авсан зургийг нь үзүүлэхэд мөн байна гэж таньсан. Монголын 2 бяруу, 3 үнээ байсан. Сувай улаан халзан үнээ, хар халзан бяруу, улаан халзан бяруу, хар халзан үнээ, улаан халзан сувай үнээнүүд байсан. Тухайн үхрүүдийг 20-ны үед үдээс хойш манай охин Гэрэлцэцэг хонио эргүүлж явахад мотоцикльтой 2 хүн 5 үхэр тууж явахыг харсан гэж надад ярьж байсан. Тухайн хоёр хүнийг Мөнгөнбат, Наранбат байсан гэж байсан. Мөнгөнбаатар, Н  гэх 2 залуу манай нутгийн хүмүүс би таньдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 хуу/

Гэрч Ц.Гэрэлцэцэгийн өгсөн: ...2017 оны 07 дугаар сарын 20-ны үеэр шиг санаж байна би гэрийнхээ гадаа байж байсан чинь гэгээн цагаан өдрөөр манай гэрээс жаахан зайтай нэг мотоцикольтой хоёр хүн 5 тооны үхэр туугаад Буянхүү гэх айлд очсон. Тэгээд 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр манай гэрийн хойх нь нөгөө хоёр хүний тууж ирсэн үхрүүд бэлчиж байхаар нь би гар утсаараа зургийг нь дараад гэртээ ирээд байж байтал Буянхүү ахын хүү Баасан нөгөө 5 үхрийг туугаад гэрийнхээ зүг авч явсан. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Хашаатаас мал сураглаж яваа гээд хэдэн хүн ирэхээр нь өөрийнхөө гар утсан дээр дарсан нөгөө зурагнуудаа үзүүлэхэд манайхаас алга болсон үхрүүд мөн байна гэж нэг залуу нь хэлээд тэгээд миний гар утсыг гуйж аваад явсан. Би тууж яваа хоёр хүнийг нь бол яг хэн гэдгийг таниагүй гэхдээ л хоёр хүн мотоцикольтой 5 тооны улаан голдуу үхэр туугаад Буянхүү ахынд авчирж өгсөн. Тэгээд хэд хоногийн дараа нөгөө үхрүүд нь харагдахаа больсон...гэх мэдүүлэг /хх-ийн 31 хуу/

Гэрч Д.Нэргүйгийн өгсөн: ...Н  нь манай хамаатны хүүхэд байгаа юм. Тэгээд нэг өдөр та машинтайгаа Хашаат сум яваад өгөөч гэсэн. Тэгэхээр нь би ямар ажлаар явах гэж байгаа талаар нь асуухад М  бид хоёр цагдаа дээр асуудалтай болчлоо та яваад өгөөч гэсэн. Тэгээд л би Хашаат суманд 2017 оны 8 дугаар сар 14-ний өдөр тэр хоёрыг цагдаад хүргэж ирсэн. М , Н  хоёр Архангай аймгийн Хашаат сумаас 5 тооны үхэр хулгай хийсэн гэж хэлсэн. Тэгээд цагдаад өөрсдөө очиж буруугаа хүлээж малын эзэнтэй биечлэн уулзаж хохирол мөнгийг нь төлөх санаатай байна гээд намайг машинаараа явж өгөхийг гуйсан. Тэрнээс биш би тухайн хулгайн хэрэгт хамааралгүй зүгээр л жолоочоор Хашаат суманд ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 33 хуу/

Гэрч Б.Баасангийн өгсөн: ...2017 оны 07 сарын 20-ноос хойш байх сумын төв орчоод гэртээ ирэхэд манайд аав, ээж хоёр байсан. Тэгсэн аав манайд Мөнгөн Батаа, Н  2 үхэр авчирч тавьсан харж байгаарай гэсэн. Тэгээд манайхан тухайн 5 үхрийг 2 хоног малдаа нийлүүлж харсан. Тэгсэн нэг орой аав руу хүн залгаад үхрүүдээ авъя гэсэн. Аав тухай үхрүүдийг гол гаргаж өгөөд ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 хуу/

Гэрч Ж.Хандсүрэнгийн өгсөн: ...2017 оны 07 сарын 20-оос хойш Өгийнуур сумын иргэн Мөнгөн Батаа гэж дууддаг залуу Н ын хамт цэнхэр өнгийн мустанг маркийн мотоцикльтой манай гэрийн зүүн гар тал буюу зүүн зүгээс хар халзан зүсмийн охин үнээ 2, улаан халзан бүдүүн үнээ 1, улаан халзан эр бяруу 1, нийт 5 тооны үхрийг тууж ирээд манай гэрийн хойно орхиод манай гэрт тэр хоёр орж ирээд цай уусан. Тэгээд би энэ юун үхэр вэ гэхэд Н  миний үхрүүд байгаа юм маргааш ирж авна гэж хэлээд явсан. Тэгээд нөгөөдөр орой нь бүрэнхий тасарч байхад Мөнгөн батаа, Н  2 Орхон голын хойд эрэг дээрээс манай нөхрөөр гол гаргуулаад авсан. Тухайн үхрүүд нь манай үхэрт 2 хоносон. Манайд 2 хонох үед нь нөхөр бид хоёр нөгөө үхрүүдийг эргүүлж тойруулаад маллаж байсан. Тухайн үед үхэр үлдээх үедээ хулгайн үхэр гэж огт хэлээгүй. Мөнгөн Батаа нь манай нөхрийн төрсөн ахынх нь хүүхэд байгаа юм. Харин Н  нь нутгийн хүүхэд болохоор зүс л үзэж байсан. Тэр хоёр үхэр авчрах үед манай нөхөр айл хэсээд эзгүй байсан. Харин би хүү Баасантай хамт байсан. Тууж авч явах үед нөхөр гол гаргаж өгсөн. Хүү бид хоёр гэртээ байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 хуу/

Гэрч Д.Лхагвасүрэнгийн өгсөн: ...М.Н  бол миний эхнэр М.Туяацэцэгийн төрсөн дүү зан аашны хувьд бол архи уухаараа ширүүн догшин авиртай эрүүлдээ хүнд тусархуу яриа хөөрөө сайтай ажилсаг чөлөөт цагаараа бусдын авто машин мотоциклийг засаж өгдөг. Өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан. Малын хулгай хэргээр нэг удаа Хархорин сумын хорих ангид 2-жилийн хорих ял эдлээд суллагдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 хуу/

Гэрч Б.Бадамхандын өгсөн: ...С.М  бид хоёр 2007 онд гэр бүл болсон. Хамтдаа нэг гэрт амьдраад 10-н жил болж байна. Миний хань С.М  төлөв даруу зантай хань үр хүүхдүүдээ хайр халамжтай байдаг гэрийн сайн ноён нуруутай эр хүн. Өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Ер нь гадуур гараад элдэв хүнтэй нийлээд байдаггүй. Дойт багаас зохион явуулдаг олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог...гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 хуу/

М.Н ын яллагдагчаар өгсөн: ...Би 2017 оны 07 дугаар сарын 18-20-ны үеэр шиг санагдаж байна, цаг хугацааг нь нарийн сайн санахгүй байна. Өөрийн найз М тай түүний эзэмшлийн улаан өнгийн мустанг-5 маркийн мотоцикльтой Архангай аймгийн Хашаат сумын Жаргалант багийн нутаг Шанд гэх газраас өдрийн 17 цагийн орчимд нас нийлсэн 2 монголын үнээ, 2 монголын шүдлэн гунж, 1 монголын бяруу зэргийг туусан. М  бид хоёр Өвөрхангай аймгийн Хархорин сум орж автомашины сэлбэг хэрэгсэл авчихаад буцаад Өгийнуур сум орох гэж явтал дээрх үхрүүд байсан. Тэгэхээр тухайн үхрүүдийг мотоциклиороо туугаад Орхон голын зүүн талруу оруулаад орхисон. Орхон голын зүүн тал руу үхэр тууж ирэхэд ойролцоогоор шөнийн 00-01 цаг болж байсан байх. Маргааш өглөө үхэр дээрээ буцаж ойролцоох айл болох Буянхүүгийнд очоод түүнд харж байгаараа гэж хэлчихээд явсан. Тэгээд 2-3 хоногийн дараа буцаж очоод үхрүүдээ аваад Орхон голын баруун тал руу оруулж Зэгстэй нуурын довон дотор тууж явтал бороо ороод, гинж тасраад үхрээ алдчихсан. Уг нь тууж яваад байранд хаших гэж байсан юм. Тэгээд үхрээ дахиж олоогүй. Уг малнуудыг зарж борлуулах бодолгүй байсан. Үнээ гунжнууд байсан болохоор нь М  бид хоёр мал болгоод авчихъя гэж бодоод л тухайн үхрүүд тууж голруу оруулсан. Тухайн үхрүүд нэлээн туранхай байсан. Мөнгө төгрөг болгож зарж борлуулах бодол байгаагүй. Имийг нь хараагүй. Халзан үхрүүд байсан. Нэг ягаан халзан бяруу, хар халзан гунж, улаан халзан гунж, нэг хүрэн халзан үнээ, ягаан үнээ зэрэг малнууд байсан. Одоо сайн санахгүй байна. Бид хоёр хоорондоо ярилцаж байгаад л үхрүүдийг тууж явсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хохирол мөнгөө барагдуулна...гэх мэдүүлэг /хх-ийн 65-67 хуу/

С.М ын яллагдагчаар өгсөн: ...Би 2017 оны 07 дугаар сарын 18-20- ны үед шиг санагдаж байна. Цаг хугацааг нь нарийн сайн санахгүй байна. Өөрийн найз Н ын хамтаар Өвөрхангай аймгийн Хархорин сум орчихоод Архангай аймгийн Өгийнуур сумруу буцаж явж байгаад Архангай аймгийн Хашаат сумын Жаргалант багийн нутаг Шанд гэх газраас 5 тооны үхрийг мотоциклиороо туугаад Орхон голын зүүн талд авч очоод Буянхүү гэх хүнд тухайн үхрүүдээ захиж орхиод харьцгаасан. Тэгээд 2-3 хоногийн дараа буцаж ирж уг үхрүүдээ авсан ба Орхон голын баруун талд гаргаад Зэгстэй нуурны довон дотор тууж явтал мотоциклийн гинж тасраад бороо ороод үхрүүдээ хаячихсан. Маргааш нь уг үхрүүдээ хайгаад олоогүй. Ийм л зүйл болсон. Уг үхрүүд охин байсан учраас мал болгоод авах зорилгоор хулгай хийсэн. Халзан зүсмийн малнууд л байсан. Нарийн сайн санахгүй байна. Имийг хараагүй. Нас нийлсэн хоёр тооны монголын үнээ, 2 тооны монголын шүдлэн гунж, 1 тооны монголын бяруу байсан. Н  бид хоёр хоорондоо ярилцаж байгаад л хулгай хийсэн. Уг үхрүүдийг би өөрийнхөө үхрүүд гэж хэлсэн. Ус руу ороод ирж та харж байгаарай гэж хэлчхээд явсан. Уг улаан өнгийн мустанг-5 маркийн улсын дугааргүй хуучин мотоцикль бол миний өөрийн эзэмшлийн мотоцикль байгаа юм. Би хохирол төлбөрөө төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 71-73 хуу/

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 5 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9, 12 хуу/ 

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10, 13 хуу

Хохиролын үнэлгээний тайлан /хх-ийн 47, 53 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 79-82 хуу/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 77-78  хуу/

Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн засаг даргын тодорхойлолт / 2 хх-ийн 102-104 хуу/ зэрэг нотлох баримтууд болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон  хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч М.Н , С.М   нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч М.Н , С.М  нар нь бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 20-ны үед Архангай аймгийн Хашаат сумын Жаргалант багийн нутаг Шанд гэх газраас иргэн М.О ын нийт 3.000.000 төгрөгийн үнэ бүхий 5 тооны үхрийг мотоцикль хэрэглэн нууцаар, хүч хэрэглэхүйгээр, хууль бусаар авсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч нар нь бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн талаар мөрдөн байцаалтын үед мэдүүлэг өгсөн бөгөөд тэдгээрийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан хохирогч М.О ын өгсөн: ... хоёр танихгүй залуу байж байсан. Тэгээд тухайн хоёр залуутай нэр усаа мэдэлцээд юу болсон талаар ярихад тухайн хоёр залуугийн хэлж байгаагаар Хархорин сум орчиоод буцаж явсан чинь 5 тооны үхэр бэлчээр дээр явж байхаар нь хулгай хийгээд Буянхүү гэх айлд аваачаад 7 хонуулаад цаашаа гэрлүүгээ аваад явсан байгаад алдсан гэсэн. Тэгээд хулгай хийсэн нь бидний буруу 5 тооны үхрийн хохирол мөнгийг бүрэн өгч барагдуулна гэж хэлж уулзаад явсан юм. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр М Н , С.М  нар нь надтай Хашаат суманд ирж уулзаад манайхаас хулгай хийсэн 5 тооны үхрийн хохирлыг бүрэн төлж барагдуулаад явсан...гэх мэдүүлэг ,

 гэрч Г.Буянхүүгийн өгсөн: ...Манай гэрт М , Н  хоёр улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикльтой ирсэн. Манайд манай гэрийнхэн байсан ба өөрийнхөө үхрүүдийг 1 хоног хайгаад олоод буцаж байгаа гээд зөв талын чихийг нарийн үзүүрээс нь уг хэсэг рүү жижиг хэлбэртэй хайчилчихсан байсан ба тухайн дүрсний ам хэсэг нь үзүүр лүүгээ харсан буюу ац ухам имтэй, бас зөв талын чихийг араас нь нэг хайчилсан хөндөл имтэй үхрүүд байсан ба хар халзан зүсмийн охин 2 үхэр, улаан халзан монголын охин үхэр 1, сарман хүрэн зүсмийн үнээ, улаан халзан бяруу 1 ширхэг 5 үхэр тууж ирсэн...гэх мэдүүлэг, 

гэрч Ц.Баттөмөрийн өгсөн: ...2017 оны 07 сарын 20-ны үед Архангай аймгийн Өгийнуур сумын Орхон багийн нутаг Булийн дэнж гэх газарт манай үхэртэй 4 үхэр өглөө хураагдаж ирсэн байсан. Тэгээд маргааш өглөө нь би дурандаж харахад манай үхэртэй урд өдрийн хамт ирсэн 4 үхэр 5 болчихсон манай үхрийн ойролцоо голд байсан....гэх мэдүүлэг, гэрч Ц.Гэрэлцэцэгийн өгсөн: ...2017 оны 07 дугаар сарын 20-ны үеэр шиг санаж байна би гэрийнхээ гадаа байж байсан чинь гэгээн цагаан өдрөөр манай гэрээс жаахан зайтай нэг мотоцикольтой хоёр хүн 5 тооны үхэр туугаад Буянхүү гэх айлд очсон…гэх мэдүүлэг

гэрч Д.Нэргүйгийн өгсөн: ...Н  нь манай хамаатны хүүхэд байгаа юм. Тэгээд нэг өдөр та машинтайгаа Хашаат сум яваад өгөөч гэсэн. Тэгэхээр нь би ямар ажлаар явах гэж байгаа талаар нь асуухад М  бид хоёр цагдаа дээр асуудалтай болчлоо та яваад өгөөч гэсэн. Тэгээд л би Хашаат суманд 2017 оны 8 дугаар сар 14-ний өдөр тэр хоёрыг цагдаад хүргэж ирсэн. М , Н  хоёр Архангай аймгийн Хашаат сумаас 5 тооны үхэр хулгай хийсэн гэж хэлсэн...гэх мэдүүлэг

Гэрч Б.Баасангийн өгсөн: ...2017 оны 07 сарын 20-ноос хойш байх сумын төв орчоод гэртээ ирэхэд манайд аав, ээж хоёр байсан. Тэгсэн аав манайд Мөнгөн Батаа, Н  2 үхэр авчирч тавьсан харж байгаарай гэсэн. Тэгээд манайхан тухайн 5 үхрийг 2 хоног малдаа нийлүүлж харсан. Тэгсэн нэг орой аав руу хүн залгаад үхрүүдээ авъя гэсэн. Аав тухай үхрүүдийг гол гаргаж өгөөд ирсэн...гэх мэдүүлэг 

Гэрч Ж.Хандсүрэнгийн өгсөн: ...2017 оны 07 сарын 20-оос хойш Өгийнуур сумын иргэн Мөнгөн Батаа гэж дууддаг залуу Н ын хамт цэнхэр өнгийн мустанг маркийн мотоцикльтой манай гэрийн зүүн гар тал буюу зүүн зүгээс хар халзан зүсмийн охин үнээ 2, улаан халзан бүдүүн үнээ 1, улаан халзан эр бяруу 1, нийт 5 тооны үхрийг тууж ирээд манай гэрийн хойно орхиод манай гэрт тэр хоёр орж ирээд цай уусан...гэх мэдүүлэг  зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.

 

Прокуророос шүүгдэгч  М.Н , С.М  нарын иргэн М.О ын 5 тооны үхрийг мотоцикль хэрэглэж хулгайлсан үйлдлийг  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч нарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй  байх бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлын нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч нар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэв.

Хохирогч М.О  нь “Би тэр хоёр хүнээс алдсан үхрийнхээ хохирлыг бүрэн авсан учраас надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэж мэдүүлсэн байх тул /хх-ийн 18 хуу/ шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан С.М ын эзэмшлийн улсын дугааргүй мустанг 5 маркийн 550.000 төгрөгийн үнэ бүхий мотоциклийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч С.М аас албадан гаргуулж улсын орлого болгох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч М.Н , С.М  нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон   

                                            

                                                                                 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн М-ын Н , Бо овгийн С-ын М  нарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч М.Н , С.М  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тус тус нэг жил зургаан сарын хугацаагаар тэнссүгэй. 

 

3.  Шүүгдэгч нарт хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

 

4.  Шүүгдэгч М.Н , С.М  нар нь энэ хэрэг цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг дурдсугай. 

 

5.  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улсын дугааргүй Мустанг-5 маркийн 550.000 төгрөгийн үнэ бүхий мотоциклийг Монгол Улсын эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч С.М аас албадан гаргуулж улсын орлого болгосугай. 

 

6.  Шийтгэх тогтоолыг хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Н , С.М  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ОДХҮҮ